loading...
Г.БАЯРСАЙХАН Спортын анагаах ухаан гэдэг нэр томъёо монголчуудад танил болоод багагүй хугацаа өнгөрлөө. Дэлхий нийтийн чиг хандлага угаасаа энэ зүг рүү яваа тул монголчууд бид ч хоцрох учиргүй юм. Ер нь спортын анагаах ухаан гэж юу вэ, энэ салбарыг хөгжүүлснээр ямар ач холбогдолтой байх бол, манай улсад хэрхэн хөгжиж байна вэ? зэрэг асуултад хариу авахаар Спортын эмнэлгийн холбооны ерөнхийлөгч, анагаах ухааны доктор, профессор, гавьяат эмч, “элэгний” хэмээн алдаршсан Жамбалын Хатанбаатартай уулзаж ярилцлаа.
-Спортын эмнэлгийн холбоог удирдаад хэр удаж байна? Ер нь яагаад энэ ажлыг эрхлэх болсон бэ?
-2007 оны нэгдүгээр сараас эхэлж ажилласан гэхээр бараг хоёр жил болчихож. Миний хийж буй ажил төрөл, явуулж байгаа үйл ажиллагаа спортын анагаах ухаантай салшгүй холбоотой байдаг. Би Монголын уламжлалт анагаах ухааны чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. Тамирчин хүний бие махбодийг нөхөн сэргээх, алдсан энергийг богино хугацаанд нөхөх чиглэлээр сүүлийн 10 гаруй жил ажиллалаа. Миний эрдэм шинжилгээний бүтээлийн нэг хэсэг нь энэ юм. Тиймээс Спортын эмнэлгийн холбоог удирдах хүсэлтийг хүлээж авсан.
-Та өөрөө спортын салбартай хэр ойр хүн бэ? Ямар нэг спортоор хичээллэж байсан уу?
-Бага залуудаа радио спортыг сонирхон хичээллэж I зэрэг авч явлаа. Энэ төрлөөрөө олон тэмцээнд оролцож байсан. Тэр ч утгаараа өөрийгөө спортын хүн гэж боддог. Манай улсад өндөр хөгжсөн чөлөөт бөх, жүдо, бокс, буудлагын төрлүүдийг шимтэн сонирхдог. Нөгөө талаараа эрдэм шинжилгээ, судалгааны ажлынхаа дагуу тамирчидтай хамтран ажиллах явдал их байсан. Анагаах ухааны их сургуулийн спортын тэнхимийн багш нартай, мөн биеийн тамирын диспансерийн эмч нартай, хуучин байсан спортын эмнэлгийн холбооныхонтой хамтарч ажилладаг байсан. Энэ бүх зүйл намайг спорттой салшгүй холбож байдаг юм.
-Энэ хугацаанд амжуулсан томоохон ажлуудаасаа бидэнд сонирхуулна уу?
-Юуны өмнө МҮОХ-той хамтарч Спортын анагаах ухааны төвийг байгуулж, үйл ажиллагаанд нь орууллаа. Энэ бол Монголын спортын хөгжилд том амжилт гэж бид дүгнэж байгаа. Олимпийн наадамд оролцсон бүх тамирчин манай төвд байрлаж биднээр үйлчлүүлж байлаа. Энэ нь Монголын тамирчид Бээжингийн олимпод амжилттай оролцоход нөлөөлсөн гэж боддог. Мэдээж монголчууд олимпийн наадмаас алт, мөнгөн медаль авахад олон хүчин зүйл нөлөөлсөн. Үүний нэг нь бидний хийж буй ажил гэж бодож явдаг даа.
-Танай төв цаашдаа ямар байдлаар ажиллах бол? Хийхээр төлөвлөсөн ажлынхаа тухай ярьж өгнө үү?
-Монгол улсад спортын шинжлэх ухаан гэдэг том салбар хөгжлөө бүрэн олж чадаагүй байна. Бид цаашдаа зөвхөн спортын анагаах ухаан гэж явцууралгүй, спортын шинжлэх ухааны хүрээлэн болгож өргөтгөх бодолтой байгаа. Монгол улсын Засгийн газраас эрдэм шинжилгээний байгууллагуудад зөвхөн бүтээлээр нь санхүүжилт олгодог сайхан журам тогтсон. Өөрөөр хэлбэл хэн чадалтай сайн, улс эх орондоо хэрэгтэй эрдмийн бүтээл хийж чадна, түүнд санхүүжилт олддог болсон.
Тэр утгаараа бид спортын анагаах ухааны төвдөө төсөлт ажлыг бичиж, үр дүнтэй ажлыг олноор нь хийнэ гэж бодож байгаа. Одоогоор бид хоёр төсөл бичиж Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, Шинжлэх ухааны академид хүргүүлсэн. Батлагдана гэдэгт итгэлтэй байгаа. Учир нь энэ нь эргээд улс орны хөгжилд хэрэг болох юм. Түүнчлэн бид Бельги, Италийн эрдэмтэдтэй хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж байна. 2009 оны дундуур хэрэгжих байх гэж найдаж байна. Одоогоор хоёр талдаа сайн ойлголцсон түвшинд явж байна. Спортын анагаах ухаан гэдэг нийтийн спортод хэрэгтэй зүйл. Ганцхан спортын эмнэлгийн холбоогоо хөгжүүлэх биш, бүхий л төрлийн спортыг хөгжүүлэхэд хэрэг болдог юм.
-Спортын анагаах ухаан гэж ер нь юу вэ? Зөвхөн судалгаа шинжилгээний ажил хийгээд яваад байх уу, эсвэл…
-Зөвхөн өндөр ачаалал, бэлтгэл сургуулилтын үед юм уу тэмцээн болоход л спортын анагаах ухаан хэрэглэгддэг юм шиг зарим нь ойлгоод байх шиг. Тийм биш юм. Спортын анагаах ухааны холбоо ерөнхийдөө хоёр чиглэлийн зүйлийг судалж үйл ажиллагагаа явуулж байгаа. Спортын өндөр ачааллаас болоод бие махбодид өвчин үүсдэг. Хэт ядаргаанд орох, зүрх судасны систем доголдох, элэг, бөөрний үйл ажиллагаанд өөрчлөлт орно. Эхний хэсэг нь ачааллаас болж үүсч байгаа өвчнийг клиникийн өвчнөөс ялган оношилж, эмчлэх асуудал. Нөгөө нэг асуудал нь өндөр ачааллаас болоод зайлшгүй гарах өөрчлөлт гэж байдаг. Энэ гарч байгаа өөрчлөлтөөр нь тухайн тамирчныг эргүүлээд өөрийнх нь ажиллах чадварыг нь дүгнэдэг судалгааны ажил байгаа юм.
Жишээ болгоод ярихад тамирчин хүн өндөр ачаалал аваад, формондоо ороод ирэх үед цусны дээд даралт нь 220 хүрч, доод даралт нь 0 болдог. Мөн пульс нь 220-иос дээш болдог. Энэ тохиолдолд манай спортын анагаах ухааны практикт энэ тамирчны ачаалал тохирч байна гэж үзнэ. Тэгвэл эмнэлгийн практикт их даралт 220 болоод бага даралт нь унасан хүнийг шууд сэхээнд оруулдаг. Ийм зүйлээрээ спортын анагаах ухаан их онцлогтой. Спортын анагаах ухааны бас нэг ач холбогдол нь урьдчилан сэргийлэх явдал. Өвчилсөн хойно нь эмээр бөмбөгдөж, тариа тарих биш, өвчлүүлэхгүй байхад чиглэсэн олон аргыг спортын анагаах ухаан гаргаж тавьдаг. Эрүүл хүнээс л амжилт гарна.
Тиймээс урьдчилан сэргийлэх нь маш чухал асуудал юм. Спортын анагаах ухаан зөв зүй тогтлоороо хөгжсөнөөр нэгдүгээрт тамирчин, хоёрдугаарт нийт хүн амд сайн нөлөөтэй. Цаашдаа Засгийн газар, Эрүүл мэндийн яамтай хамтарч энэ чиглэлээр олон ажил хийнэ гэж бодож байгаа.
-Спортын анагаах ухааны чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин манайд хэр хангалттай байдаг бол?
-1990 оноос Анагаах ухааны их сургууль дээр спортын анагаах ухааны танхим гэж байгуулагдсан. Хоёр жилд нэг удаа элсэлт авч байгаа. Өнгөрсөн жил энэ мэргэжлээр анхны эмч нар маань төгссөн. Дараа жил дахиад төгсөнө. Эрүүл мэндийн яам, биеийн тамир спортын байгууллагуудын бодлогоор спортын эмч нарыг бэлтгэж байгаа. Бас спортын анагаах ухааны чиглэлээр нэлээд хэдэн хүн эрдмийн зэрэг, цол хамгаалсан. Ер нь бол Монголд жараад оноос спортын анагаах ухаан бий болсон юм.
-Бээжингийн олимпод манай тамирчид амжилт гаргахад та бүхний үүрэг, оролцоо багагүй байсан. Олимпод орох тамирчидаа хэрхэн яаж бэлдсэн талаараа ярьж өгвөл манай уншигчдад сонин байх болов уу?
-Спортын эмч Ч.Насанбатын групп, манай спортын анагаах ухааны холбооны хамт олон хамтарч, олон талын судалгаа хийсэн. Ерөнхийдөө нийт ард түмэн, үзэгчид олимпийг харсан. Спортын анагаах ухааны тамирчин хүнд нөлөөлөх гол зүйл бол таван минут барилдахад ядарч амьсгаадахгүй, цуцахгүй болгоход оршиж байгаа юм. Сая олимпод манай тамирчид ялах, ялагдах гэдэг нь арга, техникийн л асуудал байсан. Харин хэн нь ч эцэж, цуцаж ядраад ялагдаагүй. Энэ нь спортын анагаах ухааны шинэ дэвшлийг Бээжингийн олимпод харууллаа гэсэн үг.
Бидний ажлын нэг онцлог нь тамирчдаа хэрхэн бэлдсэн тухайд хамаагүй дэлгээд байж болдоггүй. Тамирчдыг бэлдэж байгаа дасгалжуулалтын арга барил харьцангуй нээлттэй байдаг. Харин спортын анагаах ухааны чиглэлээр бэлдэж байгаа арга барилаа нийтэд дэлгээд байх нь тийм ч зохимжтой зүйл биш. Бусад улс орон ч гэсэн ерөнхий юмаа үзүүлэхээс биш нарийн ширийнээ дэлгэж тавьдаггүй. Түүнтэй нэгэн адил монголчууд бидэнд ч гэсэн нууцлах ёстой, түүнийгээ ард түмнийхээ сайн сайхны төлөө хэрэглэж явах ёстой тийм зүйл байгаа юм. Үүнээс илүү дэлгэрэнгүй тайлбарлаж чадахгүй нь дээ.
Энэ дашрамд хэлэхэд спортын анагаах ухааныг Монголд хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан олон хүн байна. Тэдний нэг нь Анагаах ухааны их сургуулийн багш, доктор, профессор П.Дагвасүрэн арслан. Энэ хүн 80-аад оноос эхлээд спортын анагаах ухааны олон чиглэлийг хөгжүүлсэн.
Мөн спортын эмнэлэг анх бий болоход дарга нь байсан Тарваа гэж хүн байна. Одоо 80 хүрсэн гэхэд ануухан сайхан хөгшин бий. Урьдах спортын анагаах ухааны түвшнийг өнөөгийн бидэнтэй залгуулж өгсөн тийм сайхан хүмүүсийг дурдахгүй байхын аргагүй. Сүүлийн үед гэвэл манай Ч.Насанбат, П.Бат-Очир, Ш.Болормаа эмч гээд олон хүн байна. Мөн Ерөнхийлөгчийн нийгмийн бодлогын зөвлөх Д.Лхагваа гэж хүн байна. Бид сая бүтэн баг болж ажилласан. Энэ багийг минь Лхагва ахалсан.
Спортын анагаах ухааны чиглэлээр судалгааны олон ажил хийсэн том доктор хүн бий. Энэ хүмүүсийн ажлын үр дүнг манай төр засаг үнэлж МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Ч.Насанбат, Ш.Болормаа эмч нарыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одонгоор шагналаа. Энэ бол спортын анагаах ухааныг хөгжүүлэх бидний хийсэн ажлыг төр засаг анхааран үзэж буйн илрэл юм. Мөн цаашдаа бидэнд илүү ихийг хийх үүрэг хариуцлага оноолоо гэж ойлгож байгаа.
-Спортын анагаах ухаан дэлхийн нийтэд өндөр түвшинд хөгжсөн байгаа. Манай орны хувьд бусад оронтой харьцуулахад хөгжлийн аль шатандаа явна?
-Монголын хувьд энэ салбар харьцангуй хожуу хөгжиж эхэлж байгаа. Гэхдээ ийн хожуу хөгжсөн ч гэлээ хөгжлийнхөө хурдаар харьцангуй өндөр түвшинд яваа. Би үүн дээр МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнгийн хийсэн ажлыг дурдмаар байна. Өөрөө эмч хүн. Тэр ч утгаараа спортын анагаах ухааныг Монголд хөгжүүлэхийн төлөө их зүйл санаачлан хийж байгаа.
-Тамирчдын сэтгэлзүйг бэлдэх нь танай хийх ажлын нэг мөн үү?
-Тамирчин хүний сэтгэлзүй спортын анагаах ухаантай салшгүй холбоотой. Хүний бүтэц нь бие, сэтгэл гэж хоёр төрөл байдаг юм. Бие, сэтгэл хоёр нийлэхийг төрөлт, салахыг үхэл гэж нэрлэдэг шүү дээ. Тиймээс хүн амьдралынхаа хугацаанд бие болоод сэтгэлээ аль алиныг нь анхаарах ёстой. Гэтэл спортынхон дунд зөвхөн биеэ бэлдэх ёстой гэсэн буруу ойлголт байдаг. Гэтэл өндөр хөгжилтэй орнуудын хувьд тамирчид нь бие, сэтгэлийн хувьд адилхан хөгжсөн байх ёстой гэж үздэг. Харин бид сүүлийн хоёр жил тамирчдынхаа сэтгэлзүйг бэлдэх талаар их зүйл хийсэн.
Хүний оюун санаа нь бие махбодио авч явдаг. Оюун санаа нь хүч чадалтай байгаад алдагдсан эрч хүчийг богино хугацаанд нөхөж авах чадвартай бол өөрийн бие махбодийг оюун санааны түвшинд бэлддэг. Хэрвээ тамирчин хүн сэтгэлийн хүч муутай бол салгалах, чичрэх, зүрх дэлсэх, амьсгаа өндөрсөх гээд маш олон сөрөг үр дагавар гардаг. Үүнээс салахын тулд оюун ухааныг нэг зүйлд төвлөрүүлэх нь чухал. Өөрөөр хэлбэл гадаад орчны сөрөг мэдээллээс өөрийгөө тасалж чаддаг байх хэрэгтэй. Та нар ажигласан байх. Олимпийн үеэр Э.Бадар-Ууган амрахдаа нүдээ аниад сэтгэлзүйгээ бэлдэж байсан шүү дээ. Бид тамирчдадаа алдагдсан эрч хүчээ 15-30 секундэд нөхөх аргад хоёр жил бэлдүүлсэн. Үүний үр дүн олимпод харагдлаа.
Ингэж ярихаар хүмүүс биднийг олимпийн медальтнуудын амжилтыг өөрийн болгох гэлээ гэж магадгүй. Ямарваа амжилтад эзэн олон байдаг. Бид үүнийг нь булаацалдахгүй. Тэртэй тэргүй гавьяа байгуулсан хүмүүс нь зохих шагналаа авчихсан шүү дээ. Бидний хийгээд байгаа, хийх гээд байгаа энэ ажлын эцсийн үр дүн нь Монголын ирээдүйн хөгжилд л хэрэгтэй. Монгол хүнд чадвар байна. Үүнийг нь зөв хөгжүүлж чадвал ямар ч амжилтад хүрч болно. Бид энэ чадварыг хөгжүүлэх ёстой, хөгжүүлж байна гэдгийг зөв ойлгоорой.
Манайх яагаад олимпийн алтан медаль авч чадалгүй өдийг хүрсэн юм бэ. Урьд нь сайн тамирчин, дасгалжуулагч байж л байсан. Төр засгаас ч тодорхой хэмжээгээр харж үзсээр ирсэн. Гэтэл хамгийн гол нь бидэнд спортын анагаах ухаан гэдэг энэ зүйл л дутагдаад байсан юм. Сүүлийн үед манай монголчууд спортын анагаах ухааны ач холбогдлыг сайн ойлгож, дэмжих болсон нь том дэвшил.
loading...




tiim shuu sportiin anagaah uhaan gedeg ner tomiyo mongold anh sportiin angi neegdsen 2002 onoos ulam iluu olond tanigdah bolson?.ter oyutnuudiin egneend ybj baisandaa bayrtai bna.bi odoo ene chigleleeree solongosd surch bna tsaashdaa mongoldoo ochood ihiig hiine gej bodoj baina.yunii turuund ene angiig neehed ih hubi nemer oruulsan dagbasuren bagshdaa bayrlalaa gej heliidaa.
loading...
Спортын анагах ухааныг урьд өмнө нь амжилтанд хүрэхэд маш чухал нөлөө үзүүлдэг зүйл болохыг ойлгож байгаагүй. Сүүлийн жилүүдэд хүүхэд залуусын дунд Breakdance гэх урлагыг сонирхож мэргэжлийн багшийн зааваргүйгээр бэлтгэл хийж хичээллэх болсон. Үүнтэй холбоотойгоор тэд гэмтэл бэртэл авч хаана хандаж зөвлөгөө авахаа мэддэгүй. Солонгос улсад энэ урлагаар хичээллэдэг бүжигчид байнга эрүүл мэндийн хяналт үзлэгт орж байдаг. Энэ нь тэдний амжилтанд хүрэхэд нь чухал нөлөө үзүүлдэг гэж бодож байна.
Спортын анагаах ухааны эмнэлэгийн тухай илүү их мэдээллийг авмаар байна. Та бүхэн үйл ажиллагаагааныхаа ач холбогдлын талаар хүүхэд залуус, хүн бүхэнд ойлгуулаарай. Амжилт хүсье
loading...
sportiin anagaah uhaan gej yuu ym be ?
heleed ogoch mash goeor
loading...