loading...
МҮОХ-ны ерөнхийлөгч, анагаах ухааны доктор Дэмчигжавын Загдсүрэн Монголын олимпизм, спортын үйл хэрэгт оруулж буй үнэтэй хувь нэмрээрээ Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор шагнуулсан билээ.
Харин өнгөрсөн бямба гаригт Цагаан ордны ерөнхийлөгч гавьяатын найраа Улаанбаатар зочид буудалд нижгэр тэмдэглэлээ. Сүүлийн үед гавьяатын найр олон л болж буй. Гэхдээ энэ удаагийнх их онцлог. Өдгөө амьд сэрүүн байгаа спортын бүх хөдөлмөрийн баатрууд, гавьяатууд энэ цайллаганд уригдсан билээ. Нэг ёсондоо спортын бүх л одод энэ үдэш цугларсан байлаа. Мөн спорт холбоодуудын төлөөлөгчид ерөнхийлөгчийнхөө гавьяатын цайллаганд хүндэтгэл үзүүлэн хүрэлцэн иржээ.
Заагаа дарга энэ үеэр өөрийн амьдралд томхон нөлөө үзүүлж, амьдралыг үзэх үзлийг өөрчилсөн зургаан хүнд хүндэтгэл үзүүлсэн юм. Үүнд илгээлтийн эзэн болж, хөдөө таваргаж явсан хүүг хотод шилжүүлж, замыг нь зааж өгсөн төрсөн ах Д.Моломжамц (Монгол банкны ерөнхийлөгч асан), жирийн нэг лаборантад итгэл хүлээлгэн анагаахын сургуульд хаалгадан байж оруулсан улсын арслан П.Дагвасүрэн, эрдмийн ажлын эхлэлийг тавьж, өдийг хүртэл хамтран зүтгэж буй доктор Л.Лхагваа (Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Төрийн соёрхолт), спорт-олимпизмийн үйл хэрэгт хөл тавихад тусалсан хөдөлмөрийн баатар Ш.Отгонбилэг агсан, дэлхий нийттэй харилцаж, өөрийн ажлаа нэр төртэй хийхэд хамгийн их тус болсон соёлын гавьяат зүтгэлтэн, олимпийн өвөө Ш.Магван, монгол хүн олимпийн аварга болох боломжтой гэдгийг ойлгуулж, хүний хүчин чадалд хязгаар үгүйг нотолсон гавьяат эмч, Спортын анагаах ухааны холбооны ерөнхийлөгч Ж.Хатанбаатар (“элэгний” хэмээх) нар энэ хүндэтгэлийн эзэн боллоо.
Спортын анагаах ухааны салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж буй Загдсүрэн дарга 2001 онд МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд өнгөрсөн оны сүүлээр болсон олимпийн чуулганаар улиран сонгогдсон билээ.
loading...



