loading...
Европын хөлбөмбөгийн холбоо УЕФА-гийн сахилга батын комисс Атлетико Мадрид багийн эсрэг шийтгэлээ зөөлрүүллээ. Улмаар тус баг Аваргуудын Лигийн тэмцээний хүрээнд өөрийн талбай дээр хоёр биш нэг тоглолт үзэгчгүй хийхээр болоод байна. Ингэснээр Мадридчууд ирэх долоо хоногийн Лхагва гарагт өөрийн Висенте Кальдерон цэнгэлдэхэд хийх Голландын аварга ПСВ Эйндховений эсрэг тоглолтыг хоосон индрийн өмнө хийхээр боллоо. УЕФА-гийн сахилга батын комисс Атлетико Мадрид-ийг 10 сарын 1-нд Олимпик Марсель-ийн эсрэг тоглолтын үед индэр дээрх хөгжөөн дэмжигчид нь үймээн самуун үүсгэн, мөн багийн гишүүд өрсөлдөгчдөө арьсны өнгөөр ялгаварлан гадуурхсаны улмаас ингэж шийтгэснээс гадна 150 мянган еврогоор торгосон юм. Тус клубын удирдлага энэ шийдвэрийн эсрэг давж заалдаж, улмаар тэдний буруу үйлдэл бүрэн нотлогдоогүй тул Европын хөлбөмбөгийн холбоо шийтгэлээ зөөлрүүлж, мөнгөн торгуулийг ч хоёр дахин багасгажээ.
loading...



