Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бокс, Ярилцлага » Э.Бадар-Ууган: Би Монголоороо гоёдог

GD Star Rating
loading...

http://www.mongolnews.mn/upload/zurag_ts/Badar-Uugan20081229.gif2008 он Монголын спортын түүхэнд алтан үсгээр бичигдэх жил байлаа. Хүсэн хүлээсэн алтан медалиа хосоор нь гардсан монголчууд олимпийн баатруудаа хамгийн ихээр хайрлан хүндэлж байгаа билээ. “Таван цагариг” сонин алтан олимпийн жилийн сүүлчийн дугаартаа олимпийн аварга Э.Бадар-Ууганы ярилцлагыг хүргэж байна. Аварга маань цаг зав муутай байсан ч манай сонины редакцид дуртай зочилж, сонирхолтой яриа өрнүүлсэн юм.

-Юуны өмнө сониныхоо нийт уншигч, спорт сонирхогчдынхоо өмнөөс танд давхар давхар баяр хүргэж, шинэ жилийн мэнд дэвшүүлье.
-Баярлалаа.

-Саяхан болсон “Бөртэ чоно-2008” спортын оны шилдгүүдийг шалгаруулах санал асуулгын дүн гайхалтай гарч, олимпийн хоёр аваргын оноо яг тэнцлээ. Таны хувьд өөрийгөө шилдгийн шилдэг болно гэж бодож байв уу?
-Оны шилдэг болно гэж дотроо нэг их бодоогүй ээ. Цаг нь болохоор яаж гарна, тэрүүгээр болно биз гэж л бодож байлаа. Харин ноднин бол их гэгэлзсэн. Хэн нь авах бол гээд л. Энэ жил хэн нь ч яахав гэж бодсон.

-Москвад болсон Дэлхийн цомын тэмцээний үеэр Та AIBA-гийн оны шилдэг эрэгтэй боксчин болсон. Энэ шагналыг авна гэж бодож байв уу? Анх яаж сонссон бэ?
-Интернетэд ийм шагнал өгөх гэж буй тухай харж байсан. Гэхдээ яг өөрийгөө болно гэж ёстой бодоогүй. Төв аймгийн нутгийн зөвлөлийнхөн “Алтан гурвалжин” ёслол зохион байгуулж байх үед П.Сэрдамба, Д.Банди багш хоёр утасдаж оны шидэг боксчин боллоо гэдгийг анх дуулгасан. Ийм нэр хүндтэй шагнал авахад сайхан л санагдаж байлаа.

-Өнгөрч буй 2008 онд ямар тэмцээнүүдэд хүч үзэв?
-Би олимпийн эрхээ түрүүлээд авчихсан болохоор нэг их тэмцээнд ороогүй ээ. Эрхийн тэмцээн өндөрлөсний дараа Украин руу нэг тэмцээнд явж түрүүлсэн. Мөн Хабаровскт тэмцээнд орсон юм байна. Гэхдээ манайхны оролцсон тэмцээн бүхэнд очиж өөрийн болон багийнхныхаа бэлтгэл хангалцаж явсан.

-Ирэх жил ямар тэмцээнд орохоор төлөвлөөд байна?
-Хамгийн гол тэмцээн нь найм-есдүгээр сард Италид болох ДАШТ. ДАШТ-ээс өмнө тохойны гэмтлээ сайн эдгээхийн тулд Тайвань руу эмчилгээнд явах гэж байгаа. Он гаргаад явна. Тиймээс Европын цуврал тэмцээнүүдэд орохгүй байх.

-Улсын АШТ-д орохгүй юм уу?
-Гэмтлээ сайн эмчлүүлэх шаардлагатай байгаа болохоор УАШТ-д орохгүй.

-Тайваньд яг ямар эмчилгээ хийлгэх вэ?
-Дурангийн хагалгаа хийлгэнэ. Тохойны яс сэтэрчихсэн болохоор унасан бүгдийг нь түүлгэх юм билээ.

-Олимпийн наадмын тухай яриа одоо ч хуучраагүй байна. Энэ талаар жаахан ярилцах уу. Анх сугалаагаа татчихаад ямар бодол төрсөн бэ? ДАШТ-ий финалд ялагддаг Оросын С.Водопьяновтой нэг хэсэгт орсон байсан?
-Би олимпод зөвхөн алтан медаль авна гэсэн бодолтой л орсон. Олимпийн наадмын сүүлийн өдөр буюу 24-нд тэмцээнээ дуусгана даа гэж бодож байлаа. Миний хувьд жингийнхээ тамирчдыг бүгдийг нь мэднэ. Энэ дунд надаас илүү хүн байхгүй шүү гэж өөрийгөө зоригжуулж байлаа. Анх сугалаагаа харчихаад Водопьяновтай хагас шигшээд таарах юм байна гэж бодсон. Уг нь хамгийн эхний даваанд таарчихаасай гэж бодсон шүү. Аав намайг олимпод явахад “Нөгөө орос чинь байгаа шүү дээ” гэж хэлж байсан. Тэгэхэд нь “хурдхан таарах юмсан. Надтай таарах бол тэр азгүй байна гэсэн үг” гэж хэлсэн юм.

-ДАШТ-ий финалд Водопьяновт ялагдчихаад араас нь цохиод авч байгаа харагдсан. Тэр үед санаатай тэгсэн үү?
-Тэгсэн. Харин ч “дутуу” цохичихсон юм. Уг нь цаашаа хараагүй бол яг нүүрэнд нь буух байсан. Уур хүрээд байсан юм чинь. Шүүгч хоёуланг нь торгох ёстой байтал ганцхан намайг торгочихсон.

-Жингийнхэнтэйгээ рингний гадна ямар харьцаатай байдаг вэ? Таарвал мэндлэх үү?
-Нэг их яриад байхгүй ээ. Таарахаараа муухай хараад л өнгөрнө. Заримдаа харсан ч хараагүй юм шиг царайлна.

-Одоо жингийнхээ ихэнх шилдгүүдтэй гар зөрүүлээд үзчихлээ. Цаашид хаанахын боксчин илүү эсэргүүцэл үзүүлэх бол? Финалд тоглодог куба удахгүй сайжраад гараад ирэх байх даа?
-Өөрийнх нь ур чадвар тэр юм чинь нэг их сайжрахгүй байх аа. Г.Ригондогийн хоёр номероор олон жил явсан. Аль эртнээс л тоглодог байсан хүн. Гэхдээ шинэ хүмүүс дорхноо гараад л ирнэ.

-Хүрэл медаль авдаг Маврикийн боксчин хэр вэ?
-Тэр чинь ёстой хүч муутай юм билээ. Яаж медалийн төлөө гараа юм бол гэж гайхаад байгаа юм.

-Олимпод бүх л өрсөлдөгчөө илт давуу ялан түрүүлсэн. Гэхдээ энэ дундаас илүү хүч зарсан тоглолт юу байна?
-Хоёрын даваанд Ирландын боксчинтой хийсэн тоглолт хэцүү байлаа. Их хүчтэй боксчин байна лээ. Хэдийгээр би тэр тоглолтод цөөн оноо алдсан ч оноонд тооцогдохгүй олон цохилт орно. Хоёулаа хоёр талаас зэрэг цохиход би хойшоо ухарч байгаа юм чинь. Маргааш нь хамаг бие бөөн хөндүүр, босч чадахгүй өдөржин хэвтсэн.

-Таны хувьд хүч, хурдны аль нь давуу байдаг вэ?
-Аль аль нь гэж бодож байна. Хурдгүй бол цохилтод их өртөнө. Харин хүч муутай бол явахгүй. Өрсөлдөгчөө хичнээн цохисон ч доргиохгүй. Цохилт нь хүчгүй болохоор нөгөө боксчин нь зориг ороод, санаачилгыг авчихдаг. Тиймээс хоёулаа хосолж байж л амжилт гаргана.

-Медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтуудын өмнө хэр догдолж байв? Зарим нь шөнө нойр хүрдэггүй гэж ярьдаг юм билээ…
-Олимпийн үеэр их тайван байсан шүү. Өөрийгөө аль болох тайвшруулж байлаа. Тэгэхгүй, алтан медалийн төлөө тоглолт шүү гэж бодоод байвал хямраад тоглолт ч гарч өгдөггүй юм. Би Чикагогийн ДАШТ-ий үеэр яг тийм байдалд орсон. Финалын тоглолтын өмнө ерөөсөө унтаж чадаагүй. Нүдээ анихаар л нөгөө орос бодогдоод. Тэрнээсээ болж их нервтсэн.

-Тоглолтыг чинь харж байхад хөлийн ажиллагаагаар бусдаасаа ялгардаг. Энэ чадварыг яаж авсан бэ?
-Бэлтгэл сургуулилтын явцад л олж авсан юм. Сайн давтаж байж өөрийн болгоно. Гэхдээ бэлтгэл муу бол хөл дээрээ хичнээн ажилласан ч амархан ядарна.

-“Ажилчдын ордон”-д монголчууд битүү цугласан нь сайхан мэдрэмж төрүүлж байсан байх?
-Яг тоглож байх үед үзэгчдийн балиашиглах дуу сонсогддоггүй. Амарч байхдаа л тэдний дууг сонсоно шүү дээ. Өнгөрсөн олимпод Монголдоо тоглож байгаа юм шиг л мэдрэмж төрж байсан. Балиашгуудынхаа дууг сонсохоор улам сайхан болж байгаа юм чинь.

-Шүгэл дуугарч, шүүгч ялалтыг зарласны сэтгэлийн хөөрөл дээд цэгтээ тулсан биз?
-Сэтгэл хөөрөөд юу хийж байгаагаа ч мэдээгүй. Сүүлд бичлэгээ харж байхад рингэн дээр унасан байна лээ. Би тэгж унаснаа ч мэдээгүй. Тэгж бодохоор нэлээд хөөрсөн юм шиг байгаа юм.

-Олимпийн финалд ялалт байгуулчихаад камер руу хараад юу хэлээд байсан юм бэ? Дөнгөж ирчихээд байхад чинь асуухад хэлэхгүй байсан. Одоо тэр тухайгаа дэлгэвэл ямар вэ?
-Гүрээ ахын (Ш.Гүрбазар) “Би Монголоороо гоёдог” шүлгийн хэсгээс уншсан юм. Тухайн үед хамгийн түрүүнд санаанд орж ирсэн нь тэр.
Морьд эргэсэн наадмынхаа дурдан тоосоор дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр дэлхийд гоёдог
Би Монголоороо гоёдог… гээд л. Тэр үед “Монгол сак шүү” гэж хашгиралтай биш. Иймэрхүү шүлэг унших нь л зүгээр санагдсан юм.

-Сэтгэл санаа амраад сайхан болсон үе хэзээ вэ?
-Медалиа авчихаад хэвлэлийн хурал хийлгэж байх үед ёстой гоё байсан. Сэтгэл уужраад нэг л гоё. Бушуухан харимаар санагдаж билээ.

-Олимпийн дараа мэргэжлийн боксоос санал ирсэн үү? Ер нь ийм санал ирвэл ямар хариу өгөх вэ?
-Хэд хэдэн санал ирсэн. Америкаас бүр хүмүүс ирж уулзсан. Гэхдээ би одоохондоо болоогүй гэж хэлсэн. Ямар ч байсан ард түмнээ дахин баярлуулж, дараагийн олимп хүртэл өөр тийшээ хазайлгүй тууштай явах бодолтой. Харин Лондонгийн олимпийн дараа гайгүй санал ирвэл зөвшөөрч магадгүй.

-Ирсэн хүмүүс яг ямар гэрээ санал болгож байна? Ер нь мэргэжлийн бокс хэр сонирхдог вэ?
-Нарийн гэрээгээ ил дэлгээгүй. Эхний ээлжинд 1-2 тоглолт хийлгэж үздэг юм билээ. Тэгээд гайгүй бол дараа нь жинхэнэ гэрээгээ байгуулна. Би ер нь мэргэжлийн бокс үзэх дуртай. Нэг талаараа амар санагдаад байдаг юм. Бид нар нэг тэмцээнд ороод өчнөөн тоглолт хийж байхад тэдний хувьд тоглох өрсөлдөгч нь эртнээс тодорхой болчихсон байдаг. Зөвхөн нэг хүнд зориулаад 2-3 сар бэлтгэл хийдэг болохоор өрсөлдөгчөө сайн судлах боломж гарна.

-Боксоор хэдэн жил хичээллээд олимпийн аварга болов? Олон улсын тэмцээнүүдэд хэдийнээс орж эхэлсэн бэ?
-1998 онд анх боксын секцэнд орж байлаа. Г.Оюунболд багш шигшээд байхдаа намайг тэмцээнд ерөөсөө явуулдаггүй байсан юм. Миний оронд Ө.Энхбаяр ихэвчлэн явна. Би уг нь бэлтгэл дээр түүнийг хождог ч явуулдаггүй л байлаа. Тэмцээнд явуулахгүй болохоор хэцүү байгаа юм чинь. Харин 2004 онд анх олимпийн эрхийн сүүлийн тэмцээнд явсан. Тэгэхэд мөнгөн медаль авбал олимпийн эрхээ авах байсан ч би хүрэл дээр буусан юм. Хагас шигшээд Казахстаны боксчинд дөрвөн оноогоор ялагдсан. Тоглолтын өмнө намайг буугаад өгчих, мөнгө өгье гэж хүртэл хэлж байсан. Тэр үед бокс луйвар ихтэй, хэцүү байж.
-Мэдээж олимп, дэлхийгээс медаль авна гэж мөрөөдөж байсан байх. Гэхдээ ийм хурдан хугацаанд мөрөөдлөө биелүүлнэ гэж бодож байв уу?
-2004 оны Афины олимпод манайхаас У.Мөнх-Эрдэнэ ганцаараа орсон. Тэр үед би өөртөө дараагийн олимпод түрүүлнэ дээ гэж бодож байсан.

-Олимпийн аварга болсноос хойш таны амьдрал хэр өөрчлөгдөв?
-Урьдын амьдрал хэвээрээ. Долоо хоногийн зургаан өдөрт нь бэлтгэлээ хийгээд л явж байна. Гэхдээ намайг таньдаг, мэддэг хүмүүс их болсон. Хаа ч явж байсан танихгүй хүмүүс хүрч ирээд баяр хүргэж, амжилтаа бататгахыг хүсдэг. Би хувьдаа энэ их хүндлэл хайрыг дааж явахсан гэж бодно. Аль болох энгийн, өөрийнхөөрөө байхыг хичээдэг.

-Олимпийн үеэр, мөн өндөрлөсний дараа пүүс компаниуд та бүхэнд янз бүрийн шагнал өгөхөөр амлаж байсан. Хүмүүс амлалтаа хэр биелүүлж байна? Жишээлбэл “Дүнжингарав” худалдааны төв амласан сая доллараа өгсөн үү?
-Энэ мөнгөө дөрвөн жилд хувааж өгөх юм билээ. Эхний ээлжинд 100 мянган доллар өгсөн. Би саяхан “Дүнжингарав”-ын захирал Х.Наранхүү ахтай уулзсан. Тэгэхэд ямар ч байсан амлалтаа биелүүлнэ, санаа зоволтгүй гэж хэлсэн. Энэ үгэнд нь урамшаад бэлтгэлээ хийгээд байгаа. Бусад компаниудын хувьд янз янз л байна.

-Энэ бүх амлалтыг баталгаажуулаад зохих газраар нь явж, нэхэмжлэх бодол бий юу?
-Бид нар өөрсдөө тэгж яваад байх нь утгагүй байх. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагад хандаж үзээгүй юм байна.

-“Эко констракшн”-ы “Голден парк” цогцолбор “Олимпийн аваргатай хөрш амьдрах алтан боломжийг бүү алдаарай” гэж сурталчлаад байгаа. Энэ байраа өгчихсөн үү?
-Олимп эхлэхээс л өмнө алтан медаль авсан тамирчинд байр өгнө гэж амласан. Харин одоо болтол байраа өгөөгүй л байна. Тэгсэн мөртлөө ийм реклам явуулж болохгүй биз дээ.

-Өөрийн чинь зурагтай реклам сурталчилгаа хаа сайгүй харагддаг. Ер нь албан ёсоор зөвшөөрөл авсан байгууллага байна уу, эдэн дунд?
-Би олимпоос хойш нэг ч рекламанд тоглоогүй. Надаас албан ёсоор зөвшөөрөл авсан газар ч байхгүй. Харин саяхан дэлхийг нөмөрсөн санхүүгийн хямралын эсрэг тэмцэх сурталчилгаанд тоглосон юм байна. Түүнээс өөрөөр гэрээ байгуулж, рекламанд тоглосон зүйл байхгүй. Уг нь энэ асуудлыг зохицуулдаг тусгай газартай баймаар санагддаг.

-“Мобиком”-оос өгсөн алтан дугаараа барьж байгаа юу?
-9999-тэй дугаараа гаднаас зөвхөн дуут шуудан хүлээж авдаг болгочихсон. Тэгэхгүй бол хүн бүр залгаад байх юм. Зарим нь залгачихаад ярихгүй зүгээр сонсоод л байна. Утасны цэнэг дорхноо дуусаад байх юм.

-Боксчид олимпод амжилттай оролцсоны дараа боксоор хичээллэх сонирхолтой хүүхдүүд ихэссэн гэсэн. Энэ нь та нарт мэдрэгдэж байна уу?
-Мэдрэгдэлгүй яахав. Одоо манай заал битүү шүү дээ. Сүүлдээ заал багадаад бэлтгэл хийх газаргүй болчихоод байгаа. Секцний хүүхдүүдийн дунд нь ороод л пижигнэж өгнө. Өөрөө нэг үе тэдний адил боксчин болох гэж секцэнд орж байсан болохоор хөөгөөд байж боломгүй. Харин ч намайг ороод ирэхээр Бадар-Ууган ах ирчихлээ гээд бүр ч их шавна. Миний үйлдэл бүрийг дуурайгаад л. Намайг булан дахь хогийн саванд шүлсээ хаянгуут дагаж ирээд шүлсээ хаяна шүү дээ (инээв).

Би саяхан Г.Өсөхбаяр аваргынд очиж хүүгийнх нь үсийг авлаа. Тэгэхэд аварга “Хэдэн хүүхдээ удам залгуулаад бөх болгоё гэж бодсон чинь боксын бээлий авч өг гээд байх юм. Сая бээлий, лап хоёр авч өглөө” гэчихсэн сууж байсан. Өөрөө лапыг нь барьчихаад, хүүхдүүдтэйгээ бокс тоглоод л.

-Таны бага нас Шар хаданд өнгөрсөн гэсэн. Тэр үед гудамжны атаман энэ тэр их байна биз?
-Атаман зөндөө шүү. Энд тэндхийн атаманууд их. Эцсийн буудал дээр нэг танихгүй хүн буувал тэгээд л дуусаа. Булан эргэнгүүт бариад авч байгаа юм чинь. Би бас жаахан байхдаа Техникийн зах дээр их зогсдог байсан.

-Тэнд юу хийх вэ?
-Бильярд тоглуулна. Манайх бильярдын хоёр ширээтэй. Өөрөө хүмүүсийг өдөж бооцоотой тоглоно. Тэгж байж орлогоо нэмэгдүүлэхгүй бол болохгүй. Бас болоогүй, бильярдынхаа хажуугаар ундаа зарна аа. Нэг шил ундааг 50 төгрөгөөр аваад 100 болгож зарна. Муугүй л ашиг олдог байж.

-Тэгвэл багаасаа наймаанд одтой байж. Бас бильярд сайн тоглодог байх нь ээ?
-Гайгүй тоглочихно шүү. Цугларалтад гарсан үедээ бильярд ихэвчлэн тоглоно. Гэхдээ сүүлийн үед бараг тоглосонгүй.

-Эхнэр чинь бас Шар хадных гэл үү?
-Уг нь Шар хадных. Гэхдээ хороололд ихэвчлэн амьдардаг байсан. Амралтын өдрүүдээр Шар хаданд ирнэ.

Хааяа тэнд очиж хуучнаа дурсах сайхан байдаг юм. Би олимпийн өмнө их ядарсан. Нэг өдөр амарч байхдаа эхнэртэйгээ Шар хаданд очиж, багадаа тоглож байсан газруудаараа явсан юм. Тэгсний дараа сэтгэл санаа нэг л сайхан болчихсон.

-Боксчдын хамгийн эмзэг эрхтэн хамар байдаг. Хугархай, гэмтэлтэй хамаргүй боксчин үгүй байх. Таны хувьд?
-Ялгаагүй ээ. 2004 онд Хөх хотод тэмцээнд орж байхад хамраа хугалаад. Тэмцээний өмнөх бэлтгэл дээр Хятадын багийн нэг тоглогчийг нь нокаутад оруулчихсан юм. Нөгөөх нь тэмцээнд орж чадаагүй. Тэрнээс болж хятадуудад “зуугдаад”. Маргаашийн бэлтгэл дээр өөр нэг тоглогч нь миний хамар руу мөргөөд ийм болгочихсон. Тэр үед сайн эмчлүүлж чадахгүй явж байгаад муруй болоод эдгэчихсэн.

Сүүлд 2005 онд Азийн АШТ-д орж байхад хамартаа мөргүүлээд бүр чихэгдчихсэн. Харахад л аймаар байгаа юм чинь. Ийм хамартай явж байснаас өвдсөн ч хамаагүй тэгшилье гээд савхаар хөшөөд тэгшилж байсан. Эхэндээ савх ордоггүй юм билээ. Нэг хүчтэй чихсэн чинь угтаа тултал ороод гол таслах шахсан. Тэр үед ёстой гүрийж байгаад чихэгдсэн хамраа гаргаж билээ. Ер нь манай боксынхон дунд эрүүл хамартай хүн ховор. Зарим нь ясгүй, зүгээр мөгөөрс болчихсон байдаг. Бас баргийн цохилтод хамраас цус гарахгүй шүү дээ.

-Одоо хэдэн кг жинтэй байна? Цаашид жин өгсөх үү?
-Би жин хасахыг нэг их боддоггүй. Нэгэнт өсч байгаа биеийг жингээр хамаагүй бариад байж болохгүй байх. Тиймээс жин нэмэгдээд байвал дээд жиндээ орох л байх. Сүүлийн үед бэлтгэл бага байсан болохоор жин 60 кг гараад явчихсан байна лээ.

-Дотооддоо өөртэй чинь ширүүн үзчих өрсөлдөгч хэр байна?
-Сүүлийн үед манай боксын жин бүрт өрсөлдөгч их болсон. 48-69 кг хүртэл жин бүрт 3-4 сайн өрсөлдөгч байгаа.

-Таныг хувийн вебсайттай болох гэж байгаа гэж сонссон?
-Нэг хүнээр хийлгэж байгаа. Тоглолтын бичлэг, зурагнуудаа оруулаад гайгүй юм хийчих санаатай. Одоо зураг, бичлэгээ цуглуулах ажилтай явна.

-Нисэхийн сургуульд сурах урилга ирж байсан. Тэндээ сурч байгаа юу?
-Уг нь сурах санаатай. Гэсэн ч амжихгүй юм. Харин манай нөгөө хоёр (П.Сэрдамба, З.Энхзориг) сурч байгаа. Уг нь би шигшээгийнхэн дотроо хичээлд хамгийн гайгүй нь юм шиг байгаа юм. Гэсэн ч сурч чадахгүй хойшлуулаад байгаа. Хааяа Эрдэнэт рүү цугларалтад гарахдаа англи хэл сурна гээд ном авч явна аа. Эхэндээ өдөрт хэдэн үг цээжлээд овоо байна. Тэгээд сүүлдээ хаячихна. Тэгээд олигтой сурсан ч юмгүй номоо буцаагаад аваад ирнэ (инээв).

-Сонин хэр уншдаг вэ?
-Нэг их уншдаггүй ээ. Ганц уншдаг сонин гэвэл “Таван цагариг” л байна. Спортын ертөнцийн үйл явдлыг хурдан шуурхай, үнэн бодитой мэдээлдэг болохоор танай сонинг унших дуртай байдаг.

-Удахгүй шинэ жилийн баяр болно. Таны хувьд энэ баярыг хэрхэн тэмдэглэж өнгөрөөдөг вэ?
-Жилд олон л баяр тохионо. Гэхдээ миний хувьд энэ олон баяр дундаас шинэ жилийн баяр хамгийн сайхан санагддаг юм. Би бусдын л нэгэн адил гэр бүлийнхэнтэйгээ шинэ оноо угтдаг. Сайхан хоол бэлдээд, он солигдох мөчид шампанскаа буудуулаад л. Энэ жил ч мөн адил аав ээж, эхнэр хүүхэд, гэр бүлийнхэнтэйгээ шинэ оноо гаргана даа.

-Ярилцсанд баярлалаа. Ирж буй 2009 ондоо аз хийморьтой байж, хүссэн зорилгодоо хүрэхийн ерөөл дэвшүүлье.
-Баярлалаа. Та бүхэнд ч бас ажлын амжилт хүсье.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

7 Сэтгэгдэл

  1. snooker says:

    Сайхан ярилцлага байна. Ирж байгаа олимпийн циклд хүч үзнэ гэж байгаа бол сайн л бэлтгэл хийх хэрэгтэй. Одоо нэгэнт авч чадсан цолыг хамгаалах нь хоёр дахин хэцүү шүү дээ. Хүн бүр сайн судалсан, яг эсрэг тактик сайн боловсруулна. Тэгээд аврагын эсрэг юм чинь бүх хүчээ шавхана. Тэгэхээр аргагүй хэцүү болно. Хэрвээ азаар авсан бол дороо л мэдэгдэнэ. Тэгэхээр авъяас болон бэлтгэлээр авсан бол яаж ч чадахгүй. Тэгэхээр амжилт хүсье. Урьдын адил бэлтгэлээ хийгээд л …. байвал амжилт ойрхон байгаа даа. Онгирч л болохгүй. Оросын ихэнх тамирчид Олимпийн наадамд бараг бүгд медаль авна гээд, Водопьянов бол бүр заавал алт авах ёстой гэж өөрийгөө шатаагаад, бас жаахан басаж байгаад ялагдал хүлээсэн дээ. Тэгэхээр тэдний тэнэг алдааг битгий давтаарай. Шинэ жилийн мэнд хүргэж, эрүүл байж аз хийморь ивээж байх болтугай. Бэлтгэлдээ баярлаж, дурлаж яваарай….

    GD Star Rating
    loading...
  2. Batu says:

    saihan yariltslaga bnaa. ter muu orosiig saihan helje, za tegeed amjilt amjilt amjilt.

    GD Star Rating
    loading...
  3. naagii says:

    Badar-uuganiihaa yariltslagiig unshaad mash ih irch huch, ineergiig mederlee. Chamd mash ih erch huch, abyas baihaas gadna mash ih tewcheer oortoo itgeltei baidal uigagui hodolmorch zan chanartai uchraas delhiind NEG NOMER bolj chadsan shuu. . .
    SANAA ZUB BOL ZAYA ZUB. . . tsaashdiin chin uil heregt amjilt husiii……….

    GD Star Rating
    loading...
  4. bayaraa says:

    vnen goy yriltslaga bna bi ch gesen box-d durtai hicheelledeg sonirhdog

    GD Star Rating
    loading...
  5. daimii says:

    bi 29 nastai.odoo boxoor hicheellej ehelvel uuruusuu 20 dvv dvv nartaa nam taviulaad hvvhed nohoin doog boldog bolvuu?ha ha …

    GD Star Rating
    loading...
  6. hathor says:

    bi odort 30 min byasalgal hiideg. ene uyed haniad yumuu ovchtei gazar deeree anhaarlaa tovloruulbel edgedeg yum. avragadaa amjilt husey

    GD Star Rating
    loading...
  7. old boxer says:

    ganzorig bagshiigaa martaad baina yy daa.seree sergo ta 3iig ganzaga doroond chine xurgesen xun gedgiig alxax burdee sanyylax xeregtei gej bodoj bna.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: