loading...

Марадона анхны сорилтоо амжилттай давлаа
Аргентиний домогт хөлбөмбөгчин Диего Марадона агуу тоглогчоо гэдгээ дэлхий дахинд баталсан. Харин одоо тэрээр агуу дасгалжуулагч болохыг зорьж байна. Дасгалжуулагчийн ямар ч туршлагагүй 48 настай Марадона Голландын Йохан Кройфф-ын Барса-д хийсэн замналыг давтаж, улсынхаа шигшээ багийг удирдах болсноос 3 долоо хоногийндараа анхныхаа тоглолтоо Шотландын шигшээ багийн эсрэг хийлээ. Түүний анхны сорилт ямар болохыг хөлбөмбөгийн хорхойтнууд тэсэн ядан хүлээж байсан. Глазго-д хийсэн тоглолтын 8-дахь мин-д Макси Родригес-ийн гоол Марадонаг шүтэн бишрэгчдийг баярлуулж, харин шүүмжлэгчдийн амыг тагласан байна. Марадона Шотландын эсрэг шигшээ багийнхаа төлөө анхныхаа гоолыг оруулж байсан, харин энэ удаад шотландын эсрэг дасгалжуулагчийн гараагаа амжилттай хийлээ. Шотландтай холбоотой бас нэгэн сонирхолтой баримт дурдахад: Глазго-гоос гаралтай Алекс Уотсон гэгч Аргентиний хөлбөмбөгийг үндэслэн байгуулагчид тооцогддог аж. Тэгэхээр Аргентинчууд Шотландыг 1-0-ээр буулган авч, шинэ дасгалжуулагчаа баярлуулсны зэрэгцээ хөлбөмбөг зааж өгсөн хүнийхээ нутаг нэгтнүүдийг гомдоолоо. Аргентиний багийн мөнхий өрсөлдөгч Бразильчууд мөн адил ялалт байгуулсан байна. Дэлхийн 5 удаагийн аваргууд Европын Бразильчууд гэгддэг Португалийн шигшээг 6-2-ын харьцаатай бут ниргэжээ. Өмнөд Америкийн өөр нэг баг Уругвай Парисийн Сен-Дени-д талбайн эзэн Францтай 0-0-ээр тэнцсэн байна.
Англичууд “дайснаа дарлаа”
Энэ өдөр болсон бусад нөхөрсөг тоглолтуудын дүнгээс танилцуулъя. Берлинд Европын дэд аварга Германы шигшээ өөрийн гол дайсан Английн багийг хүлээн авч, өрсөлдлөө. тоглолт хэдий нөхөрсөг нэр зүүж байсан ч талбай дээр нэр төрийн ширүүн тэмцэл өрнөсөн байна. Б бүрэлдэхүүнээрээ өрсөлдсөн хоёр багийн тулааны эхний гоолыг 23 дахь мин-д зочин багийн хамгаалагч Мэтью Апсон булангийн цохилтын дараа орууллаа. Энэ гоол орохоос өмнө Английн тоглогчид хаалгач Адлер дээр алдаа хийснийг шүүгч ажиглаагүй өнгөрөөжээ. Талбайн эзэд 63 дахь мин-д тооны харьцааг тэнцүүлэхэд Английн шигшээ багийн ахлагч Жон Терри, хаалгач Скотт Карсон нар тус болсон байна. Тэдний алдааг ашиглан Патрик Хельмс шигшээ багийнхаа төлөө анхны бөмбөгөө оруулжээ. Гэхдээ энэ өдөр Англичууд Олимпийн цэнгэлдэхэд талбайн эзэн шиг тоглож, илт давуу байсан тул зүй ёсоор ялалт байгууллаа. 84 дэх мин-д Жон Терри алдаагаа засч, Шон Райт Филипс-ийн торгуулийн цохилтын дараа тооны харьцааг 2-1 болгосон байна. Ийнхүү Англичууд эвлэршгүй дайсан Германы багийг талбай дээр нь хоёр дахь удаагаа дараалан буулган авлаа.
Европын аваргууд Чилийн шигшээг бут ниргэлээ
Испанийн шигшээ баг амжилтаар дүүрэн байсан 2008 оноо нэр төртэй үдэж байна. 44 жилийн дараа Европын аварга цолыг ахин хүртсэн Иберийн арлынхан оны сүүлийн тоглолтоо Вильярреал-д Чилийн эсрэг хийж, 3-0-ийн харьцаатай бут ниргэлээ. Тоглолтын гоолын салхийг 11 дэх мин-д ЕА-ын шилдэг мэргэн бууч Давид Вилья 11 м-н цохилтоос хагалсан байна. Хоёрдугаар үеийн дундуур гэмтлээ эдгээсэн Ливерпуль-ийн довтлогч Фернандо Торрес тооны зөрүүг 2 бөмбөг болголоо. Тоглолтын эцсийн цэгийг цаг дуусахаас өмнөхөн сэлгээнд гарч ирсэн Вильярреал-ын хагас хамгаалагч Санти Казорла тавьснаар Испаничууд өнгөрч буй оныг нэг ч хожигдолгүй, 15 хожил, 1 тэнцээтэй дуусгаж байна. Ганц тэнцсэн баг болох Италичууд ЕА-ын ¼ шигшээд 11 м-ийн цохилтоор ялагдсаныг хөлбөмбөг сонирхогчид санаж байгаа байх. Италичууд энэ өдөр Гректэй 1-1-ийн харьцаатай тэнцжээ
Ван Перси Голландын багт ялалт авчирлаа.
Испанийн багийн адил 2010 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд нэг ч оноо алдаагүй байгаа Голландчууд мөн адил оны сүүлийн тоглолтоо амжилттай хийлээ. Берт ван Марвикийн баг нутагтаа Шведийн шигшээг 3-1-ийн харьцаатай буулган авахад Арсенал-ын довтлогч Робин Ван Перси гол үүрэг гүйцэтгэсэн байна. Тэрээр тоглолтын 32 дахь мин-д гоолын салхийг хагалж, улмаар завсарласны дараахан Эйндховенд хүчин зүтгэдэг Исакссоны хаалганд хоёр дахь гоолоо хийжээ. Шведүүд Ким Калльстрёмийн ачаар тооны зөрүүг багасгасан ч амжилтаа ахиулж чадсангүй. Шүүгчийн мэдлийн цагт Ливерпуль-ийн довтлогч Дирк Кюйт багийнхаа ялалтыг бататгаснаар Голландын шигшээ баг энэ оныг 11 хожил, 3 тэнцээ, 1 хожигдолтой дуусгалаа. ЕА-ын ¼ шигшээд манай хойд хөршүүд улбар шаруудыг нэмэлт цагт буулган авсан тул энэ нь тэнцсэнд тооцогдоно.
2010 оны ДАШТ-ий Азийн бүсийн тоглолтын тойм
Голландын шигшээг энэ онд хожиж чадсан цорын ганц баг Австралийн шигшээ 2010 оны ДАШТ-д оролцох магадлалаа эрс нэмлээ. Ногоон тивийнхэн Азийн бүсийн А хэсгийн 3-дахь тоглолтоо Бахрейнд хийсэн байна. Талбайн эзэд 90 мин-н туршид талбай дээрэ илт давуу тоглолт үзүүлсэн хэдий ч эцсийн дүнд нэг ч оноо авч чадсангүй. Зочин багийн ялалтын гоолыг Марко Бресчиано нэмэлт 4-дэх мин-д оруулснаар Австраличууд 3 хожилтой хэсгээ итгэл тгөс тэргүүлж байна. Тэдний гол өрсөлдөгч Японы шигшээ Катарын нийслэл Доха-д 3-0-ийн харьцаатай итгэл төгс ялалт байгууллаа. Өнгөрсөн 8 сард манай оронд зочилсон Такеши Окада-гаар удирдуулсан Наран улсын баг 19 дэх мин-д Тацуа Танака-гийн гоолын ачаар тэргүүлж эхэлсэн байна. Хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад Кейжи Тамада тооны зөрүүг хоёр бөмбөг болгожээ. Тоглолтын эцсийн цэгийг 68 дахь мин-д Маркус Тулио Танака тавсьснаар Япончууд ДА-ын шигшээ шатанд 4 дэх удаагаа дараалан шалгарах зорилгодоо хүрэхэд томоохон алхам ойртлоо.
Нөгөө хэсэгт өрсөлдөж байгаа Арабын нэгдэн Эмират улсын шигшээ баг Иранчуудыг хүлээн авсан байна. Талбайн эзэд ДА-ын урьдчилсан шатанд 3 тоглолт хийж, нэг ч оноо авч чадаагүй байсан хар цувралаа энэ удаад зогсоож чадлаа. Дубай-н Аль Махтум цэнгэлдэхэд цугласан үзэгчид 20 дах мин-д Абдулрахим Юма-гийн гоолын дараа баяр хөөрийн далайд умбаж, багаа анхны хожлоо авна гэж найдаж байлаа. Гэхдээ тэдний мөрөөдөл биелэх тавилангүй байж. Цаг дуусахаас 8 мин-н өмнө Ираны шигшээ багийн алхагч Карим Багери тэнцээний бөмбөгийг оруулснаар тоглолт 1-1-ийн харьцаатай өндөрлөсөн байна. Энэ хэсгийн хоёр дахь тоглолтонд Өмнөд Солонгосчууд Сауд Арабын багийг талбай дээр нь 2-0-ийн харьцаатай төвөггүй буулган авч, 7 оноотой хэсгээ тэргүүлж эхэллээ.
loading...




portugal budaa bolsn cr7 uuriiguu medersn bh gj naidii
loading...
tsagiin saihan mandaj bsan togloch bizdee oboo doo. odoo bol buhoj bgaa zul shig bolson bolhoos bish harin deer uyiin toglogch nariin tuhai bichij bolohgui yum uu adminaa
loading...