loading...
2004 оны Афины Олимпийн 110 м-ийн зайн саадтай гүйлтийн аварга, Хятадын ардын баатар Лю Сян ирэх зун гүйлтийн зам дээр эргэж ирнэг гэж тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Хөнгөн атлетикийн төрөлд Хятадуудад анхны алтан медаль авчирсан тэрээр Бээжингийн Олимпийн наадмын нээлтэнд улсынхаа далбааг барих нэр хүндтэй үүргийг гүйцэтгэсэн бөгөөд Хятадын ард түмэн түүнээс зөвхөн алтан медаль хүлээж байсан юм. Лю Сян гэмтлийн улмаас тэмцээнийг орхиж, тэрбум 300 сая хүний гүн харамсахад хүргэсэн явдал 29-р Олимпийн наадмын гол дуулиант үйл явдлуудын нэг болжээ. Тэрээр АНУ-д Хьюстон хотноо өөрийн нутаг нэгт Яао Мин-ий гэмтлийг амжилттай эдгээсэн Томас Клэнтон гэгч эмчээр мэс засал хийлгэсний дараа нутагтаа ирээд байгаа. 25 настай Лю Сян Афины Олимпийн 110 м-ийн зайн саадтай гүйлтийн шувтаргын уралдаанд 12,91 сек хурдалж, дэлхийн дээд амжилтыг давтсанаар Олимпийн аварга болж байсан юм. Тэрээр 2006 онд 12,88 сек-ийн амжилт үзүүлж, дэлхийн рекордыг шинэчилж, улмаар Бээжинд амжилтаа бататгах зорилготой байсан ч түүний оролдлого амжилтанд хүрээгүй аж. Тэрээр ирэх зунаас бэлтгэлээ эхлүүлж, улмаар өмнөх амжилтын оргилдоо эргэн хүрч чадна гэдэгт түүний дасгалжуулагч Сун Хай Пин итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Гэвч Лю Сян ирэх оны 8 сард Берлинд болох хөнгөн атлетикийн ДАШТ-д оролцож, цолоо хамгаалж амжихгүй юм байна
loading...



