loading...
Нэрийн хуудас
Бүтэн нэр Леонардо Насименту де Араужу. 1969 оны есдүгээр сарын 5-нд Бразилийн Нитеруа хотод төрсөн. Довтлох чиглэлийн хагас хамгаалагч
Тоглож байсан багууд:
1987-1990 Фламенго (Бразил) 168 тоглолт (7 гоол)
1990-1991 Сан-Паулу (Бразил) 40 (11)
1991-1993 Валенси (Испани) 71 (26)
1993-1994 Сан-Паулу (Бразил) 15 (3)
1994-1996 Кашима Антлерс (Япон) 49 (30)
1996-1997 Пари-Сен-Жермен (Франц) 32 (7)
1997-2001 Милан (Итали) 114 (46)
2001-2002 Сан-Паулу (Бразил) 12 (4)
2002 Фламенго (Бразил) 8 (3)
2002-2003 Милан (Итали) 3 (1)
Бразилийн шигшээд 1990-2002 оны хооронд удаа 60 тоглож, 18 бөмбөг оруулсан.
Амжилт:
1994 оны дэлхийн, 1997 оны “Copa America”, “Confederations Cup” тэмцээний аварга. Мөн “World Cup-98”-аас мөнгөн медаль хүртсэн. Клубийн түвшинд 1987, 1991 оны Бразилийн, 1996 оны Японы, 1999 оны Италийн аварга болж, 1990 оны Бразилийн цом, 1993, 1994 оны “Recup”, 1993 оны Өмнөд Америкийн супер цом, 1993 оны Тив хоорондын цом, 2003 оны Италийн цомд тус тус түрүүлсэн.
Ромарио, Роналдо, Мальдини, Ривалдо нарын шилдгүүдтэй олон жил мөр зэрэгцэн тоглож цөөнгүй шагнал, цом авсан түүнийг хэзээ ч супер од гэж нэрлэж байсангүй. 17 настай Леонардо мэргэжлийн хөлбөмбөгчний анхны тоглолтоо 1987 онд “Фламенго”-гийн бүрэлдэхүүнд хийжээ. Удалгүй түүнд “Сан-Паулу”-гаас урилга ирсэн аж. Тэр үед тус багт шүтээн Зико нь төдийгүй Бебето, Рай нар тоглож байсан тул Леонардо эргэлзэх юмгүй саналыг хүлээн авсан байна.
Нутгийнхаа шилдэг багуудад тоглохдоо мужийн болон улсын АШТ, Бразилийн цомд түрүүлсэн бөгөөд Европт хүчээ сорихоор шийдэж 1991 онд “Валенси”-г зорилоо. Испанид хоёр улирал тоглоод “Сан-Паулу”-д эргэн ирж, нэг жилийн гэрээ үзэглэжээ. Эл богинохон хугацаанд Тив хоорондын цомд түрүүлэн шигшээдээ багтаж 1994 оны ДАШТ-д оролцсон юм. Дасгалжуулагч Паррейра залуухан Роберто Карлосыг авч явах уу, эсвэл харьцангуй туршлагатай Леонардог шигшээдээ багтаах уу хэмээн удаан тээнэгэлзсэний эцэст Леог сонгосон гэдэг. Ингэснээрээ алдаагүйг түүх гэрчилнэ.
“АНУ-94”-т түрүүлснийхээ дараа тэрбээр наран ургах зүгийн Япон орон руу одож “Кашима Антлерс”-т өөрийн найз-шүтээн Зикотой мөр зэрэгцэн тоглох боллоо. 1996 онд дахин Европт хөл тавив. Түүний энэ удаагийн сонголт нь “Пари-Сен-Жермен” байсан бөгөөд ганцхан улирал болохдоо авъяас чадвараа хангалттай нотолсон учир 1997 оны зун Италийн алдарт “Милан” баг түүнийг 8.5 сая еврогоор үнэ цохин авсан юм.
Леонардо “Милан”-ы бүрэлдэхүүнд анхны тоглолтоо 1997 оны есдүгээр сарын 13-нд “Лацио”-гийн эсрэг хийсэн бөгөөд “А сери”-д нийт 97 тоглолтод оролцохдоо 22 гоол оруулсан аж. 2001-2002 оны хооронд төрөлх “Фламенго” болон “Сан-Паулу”-гаар “хэссэн”-ий эцэст “Милан”-д буцаж ирсэн байдаг. Гэвч формоо алдсан Леонардог багийн удирдлага ердөө гуравхан тоглолтод оролцуулжээ. Түүний нэгэн ярилцлагыг толилуулъя.
-Та Бразил, Франц, Испани, Япон, Италийн лигүүдэд тоглож үзсэн. Тэдгээрийн онцлог, ялгааг нь хэлнэ үү?
-Хамгийн хэцүү нь Италийн лиг байсан. Гэхдээ кальчо үзүүш муутай. Миний бодлоор хамгийн гоё хөлбөмбөг нь Бразилийнх. Яагаадыг мэдэхгүй. Бразилд Итали шиг үр дүнг чухалчилдаггүй. Испанийн лиг 90-ээд оны дунд үеэс саяхныг хүртэл хамгийн шилдэг нь байсан. Харин Францын хөлбөмбөг европ, латин америк, африк хэв маягийг хослуулсан, хурдан дээр тулгуурладаг боловч чанараараа Итали, Испани, Английн лигт хүрэхгүй. Тэгвэл Японд хөлбөмбөгчдийг маш хүндэтгэдэг нь надад гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн.
-Улсаас улс дамжин нүүдэллэхэд хэцүү байдаг уу?
-Би гурван тивийн таван улсад амьдарч үзсэн. Гаднаас нь харахад амьдралын хэв маяг, уламжлал, сэтгэлгээ нь өөр мэт боловч эцсийн эцэст бүгд л сайхан амьдрах ганцхан зорилготой. Бразилчууд найрсаг ард түмэн учраас хаана ч амьдарсан ч хэл сурч, найз нөхөдтэй болохыг эрмэлздэг. Тэр утгаараа нүүдлийн амьдрал надад хэцүү байгаагүй.
-1994 онд дэлхийн аварга болсныхоо дараа олон том багаас санал ирж байхад тоолгүй яагаад Япон руу яваад өгсөн юм бэ?
-Над руу Зико утсаар ярьж, ирж тоглохыг ятгасан юм. Тэнд мартагдашгүй хоёр жилийг өнгөрүүлсэндээ баярладаг. Тэр үед Японд хөлбөмбөг дөнгөж хөгжиж эхэлж байсан болохоор тоглолт болгон дүүрэн үзэгчтэй, халуун дулаан уур амьсгал дунд болдог байсан. Түүний ачаар Японы хөлбөмбөг багагүй хөгжсөн. Өнөөдөр Азийн энэ улсаас цөөнгүй тоглогчид Европын багуудад алба хашиж байна шүү дээ.
-Японд сайхан байжээ. Гэтэл яагаад буцаад Европыг зорих болов?
-Шилдэг багийн бүрэлдэхүүнд, хүчтэй лигт хүчээ сорих хүсэл маань дийлсэн. Нөгөөтэйгүүр ДАШТ-д оролцож, хоёр дахиа аваргалахыг туйлаас хүсч байлаа. “ПСЖ”-г сонгосны учир гэвэл тэд Евро цомын тэмцээнүүдэд жил бүр амжилттай оролцдог, бразилчуудын хувьд идээшихдээ амархан байдаг.
-Дараа нь “Милан”-д дөрвөн жил болсон. Таныг энэ багт л зодог тайлах нь гэж боддог байлаа. Гэвч…
-Милан бол сайхан хот, клуб нь дэлхийд шилдэгт тооцогддог. Би анхны улиралдаа л 12 гоол хийсэн болохоор сонголтоо зөв хийжээ гэж бодож байсан. Гэвч гарыг маань ганзаганд хүргэсэн “Сан-Паулу”-д туслах нь хүнлэг ёсны шийдвэр байсан тул эх орон луугаа буцсан юм. Харин “Милан”-д зодгоо тайлахыг хүссэн учир жилийн дараа эргээд ирсэн.
-Эргэж ирэхдээ нөөцийн сандалд сууна гэдгээ мэдэж байсан уу?
-Мэдээж, Инзаги, Шевченко, Ривалдо, Руй Кошта нартай үндсэн бүрэлдэхүүнд орохын төлөө тэмцэх нь утгагүй гэдгийг ойлгож байсан л даа. Тиймээс үргэлж сэлгээнд сууж, ердөө гуравхан тоглолтод оролцсондоо гомдоогүй. Гол зорилго маань энэ агуу багт сүүлчийн тоглолтоо хийх явдал байсан.
-Албан ёсны зодог тайлах тоглолтоо яагаад хийгээгүй юм бэ?
-Би ямар Барези, Ривера, Мальдини биш. Зөвхөн тэдэн шиг агуу тоглогчид л ийм эрхийг эдэлдэг.
-Италид ирсэн авьаслаг тоглогчид нэг бол од болон гялалздаг, үгүй бол бүрмөсөн унтардагийн учир?
-“А сери” шиг хатуу чанга хамгаалалтай лигт ирсэн ямар ч шилдэг мастерт цаг хугацаа хэрэгтэй байдаг. Зарим нь үүнийг давж чаддаггүй. Жишээлбэл Ривалдо байна. “Алтан бөмбөг” авч, дэлхийн шилдгээр тодорч явсан түүнд формондоо орох хангалттай хугацаа байсан ч ашиглаж чадаагүй.
-Ингэхэд та одоо ямар ажил эрхэлж байна вэ?
-“Милан”-ы дэд ерөнхийлөгч Адриано Галлианигийн туслах. Өнөөгийн хөлбөмбөг асар том бизнес болж хувирсан учраас тоглогчид өөрийнхөө хүссэнээр байх аргагүй болжээ. Тиймээс хэн нэгэнд байнга л асуудал үүсдэг. Миний ажил бол түүнийг нь шийдэхэд туслах үүрэгтэй. Намайг тоглогч байсан, мэргэжил нэгтнүүдийнхээ зовлонг сайн ойлгох хүний хувиар энэ албанд тохоосон юм.
loading...



