loading...
Дэлхийн чансаанд 3-т бичигдэж байгаа Сербийн теннисчин Новак Жокович Шанхайд өндөрлөсөн АТР-Теннис-Мастерс-ийн цомын эзнээр тодорлоо. 21 настай Жокович аваргын төлөө түүний адил анх удаагаа энэ нэр хүндтэй тэмцээний шигшээд шалгарсан ОХУ-ын теннисчин Николай Давыденкотой өрсөлджээ. Хоёр теннисчин өмнө нь хоёр удаа таарч, эхнийхэд нь манай хойд хөрш улсын теннисчин ялж байсан, харин сүүлийн тулаан 5 хоногийн өмнө Шанхайд болж, Жоковичийн ялалтаар өндөрлөсөн юм. Энэ удаад ч Сербийн залуу од илүү гэдгээ баталлаа. Тоглолт эхлээд л тэрээр санаачлагыг бүрэн гартаа авч, Давыденкогийн эхний давуулалт огт орохгүй байсныг ашиглан хоёр брейк хийсэн байна. Дэлхийн чансаанд өрсөлдөгчөөсөө хоёр байраар дор бичигдэж байгаа оросын теннисчин 5-0-ийн харьцаатай хожигдож байхдаа анхныхаа оноог авсан ч энэ сетийн хувь заяа аль хэдий нь шийдэгдсэн байлаа. Дараагийн үеийн эхний гэймд Жокович мөн адил өрсөлдөгчийнхөө давуулалтан дээр брейк хийснээр хошуучилж эхэлжээ. Улмаар тэрээр 5-3-өөр тэргүүлж байхдаа тоглолтыг дуусгах хоёр боломжтой болсон байна. Гэвч энэ үед Давыденко гайхалтай теннис үзүүлсний үр дүнд хоёр брейкпойнт-ыг хамгаалсан төдийгүй дараагийн гэймд тооны харьцааг 5-5 болгон тэнцүүлж, Шанхайн Чи Жон цэнгэлдэхэд цугласан хөгжөөн дэмжигчдээ баярлууллаа. Гэхдээ тэд удаан баярлаж чадсангүй. Жокович цаашид хоёр гэйм дараалан авснаар 1 цаг 45 мин үргэлжилсэн тулаанд 6-1, 7-5-ын харьцаатай ялалт байгуулж, анх удаагаа АТР-гийн оны шувтаргын тэмцээнд түрүүллээ. Сербийн залуу од анх удаагаа Мастерс-ийн цомыг хүртсэний дараа энэ ялалтаа Их Дуулгын тэмцээнд түрүүлсэнтэй эн зэрэгцүүлж, ирэх жил өөрийн гол зорилго дэлхийн №1 теннисчин болох мөрөөдлөө биелүүлэхийн төлөө бүх хүчээ дайчилна хэмээн мэдэгдлээ. Тэрээр энэ онд Австралиан Опен-д түрүүлснээс гадна Мастерс цувралын хоёр тэмцээнд ялалт байгуулж, оныхаа хаалтыг Шанхайд нэг ч хожигдоогүй амжилттай хийснээр 1 сая 240 мянган доллараар шагнуулсан байна. Түүнд ялагдсан Давыденко-д ч сэтгэл дундуур байх үндэс байхгүй. Учир нь тэрээр Мастерс-Кап-ын шигшээд шалгарснаар анх удаагаа 615 мянган долларын чек хүртжээ.
Талбайн теннисний энэ оны АТР, WTA цувралын тэмцээнүүд үүгээр өндөрлөж байна. Харин талбайн теннисний багийн ДАШ албан ёсны бус тэмцээнд тооцогддог Дэвисийн цомын шигшээ тулаан ирэх амралтын өдрүүдэд Аргентин, Испанийн багуудын хооронд болно.
loading...




djokovic is the best tennis player!!!
loading...