loading...
38 дахь удаагаа зохион явагдаж байгаа шатрын багийн хамгийн нэр хүндтэй тэмцээн өндөрлөх шатандаа ороод байна. Германы Дрезден хотноо болж буй шатрын Олимпиадын 10 дахь тойргийн дараахь байдлаар эрэгтэйчүүдийн тэмцээнийг 2006 оны аварга Армен, Украины багууд хошуучилж байна. Дэлхийн чансааг тэргүүлэгч манай хойд хөршийн шатарчид зөвхөн 5-р байранд яваа бөгөөд түүхэндээ хоёр дахь удаагаа медалигүй хоцорч болзошгүй. Шатрын Олимпиадын 24 удаагийн аварга Оросын шигшээ Швейцар системээр явагдаж байгаа тус тэмцээний сүүлчийн өрөгт Испанитай учраа таарсан бол Арменчууд Хятадын хүчтэй багтай өрсөлдөх юм байна. Манай шатарчдын хувьд 10-р тойрогт Эстонийн багт 3,5-0,5-ын харьцаатай хожигдсоноор 77-р байр хүртэл буугаад байгаа. Монголын эрэгтэй баг хоёр жилийн өмнө 59-р байранд орсон амжилтаа давтахын тулд Катарын шигшээг зайлшгүй хожих шаардлагатай болоод байна.
Харин манай эмэгтэйчүүд амжилтаа ахиулах боломжтой байгаа. Их мастер Мөнгөнтуул тэргүүтэй Монголын шатарчид Унгар, Вьетнамын багуудад ялагдсаны дараа Германы 2-р баг болон Литвын хүчтэй дөрвөлийг 2,5-1,5-ын харьцаатай буулган авснаар 16-р байранд орж ирээд байна. Хэрэв манай эмэгтэйчүүд сүүлчийн өрсөлдөгч болох дэлхийн чансаанд 6-д бичигдэж байгаа Антуанетта Стефанова тэргүүтэй Болгарын шигшээг ялж чадвал түүхэндээ анх удаа Олимпиадын эхний 10-н багийн тоонд багтана. 38 дахь Шатрын Олимпиад өндөрлөхөөс 1 тойргийн өмнө эмэгтэйчүүдийн тэмцээнийг Польшийн шигшээ хошуучилж байна. Тэд шийдвэрлэх тулаанаа араас нь нхээж байгаа өнгөрсөн тэмцээний аварга Украины эсрэг хийнэ
loading...



