Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Чөлөөт бөх » Төрийн далбаа өөрөө нартай зэрэгцдэг юм

GD Star Rating
loading...

http://www.mongolnews.mn/upload/zurag_ts/davaajav20090105.gifБээжингийн олимпийн дуулиан намдаагүй, аваргууд аваргын тавцан өөдөө дахин тэмүүлж байх энэ үед алтан медалийн оосроос атгаж аваад алдсан нэгэн цуут бөхөө нэхэн дурсая гэж бодлоо. Монгол улсын чөлөөт бөхийн нэгэн үе мөчлөг болон мөнгөн үеийн гэгдэх цаг түүхийн үед мөнгөн медальтайгаа мөнхөрсөн Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Даваажав агсан юм.

1952 онд Булган аймгийн Тэшиг сумын нутагт нэгэн хүү мэндэлсэн нь энэ бөх. Түүний амжилтын хуудас даруухан бөгөөд амжилтын он дараалал нь болохоор бяр хүч, ухаан, тэсвэр хатуужлаар амьдралын сургууль төгссөн гэлтэй. 1969 онд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын дунд сургууль, 1972 онд Архангай аймагт багшийн сургууль, 1982 онд УБДС-ийг тус тус дүүргэсэн. 1968 оноос эхлэн чөлөөт бөхөөр хичээллэсэн. Улсын залуучуудын хоёр, насанд хүрэгчдийн зургаан удаагийн аварга.

1978 онд Тайландад болсон Азийн наадмын хүрэл медальтай. Насанд хүрэгчдийн ДАШТ-д хоёр удаа IV, нэг удаа V байрт орсон. 1976 оны Монреалийн олимпийн наадамд сонгомол бөхөөр зодоглосон. 1980 оны Москвагийн олимпийн 74 кг-д мөнгөн медаль хүртэн 1988 оны олимпод дасгалжуулагчаар оролцсон. 1981 онд Дэлхийн цомоос мөнгө, оюутны универсиад тэмцээнээс хүрэл медаль авч байсан.

1990 онд Монгол улсын гавьяат тамирчин цол хүртсэн. Улсын баяр наадамд гурав шөвгөрсөн, чимэгтэй начин. Амьдралынхаа богино ч гэсэн хугацаанд бөхийн төлөө, бөхөө хөгжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяатай байлаа. Бас ч болоогүй “Гарьд магнай” кинонд сайхан бөхийн туслах дүрийг бүтээсэн. Их нийтэч, гүндүүгүй сайхан бөх байсансан. Даруухны хувьд дэндүү нь дэндсэн хүн дээ. Өөрийгөө магтахаасаа өмнө урд хойд үеэ их магтана. Үнэнийг хэлэхэд манай Даваажав 1977-1981 онд чөлөөт бөхөөр дэлхийд жингийнхээ бөхчүүдийн ихэнхийг ялсан шилдгийн шилдэг нь байжээ. Түүний хамгийн азгүй, бас азтай барилдааныг нэхэн саная.

1980 он. Москвагийн олимп социалист оронд болсноор тухайн үедээ өндөр хариуцлага хүлээсэн хэрэг. Тэр үед тэдэнд итгэл найдварын хуудас гардуулж үүрэг даалгавар өгч, тангараг өргөж МҮЭСТОрдонд уулзалт хийж байсныг тэр үеийнхэн сайн санаж байгаа байх аа. Олимп эхлэхээс 45 хоногийн өмнө манай бөхчүүд Герман, Румынд очиж тэмцээнд оролцон Европын бөхчүүдтэй сүүлчийн сорилго хийжээ.

Олимп эхэлдгээрээ эхлэв. Манай бөх Ж.Даваажав нэгдүгээр тойрогт Камеруны бөх Тонье гэдэг өндөр хар бөхтэй барилдаж цэвэр ялалт авлаа. Гараа сайн эхэллээ шүү. Хоёрын даваанд Пакистаны бөх Жулиаг цэвэр, гурвын даваанд Европын шилдэг бөхчүүдийн нэг Румыний Ж.Пыркелэбуг хагас цэвэр, дөрөвдүгээр тойрогтоо Италийн бөх Р.Николинг цэвэр ялсан бол тавын даваанд олимп, дэлхийн аварга Павел Пинигинтэй таарч манай бөх 8 мин 40 секундэд тэнцүүхэн ер нь илүүрхэж байсан боловч 2:2 оноотой үедээ идэвхгүй барилдсан нэрийдлээр хоёулаа дэвжээнээс  хөөгдлөө. Зургаагийн даваанд дэлхийн дэд аварга Чехословакийн Д.Карабин гэдэг нэрт бөхтэй Даваажав маань барилдах болов. \

Хэрвээ манай бөх ялагдвал медальгүй хоцорч, ялбал аваргын алтан медалийн төлөө барилдах хариуцлагатай барилдаан байв. Учраа бөхийнхөө барилдааныг манай бөх мэдэх нь мэднэ. Өмнө нь Тбилисийн олон улсын тэмцээнд хоорондоо таарч Даваажав дийлдэж дөрөвдүгээр байрт орсон. Манай бөх учраагаа 7:5 ялах мөчид П.Пинигин Болгарын залуу бөх В.Райчевт цэвэр ялагдаж байлаа. Ингээд Москвагийн олимпийн алтан медалийн төлөө барилдах хоёр бөх зэрэг тодров.

Монголын Даваажавтай барилдах Валентин Райчев олимпийн дэвжээн дээр шинэ залуу бөх шиг зарим хүнд ойлгогдох авч чухамдаа Москвагаас алт авахаар зүй ёсоор бэлтгэгдсэн хүн юм. Олимпийн наадам эхлэхээс хоёр сарын өмнө Германд болсон ОУТ-ий нэгийн даваанд Даваажавтай учраа таарч манай бөхийг 0:7-гоор ялсан удаатай. Германаас Даваажавыг хүрэл медальтай ирсний дараа манай бөхийн мэргэжилтнүүд Болгарын шинэ залууд Даваажав ялагдаагүй бол алтан медаль хүртэх байлаа гэж баалж байв. Ийм л хоёр хүчтэн Москвад дахин учрах нь тэр.

Манай Даваажав өмнө нь баруун хөлдөө алдсаар хожигдсондоо дүгнэлт хийж баруун биш, зүүн хөлөө эхэлж тавьж өрсөн нь өрсөлдөгчөө илт самгардуулжээ. Монголын бөх эхний гурван оноог авч хошуучиллаа. Дахин оноо авах гэж байгаад бөөн хоёр оноо алдав. Ана мана үзэлцсээр барилдааны төгсгөлд оноо 5:5 болчихлоо.

Ийм эгзэгтэй агшинд буюу барилдааны хугацаа дуусахаас өмнө Райчев шийдвэрлэх оноогоо авч олимпийн аварга болсон түүхтэй. 28 жилийн өмнө болсон энэ барилдааны эзэнг олимпийн мөнгөн медальт Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, З.Ойдов нарын мөнгөн медалийн буухиаг залгаж тодорсон алдартан төдийгүй Райчевтай олимпийн анхны даваанд биш алтын даваанд таарсан азтан гэж хэлэхээс яахав. Яг энэ үед телевизээр үзэж суутал нэрт дасгалжуулагч, ахмад бөх Х.Намшир багш “Түй, 24 секунд.

Олимпийн аварга мулт” гэж уулга алдаж билээ. Тэр үеийн манай увайгүй зарим нэг дарга “хариуцлагагүй барилдсан Ж.Даваажав нөхрийг шоронд хий” гэж байсан. Аргагүй олимпоос мөнгөн медаль хүртсэн болохоор Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон өгсөн байх. Харин арван жилийн дараа 1990 онд Монгол Улсын гавьяат цолыг хүртээсэн нь хожуу ч эзнээ олсон шагнал болсон.

Өөрийнхөө тухай даруухнаар өгүүлэхдээ тэр “Би эхээс арван нэгүүлээ. Миний том ах аймгийн арслан Батбилэг гэж байсан. Сайн дасгалжуулагч. Аав маань бөхөд их дуртай. Өөрөө нэг их барилдаж шалиагүй. Харин дархан аварга Д.Дамдинтай нэг удмын хүмүүс. Миний сайных биш, эдний нөлөө, сайн нөхөд сайн өрсөлдөгч нарын ач тусаар би бага ч гэсэн амжилтад хүрсэн гэж боддог. 1971 онд Архангайд багшийн сургуульд сурч байхдаа спартакиадын 33 бөхөөс 31 давж аймгийн начин цол хүртсэн. 1972 онд гавьяат дасгалжуулагч О.Цэрэндагва, С.Магсар нарын гар дээр очсон. Тэднийхээ ач тусыг би мартах ёсгүй. Өөрөө сүүлд дасгалжуулагч болоод дасгалжуулагч багш ямар өндөр хариуцлага үүрэгтэй хүнд ажил болохыг биеэрээ мэдэрсэн.

Улсын наадмын торон ногоон дэвжээнд анх 1972 онд аймгийн начин цолтой, 68-хан кг жинтэй барилдаж хоёр даваад гурвын даваанд тэр үед начин байсан улсын заан Ч.Амартүвшинд өвдөг шороодсон. 1975 онд улсын начин С.Жамцаар дөрөв давж тавд дархан аварга Мөнхбатад өвдөг шороодсон. 1976 онд олимпод яваад барилдаагүй. 1977 онд дөрөвт улсын арслан Ж.Хайдавт, 1978 онд гуравт Р.Галиндэвт, 1979 онд М.Загдсүрэнд өвдөг шороодсон. Сүүлд 1982 онд М.Загдсүрэн бид хоёр хамтдаа улсын начин цол хүртэж байлаа. 1980 онд олимпод зодоглолоо. 1981 онд цолоо ахиулах санаатай нутагтаа очоод аймгийн арслан Чойжилсүрэнд үзүүр түрүүнд үлдээд залраад өглөө.

1982 онд гуравт цэргийн арслан Санжаасүрэнг, дөрөвт дэлхийн аварга, улсын начин Г.Батсүх, тавд нутгийн аварга С.Цэрэн нарыг тус тус орхин улсын начин цол хүртлээ. Зургаад Мөнгөнд унасан даа. 1983, 1984 онд тус бүр дөрөв давсан. Ардын хувьсгалын 65 жилийн ойгоор дархан аварга Ж.Мөнхбатаар тав давж начин цолоо батлав. 1987 онд тэр үед ид  тодрон гарч ирж байсан Б.Бат-Эрдэнэд тавд өвдөг шороодлоо. 1988 онд аймгийнхаа 50 жилийн ойн наадамд зодоглож түрүүлсэн.

Дараа жил нь Архангайн Хашаатын Хүрэлбаатарт дөрөвт үсрээд өглөө. 1990 онд улсын арслан М.Мөнгөнөөр тав давж гурав дахь удаагаа шөвгөрсөн. Тэрнээс хойш шальтай барилдаагүй. За нэг иймэрхүү л шив дээ” гээд яриагаа өндөрлөх нь үгэнд харам, өөрийгөө дөвийлгөх дургүй л хүний зан даа.

Нэрт бөхийн тухай үеийн бөхчүүд хуучлан дурсахыг сонсвол бас л сонин сайхан болов уу?

Улсын арслан П.Дагвасүрэн:
Би начингаа хорыг нь маажиж байгаад начин цолыг нь хоёр батлуулсан юм. Хоёр дахиа батлахдаа Мөөеөгөөр тавлав. Би “Харьсан аваргаар цолоо батлав. Но-той шүү” гэсэн юм. Тэгсэн харин дараа идэр арслан М.Мөнгөнөөр тав давж билээ. Их барилдаанч, мэдрэмтгий, жудаг сайтай. Буриад хүний хөдөлмөрч зан харагдаад байдаг юм. Золгүй өнгөрсөн. Богино настай ч хүн байж хөөрхий.

Улсын заан Д.Мягмар:
Бөхийн хувьд сайн бөх өө. Азгүй ч гэдэг юм уу. Олимпийн алтан медалийг гартаа оруулаад алдсан бөх. Би нэг наадмаар зургаагийн даваанд амлаад авлаа. Өө бид хоёр их удсан. Сүүлдээ хоёр гар ч барихгүй болов. Нэг мэх хийнэ. Хариу мэх бэлэн. Барилдааны тооцоо, мэхийн хувилбар сайн. Сүүлдээ нэг юм давлаа. Яаж давснаа ч мэдээгүй. Дахиад удсан бол би унах байсан байх. Энэ хүний медалийн өнгийг Булган нутгаас Н.Түвшинбаяр хүү алт болгож монгол түмнээ баярлуулсанд  баярлаж байна. Өөрөө амьд сэрүүндээ энэ сайхан баярт мөчийг үзсэн бол хичнээн сайхан байхсан бол.

Улсын заан И.Доржсамбуу:
1994 оноос Даваажав багштайгаа наадмын бэлтгэлд гарч эхэлсэн. Өөрт байгаа туршлага мэхээ харамгүй зааж өгнө. Үлгэр дууриал болсон нэгэн байлаа. Булганы бөхчүүд бидэнд их түшиг тулгуур болж байсныг мартаж яаж болох вэ? Манай булганчуудаас олимпийн анхны мөнгөн медаль хүртсэн алдартан.

Улсын заан Ч.Гочоосүрэн:
Бид хоёр шигшээ багт хамт хичээллэдэг байлаа. Бэлтгэлийг яс хийнэ. Том жижиг ямар ч тэмцээнд хүчээ шавхаж үнэн хүчийг үзэж барилдана. Нөхрийг ялгаж харьцахгүй, шударга. Энэ нь тэр үеийн зарим удирдлагын санаанд нь нийцдэггүй байсан байх. Чөлөөт бөхийн нэгэн үеийн сайчуулыг дасгалжуулж явсан. Олимпийн аварга л бөх гэж би боддог. Хотын аваргаас олимп хүртэлх бүх шат дараалсан тэмцээнүүд хатуу. Үүнийг ганцхан тамирчин хүн л ойлгодог юм даа.

Улсын начин Б.Онх:
Начингийн барилдаан бол их хүлээцтэй тайван. Тэгсэн мөртлөө Москвагийн олимпийн наадамд л яарч барилдаж алдсан хүн байгаа юм. Улсын шигшээ багийн шилдэг дасгалжуулагч, шилдэг бөх байлаа. 174 см өндөр, 74-82 кг жинд барилдаж байсан. Цээж том, бөгс шувтандуу, биендээ өөхөн давхарга багатай, сулдуу шулуун булчинлаг биетэй, намуухан алхаатай, зан ааш их дөлгөөн, яриа хурц биш, тайван. Яг энэ байдал нь барилдаанаар нь илэрдэг, ёстой л намбалаг барилддаг, барилдааны явцад биеэ гарамгай сайхан суллана, эгзэгтэй мөчид ямар ч мэхийн хувилбар орж ирж болзошгүй, голдуу хөл авч хаядаг мэхтэй, хүнд бярдуулж байхыг нь хараагүй юм байна.

Ийнхүү монгол бөхийн түүхэнд оноо дансанд Монгол Улсын начин цолтойгоо мөнхөрч, олимпийн дэвжээнд мөнгөн медальтайгаа байр сууриа эзэлсэн Ж.Даваажав агсны маань алдар гавьяа нь амьд жишээ. Ирээдүйн олон тамирчнаас хөлс хүч тэсвэр хатуужил уйгагүй хөдөлмөрөөрөө олимпийн алдрын оргилд олон хүн гарахын ерөөлийг өргөж түүний амьд сэрүүн ахуйдаа хэлсэн “Төрийн далбаа өөрөө нартай зэрэгцдэг юм” гэсэн үгээр өндөрлөе.

А.ТЭГШЭЭ

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. BICHIG_USEG says:

    DAVAAJAV AGSAN UNEHEER AGUU HUN SHUU TEER HARAAL IDSEN 24SEKUND-G MANAI AAV BOLGAR NZTAIGAA BOOTSOO TAVICHAAD UZEED SUUJ BAN GDG DAANCH TUN AZGUI UUD BOLSON DOO TURSUN OHINIIHOO GART SHUU

    GD Star Rating
    loading...
  2. saikhnaa says:

    sain bagsh baisan nariin surnii amtiig ch uzuuldeg bsandaa

    GD Star Rating
    loading...
  3. chuluut buh says:

    ene hvnii tyhai bichleg bgvi myy olimpiiih ni mungun medaliinh ni bol bvr goy sh dee bas chuluutiin Oynbold agasnii tyhai gargaj uguuch bichleg ni bawal sain bna

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: