Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Триатлон » Самаранчийн хайртай спорт

GD Star Rating
loading...

МТрХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.ЦАГААНБААТАР

Энгийн хэрнээ марзан түүх
Триатлоны спорт 1974 онд АНУ-ын СанДиего хотноо буй болсон гэдгийг хүмүүс мэднэ. Харин Олон улсын холбоогоо байгуулж, олимпийн хөтөлбөрт багтсан түүх нь сонин. “Лос-Анжелес-84” олимпийн үеэр юм байх. ОУОХ-ны тэр үеийн ерөнхийлөгч Хуан Антонио Самаранч Америкийн телевиз харж суутал триатлоны тэмцээн гарч таарч. “Хөөе энэ чинь зүгээр юм, олимпод оруулья” гээд Шведийн гишүүн Г.Эрикссонд тушаал өгөв.

Тэр нь залуу цагтаа уулын цанаар гулгаж явсан, эртний танил Лес Макдональд руу холбоо барилаа. Дугуйгаар чамгүй уралддаг, сэлвэл сэлчихдэг канад эр удаан бодолгүй зөвшөөрсөн гэдэг. Улмаар Олон улсын триатлоны холбоог (ITU) 1989 онд байгуулж, тэр жилдээ Францын Авиньонд Дэлхийн аварга шалгаруулах анхны тэмцээнээ явуулжээ. “Сидней-2000”-оос эхлэн олимпийн хөтөлбөрт оруулах шийдвэрийг ОУОХ 1994 онд гаргав.
** ** **
Шинэ залуухан спорт тун богино хугацаанд олимпод багтсаны учир нь дан ганц ОУОХ-ны дэмжлэгийнх байгаагүй. Спорт нь өөрөө сонирхолтой, үзүүштэй тул хичээллэгч, үзэгч олноор цуглав. Мөнөөх Г.Эрикссоныг ITU анхны хүндэт ерөнхийлөгчөөрөө томилсон нь ч ойлгомжтой.

Макдональдын эрин дуусч…
ITU дүрмэндээ гар хүрч, удирдах бүрэлдэхүүндээ 70 насны хязгаар тогтоосон нь саяхан. Тэр дагуу 20 шахам жил тус холбоог удирдсан, анхны бөгөөд цорын ганц ерөнхийлөгч Лес Макдональд (75 настай), дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны дэд ерөнхийлөгч Чихару Игаяа (77 настай, Япон) нар тэтгэвэрт суух нь ойлгомжтой байлаа.

Өнгөрөгч долоо хоногт ITU-гийн 21 дэх конгресс Испанийн Мадрид хотноо болж, Макдональдын эринг хэн залгамжлахыг шийдэв. Бүтэн 20 жилийн турш бөөцийлөн өдий зэрэгт хүргэсэн байгууллагаа хөсөр орхихыг Лес хүсээгүй нь мэдээж. Ерөнхийлөгчөөр Испанийн Марисоль Касадо, дэд ерөнхийлөгчөөр Юй Кюн Сүн (БНСУ), Билл Уолкер (Австрали), Сара Спрингмэн (Их Британи), Антонио Альварес (Мексик), ерөнхий нарийн бичгийн даргаар Лорин Барнетт (Канад), санхүүчээр Том Карраско (Филиппин) нарыг өрсөлдөгчгүйгээр сонголоо.

Олон улсын спортын холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн даргаар эмэгтэй хүмүүс сонгогдсон анхны тохиолдол ийн триатлонд гарлаа. Дэд ерөнхийлөгч Сара Спрингмэн ч бүсгүй хүн, 2004 онд Лестэй өрсөлдөж явсан нэгэн. Ер нь Лес Макдональдын бүтээсэн зүйлсийн нэгээхэн хэсэг нь бүсгүйчүүдийг дэмжих. Тэрбээр эмэгтэй тамирчид эрчүүдтэй яг адил шагнал авах ёстой гэж үздэг, үндэсний холбоодын удирдах зөвлөлд дор хаяж хоёр “шингэн дуутан” байхыг шаарддаг, аливаа томилгоонд эмэгтэйчүүдийг идэвхтэй дэмждэг байлаа.

Огт байгаагүй шахам спортыг “цагаан цааснаа зурах” мэт бүтээж, тэр байтугай олимпийн хөтөлбөрт оруулж, анхны арваадхан гишүүнтэй ITU-г таван тивийн 128 гишүүн холбоотой болгож, дэлхийн “ТОП-10” шоутай спортын нэгэнд багтаасан. Бээжингийн олимпийн үеэр ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Рогге дуудаж уулзаад “Лес! Танайхан сайн ажиллаж байна шүү. Энэ эрчээ битгий алдаарай” хэмээн захисан аж. Үнэндээ ч триатлонгүй олимп, наадам байхгүй болчихлоо.

Марисолийн эрин эхлэв
ITU-гийн хоёрдахь ерөнхийлөгч, 52 настай Марисоль Касадо нь триатлоны ертөнцөд шинэ хүн биш. Хоёр хүүхдийн эх тэрбээр Испанийн триатлоны холбоог арваад жил толгойлж байгаад Европын холбоог удирдах болжээ. Мөн ITU-д ерөнхий санхүүчээр чамгүй хэдэн жил ажилласан. Юутай ч түүний мэргэн удирдлага дор Испанийн триатлон бойжиж, Иван Ранья, Хавьер Гомес нарын дэлхийн aваргуудтай болж, Мадрид хотноо Дэлхийн цом тогтмол явагдаж байна. Түүний нөхөр нь Испанийн триатлоны холбооны дэд ерөнхийлөгчийн алба хашдаг аж.

** ** **
Хорь шахам жил триатлоныг чиглүүлж хосгүй өндөрлөгт хүргэсэн Лес Макдональдыг конгрессийн
төлөөлөгчид ITU-гийн хүндэт ерөнхийлөгч өөр томиллоо. 90 нас шүргэж буй Г.Эрикссон хүндэт хэргэмээсээ татгалзсан тул ийн шийдэв. Макдональдын эринг Марисольд шилжих мөч зөвхөн конгресс, хурлаар өндөрлөсөнгүй. Оны төгсгөл ойртсоны шинж үү, 2008 улирлын Дэлхийн цомын лидерүүд, Бээжингийн олимпийн аваргууд оролцсон “ITU гала”-г Мадридад зохион байгуулав. Олимпийн наадмыг санамсаргүй ялалтаараа чимсэн Ян Продено, Дэлхийн цомын тооцоолоогүй аварга Саманта Уоринер,
ямагт азгүйтдэг Крис Жеммелл, Португалын залуу од Ванесса Фернандес, нутгийн хүү Иван
Ранья зэрэг триатлоны одод уг цэнгүүнд оролцлоо.

77 орны триатлоны холбооны удирдлага, зүтгэлтэн, багш, дасгалжуулагчид конгрессийн өмнөх хоёр өдөрт номын дуу сонсож, тархиндаа цэнэг нэмснийг бас дурьдалтай.

Дэлхийн аваргыг цувралаар тодруулна
2009 оноос триатлоны ДАШТ-ийг найман цувралаар явуулах болжээ. Эхний долоон тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн тамирчдыг 2009.IX.10-13-нд Австралийн Гоүлд-Кост хотноо болох World Championships Grand Final-д уралдуулах юм.

Цувралын товыг танилцуулвал:
V.9 Сингапур
V.30 Вашингтон (АНУ)
VI.20 Мадрид (Испани)
VII.11 Кицбюхель (Австри)
VII.25 Хамбург (Герман)
VIII.15 Лондон (Их Британи)
VIII.22 Екохама (Япон)
IX.12 Гоүлд-Кост (Австрали)

ДАШТ-ий цувралыг Францын спорт-менежментийн “Lagardere Group” удирдан зохион байгуулах бол тэмцээний нэрийн спонсороор “Dextro Energy” зургаан жилийн турш ажиллах болоод байна. Цуврал тэмцээний аваргууд 150 мянган ногоон халааслах бөгөөд Grand Final-ын аварга 250 мянгыг хүртэнэ. 700 мянгыг бонус шагналд нөөцөлжээ.

2009 оны тэмцээнүүд
Монгол оронд триатлоны спорт үүсч хөгжөөд удаагүй ч өөрийн тамирчидтай болж, УАШТ-ийг дөрвөн удаа зохион байгуулж, тив дэлхийн тэмцээнд тамирчдаа оролцуулж, шигшээ баг хичээллүүлдэг боллоо.

Cпортын дэд мастер Б.Тэлмэн “Бурабай-2008” Азийн цомын тэмцээний залуучуудын ангилалд алтан медаль хүртсэн нь Монголын триатлончдын хамгийн өндөр амжилт болж буй. Спортын дэд мастер
Ч.Баттулга “Тон-Ён-2007” Азийн АШТ-д олимпийн зайг 2 цаг 23.13 минутад туулж үндэсний рекордыг тогтоосон билээ.

Өмнөх жилүүдэд манай тамирчид Азийн АШТ, Азийн цом зэрэг 2-3 тэмцээнд л уралдаж байсныг 2009 онд халахаар Монголын Триатлоны Холбоо (МТрХ) шийдсэн. Наймдугаар сарын 28-30-нд Азийн АШТ (БНСУ-ын Инчён), есдүгээр сарын 10-13-нд дэлхийн АШТ (ГоүлдКост)- д тамирчдаа оролцуулахаас гадна Азийн болон Дэлхийн цомын 7-8 гараанд хурд сорихоор төлөвлөж байна. Тамирчдын бэлтгэлийг 2007
оноос эхлэн жилийн дөрвөн улирлын турш явуулж буйгаа үргэлжлүүлнэ. Триатлон өндөр хөгжсөн орнуудад тамирчдаа бэлтгэнэ. Түүнчлэн тив дэлхийн хамтарсан бэлтгэл, дасгалжуулагч, шүүгчдийн сургалтад ч гишүүдээ идэвхтэй оролцуулна. 2010 онд багтаж Үндэсний бэлтгэлийн баазтай болж, Азийн цомын тэмцээнийг эх орондоо зохион байгуулахын төлөө ажиллах болно.

Энэ ялдамд триатлоны спорт, триатлоны тамирчдыг цаг ямагт дэмжиж ирсэн байгууллага,
хамт олон, компани, эцэг эхчүүд, анд нөхдөдөө дахин талархал илэрхийлье.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: