loading...
Германы Дрезден хотноо үргэлжилж байгаа дэлхийн шатрын 38 дахь Олимпиад-д манай баг тамирчид амжилттай оролцож байна. Манай эрэгтэй шигшээ баг Литвын эсрэг гараагаа хийж, 3-1-ээр хожигдсон ч дараагийн хоёр тулаанд Тринидад ба Тобаго болон Мозамбикийн багуудыг итгэл төгс ялж, улмаар 4-р тойрогт дэлхийн чансааны №1 шатарчин Веселин Топалов тэргүүтэй Болгарын хүчтэй дөрвөлтэй өрсөлдлөө. Энэ тулаанд их мастер Хатанбаатар дэлхийд 33-р байр эзэлдэг Болгарын Иван Чепариновтой тэнцэж, бусад нь ялагдсан байна. Одоогоор 59-р байранд явж байгаа манай эрчүүд дараагийн тойрогт Ливийн шигшээ багтай учраа таарлаа. Монголын эмэгтэй шигшээ багийнхан эрчүүдээсээ илүү амжилттай явж байна. Тэд эхний тойрогт Грекүүдтэй тэнцэж, дараа нь Беларусын хүчтэй багийг буулган авч, улмаар 2006 оны аварга Украины шигшээтэй өрсөлджээ. Энэ тулаанд их мастер Мөнгөнтуул Украины шилдэг шатарчин Катерина Лахно-г бууж өгөхөд хүргэсэн ч бусад нь ялагдсан байна. Манай эмэгтэйчүүд дараагийн тойрогт Ираны багаас хариугаа авч, 3-1-ээр бут ниргэн, өнөөдөр Латвийн багтай өрсөлдөж байгаа. Одоогоор тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд Хятад, Польш, харин эрэгтэйчүүдийг Герман, ОХУ-ын багууд хошуучилж байна.
![]()
loading...



