loading...
Унаган, төрөлхийн авъяастай хүн гэж байдаг. Монгол Улсын гавъяат багш Дүгэрийн Ренчин агсан энэ тодотголд зэгсэн зохицох хүн юм. Сурагч, оюутан ахуйдаа спортын олон төрлөөр хичээллэхдээ тухай бүрт амжилт гаргаж, хожим багш болоод шавь нараа дотоодод болон олон улсад данстай болгосон билээ. Үүгээрээ тэр биеийн тамирын багш нараас анхлан Монгол Улсын гавъяат багш цол хүртэж байв.
Тамирчин
Д.Ренчин гавъяат 1950 онд Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн. Дунд сургуульд ороод спортын зах зухаас суралцаж, зарим нэг төрлийг сонирхох болсон гэдэг. 1965 онд Дорнод аймгийн Баян-Уул суманд байх нагац ах Буджавындаа очоод тэднийхний нөлөөгөөр тэшүүрээр гулгаж сурсан байна. Сумын төвөөс 15 км зайтай нууран дээр очин, өлсөх, даарахыг умартан өдөржин гулгадаг байсан тэрбээр Дорнод аймгийн өсвөр үеийн АШТ-д оролцоод түрүүлчихэв. Ингээд санаандгүй явж байгаад УАШТ-д оролцох болоод Өндөрхаанд очиж бэлтгэлээ базааж эхэлсэн байна.
Энэ үедээ мөн л санаандгүй байдлаар өөр нэгэн төрөлд амжилт гаргажээ. Үндэсний бөхийн аймгийн АШТ болох нь гэсэн сураг дуулаад саваагүйтэн нэрээ бичүүлчихэж. Ингээд барилдсаар түрүүлж, УАШТ-д оролцон аравдугаар байрт шалгарч байв. Нэг аймгаас нэг бөх УАШТ-д оролцох дүрмийн дагуу тэшүүрчин хүүд “жийгдсэн” хөвгүүдээс аймгийн арслан Батболд тэргүүтэй олон сайн бөх төрөн гарчээ. 1967 онд Монголын бүх ард түмний III спартакидад хөнгөн атлетикаар өрсөлдөн 100 м, уртын харайлтад мөнгө, хүрэл медаль хүртсэн бол 1968 онд Биндэрийн 10 жилийн сургуульд шилжин суралцсаныхаа дараа цанаар хичээллэх болж, аймагтаа гурван зайд түрүүлэн, УАШТ-д дээгүүр орж байлаа.
Спортын олон төрөлд адтай, авъяастай, тухай бүрт амжилттай тэрбээр УБДС-ийн биеийн тамирын факультетэд элсэн, 1972 онд төгсөөд түүнээс хойш амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл багшийн мэргэжилдээ үнэнч ажилласан юм.
Дасгалжуулагч
УБДС-д суралцаж байх үедээ хөнгөн атлетикийн хамгийн хүнд төрөл арван төрөлтөөр хичээллэж байжээ. Харин төгссөнийхөө дараа шууд багшийн албанд шилжсэнээр тамирчны хувиар илүү амжилт гаргах боломж гараагүй юм. Оюутны он жилүүддээ хөнгөн атлетикаар хичээллэж байсан тэрбээр шавь нараа энэ чиглэлээр илүү бэлтгэсэн.
Удирдсан сурагчид нь богино хугацаанд аймаг, улсын АШТ-д тогтмол медальт байрт шалгарч улмаар багаараа эхний гурваас мултрахаа больсноос түүний дасгалжуулах арга барилыг хэр эзэмшсэн нь харагдана. Тиймээс 1977-79 онд түүнийг БНАГУ-д хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн мэргэжил дээшлүүлэх курст суралцуулан, 1983 оныг хүртэл улсын шигшээ багт шидэлтийн төрөл хариуцан ажиллуулж байв. Түүний олон шавь зай, төрөлдөө өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн улсын дээд амжилт тогтоосон ба зарим нэг нь өнөө хэр эвдэгдээгүй буй.
Өөрийнхөө замналаар хүүхдүүдээ спортод хөтөлсөн тэрбээр тэднийгээ дагаад волейболд орсон гэдэг. Мөн л шинэ талбарт богино хугацаанд амжилт гаргасан. 1990-ээд оны дундуур УАШТ-д хөдөөнөөс ирж оролцдог баг ховор байв. Волейболын баг удирддаг болоод удаагүй Д.Ренчин багш 1996 оны УАШТ-д хөдөөгийн цөөн төлөөллийн нэг болж оролцоод шууд л медалийн төлөө өрсөлджээ.
Үүнээс хойш Хэнтий аймгийн өсвөрийн волейболчид улсын хэмжээний тэмцээнээс медальгүй үлдсэн нь ховор. Одоо волейболын үндэсний лигт түүний гараас их спортод хөл тавьсан олон шавь нь багтаа нөлөөтэй, үүрэгтэй өрсөлдөж буй. Нэгэнтээ тэрбээр “Шавь нарын минь гаргасан амжилт багшийн ажлын үр дүн. Би дасгалжуулагч хүн биш” хэмээсэн нь бий.
Ийнхүү Д.Ренчин багш амьдралынхаа туршид хүч сорьсон талбар бүртээ амжилт гаргаж, Монголын боловсролын салбарт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан билээ. Өдгөө түүний үйл хэргийг үр хүүхдүүд нь үргэлжлүүлж, ууган хүү Р.Тамир нь Багануурын “Ноён” клубийг дасгалжуулж, бага хүү Р.Хангай нь ИНЕГ-ын “Буянт-Ухаа”-гийн (2008 онд лигийн аварга болсон) түлхүүр тоглогч болж явна.
loading...




hvniiig hvn bolgodog bagshdaa mash ih hairtai shvv. taniiga vrgelj dursah bno
loading...
Uneheer gaihaltai hun yumaa sport iin toloo torson met
loading...
Та бидний сэтгэлд үүрд мөнх
loading...