loading...
Г.БАЯРСАЙХАН Хоккейн спортод довтлогч, хамгаалагч, хаалгачаас гадна тафгай буюу цагдаа хэмээн нэрлэгддэг тоглогчийн үүрэг багагүй бий. Хүчирхэг бие бялдартай, зодоонд гаргуун эдгээр залуус өөрийн багийн лидер тоглогчийг хамгаалахын зэрэгцээ өрсөлдөгчийнхөө гол тоглогчийн эсрэг ширүүлхэж, зүрхийг нь үхүүлэх үүрэг хүлээнэ. Мөн эсрэг багийнхаа ижил үүрэгтэй залуустай гөвөлцөж, хэн нь хэн бэ гэдгээ тодруулдаг билээ.
Харин өдгөө NHL-д мөрдөх болсон дүрэм журмаас болоод ийм тоглогч өдрийн од мэт ховордсон юм. Тафгай нарын оргил үе гэж болох наяад онд Эл Секорд хэмээх эр од болон гялалзаж байлаа. Ихэнх тафгай зодоон хийж, торгуулийн сандалд хамаг цагаа өнгөрөөдөг бол Секорд тэднээс эрс өөр.
Тодруулбал үндсэн үүрэг болох хүчний тоглолтоос гадна гоолыг олноор нь хийдэг байсан нь түүнийг дасгалжуулагчийн хайртай тоглогч болгосон юм. “Чикаго”-д оргил үеэ өнгөрөөсөн тэрбээр нэг улиралд 40-50 оноо өлхөн авдаг байв. Заримдаа ид формондоо орчихвол 70-80 оноо ч авчихна. Энэ нь түүний хэр авьяаслаг тоглогч байсныг гэрчлэх баримт юм. Эл Секорд 1958 онд төрсөн бөгөөд 1978 оны драфтын нэгдүгээр бүсийн ¹16-гаар сонгогдон “Бостон”-д ирж байжээ. Эхний хоёр улиралдаа 23, 39 оноо авч шинэ тоглогч гэхэд муугүй амжилт үзүүлэв. Гэвч 1980-81 оны улирлын эхний 18 тоглолтод ганц ч гоол оруулаагүй тул дасгалжуулагч нь түүнийг “Чикаго” руу зарсан юм.
Секордыг хамгийн их алдаршуулсан зүйл нь мэдээж олон шилдэг эрстэй нударга зөрүүлж байсан баримт. Секорд хоккей тоглож байх үедээ 185 см өндөр, 93 кг жинтэй байж. Одоо бол дундаж л тоглогчид тооцогдоно. Харин тухайн үед түүн шиг бахим эр тун ховор байжээ. “Би ихэвчлэн хамгаалалтад санаа тавина. Харин эсрэг багийн хэн нэг залуу манай хаалганд гоол хийхээр ирэх үед би түүнийг зогсоох шаардлагатай болно доо. Заримдаа хэтэрхий хүчний тоглолт хийснээс болж нударга зөрүүлэх шаардлага гардаг. Би ийм тулаанаас хэзээ ч зугтаж байгаагүй. Бээлийгээ тайлаад л тулаанд бэлэн болох нь тэр” хэмээн Секорд өгүүлэв.
Тэр NHL-д ороод удаагүй байхдаа анхны зодоондоо оролцжээ. “Миний анхны зодоон Курт Беннеттийн эсрэг байсан санагдаж байна. “Рейнжерс”-тэй хийсэн тэр тоглолтод би түүнтэй нударга зөрүүлсэн юм. Дараа нь түүний багийн Андерс Хедбергийг хашлаганд шахтал намайг цохиураараа дэлсээд авав. Би араас нь гулсаж очоод тэдний нөөцийн сандалд сууж байсан тоглогчдыг өдсөн ч амжилт олсонгүй. Харин дараагийн үе эхлэхэд Хедберг миний дэргэд ирээд уур хүргэсэн нэг зүйл хэлсэн санагдана.
Тэгээд л би түүнийг цохиод авлаа. Үүнээс болж хоёр багийн бүх тоглогчдыг хамарсан зодоон дэгдэж билээ”. Тэр мөн NHL-д тоглосон эхний улиралдаа л тухайн үеийн алдартай зодоонч Вилли Плеттийг зодон дуулиан тарьж байжээ. Гэхдээ Секорд тулаанд дандаа ялалт байгуулаад байсангүй. Ялагдлын гашууныг цөөнгүй амссан юм. “Би Кларк Гиллисийг NHL-ийн шилдэг тафгайн нэг гэж үнэлдэг. Нэг удаа түүнтэй нударга зөрүүлсэн юм. Тэгэхэд би нэг ч цохиж чадаагүй мөртлөө мөсөн дээр хэвтэж билээ” хэмээн тэр дурсав.
“Чикаго”-д ирснээр манай хүн багийнхаа лидер тоглогчийн нэгд тооцогдох болов. Тэнд тоглосон хоёр дахь улиралдаа 75 оноо авсан боловч 300 гаруй минутыг торгуулийн сандалд өнгөрөөжээ. Харин үүний дараагаас “Чикаго”-гийн дасгалжуулагч түүнийг зодоон цохионоо багасгаж, тоглолтдоо гол анхаарлаа хандуулахыг зөвлөснөөр Секорд эрс хүмүүжсэн юм. Гэхдээ л сурсан юмыг сураар боож болдоггүйн адилаар хааяа өдсөн нэгэнд хүнд нударганыхаа амтыг мэдрүүлэх шаардлага гарна.
“Тодд Эвентэй зодолдсоноо сайн санадаг. Тодд тэр үед NHL-д дөнгөж элсээд байсан тул надтай тулж, олонд танигдахыг хүссэн бололтой. Миний ард гулгаж байгаад өддөг юм байна. Би яаж зүгээр байхав, бээлийгээ тайлаад түүнийг дахиж тэгж хэлэхгүй болтол нь болгож өгсөн. Эхлээд түүний зүүн нүд рүү цохитол өнхрөөд өглөө. Сүүлд сонсоход энэ цохилтоос болж түүний ухархайны яс цөмөрсөн юм билээ.
Энэ үеэс хойш Тодд намайг дахиж өдөхөө больсон. Мөн Крис Нилантай нэг тоглолтод хоёр удаа зодолдож билээ. Тэр их техниктэй зодоонч байсан юм. Миний зодолдох техникийг эртнээс судлаад байсан юм билээ. Тэгээд нэг удаа нударга зөрүүлэхэд би юу ч хийж чадаагүй. Сүүлд амаар дүүрэн цус болсон байсан. Эндээс зодолдох арга, техникээ өөрчилж байхгүй бол болохгүй нь гэдгийг ойлгосон доо” хэмээн Секорд өгүүлжээ.
Түүнийг тоглох ахуйд “Чикаго” плей-оффт тогтмол шалгарч, түрүүлэх багийн тоонд ордог шилдэг баг байлаа. Мөн хөгжөөн дэмжигчид хайртай багаа дэмжихээр ордонд битүү цуглана. “Чикаго”-гийн ордон үзэгчээр дүүрэн байдгийн бас нэг шалтгаан нь Эл Секорд хэмээн ярьдаг байв.
Учир нь үзэгчид түүний зодооныг харах дуртай байлаа. Өдсөн нэгнийг хашраахаар бээлийгээ чулуудах үед үзэгчид нэгэн дуугаар “Секорд үзүүлээд өг” гэж хашгирдаг байсан аж. Эл Секорд NHL-д 15 улирал тоглохдоо 766 тоглолтод оролцож, 465 гоол оруулсан үзүүлэлттэй. Мөн 2093 минутыг торгуулийн сандалд өнгөрүүлсэн аж.
loading...



