loading...
Усанд үсрэлтийг XVII зууны төгсгөлөөр Германд үүссэн гэх мэдээ сэлт олддог боловч 1880 онд Их Британид анхны тэмцээн болж, түүнээс арван жилийн хойно Европын АШТ зохиогдсон хэмээн тэмдэглэгджээ. 1908 онд FINA байгуулагдсанаар биеэ даасан статустай явсан усанд сэлэлт Олон улсын усан спортын холбоонд нэгджээ.
Улмаар 1904 оны Сент-Луисийн олимпийн хөтөлбөрт нь багтав. Анхны олимпод зөвхөн эрэгтэйчүүд тавцангаас үсрэх, уртад үсрэх гэсэн хоёр төрлөөр өрсөлдсөн юм. Харин 1908 оны олимпод трамплинаас үсрэх төрөл нэмэгдсэн байна. Тэрхүү олимпод Шведийн нэрийн өмнөөс оролцож байсан Эрнест Брандстен хэмээх хүнийг АНУ-д энэ спортыг дэлгэрүүлсэн гэж үздэг. “Стокгольм-1912”-оос эхлэн эмэгтэйчүүд усанд үсрэлтээр өрсөлдөх болов.
1960-аад оныг хүртэл олимпийн дэвжээнд далайн чанадынхан давамгайлж байсан бол удалгүй европчууд хамаг алтыг түүх болж, тэр дундаа 70-аад оны дунд үеэс Зөвлөлтийн тамирчид бүрэн ноёрхлоо тогтоожээ. Харин сүүлийн арваад жил хятадууд ¹1 нь байна. Саяхныг болтол олимпод 3 метрийн трамплин, 10 метрийн тавцангаас үсэрдэг байсан бол “Сидней-2000”-д уран сайхны үсрэлт нэмэгджээ. Харин анхны ДАШТ нэлээд хожуу буюу 1973 онд зохиогджээ.
Ингээд усанд үсрэлтийн төрлүүд, дүрэм, оноо баллыг хэрхэн өгдөг журмын талаар танилцуулъя. Үсрэх тавцан нь гурван янз (5, 7.5, 10 метрийн өндөртэй), трамплин нь хоёр янз (1, 3 метр) бөгөөд түүнээс гүйж, эгц урагшаа, ар тийшээгээ, хоёр гараар тулсан байдлаас үсрэлтийг хийнэ. Тэмцээнийг 5-7 шүүгч хянаж, арван баллын системээр дүгнэнэ. Ингэхдээ 180-360 хэмийн эргэлтийг хэр олон хийж байгаагаар, мөн хөл, гарын цэх байдал, элементээ хэр зэрэг цэвэрхэн гүйцэтгэж байгаагаар дүгнэнэ.
ДАШТ-ээс таван алт, олимпийн наадмаас дөрвөн алт, нэг мөнгөн медаль хүртсэн АНУ-ын домогт тамирчин Эфтимиос Луганис 1984 оны Лос-Анжелесийн олимпод нийлбэр дүнгээр 754.41 балл авсан нь өнөө хэр дээд амжилт хэвээр байна. Тэрбээр “Сөүл-88”-д оролцож байхдаа толгойдоо хүнд гэмтэл авсан ч тамирчин хүний эр зоригийг харуулсаар трамплины төрөлд аваргалж байсан түүхтэй.
1970-аад оноос үзүүлэх төрлөөр орох болсон уран сайхны үсрэлт 90-ээд оны эхэн үеэс албан ёсны томоохон тэмцээн уралдаануудын хөтөлбөрт багтах болжээ. Уран сайхны үсрэлтэд зөвхөн хувийн ур чадварыг бус хослолтойгоо хэрхэн ойлголцож байгааг нь харгалзан үздэг. Эл төрлийг есөөс доошгүй хүн шүүдэг онцлогтой. Тав нь үсрэлтийг ажигладаг бол оролцогч бүрийн хувийн техникийг тус бүр хоёр шүүгч хянадаг.
loading...



