Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм, МҮОХ, Онцлох, ОУОХ » Д.Арвин ОУОХ-ны “Эмэгтэйчүүд ба спорт” цомын эзнээр тодров

GD Star Rating
loading...

ОУОХ-ны тусгай комисс эмэгтэйчүүд ба спортын салбарт хүчин зүтгэж, өндөр амжилт гаргасан МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Арвинд “IOC Women and Sport Trophy” тэргүүн шагналыг олгохоор тогтсон байна. Уг цомыг ОУОХ-ны Ерөнхийлөгч Жак Рогге гуравдугаар сарын 5-нд Лозанн хот дахь Олимпийн музейд болох ёслолын үеэр Д.Арвинд биечлэн гардуулах юм. ОУОХ нь 2000 оноос эхлэн эмэгтэйчүүд ба спортын салбарт өндөр амжилт гаргасан зүтгэлтнүүдэд уг цомыг олгож эхэлсэн бөгөөд гишүүн 205 ҮОХ-ноос нэр дэвшигчдийн дотроос шалгаруулж, тив бүрээс зөвхөн нэг шилдгийг тодруулдаг журамтай юм.

Өмнө нь эмэгтэйчүүд ба спортын чиглэлээр манайхаас Буудлагын холбооны ерөнхийлөгч Б.Дэлгэрмаа (2000), самбо, жүдо бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч С.Эрдэнэбат (2004), Волейболын холбооны дэд ерөнхийлөгч Ц.Баярбаатар (2008) нар ОУОХ-ны өргөмжлөлөөр шагнуулж байсан түүхтэй.

Ази тивээс Хятадын эмэгтэй хөлбөмбөгийн шигшээ баг (2000), Малайзийн эмэгтэйчүүдийн зүлэгний хоккейн холбоо (2001), Мьянмагийн эмэгтэйчүүдийн спортын холбоо (2002), С.Каррион (Филиппин, 2003), Ф.Ханам (Бангладеш, 2004), А.Пеннефадер (Сингапур, 2005), Элиса Ли (БНСУ, 2006), Н.Шатара-Харроуб (Палестин, 2007) нар “IOC Women & Sport Trophy”-г эх орондоо залж, эмэгтэйчүүд ба олимпизмийг баярлуулжээ.

Дашжамцын Арвин нь МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Эмэгтэйчүүд ба спорт комиссийн дарга, Монголын бүжгийн спортын холбооны хүндэт ерөнхийлөгч, Монголын спортын барилга байгууламжийн холбооны Ерөнхийлөгчийн сонгуульт албыг хашдаг бөгөөд “Макао-2005” Зүүн Азийн IV наадам, “Бали-2008” Азийн элсний спортын анхдугаар наадамд оролцсон Монголын багийн ахлагч (Chef-de-Mission)-аар ажиллаж байсан билээ.

Ийнхүү Мартын 8-ны өмнө Монголын спортын зүтгэлтэн, хатагтай Д.Арвин ОУОХ-ны Ерөнхийлөгчөөс аваргын цомоо бусад тивийн мэргэжил нэгт шижгэр таван бүсгүйн хамт гардан авах нь ээ.

Спорт ба эмэгтэйчүүд комиссын ажлыг хариуцлагатайгаар хийхээ амлая

УИХ-ны гишүүн, МҮОХ-ны гишүүн, Спорт ба эмэгтэйчүүд комиссын дарга Д.Арвинтай уулзаж ярилцлаа.

-Ярилцлагаа танай комиссын үйл ажиллагааны талаар эхэлье?
-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 21-нд МҮОХ-ны Спорт ба эмэгтэйчүүд комисс семинар хийлээ. Энэ семинарт хот хөдөөгийн нийт 25 эмэгтэй тамирчин, дасгалжуулагч, эрдэмтэн, биеийн тамирын багш нар оролцож, олимпийн хөдөлгөөн, спортын салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо, тамирчдын эрх ашиг, сургалт дасгалжуулалтын талаар халуун яриа өрнүүлэн, ажил хэрэг болгохоор санаанууд нэлээн гарлаа. Хамгийн гол нь манай эмэгтэйчүүд маш идэвхтэй оролцсон. Удахгүй бид комиссын хурлаа хийж дараагийн олимпийн жилд эмэгтэйчүүддээ чиглэсэн ажлын чигээ нарийвчилж гарган, санал бодлоо хуваалцах юм.

Манай гол зорилго бол маш энгийн, олимпийн хөдөлгөөнд эмэгтэйчүүдийг татан оролцуулж, тэдний үйл ажиллагааг дэмжин ажиллах юм. Хамгийн энгийн жишээ бол олимпийн хорооны шугамаар зохиогдож буй аль ч спортын төрлийн сургалт семинарт эмэгтэйчүүдийн оролцох хувийг заадаг. 20 оролцогч байлаа гэхэд үүнд доод тал нь дөрвөн эмэгтэй байх ёстой. Харамсалтай нь саяхан болсон Олимпийн чуулганаар МҮОХ-ны гишүүнээр сонгогдсон бүсгүйчүүд цөөн байсан. Миний бодлоор эмэгтэйчүүд спортын салбар луу ороход хүндрэлтэй мэт санагдлаа. Энэ нь нэг талаар эмэгтэйчүүд маань төдий чинээ боловсрох хэрэгтэй байгааг харуулж буй биз ээ.

Гэхдээ бид үүнийг үл харгалзан бидний үйл ажиллагааг дэмжих байгууллага, хувь хүнтэй нээлтэй хамтран ажиллана. Семинарын төлөөлөгчид манай комиссын “Спорт ба эмэгтэйчүүд сан” байгуулах санааг бүрэн дэмжсэнд би туйлын баяртай байгаа. Үүнийгээ ч семинараас гарсан албан ёсны шийдвэрт оруулж чадлаа. Нэмж хэлэхэд семинарт хүрэлцэн ирсэн төлөөлөгчид маань тухайн байгууллага, орон нутагтаа спорт эмэгтэйчүүдийн үйл ажиллагааг дэмжин ажиллах үүрэг хүлээсэн, үүнийгээ ажил хэрэг болгон хамтран ажиллана гэдэгт найдаж байгаа.

-Та сангийнхаа талаар дэлгэрэнгүй танилцуулна уу?
-Үйл ажиллагаа тодорхой. Саяхан албан ёсны гэрчилгээгээ авсан. Сангийн дэргэд эмэгтэй тамирчин, дасгалжуулагчаа дэмжсэн үйл ажиллагаа зохион байгуулна. Нэн түрүүнд эмэгтэй тамирчдадаа зориулсан англи хэлний сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Хамгийн наад захын хэрэгцээ юм даа. Тэгээд  ёс зүй, эрүүл мэнд гээд спортын талбарт эрэлт хэрэгцээтэй бүхнийг эмэгтэйчүүддээ зориулахыг хичээнэ. Спортод элэгтэй, зүтгэлтэн эмэгтэйчүүд маань сангийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд багтсан, бүгдээрээ хүлээсэн үүрэгтэй. Тэргүүнээр нь Байт харвааны холбооны дэд Ерөнхийлөгч Ц.Баярмаа, Гүйцэтгэх захирлаар Х.Эрдэнэт-Од нар ажиллаж байна. Ард нь гар нийлсэн баг байгаа.

-Спортын эмэгтэй зүтгэлтнээр ажиллах эмэгтэй тамирчдыг хүний нөөцийн талаар хэр бэлтгэгдсэн гэж үздэг вэ?
-Хүн ер нь төгс боловсорно гэж үгүй байх аа. Насан туршдаа суралцдаг шүү дээ. Нэг энгийн жишээ хэлэхэд Х.Эрдэнэт-Од маань тамирчнаас зүтгэлтэн болохоор шийдсэн. Дасгалжуулагчийн ажлын хажуугаар энэ сангийн ажилд гар бие оролцон ажиллах нь түүнд маш их туршлага өгөх байх. Олон нийттэй харилцах, хуралд бэлтгэх гээд л. Нэг талаар маш их боломж юм. Спортын салбарын хүний нөөцийн асуудлыг энэ жижиг хүрээнд  авч үзэх нь харьцангуй ойлголт.

Тиймээс ч манай сангийн гол зорилго энэ асуулттай нэг чигтэй байгаа юм байна. Хүндийг өргөлтийн Н.Баярмаа их сүрхий яриатай, магадгүй энэ түүний мэргэжилтэй нь холбоотой байх. Монгол улсын хэмжээнд хэдэн эмэгтэй дасгалжуулагч байдгийг мэдэх үү? Өнөөдрийн байдлаар ажиллаж байгаа нь хуруу дарам цөөн. Харин дасгалжуулагч мэргэжлээр төгссөн хүүхдүүд хаана байна? Мэргэжлээрээ ажиллах нөхцөл, орчин байна уу гээд л эргээд нөгөө том бодлого руу орж байгаа юм. Тэгэхээр спортын удирдах шатны дээд байгууллагууд хоорондоо санал бодлоо солилцон, үүнийг нэгдсэн бодлогодоо оруулах нь зүйтэй болов уу.

-Өнгөрсөн дөрвөн жилд та хоёр наадамд багийн ахлагчаар ажилласан байх аа?
-Тийм ээ. Ахадсан бөгөөд хариуцлагатай ажил хүлээн авсан. “Макао-2005” Зүүн Азийн IV наадамд 120 гаруй тамирчидтай өргөн бүрэлдэхүүнээр оролцлоо. Багийн ахлагчийн хувьд нислэг, хувцас, байр хоол, шагнал, хурал зөвлөгөөн гээд ажил маш их. Хөндлөнгөөс харахад жижиг юм шиг мөртлөө чимхлүүр ажил байсан. Макао руу бид УБ-Бээжин-Гуанжоү гээд хамгийн хямд хувилбарыг сонгон авсан нь наадам дууссаны дараа бодоход маш эрсдэлтэй ажил байжээ. Тамирчид маань дамжиж ниссээр нээлтийн ажиллагаанд арайхийн амжиж ирж билээ. Жагсаж гарах цаг болоход хэн хүнгүй тэвдсэн шүү.

Тэгээд тэр наадмаас хүүхнүүд маань аварга болж, медаль хүртсэнд бахархмаар. “Бали-2008” Азийн элсний спортын анхдугаар наадамд мөн оролцсон. Энд бол харьцангуй туршлагажсан гэх үү дээ. Спорт хүнийг тайвшруулж, уурлуулж, уйлуулж, баярлуулж, эвлэрүүлж чаддаг онцлогтой. Олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнийхээ хувьд би үүрэг хүлээн ажилладаг болохоор нэр төрийн хэрэг юм даа. Надтай хамтран ажилладаг байгуулага, хувь хүн бүрт чин сэтгэлээсээ дахин талархлаа илэрхийлмээр байна.

-Тэгвэл ирж буй олимпийн жилд дахин Chef-de-Mission-оор ажиллах боломж гарах болов уу?
-(инээв) Олон улсын олимпийн хороо, Азийн олимпийн зөвлөлийн ивээл дор зохиогдох наадмуудын тоо олон болж, тэр утгаараа спорт асар хурдацтай хөгжиж  байна. Ямар ч байсан спорт ба эмэгтэйчүүдийнхээ ажлыг хариуцлагатайгаар хийхээ амлаж чадна. Харин багийн ахлагчийн хувьд одоо хариулахад арай эрт байна.

-Таныг спортын барилга байгууламжийн холбооны Ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай гэж сонссон?
-Манай орны хувьд хамгийн хүнд асуудал энэ байдаг. Тэгэхээр өөрийн зүгээс боломжтой бүхнийг эхлүүлэх тал дээр санаа тавин ажиллана.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Dondog says:

    bayr khurgei.Emegtei tamirchdad tuslakhiin toloo bainga yrij yrisnaa ajil khereg deer bieluulj baidgiig IOC unelsen baina.Muukhan er khunees kamaagui deer shuu.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: