Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шатар, даам, хөлөгт тоглоом » К.Илюмжинов: Тэмцээн явуулдаг систем өөрчлөгдөхгүй

GD Star Rating
loading...

Р.МАНЛАЙ FIDE-гийн ерөнхийлөгч Кирсан Илюмжиновтой хийсэн ярилцлагыг орчуулан хүргэе.

-Ноён ерөнхийлөгч өө, Дрезденд болж өндөрлөсөн олимпиадын талаарх сэтгэгдлээ хуваалцаач?
-Эрэгтэйчүүдийн тэмцээнд 153, эмэгтэйчүүдийнхэд 113 орон өрсөлдсөн нь өнгөрөгч “шатрын олимп”-уудыг хол давсан үзүүлэлт байлаа. Нэг багт дөрвөн үндсэн, нэг нөөц тоглогч байна гэж зааж өгснөөр оролцогчдын тоо эрс өссөн. Яагаад гэвэл жигдхэн зургаан тоглогчтой баг гарын арван хуруунд багтахаар цөөн байна. Мөн нийт шатарчдын онол өндөр түвшинд хүрчээ. Дэлхийн чансааг тэргүүлэгч Болгарын их мастер В.Топаловтой ярилцаж байхад “Гараан дээр хожиж, хожигдож байгаа өрөг харагдсангүй” гэж байсан. Энэ бол шатарчдын онолын мэдлэг сайн байна гэсэн үг.

-Кирсан Николаевич, би ч гэсэн таны адил шатрын хөгжилд санаа зовж явдаг. Тэмцээн уралдаан зохиох системүүд одоо болтол цэгцэрч чадаагүйг юу гэж ойлгох вэ. Ингэхэд дэлхийн аваргын төлөөх халз тоглолт ямархуу журмаар зохиогдох вэ?
-Бид Дэлхийн цом, гран-при тэмцээнүүдийг явуулдаг урьдын дүрэм журмаа сахих болно. Өөрөөр хэлбэл систем өөрчлөгдөхгүй. Шилдгийн шилдэг найман их мастер хоёр тойрог өрсөлдөн түрүүлсэн нь Анандтай тоглох юм.

-Эдгээр шатарчдыг хэрхэн сонгох вэ?
-Юуны өмнө Дэлхийн цом болон гран-при цувралд түрүүлсэн хоёр тоглогчийг, мөн дэлхийн дэд аварга В.Крамникийг, Топалов-Камский нарын дуэльд ялсныг нь урина Тэдэн дээр хамгийн өндөр чансаатай гурван тоглогчийг нэмэх юм. Мөн зохион байгуулагчид 2700-гаас багагүй рейтингтэй нэг тоглогчийг оролцуулах боломжтой. Энэхүү өрсөлдөгчийг шалгаруулах тэмцээн нь 2010 оны хавар гэхэд дууссан байх ёстой бөгөөд шагналын сан нь сая евро.

-Тэгвэл Дэлхийн цом, гран-при тэмцээнүүдэд ямар ямар тоглогчид өрсөлдөх эрхтэй вэ?
-Дэлхийн цомд 128 шатарчин өрсөлдөнө. Тэгэхдээ аль болохоор улс бүрээс дор хаяж нэг хүн хамруулахыг хичээж буй. Харин цуврал гран-при тэмцээнүүдэд чансаа өндөртэй их мастерууд л тоглох эрхтэй.

-Гран-при цувралын нэг нь энэ оны аравнхоёрдугаар сард Катарт болох байсан ч цуцлагдсан гэж сонссон…
-Тэндхийн ҮОХ болон Спортын яам, ивээн тэтгэгч нарын хооронд асуудал үүссэн учир хойшлогдсон. Түүнээс биш цуцлагдаагүй. Катар FIDE-тэй сайн харилцаатай учир бид эерэг бодлого баримталж, аль болохоор тэнд зохиохыг чармайж байгаа. Ер нь цаашид энэ бүс нутагт шатрыг хөгжүүлэх талаар анхаарна.

-Бусад цувралууд хаана хаана болох вэ?
-Өчигдөрхөн би Армений шатрын холбооны ерөнхийлөгч Сержен Саргсянтай уулзаж, ирэх наймдугаар сард гран-при тэмцээн зохиохоор тохиролцсон. Мөн чехүүд цвуралын нэгийг нь авах хүсэлтээ илэрхийлж байна лээ. Нөгөө нь Элстэйд болно. Нийт зургаан цуврал болох бөгөөд бусад нь одоогоор тодроогүй. FIDE-гийн шаардлага болгож буй шагналын мөнгийг гаргаж чадах юм бол ямар ч улс гран-приг эх орондоо авах боломжтой.

-FIDE-гийн конгресс Абу-Дабид салбар офисоо нээхээр шийдсэн гэл үү?
-Тийм ээ, яагаад гэвэл АНЭУ сүүлийн жилүүдэд шатарт ихээхэн хөрөнгө оруулалт хийж байна. Тэд эмэгтэйчүүдийн ДАШТ болон гран-при тэмцээнийг амжилттай зохиолоо шүү дээ. Английн хөлбөмбөгийн “Манчестер Сити” клубийг худалдан авсан ноён Сулейман Аль Фахим саяхан улсынхаа шатрын холбооны тэргүүнээр сонгогдсон нь бидэнд завшаантай хэрэг боллоо. Тэрбээр өөрийнхөө мөнгөөр Абу-Дабид FIDE-гийн салбар офисийг байгуулах санал тавьсан юм. Тун удахгүй Абу-Дабид морины хэлбэр бүхий өвөрмөц архитектурын шийдэлтэй шатрын ордон сүндэрлэх болно.

-Саяхан болж өнгөрсөн XXXVIII олимпиад шинэ дүрмээр явагдсан нь ихээхэн дуулиан тарьлаа. Тухайлбал тоглолтоос нэг минут хоцорвол шууд “нойллож” байсан нь олны дургүйцлийг хүргэсэн нь лавтай. Ингэтлээ хатуурхах хэрэг байсан юм уу?
-Хэрвээ та Кальвия, Турины олимпиадыг санаж байгаа бол тэмцээний эхний хэдэн минутад танхим тал хүнтэй л байсныг ажигласан байх. Түүнээс өмнөх нэг жишээг дурдъя л даа. 1989 оны нэгдүгээр сард Лозаннад ДАШТ болсон юм. Нээлтийн тоглолтод ОУОХ-ны ерөнхийлөгч Хуан Антонио Самаранч бидний урилгаар хүрэлцэн ирсэн юм. Тэр Карпов-Ананд хоёрын тоглолтыг эхлүүлж, цагийг нь түлхэх ёстой байв. Гэтэл Анатолий Евгеньевич арван минут хоцорч ирсэн юм. Тэгэхэд Самаранч надад “Та шатрыг спорт гэж хэлэх үү. Хэрэв боксчин рингэнд арван минутын дараа гарах гэвэл тоглуулахгүй нь ойлгомжтой биз дээ” гэж билээ. Тэр үед би юу ч хариулж чадаагүй өнгөрсөн.

Бид бүгдээрээ л шатрыг олимпийн хөтөлбөрт оруулахыг хүсдэг. Харин ингэхийн тулд сахилга батыг сахиж илүү спортлог шинж чанартай болгох хэрэгтэй байна. Иймээс шатрын сургуулиуд хүүхдүүдийг юуны өмнө дэг журам, хүмүүжлийн тал дээр төлөвшүүлэх хэрэгтэй байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: