loading...
Б.ЦАГААНБААТАР, Р.МАНЛАЙ, гэрэл зургуудыг Э.ХАРЦАГА Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээн энэ сарын 14-16-нд Монгол бөхийн өргөөнд боллоо. Хоёр дахь удаагаа зохиогдсон “President Cup”-д Монгол, БНХАУ, ОХУ, БНАСАУ, Япон, БНСУ, Казахстан гэсэн долоон орны бөхчүүд эрэгтэй найм, эмэгтэй дөрвөн жинд ур чадвараа сорив. Тэмцээний нийт шагналын сан 54500 ам.доллар байсан бөгөөд түрүүлсэн бөхчүүд 3000, 1500, 500 (эр), 2000, 1000, 500 (эм) ногоон халаасалсан юм. Хэдий тийм ч гаднаас төдийлөн хүчтэй баг, тамирчид ирсэнгүй.
2006 онд Кубаас “Афин-2004” олимпийн аварга Яндро Кинтана, дэлхийн аварга Рене Монтеро, Болгараас дэлхийн хошой аварга, “Сидней-2000” олимпийн мөнгөн медальт Серафим Барзаков, 2001 оны дэлхийн аварга Николай Пасларь нарын хүчтэнүүд ирж байсан түүхтэй.
Энэ удаагийн тэмцээн Уулын баяжуулах “Эрдэнэт” концернийн 30 жилийн ойн арга хэмжээнд болсон бөгөөд үйлдвэрийн захиргаа нээлтийн ажиллагааны үеэр өдгөө амьд сэрүүн, эх орондоо ажиллаж, амьдарч буй олимпийн медальт тамирчдадаа хүндэтгэл үзүүлэн гарын бэлгээр шагнасан юм.
Мөн “Бээжин-2008” паралимпийн аварга Д.Баатаржавыг хоёр өрөө байраар мялаасан юм. Тэмцээнийг удирдахаар FILA-гаас томилогдсон Ким Ик-Жон нь 1988 оны олимпод манай А.Басхүүтэй хамт “Алтан шүгэл” шагнал хүртэж байсан, өдгөө FILA-гийн шүүгчдийн комиссийг тэргүүлдэг хүн аж. Ингээд “Ерөнхийлөгчийн цом-2008”-ын тоймыг толилуулъя.
Эмэгтэй
48 кг. (11 бөх)
Гавьяат тамирчин Ц.Энхжаргал хагас шигшээд ОУХМ Д.Баасанжаргалд ялагдсан нь энэ жингийн онцлох үйл явдал байлаа. Харамсалтай нь манай бөх финалд БНХАУ-ын Ли Вэ Вэд олигтой эсэргүүцэл үзүүлж чадсангүй, үе тус бүрт 0:2-оор дийлдлээ.
1.Ли Вэ Вэ (БНХАУ), 2.Д.Баасанжаргал, 3.Ц.Энхжаргал, Б.Даваасүрэн, 5.Э.Нарангэрэл (бүгд Монгол), Л.Кузьмина (ОХУ)
55 кг. (15 бөх)
Жингийн аваргаар мөн л урд хөршийн бүсгүйчүүд тодров. Манай найдваруудын нэг Н.Отгонжаргал түрүүлсэн Гуо Ямейтэй дунд шөвөгт учраа таарсан бөгөөд ганц ч оноо салгаж чадалгүй 0:3, 0:4-өөр ялагдсан юм.
1.Гуо Ямей, 2.Цао Ди (хоёул БНХАУ), 3.Н.Отгонжаргал, Э.Номин-Эрдэнэ (хоёул Монгол), 5.И.Ологонова, Л.Олейникова (хоёул ОХУ)
63 кг. (12 бөх)
Энэ жинд харийн бүсгүйчүүд зодоглоогүй бөгөөд Б.Одончимэг, О.Насанбурмаа нарын барилдаан оргил барилдаан нь байлаа. ДАШТ-ий медальт Насанбурмаа эхний хоёр минутад 3:0-ээр илүүрхсэн ч сүүлийн хоёр үед 2:0, 1:0-ээр хожигдсон. Хоёрын даваанд гол өрсөлдөгчөө буулган авсан Одноо торолгүй түрүүллээ.
1.Б.Одончимэг, 2.Ц.Отгонтөгс, 3.Б.Оюунсүрэн, О.Насанбурмаа, 5.Ч.Түмэнцэцэг, С.Батцэцэг (бүгд Монгол)
72 кг. (7 бөх)
1.А.Стародубцева (ОХУ), 2.Ву Юм Гао (БНХАУ), 3.О.Бурмаа, Г.Наранчимэг, 5.Б.Наранчимэг (бүгд Монгол)
Эрэгтэй
55 кг (26 бөх)
Гавьяат тамирчин Б.Наранбаатар гэмтлийн улмаас зодоглосонгүй. Тэрбээр ирэх оны нэгдүгээр сараас эхлэн тэмцээн уралдаанд оролцохоор төлөвлөж буй аж. Үзүүр түрүүг Дарханы Г.Амархүү, БНСУ-ын Ким Сун Бин нар булаалдсан бөгөөд манай хүн эхний үед 1:0-ээр давамгайлсан. Хоёрдугаар үеийг тэрбээр нэлээд тэвдэнгүй эхэлсэн ч дунд үед нэг дор гурван оноо авсан нь эцсийн дүнд нөлөөлсөн. Цаг дуусахад найман секунд дутуу байхад Солонгосын бөх гарт эргэж, 4:4 болгосон ч бөөн оноо авснаараа Амархүү ялагч болсон юм. Хүрэл медалийн төлөөх барилдаанд “Алдар”-ын Л.Цогтбаатар Б.Бөхбаярыг, Б.Даваасүрэн Хойд Солонгосын Жон Хак Жинийг хожсон.
1.Г.Амархүү (Монгол), 2.Ким Су Бин (БНСУ), 3.Л.Цогтбаатар, Б.Дорждан, 5.Б.Бөхбаяр (бүгд Монгол), Жон Хак Жин (БНАСАУ)
60 кг. (23 бөх)
Энэ жинд хэд хэдэн шижигнэсэн бөхтэй монголчууд түрүүгээ ОХУ-ын Б.Бадмаевт алдав. Буриадын бөх аварга болох замдаа Г.Цэрэнпунцаг, Ё.Батдархан, П.Түмэнжаргал, Г.Мандахнаран, Ч.Өлзийбаяр нарыг хожсон юм.
1.Б.Бадмаев (ОХУ), 2.Ч.Өлзийбаяр, 3.Э.Ням-Очир, Г.Мандахнаран, 5.С.Сүхбаатар, П.Түмэнжаргал (бүгд Монгол)
66 кг. (14 бөх)
Энэ хавар Азийн аварга болсон БНАСАУ-ын Ян Чум Сон учраа бүрээ хоёр үеийн дотор буулган авсаар түрүүллээ. Тивийн АШТ-ий түрүүг түүнтэй булаацалдаж байсан П.Өнөрбат энэ удаа ч тэнцүүхэн хүч үзэж, 0:3, 1:2-оор дийлдэв. Улмаар энэ жингийн лидер Б.Батзориг ч финалд Ардчилсан Солонгосын бөхөд юм болсонгүй, арайхийн нэг оноо л салгав. Хэрэв цаг дуусаагүй бол нэгдүгээр үеийн төгсгөлд цэвэр даруулах байв.
1.Ян Чум Сон (БНАСАУ), 2.Б.Батзориг, 3.П.Өнөрбат (хоёул Монгол), Ж.Иннокентов, 5.Б.Вильмов (хоёул ОХУ), Хишигдалай (БНХАУ)
74 кг. (20 бөх)
Шигшээ барилдаан гойд сонирхолтой боллоо. Д.Гомбодорж барилдаан эхлэнгүүт давхар хамж хоёр оноо авсан ч, өрсөлдөгч нь хариуг тэр дор нь барьж 2:1 болголоо. Тун уян, нялцгай барилдаантай бөх аж. Улмаар Оросын бөх бариа зөрөөн дээр өвөрмөц мэх хийн ахин нэг оноотой болсон бөгөөд төдөлгүй тонгорч манай бөхийг дороо хийн 2:3-аар яллаа. Хоёрдугаар үеийн эхэнд Гомбоо мөн л довтолж 3:0-ээр хошуучилж эхэллээ. Семёнов оноог түүсээр 3:2 болгосон бөгөөд сүүлийн хэдэн секундэд манай бөх шахаж эргүүлэх мэхийг нь сайтар хамгаалсныхаа хүчинд хожлоо. Шийдвэрлэх гуравдугаар үед манай хүн уламжлал ёсоороо хонгодож хоёр оноо салгаад түүнийгээ цаг дуустал хамгаалчихав.
Японы К.Обара багийнхаа цорын ганц медалийг авсан.
1.Д.Гомбодорж (Монгол), 2.С.Семёнов (ОХУ), 3.К.Обара (Япон), Т.Батаров 5.А.Рабданов, Б.Базаров (бүгд ОХУ)
84 кг. (10 бөх)
1.Ч.Ганзориг, 2.Н.Цэрэнчунт, 3.Р.Пүрэвдагва (бүгд Монгол), О.Билэг, 5.Б.Билэг (БНХАУ), Б.Наранбаатар (Монгол)
96 кг. (14 бөх)
1.Н.Чукоров (ОХУ), 2.Сим Де Ву (БНСУ), 3.Ч.Санжаадамба (Монгол), Б.Цыренов (ОХУ), 5.О.Есөн-Эрдэнэ, Я.Алтантулга (хоёул Монгол)
120 кг. (7 бөх)
Хүнд жингийнхний тулаан оноо цөөнтэй болдгийн сонгодог жишээ шувтаргын барилдаан байлаа. “Арслан”-гийн Ж.Чулуунбат, “Хүч”-ийн Б.Сайнбаяр нарын барилдааны эхний хоёр үе тус бүр 0:0-ээр өндөрлөсөн бөгөөд өрсөлдөгчид шодолтоор харилцан нэг нэг ялав. Гуравдугаар үе ч дээрх зураглалаар өндөрлөж байх мөчид шүүгч Сайнбаярыг идэвхгүй барилдсан хэмээх үндэслэлээр торгож, Чулуунбатад ялалтыг өгсөн. Уг нь шодсон бол арай шударга байх байлаа. Чулуунбат ялимгүй давуу байсан ч адилхан л тодорхой мэх хийж чадаагүй билээ.
1.Ж.Чулуунбат, 2.Б.Сайнбаяр, 3.Г.Батпүрэв (бүгд Монгол), А.Лазарев (ОХУ), 5.Б.Одгэрэл (Монгол)
Медаль авсан орнууд
Улс Алт Мөнгө Хүрэл Нийт
1.Монгол 5 6 16 27
2.ОХУ 3 1 4 8
3.БНХАУ 2 2 1 5
4.БНАСАУ 1 - - 1
5.БНСУ - 2 - 2
6.Япон - - 1 1
loading...



