loading...
Арванхоёрдугаар сарын 6-нд ОХУ-ын Ханты-Мансийскийн автономит тойргийн Мегион хотод жүдо бөхийн 81 кг-ийн жингийнхний өндөр шагналтай тэмцээн болсон билээ. Үүнд арван орны 16 бөх өрсөлдөхөд БНСУ-ын жүдоч Сон Дэ-Нам түрүүлэн, 2 сая рублийн (ойролцоогоор 80 мянган ам.доллар) шагнал гардлаа.
Тэрбээр 2003 онд Цэргийн ДАШТ-д түрүүлж, “KRA Korea Open” болон “Kano Cup” тэмцээнүүдээс тус бүрээс нь алт, мөнгөн медаль хүртсэн амжилттай бөх аж. Түүнтэй өнгөрсөн жил энэ тэмцээнд үзүүрлэсэн ОХУ-ын залуу жүдоч Иван Нифонтов түрүү булаацалджээ.
Нифонтов 2007 онд Украины Гонтюкт ялагдаж байсан юм. Хүрэл медалийг “Бээжин-2008” олимпийн наадмын аварга Оле Бишоф (Герман) авсан байна. Мөнгө, хүрэл медальтнууд 750 болон 500 мянган рублийн шагнал авчээ.
Тус тэмцээнд хүч үзсэн монгол жүдочид эхний тойрогтоо ялагдсан байна. Олимпийн наадмын V байрын шагналт Д.Нямхүү “Бээжин-2008”-д 73 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн Расул Бокиевт (Тажикистан), энэ оны Азийн АШТ-ий хүрэл медальт Э.Энхбат олимпийн аварга Оле Бишофт тус тус дийлджээ.
loading...



