loading...
Г.БАЯРСАЙХАН Монголын волейболын холбооны үндэсний лигийн хоёрдугаар тойрог өнгөрсөн пүрэв гаригт эхэллээ. Хоёрдугаар тойрог эхлээд багууд 1-2 тоглолт хийгээд байгаа ч эхний тойргийн дүр зураг давтагдах магадлал өндөр байна. Тухайлбал сүүлийн гурван жилийн аварга “ТЭЦ IV” эхний тоглолтод хожил авснаар энэ тойрогт дахин тэргүүлэх нь бараг тодорхой болов.
Тэд хамгийн гол өрсөлдөгч “Эрчим”-ийг 3:1-ээр буулгаж авсан нь ийн хэлэхэд хүргэж байгаа юм. Эхний тойрогт болсон тэдний тоглолт мөн л дээрх харьцаагаар өндөрлөж байсан билээ. Одоогоор “ТЭЦ IV” хожигдол амсаагүй цорын ганц баг болж байна. Эрчүүдийн тэмцэл ч ерөнхийдөө тодорхой болж байх шиг. Учир нь нэгдүгээр тойргийн аварга “Буянт-Ухаа” хоёрдугаар тойрог эхэлсэн даруйд хоёр гол өрсөлдөгчөө дараалан хожоод байгаа юм. Тухайлбал өнгөрсөн жилийн аварга “Харх”-ыг 3:2, энэ жил бүрэлдэхүүн нь эрс сайжирсан “Эрчим”-ийг 3:0-ээр буулган авчээ.
“Буян-Ухаа”-”Харх” багийн тулаан одоогоор лигийн хамгийн сонирхолтой тоглолт болоод буй. Ноднин алтан медаль булаалдсан энэ хоёр баг таван үеийн турш ширүүн үзэлцэж, Нисэхийн баг төгсгөлийг сайн хийсний хүчинд гол өрсөлдөгчөө буулгаж авсан юм. Тэд дараа нь “Эрчим”-ийг 3:0-ээр зовлон багатайхан хожиж байгаа харагдсан. Уг нь “Эрчим” эхний тойрогт тэднийг хожсон боловч энэ удаа яаж ч чадсангүй.
“Буянт-Ухаа” нуруулаг орос тоглогчоо түлхүү ашиглах тактикаар тоглосон нь үр дүнгээ өгч, үе бүрт оноогоор тасарч чадсан юм. Харин “Эрчим”-ийн гол хүн Э.Сайнбилэг энэ өдөр тааруухан тоглосон нь ялагдлын гол шалтгаан боллоо. Харин хоёрдугаар тойргийн гол сенсаацыг “Уурхайчин”-ы залуучууд дэгдээсэн. Дан залуу тоглогчдоос бүрдсэн “Уурхайчин” эхний тоглолтод өөрсдийн ах нар болох “Грийн Сити”-г 3:1-ээр хожиж чадсан юм.
Энэ тоглолт тун сонирхолтой болж, “Уурхайчин” нэг, гуравдугаар партад төгсгөлөө сайн хийж чадсан нь хожил авахад гол нөлөө үзүүлсэн. Тойргийн тоглолтод эхний дөрөвт шалгарч, цаашлаад медалийн төлөө өрсөлдөх зорилготой “Грийн Сити”-гийн хувьд энэ хожигдол том чөдөр боллоо. Сүүлийн тойрогт энэ алдаагаа залруулахгүй бол плей-оффын гадна үлдэж магадгүй юм. Волейболын лигийн хоёрдугаар тойрог гурван хоног амраад (бямба, ням, даваа), мягмар гаригаас үргэлжлэн явагдана.
XI.13
Ноён-МУБИС эм 3:0 (25:17, 25:21, 25:17)
МУБИС-Эрчим эр 0:3 (21:25, 8:25, 10:25)
Уурхайчин-Грийн Сити эр 3:1 (26:24, 18:25, 26:24, 25:18)
Буянт-Ухаа-Харх эр 3:2 (25:23, 20:25, 25:20, 23:25, 15:10)
XI.14
Эрчим-ТЭЦ IV эм 1:3 (16:25, 20:25, 27:25, 25:21)
Ноён-Грийн Сити эр 0:3 (21:25, 23:25, 21:25)
Харх-Уурхайчин эр 3:0 (25:14, 25:21, 25:18)
Эрчим-Буянт-Ухаа эр 0:3 (17:25, 20:25, 15:25)
Р.Хангай: Ноднингийн алдаагаа давтахгүй ээ
Ренчин гавьяатын хүүхдүүд волейболын лигт амжилттай тоглож буй. Р.Тамир нь “Ноён” багт тоглогч-дасгалжуулагч хийж байгаа бол Хангай нь ИНЕГ-ын “Буянт-Ухаа” багийн гол тоглогчийн нэг болжээ. “Буянт-Ухаа” энэ жил урамтай тоглолт үзүүлж, аваргалах гол багаар нэрлэгдэж буй. Тэгвэл энэ амжилтад нь холбон тоглогч Хангайгийн үүрэг их бий. Лигийн хоёрдугаар тойрогт учраа таарсан “Буянт-Ухаа”-”Эрчим” багуудын тоглолтын дараа (3:0) түүнтэй уулзаж ярилцсан юм.
-Энэ жилийн лигт танай баг сайн тоглож байна. Лиг эхлэхээс өмнө өөрийн багаа ингэж тоглоно гэж төсөөлж байв уу?
-”Харх”-ыг сайн бүрэлдэхүүнтэй ирнэ гэж бодож байсан ч хоёр орос нь тийм ч чадварлаг биш юм билээ. Харин лиг эхлэхээс өмнө “Эрчим”-тэй тоглож үзэхэд хожиж болохоор санагдсан. Тиймээс иймэрхүү амжилт гаргах болов уу гэсэн төсөөлөл байсан. Бэлтгэл ч сайн хийсэн.
-Танай багт шинэ хүн нэмэгдсэн үү?
-Санкт-Петербургийн багаас 192 см өндөртэй нэг легионер ирсэн. Урьд нь элсний волейбол тоглож, хотынхоо аварга болж байсан юм билээ. Мөн “Алдар”-аас Хонгорзул гэж залууг авсан. Бусад нь хуучнаараа.
-Танай баг эхний хоёр тойрогт тэргүүлэх нь бараг тодорхой болчихлоо. Плей-оффт яах бол?
-Гайгүй тоглочих байх гэж бодож байгаа. Гэхдээ “Харх” багт М.Алтангэрэл гэж туршлагатай тоглогч бий. Яг плей-офф, финалд гараад ирэхээр Алтангэрэл ах янз янзын тактик боловсруулаад, тоглолт нь өөр болчихдог юм. Ноднин манайх яг ийм байдлаас хожигдож мөнгөн медаль авсан. Тойргийн тоглолтуудад сайн тоглосон ч финалд “Харх”-д 3:1-ээр хожигдчихсон. Тиймээс ноднингийн алдаагаа давтахгүй байхыг зорьж байгаа.
-Багийн амжилтын ихэнх хувь холбон тоглогчоос хамаардаг. Багийнхаа тоглолтыг удирддаг хүний хувьд шинэ тактик боловсруулж байна уу?
-Тактик боловсруулалгүй яахав. Ганц нэгийг нь туршиж үзэж байгаа. Хийхгүй явж байгаад гэнэт гаргаад ирвэл төгс болж чадахгүй.
-Танай багийн бусдаас ялгарах давуу тал юу вэ?
-Бусад багт шинэ, хуучин тоглогчид гар нийлэх гэж хугацаа алдаж байгаа харагддаг. Харин манайхан 2-3 жил хамт тоглочихсон болохоор санаа нийлдэг. Мөн эв нэгдэлтэй байдаг нь амжилт гаргахад дөхөм болдог.
-Өөрөө волейболын спортоор хэдэн жил хичээллэж байна?
-1992 онд нэгдүгээр ангид байхдаа анх волейболоор хичээллэсэн. Харин 2001 онд анх лигт тоглож байлаа. Тэр жил есдүгээр ангийн хүүхэд “Ноён” багт, ах дээрээ ирж байсан. 2003 онд “Уурхайчин”-д ирснээр Г.Баярсайхан багшийн шавь болсон. Харин анхны багш гэвэл манай аав. Бага байхад аавыгаа их дагаж, тэмцээн үздэг байж.
-Волейболын лигт долоон жил тоглочихож. Энэ хугацаанд лигээс ямар медаль аваад байна?
-Лигт тоглож эхэлснээсээ хойш медалиас мултраагүй шүү. Гэхдээ аваргалж үзээгүй. Хоёр хүрэл, бусад нь мөнгөн медаль.
-Биеийн өндөр, нас хэд вэ?
-Би 1985 онд төрсөн. 179 см өндөртэй. Аравдугаар ангид байхдаа л ийм өндөртэй байсан. Тэрнээс хойш өссөнгүй.
-Волейбол анх тоглохдоо л холбогч хийдэг байв уу?
-Анх өсвөрийн багт довтлогч байсан. Харин Г.Баярсайхан багш дээр ирснээс хойш холбогч хийж байгаа.
-Шигшээгийн бүрэлдэхүүнд багтан цөөнгүй тэмцээнд оролцсон байх аа?
-Анх 10-р ангидаа Шанхайд болсон Зүүн Азийн АШТ-д оролцож байсан. Арван жилийн жаахан хүүхэд шигшээд орчихоод их баярлаж билээ. Түүнээс хойш 2006 оны Азийн наадам, сая манайд болсон Зүүн Азийн АШТ-д шигшээгийн үндсэн холбогчоор тоглосон.
-Та холбогч мөртлөө цөөнгүй оноог багтаа нэмэрлэж байгаа харагддаг?
-Холбогч хүн гэхээр заавал өргөж өгөөд байх албагүй л дээ. Хааяа боломж гарвал довтолж, оноо авчихдаг байх хэрэгтэй. Холбогч нь довтлохоор эсрэг багийн тоглолт сарничихдаг. Тактикийн асуудал л юм аа.
-Лигт тоглож байгаа тамирчин ямар цалин авч байна?
-Би ИНЕГ-т ажилладаг болохоор тэмцээн эхлэхээр цалинтай чөлөө авчихдаг. Үүнийг л цалин гэх байх. Манай багийн дасгалжуулагч Одбаяр ах бидний төлөө их зүйл хийж байгаа хүн. Лигт багтай болгох гээд Нисэхийн хамт олонтой ярьж байгаад энэ багийг бүрдүүлсэн юм. Мөн сагсны сонирхогчийн лигийн “Monatca” багийг байгуулсан.
-Танай багийн ихэнх тоглогч сагсны сонирхогчийн лигт хүч үзэж байгаа харагддаг. Волейболын хажуугаар сагс тоглох ямар байна?
-Манай сагсны багт волейбол тоглодог дөрвөн хүн байгаа. Миний хувьд байнгын бэлтгэлтэй байхын тулд сагсны сонирхогчийн лигт тоглодог. Сагс байнга тоглож, бэлтгэл их хийх нь волейбол тоглоход дөхөм болдог юм.
-Ярилцсанд баярлалаа.
loading...




эрчимийн эмэгтэй багын болортуяа энхмаа 2 болимоор юмаа эртхэн нэр төртэйхөн шиг спортоо орхиочээ та 2оос орос хятадын эмээ нар ч сайн тоглоно доо нүдний булайнуудаа ичиж амьдраасай өөрсдийгөө сайн тамирчин гэж бодож явдаг байх даа бас олон улсын хэмжээний мастер гэчихжээ мэдэхгүй юмаа энхмаа чамайг болиосой билэээ……………
loading...
manai volleyballchid sain togloochee uul ni sain toglogch olon bgaa sh dee
loading...