loading...
Автомашин үйлдвэрлэгч Хонда концерн , дэлхийн санхүүгийн хямралаас үүдэн Формула-1 ээс яаралтайгаар гарч буйгаа мэдэгдлээ. Энэхүү таагүй мэдээг тус концерны ерөнхийлөгч Такэо Фукуи Баасан гаригын өглөө хэвлэлийн бага хурал дээр дуулгав. Тэрээр”Хонда одоо үүсээд байгаа зах зээлийн борлуулалтын гэнэтийн нөхцөл байдал, алдагдлын эсрэг уян хатан бөгөөд шуурхай арга хэмжээг авлаа” гээд “Бид ирээдүйн нийт хөрөнгө оруулалтандаа менежмэнтийн хамгийн тохиромжтой хуваарилалтыг сонгож Формула-1-ийг орхихоор шийдвэрлэлээ” гэжээ. Энэ мэдээ нь Формула-1 болоод моторспортын ертөнцийг цочроов.
Формула-1 маань нэгэн үйлдвэрлэгчээсээ салж, 2009 онд Хонда мотортой машин уралдахгүй боллоо. Хонда нь Формула-1 ээс зам салаалж байгаа ч Хонда Ф1 баг нь Формула-1д үлдэх найдлага байгаа юм. Хонда гуравдугаар сар хүртэл Хонда Ф1 багийг ивээн тэтгэх гэнэ. Тэр хүртэл Хонда Ф1 багийг худалдан авах шинэ хөрөнгө оруулагчыг олох шаардлагатай боллоо.
Японы автомашин үйлдвэрлэгч Хонда нь 1964-1968 онд мөн 2006-2008 онуудад өөрийн багийг Формула-1д сойж байлаа. Энэ хугацаанд 88 уралдаанд оролцож гурван ялалт байгуулжээ. Хамгийн сүүлийн ялалтаа Унгарын Гран Прид Женсон Баттонтай авч байв.
Хөдөлгүүр нийлүүлэгчийн хувьд япончууд илүү амжилт үзүүлжээ. 1983-1992 оны хооронд тэд Уильямс, Лотус, Макларентай 69 ялалт, зохион бүтээгчдийн зургаан титмийг авсан аж. Тэр үед Айртон Сенна гурван удаа, Нельсон Пикэ, Ален Прост тус бүр нэг удаа дэлхийн аварга болсон байна.
2000 аас 2005 онд Хонда нь BAR багтай хамтран ажиллаж дараа нь бүрмөсөн өөрсдийн мэдэлдээ авчээ.
Хонда Формула-1 ээс гарч байгаагийн үр дагавар нь энэ багийн 650 ажилтанд хүндээр тусаж байна. Мөн 2008 онд спортын амжилтын хувьд ямар ч ахиц гаргаж чадаагүй Женсон Баттонд дараагийн хүнд цохилт болов. Одоогоор Торро Россогоос бусад багууд 2009 онд уралдах нисгэгчдээ тодруулсан байгаа. Хэрэв Хонда Ф1 баг аврагдахгүй бол Ж.Баттон хамгийн багаар нэг жил Формула-1ээс завсарлага хийхээр болох юм. Рубенс Барикеллогийн хувьд алдах юм үгүй билээ. Тэртэй тэргүй Хондад зодог тайлах явцыг нь түргэсгэх л байх. Харин Барселонад Хондаг туршин ниссэн бразил нисгэгч Бруно Сеннагийн хувьд хоёрдмол байдалд оржээ.
Торро Россо түүнд хоёрдахь сонголт нь боловч одоогоор Хондагийн бүхээгт итгэл найдвар нь тасраагүй л байна.
Хондаг туршихаар Формула-1д эргэж ирсэн Александр Вурцад бас л энэ мэдээ таатай байгаагүй нь мэдээж. Гэхдээ эдгээр бүх хүмүүст найдвар тасрах цаг болоогүй байгаа юм.
Хонда багийн маркетингийн захирал Дэвид Батлер тус багийн хамтрагчид болон ивээн тэтгэгчдэд захидал илгээжээ. Уг захидалд хөрөнгө оруулах чадвартай худалдан авагчтай холбоо тогтоосон тухайгаа дурьдсан гэлээ.
Багийн дарга Ник Фрай, техникийн захирал Росс Браун, Дэвид Батлер нар багаа 2009 оны улиралд оролцуулахын төлөө чадах бүхнээ хийнэ гэжээ.
Баркли дахь Хонда багийн орчин үеийн техник, төхөөрөмжтэй үйлдвэр, салхин хоолой зэрэг нь худалдан авагчид итгэл төрүүлнэ гэж найдаж байна. Бас Формула-1д ихээхэн туршлага хуримтлуулсан энэ багийн нийт ажилтнууд гологдохгүй гэдэгт итгэлтэй байгаа юм. Росс Брауны хэлснээр тэд бусад багуудтай харьцуулахад хүчирхэг машиныг бүтээж байгаа бөгөөд оройлогчидтой тэмцэлдэх болно гэжээ. RA109 ийн гарааг сайн эхлэж улирлын явцад улам сайжруулах зорилт тавьж байна гэв. Хонда хөдөлгүүр нийлэхгүй болсон нь бас нэг том асуудал боловч Росс Браун хуучин багийнхантайгаа холбогдсон бололтой. Феррари Форс Индиатай харилцаагүй болсноос хойш хөдөлгүүр худалдаалах сонирхол нь нээлттэй байгаа билээ. Тэгээд ч Феррари хөдөлгүүр бусдаас хямд тусаж байгаа нь Хонда Ф1 багт ашигтай юм.
Хамгийн сүүлд FOTA гийн уулзалтаар Формула-1д хөрөнгө оруулагчдын сонирхолыг татах, зардлыг бууруулах арга хэмжээг хэлэлцсэн байна. Багууд ирэх жилд 50-60 сая еврог хэмнэх зорилоготой аж. Энэ нь бас Хондаг худалдан авах сонирхолтой хүмүүсийн анхааралд хүрнэ гэж найдаж байгаа юм.
loading...




