Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Спорт-номын сан » Стивен Жеррард /цуврал хэсэг 2/ – Нэгдүгээр бүлэг

GD Star Rating
loading...

Нэгдүгээр бүлэг

Улааны төлөө заяагдсан

Миний судсыг нээж харвал яг л “Ливерпуль”-ийнх шиг улаан цус оргилох болно. Би энэ багт зүрхний угаас хайртай учраас тэр. “Энфиль”д тоглох хүсэл, мөрөөдөл минь Жонполыг өнгөрөхөд улам бүр хүчтэй болж билээ. Дунд сургуульд байхдаа хүнд гэмтэл авч шаналж хэвтэхдээ энэ хүсэл маань туйлдаа хүрсэн юм. Миний хөлбөмбөгчний замнал бүр эхлээгүй байхдаа сүйрчихэж болох байлаа. “Ливерпуль” болон Английн шигшээд тоглон Европын цомыг толгой дээрээ өргөж, ДАШТ-д од болон гялалзах зэрэг бүх мөрөөдөл минь биелэх боломж үлдэх эсэхийг есхөн настайдаа мэс засалчийн ур чадварт найдаж байж билээ.

“Энфильд” бол миний анхны хайр, хоёр дахь гэр минь юм. Ирээдүй минь эмнэлэгт өнгөрөх вий гэсэн айдаст автсан тэр үед би “Вернон Сангстер” спорт сургалтын төвд Майкл Оуэнтэй хамт хичээллэдэг байлаа. Одоо ч Мерсисайдын Хюйтон дүүрэг дэх гэрийнхээ ойролцоо тэр хэсэг зүлгэн дээр болсон явдлыг эргэж санахаар бие минь зарсхийх шиг болдог. Тэр бол бутаар хүрээлэгдсэн хог хөглөрсөн жижиг талбай байлаа. Тэр газар луу хүмүүс хогоо зүгээр л хаячихдаг байсан. Гэхдээ үүнийг бид хайхарсангүй. Энэ талбай бол найзуудтайгаа хөлбөмбөг тоглоход яг тохирсон газар. Бид өвөл зунгүй, өдөр шөнийг ялгалгүй энд л өнждөг байсан. Тэр хог новшинд дарагдсан жижиг талбай биднийг тоглоход “Энфильд”, Тудисон Парк”, “Уэмбли” хэмээн нэрлэгдэж, энэ дэлхий дээрх хамгийн эрхэм газар маань болдог байлаа. Нэгэн хагас сайны өглөө манай ойролцоо байдаг Марк Ханнан гэдэг хүү бөмбөг өшиглөе гэж дуудав. Бид төдөлгүй талбай дээрээ очлоо. Энэ “Бернабеу” биш ч бидний гэр. Найз маань ням гаригийн лигт тоглодог багаасаа хэсэг тор авснаа хүзүүндээ тохжээ. Бид түүнийг нь хоёр хувааж хаалга хийгээд талдаа долоон гоолоор тоглохоор болов. Гайхалтай.

Тэгээд Марк бид хоёр орчин тойрноо анхаарах сөхөөгүй тоглолоо. Гэтэл бөмбөг маань хэсэг халгайн дунд өнхрөөд орчихов. Тэвдэх юм алга, гараараа татаад л гаргачихна. “Миний гар хүрэхгүй байна аа. Би халгайнд түлэгдчих гээд байна” гэж Маркад хэлэв. Бөмбөг огт харагдахгүй байлаа. Халгай дэндүү шигүү ургажээ. Би “өшиглөөд гаргачихья” гээд оймсоо дээш нь татаад халгайн дунд яваад орлоо. Олддоггүй ээ. Хөлд маань нэг юм тэмтрэгдэв. Түүнийг маш хүчтэй өшиглөлөө. Баруун хөл бол миний цохилт хийж, дамжуу лалт өгдөг гол зэвсэг билээ.

Аймшигтай юм, аймаар өвдөлт мэдрэгдэв. Би ямар нэг юм өшиглөчих шиг боллоо. Бурхан минь, ямар аймшигтай өвдөлт вэ? Шууд л зүрх минь зогсох гэж байгаа мэт болов. Би газар унан тусламж гуйн хашгирлаа. Би өдгөөг хүртэл хүнд, хөнгөн гэмтэл олон удаа авч байсан ч яг үүн шиг ийм аймшигтай өвдөлтийг дахиж мэдрээгүй. Зүүгээр ясыг маань хатгаж байгаа мэт байв. Марк гүйн ирлээ. Би “Марк, би яачихав аа? Би хөлөө халгайн дундаас гаргаж чадахгүй нь” гэж хэллээ. Марк анхааралтай ажиглаж байв. Бурхан минь, түүний бүх цус юүлэгдсэн мэт царай нь хувхай цайлаа. Би “Тэр бөөлжих гэж байгаа юм биш биз дээ” гэж бодов. “Яачихсан байна?” гэж асуугаад хөл рүүгээ харахдаа нүдэндээ ч итгэсэнгүй. Өвсний тармуур миний эрхий хуруунд зоогдчихож. Хэн нэг нь хэрэглэхээ больсон тармуураа халгайн дунд шидчихжээ. Ишгүй, зэвэрсэн төмөр шүдтэй тэр тармуурыг би яг оноод өшиглөчихсөн байв. Сэрээний шүд ясанд минь тулахыг мэдэрч байлаа.
“Явж хэн нэгнийг дуудаач” гэж намайг хашгирахад Марк манайхыг зүглэн гүйв. Хөрш айлын Нейл Уэстон миний хашгирахыг сонсоод гүйн ирлээ. Тэр намайг халгайн дундаас татан гаргав. Хөл рүүгээ хартал тармуур яг л миний нэг хуруу шиг ёрдойж байлаа. Хөрш маань “Би үүнийг сугалчих уу?” гэж асуув. Би “Та чадахгүй ээ, хэрэггүй” гэж хашгирлаа. Тэр “Юу ч гэсэн би оролдоод үзье” гээд өмнө минь суув. Сэрээ сугарах янзгүй байлаа. Тэр “Би түргэн тусламж дуудъя” гээд гүйн одов.

Би зүлгэн дээр хэвтсээр. Нулимс хацрыг минь даган урсаж, айдас бодол санааг минь эзэлжээ. Би дахиж хөлбөмбөг тоглож чадах болов уу? Чөтгөр ав гэж.

Ээж, аав хоёр гүйн ирлээ. Аав харангуутаа л байдал хүнд буйг ойлгов бололтой. “Хүү маань хөлгүй ч, болж мэднэ” гэж түүнийг ээжид шивнэн хэлэхийг сонсов. Хөлөө тайруулах гэж үү? Бурхан минь, үгүй ээ. Би “Ливерпуль”д тоглох хүсэл, мөрөөдлөө энэ хэсэг халгайн дунд булшилж орхилоо гэж үү?
Ашгүй Элдер Хейгийн түргэн тусламжийн машин ирлээ. Энэ бүх зүйл арван минутад л болсон ч надад арван цаг үргэлжилсэн мэт санагдаж билээ. Эмч нар эхний үзлэгээ хийгээд тармуурыг энд сугалж авч болохгүй гэсэн дүгнэлтэд хүрэв. Тэдний нэг нь “Бид эмнэлэгт очиж байж сэрээг авахгүй бол болохгүй. Бохир орж мэднэ” гэж хэллээ. Дөрвөн хүн намайг өргөн машинд оруулахад түргэн тусламжийн машин Элдер Хейгийн зүг гэрлээ асааж, дохиогоо хангинуулан уралдаж буй мэт давхилаа. Эмнэлэгт очих хүртэл үнэхээр аймшигтай байлаа. Би Ливерпулийн зам ийм их донсолгоотой гэдгийг ер мэдээгүй юм байна. Зогсолтгүй сэгсчүүлэн давхиж буйд нь уурлан би жолооч руу хашгирч байв. Намайг хөдлөх тоолонд сэрээ ясанд минь улам гүн орж байгаа мэт санагдан, асар хүнд чулуугаар хурууг маань тахийлгаж буй юм шиг байлаа. Хөдлөх тусам нулимс асгарсаар. Би чичирч байв.

Эмч нарын нэг нь хуруунд зоогдсон сэрээг савлуулахгүйг хичээнэ. Өвдөлт улам бүр хүчтэй болсоор. Би жолооч руу хашгирсан хэвээр. Ээж, аав маань “Энэ түүний буруу биш шүү дээ” хэмээн намайг тайвшруулахыг хичээнэ. Би зүгээр л өвдөлтөө намдаахыг хүссэн юм. “Зогсооч, зогсооч, гуйя”. Гудамжууд жирэлзэн өнгөрнө. Эмч нар надад хиймэл амьсгаа хийж явлаа. Элдер Хей эмнэлэгт хүрээд намайг шууд эрчимт эмчилгээний тасагт аваачив. Хэн ч байсан хараад л ямар хүнд болсныг ойлгохоор байлаа. Чимээ шуугианыг нь сонссон ч тэр. Ээж цурхиран уйлж, би эмнэлгийг нураах шахан хашгирч байв.

Өвчин намдаах тариа хийсний дараа л би ёолохоо болив. Тариа бүрэн үйлчлээгүй ч бие тайвширч байлаа. “Энэ тармуур дэндүү бохир юм. Тиймээс цусанд нь бохир орж мэднэ. Бид үхжилийг тархахаас өмнө хурууг нь тайрахыг хичээе” гэж хэлэх нь бүүр түүрхэн сонсогдов. Аав эмчийн яриаг таслан “Стивен хөлбөмбөг тоглодог. Та ямар нэгэн мэс ажилбар хийх гэж байгаа бол эхлээд “Ливерпуль”ийн хэн нэгэнтэй ярилцах хэрэгтэй. Тэд хэрхэхийг шийдэх болно” гэж хэлэв. Аав “Ливерпуль”ийн Академийн захирал Стив Хейвэйгэй холбогдон хэлэхэд тэр маш хурдан иржээ. Стив тун шийдэмгий ярилцаж, хяналтыг гартаа оруулав. Тэр “Та нар түүний хурууг тайрч хэрхэвч болохгүй” гэж эмч нарт хэллээ. Эмч “Бид мэс засал хийх болно. Шийдвэрийг мэс засалч гаргадаг юм” гэж хариулав. Стив зөрүүдэлсээр. “Үгүй ээ. Яасан ч тайрч, тасдах юм хийж болохгүй”.

Энэ маргаанд Стив яллаа. Бурхан минь, түүнд маш их баярлалаа. Эмч хөлийг мэдээ алдуулж тармуурыг хуруунаас минь салгав. 20 фунтын зоос орчихмоор том нүх гарчээ. Энэ маш хүнд гэмтэл байсан ч мэс засалчид эрхий хурууг минь, хөлбөмбөгийн ирээдүйг маань хамгаалж чадлаа. Стив “Залуу минь, азтай, дэндүү азтай юм аа” хэмээв. Эмч нар ч түүнтэй санал нэг байлаа. Гэд “Бид урьд нь чамд тохиолдсон шиг ийм зүйлийг харж байсангүй” гэж хэллээ. Дандаа л миний уурыг хүргэж, надтай зөрчилдөж явдаг ах Пол маань их санаа зовсон байдалтай харагдав.

Энэ явдлаас болж би гурван долоо хоног сургуульдаа явсангүй. Эмч нар хэсэг хугацаанд тайван амрахыг зөвлөсөн юм. Багш нар надад гэрийн даалгавар явуулсан ч би огт хийгээгүй. Би гэмтлээ эдгээх гээд тун завгүй байлаа. Гэрийнхэн маань намайг их бөөцийлнө. Би буйдан дээр хэвтээд хөлийн боолтыг солихыг хүлээн “Ливерпуль”ийн тоглолтуудыг үзэн хэвтдэг байлаа. Гайхамшигтай. Жон Барнес, Кенни Далглиш, Иан Раш гээд миний шүтээн болсон тоглогчид ур чадвараараа гайхуулах нь дэлгэцнээ харагдана. Энэ нь миний хурдан эдгэх хүслийг дэврээх нэг арга байжээ. Өдөр бүр асрагч ирж шарханд бохир орохоос сэргийлэн цэвэрлэгээ хийж, спирттэй хөвөнгөөр оёдлын эргэн тойронд нямбайлан арчина. Тэгээд тэр өвдөг хүртэл боолт хийдэг байв. Шарх аниад эдгэхэд хөвөнгүй боолт хийдэг болов. Удалгүй би суга таягтай хичээлдээ явдаг болсон. Гэхдээ л ногоон талбайд гарахад эрт хэвээр байлаа. “Вернон Сангстер” лүү явж, багтайгаа бэлтгэл хийж чадахгүй байв.

Энэхүү осол, эмчилгээ хийлгэж байсан өдрүүд хөлбөмбөг миний амьдралд ямар чухал зүйл вэ гэдгийг ойлгуулсан юм. Би энэ үеэс хойш телевизээр хөлбөмбөг үзэхдээ арай өөр нүдээр, илүү хянуур хардаг болсон. Би буйдан дээр суугаад толгойгоороо, мөн зүүн хөлөөрөө бөмбөгжонглёрддог байв. Бөмбөгөө гайгүй эзэмшдэг болж, тоглох итгэл минь ч лавширсан. Ирээдүй минь бөмбөггүйгээр төсөөлөгдөхөө больсон байлаа. Гэмтлээ эдгээж таван долоо хоног болсны эцэст чөлөөтэй өшиглөж чадахаар болсон. Бурхандаа маш их баярлалаа. Хөлбөмбөггүйгээр миний амьдрал хоосон, утга учиргүй ажээ. Бөмбөггүй байна гэдэг ганцаардал юм гэдгийг би хэзээ ч мартахгүй.
Элдер Хейгийн эмч нар сургуулиас чөлөөлөх зөвшөөрөл олгосны зэрэгцээ бас нэгэн зөвлөгөө өгсөн юм. Намайг зэвтэй тармуураас салгаж өгсөн мэс засалч “Энэ арын цэцэрлэгт хаяж болохгүй л зүйл байна даа” хэмээсэн.

Тэгээд ээж, аав хоёр тэр тармуурыг дасгалжуулагчид харуулаад улмаар өмгөөлөгчид үзүүлэн, эцэст нь зарга үүсгэхээр шийдсэн юм. Тэр хогтой талбай дүүргийн зөвлөлд хамаарах учир бид тэдэнд хандан нэхэмжлэх хүргүүлэв. Танд ийм зүйл тохиолдсон бол бас ингэх л байсан байх. Би амьдралдаа хоёр л удаа нөхөн төлбөр авч байсан. Такситай явж байгаад осолд ороод 800 фунтын нөхөн төлбөр хийлгэсэн бол хөлөө тар муурт гэмтээсний төлөөсөнд 1200 фунт авсан. Энэ муу зүйл биш. Нөхөн төлбөр авсны дараа ээж намайг дэлгүүр лүү дагуулж яваад тоглолтын болон бэлтгэлийн шинэ хувцас, цүнх авч өгөв. Ээж “Энэ бүхэн чиний өвдөж, шаналж байсантай харьцуулахад шалихгүй зүйл. Гэхдээ энэ бүх мөнгийг чамд л зарцуулах ёстой” гэж билээ.

Тэрхүү явдлын тухай эргээд бодох бүрт цахилгаанаар цохиулж буй мэт яг тэр үеийн өвдөлтөө дахин мэдрэх шиг болдог. Би зоогдсон сэрээг эргэн төсөөлөх бүрт ясанд минь тулан чахран дуугарч байгаа юм шиг санагдан эвгүйцдэг. Болсон явдлын талаар аавтайгаа ганц, хоёр удаа ярьж үзсэн. Тэр Стив Хейвэй шиг тийм зоримог, шийдэмгий байгаагүй. Аав маань хэзээ ч “Би хурууг чинь тайрахгүй гэдэгт итгэлтэй байсан” гэж сагсуурч байгаагүй. Харин зүгээр л “Стивен, миний хүү хувьтай хүн шүү” гэж хэлж байсан. Бид бүгдээрээ хэрэв тэр хогтой талбайд хэвтэж байсан тармуур хурууг минь нэвт хатгаад эмч нар баруун хөлийн эрхий хурууг тайрсан бол надад Английн шигшээ болон “Ливерпуль”д тоглох ямар ч боломж үлдэхгүй байсныг сайн ойлгодог.

t1_gerrardУдалгүй тэр талбайд зуны жижиг байшингууд баригдаж, халгай, хогийн ургамал ч үгүй болсон. Бас хатуу хучилттай зам тавигдаж, машин холхих нь ихсэв. Миний өссөн Блюбэл хорооллын мухар гудамж бараг тэр чигтээ зогсоол мэт болж, замын хоёр талаар машин эгнэн ярайна. Харин манай гэр, Айронсайдын 10 дугаар байшингийн өмнө талын цардмал талбай л чөлөөтэй байдаг. Гадаа цаг агаар ямар байхаас үл шалтгаалан бид энд өнждөгсөн. Би гэрээсээ хар хурдаараа гүйж гараад л шууд тоглох боломжтой. Үнэхээр гайхалтай сайхан. Хэн нэг нь надад зориулж энэ талбайг хийсэн гэж би өөртөө итгүүлдэг байлаа.Хэн нэгэн “Чиний амьдрал бол хөлбөмбөг” гэж өмнөх замыг минь зааж байгаа юм шиг. Гайхалтай тохиолдол. Тэр үнэхээр миний талбай байсан. Намайг гэрээсээ гарахад тэнд тоглож байсан хүүхдүүд талбайг чөлөөлөн явдаг байв. Би найзуудтайгаа тав, арав, 12-оороо баг болж хуваагдан өрсөлдөх, тойрч зогсоод бие биедээ дамжуулах, цохилт хийх, хөөцөлдөх гэх мэтээр тоглодог байлаа. Хамгийн сонирхолтой нь “бөгс гаргах” (Bare Arse) гэдэг тоглоом. Хэн нэг тоглогч чамайг хуурч гараад гоол оруулбал чи өмдөө шувтлаад бүх тоглогч бөгс рүү чинь бөмбөг өшиглөдөг тоглоомыг ингэж хэлдэг. Энэ нь скоусчуудын (Ливерпуль орчимд амьдардаг хүмүүсийг Scouse хэмээдэг) сайн хаалгач, оновчтой цохилттой тоглогчийг бэлтгэх уламжлалт арга юм. Манай багт Питер Крауч ирснээр би энэ тоглоомыг дахин сэргээн наадаж билээ. Би бэлтгэлийн өмдөө доошлуулан, Краучи миний бөгсийг онохоор бөмбөг өшиглөж байлаа. Энэ үед хэн нэг нь сэм харж бид хоёрын өгзөгний зургийг аваад сонинд гаргачихсан байлаа. Гэхдээ тэдгээрт биднийг зүгээр л “Bare Arse” тоглож байсныг тайлбарлаж бичээгүй юм. Айронсайдад наадаж байсан энэхүү тоглоомоо би амьдралынхаа туршид мартахгүй.

Айронсайдыг хүмүүс “Happy street” гэдгээр нь сайн мэднэ. Би 1980 оны тавдугаар сарын 30-нд Уистоны эмнэлэгт төрж, “Hapрy street”-ийн хөлбөмбөгийн хэнээт нэгэн гэр бүлийн шинэ гишүүн нь болж байлаа. Блюбэл хэмээх энэ том хороололд хулганын нүх шиг сүлжилсэн замуудыг даган “Хун”, “Хөх хонх”, “Сарнай”, “Царс мод” гэсэн дөрвөн уушийн газар бий. Айронсайдаас инээдмийн жүжигчин Фредди Старр, Стэн Бордмэн, ахмад жүжигчин Рекс Харрисон нарын олон алдартан төрөн гарсан. “Sex and the City”-д тоглосон Ким Кэттрол одоо ч энд амьдарч байгаа. Мөн түүнчлэн “The La’s”, “Space and Cast” зэрэг олон хамтлаг Хюйтон дүүргээс гарсан. Энэ хорооллын өнцөг тохой бүр өөрийн онцлогтой.

Би Блюбэлийн амьдралд хайртай. Энэ бол миний вант улс, тоглож өссөн газар. Бид Алт голын эргээр хөөцөлдөж тоглон өдрийн ихэнхийг гадаа өнгөрөөдөг байлаа. Ингэж тоглосноороо бидний хурд сайжирсан гэж боддог. Пол ах бид хоёр орой шавар шавхайнд хутгалдсан халтар

юмнууд харьдаг байв. Ээж уурлаж загнан, аав инээмсэглэсээр угтдаг байж билээ. Айронсайдад амьдрал ёстой л буцалж байдаг байсан. Зуны цагт хүмүүс гэр бүлээрээ гадаа сууж, шар айраг ууцгаан, хүүхдүүд нь эргэн тойронд нь тоглодог. Манай 10 дугаар байшингийн эсрэг талд надтай чацуу Лиза, Кэролин гэдэг хоёр охин амьдардаг байв. Би охидод татагдаж, тэдэнтэй тоглохсон гэж үргэлж хүснэ. Би эгч, эмэгтэй дүүгүй болохоор ингэж боддог байсан ч байж болох юм. Тэдэнтэй тааралдвал би заавал ярианы сэдэв гаргаж ирдэг, Харамсалтай нь Лиза, Кэролин нарт нэг том дутагдал байсан. Тэд хөлбөмбөг тоглож чаддаггүй байсан юм. Энэ уул нь асуудал болгоод байх зүйл биш л дээ. Гэхдээ би аливаа зүйлийг хөлбөмбөгөөс ангид төсөөлж байсангүй. Блюбэл хороолол хөлбөмбөгийн хэнээтэй хүүхэд, залуусаар дүүрэн байсан. Хюйтон дүүргээс Стив Макмахон, Жои Бартон, Ли Трундл, Питер Рейд, Тони Хибберт, Крэйг Хигнетт, Дэвид Нюжент нарын олон авьяаслаг мэргэжлийн хөлбөмбөгчин төрөн гарсан. Хотынхон бараг тэр чигтээ бүтэн сайны лигт тоглодог байлаа. Хөлбөмбег бол Ливерпульд шашин мэт хүчтэй тархсан юм. Блюбэлд би өөрийнхөө үеийн 7-8 хүүхэдтэй нийлж баг болоод ээж нарыгаа дуудах хүртэл нь тоглодог байв. Гэхдээ тэдэнтэй тоглоход надад нэгэн хүндрэл байсан. Найзуудын маань ур чадвар, арга барил надад гологддог байсан юм. Гурван насаар ах Полтой тоглож өссөний минь нөлөө биз. Пол арваад найзтай, тэдэнтэй нийлээд тоглохоор үнэхээр үзүүштэй. Зургаатайгаасаа би Полтой нийлж, найзууд дунд нь орж тоглох болов. Ахын найз нарын ихэнх нь намайг багтаа авахыг хүснэ. Тэдэнтэй тоглоход л би жинхэнэ таашаал авдаг байсан. Полын найзууд их авьяаслаг. Пол өөрөө “Болтон Уондерерс”-т орох шахаж байсан. Дэнни Уолкер гэдэг нэг хүү хожим “Транмер Роверс”-ын өсвөрийн багт орсон. Тэд “Толгейт” гэдэг нэртэй баг байгуулж, Хюйтоноос хоёр автобус дамжиж хүрдэг газар 10 хүртэлх насныхны лигт тоглодог байв. Нэг удаа би Полыг дагаж тоглолт үзэхээр яваад тэмцээнийг зохион байгуулагчдаас өөрийгөө тоглож болох эсэхийг асуув.

Тэд “Чи хэдтэй юм бэ?” гэхэд нь би “Долоо” гэж хариуллаа. “Дэндүү жаахан байна аа. Тоглуулахгүй” гэв.

Би уйлж эхэллээ. Тэдэн рүү “Тэр ямар хамаатай юм бэ? Би тоглож чадна” гэж хашгирлаа. Гэвч нэмэр болсонгүй. Гэр үед би хүнд гологдохын, татгалзсан хариу сонсохын таагүйг анх мэдэрч билээ.

Айронсайдад, гэрийн минь өмнө байдаг цардмал талбай тоглогчдыг тэмцэлтэй болгож сургасан. Бөмбөг авч, түүнийгээ булаалгахгүй, дээр нь унахгүй тэнцвэртэй хурдан гүйх чадварыг бид маш хурдан эзэмшсэн. Полын найзуудтай тоглоход тэд намайг хүчтэй хамгаалдаггүй байв. Учир нь би тэднээс гурван насаар дүү, биеэр хамаагүй жижиг. Хүчтэй цохилт. Бөмбөг намайг онолоо. Аймшигтай өвдөлт. Гэхдээ ингэлээ гээд би шантраагүй, яагаад гэвэл би үүнд дуртай. Ийм зүйл олон тохиолдоно. Хатуу газар унаж, бөмбөгөнд баахан цохиулсан би гэртээ ихэвчлэн хазганаж, доголсон хүн очдог байлаа. Би нэг удаа бөмбөгний төлөө тэмцэлдэж байгаад хайс мөргөөд нүүрээ шалбалчихав. Хашааны төмөр нүүрэнд минь овоо ором үлдээжээ. Гэвч би үүнийг тоогоогүй. Айронсайдын 35 дугаар байшинд байдаг Тони өвөө дээр гүйж очив. Өвөө нүүрэнд минь шархны наалт нямбайлан тавилаа. Ингээд л боллоо, би тоглолт руу яаран буцав. Ахын найзууд “Хурдлаарай” гэж хашгирна. Хүчтэй цохилт. Би тулаанд эргэн орлоо.

Айронсайдын 10 болон 35 дугаар байшинд одоо ч манай гэр бүлийнхэн байдаг. Пол ах 10 дугаар байшинд амьдарч байна. Жеррардууд үргэлж Айронсайдад байх болно.

Тони өвөө бол аавын минь аав. Харин ээжийн аав Сидни Салливэн өвөө манайд миний сургуульд сурах хугацаанд буюу найман жил амьдарсан. Тэр хүнд өвчтэй байсан. Түүнийг анх цус харвахад нь бид эмч нараас итгэмээргүй нэгэн мэдээг сонсож билээ. Энэ нь хэрэв өвөөд дахин ийм зүйл тохиолдвол эмнэлэг хүлээж авахгүй, гэрээрээ эмчилгээ хийлгэ гэсэн дэндүү харгис, хатуу мэдэгдэл байсан. Миний асрагч хэдэн хорооллын цаана амьдардаг байсан ба түүний хувьд өвөөг бүрэн хариуцах боломжгүй байсан. Хэрэв асрагч гадагшаа гарах шаардлага гарвал өвөө ганцаараа үлдэж чадахгүй байв. Ээж “Аав маань гэртээ байж чадахгүй” гэж эмч нарт учирласан ч эцсийн эцэст тэр бидэнтэй амьдрахаар боллоо. Бид байрандаа өвөө бие дааж байхад тохиромжтойгоор нэг өрөөг нь тохижуулав. Сидни өвөө өрөөнөөсөө бараг гардаггүй байсан. Хааяа л бидэнтэй хамт зурагт үзэхээр үүдний өрөөнд орж ирдэг байлаа. Сидни өвөө дөрвөн удаагийн харвалтыг давж гарсан. Цус харвалт бүрийн дараа түүнийг улам л тамир тэнхээгээ алдаж буйг нь хараад миний уур хүрдэг байв. Анхны харвалтынх нь дараа Пол ах бид хоёр өвөөтэй чөлөөтэй ярьдаг байсан. Түүний ухаан сав саруул байсан юм. Харин дараа дараагийн харвалтуудаас бидний харилцаа улам бүр хүндрэлтэй болж билээ. Түүний өвчин шаналал биднийг маш их бухимдуулдаг байсан. Гэхдээ тэр хүн бүрийн хайрыг татдаг байлаа. Хэдий тэр хүнд өвчтэй ч үргэлж инээмсэглэн, бидэнтэй ярилцдаг байсныг одоо ч дурсан санах сайхан байдаг. Өвөөгөө хараарай гэж сануулахад нь жаахан ч гэсэн анхаарал сарниулахад л ах, бид хоёрыг ээж ширүүн зэмлэнэ. “Алив өвөөгийнхөө цайг нь дөхүүлж өгөөрэй, явж өвөөтэйгөө хамт цай уу” гэхчилэн захидагсан.

Сидни өвөө ах, бид хоёрт амин голоосоо хайртай. Бидний хүссэн бүхнийг авч өгөхөд тэр бэлэн. Ээжид “Хүүхдүүдэд хөлбөмбөгийн хувцас хэрэглэл авах мөнгө өг” гэж ээжид хэлнэ. Ээж “Үгүй” гэж хариулахад нь “Үүнийг ав даа” гээд бидэнд мөнгө өгдөг байв. Тэр үнэхээр өглөгч хүн байсан. Хэдий баян, мөнгөтэй байгаагүй ч “Хөвгүүдэд хэрэгтэй зүйлийг нь авч өгөөрэй” гээд л мөнгө өгдөг байлаа. Тэтгэврийн, бас эрүүл мэндийн даатгалаас авсан хэдэн фунтээ тэр ингэж бидэнд зарцуулдаг байсан юм. Тэр бүх л насаараа Тэнгисийн цэрэгт алба хашсан юм билээ. Өвөөг өнгөрсний дараа ээж хэсэг хугацаанд тамхи татав. Энэ мэтчилэн өвөөгөөс болж түүнд багагүй өөрчлөлт илэрсэн. Бид маш дотно гэр бүл байсан ч Сидни өвөө биднийг бүр илүү холбодог гинж нь байсныг бид энэ үед ойлгосон.

Би аавынхаа ажиллаж байх үеийг төдийлөн мэддэггүй. Түүнийг ажлын цагийг бүрэн ашиглаж, маш үр бүтээлтэй ажилладаг байсан гэхийг би олонтаа сонссон. Аав ээжийг дэлгүүр лүү юм уу, ах, бид хоёрыг сургуулиас авахаар явсан хойгуур Сидни өвөөг асрахын зэрэгцээ гэрийн орчин тойрноо тохижүүлж, цэвэрлэдэг байв. Аав маань зүгээр л энгийн нэг ажилчин байсан. Аавын найзууд оройн цагаар уушийн газар суудаг байсан бол аав илүү цагийн ажил хийж, амьдралдаа дэм болохыг эрхэмлэдэг байв.

Пол бол миний хамгийн сайн найз. Үргэлж ийм байсан, цаашид хэвээр байх болно. Тэр Айронсайдад минийхээс том унтлагын өрөөтэй байсан. Бас түүний өрөөнд уурын халаагуур, том ор гэхчилэн бүх юмтай. Гэхдээ би түүнтэй барьцаж, маргаан үүсгэж байсангүй. Пол бол миний шүтээн байсан юм. Надад Пол болон түүний найзуудтай хамт байх нь жаргал байлаа. Харин Пол дандаа л “харь, яв” гэж намайг хөөдөг. Тэр намайг найзуудтай нь хамт хөлбөмбөг тоглож, ярианд нь оролцохыг хүсдэггүй байсан. Хааяа бид хоёр үүнээс болоод нударга зөрүүлнэ. Нүүр, бие рүү минь нударч түлхэхэд нь дургүй хүрч “Чамайг үзэн ядаж байна, чамайг ална даа” гэж орилно. Төд удалгүй уур гарч, дахиад л тэдэнтэй нийлээд явдаг байв. Хааяа нуугдаад сэмхэн алга болж, найзуудтайгаа тоглож байгаад ирэхдээ Пол “Стиви, компьютер тоглох уу?” гэж асуудаг. Хэрхэн тооцоо бодохоо тооцоолж суусан би бүхнийг мартаж “Тэгье” гэж урамтай гэгч нь хашгирдагсан. Полын ертөнцөд дахин нэвтрэх боломж олдсон нь надад сайхан завшаан юм. Тэгээд бид уйдталаа компьютер тоглодог. Би ахыгаа үнэхээр бишрэн дээдэлдэг байсан. Одоо Пол яг л миний дүү шиг харагддаг.

Пол хөлбөмбөгт тун авьяастай байсан ч тоглогч болохыг төдийлөн сонирхоогүй юм. Тэр зүгээр л найзуудтайгаа хөгжилдөх гэж хөлбөмбөг тоглодог байсан. Аав түүнд “Чи арай идэвхтэй байж, хөлбөмбөгөөр хичээллээч” гэж хэлнэ. Харин ах “Яах юм бэ, гадаа хүйтэн байна шүү дээ. Гэртээ байсан нь дээр” гэж шалтаг тоочдог байв. Гэхдээ Пол хөлбөмбөгийн тактик мэддэг, тоглогчийг танихдаа сайн. Би тоглолт бүрийн дараа ахтайгаа алдаа, оноогоо дүгнэн ярилцдаг. Бид бие биеэ харцаараа л ойлгодог.

Аав, ээжийн найзууд нь аавыг сайн тоглогч байсныг ярьдаг. “Үнэхээр тийм гэж үү?” хэмээн намайг асуухад аав “Чиний энэ авьяас хэнээс өвлөгдсөн болохыг одоо ойлгов уу. Стивен” гээд инээж байлаа. Тэр “Астротурф” гэдэг багт тоглож байгаад өвдөгтөө гэмтэл авснаар хөлбөмбөгийг орхисон юм билээ. Давын ах Тони бас авьяаслаг хөлбөмбөгчин. Тэр “Хюйтон Бойз” гэдэг багт тоглодог байсан аж. Ахлах сургуульд байхдаа л мэргэжлийн хөлбөмбөгч болох чадвартай байсан гэдэг. Манай гэр бүлд хөлбөмбөг маш том байр суурь эзэлдэг. Миний үеэлүүдийн олонх нь Айронсайдад хөлбөмбөг тоглож өссөн, Тэдний нэг Энтони Жеррард “Эвертон”-д тоглож байгаад “Гудисон Парк”-ын баг түүнийг “Уолсол”-д зарсан. Бүтэн сайны лиг болоход тэнд энэ мэтчилэн манай үеэл хамаатнуудаар дүүрдэг байв.

Амралтын өдрүүдэд “Энфильд” болон “Гудисон Парк” их хөлийн газар болдог. Энэ өдрүүдэд манай хамаатнууд болон надтай холбоотой хэний ч гэрээр орсон хөлбөмбөгөөр амьсгалж байх болно. Цэнгэлдэх рүү яваагүй нь зурагтынхаа өмнөөс салахгүй. Буйдан дээрээ тухлаад ганц, хоёр лонх шар айраг шимэн тоглолт үзэх үнэхээр сайхан. Бямба гаригт аав уушийн газарт очих нь олон ч “ВВС”-гийн “Маtch of the Day” нэвтрүүлгээс өмнө заавал эргэж ирдэг. Ах бид хоёр ч гэсэн тоглоомоо орхин гэртээ гүйж ирээд аавтайгаа буйдандээр чихэлдэн сууж уг нэвтрүүлгийг хамт үздэг байлаа. Жеррардууд хэзээ ч “Маtch oh the Day”-г алгасаж байсангүй Огт үгүй. Энэ бол долоо хоногийн оргил мөч юм.

Айронсайдын 10 дугаар байшинд хөлбөмбөгийн дүрэм үйлчилдэг. Хөлбөмбөг гарч байхад “Coronation Street”*, “ЕаstЕnders”**-ийн орон зай байхгүй. Хэрэв ээж маань савангийн дуурь үзэхийг хүсвэл аав тэр хоёрын дунд чамгүй хурц зөрчил үүсдэг байв. Хааяа аав ах бид хоёрыг дагуулан том дэлгэцээр хөлбөмбөг үзэх юм уу дартс тоглохоор явдаг. Харамсалтай нь энэ маш хурдан болоод өнгөрдөг байв. Оройны 6.00 цаг гэхэд бидний бүх хөгжөөн наргиан өндөрлөж бид гэрийн зүг гэлдэрдэг. Маргааш өглөө нь сургууль яг л нартай өдөр гэнэт бараан үүл нөмөрч байгаа мэт санагдан, сүүмэлзэн харагддаг байлаа.

Би ням гаригийн оройд үнэхээр дургүй. Амралтын өдрүүдийн тэр сайхан мөчүүд гайхалтай дурсамжаа таягдан хаяж сургуульдаа явах бэлтгэлээ хангах нь миний хувьд асар хүнд эрүүдэн шүүлт байсан. Хүмүүс амралтын өдрийг долоо хоногийн сүүлчийн хоёр өдөр гэдгийг сайн мэднэ. Харин Айронсайдын 10 дугаар байшинд бол ийм ойлголт байгаагүй. Энэ дүрмийг ээж маань гаргасан. Түүнийхээр бол амралтын өдрийн үргэлжлэх хугацаа нь нэг хоног хагас л байна. Ээж ах, бид хоёрыг ням гаригийн орой 6.00 цаг гэхэд гэртээ ирж, усанд орж маргааш өглөөнийхөө хичээлийн бэлтгэлийг хангахыг шаарддаг байлаа. Биднийг тогтсон хугацаанд гэртээ ирэхэд толийтол индүүдсэн сурагчийн дүрэмт хувцас хэдийнэ бэлэн болсон байдаг. Дүрэмт хувцсаа хараад миний дур гутдаг. Амралтын өдрүүдийн эрх чөлөөт цаг өндөрлөж буйг сануулах тэр форм надад яг л шоронгийн хувцас шиг санагддаг байж билээ. Энэ бол сургуульдаа явахыг үзэн яддаг байсан хэрэг биш, зүгээр л хагас, бүтэн сайнд Блюбэл орчимд хэсэх дуртай байв. Ээж Пол ахаас илүүтэй миний хичээлд анхаарна. Тэр биднийг ямар ч толбогүй, үрчлээгүй хувцсаар гангалдаг байсан. Гутлыг маань нүүрнийхээ хувирлыг харж болохоор гялалзтал тосолчихно. Муухай ээж! Тэр үргэлжид ийм байсан. Би гэрээсээ цэвэр хувцастай гараад заавал бохир, заваан болж ирдэг байлаа. Шаварт хутгалдан бохирдсон гуталтай гэртээ орно. Ээж ташаагаа тулан ууртай угтдагсан.

Миний сургуульдаа явах замд онц сонин зүйл үгүй. Сургуульдаа хүрэх үед харин тоглолтын талбайд залгуулаад байшин барьсан юм шиг л харагддаг байж билээ. Хэдий гэртэй минь ойрхон ч гэсэн ээж намайг үргэлж сургуульд хүргэж өгч, авдаг байв. Би багадаа хэн нэгэнд хор хөнөөл учруулахгүй ч бас ч үгүй сахилгагүй хүүхэд байсан. Үүнээсээ ч болж багш нараас шийтгэл хүлээн, хана харж зогсдог байв.

Хичээл орох үед бие минь ангид байвч санаа сэтгэл маань хэдийнэ биеийн тамирын талбайд оччихсон тоглож байдаг байлаа. Чамгүй удаан үргэлжлэх үдийн цайны цагт би дуртай. Үнэт цагаас минь хороох учир энэ үед халуун хоолоос татгалздаг байв. Бага сага хуурай идэх юм авахаар дугаарлаж зогсохдоо “Алив талбай дээр хурдан цуглаарай, тоглоцгоое” гэж бусдыгаа уриална. Үүнээсээ болоод орой болгон ээждээ “Халуун хоол идэх ёстой шүү” гээд үглүүлдэг байв. “Хэрвээ сургуулийн хоолонд дургүй юм бол гэртээ гүйгээд ир л дээ” гэж ээж хэлнэ. Сүүлдээ ээж хавчуургатай талх, шоколад, уух юм савлан явуулдаг болов. Дээр нь багахан жимс хийдэг. Гэвч би жимсээ огт идэлгүй гэртээ буцаагаад аваачна. Алим. гадил, жүрж юу ч байсан адил. Цөцгийгөө ч мөн л тэр хэвээр нь гэртээ авчирна. Авч явсан юмаа хурдхан идээд тоглохоор яардаг учир тэр бүгдийг нямбайлан зооглох нь надад тохиромжгүй байсан. Ээж “Стиви, чи дахиад л цөцгийгөө идэлгүй үлдээжээ. Чи шоколад л идээд байгаа юм уу?”гэж асууна. Ээж надад үдийн хоолыг маш бага хугацаанд амжуулах ямар хэрэгтэй вэ гэдгийг ойлгодоггүй юм. Би их завсарлагаа болонгуут ангиас гараад талбай руу ээжийн савласан зуушийг үмхлэн гүйдэг байв. Айронсайдад найзууд маань тоглож байвал хөршийнхөө нохойнд хоолоо шидэж өгчихөөд л тоглодог байж билээ. Харин орой бол өлбөрч үхэх гэж байгаа амьтан гэртээ орж ирээд гарт тааралдсанаа үмхлэн иддэг байв.

Хичээл дээр би дэвтэртээ их л хичээнгүйлэн юм бичиж сууна. Багш нар хараад хичээлдээ их анхаарч байна даа гэсэн сэтгэгдэл төрөхөөр. Гэвч огт тийм байгаагүй. Би зүгээр л их завсарлагааныг хүлээн цаг нөхцөөн тэгж суудаг байв. Дэвтэрийнхээ ар талд цайны цагаар болох тоглолтон дээр хэнийг хаана тоглуулахаа тооцоолон тэгж нямбай бичиж суудаг байсан хэрэг. Хонх дуугарангуут үсэрч гараад хөвгүүдийг цуглуулан тоглолт зохион байгуулж. охидыг харин талбайг чөлөөлөхийг гуйна. Охидод хандан “Та нар талбайг чөлөөлнө үү, гэхдээ тоглолтыг үзэж болно шүү” гэж эелдгээр хүсдэг байлаа. Тэгээд цүнхээрээ талбайн хязгаар хаалгаа тэмдэглээд тоглож гарна даа. “Уэмбли”-д болдог FА Сuр-ын финалаас ч сонирхолтой тоглолт тэнд өрнөдөг байлаа. Бид бөмбөгний төлөө тэмцэлдэн, унасны улмаас нүүрэндээ шарх, сорвитой үлдэх нь цөөнгүй. Хожигдол гэдэг миний хувьд байж болшгүй зүйл. Энэ тоглолтод ялагчид бахархалтайгаар сүү ууцгаан, харин хожигдогсод хоосон лаазаа бариад анги руу явдаг байв.

Бэрри Банчис бид хоёр Сент Микийн сургуулийн урдаа барих тоглогчид нь байв. Харин сургууль дээрээ тоглоход бид үргэлж өрсөлдөгчид болно. Бид хоёр багийн тоглогчдоо ээлжилж сонгоод хүч шавхсан тоглолт хийдэг байлаа. Бэрри бол маш авъяаслаг тоглогч. Тэр “Денберн” -ий 13 хүртэлх насны багт тоглодог байсан. Тус багт түүнээс гадна Майкл Бранч, Тони Хибберт нарын сайн тоглогч багтдаг байв. Миний хувьд “Ливерпуль”-д орох хүртлээ “Денберн”-ий багт багахан хугацаанд тоглож. “Эжхиллийн хүүхдийн лиг”-т түрүүлэхэд нь хувь нэмрээ оруулж байлаа. Бэрри бид хоёр сургуулийнхаа шигшээгийн түлхүүр тоглогчид байлаа. Нэг жил бид Сент Микийн сургуулийн багийг орон нутгийн нэгэн тэмцээнд түрүүлүүлснээр манай баг “Уэмбли”-д тоглох эрхээр шагнуулсан. Үнэхээр гайхалтай шагнал. “Уэмбли”. Эртний түүхт энэ хуучин цэнгэлдэх хүрээлэнд тоглох эрх авчхаад бид тэнд болох мөчүүдийг хэдийнэ төсөөлөөд эхэлсэн байв. “Уэмбли”. Үнэхээр мөрөөдөл минь биеллээ гэж үү? Нэг удаагийн тоглолт дээр би байнга хийдэг хамгаалалтаа хийн гулсан уналаа. Гэтэл ундааны бөглөөнд өвдгөө урчихлаа. Ердөө таван оёо тавиулсан ч энэ шарх “Уэмбли” рүү явах багийн бүрэлдэхүүнээс хасахад хангалттай байжээ. Нулимс өөрийн эрхгүй асгарав. Найзууд маань “Уэмбли”-д хөл тавихад би эмнэлгээс гарч байв. Өвдөг дээрх тэр сорви ямар ч зовиургүй болсон ч “Уэмбли” явах хүслийг минь боомилсныг үргэлж сануулдаг.

Сент Микийг орхих цаг ирлээ. Бага сургуулиас дунд сургуульд орно гэдэг хүндхэн сонголт хүлээж байлаа. Манай ангийнхны ихэнх нь Боурингийн ерөнхий боловсролын болон Ноусли ахлах сургууль руу явлаа. Пол Боурингт байсан учир би тийшээ явахыг хүссэн. Ахтайгаа хамт байх гэж тэр. Гэхдээ энэ хоёр сургуульд хөлбөмбөгийг чухалчилдаггүй нь миний хувьд асуудал байсан. Хүн болгон намайг хөлбөмбөгийн төлөө юугаа ч өгөхөөс буцахгүйг мэднэ. Дээр нь тоглогчийн ур чадвараа ахиулах нь ямар сургуульд орохоос ихээхэн шалтгаалах байв. Сент Мик сургуулийн маань багш хатагтай Чадвик надад Кардинал Хинэнд очихыг зөвлөсөн. Тэр “Тэнд очвол чи хөлбөмбөгтэйгөө илүү ойр байх болно” гэж хэлсэн.

“Кардинал Хинэн католик шашинтны ахлах сургуулийг би сайн мэднэ. Энэ бол орон нутагтаа шилдэгт тооцогдох хүчтэй багтай сургууль. Хатагтай Чадвикийн нөхөр Эрик Кардинал Хинэнд биеийн тамирын хичээлийн багшаар ажилладаг байсан. Тэгээд эхнэртээ “Стивен Жеррардыг манайд ир гэж ятга. Тэр Кардинал Хинэний төлөө ихийг хийх болно гэж хэлсэн юм билээ. Гэхдээ тэр сургуульд явах нь зарим нэгэнд хүндээр тусах байв. Блюбэл хорооллынхон тэр чигээрээ католик шашинтан биш. Гэхдээ энэ хэнд хамаатай юм бэ? Эцсийн эцэст хөлбөмбөг яллаа. Кардинал Хинэн намайг элсүүлэхийг хүссэн. Хөлбөмбөгийн ур чадварынхаа нөлөөгөөр.

хатагтай Чадвикийн зөвлөгөөгөөр би Кардинал Хинэнд орлоо. Хөлбөмбөг намайг хааш нь хөтөлнө, би тийшээ л явах ёстой. Кардинал Хинэнд сурах нь “Ноусли Бойз”-д байхаас илүүгээр “Ливерпуль Бойз”д орох замыг минь дөтлөх учиртай байв. Ливерпуль Бойз” орон нутагтаа хамгийн шилдэг нь “Ливерпуль”, “Эвертон”-ы скаутууд “Ливерпуль Бойз”-ын тоглолтыг алгасалгүй үздэг. Үүнд хүрэх цорын ганц зам нь Кардинал Хинэн байсан.
Хөлбөмбөгтэй холбоотойгоор дунд сургуулиа сонгосон би тэнд хичээлдээ шамдахгүй бол болохгүй байлаа. Кардинал Хинэнд 1300 гаруй хөвгүүн суралцдаг. Тэнд хөлбөмбөгтэй мэдлэг эн зэрэгцэх ёстой гэсэн зарчим үйлчилнэ. Энэ зарчимд нийцүүлэхийн тулд шөнө болгон хичээлээ давтдаг байв. Үүндээ шантраад бүр уйлна. Эндээс шилжихсэн гэсэн хүсэл цөөнгүй удаа төрж байлаа. Кардинал Хинэн манайхаас гурван милийн зайд оршдог. Хол байна гэж шалтаглаж үзсэн ч ээж, аав маань хөлбөмбөгийн замналд энэ хамгийн сайн нөлөө үзүүлнэ гэж ятгаж чадсан. Би дуртай дургүй явна.

Дунд сургуульд орсноос хойш гурав дахь жилээс энэ бүхэнд даслаа. Блюбэлээс сургууль руу явахдаа автобусны ард суучихаад хөвгүүдтэй хөгжилдөн явах нь миний аз жаргалтай мөчүүдийн нэг. Тэгэхэд анх удаа ээж намайг сургууль руу ганцааранг минь явуулдаг болсон. Би 13 настай ч том хүн болсон мэт санагдаж билээ. Би өсч өндийж том болж буйгаа мэдэрч байв. Халаасан дахь автобусны болон хоолны мөнгө шажигнах нь сэтгэл баясгаж. Блюбэлийн гудамжаар яг л хаан болсон юм шиг сэтгэгдэл төрөн алхдагсан. Автобусны буудал хүрэх замдаа Терри Смит, Шон Диллон нарын гэрээр дайрч хамт явдаг байсан. Шон их орой унтдаг болохоор дандаа хоцорно. Терри бид хоёр есөд 15 дутуу байхад тэдний гэрийн гадна очоод өрөөнийх нь цонх руу чулуу шиддэг. Хааяа бид чулуугаа хэт чанга шидсэнээс цонхыг нь хагалчих шахна. Тэгж тэгж Шон гэрээсээ гарч ирэхээр бид автобуснаасаа хоцрохгүйн тулд хар хурдаараа буудал руу гүйнэ. Бидний хөл жирилзэн, нуруунд цүнх маань савчина. Шон одоо ханын зуух хийдэг ажилтай болсон. Территэй бол ойр ойрхон уулзана. Тэр “Эвертон”-ы үнэнч хөгжөөн дэмжигч юм.

Шон, Терри бид гурав Кардинал Хинэнд хүрэхэд талдаа 26 минутаар тоглоход хангалттай бүтэн цагийн их завсарлагааны тухай бодол миний толгойд орж ирдэг. Өдрийн турш хөлбөмбөг тоглох тухай л бодно. Би ноён Чадвикийн ордог биеийн тамирын хичээлд маш дуртай. Гэхдээ биеийн тамирын хичээлээр ердөө хөлбөмбөг ордоггүй байсан. Регби, гимнастик, крикетийг түлхүү заадаг байв. Би зааланд ч тэр, гадаа талбайд ч ялгаагүй хөлбөмбөг тоглохыг л хүснэ. Эсвэл талбайн теннис. Би теннист их дуртай. Кардинал Хинэнд бид жижиг талбайд модон цохиураар тоглоно. Бид цохиуран дээрээ “Nike”-ийн хээ, эсвэл “Аdidas”-ын гурван судлыг зураад бахдалтайгаар тоглодог байв. Гэхдээ миний хамгаас эрхэмлэх зүйл хөлбөмбөг хэвээрээ байсан.

Кардинал Хинэнд байр сууриа эзлэх амар байгаагүй. “Азарган тахиа гэгддэг хэдэн том биетэй бандитай хэдэн удаа тулж байж талбайд тоглох эрхтэй болсон. Замбараагүй бужигнасан зодоон дунд өөрийнхөө хүнийг цохичихгүйг хичээн нүдэлцэнэ. Эцэст нь бид талбайн эзэд боллоо. Насаар ах, биеэр том хэн ч байсан бид ялна. Хааяа хэн нэгний нударганаас зайлж амжилгүй уруулаа сэт цохиулж, дүрэмт хувцас маань энд тэндээ цусанд будагдана. Үүнийгээ хөлбөмбөг тоглож завааруулсан юм шиг шавхайгаар өнгөлөн далдалдаг байж билээ. Их завсарлагаа бол жинхэнэ оргил цаг. Харин хичээл бол тоглолтын хоорондох чимээгүй ертөнц байсан.

Хичээлдээ би сайнгүй байсан. Кардинал Хинэнд дундаж сурлагатайд нь тооцогддог байв. Хичээл бүрт л ямар нэг ойлгохгүй зүйл заавал гарна. Ялангуяа математикийн хичээлд суух. давтах маш дургүй. Гэхдээ англи хэлний хичээлд гайхалтай сайн заадаг багшийнхаа ачаар сайчуулын нэг нь болж чадсан. Би зохион бичлэг хийх их дуртай. Нэгэнтээ “Хэзээ нэгэн цагт би дэлхийн аварга болно” гэж бичиж байв. Энэ мэтчилэн үг холбон бичих нь миний хобби байсан. Бас ном унших дуртай. Миний хамгийн дуртай ном “Of Mice and Men”***. Энэ бол гайхалтай, сэтгэл хөдөлгөсөн эмгэнэлт зохиол юм. Би энэ номыг урагдаж салбайтал нь олон удаа уншсан. Ой ухаандаа яг л кино үзэж байгаа юм шиг төсөөлөн боддог байв. Дунд сургуулийн улсын шалгалт өгөхөд би англи хэлэндээ С авч, зургаан хичээл дээр D. хоёр хичээл дээр Е авч байлаа.

Миний энэ бүх зүтгэл, хөдөлмөр нэг л зүйлд чиглэгдсэн байсан. Энэ бол миний цорын ганц мөрөөдөл. зорилго хөлбөмбөг юм.

*- Соrоnаtion Street-1960 оны арванхоёрдугаар сарын 9-нөөс эхэлсэн. Ирэх оны нэгдүгээр сард 7000 дахь анги нь гарах Их Британийн хамгийн олон үзэгчтэй савангийн дуурийн нэг
**-ЕаstEnders-1985 оны хоёрдугаар сарын 19-нд эхэлсэн Английн хамгийн олон үзэгчтэй цуврал
***-Нобелийн шагналт зохиолч Жон Штейнбекийн зохиол

GD Star Rating
loading...
Стивен Жеррард /цуврал хэсэг 2/ - Нэгдүгээр бүлэг, 6.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

14 Сэтгэгдэл

  1. javhaa.t says:

    tiiimeee ene er bol ugaasaa liverpooliin toloo zayagdsan hvn bich gesen kkkkk good luck liverpool and S.Gerrard

    GD Star Rating
    loading...
  2. c says:

    Steven Gerrard bol hamgiin togs toglogch. go go liverpool. torres irheer manaihan dahij ylagdahgui bas tencehgui

    GD Star Rating
    loading...
  3. Naraa says:

    Goy yumaa. Ingej moglogchiin tuhai medeelel bichij baival bur ih bayarlana shu.

    GD Star Rating
    loading...
  4. bold says:

    thanks. good luck sportnews.mn

    GD Star Rating
    loading...
  5. bold says:

    ingehed huu mini tsaash ni yagaad gargahgui bgaa yumb dee?
    tanaih ugaasaa l tawan tsagarigtai gereetei biz dee? shuud awaad l tawiach. humuusiig ih huleelgej bna. gogo deer bgaagaas ni 6r heseg hurtel unshchihsan humuus tsaash ni unshihiig husch bgaa bh.
    harin tanaih gogo g guitsehgui yum. sonin harah zawgui humuus ih bgaa.
    ehelsen ajlaa duusga huu mini

    GD Star Rating
    loading...
  6. sEKe says:

    Би Liverpool-ыг дэмждэггүй ч гэсэн дэндүү гоё түүх юмаа. Үргэлжлэлийг тэсэн ядан хүлээж байяа.

    GD Star Rating
    loading...
  7. seka says:

    Гоё түүх юмаа. Үргэлжлэлийг тэсэн ядан хүлээж байна.

    GD Star Rating
    loading...
  8. Totti says:

    bi ene nomiig tavan tsagirag soninoor unshdag…. Uneheer goy…

    GD Star Rating
    loading...
  9. Totti says:

    ushuu nemehguin bhdaa

    GD Star Rating
    loading...
  10. Totti says:

    odoo tavan tsagirag deer Liverpooliin undsen bureldehuund bagttsan yavjiigasht

    GD Star Rating
    loading...
  11. Бид ойлгож байгаа. Сонин хүрдэггүй. эсвэл зориудаар худалдан авч унших завгүй олон хүмүүс байгаа гэдэгт итгэлтэй байгаа.

    Аль болох хурдан оруулахыг бодноо.

    GD Star Rating
    loading...
  12. bold says:

    bi oird tanai saitaar orsongui. owoo ih buleg nemegdsen bgaa gej bodoj blaa. getel yu ch nemegdeegui bh yum. ta nar ih ajiltai bdag bh l daa. oilgoj bna. gehdee arai ch dee iimhen yumiig shiweed oruulchihaj amjihgui bna gej uu? saitand ordog humuusiinhee toog bagasgah geegui l yum bol hurdan oruul l daa

    GD Star Rating
    loading...
  13. aliv says:

    ushuu olon iim nom taviarai! mash ih taalagdaj bn!

    GD Star Rating
    loading...
  14. goy goy says:

    wooooooooooooooooow uneheer gaihaltai dahin dahin talarhay sportnews

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: