loading...
1.Алт, Алт, Алт…
Бидний олимпийн аваргатай болох өнийн хүсэл нэгэн цагт их гүрний маань хаан улсаа захирч, төрөө барьж асан, өнөөгийн Бээжинд биелэх учиртай байжээ. Монголчууд олимпийн хөдөлгөөнд нэгдэж, энхийн их наадамд тоосоо өргөж эхэлсэн 1964 оноос хойш чилийсэн 44 жилийн хүлээлт “Бээжин-2008”-д эцэслэж, бүр хоёр аваргатай боллоо.
Олимпийн наадамд сонгон шалгаруулалтыг давж оролцдог болсноос хойш манайх хамгийн том багтайгаар өмнөдийг зорьсон билээ. Газар ойр болоод дагах балиашиг нь ч сүртэй. Анхны медалийг авахад хоосон буцахгүй нь гэж уужирцгаасан бол маргааш нь аварга төрөхөд ёстой л хүн болгоны магнай нь тэнийсэн.
Элдэв жагсаал цуглаан, шоу тоглолт болоход л дүүрдэг Их жанжны талбай анхны аварга мэндэлсэн тэр үдэш агшин зуур хөл гишгэх зайгүй болж, төрийн далбаагаар “давалгаалсныг” эргээд бодоход бахархалтай. Өндөр хамгаалалтын дор нарийн дэг жаягийн дагуу олны өмнө гардаг төрийн өндөрлөгүүд маань өрсөж микрофон авах гээд зүтгэж буй нь хөгжилтэй нэгэн зураглал болон үлджээ. Үүнээс арав хоногийн дараа хоёр дахь аварга, яг нэг сарын дараа Паралимпийн анхны алтан медальтан төрж, монголчуудын баяр дууссангүй.
Наадмаас алт түүх буухиаг “Бали-2008”-д элсний бөхөөр зодоглосон Т.Энх-Амгалан үргэлжлүүлсэн бол Сахад “Азийн хүүхдүүд-IV” наадамд олимп, дэлхийд өрсөлдөх ирээдүйн одод маань цөөнгүй алт шүүрсэн билээ.
2.Ард түмний хүлээсэн алтан медаль
Өнгөрч буй хулгана жил монголчууд, манай спортынхонд маш их ээлтэй байлаа. Ямар учраас гэсэн асуултад хариулах бол одоо илүүц зүйл. Манайхан ямар гавьяа байгуулсныг дэлхий мэдэх болсон. Тийм ээ. Бид 44 жил хүлээсэн “олимпийн аварга” гэдэг хэн бүхний хүсээд хүрч чаддаггүй цолыг авлаа. Гэхдээ нэг биш хоёр алтан медалийг бахдалтайгаар хүртчихсэн.
Жүдо бөхийн -100 кг-ын жинд хүч үзсэн Найдангийн Түвшинбаяр Бээжингийн олимпод төрийнхөө алтан соёмбот далбааг анхлан мандуулсан бол улмаар боксын 54 кг-д нударга зөрүүлсэн Энхбатын Бадар-Ууган итгэлтэй сайхан тоглож хоёр дахь алтан медалийн эзнээр тодорсон билээ. Монголчуудын баярын уухай, “илүү, илүү” гэсэн үг намдаагүй байхад бас нэгэн алтан медальтан тодорсон нь баяр дээр дахин баяр бэлэглэсэн. Тэр хүн бол “Бээжин-2008” паралимпийн байт харвааны төрөлд учраа болгоноо сөхрүүлсэн ОУХМ Дамбадондогийн Баатаржав байлаа. Энэ бүх медаль манайхны хувьд хулгана жил үзүүлсэн яах аргагүй бахдам амжилт.
Манай төр засаг, ард түмэн олимпийн аваргуудаа хүндэтгэн Монгол улсын хөдөлмөрийн баатар цол олгож шагнал урамшлаа ч хүртээсэн. Байгууллага, хамт олон, хувь хүмүүс баярласан сэтгэлээ илэрхийлэн буянтай гараа сунгасан. Олимпийн аваргууд маань ирж буй 2009 онд тэмцээн уралдаанд хэрхэн оролцохоо төлөвлөж байгаа нь гарцаагүй.
3.Спортод шинэчлэл үнэртлээ
Улиран одож буй оны эхэнд МҮОХ Монголын спортод шинэчлэл хийх тухай сонордуулснаар дээрх ертөнцөд өөр уур амьсгал бий болсон юм. Доктор Д.Загдсүрэн санаачилсан шинэчлэлийн зургаан зүйлт саналаа дэвшүүлэн энэ талаар олон нийтийн хэлэлцүүлэг явуулахад спортод ямар нэгэн сэжүүрээр холбоотой бүх хүн спортод өөрчлөлт хийхийн зөв зүйтэйг онцолж байв.
Энэ ч утгаараа олимпод оролцсон тамирчдын амжилт, олон улсын тэмцээнд өрсөлдөгч спортыхны үзүүлэлтэд чанарын том дэвшил гарлаа. Үүний нэг нотолгоо нь спортын анагаах ухаанд гарсан шинэчлэлтэй холбоотой билээ. Энэ чиглэлийн үйл ажиллагааны дүнд тамирчдыг шинжлэх ухааны үндэслэлтэй бэлдэх нөхцөл бий болж, тэдний амжилт үзүүлэлтийг задлан шинжлэх боломж бүрдсэн юм. Гэхдээ дээрх шинэчлэлийн зургаан зүйлээс үүдэн бий болсон хамгийн том үсрэлт бол спортод шинэ технологи, шинэлэг санаа, шилдэг боловсон хүчин ус агаар мэт хэрэгтэй болохыг хүн бүр ойлгон үүний төлөө нэг сэтгэлээр зүтгэхээ илэрхийлсэн явдал.
Энэ ч үүднээс МҮОХ-ны V чуулган дулаан уур амьсгалд өрнөж, хөгжлийн төлөөх шинэлэг шийдвэрүүдийг гаргав. Д.Загдсүрэнд эхэлсэн ажлаа үргэлжлүүлэх боломжийг олимпийн гэр бүлийнхэн олголоо.
4.Ганхуягуудын наадам
Ардын хувьсгалын 87 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны түүх 802 жилийн ойн улсын баяр наадам өнгөтэй сайхан болж өнгөрсөн. Нар хур тэгширч, зуншлага сайтай өнөө жилийн улсын наадмаар Ганхуяг нэртнүүд онцгой сайн наадсан юм. Хүчит 512 бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “АПУ” компанийн бөх Доржпаламын Ганхуяг начин урамтай сайхан барилдан түрүүлж, улсын аваргаас бусад цолтон мэндлэн ард түмний магнайг тэнийлгэсэн.
Хурдан морьдын уралдаан мөн будлиангүй сайхан явагдаж хурдан азаргын уралдаанд олны танил цуутай хурдан ажнай, тод манлай уяач Э.Эрдэнэчулууны шарга хол тасархай түрүүлж, дархан түмэн эх болсон. Мөн энэ наадмаар олон түмэндээ “Бандгай” хэмээх нэрээрээ алдаршсан Төв аймгийн Баянцогт сумын уугуул Сумъяасүрэнгийн Ганхуяг (зураг дээр) уяач онцгой сайхан наадав. Түүний уяанаас дөрвөн түрүү, долоон айраг хүртэн хурсан олныг баясгасан юм. Манлай уяач С.Ганхуягийн уясан ногоон шүдлэн хадуурсан ч түрүү магнай болж чадсан. Мөн түүний уясан гурван даага айргийн тавд хурдалж эзнийхээ магнайг тэнийлгэв.
5.Олимпийн сүрд дарагдсан монгол жюнгё
Монголчууд мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд анх түрүүлсэн нь саяхан. Тэгвэл одоо зүүн, баруун жигүүрийг нь манлайлах хоёр аваргатай, тэдний ард зогсох арслантай болоод байна. Макүүчи, жюүрёод зодоглох цолтнуудыг нь тоолоход бэрх болж. Арлын орны мэргэжлийн спортын дэвжээ монголчуудын өрсөлдөөний талбар болж, энэ дундаас монгол биш хүн түрүүлэх нь сонин содон харагдах. Энэ онд л гэхэд Тамаваши, Дайюүбү, Шёотэнро нарын бөхчүүд цолтны эгнээг өргөжүүлж, Хакүба болон хоёр Мөнх-Оргил дээд зиндаанд гарсан байх юм. Мөн хоёр аварга маань оны эхний хоёр тэмцээнд дараалан сүүлийн өдөр ижил даваатай босч түрүү булаацалдсан нь сүмогийн түүхэнд ховорхон тохиох үзэгдлийн нэг болсон.
Мэргэжлийн сүмод монголчууд ийн гойд амжилттай барилдаж буйгаас үүдэн “дарангуйлагчдын” эх нутагт нь үзүүлэх барилдаан хийх зайлшгүй шалтгаан урган гарсан. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Монголд жюнгё хийх талаар анх сөхөгдсөн ч биелж амжаагүй ба өнгөрсөн онд Монголын хоёр дахь аварга төрсөн нь энэ асуудалд түлхэц болсон билээ.
Ингээд олимпийн наадмын дараа их сүмогийн бөхчүүд хоёр онгоц хөлөглөн манай оронд хөл тавьж, хоёр өдөр Улсын циркийг эзэгнэлээ. Гэвч олимпийн их амжилтад хөөрсөн монголчууд олон тохиохгүй онцгой энэ арга хэмжээг төдий л анзааралгүй өнгөрөөсөн. Даруухан болсон “Монгол жюнгё”-д нутгийн хөвгүүд өдөр тус бүрийн барилдаанд шөвгийн найман бөхийн зургааг нь авч, Асашёорюү, Хакүхо нар түрүүлэн, түрүүгээ гадныханд алдахгүйгээ баталсан.
6.Маш олон болох болтугай!
Монголын тамирчид олимпийн дэвжээнд “дураараа дургисан” 2008 онд Монголын спорт ч чамгүй урагш алхлаа. Тэр тусмаа бүтээн байгуулалт. Монгол орны хаа сайгүй шинэ барилгын суурь тавьж, цөөнгүй нэг нь ашиглалтад орж буйн “сүүдэр” Монголын спортод туссан нь тэр.
Ерөнхийлөгчийн “хаялгаар” Буянт-Ухаад 5000 хүний суудалтай спорт комплексийн каркас босч, Эрдэнэт, Улаанбаатарт хөлбөмбөгийн ногоон талбайг нээж, МҮОХ Спортын анагаах ухааны төвөө ашиглалтад оруулж (тэнд байрласан тамирчид хэдхэн сарын дараа олимпийн аварга болж), Олимпийн бэлтгэлийн төвийг Орхон аймагт байгуулж, өөр олон олон холбоо, спорт хороо бүтээн байгуулалтад ханцуй шамлан оржээ. Тэр дундаа Эрдэнэтийн УБҮ-ийнхний хичээл зүтгэл илүү жинтэй тул уг шинэ номинациар тэд “Бөртэ чоно” гардсан нь зүй ёсных.
Монголын спортын барилга байгууламж, заал танхим, цэнгэлдэх хүрээлэн, зам талбай бүр олон болох болтугай. Тэдгээрийн үр нөлөө хожим харагдах ч түүнийг тооцож үл барах.
7.Тэмцээн, уралдааны даллагатай жил
Монголчууд нэг үеэ бодвол спортын уралдаан, тэмцээнийг эх орондоо зохион байгуулах туршлагатай болжээ. Өнгөрсөн жил кураш бөхийн дэлхийн хүчтэнүүд, боксын Азийн шилдгүүд нийслэл Улаанбаатар хотод, Бөхийн өргөөнөө өрсөлдөж, Монголын спортын хорхойтнуудад бэлэг барьсан. Тэр уламжлал өнөө жил ч үргэлжиллээ. 80 жилийн түүхтэй Монголын волейболчид Зүүн Азийн АШТ-ийг эх орондоо зохион байгуулж, “алгадах бөмбөг”-ийн ид шидийг бидэнд мэдрүүлсэн.
“Гэрийн нохойны сүүл өөдөө” гэдэг шиг манай эмэгтэйчүүдийн шигшээ уг тэмцээнд чамлахааргүй хүч үзэж, хүрэл медаль зүүсэн билээ. Бодибилдингийн Зүүн Азийн АШТ, ширээний теннисний оюутны Азийн АШТ-ийг энд дурдаж болно. Хоёр жил тутам болдог “Ерөнхийлөгчийн цом” чөлөөт бөхийн олон улсын тэмцээн эдгээр тэмцээнээс огт дутахгүй. Өмнөхөөс чансаагаараа арай сул болсон гэсэн дүгнэлттэй тус тэмцээнээс манайхан таван алт хасаасалсан бол зочид зургаан алттай буцсан билээ.
Түүнчлэн “халз барилдаан” гэсэн монголчуудад төдий л танил бус үг хэллэг энэ оноос моодонд орлоо. Үүний салхийг жүдочид хагалсан. Манай “цагаан өмсгөлтнүүд” эхлээд ОХУ-ын эрэгтэйчүүдийн шигшээг халз тулаанд дуудаж, эх орондоо тэднийг 4:1-ээр буулгаж авсан. Үүний дараа чөлөөтийнхөн бөхийн өлгий нутаг Дагестаны шигшээг эх орондоо урьсан билээ. Бүрэлдэхүүндээ хоёр дэлхийн аваргыг багтаасан хүчирхэг Дагестантай манайхан овоо үзэж, 4:3-аар дийлдсэн билээ.
Харин олимпийн өмнөхөн жүдо бөхийн хөгжлөөр дэлхийд дээгүүр давхидаг БНСУ-ын жүдочид мөн л манайд хөл тавьж, хожигдоод буцсан. Энэ удаагийн халз барилдааны нэг онцлог нь эмэгтэйчүүд оролцсон явдал байв. Ийнхүү шилдэг тамирчдыг эх орондоо урьж, нутгийн хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө ялж гаршсан нь олимпод амжилт гаргах үндэс байсан ч юм бил үү.
8.“Алдар”-ын давамгайллаар XII спартакиад өндөрлөв
2008 онд дэлхий нийт зуны олимпийн наадамд анхаарлаа хандуулж байлаа. Тэгвэл монголчууд ч бас энэ жил өөрсдийн “олимп”-оо зохион байгуулав. Дөрвөн жилд нэг удаа зохиогддог Бүх ард түмний спартакиадыг ийн хэлсэн хэрэг. Спортын 18 төрлөөр, хагас жилийн турш өрсөлдсөн энэ удаагийн спартакиадад 21 аймгаас гадна есөн дүүрэг, таван спорт хороо, нийт 35 байгууллага тэмцэл өрнүүлэв.
Спартакиадын хамгийн сонирхолтой зүйл нь хүчний хоёр байгууллага “Алдар”, “Хүч”-ийн халз өрсөлдөөн байлаа. Эртний баялаг түүхтэй энэ хоёр спорт хороо эхнээсээ аваад эцсийн мөч хүртлээ ширүүн тэмцэж, цэргийхэн буюу “Алдар” нь цагдаа нарыг багахан оноогоор давамгайлсан. “Алдар”-ын тамирчид 18 төрлийн наймд нь түрүүлж, зургаан удаа дэд байр, хоёр удаа гуравт шалгарсны ачаар нийлбэрээр 34.5 оноотой гарсан.
Тэгвэл тэдний гол өрсөлдөгч “Хүч”-ийнхэн зургаан түрүү, найман үзүүр, гурван хүрэл медаль авч, эцсийн дүндээ 36 оноотой өндөрлөсөн билээ. Харин хөдөө орон нутгаас Орхон, Дархан-Уул, Өвөрхангайн баг тамирчид эхний гурван байрыг эзэлсэн юм.
Мөн тэмцээнийг амжилттай зохион байгуулсан холбоогоор тэшүүр, буудлага, ширээний теннис, хүндийг өргөлт, гимнастикийн холбоог тодруулав.
loading...




saihan jil bolj ongorsoon. odoo 2009 ondoo ulam iluu bh heregtei
loading...
mongol uls 2 altan medaltai bolson ni yamai da
loading...