loading...
Д.ОДСҮРЭН Дэлхийн хамгийн олон амжилтын эзэн, таван төрөлтийн тамирчин бол яах аргагүй Андраш Бальцо билээ. Зөвхөн гаргасан амжилтыг нь жагсаан бичсэнийг уншихад л нилээдгүй цаг зарцуулах бөгөөд спортын “а”-гүй ч хүн үнэнхүү бишрэн бахдах ажгуу. Ийнхүү гайхан шүтэх хүмүүс тэгэхдээ “Азтай л юм” гэж хэлэх нь ч бий. Үнэхээр азтайдаа юм уу гэвэл яагаад ч тийм биш ээ.
Эхлээд хэсэгхэн түүх ярьчихъя. Таван төрөлтийг одоогийн хэллэгээр нь нэрлэвэл орчин үеийн таван төрөлт гэнэ. Шалтгаан ч маш энгийн. 2500 гаруй жилийн өмнө эртний Грект олимпийн анхны тэмцээн үүсч байх үед л уг спорт байсан бөлгөө. Гэхдээ одоогийнхоос асар ялгаатай нь нударган зодоон, бөх, зээрэнцэг болон жад шидэлт, тэгээд гүйлт байжээ. Эдгээрээс гагцхүү гүйлт л одоогийнход багтдагийн дээр морь, усанд сэлэлт, буудлага, туялзуур сэлэм нэмэгддэг билээ. Энэхүү төрөл нь ихээхэн хөдөлмөр шаардсан хүнд спорт атлаа онц сонирхолтой юм. Учир нь аварга болох хүн бүх таван төрөлд шилдэг нь байх ёстой болохоос нэг хоёрт нь илүүрхчихээд түрүүлнэ гэж байхгүй.
Олимпийн анхны медалийг Шведийн Стокгольм хотноо 1912 онд буюу орчин цагийн олимп эхэлснээс хойш 16 жилийн дараа таван төрөлтийн тамирчдад гардуулж эхэлсэн байна. Нилээдгүй хүмүүс энэ төрөл нь олимпийн үндсэн зарчимд бүрнээ нийцсэн спорт буюу хувь хүнийг тал бүрээс нь өв тэгш хөгжүүлдэг гэж үздэг. Бас ч үгүй тэднийг тухайн төрлүүдийнхээ дайчин эрс нь гэдгийн дээр дотоод сэтгэлийн мөн чанараараа ч бусдаас илүүд тооцдог. Гарцаагүй байх чанар гэвэл хашир, хариуцлагатайгаас гадна даруу дөлгөөн байхгүй бол ямар нэг амжилтын тухай санахын ч хэрэггүй.
Заримдаа дөнгөж спортын замналаа эхэлж байх залуухан үедээ аз таарч тэнгэрийн од шүүрэн алт авсан ч тодорхой хэмжээний туршлага нь дутуу байсан тохиолдол гардаг. Цагаасаа өмнөх ер бусаар гаргасан амжилтдаа ташуурснаас медалийн санаандгүй эзнээрээ л үлдэх нь бий. Өөртөө хэт итгэх өвчинд баригдан бусдыгаа давамгайлж чадахгүй байсаар жинхэнэ аварга бололгүй “азтай аварга”-аараа дуусдаг хүн мэр сэр.
Харин энэ асуудал яагаад ч А.Бальцод хамаарахгүй. Тэрбээр олимпийн аварга цол руу 16 жил зүтгэсэн аж. Алхам алхмаар бүх хүч чадлаа шавхан өөртэйгөө ч өрөөлтэй ч тэмцэлдэн зүтгэсэн. Тэгэхээр Андраш азтан биш, тэр бол агуу тамирчин, аваргын ноёрхлыг нь өө сэвгүй гэж үздэг олон хүний үлгэр дууриал болсон унгар эр. Шилдэг болохын тулд дасгалжуулагчийнхаа хэлснээс өөрөөр зүтгэж группт бөөнөөрөө биш ганцаарчилсан бэлтгэл хийж, өөрт хэрэггүй гэж үзсэн дасгалуудыг хийхгүй байж чаддаг байжээ. Биеэ сайтар чагнаж ямар дасгал хэрэгтэй, ямар хэмжээ, тоогоор хийхээ өөрөө л тогтоодог байв. Эхэндээ дасгалжуулагчид нь уурладаг байсан боловч түүний амжилт өдрөөс өдөрт өсч байгааг гайхан харж, улмаар уураа барьж зөвшөөрсөн гэдэг бөгөөд өөрсдийн арга барилдаа ч зарим нь хуулбарласан ажээ.
“Банди” гэж дууддаг Бальцо нь 1938 онд Унгарын Ниредьхазы тосгонд сүмийн хуврагийнд төрсөн бөгөөд намхан, туранхай тэрбээр юугаараа ч онцгойрч байгаагүй. Сургуульдаа ч, орчиндоо ч тэр. Энэ нь муу сурдаг гэсэн үг биш, хий гэснийг нь хийчихээд л илүү ч үгүй дутуу ч үгүй явдаг байв. Гэр орных нь хөрөнгө санхүүгийн бололцоо төдийлөн сайнгүй тэгээд ч өөр хотод очиж сургуульдаа явдаг нь 4 хүүхэдтэй айлд нилээд асуудал үүсгэж байжээ. Тэрбээр шамдах ёстой гэдгээ ойлгон Дебрецен хотод усанд сэлэлтээр тууштай хичээллэж эхлэв. Гимназийн II курст нөхрийг гүйлтийн тэмцээнд орж байхад нь анх анзаарч харсан аж. Гэхдээ яг чухамдаа юу хийх гээд байгаагаа тэр ухаараагүй л байв. Харин амьдралд нилээдгүй тохиолддог санаандгүй учралаас цаашдын хувь заяа нь шийдэгдэх гэж байжээ.
Найз Вальтер нь гуравхан настайгаасаа л морь унадаг байв. Эдгээр сайхан амьтдын төлөө жүчээнээс нь шивх зөөхөд ч бэлэн байжээ. Энэ нь жоохон ч гэсэн морь унахын тулд байсан гэх. Бальцо энэ “өвчин”-өөр өвчилж, өдөр шөнөгүй морь зүүдэлдэг байсан байна. Нэгэн удаа тэрбээр хичээлийн шинэ жилийн өмнөхөн мориноос унаж эгмээ хугалсан удаатай. Жаалыг өрөвдөхийн оронд загнан буруушааж дахин моринд ойртохыг ч хорьжээ. Ангийн багш нь түүнийг зэмлэхдээ хичээл сонирхдоггүй этгээд энэ мориороо таван төрөлтийн дэлхийн аваргад түрүүлэх санаатай юм уу гэж ч хорон үг хэлжээ. Яг л энэ үед тэрбээр спортоор хичээллэхээр хатуу шийдсэн гэдэг.
Тухайн цагт унгарын шигшээ Будапештэд болсон дэлхийн аваргад түрүүлчихсэн, өмнө нь 1952 оны Хельсинкийн олимпод мөн түрүүлсэн байв. Анхны дасгалжуулагч Тиборг Херинг залуусыг гурван төрөлтөд бэлтгэж, тэднээс илүү авъяастайг нь таван төрөлтөд бэлдэж байжээ. Яг үнэндээ тэрбээр авъяаслаг гэдэг шалгуурт ороогүй боловч тэмцээнд маш хөнгөн, жигдхэн гүйдэг нь нэгний эрхгүй анхаарлыг нь татжээ. Энэ хүн бол Ференц Бенедек бөгөөд гурван төрөлтийнхөнтэй 2 жил ажиллачихсан байсан бөгөөд энэхүү “онцлог” гүйлт түүний нойрыг “хулжаадаг” байж. Дээр нь ялахын төлөөх гайхамшигт тэмүүлэл, дотоод сэтгэлийн нугаршгүй их хүч 2 түүн дээр нэмэгдэхээр гарцаагүй тодорч шигшээд дуудагдсан билээ.
“За Банди минь медаль авна биз” гэх асуултын хариуд тэрбээр даруухан инээмсэглэж байсан үе бол 1960 оны Ромын олимп билээ. Мэдээж тэр медаль авна гэдэгтээ итгэж л байсан бөгөөд таван жилийн турш шигшээгийн баазад бэлтгэл хийж хүн бүр түүнийг ганцаарчилсан төрөлд алт авах гол найдлага хэмээж байв. Морины хэсгийн оронд гүйлт орсноос нөхрийн төлөвлөгөө сүрэл дүрэлзэх адил түргэн нуржээ. Үнэхээр их хүсэл нь 4-т орсноор дууссан авч түүний цаана өглөө бүрийн 04.45-д босч, бассейн руу гүйж, дараа нь ажилдаа гүйж, орой нь дахиад л дасгал сургуулилалт гэсэн хичнээн их хүч чадал, хичээл чармайлт талаар болсон гээ. Хайртай тоглоомоо булаалгасан хүүхэд адил уйлан мэгшсэн нь ч ойлгомжтой. Гэхдээ энэ бол түүний амьдралд хамгийн гашуун боловч ашигтай туршлага байсан. Хийсвэр ялалтыг өөртөө бэлдэх нь ямар ч утгагүй зүйл болохыг ухаарч, хэдэн мянган саад бэрхшээл замд нь байвч үл шантран хатуу зорилго, шаргуу хөдөлмөрөөр амжилтад хүрэх учиртайг ойлгон хатуужсан байна.
Бие даан хичээллэснээр илүүдэл жинг үлдэн хөөж, бие махбодио “чангалж” байлаа. Булчин шөрмөс, хөдөлгөөн, арга барилаа билүүдэж биш “зорж” бэлтгэж байсан гэхэд хилсдэхгүй. Түүнийг өөрөөс нь өөр хэн ч илүү мэдэхгүй гээд дасгал сургуулилалтад нь хөндлөнгөөс хэн ч орох ёсгүй хэмээж байв. Өөрөө өөртөө эзэн гэсэн түүний зарчмыг дагасан хэсэг нөхөд тун удалгүй больж, дасгалжуулагчийнхаа хөнгөхөн шиг стандарт болсон ачаалал руу шилжсэн түүхтэй. Түүнийг төдийлөн сайн ойлгоогүй ч дангаар хичээллэхийг нь зөвшөөрсөн гэдэг. Амжилт түргэн ирээгүй ньч бүр тодорхой, тэр байтугай төрөл бүр дээр бага гэлтгүй асуудал гарч туршлага бүхий дасгалжуулагчдаас зөвлөгөө авахаас аргагүй байсан.
Хамгийн хэцүү төрөл нь туялзуур сэлэм байлаа. Ер нь энэ төрлийн тулаанд гарахдаа ямагт сэтгэл түгшин өөртөө бүрэн итгэлгүй байвч ямар больё гэлтэй биш тулалдахаас аргагүй байв. Ямар нэгэн онцгой чадвар алга гэж өөрөө хэлдэг байсан бөгөөд энэ бол туялзуур сэлмийн дасгалжуулагчийн диплом өвөртөлсөн, бүх Унгарын аварга хүний үг ээ! Анх бэлтгэл хийхээр ирэхэд л зарим нь түүнийг “модон” гартай хэмээн шоолж байсан гэдэг. Тэгэхдээ тэр шантралгүй ажилласан: долоо хоногоор, өдрөөр, цагаар.
Бас нэг эвгүй төрөл бол морь байлаа. Хэдийгээр моринд ухаангүй хайртай боловч басхүү спортын аюултай төрөлд ордог учир нь бүх юм морь унагчаас үл шалтгаалдаг, ямар морь таарах нь ч учир битүүлэг, морь хуваарилснаас хойш өгдөг 20 минутын хугацаанд түүнтэйгээ “хэл ам”-аа хэрхэн ололцохоос ихээхэн хамаардаг аж. Долоо хоногт 3-аас доошгүй удаа хичээллэхдээ мөн 3-аас доошгүй морь солиод үзчихдэг байсан нь шүүмжлэгдэж байсан ч бууж өгөөгүй ажээ.
Гүйлтэд бол асуудалгүй гэж олон хүн боддог байсан. Өдөр бүр гүйж, улмаар гүйлтийнхээ зайг ихэсгэж байхдаа ч хөнгөн шингэн байдлаа алдаж байгаагүй, гэхдээ хөлийн эрээн булчин нь өвдөөд ирэхэд шүд зуун тэсч гардаг байлаа. Буудлага, усанд сэлэлт хоёроор байнга хичээллэж, тухайн шатанд ямар ачаалал зөв болохыг өөрөө тогтоож байв. Тэрбээр тусгай тэмдэглэл байнга хөтөлж, дасгалын үеэрх олон зүйлсийг цаг алдалгүй хөтөлдөг байжээ. Яахав гаднаас нь харахад мэдэгддэггүй байсан байж болох авч түүний дотор таван төрөлтөд зарласан хайр нь бадамлан ассаар байжээ. Түүнийхээ төлөө тэр хувийн амьдралаа, амралтаа, эрүүл мэндээ золиослож байлаа. Түүнийг юу ч зогсоож чадаагүй, медалийнхаа төлөө зовлон хямрал, өвдөлт бэртэлтийн дундуур туулж явж ирсэн. Бас байнга ямар нэг зүйлийг туршиж байдаг байснаас нэг удаа туялзуур сэлэмнийхээ бариулыг өөрчлөн дэлхийн аваргад орж ялагдсан ч туршлага хуримтлуулсаар байв.
А.Бальцо аваргын титмийн тоогоороо дээд амжилт тогтоосон бөгөөд ганцаарчилсан төрлөөр 6, багийн төрлийн 5 удаагийн аварга цолыг ДАШТ-ээс авсан түүхтэй. Гэхдээ түүний гэгээн мөрөөдөл бол олимпийн аварга болох явдал байсан. Гурван ч удаа аваргад дөхсөн ба анх шигшээгийн баазад “шинэков” ирж байснаас хойш даруй 16 жилийн дараа л энэхүү мөрөөдлөө биелүүлж олимпийн аварга хэмээх алдарт хүрсэн ажгуу. Замд таарсан саад бэрхшээлийг нь тоочоод ч барахгүй, ганцыг л хэлэхэд 1964 онд түүний тэмцээнд оролцох эрхийг хассанаас Токиогийн олимпод оролцож чадаагүй хар өдрүүд байсан юм.
1972 оны олимпийн жил тэрбээр 34 настай байлаа. Тэмдэглэлдээ бичсэнээр урьдын адил эрч хүчтэй байж чадахгүй, бэлтгэлжилт алдагдаж байсан, дээр нь 3-хан сарын өмнө Будапештэд олон улсын тэмцээнтэй, түүнээс заавал алт авах ард түмний “даалгавар”-ыг биелүүлэхэд “ертөнцийн гайхамшиг” тусалсан гэжээ. Дараа нь Киев, Глогнице, Унгарын аварга шалгаруулах гээд л тэмцээнүүд цуварч өгсөн бөгөөд сүүлийн тэмцээнд нь бараг л үхээд боссон гэдэг. Түүнд Самум нэртэй сайн морь таарсан ба дажгүй явж байгаад сүүлийн хаалт дээр сайн ташуурдаагүйгээс морь нь саад тулмагц цовхорч эргэснээс мань хүн морьтойгоо ойчих мөчид самбаа мэдрэмж нь тусалж, өөр дээр нь унаж байсан мориноос зайлж чадсан ажээ. Гарцаагүй үхлээс амьд гарсан тэр морио ч барианд оруулж чадсан аж.
Олимп болоход 2 сар үлдээд байв. Ганцаарчилсан төрлийн алт авмаар байдаг, багийн алт бол хоёр ч байж. Нэг бол одоо эсвэл хэзээ ч үгүй гэдгийг тэр ойлгож байлаа. Ганц сонин нь тэрбээр огт сэтгэл догдлоогүй байсан бөгөөд харин хэд хоногийн өмнөөс сүжигтэй болсноо найз нөхдөдөө хэлж байжээ. Ялалт авчирч байсан тэр л гутлаа, тэр л ташуураа дахин хэрэглэнэ гэхчлэн ярьж байсан түүнд цагаан түрүү цэцэг, туулайны сарвууг анд нь бэлэглэж амжилтыг бэлгэдсэн гэдэг. Эхний өдрийг морио унаад, саадаа даваад ямар ч алдаа гаргалгүй өнгөрөөв. Хоёр дахь өдөр нь туялзуур сэлэм дээр амьдралдаа анх удаа үнэмлэхүй сайн тэмцэлдэв. Гурав дахь өдөр гэвч буудлагын шүүгч яг ард нь зогсоод түүнийг дүрэм зөрчсөн гэх маягтай болоод ирсэн ч бурхны авралаар эсвэл туулайны сарвууны “хүч” ч юм уу түүнийг торголгүй өнгөрчээ.
Тэгээд усанд сэлэлт, гүйлт болсон энд тийм эсвэл үгүй гэдгийн төлөөх тулаан болсон. Түүнийг төрлүүдээ дуусахад гол өрсөлдөгч нь дөнгөж эхэлж байсан бөгөөд цаг явж өгөхгүй зовоож, нилээдгүй хэдэн цагийг барианы дэргэд цаг харан хүлээж суусан байна. Эцэстээ секунд секундээр түүний ялалтын хором тодорхой болж ялсан тамирчны гар ч өндөрт нэг мэдэхэд түүнийг нөхөд нь дээш шидэж байжээ. Инээсэн, баярласан, бахархсан азтай эр алдрын тавцанд гарч байхдаа энэ бол олимпийн дээд тавцан төдийгүй таван төрөлтийн хамгийн том ялалт, өөрийгөө ялсан хамгийн том ялалт гэдгийг ойлгон ухамсарлаж байв аа. Алхам алхмаар энэ замыг туулахдаа тэрбээр ердийн аварга биш, аваргуудын аварга болж чадсан бөлгөө.
loading...



