Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм, МҮОХ » “Бээжин-2008”-ын амжилтаа Лондонд бууруулахгүй

GD Star Rating
loading...

Ярилцсан Б.ЦАГААНБААТАР, Р.МАНЛАЙ, Г.БАЯРСАЙХАН (2009-04-02)

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон “Олимпийн чуулган”-аар МҮОХ-ны ерөнхийлөгч, доктор Дэмчигжавын dzagdsuren1Загдсүрэн улиран сонгогдсон билээ. Түүнтэй уулзаж ирэх олимпийн мөчлөгт хийхээр төлөвлөсөн ажлынх нь талаар ярилцсан юм.

-Та МҮОХ-г дахин дөрвөн жил удирдахаар болсон. 2009-2012 онд ямар ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
- МҮОХ 2000-2004 онд 13, 2004-2008 онд бас 13 төрлийн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Харин ирэх дөрвөн жилийн хугацаанд бид есөн төрлийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнд 2000 оноос эхлээд улам боловсронгуй болгоод явж буй хөтөлбөр ч бий, шинээр нэмэгдсэн нь ч байгаа.  
Нэгдүгээр хөтөлбөр бол “Лондон-2012”. Өмнө нь үүнтэй адилхан “Сидней-2000”, “Афин-2004” гэсэн хөтөлбөрүүд хэрэгжсэн. Үүний үндсэн зорилго нь олимпоос медаль авахуулах. ОУОХ-ноос дээрх төсөлд тодорхой хэмжээний санхүүжилт хийгддэг.

Бид хамрагдах тамирчдаа сонгон нэрийг нь ОУОХ-нд явуулах ба тэнд сайтар хянасны эцэст хэн нь  тохирохыг шийддэг юм. Ер шигшээ баг дотроосоо хөтөлбөрт хамрагдах тамирчныг сонгох нь дээр юм билээ. Өөрөөр хэлбэл шигшээ багт төрөөс үзүүлж байгаа дэмжлэг дээр нь нэмэлт дэмжлэг болж байна гэсэн үг. Өмнөх “Бээжин-2008” хөтөлбөрт найман тамирчин багтсанаас Э.Бадар-Ууган олимпийн аварга болж, О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртсэн. Ингээд хөтөлбөр хэрэгжиж, олимпийн эрх авч, медальтан, аварга төрөөд ирэхээр ОУОХ сайшаалтай ханддаг. Угаасаа гол зорилго нь тэр юм чинь. Олимпоос хойших олон хурал дээр манайхыг жишээ болгож ярьсан. Энэ дашрамд дуулгахад удахгүй шигшээ баг байгуулагдана.

Хоёрдугаарт, спорт холбоодыг төрөөс дэмжих хөтөлбөр. Ер нь энэ үйл ажиллагаа алдагдаад байдаг. Тухайн спортыг авч явж УАШТ-ээ зохиох, олон улсын тэмцээнд тамирчдаа бэлтгэн явуулах, гадаадын тамирчдыг Монголд авчирч, тэмцээн уралдаан зохиох гээд бүхнийг холбоо л хийдэг. Даанч төрөөс дэмжлэг бараг байдаггүй учраас дотоод нөөц бололцоогоо л ашиглахаас өөр аргагүй. Манайд элбэг тохиолддог нийтлэг жишээ бол ерөнхийлөгч болон Удирдах зөвлөлдөө хэдэн бизнесмэн оруулчихсан, генсек нь огт цалин авдаггүй, энэ спортыг Монголд хөгжүүлэхийн төлөө бусдын өмнөөс дандаа гуйлга гуйж явдаг. Ийм байдалтайгаар спорт хөгжиж таарахгүй.

Спорт өндөр хөгжсөн орнуудад олон улсад эх орноо төлөөлж байгаа том байгууллага гэдэг утгаар нь холбоогоо төрөөс дэмждэг. Нөгөө талаас спорт холбоо нь олон улсынхаа байгууллагаас, дотоодын түнш байгууллагуудаасаа туслалцаа авдаг. Ингэж гурван талаасаа дэмжлэг авдаг жишээг Монголд хэрэгжүүлэхийг зорьж байна. Төрөөс дэмжиж байна гээд хэдэн хүнд цалин олгоод хэдэн цаас хаяад орхичих юм биш. Наад зах нь УАШТ-ийх нь зардлыг, медалийнх нь мөнгийг, нэг бол сургалтын зардлыг нь, жигд хувцаслахад нь, тив, дэлхийн чанартай наадамд явахад онгоцных нь зардлыг, олон улсынхаа холбоонд өгөх татварыг нь өгчихдөг байх ёстой.

Ийм л бага зүйлээс эхлэхэд зөв голдиролдоо ороод явчихна. Ингэхээр холбоодоо лицензжүүлэх шаардлага гарна.  Өөрөөр хэлбэл аль нь жинхэнэ үйл ажиллагаагаа явуулж, аль нь хувийн компани шиг явж байна вэ гэдгийг тодорхой болгож үнэхээр юм хийж байгаад нь өгсөн шиг өгөөд явъя. Энэ нь нөгөө талаараа “Засгийн газар өөрийнхөө чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж болно” гэсэн 19 дүгээр тогтоолыг хэрэгжүүлнэ гэсэн үг.

Мөн дэлхийн практикт байдаг спортод оруулсан хөрөнгө мөнгөнийх нь хувь хэмжээгээр пүүс компаниудыг татвараас чөлөөлөх, архи тамхины онцгой албан татвараас спортод зориулах зэргээр хөнгөлөлт үзүүлдэг болох талаар анхаарна. Спорт холбооны ерөнхийлөгчийн сонгуульт албыг хүлээсэн 23 хүн өнөөдөр Улсын их хуралд сууж байна. Тэд өөрсдөө холбоогоо цаашид энэ маягаар авч явахад хэцүү байна гэдгийг хэлдэг л дээ. Өдгөө нүүрлээд буй эдийн засгийн хямралаас гарахаар эдгээр хүмүүсийн нөлөөгөөр спорт холбоодыг төрөөс дэмжиж энэ дагуу улсын төсөвт хөрөнгө мөнгө суугдах байх аа гэж найдаж байна.

Гурав дахь хөтөлбөр бол ерөнхий боловсролын загвар сургуулийг байгуулах. Сүүлийн үед байгуулагдаж буй зарим сургуулиудад биеийн тамирын заал огт байхгүй болж. Дээр үед баригдсан сургуулиуд хэдийгээр спорт танхимтай ч 3-5 анги зэрэг хичээлээ хйидэг. Тэгээд хичээл орж байгаа хугацаа нь ердөө 45-хан минут. Хувцсаа солиод бэлтгэлээ дөнгөж хийгээд л буцаад хувцсаа өмсөөд гарах гэсээр өнөөх цаг нь гүйцчихдэг. Энэ бол дэндүү бага хугацаа.

Яагаад загвар сургууль байгуулъя гэсэн юм бэ гэхээр нэг сургууль дээр нэмэлт заал бариад тоног хэрэгслээр хангаад бусад улсуудад ийм байдаг юм гэдгийг харуулах гэсэн хэрэг. Үүнийг спортын төрөлжсөн сургуультай хольж ойлгож болохгүй шүү. Бас нэг шалтгаан нь зарим нэг БТС-ын хороодын хүмүүс, биеийн тамирын сургуулийн захирлууд үүнд маш учир дутагдалтай ханддаг юм билээ. Уулзалт яриа хийж байхад тэд “Бид биеийн тамирын хичээл орох нөхцөл бололцоогоор дандаа л хангадаг” гэдэг.

Багш нар нь гэсэн “Манай захирал харж үздэг юм шүү” гэнэ. Яаж харж үздэг бэ гэхээр сургуулийн захиргаанаас жилдээ 100 мянга орчим төгрөг өгч түүгээр нь Эрээнээс хэдэн ширхэг бөмбөг, ганц нэг волейболын тор авдаг  юм шиг байгаа юм. Тэрийгээ биеийн тамирын багш нь хангалттай гээд ойлгочихсон, захирал нь ч том дэмжлэг үзүүллээ гээд бодчихсон байдаг.

Яг газар дээр нь очоод үзэхэд хэрэглэл материал юу ч үгүй, баахан хүүхдүүд тоос шороонд бужигнасан байдалтай байдаг. Бидний зорилго бол үүнийг халах. Хоёр заалтай сургууль улсын хэмжээгээр ганц нэгхэн бий л дээ. Гэтэл тэдгээр нь спортын төрөлжсөн сургуулиуд болох гээд яваад байдаг. Үнэн хэрэг дээрээ төрөлжсөн сургууль болох гэхээр хүүхдийнх нь тоо хүрдэггүй.

Хэдэн жилийн өмнө би АНУ-ын Лос-Анжелес хотын нэгэн дунд сургууль дээр очиж үзсэн юм. Тэндхийн сургуулиуд дор хаяж 2-3 заалтай, усан спорт, сагсны хичээл заавал ордог, түүнд ороогүй хүүхдийг сургуулийг нь төгсгөдөггүй юм билээ. Тэгж байж л хүүхэд бие бялдар сайтай, цэргийн алба хаахад бүрэн бэлтгэгдсэн, спортод дуртай болж өсч хүмүүждэг юм байна. Намайг орж үзэхэд хүүхдүүд нэг том зааланд сагс тоглож байсан. Нэг буланд нь ширээ дүүрэн анхны тусламж үзүүлэх хэрэгслүүд, нөгөө буланд нь уух витамин, жүүсийг нь тавьчихсан байдаг юм билээ. Манай шигшээ баг ч ийм нөхцөл хангамжгүй шүү дээ.

Ирэх дөрвөн жилийн явцад хоёроос доошгүй загвар сургууль бий болгоё гэсэн зорилт тавьж байгаа. Мэдээж үүнээс ч олныг байгуулвал бүр л сайн. Төр засагт үүнийг ойлгуулах, манай нийт биеийн тамирын багш, захирлуудад үзүүлэх загвар болсон сургууль хийх хэрэгтэй байна. Чухам хотод уу, хөдөө байлгах уу гэдгийг удахгүй шийдвэрлэнэ. Энэ талаар УИХ-ын гишүүдтэй ярьж байгаа. Тэр хүнд ч гэсэн хэрэгтэй. Сонгогдсон тойрогтоо хийсэн ажил нь ч нэмэгдэнэ. Хурдан морины уралдаан зохиосноос нэг сургууль байгуулаад тэнд ардын хүүхэд сурч байвал хэрэгтэй биз дээ. Үүнийг хүмүүс сайн хүлээж авч байгаа.

Дөрөв дэх нь боловсон хүчнээ гадаадад сургах. 1990-ээд он хүртэл манайх боловсон хүчнээ ЗХУ, Унгар, Герман зэрэг орнуудад сургаж байсан. Түүнээс хойш бодлого алдагдсаны улмаас хувиараа явсныг эс тооцвол сурч байгаа хүн алга. Хувиараа явж байгаа нь боломжтой айлын хүүхдүүд. Даанч тийм айлын хүүхдүүд биеийн тамирын сургуулийг бус хэл, зам тээвэр, уул уурхай… гээд явчихдаг. Спорт хөөх сонирхолтой хүүхдүүд нь амьдралын боломж байдаггүй. Сая Ерөнхий сайд С.Баярын ОХУ-д хийсэн айлчлалын хөтөлбөрт биеийн тамирын сургуульд оюутан явуулах талаар асуудал дэвшүүлсэн. Мөн БНХАУ-ын ЭСЯ-тай ярилцахад энэ жил 2-3 хүүхэд шалгаж авъя, цаашдаа жил болгон авсан ч болно гэсэн.

Чухам ямар хүүхэд явуулахаа шийдвэрлэхийн тулд холбоодтой уулзаж, саналыг нь авна. Тэгэхгүй бол сонин дээр гарсан зарын дагуу хаа хамаагүй хүүхдүүд шалгалт өгдөг. Нэг жишээ хэлэхэд ширээний тенниснийхэн урд хөршид хүүхэд сургахаар болж уралдаан зарлахад Баянхонгорын нэг охин түрүүлсэн юм байна лээ. Гэтэл нөгөөх хүүхэд нь ширээний теннис огт тоглож чаддаггүй, тэгсэн мөртлөө математиктаа сайн. Тэгээд төгсч ирээд мэргэжлээрээ ажилалгүй алга болоод өгсөн гэсэн. Үүний оронд тухайн спортоор хичээллэдэг хүүхэд явсан бол өөр шүү дээ. Сая ЭСЯ-тай уулзахдаа манай санал болгосон хүүхдүүдийг онцолж харж үзээч хэмээн хүссэн.

Гэхдээ нэгэнт л шалгалтыг нь өгч сургуульд нь сурах гэж байгаа юм бол манайхан өөрсдөө сайн бэлдэх ёстой. Ямар ч байсан энэ жилдээ багтаж хойд, өмнөд хөршдөө оюутан явуулна. Бас Болгар, Кубад манай оюутнууд сурч байгаа. Кубын сургууль хоёр, гуравдугаар курсээсээ мэргэжлээ сонгох бол БНХАУ-д сурч буй хоёр оюутан жүдо, спорт тоглоомын төрлөөр мэдлэгээ дээшлүүлж байгаа. Энэ хүүхдүүдийг зун ирэхэд нь хүлээж авдаг, бид нар ч ажлаар очихдоо зорьж уулздаг. Бас дээд сургууль төгссөн оюутнуудыг магистрантурт сургах асуудал тавигдаж байгаа

Тавдугаарт нь бүх нийтээрээ биеийн тамирын хичээлийг дэмжих уриалга. Уриалга гаргаж жилдээ нэг удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит бие бялдрын ерөнхий тест авах ажлыг БТСГ-тай хамтарч хийнэ. Үүнд хүн болгоныг хамруулж монгол хүний юу нь болж юу нь болохгүй, дэлхийн бусад улсуудтай харьцуулахад аль төвшинд явна гэдгийг мэдэх хэрэгтэй байна.

Солонгост баян ч бай ядуу ч бай эрэгтэй хүн заавал 30 сарын цэргийн алба хаадаг, АНУ-д дунд сургуульдаа заавал ус, сагсаар хичээллэх ёстой гэдэг шиг манайд хүн амын дунд заавал хийх ёстой сорил хэрэгтэй байна. Хуучин ХБХБ тэмдэгтийн норм гэж байсан шүү дээ. Ийм зүйл байхгүй бол манай залуучууд жаахан л ачааллыг даахгүй болж мэдэх нь. Мөн хүмүүсийн, тэр дундаа 30-аас доош насныхны спортод хандах хандлагыг нь өөрчлөх хэрэгтэй. 30-аас доош насныхан бол нэгдүгээрт өөрсдөө залуу, хоёрдугаарт эцэг эх болоод удаагүй үе нь. Эцэг эхийгээ дагаад хүүхэд нь ч спортод дур сонирхолтой болно. Ингэхгүйгээр хоосон уриалга, аян зарлаад, Хандгайт руу ганц нэгхэн удаа яваад бүтэхгүй.

Зургадугаарт, 2017 оны Зүүн Азийн наадмыг зохион байгуулахын төлөө Улаанбаатар хотын нэрийг дэвшүүлэх. 2013 онд манайх Тянжинь, Тайваньтай өрсөлдөөд сүүлчийн шатанд хятадуудад хоёрхон саналын дутуугаар ялагдсан. Зүүн Азийн бүсэд ердөө зургаахан улс байдаг учраас манайхны заавал авах ёстой наадам энэ юм. Тайвань, Монгол хоёроос бусад нь тус наадмыг авчихсан. Тайвань чадалгүйдээ биш, хятадуудын явуулгаар одоо болтол нэрээ дэвшүүлэхгүй байгаа юм.

Ийм наадмын төлөө улс бус хотууд нэрээ дэвшүүлдэг болохоор нэг улс хэдэн ч удаа хийж болно. Гэхдээ 2017 онд Монголд өгье гээд ерөнхийдөө шийдчихсэн юм. Тийм учраас бид 2017 онд наадам хүлээн авахад бэлэн байх учиртай. 3үүн Азид болдог 16-17 төрлийг Монгол Улс зохиох боломжтой. Ус, завь зэрэг ганц нэг төрлийг улс орны нөхцөл байдлыг харгалзан авахгүй байж болох талтай. Зарим төрлийн тэмцээн уралдааныг Эрдэнэт, Дарханд ч хийж болно. Хамгийн гол нь бүтээн байгуулалтдаа анхаарах хэрэгтэй. Яармагт баригдаж буй цогцолбор бол хоёроос илүү тэмцээнийг авахад хүндрэлтэй.

Нөгөөтэйгүүр нийслэл хотдоо анх удаа тив, дэлхийн хэмжээний наадам авчирснаар олон зүйлсийг шийдвэрлэж чадна. Тухайлбал хог, утаа, үйлчилгээний тал дээр. Наадам болоод өнгөрсний дараа тэр хот олон улсад танигддаг, өөрчлөгдсөн байдаг. Энийг олон орон батласан. Өмнөд Солонгос нийслэл Сөүлээ 1988 оны олимпоор  танигдахын аргагүй өөрчилж чадсан. Мөн Азийн наадмын ачаар Бусан хот хөгжиж, одоо олимп авах хэмжээнд хүрээд байна. Одоо гурав дахь том хот Инчоноо  хөгжүүлэх бодлого баримтлаад эхэлчихлээ. Ийнхүү спортын наадам хотыг хөгжүүлдэг гол хүчин зүйл болчихоод байна. Нэг том наадмыг амжилттай хийснээрээ дараагийн тэмцээн уралдааныг авах боломжтой болдог.
Бас наадам болгон ашигтай байдаг нь батлагдсан зүйл. Яагаад гэвэл олон төрлийн уралдаан тэмцээнийг нэг дор хийдэг, мөн эдгээр наадмууд ОУОХ-ны ивээл дор болдог. Оролцож байгаа бүх улс зардал мөнгөө дааж  ирээд сурчихсан. “Монгол энийг нь даачихаач” гэж гуйдаггүй. Тийм болохоор байр сав, зохион байгуулалтаа бэлэн болгочих юм бол ашигтай гарна. Ашигтай, ач холбогдолтой учраас дэлхийн улс орнууд том наадам, томоохон хурлуудыг авах гэж хөөцөлдөж байна.

Спортыг бизнес болгож байгаагийн нэг хэлбэр бол ерөөсөө л энэ. Түүнээс биш ганц спортын төрлөөр тив, дэлхийн АШТ явуулаад манайд ямар ч ашиггүй. Засгийн газар,  пүүс компаниудаас мөнгө аваад 3-4 өдөр бужигнаад л өнгөрнө. Энэ бол ямар ч ашиггүй, үүнээс Улаанбаатарт нөлөөлсөн өөрчлөлт гэж ч байхгүй. Дээр нь баахан алдагдал хүлээдэг. Тийм учраас ганцаарчилсан тэмцээнийг авах гэж зүтгэдэг улс цөөхөн болсон. Хүн тоохгүй байгаа юмыг бид нар авах гэж зүтгэх шаардлагагүй биз дээ.

Долдугаарт нь олимпийн бэлтгэлийн төвийг өргөжүүлэх ёстой. Аль ч улс оронд ийм төв байдаг. Сайн ажиглах юм бол олимпийн бэлтгэлийн төвөө төвлөрсөн газар байгуулсан улс алга. Аль болохоор зайдуу, байгаль цаг уурын онцгой нөхцөлд байх шаардлагатай.

Оросууд Сибирьт ийм төв байгуулсан. БНСУ Инчон, Сөүл хоёрын дунд орших Кимжан гэдэг 100 гаруй мянган хүнтэй хотод байгуулсан. Солонгосын олон хотуудыг хөдөө аж ахуйн бүтээгдхүүнээр хангадаг хот гэсэн. Тэнд байж таарахдаа олимпийн төвийн нээлтэд уригдсан. Сонирхуулахад манай Х.Цагаанбаатарын жинд барилддаг, өнгөрсөн жил олимпийн аварга болсон Чой Мин Хо тэндхийн хүн юм билээ. Намайг очиход тэр хотын иргэд олимпийн аваргаа хүлээн авч байсан. Манай бэлтгэлийн төв эдгээр төвүүдтэй адилхан байх ёстой.

Энэ талаар би нэлээд судалж үзсэн. Тухайлбал салхины хурд дунджаар ямархуу байх вэ, мод, уснаасаа хэр зэрэг зайтай байх вэ гээд бүгд шинжлэх ухааны үндэстэй байдаг. Өө, энэ сайхан газар байна гээд хийчихэж болохгүй. Бүх талыг нь бодолцсон байх учиртай. Мөн тэнд ургаж байгаа өвс ургамалынх нь бүтэц хүртэл чухал. Тамирчин хүн байнга өндөр ачаалал авч, амьсгаадаж хүчилтөрөгчөө гаднаас авдаг болохоор өвс ургамал нь хар тамхины шинжтэй байвал сөргөөр нөлөөлдөг. Мөн бэлтгэлийн төв нь далайн түвшнээс тодорхой хэмжээгээр өргөгдсөн байх шаардлагатай. Зарим нь хэт өндөрт бэлтгэлээ хийх сайн гэдэгч яг тийм биш. Бидний сонгож авсан Булган аймгийн Хангал сумын нутагт орших энэ газар дээрх шаардлагуудыг бүрэн хангасан.

Олон жилийн туршлагаас үзэхэд хот тойрсон газруудаас хүн сэргэлт авч чаддаггүй. Яагаад гэвэл тийшээ чинь хүмүүс амарч зугаалах зорилготойгоор очдог. Тийм орчин бэлтгэлд сөрөг нөлөө үзүүлнэ. Бас залуу хүмүүс л хойно тамирчид ч гэсэн тэндээ байхаасаа хотоос машинаар бэлтгэлдээ явахыг илүүд үздэг тал бий.

Тус төвийг байгуулахад улсын төсвөөөс 750 сая төгрөг төсөвлөгдөөд 250 саяыг нь Засгийн газар нөөцийн хөрөнгөнөөсөө гаргаж өгсөн. Үлдсэн 500 саяыг нь улсын төсөвт суулгуулсан. Үүнийг МҮОХ гардан хөөцөлдөж, тайлбарласны хүчинд гаргуулсан. Төсвөө авчихаад гардаж бариуллаа. Суурийн ажлыг нь уулын баяжулах “Эрдэнэт” үйлдвэр хийсэн. Одоогоор хоёр том заал ашиглалтад ороод байгаа. Энэ дөрөвдүгээр сард олимпийн бэлтгэлийн төв маань нээлтээ хийнэ. Нэг заал нь чөлөөтийн, нөгөө нь жүдогийн зориулалттай. Гэхдээ чөлөөт, жүдо, бокс гурвуулаа бэлтгэлээ хийх боломжтой.

Яваандаа хөнгөний зам талбай, хүндийг өргөлт, боксын заал, налуу замын дугуй, цанын зам хийх төлөвлөгөө гаргаад зураг төслийг нь хийчихсэн байгаа. ОУОХ-нд төсөл хэрэгжүүлж өгөөч гээд саналаа тавьчихсан байгаа. ОУОХ тухайн улс оронд хийчихсэн юмыг ирж үзээд түүн дээр тулгуурлан тодорхой хэмжээний санхүүжилт өгдөг юм. Цаашдаа бэлтгэлийн төвийхөө өмчлөлийг нь БТСГ-т шилжүүлнэ.
Наймдугаарт, олимп судлалын төвүүдээ өргөжүүлэн олимпийн зөвлөл болгоно. Эдгээр зөвлөлүүд нь хөдөө орон нутагт байгаа олимпийн хөдөлгөөнийг сурталчилж, тухайн аймаг, орон нутагт байгуулагдсан спорт холбоодыг бүртгэж аван, хурал чуулганаа хийдэг болно.

Ес дэх хөтөлбөр бол дасгалжуулагчийн дээд зөвлөл байгуулах. Манай спортод дипломын дараах боловсрол, дасгалжуулагчийн дээд курс гэж байхгүй. Гэтэл ихэнх улсад тэр дундаа Унгар, Герман зэрэг орнуудад олон улсын дасгалжуулагчыг бэлтгэдэг курс, сургуулиуд бий. Бид яаж дасгалжуулагчдынхаа мэдлэгийг тэлэх вэ гэхээр тийм сургуультай харьцаа тогтоож, онлайнаар сургалт явуулах юм. Ирээдүйтэй залуу дасгалжуулагчдыг шилж сонгон шалгалт аваад тэнцсэн хүмүүс нь онлайн сургалтад хамрагдана. Тодорхой нэгэн цагт дэлгэцэн дээр багшийн зааж буй хичээлийг харж, даалгавраа авна гэсэн үг. Харин курсээ төгсөхдөө нөгөө сургууль дээрээ очиж хамгаалах юм. Энэ нь зардал чирэгдэл багатай, орчин үеийнхээ шаардлагад нийцсэн юм.

Бид өнгөрсөн найман жилийн хугацаанд дотооддоо хангалттай сургалт явуулж, баахан л лекц уншууллаа. Манай дасгалжуулагчийн дээд курсыг төгссөн хүнд л шигшээд ажиллах, гадаада мэргэжилтнээр явах зам нээгдэнэ. Вьетнам, Лаос, Өвөрмонголоос манайд санал тавьдаг шүү дээ. Тэгэхэд нь ийм курс төгсчихсөн, онолын тодорхой мэдлэгтэй, хэл устай байвал зүгээр биз дээ. Тэр хэрээр ч үнэлэмж нь өндөр, гэрээний нөхцөл нь сайн байна. Япон, БНСУ, Унгарын сургуулиудыг судалж байгаа. Лицензийг нь аваад хаана ч очиход ажиллах эрхтэй тийм сургуулийг сонгоно. Эдгээр есөн төрлийг ирэх дөрвөн жилд хэрэгжүүлж, эхнээсээ үр дүнг нь хүртэх төлөвлөгөөтэй байна. Түүнээс олимп дөхүүлээд жаахан юм хийчихээд өөрсдийгөө рекламдах бодол огт алга. Аль болохоор бодитой юм хийнэ.

-Өнгөрсөн жил та Биеийн тамир, спортын салбарт шинэчлэл хийх зургаан зүйлийн уриалгыг дэвшүүлэн гаргасан. Үүний хэрэгжилт ямархуу төвшинд яваа бол?
-Нэгдүгээр асуудал бол Биеийн тамир, спортын хуулинд өөрчлөлт оруулах. Тэртээ тэргүй хуулинд өөрчлөлт оруулахыг амьдрал өөрөө шаардаж байна. Удахгүй комисс байгуулагдана. Хоёрдугаарт асуудал болох биеийн тамирыг хөгжүүлэх үндэсний бодлогыг боловсруулах талаар БТСГ-аас тодорхой ажлуудыг хийж байгаа.

Гуравдугаарт ЕБС-иудын биеийн тамирын хичээлийн нөхцөл байдлыг сайжруулах гэж байгаа. Үүнийг бид заалыг нь олон болгох, загвар сургуулиар харуулна. Мөн гадаадад мэргэжлийн улсуудыг олноор нь сургая гэж бодож байгаа. Спартикиадыг бүх аймаг, хотод ээлжлэн зохион байгуулж өрсөлдүүлдэг болгох асуудлыг бид ирэх жил УИХ-аар шийдвэрлүүлнэ. Спартакиад нэрийн дор үр дүн муутай олон тэмцээн явуулдгийг халах хэрэгтэй.

Дээр нь тамирчнаа ийш тийшээ наймаалцсан, үзэгчгүй, улсын мөнгө үрсэн ийм тэмцээн хэнд ч хэрэгггүй. Энэ бол цөөхөн хүний ашиг сонирхолд нийцэж байгаа болохоос олон нийтэд таалагдахгүй байгаа. Тийм болохоор дөрвөн жилд нэг удаа спартикиадыг хийх, галт бамбараа аймаг, хотуудаараа аялуулж, зохион байгуулах эрхийг авсан газартаа бүтээн байгуулалт босгох, спартикиад авсныхаа дараагаар ямар нэгэн том уралдаан тэмцээнийг авдаг болгох асуудлыг ирэх жил тавина. Боловсон хүчнийг бэлтгэх асуудал саяны есөн зүйлд орчихсон байгаа.

-Саяхан спортын төрөлжсөн сургууль байгуулагдаад үйл ажиллагаагаа эхлсэн. Энэ асуудлыг та тавьж байсан байх аа?
-Энэ бол 2004-2008 оны 13 хөтөлбөрийн нэгэнд орсон зүйл. Үүнийг БТСГ-ын дарга Ч.Наранбаатартай ярьж байгаад төрийн байгууллагынхаа шугамаар тэднийх хариуцах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Манай санаачилсан ажлын нэг мөн. Мөн бидний хүчин туслалцаа орох ажил.

-Уг нь ноднингийн төсөв хэлэлцэж байх үед холбоодын татварыг даах асуудал явж байсан. Тэр гацаад байна уу?
-Эдийн засгийн хямралаас болсон байх. Уг нь Эдийн засгийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар манайхаас суудалтай их хурлын гишүүдтэй ярилцаад “Жилийн төсөв нь 50-60 сая төгрөгт багтах бага юм байна. Төсөвт суулгая” гээд оруулчихсан юм. Гэтэл батлагдаагүй. Тиймээс дараагийн төсвийн тодотголоор дахиад оруулъя гэж бодож байгаа. Хэрэв батлагдвал спортыг төрөөс санхүүжүүлэх эхний алхам болох юм.

-Олимпийн чуулганаар анх удаа МҮОХ-ны ерөнхийлөгч орон тооны байна гэж шийдсэн шүү дээ…
-Өмнө нь ч тийм байсан шүү дээ. Тэрийгээ л баталгаажуулсан юм. Үндэсний олимпийн хороо гэдэг чинь том салбар. Олон улсад бүртгэлтэй, олон улсаас тодорхой  санхүүжилт авч үүргээ гүйцэтгэдэг. Тийм тохиолдолд тэрийг хариуцсан хүн байх ёстой. Тэгээд ажил нь сайн байвал тэрийгээ хүлээдэг, муу байвал хариуцлагаа үүрдэг эзэн байх ёстой. Таван хүн нийлж суугаад “За, нэг төрийн бус байгууллага байгуулчихъя” гэж байгаа хэрэг огт биш. Төрийн биеийн тамирын чиглэлийн үйл ажиллагааны нэг хэсгийг үүрч байгаа том байгууллага учраас яалт ч үгүй өөрийн гэсэн ерөнхийлөгчтэй, тэр нь өдөр тутмын үйл ажиллагаагаа удирдаж явдаг байх ёстой.

-Таны мэргэжил бол спортын анагаах ухаан. Энэ чиглэлээр ойрын жилүүдэд ямар ажил хийх вэ?
-Спортын анагаах ухаан спортын хамгийн чухал салбар. Би Оросын алдарт бөх Александр Карелиний Сиднейн олимпод оролцохдоо хэлсэн “Орчин үед спортын анагаах ухаан хаана өндөр төвшинд хөгжсөн, тэндхийн тамирчид амжилт гаргаж байна” гэсэн үгийг хэлэх дуртай. Ерөөсөө тамирчны амжилт бол анагаах ухааны ололттой шууд холбоотой. Гол утга нь хүний амжилтыг маш өндөр түвшинд аваачаад тэрийгээ том тэмцээний үеэр барихад зориулагдсан.

Жишээ нь өнөөдөр миний ажиллах чадвар нэг минутад 130 кг ачаа үүрдэг байсан бол тэрийг нь 180 болгоод тэнд нь 14 хоног барьдаг. Үүгээрээ их онцлогтой. Миний мэргэжил учраас үүнд байнга анхаарал тавьдаг. Тийм ч учраас Спортын анагаах ухааны төв байгуулсан. Үүнд манай олимпийн тамирчид бүгд байрлаж, үр дүнд хүрсэн. Олимпийн аварга төрсөн. Үр өгөөжийг нь хүртсэн тамирчид олимпоос хойш өөрсдөө ирж уулзаад “Хөтөлбөртөө хэзээ орох вэ” гээж асуудаг. Бас өмнө нь хамрагдаж байгаагүй ч “Энэ үр дүнтэй юм гэнэ лээ. Намайг хамруулж өгөөч” гэсэн хүмүүс зөндөө байдаг.

Сая өвөрмонголчууд энэ тухай сонсчихсон “Жүдогийн тамирчдаа гурван сар байлгаж байгаад Бүх Хятадын спартакиадад оролцох гэсэн юм, туслалцаа үзүүлээч” хэмээн ярьж байна лээ.

-Та Монгол Улсын Ерөнхийлөгчийн спортын орон тооны бус зөвлөх. Үүнтэй холбогдуулан асуухад ардын тамирчин, биеийн тамир, спортын гавьяат зүтгэлтэн гэсэн цол мөд батлагдах болов уу?
- Ер нь ардын эмч, ардын тамирчин, спортын гавьяат зүтгэлтэн цолуудыг бий болгох нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ асуудлыг гурав, дөрвөн жилийн өмнө буюу Н.Энхбаярыг ерөнхийлөгч болсны дараахан тавьсан. Тэгээд Улсын их хурлаар оруулаад тэндээс батлагдаагүй өнгөрчихсөн юм. Одоо ерөнхийлөгчийн сонгуулийн дараа дахин тавина. Хууль ёсоороо ерөнхийлөгч байх хугацаандаа нэг асуудлыг олон дахин тавьдаггүй юм билээ. Гэхдээ зөвлөхийн хувьд зарим нэг зүйлийг шийдвэрлүүлж чадсан. Тухайлбал манайд гавьяагаа үнэлүүлж, шагналаа аваагүй хоцорчихсон хэд хэдэн хүн байсан.

Боксын Э.Цогтжаргал, чөлөөтийн  Ло.Эрхбаяр, О.Энхтайван нар. Үүнийг би ерөнхийлөгчид сайн ойлгуулсны үндсэн дээр амжилтыг нь үнэлүүлсэн. Дээр нь казах түмний бахархал болсон О.Бахыт начинд гавьяат цолыг нь өгүүлсэн. Тэрбээр дэлхийн хэмжээний амжилт гаргаагүй ч гэсэн үндэсний цөөнх казахуудын дундаас олимпод оролцсон анхны тамирчин, Баян-Өлгий аймагтаа маш нэр хүндтэй нэгэн. Тэр жижиг ястныг төлөөлөөд олон улсад сайхан амжилт үзүүлээд дээр нь улсын цол хүртсэн амжилтыг нь харгалзан гавьяат цол өгүүлчих юмсан гэж бодож явдаг байсан.

Бас манай Эрдэнэтийн Д.Баясгалан байна. “Хангарьд” спорт клуб гэхэд шигшээгээс илүү хангамжтай, дээр нь маш олон бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулсан. Сүүлд Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр нарт ардын багш цолыг нь олгуулсан. Тэдгээр хүмүүс надад “Гавьяат болмоор байна” гэж санал тавиагүй, би өөрийнхөө санаачилгаар шагналыг нь нөхөж олгуулсан.

-Дээрх есөн том хөтөлбөрөөс гадна хэрэгжүүлэхээр төлөвлөж буй жижиг хөтөлбөрүүд байгаа юу?
-Байгаа. Хамгийн наад зах нь Олимпийн хорооныхоо гадна талыг маш сайхан парк болгоно. Нийслэл хотод маань залуус зугаалах, гадны жуулчин ирээд зургаа авахуулчих газар ховор. Орчноо сайхан тохижуулж, гол дунд Бөртө чоныхоо хөшөөг босгох юм. Хөшөөний ар талд таван өнгийн баганатай, түүн дээр нь олимпийн аварга болсон тамирчид, “Бөртө чоно”-ын эзэд он оноороо нэр ус, гарын үсэг нь байж байдаг олимпийн уур амьсгалыг бүрдүүлсэн парк байгуулах бодол өвөрлөж явна.

-Бээжингээс алтан медаль авна гэж зорилго тавиад түүндээ хүрсэн. Харин Лондонгйин олимпод ямар зорилго тавих вэ?
-Ямартай ч өмнөхөөс илүү олон тамирчин оролцуулж, амжилтыг нь Бээжингийнхээс бууруулахгүй байх зорилготой. Ирэх дөрвөн жилийн хугацаанд биднийг өөр олон тэмцээн хүлээж байна. Нэрлэвэл “Бангкок-2009” Азийн тулааны спортын анхдугаар наадам, “Сингапур-2009” Азийн хүүхдийн анхдугаар наадам, “Ханой-2009” Азийн заалны III наадам, “Хонконг-2009” Зүүн Азийн V наадам, “Ванкувер-2010” өвлийн олимпийн XXI наадам, “Мускат-2010” Азийн элсний спортын II наадам, “Сингапур-2010” хүүхдийн анхдугаар олимп, “Гуанжоу-2010” Азийн спортын XVI наадам, “Астана-Алматы-2011” Азийн өвлийн спортын VII наадам, “Хай-Ян-2012” Азийн элсний спортын III наадамд баг тамирчдаа бэлтгэж оролцуулна.

-”Лондон-2012″ хөтөлбөрт ямар ямар тамирчин хамрагдах нь тодорхой болсон уу?
-Тэрийг бид бие дааж шийдэх эрх байхгүй. ОУОХ-нд хүсэлтээ тавьдаг учиртай. Тэд судалж үзээд эцсийн шийдвэрийг гаргадаг. Хэрвээ “Энэ хүн хөтөлбөрт хамрагдаад олимпийн аварга болчихсон тул хангалттай. Оронд нь шинэ хүн хамруул” гэвэл түүнийг нь дагахаас өөр аргагүй.

Болдогсон бол хоёр залуугаа олимпийн хошой аварга болохыг нь хармаар байна. Мөн олимпоос медаль аваагүй ч тив, дэлхийн хэмжээнд өндөр амжилт гаргаж байсан ахмад, хашир туршлагатай ганц нэг тамирчнаа хөтөлбөртөө ахин хамруулж үр шимийг нь үзэхийг хүсч байна. Тэр хүний насаараа хөдөлмөрлөсөн зүйл шүү дээ. Тамирчин хүн биеэ зөв авч явж, бэлтгэлээ тохируулах юм бол ямар ч амжилтад хүрдэг юм гэдгийг 1992 оны Барселоны олимпоор харж байлаа. АНУ-ын 36 настай Кэмпбелл гэгч бах манай П.Сүхбатыг ялахыг хараад ойлгосон.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. Man U says:

    Londond dahiad alt avchihval ch uu. gehdee bolomj zondool bgaa . sain l ashiglaj chadval . itegj bgaa shuu tamirchiddaa

    GD Star Rating
    loading...
  2. kick says:

    sportod ardchilal keregtei shyy noc ene deeree erdee c ajillakhgyi bn shyy

    GD Star Rating
    loading...
  3. uundax says:

    sportod ardchilal baidag shdee bi law teriig ni mederdeg gehdee zarim 1 tenegvvdiig es tootswol dajgvi shvv

    GD Star Rating
    loading...
  4. Enkhdava says:

    Londond hicheegeerei.Badar-uugan, Serdamba, Enkhzorig naraa SHiidver gyitsetgeh eronhii gazriin neriig ta gurav sainaar duuduulah estoi shy.ta nart ireedyi bii shy.tsoglog shy.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: