Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Барселона, Испаний хөлбөмбөг, Тоглогчид » Дорнын Роналдиньо

GD Star Rating
loading...

Р.МАНЛАЙ Нэрийн хуудас:
Александр Павлович Глеб. 1981 оны тавдугаар сарын 1-нд Минск хотноо төрсөн. Биеийн өндөр 181 см, жин 72 кг. Довтлох чиглэлийн хагас хамгаалагч.

Тоглож байсан багууд:
1999-2000 Батэ (Беларусь)   12 тоглолт (4 гоол)
2000-2005 Штутгарт (Герман) 137 (13)
2005-2008 Арсенал (Англи)  89 (7)
2008 оноос Барселона (Испани)  5 (0)
Беларусийн шигшээд 2001 оноос хойш 44 тоглолт хийж, дөрвөн бөмбөг оруулсан.

Амжилт:
2003 оны Германы, 2005 оны Английн супер цомын, 2006 оны Аваргуудын лигийн дэд аварга. 2002, 2003, 2005, 2006, 2007 оны Беларусийн шилдэг хөлбөмбөгчин.

Александр Глеб Зөвлөлтийн жирийн нэгэн гэр бүлд төржээ. Ээж нь барилгачин, аав нь жолооч. Түүнийг таван настай байхад эцэг нь Чернобылийн атомын цахилгаан станцад ажиллах болсон тул гэр бүлээрээ тийшээ нүүж очив. Хүү тэнд гимнастик, усанд сэлэлтийн дугуйланд явдаг байв. Гэвч Чернобылд аймшигт осол гарсан тул төрөлх Минск рүүгээ буцжээ. Энэ үеэс хүүгийн сонирхлыг хөлбөмбөг хэмээх гайхамшигт тоглоом татах болж. Тэр “Динамо”(Минск)-гийн үнэнч фэн байлаа.

Эцгийнхээ танилын ачаар “Динамо”-гийн хүүхдийн сургуульд орж, улмаар Беларусийн өсвөрийн шигшээ багт хэд хэдэн тоглолт хийв. Даанч нь “Динамо”-гоос түүнд урилга ирсэнгүй. Харин Борисов хотын “БАТЭ” клуб авьяасыг нь үнэлж, эгнээндээ элсүүллээ. “БАТЭ”-гийн бүрэлдэхүүнд тоглосон анхны улиралдаа л улсын аварга болов. Дараа жил нь мөнгөн медаль хүртлээ. Залуу хагас хамгаалагчийг “Брюгге”, “Олимпиакос”, “Штутгарт”, “Мюнхен 1860”, “Спартак”, “Динамо”(Киев)-гийн скаутууд овоо хараандаа авах нь тэр.

Ингээд 2000 оны долдугаар сард “Штутгарт” түүнийг 150 мянган еврогоор худалдаж авав. Уг нь Глеб өөрөө “Мюнхен 1860” руу явах сонирхолтой байсан ч цаадуул нь хэтэрхий бага цалин, урамшуулал санал болгосон аж. Ральф Рангникийн дасгалжуулсан “Штутгарт”-ын бүрэлдэхүүнд тэр үед К.Балаков, М.Бордон, Т.Хильдебранд, Б.Шнайдер, З.Сольдо нарын шилдгүүд хүчин зүтгэж байсан юм. Тэдэнтэй таван жилийн турш мөр зэрэгцэн тоглохдоо Глеб Европын шилдэг диспетчерүүдийн нэг болтлоо өсөн дэвжсэн юм. Ялангуяа 2003/04 оны улиралд Красимир Балаков багаа орхисон тул орыг нь залгах үүрэг Александрт ногдсон бөгөөд тэрбээр есөн бөмбөг оруулж, төдий тооны оновчтой дамжуулалтаар нөхдөө ханган Бундеслигт оргил амжилтаа үзүүлжээ.

“Ювентус”, “Интер”, “Арсенал” зэрэг томчууд беларусь тоглогчийг сонирхож эхэллээ. Хэдийгээр “Штутгарт”-ын удирдлага түүнийг явуулах сонирхолгүй байсан ч шинэ дасгалжуулагч Маттиас Заммер Глебийг өөрийнхөө арга барилд тохирохгүй гэж үзжээ. Тийнхүү нэг жилийг арайхийн өнгөрөөгөөд  2005 оны хавар Лондоны “Арсенал”-д ирлээ.

Залуу тоглогчдын ирээдүйг нэвт хардаг гэх Арсен Венгерт түүний универсаль тоглолт, нэг хүрэлтээр ухаалаг дамжуулдаг чадвар нь ихэд таалагдсан тул Лондоны клуб 18 сая евро зарлагадахаа юман чинээ санасангүй. Мөн оны наймдугаар сард Глеб “Арсенал”-ын бүрэлдэхүүнд анхны албан ёсны тоглолтоо хийлээ. Харамсалтай нь аравдугаар сард шигшээдээ тоглолт хийж байхдаа өвдөгнийхөө холбоосонд гэмтэл авсан юм.

Хоёр сарын дараа Александр эргэн ирсэн бөгөөд 2006 оны нэгдүгээр сард Премьер-лигт анхны гоолоо “Мидлсборо”-гийн хаалганд хийжээ. Дасгалжуулагч түүнийг дотооддоо болдог цомын тэмцээнүүдэд алгасалгүй тоглуулж, хурдхан шиг формонд нь оруулахыг хичээж байв. Арсен германаар муугүй ярьдаг тул бэлтгэлийн бус үеэр ч илэн далангүй яриа өрнүүлж юу нь болж байгаа, юу нь болохгүй байгаа талаар зааж зөвлөнө. Улирлын дундуур баруун жигүүрийн хагас хамгаалагч Робер Пирес багаа орхиж, тэрбээр үндсэн бүрэлдэхүүнд байр сууриа баттай эзэллээ.  2006/07 онд Глеб 48 тоглолтод (үүнээс 40 нь үндсэн бүрэлдэхүүнд) оролцов.

2007 оны зун “Арсенал”-аас Анри, Юнгберг нар явлаа. Ингэснээр багийн бүрэлдэхүүн ерөнхийдөө залуужиж, хурдан хэмнэлтэй хөлбөмбөг тоглох болсон нь Робин ван Перси, Эмануэль Адебайор, Сеск Фабрегас, Александр Глеб нарт ихээхэн боломж олгосон. Лондоны баг тэр улиралд Английн АШТ-ээс хүрэл медаль хүртэн Аваргуудын лигийн шөвгийн 16-гаас хүчирхэг “Милан”-ыг мулталсан юм. Венгер ярилцлага өгөх бүртээ Дорноос ирсэн тоглогчоо удахгүй Роналдиньо шиг дэлхийн шилдэг хагас хамгаалагчдын нэг болно хэмээн магтсаар… Гэвч долоо хоногт 50 мянган фунтын цалин авдаг Глебийг “Интер”, “Милан”, “Барселона” эсвэл “Реал” руу явна гэсэн мэдээллүүд Английн хэвлэлүүдээс салахаа  болилоо. Энэ бүхний хариу 2008 оны долдугаар сарын 16-нд  “Барса”-гийн албан ёсны вэб сайтад “Каталончууд Глебийг 11.8 сая фунтээр авлаа” гэсэн мэдээлэл гарснаар тодорхой болсон юм.

Яагаад тэр одтой он жилүүдээ өнгөрүүлсэн “Арсенал”-аас явах болов, яагаад өөрийг төрсөн хүүхэд шигээ хайрлаж, итгэдэг байсан Арсен Венгерээс нүүр буруулах болов? гэсэн асуулт өөрийн эрхгүй эндээс гарч ирнэ. Олон хүн Самир Насри “Арсенал”-д ирснээр Александр явах болсон гэж үзэж байгаа.

Харин Глеб өөрөө энэ тухай тайлбарлахдаа “Амьдралд бүх зүйл өөрчлөгдөж байдаг. “Барселона” шиг агуу багийн саналаас татгалзвал тэнэг хэрэг болно. Би “Барса”-гийн бүрэлдэхүүнд тогтмол тоглож, олон олон цом авахыг мөрөөдөж байна. Хэдий тийм ч Лондонд өнгөрүүлсэн цаг мөч бүхэн маань мартагдашгүй. Надад үргэлж тусалж, дэмжиж ирсэн Венгер болон хамтрагчдадаа насан туршдаа баярлаж явахаа илэрхийлье” гэжээ.

Түүний зөв буруу алин болохыг цаг хугацаа харуулах биз ээ. Ямартай ч тэрбээр шинэ улирал эхэлсээр “Барселона”-гийн бүрэлдэхүүнд ердөө тавхан тоглолт хийгээд байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. FCB says:

    Sain toglogch shuu.

    GD Star Rating
    loading...
  2. GOAL says:

    Хлеб gj bich manlai!

    GD Star Rating
    loading...
  3. haliuka says:

    hey C.RONALDOGIIN taniltsuulgiig olood tavichih teh uu guijiina shu

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: