loading...
Бээжингийн Олимпийн наадмын хаалтын ажиллагаа болсноос 109 хоногийн дараа тус наадмын үед сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон гурван тамирчны үзүүлсэн амжилтыг Олон улсын Олимпийн Хороо хүчингүй болгосноо албан ёсоор мэдэгдлээ. Эдгээр нь Беларусын хөнгөн атлетикч Иван Тихон, Вадим Девятовский болон Польшийн сэлүүрт завьчин Адам Серочински нар юм. Тихон, Девятовскийн нар дүүгүүрийн төрөлд мөнгө, хүрэл медаль хүртсэн хэдий ч тэднээс авсан А, В сорьцонд эрэгтэй хүний гормон Тестостероны хэмжээ их байсан бол Польшийн тамирчнаас Клебутерол хэмээх сэргээшийн төрлийн бодис илэрчээ. Девятовский 2000 онд сэргээш хэрэглэсний улмаас хоёр жил тэмцээнд оролцох эрхээ хасуулж байсан тул энэ нь түүний хоёр дахь үйлдэл байлаа. Тиймээс Олон улсын хөнгөн атлетикийн холбооны дүрмийн дагуу тэрээр насан туршдаа уралдаан тэмцээнд оролцох эрхгүй болж болзошгүй. Дэлхийн 3 удаагийн аварга Тихоны хувьд өмнө нь сэргээштэй холбогдож байгаагүй тул шийтгэл нь арай бага тусах магадлалтай. Энэ хоёр тамирчин Бээжинд хүртсэн медалиудаа хураалгах бөгөөд Девятовскийгийн оронд мөнгөн медалийг Унгарын Криштиан Парс хүртэх бол Тихоны хүрэл 2004 оны Олимпийн аварга Кожи Мурофужи-д очиж байна. Японы тамирчин ийнхүү хоёр дахь удаагаа сэргээшийн ачаар байраа ахиуллаа. Афинд алт хүртсэн Унгарын Адриан Аннус-ын шинжилгээ эерэг гарснаар Мурофужи Олимпийн аварга цол хүртэж байсан юм. Каноэ завины төрөлд 4-т орсон Серочинский ч мөн адил Олон улсын каноэ завины холбооноос эрхээ хасуулах нь тодорхой боллоо. Бээжингийн Олимпийн туршид нийт 4770 сэргээшийн шинжилгээ хийгдсэн бөгөөд эдгээр сорьц нь 8 жил Допингийн эсрэг агентлагийн лабораторид хадгалагдаж, ахин шинжлэгдэх тул химийн аргаар амжилтанд хүрсэн тамирчид тайвшрах болоогүй гэж тус агентлагийнхан анхааруулж байна.
loading...




zugeer shudarga baih heregtei sh dee
loading...