Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Талбайн теннис » Номер 1-ийн эсрэг Номер 2, Номер 2-ын эсрэг Номер 3

GD Star Rating
loading...

2009 оны анхны Их дуулгын шигшээ тоглолтод тоглох 2 дахь тамирчнаар чансаагаараа өдгөө дэлхийд тэргүүлж буй Испаний тамирчин Рафаел Надал тодорлоо. Тэр хагас шигшээд нутаг нэгт Фернандо Вердаског 5 цаг 14 минут тоглосны эцэст буулгаж авсан. Тоглосон хугацааг нь харахад л энэ тоглолт түүнд маш хүнд болсон нь харагдаж буй. 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:2), 6:7 (1:7), 6:4 гэж тоглосон уг тоглолт Австралийн нээлттэй тэмцээний түүхэн дэх хамгийн удаан тоглосон тоглолт болсон. Энэ хөлс хүчээ шавхсан тоглолт түүнд одоо рекорд хийх эрмэлзэл бүхий Федерарын эсрэг сөрөн зогсох тэнхээг үлдээсэн болов уу? Мөн жаахан түүх сөхөөд үзье л дээ.

Тийм ээ, Надал одоо сөрөн зогсож чадна. Үүнийг өрсөлдөгч нь түүнд хэлж байна. Федерар финал хүрэх зам зууртаа Томас Бердичийн эсрэг яг ийм хүнд тулаан хийсэн билээ. 0-2 -оос тэр гайхамшигтай нэхэж, дараалан 3 хожсон. Теннисний ертөнцөд бүгд л түүнийг бахадсан, хүндэтгэсэн нүдээр харж байсаан. Хэчнээн хүнд тоглолт байсан ч тэр одоо аваргалж, рекорд хийхээр зогсож байна. Номер 2-т буй тамирчин ингэж чадаж байхад түүний урд гишгэж байгаа нь яагаад чадахгүй гэж. Тэгээд ч тэр хатуу хучилттай талбайд өрсөлдөгчөсөө илүү. Гэхдээ үнэнийг хэлэхэд бүтэн сайнд энэ 2-ын яг хэн нь ялахыг би хэлж зүрхлэхгүй нь. Ганц л юмыг хэлж чадна. Энэ бол та үүнийг заавал үз, үүнээс илүү халуун өрсөлдөөн гэж орчин цагийн теннист үгүй гэж хэлэх гээд байна.

Федерар 3-р раундын тоглолтын дараа нэгэн  смс хүлээж авчээ. Хэнээс гээч. Домогт Пит Сампрасаас. 14 Гранд сламын ялалтаар рекорд эзэмшдэг тэрээр Федерарыг энэ тэмцээнд ялж өөртэй нь зэрэгцэхийг хүсчээ. Түүий ард бас нэгэн домог зогсож буй. Авьяас чадлынхаа хүчээр Мельбурн Парк дэх Аренаг өөрийнхөө нэрээр нэрлүүлсэн эрхэм болох Род Лавер Федерарыг магтах үгээ олж ядна. 2 удаа жилийн бүх 4 гранд сламыг хүртсэнээрээ нэгэн өвөрмөц рекордыг эзэмшдэг тэрээр “Федерарт сул тал гэж үгүй, давуулалтандаа бусад чадвараа бодвол яльгүй сул байсан ч сүүлийн нэг жилд тэр энэ тал дээрээ огцом сайжирсан. Теннисний түүхэнд түүн шиг техниктэй тоглогч байгаагүй” хэмээн тэр өгүүлнэ.

Федерар карриерынхаа 18 дахь гранд сламын финалд үлдсэнээрээ 19 гэсэн дээд амжилтыг эзэмшдэг алдарт Иван Лендлийн амжилтад тун ойрхон очиж байна. Тэр гэхдээ энэ бүхнийг мартахыг хүснэ. “Рафагийн эсрэг энэ тоглолт маш хэцүү байх болно, бидний амжилтын түүх төстэй” гэж тэр хэлж байхад өрсөлдөгч нь “Рожерын талаар олон юм хэлэхгүй, тэр үнэхээр шилдэг тоглогч. Энэ тоглолт түүний хувьд Пит Сампрасын рекордыг давтах тоглолт байх болно, гэхдээ би Вердаскогийн эсрэг шиг дахин нэг гайхалтай амжилт гаргахыг хүсч байна” тэр өгүүлэх аж. Энэ тоглолтыг зүгээр л цаг гаргаад үзэх хэрэгтэй.

Эцэст нь Вердаскогийн талаар ганц 2 үг хэлэхийг хүсч байна. Энэ испани залуу энэ жилийн тэмцээний үнэхээр нэгэн чимэг нь боллоо. Энди Мюррей болон Жо-Вилфриед Цонгагийн эсрэг тэр маш урт тоглолтыг хийж ялсан. 3 дахь золиос нь Надал бараг л болох шахлаа. Сүүлийн жилүүдэд болсон тоглолтуудаас өнгөрсөн зуны Уимблдоны финалын Надал – Федерар гэсэн хослолыг л энэ тоглолттой дүйцүүлэх байх. Вердаскогоос Надал ердөө ганцхан оноогоор л илүү гарч чадсан. 192-193 гэдэг бол теннист маш ховор тохиолдоно. Мэргэжлийн бокст л 115-116 гэх мэт ганц онооны зөрүүгээр ялах тохиолдол хааяа нэг харагддаг. Гэхдээ тэнд бол шүүгчийн нөлөө их ордог. Харин теннист бол үгүй. Видео давталт бүхнийг тодорхой болгож өгдөг. Вердаско найзынхаа эсрэг хийсэн тоглолтыг миний карриер дэх хамаг шилдэг тулаан, хэзээ ч мартахгүй гэж хэлсэн. Энэ залууд чадал нь байна, чадвар нь байна. Хол явна даа.

За одоо эмэгтэй финалын талаар хэлэх хэд гурван үг байна. Хэн ялна, түүнд асар их шан ирэх болно. Зөвхөн 2 сая австрали доллар ч биш, ялсан нь чансаагаараа дэлхийд тэргүүлэх боломжтой. Мөн л хэн нь ч ялж магадгүй. 3-т бичигдэж байгаа Виллиамс туршлагаараа хол илүү, нервээ барих тал дээр хэнийг ч дагуулахгүй бас их хүчтэй. Гэхдээ хүчтэй гэдэг тал дээр дэлхийн чансааны 2-т бичигдэж байгаа орос нь арай илүү. Эр хүнийх мэт зангирах булчин нь давуулалтыг ч нэг хийдэг дээ. Фитнесс гэвэл Сафина одоогоор хавьгүй илүү буй. Уимблдоноос хойш тэр долоон кг хассан нь түүнийг илүү хурдан хөдөлгөхөд маш их хөшүүрэг болсон. Тэр одоо урьдны Марат Сафины бяцхан, удаан дүү биш. Виллиамс эгчтэйгээ холимогийн аварга болсон бол Сафина түүнээс илүү өлсгөлөн байгаа. Гэхдээ үүнийг Виллиамс анзаарсан. “Тэр ялалт надад илүү их өөртөө итгэлийг өгсөн” гэж хэлсэн. Сафина харин “Виллиамс намайг бодвол илүү фаворитоор тоглолтод орох болно” гэсэн хариултыг финалын өмнөх ядаргаатай олон асуулт хариултууд дээр даруухнаар өчсөн.

Виллиамс Федерарын адил 4 дэх удаагаа Австралийн финалд үлдэж байна. Өмнөх гуравт нь тухай бүртээ аваргалж байснаараа ч мөн Рожертой адилхан. Сафина харин дөнгөж 2 дахь удаагаа л Австралид ирж байгаа. Ноднин тэр Ана Ивановичод 2-0-оор нам тавиулаад буцсан. Виллиамс хэрэв түрүүлбэл Гранд сламын аваргаар 10 дахиа тодрох болно. Гэвч үүнд нь саад хийхийг Сафина хүсч байна. “Хүүхэд байхаасаа л би дэлхийн номер 1 болохыг хүсдэг байсан” гэж тэр дурссан. Ахынхаа талаар тэр “Марат одоо ч гэсэн миний шүтээн” гэсэн бол ах нь “Тэр хэрэв миний олон жил хийснээс өөрөөр байж чадвал дэлхийд чансаагаараа удаан тэргүүлэх болно”  гэсэн. Энэ нь архи дарс, зугаа цэнгэлийг хэлсэн хэрэг л дээ. 4 жилийн өмнө тэр Австралид түрүүлчихээд хөл дээрээ тогтохгүй болтол ууж, баяраа тэмдэглэсэн нь тухайн үедээ хэвлэлд нэлээн бичигдэж байсныг санаж байна. Ер нь ч тэгээд архины нөлөөгөөр хол явж чадаагүй залуу даа. Сафинагаас аваргаа хэрхэн тэмдэглэхийг нь сонирхоход “Шоколадаар хийсэн нарийн боов авах болно, энэ нь би өөрөө идэж болох өөртөө өгч буй бэлэг” гэж инээмсэглэн хэллээ. Нэг өдрийн дараа тэр Янковичоос зүүд мөрөөдөл болсон чансааны нэг номер хэмээх цолоо авч, нүдэндээ баярын нулимстай зогсож байх болов уу? Эсвэл гунигийн нулимс нүдийг нь бүрхэх юм болов уу? Хувийн бодлоо хэлэхэд би түүнийг нүдэндээ баярын нулимстай, гартаа Дафне Ахурст Мемориал цомтой зогсож байх болно гэж бодож байна даа.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

7 Сэтгэгдэл

  1. magnai says:

    Federer and Serena

    GD Star Rating
    loading...
  2. ebe says:

    Ана Ивановичтэй жиг ургуулаад, Австралийн Опенд од болчдог овоо л залуу юм даа..

    GD Star Rating
    loading...
  3. real says:

    medeej federer sh dee.gehdee goy tulaan bolno o

    GD Star Rating
    loading...
  4. ??? says:

    nadal verdasko 2-in toglolt unexeer jinhene tulaan bolson shuu.

    GD Star Rating
    loading...
  5. Надаль – Вердаско, Надаль – Федерер…Бас 2005 оны Австралийн нээлттэй тэмцээний хагас шигшээд Сафин – Федерерийн тоглолт ч үнэн тасархай болж байсан даа. Сафин маань хожиж байж билээ.

    GD Star Rating
    loading...
  6. saimon says:

    safina todorhoi turuulnee erchuudees federer l husah bhda

    GD Star Rating
    loading...
  7. Suldees says:

    сафина ахынхаа амжилтыг давтанаа

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: