loading...
Петер Жеймс Крaуч нь 1981 оны нэгдүгээр сарын 30-нд Английн Маклесфилд хэмээх 5 түмэн иргэнтэй жижигхэн хотноо төржээ. Тэрээр өнөөдрийн байдлаар Английн шигшээ болон Премьер лигд тоглож байгаа хамгийн өндөр биетэй тоглогч бөгөөд 6 фут 7 инч (2.01 м) өндөр, 70 кг жинтэй. Өндөр залуу маань одоогоор загвар өмсөгч Эбби Клэнситэй үерхэж байгаа аж.
Клубын карьер
Бяцхан Краучийг Чеширийн Маклесфилд хэмээх жижигхэн хотод төрсний дараа Краучийнхан гэр бүлээрээ өмнө зүг нүүж, Лондон хотод суурьшжээ. Гэвч тэднийх нийслэлд удсангүй. Петер хүүг дөрвөн нас хүрэх үед тэднийх дахин нүүв. Энэ удаа хилийн дээс алхаж, дорно, өрнийн соёлын уулзвар, Азийн эдийн засгийн томоохон төв, Сингапурт ирлээ. Арслан хотод Краучийнхан удсангүй. Нэг жилийн дараа тэднийх будант Альбионы нийслэлдээ буцан ирсэн байна. Петер багаасаа л хөлбөмбөгчин болохыг туйлын их хүсдэг байсан ба 10 настайгаасаа хөлбөмбөгийг өөрийн амьдралынхаа салшгүй хэсэг хэмээн үзэх болжээ. Хүүхэд байхдаа эцгийнхээ дэмждэг Челси багийн тоглолтыг үздэг байв. Хожим нь үүнийг үл харгалзан Ливерпуль багийн албан ёсны сайтад түүнийг багадаа Күйнс Парк Ренжэрс клубийн үнэнч фен байсан гэж бичих болсон байна. Ханвеллийн Драйтон Манор дунд сургуульд байхдаа буюу 1998 оны долдугаар сарын 2-нд 17 настайдаа Тоттенхем Хотспарс багтай мэргэжлийн хөлбөмбөгчний гэрээ байгуулж, уг багийн залуучуудын багт тоглох болов. Гэвч түүнийг нэг ч тоглолтонд оролцуулалгүйгээр бусад клубууд рүү зээлхээр болж, 2000 оны зун Далвич Хамлетэд, удалгүй Шведийн ИФК Хасслхольм клубуудэд зээлээр тоглуулжээ.
Портсмутад
2000 оны долдугаар сарын 28-нд Тоттенхем Краучийг Күйнс Парк Ренжэрс клубт 60,000 паундаар худалдав. Тэрээр шинэ багтаа хурдан дасан зохицож, эхний улиралдаа 10 гоал оруулсан ч баг нь нэгдүгээр лигээс доош унав. Доошоо унаш буй Ренжэрс клуб өөрийн санхүүгийн алдагдлаа багасгахын тулд олон шилдэг тоглогчдоо арга буюу зарах болов. Ренжэрсүүд Тоттенхемээс авсан үнээ 20 дахин нугалан Портсмут клубт 1.25 сая паундаар худалдсан байна. Крауч Портсмутын нэрийн өмнөөс лигийн 37 тоглолтонд оролцож, Роберт Просинекийн удаа дараалсан оновчтой дамжуулалтуудыг чулуу болгосноор 17 гоал оруулж, багаа дивизионыхоо дээд хэсэгт багтахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
Астон Виллад
2002 оны гуравдугаар сард Премьер лигийн Астон Вилла клуб Петер Краучийг 5 сая паундаар өөрийн болгож авчээ. Виллад ирсэн анхны тоглолтондоо гоалдан, Ньюкасл клубтэй тэнцүүлж өөрийгөө хэрэгтэй хүн гэдгээ харуулав. Уг улиралд 7 тоглолтонд оролцсны 2-т нь гарааны бүрэлдэхүүнд багтжээ. Хэдий тийм боловч 2002-2003 оны улирлын дараа Астон Вилла дахь түүний байр суурь улам бүр багасах болов. Нэгдүгээр багт багтахаа байсан Крауч 2003 оны есдүгээр сараас арванхоёрдугаар сар хүртэл доод лигийн Норвич сити багт зээлээр тоглох болов. 15 тоглолтонд оролцохдоо 4 гоал оруулж, Норвичийн хөгжөөн дэмжигчдийн хайр хүндэтгэлийг хүлээх болсон байна. Тухайлбал, энэ үед Норвичийн фенүүд түүний тухай “тэр горзгор, тэр чөргөр, Тэр бол хүчирхэг гоалын машин…” хэмээн дуулцгаах болжээ. Валсалл багыг 3-1 харьцаатай хожсны дараа түүнийг Норвич баг өөрийн болгохыг хүсч санал тавив. 3 сарын зээлийн хугацаа дуусахад Астон Вилла түүнийг эргүүлэн дуудаж, Лейсестер багийн эсрэг тоглолтонд оруулж, дараа нь Миддлесборо, Болтон багуудын хаалганд гоал оруулснаар өөрийн байр сууриа олж авчээ. Норвич сити баг 2003-2004 оны улиралд Кока Кола чэмпионшипт түрүүлсэн бөгөөд Краучид аваргын медаль олгожээ. 2004 оны зун Краучийг 2 сая паундаар Саутхэмптон багт худалджээ. Шинэ багтайгаа 4 жилийн гэрээ байгуулав. Крауч Астон Виллагийн бүрэлдэхүүнд багтан тоглох хугацаандаа Премьер лигийн 37 тоглолтонд оролцож, 6 гоал оруулсан билээ.
Саутхэмптонд
Крауч анхандаа Жеймс Беттие, Кевин Филлипс нарын сэлгээний довтлогчоор тоглодог байсан бөгөөд шинэ дасгалжуулагч Харри Реднапп Беттиег зарснаар гарааны тоглогч болох боломжтой болов. Реднаппын төлөвлөгөөгөөр Саутхэмптон багийн бүх довтолгооны комбинацын амин сүнс нь 2 метр өндөр довтлогчид төвлөрөх болов. Дасгалжуулагчийн төлөвлөгөөний дагуу доод дивизион руу унах аюулаас мултрах зорилготой олон тулалдаануудыг хийж, Крауч нилээд олон гоал хийв. Ливерпуль багийг гэртээ хүлээн авч тоглоход оруулан улмаар баг нь 2-0 –ээр хожиж, Арсеналтай 1-1 харьцаатай тэнцэж, Миддлэсборог нутагт нь 1-3 –аар бут ниргэхэд оруулсан Краучийн гоалуудыг Саутхэмптоны фэнүүд өнөөг хүртэл дурсан санадаг. ФА цомын хасагдах шатны тоглолтуудын үеэр өөрийн хуучин клуб, Саутхэмптоны гол ривал Портсмуттай таарч, улмаар Пенальти цохин гоалдаж багаа ялалтанд хүргэсэн байна. Түүний ур чадвар хэрхэн өсч байгааг ажигласан Английн шигшээгийн дасгалжуулагч түүнд эх орныхоо нэрийн өмнөөс тоглохыг санал болгов. 2004 – 2005 оны улиралд Саутхэмптоны нэрийн өмнөөс 33 тоглолтонд оролцож, 16 гоал оруулсан ч Премьершипээс баг нь унах нь нэгэнт тодрхой болжээ. 2005 оны зун Ливерпуль баг Саутхэмптон багт 7 сая паунд төлж, горзгор залуутай 4 жилийн гэрээ байгуулсан байна.
Ливерпульд
Крауч хотон шувуунуудын нэг болсон эхний сарууддаа огт гоалдаж чадахгүй байсан нь түүнийг хэвлэлийн шуугианы гол байнуудын нэг болгоход хүргэж, түүнд маш хүнд дарамт учруулах болов. 4 сарын турш 18 тоглолтонд оролцохдоо ганц ч гоал оруулж чадсангүй. Түүний ур чадвар, бөмбөг эзэмшилт нь өдрөөс өдөрт сайжирч байсан ч клубтээ гоалаар бэлэг барьж чадахгүй л байв. Нэг л мэдэхэд түүнд “Бөмбөгөнд сайн хүрдэг том залуу” гэсэн хоч ирсэн байв. Ливерпулийн фэнүүд түүнд зориулан шинэ дуу зохиож, аялцгаах болжээ. “Тэр том, Тэр улаан, орноос нь түүний хөл цухуйдаг, Петер Крауч, Петер Крауч…..” гэцгээх болов. 2005 оны 12 сарын 3-нд Виган Атлетик клубын хаалганд бөмбөг оруулснаар түүний эцэс төгсгөлгүй мэт үргэлжилж байсан гоалгүйдэл нь төгсгөл болов. Энэхүү гоалаа өөрийн багын анд Даррен
Макгёрлд сэтгэлийн дэм үзүүлэхийн тулд зориулжээ. Яг үнэндээ хамгийн эхний гоалыг нь автогоал гэж үзсэн ч тэрээр уг тоглолтонд дахин нэг гоал оруулснаар албан ёсоор гоалдсан гэж тэмдэглүүлсэн байна. Энэ гоалын дараа зарим хүмүүс түүний хэвийн бус өндөрөөр нь гоочлон “эрэмдэг хүн” хэмээн хочлох болжээ. Тэрээр энэ улиралд хэд хэдэн гоал оруулсны дотор ФА цомын тавдугаар шатанд Манчестер Юнайтедын эсрэг гоалдсан нь ялалтанд хүргэж, Дэлхийн II дайнаас хойш уг тэмцээнд Манчестерийг Ливерпуль клуб анх удаагаа дийлсэн явдал болов. 2006 оны тавдугаар сарын 13-нд ФА цомын финалд Вестхэмийн эсрэг тоглож, багийн хоёр дахь гоал буюу ахлагч Жерардын гоалын чухал дамжуулалтыг хийж, улмаар баг нь ялалт байгуулсан байна. Гурван сарын дараа шинэ улиралын нээлтийн өмнөх ФА коммьюнити шийлдэд Лигийн аварга Челситэй ФА цомын аварга Ливерпуль тоглон, улмаар 1-2 хожиход хожлын гоалыг горзгор залуу маань мөргөн оруулжээ. 200-2006 оны Аваргуудын лигийн үеэр Крауч Европын тавцанд анхны гоалаа оруулав. Энэ улиралд тэрээр Ливерпулийн бүрэлдэхүүнд багтснаас хойших лигийн анхны дублиэ Ватфордын эсрэг хийсэн ч сарын дараа Шеффилд юнайтед багийн эсрэг тоглож байхдаа хамраа хугалж, дараагийн хэд хэдэн тоглолтонд сэлгээгээр тоглож байсан ч гэмтэл нь сэдэрч, мэс засал хийхээс аргагүйд хүрч арга буюу бүтэн сар өнжив. 2007 оны 3 сарын 31. Гэмтлээс дөнгөж эргэж ирсэн Крауч Арсеналын эсрэг тоглолтонд гарч Ливерпулийн нэрийн өмнөөс анхны хэттрикээ оруулж, баг нь 4-1 –ээр хожив. Тэрээр баруун, зүүн хөлөөрөө тус бүр нижгээдийг, толгойгоороо дахин нэгийг оруулсан тул “Төгс Хэт-трик” хэмээн болжээ. 2007 оны УЕФА-ийн аваргуудын лигийн финалын тоглолтонд Хавиер Машераногоор сэлгэгдэн орж тоглож байв. 2006-2007 оны улирал түүний хувьд амжилтаар дүүрэн байж, нийт 18 гоал оруулсан нь Ливерпуль клубын улирлын бүх тэмцээний мэргэн буучаар шалгарахад хангалттай байжээ. 2007-2008 оны улирал эхэлхэд шинээр довтлогч авсан Ливерпуль клубын гараанд гарах боломж хязгаарлагдах болсон ч Аваргуудын лигийн сонгон шалгаруулалтын шатанд Тулуз клубын хаалганд гоал оруулан багаа ялалтанд хүргэсээр л байв. Хэсгийн тоглолтын үед Бешикташыг Ливерпуль 8-0 -дэхэд эхний болон сүүлийн гоалуудыг оруулан Аваргуудын лигийн сүүлийн арван тоглолтонд 8 гоал оруулсан ховорхон амжилтуудын нэгийг тогтоожээ.
Портсмутад эргэн ирсэн нь
2008 оны долдугаар сарын 7-нд Английн шигшээ багийн довтлогч Пeтер Крауч 11 сая паундын үнээр худалдагдан ФА цомыг эзэмшигч Портсмутын бүрэлдэхүүнд орох болсныг мэдээллийн хэрэгслээр дамжуулан өөрийн биеэр мэдэгдэн, 7 сарын 11-нд эмчийн үзлэгээр орж, албан ёсоор Портсмутын бүрэлдэхүүнийн нэгэн хэсэг болсноо зарласан байна. Гэхдээ Ливерпуль багт 9 сая паунд бэлнээр төлж, улиралд хүрэхээр зорьж буй төлөвлөгөөний
биелэлтээс хамааруулан нэмж 2 саяыг төлөх учиртай байв. Портсмутын дасгалжуулагч Харри Реднапп Краучид ихээхэн итгэл хүлээлгэж байгаагаа илэрхийлэн 9 дугаарыг түүнд өгчээ. Портсмутын нэрийн өмнөөс дахин тоглосон Премвер лигийн 3 дахь буюу Гуудисон паркт Эвертонтой хийсэн тоглолтондоо Крауч анхны гоалаа хийв. Портсмутын зарим фенүүд Норвич болон Ливерпулийн дуунаас хуулбарлан өөрийн хуьилбарыг бий болгож, “Тэр том, тэр цэнхэр, түүний найз охин ч амттай шүү бас, Петер Крауч, Петер Крауч!” гэх болжээ.
Олон улсын түвшинд
Залуусын багт
1999 оны Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Английн 21-ээс дооших насны шигшээ багт Стюарт Тэйлор, Эшли Коул, Эндрю Жонсон болон Мэтью Этерингтон нарын хамтаар багтан оролцсон байна. Гэвч Английн баг амжилт муутай оролцож, гурав тоглохдоо нэг ч гоал оруулж чадалгүй тэмцээнээ дуусгажээ. Удалгүй Дэвид Платтын 21-ээс дооших насны шигшээ багт багтан, 2002 онд Швейцарьт болсон Европын залуучуудын аваргад оролцон финал хүртэл амжилттай оролцож, нэг гоал оруулсан байна.
Үндэсний шигшээ багт хүрэх зам
2005 оны тавдугаар сард Английн хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Свен-Горан Эрикссон түүнийг өөрийн багтаа дуудаж, АНУ-д хийх аялан тоглолтод оролцуулсан бөгөөд Крауч шигшээ багийн дебют тоглолтоо Колумбын эсрэг хийв. 2006 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулах шатны 2 тойргийн тоглолтонд оролцсон ч сүүлийн тоглолтын үеэр тэрээр маш муу тоглосон тул Английн хөгжөөн дэмжигчид нь түүнд дүргүйцэн шүгэлдэцгээсэн гэдэг. 2006 оны гуравдугаар сарын 1-нд Уругвайтай хийсэн тоглолтонд Английн шигшээ дэх анхны гоалаа оруулж, улмаар баг нь 2-1 –ийн харьцаагаар хожжээ. Крауч хэсэг хугацааны турш өөрийн өмсгөлийнхөө цээжин дээ №21 дугаартай, нуруун дээрээ №12 дугаартай байсан юм. 2006 оны тавдугаар сард Крауч ФИФА 2006 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Англи улсыг төлөөлөн оролцох 23 тоглогчийн тоонд орсон бөгөөд Уэйн Руунийгийн хөлний гэмтэл эдгэх эсэх нь эргэлзээтэй байсан үед багийн чухал хэсэг болно хэмээн нэрлэгдэх болжээ. Тавдугаар сарын 30-нд Дэлхийн цомын өмнөх нөхөрсөг тоглолтод оролцож Унгарыг 3-1 харьцаатай хожиход төгсгөлийн гоалыг оруулсан байна. Энэ гоалыг оруулсныхаа дараа робот брейк бүжиж үзүүлсэн нь олонд алдаршсан юм. Зургадугаар сарын 6-нд Ямайкын эсрэг тоглохдоо хет-трик хийж, 2006 оны дэлхийн варгын тэмцээний өмнөх 3 тоглолтонд 5 гоал оруулсан хэмээн тэмдэглэгджээ.
Герман – 2006 ДАШТ
Хүн төрөлхтнийг тэр чигээр нь бүтэн сарын турш зугаацуулдаг Дэлхийн цомын тэмцээнд Английн шигшээ багийн довтолгооны шугаманд алтан жаал Майкл Оуэнтай хамт горзгор залуу П.Крауч гарах болов. Эхний тоглолтоо Парагвайн эсрэг хийж, Англичууд 1-0 харьцаагаар хожиход Крауч багагүй тус хүргэж, Тринидад-Тобаготой хийх хоёр дахь тоглолтонд гараанд гарах эрхээ баталгаажуулсан байна. Уг тоглолтонд Крауч гоалдав. Хэсгийн гуравдахь тоглолтонд Уэйн Рууний гэмтлээс эргэн ирж, Оуэний хамтаар гараанд гарч,
Петер аргагүй сэлгээнд суув. Оуэн гэмтэж, сэлгээгээр Крауч гарч ирсэн ч тоглолтонд төдийлөн нөлөө үзүүлсэнгүй. Хасагдах шатны эхний тойрогт Англичууд Эквадорын шигшээ багтай таарахад дасгалжуулагч Свен Горан Эрикссон гарааны бүрэлдэхүүнд огцом өөрчлөлт хийж, нэг довтлогчтой хувилбарыг сонгож, Краучийг сэлгээнд суулгав. Дараагийн шатанд Рууний Улаан хуудас авч хөөгдөн, Крауч Жо Коулаар солигдон тоглосон байна. Евро 2008 сонгон шалгаруулах шат Свен Горан Эрикссоныг залгамжлан Английн шигшээг удирдах болсон Стив Макларений шигшээ багийн салшгүй нэг хэсэг нь П.Крауч байв. Шинэ дасгалжуулагчийн анхны тоглолт Грекийн эсрэг байсан бөгөөд Англичууд 4-0 харьцаагаар бут ниргэхэд өндөр залуу хос бөмбөг оруулсан билээ. Дараагийн учраа Андоррагийн хаалганд Крауч дахин хос бөмбөг чихэв. Энэ гоалыг оруулснаар нэг хуанлийн жилд 10 гоал оруулсан Английн шигшээгийн анхны довтлогч болсон байна. Македоныг хожсон тоглолтонд түүний өндөр бие маш чухал үүрэг гүйцэтгэж, баг нь 1-0 харьцаагаар ялалт байгуулжээ. Ливерпулийн нэрийн өмнөөс тоглож байхдаа хамраа гэмтээсэн нь түүнийг шигшээгийн чухал хоёр тоглолтонд орох боломжгүй болгож, Улмаар Английн шигшээ цаашид шалгарч чадаагүй юм.
Шагналууд
- Норвич багт
- 2003–04 Кока кола чэмпионшип аварга
- Ливерпульд
- Аварга
- 2006 ФА цом
- 2006 ФА коммюнити шийлд
- Дэд аварга
- 2005 Клубуудын дэлхийн аварга
- 2007 Аваргуудын лиги
Түүний хоч
“Краучие” гэх хоч нь нийтэд түгсэн ч хөгжөөн дэмжигчид болон Английн хэвлэл мэдээллийнхэн “Робокрауч” эсвэл “Краучиньо” хэмээн нэрлэх явдал байдаг. Краучиньо гэх нэр нь португаль хэлний “бяцхан Крауч” хэмээх утгыг агуулдаг байна. Зарим ТВ-ийн хөтлөгч нар “Ноён Робот”, “Ягаан Ирвэс” хэмээн хочлох нь бий.
loading...




Cайн байна уу? Та бүхнээс саяны клубуудын дэлхийн аваргийн GAMBA OSAKA vs MANCHESTER UNITED-ийн тоглолтын бичлэгийг татахаар оуулж өгч туслана уу гэж хүсч байна.
loading...
dajgui toglogch bna shuu daanch ondor ym daa
loading...
Mongold Arsenaliin fan club baidag yum uu ?
loading...