Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Спорт-номын сан » Стивен Жеррард – Миний намтар (хоёрдугаар бүлэг)

GD Star Rating
loading...

gerrard-middleII бҮлэг

Ухаажин томоожсон өсвөр нас минь

Би хичээлээ тасалж огт үзээ­гүй. Манай гэрийнхэн ч үүнийг байж болшгүй зүйл гэж үздэг. Хичээлээс зав­сар­дах нь тамхинд татаг­дах, мөнгөө буруу зүйлд үр ашиггүй үрэх зэрэг сөрөг тал­тай билээ. Намайг хааяа нэг болчимгүй зүйл хийхэд аав маань чих зөөлөн муш­ги­хаас хэтэрдэггүй байв. Тэр хэзээ ч намайг зодож, цо­хиж байсангүй. Аавын үзэл, бодлоо илэрхийлэх ар­га нь бусдаас өөр. Түү­ний харц нь хамаг биеийг минь нэвт сүлбэх мэт бол­дог байж билээ. Би ямар нэ­гэн буруу зүйл хийгээд ин­гэж зогсохдоо бидний дот­но харилцаа үүгээр та­сал­бар болох вий гэдэгт хам­гаас илүү эмээдэг бай­лаа. Аав Пол ах, бид хоёрт хэзээ ч хүч хэрэглэж, чанга дуугаар загнадаггүй. Бид­ний гэм буруугаас Айрон­сай­дад цагдаа, хууль сахиу­лагч ирэхийг тэр тэвчихгүй. Цөөн­гүй хүн ах, бид хоёрыг цонхыг нь хагалсан гэж хов­лохоор манай хаалгыг нү­дэж байсан. Харин бид цаг­даа, сэргийлэхэд хүрэ­хээр хэрэг тарьж байгаа­гүй.

Би нэг удаа маш том ал­даа гаргасан. Ганцхан удаа л. Би хулгай хийгээд ба­ригдчихсан юм. Би нэг найзтайгаа Ливерпулийн тө­вөөр хэсүүчлэн яваад “Woo­lies” их дэлгүүрт тэр хэ­рэгт орооцолдсон. Тэгэ­хэд бид хоёул 11 настай байсан юм. Бид хоёр Лайм Стрит1 орж түргэн хоолны газарт хооллоод буцахад хангалттай мөнгөтэй бай­сан. Гэвч би тэр мөнгөөр хичээлдээ хэрэглэх хүс­нэгт­тэй цаас, үзэг зэрэг хи­чээлийн хэрэгсэл авах ёс­той байв. Бид “Woolies”-т очи­хоор шийдлээ. Дэлгүүрт ороод бүх тасгаар нь тэ­нэж, эцэст нь хэдэн үзэг авч халаасандаа хийгээд цаа­саа хувцсан дотроо нуув. Тэгээд шууд л хаалга руу зүглэлээ. Ажиллагаа төлөв­лөгөөний дагуу болж байв. Гайхалтай. Лайм Стри­тэд гамбургер идэж, кока-кола уух мөнгө халаа­санд мэдрэгдэнэ. Дэлгүү­рээс гарч явган хүний замд хүрлээ. Гүйцээ, одоо гүйц­гээе.

Гэвч араас хэн нэгэн хаш­гирлаа. “Хөөе” гэхийг сон­соод хамаг цус хөлдчих шиг болов. “Зогсоцгоо!”. Чөт­гөр аваг, “Woolies”-ийн хам­гаалалтын ажилтан бай­на. Бид айснаасаа бо­лоод байрнаасаа ч хөдөлж ча­дах­гүй зогсоно. Хамгаа­лагч биднийг шууд л заам­дан чирлээ. Энэ бол миний амьдралд тохиосон хамгийн таагүй өдөр. Миний зүрх түжигнэн цохилж, толгойд есөн шидийн бодол эргэл­дэнэ. “Миний хөлбөмбөг­чин болох хөг өнгөрлөө. “Ли­верпуль” одоо намайг хөөх байх даа. Аав ч гэсэн. Чөт­гөр, яах гэж би үүнийг хийв ээ?” гэж бодон явав.

Хамгаалагч биднийг дэл­гүүр лүү авч ороод өрөөн­дөө оруулан хулгайл­сан хичээлийн хэрэгслийг нэг­жин авав. Тэр маш ши­рүүн харьцаж байлаа. “Аль сургуулийнх вэ, та хоёр?” гэж хашгирав. “Гэр чинь хаа­­на байдаг вэ? Алив утас­­ны дугаараа өг” гэж заг­­на­­лаа. Толгой эргэж, юу гэж хэлэхээ мэдэхгүй зог­сож байв. Өөрийн мэдэлгүй “Ма­найд утас байхгүй” гэж худ­лаа хэллээ. Хамгаалагч улам уурлан царай нь мин­чийн улайв. “Тэгвэл гэрийн­хээ хаягийг хэл” гэж тэр шаард­лаа. Би Айронсайдын талаар дурсмааргүй байв. Аавыг мэдчихвий гэхээс яс хав­талзана. Яах вэ гэж эр­гэл­зэн бодсоор. Хамгаа­лагч дахин гэрийн хаяг шал­гаахад нь нагац эгчийн­хийгээ заагаад өгчихөв. Тэр ми­ний хэлснийг тэмдэглэж аваад биднийг “Woolies”-ээс хөөн гаргалаа.

Элдвийг бодон Лайм Стрит рүү гүйв. “Дэлгүүрээс сур­гууль руу утасдаж, тэ­гээд аавд хэлнэ. Одоо би шо­ронд орж, насаараа хөл­бөмбөг тоглож чадахгүй нь. Новш гэж”. Би Хюйтонд хүрч галт тэрэгнээс буусан ч Айрон­сайдыг зүглэж чад­сан­гүй. “Аав намайг хулгай хий­сэн гэж гарцаагүй алах бол­но” гэж бодов. Гэртээ шууд харихаас зүрхшээн нагац эгч Линнийд очлоо. Линн эгч намайг гэртээ оруу­лаад болсон явдлын талаар сонсов. Би ярьж дуу­саад “Хамт манайд очъё” гэж түүнээс гуйлаа.

Линн эгч надтай хамт ма­найд очиж, надад ямар хэ­цүү байгааг аавд тайлбар­лав. Гэвч оройтжээ. Аав ми­ний дэлгүүрт тарьсан хэр­гийг хэдийнэ мэдчихэж. Муу мэдээ ч хурдан тархах юм аа. Яг л бодож байс­наар “Woolies” дэлгүүрээс Сент-Мик сургууль руу ярьж, тэндээс аавд хэлсэн байна. Аав их уурлажээ. На­майг угзчин гэрт оруулав. Би “Одоо ч алж өгөх байх даа” гэж бодов. Тэр намайг цоо ширтэн хэсэг зогслоо. “Чи яах гэж ийм юм хийв?” гэж асуув. “Яагаад хулгай хийж байгаа юм бэ? Яагаад мөнгийг нь төлөөгүй юм? Тэр зүйл чинь тийм хэрэгтэй бай­сан юм бол яагаад ээж, бид хоёроосоо мөнгө аваа­гүй юм? Яагаад, яагаад?”. Асуултаа ар араас нь тавь­саар. “Бид манай гэрт хул­гайч байхыг тэвчихгүй. Сур­гууль чинь ч чамайг хүлээж авахгүй байх. Тэд чамайг яагаад юм хумсалсныг мэд­мээр байна гэсэн”. Болдог­сон бол цаг хугацааг ухрааж Лайм Стритэд буцаж очоод тэр мөчийг залруулахсан. Гэвч бүх зүйл болоод өнгөр­сөн. “Аав”. Би тайлбар­ла­хыг хичээв. “Аав, хэрвээ сур­гуулиас намайг “яагаад ингэсэн бэ” гэвэл би “гэ­рийн даалгавараа хийх гээд” гэж хэлчихье. Би амттан биш, хичээлийн хэрэгсэл ав­сан шүү дээ. Хүснэгттэй цаас авсан” гэлээ. Аав над руу харснаа “Тэр чинь надад хамаагүй” хэмээв. Энэ үг на­дад том цохилт боллоо. Энэ байдлаас гарахад на­дад юу ч тус болохоос өн­гөр­чээ. Аавын дараагийн үг бүр хүчтэй, аймшигтай байв. “Хэрвээ болсон явд­лын талаар “Ливерпуль” мэд­вэл чиний асуудал бүр хэцүүднэ дээ, Стивен”. Тэр “Стив Хейвэй чамайг яаж үнэл­дэг билээ? Чи “Ливер­пуль” дэх бүх зүйлээ үгүй хий­лээ дээ. Тэд одоо чамайг багаасаа хөөх нь гарцаагүй” гэж үргэлжлүүлэн хэлэв. Эд­­гээр үг миний сэтгэл дэх хү­сэл мөрөөдлийн бөмбө­гийг хагалах мэт боллоо. Би яг тэгж мэдэрсэн. Би аав­даа хайртай. Ингэж хэлс­нийх нь төлөө би түүнийг үзэн ядаж байв. Би “Ливер­пуль”-д үнэн голоосоо хайртай. Баг маань намайг хөөнө гэдэг аймшигтай зүйл. Хөлбөмбөг гэдэг бол миний хүсэл, мөрөөдлийн ор­гил билээ. “Би яах гэж хул­гай хийв ээ? Бурхан минь, юу болчихов?” Хулгай гэдэг байж болохгүй зүйл. На­­дад мөнгө байсан, хэрэв мөн­­гөгүй бол яах байсан бол. Эцэг, эх маань ах бид хоёрт “Та нар хулгай хийж бо­лохгүй. Хэрэв та нарт ямар нэг зүйл хэрэгтэй бол ху­дал, хуурмагаар түүндээ хүрч хэрхэвч болохгүй” гэж үргэлж захидаг байсан. Усан тэнэг би аав, ээжийн­хээ үгийг үл хэрэгсэн хулгай хий­гээд үр уршгийг нь ин­гээд биеэрээ амсаж байна.

Аав намайг загнаж бай­хад ээж үүдэнд зогсон аавын хэлэхийг сонсон на­майг ажиглаж байв. Ээж аавын хэлсэн бүхнийг хү­лээн зөвшөөрч, түүний талд байсан ч надад ямар хүнд бай­гааг мэдэрч, аавд ойл­гуу­лахыг хүсч байлаа. Ах, бид хоёр ээжийн хайртай хөв­гүүд. Тэр биднийг үргэлж өмгөөлдөг. Би ээждээ дан­даа эрхэлнэ. Хэрэв ээж на­майг загнавал “Аан, ээж яагаад загнаад байгаа юм бэ?” гээд нялхарна. Тэгэ­хээр ээжийн нүүрэнд инээм­сэглэл тодорч тэвэр­дэг­сэн. Гэхдээ ээж бидний ал­дааг өөгшүүлдэггүй. Тэр “Woolies”-т болсон явдалд ааваас дутахгүй уурласан нь тодорхой. Гэвч тэр аавтай зэрэгцэн загнаагүй. Ихэнх хүүхэд хулгай хийх, тамхи татах зэрэг болчимгүй зүйл хийснийхээ төлөө аавдаа су­ран бүсээр ороолгуулдаг байх. “Woolies” дэлгүүрт над­тай хамт очсон найз маань л лав хэдэн өдөр гэ­рээ­сээ гарахааргүй болж бай­сан. Харин миний аав, ээж хоёр бидэнд огт өөрөөр ойлгуулдаг. Тэгэхэд аав на­майг өрөөнд маань түгжээд гур­ван хоног гаргаагүй. Энэ нь надад яг л хагас жил шиг удаан санагдаж билээ.

Пол намайг өрөвдөх нь битгий хэл тохуурхаж байв. Түүний өрөө минийхтэй ха­рал­даа. Ах өрөөндөө хо­ригд­­соныг минь тавлан инээ­нэ. Хаалгыг маань аяар­хан тогшоод “Стиви, би гадагшаа гарлаа. Тэнд ч гоё байна даа. Чи гарахгүй юм уу?” гэж шивнэнэ. Намайг яаж ч чадахгүй болохоор уурыг минь хүргэж байгаа нь тэр. “Компьютер шатны ха­жууд байгаа шүү. Гоё тог­лоом тогломоор байгаа биз дээ” гэж хаалганы цаанаас хэ­лээд гүйн одно. Өрөөнөө­сөө гарч чадахгүйг минь мэдсээр байж. Энэ бүхэн намайг хэсэг хэсгээр нь ог­толж байгаа мэт аймшигтай байлаа. Пол гадаа гарч, хөл­бөмбөг тоглох нь сон­сог­доно. Тэр “Хөвгүүд ээ, га­раад ир. Хөлбөмбөг тог­лоё” хэмээн Айронсайдын хүүхдүүдийг уриалан хаш­гир­на. Энэ нь надад маш хүнд эрүүдэн шүүлт байсан. Хүүх­дүүдийн хашгиралдаан, гоол хийж, хожсоны дараа баярлан хөөрч буй чимээг сон­соод уйлчихдаг байж билээ. Миний өрөө яг тал­бай руу харсан цонхтой. Най­зууд маань “Стиви, Сти­ви, энэ үнэхээр гоё тоглолт болж байна. Чи үүнд орол­цож чадахгүй нь тун харам­салтай” хэмээн хашгирц­гаа­на. Энэ үгийнх нь араас даажин хийсэн инээд сонсогдоно. “Миний най­зууд, төрсөн ах маань. Тэд на­майг сонсож байгааг мэ­дэж л байгаа. Энэ нь надад ямар хэцүү болохыг ч мэд­нэ. Гэтэл ингэж байдаг” гэ­сэн гоморхсон бодол төрнө. Тэд­нийг намайг дуудаж хаш­­ги­рахаа болиход нь цон­хоор сэмхэн тоглохыг нь харж, атаархан зогсдогсон. Би хий­сэн хэргийнхээ төлөө ин­гэж хоригдон ганцаардаж байв.

Үнэндээ энэ явдлаас хойш би хэн нэгний нөлөөнд ав­талгүй өөрийгөө хэвийн авч явж чаддаг болсон. Най­зууд маань дэлгүүр бо­лон агуулахаас амттан, ун­даа хулгайлахад нь би харж л байсан. Би тэдэнтэй хамт бай­сан ч тэр хэрэгт нь ху­руу­гаа ч дүрдэггүй байв. Сур­гууль дээр хөлбөмбөг тог­лож байхад найзууд маань халааснаасаа тамхи гар­гаж ирнэ. Тэгээд хүмүү­сийн нүдэн дээр тоосон янзгүй асаагаад л баа­гиулц­­гаана. Томчуулаас са­наа зовно гэж байхгүй. За­рим нэг нь гудамжаар сэл­гүү­цэх санал гаргахад би нэг газраа юм ярьж суусан нь дээр гэнэ. Хэрэн тэнэх нь муу зүйлд татагдах ма­гад­лалыг ихэсгэж буй хэ­рэг билээ. Аав маань зөв замд хөтөлсөн нь завшаан­тай. Түүний заавар, зөвлө­гөө­гүйгээр би өдий зэрэгт хүрэхгүй байсан.

Айронсайдын 10 дугаар бай­­шингийн эзэн нь мэ­дээж аав. Энэ гэрт аавын үг хууль ч тэр хэзээ ч да­ран­­гуйлагч байгаагүй. Пол, бид хоёр хэзээ ч эцэг, эхээ­сээ айн зүрхшээж байгаа­гүй юм. Заримдаа бид тэ­дэнд илүү их эрхлэхийг хүсч нялхардагсан. Пол, бид хоёр эцэг, эхээ маш их хүндэтгэн дээ­дэлдэг. Ма­найх гэдэг маш дотно, нягт гэр бүл. Өг­лөөний цайгаа хамт ууж, орой бүр хамт суун зу­рагт үзэх юм уу, чалчиц­гаа­на. Ах, бид хоёр эцэг, эхээ­сээ илүү их хайр, энэр­лийг нэхэх эрх­гүй билээ. Ээж маань тун зар­чимч эмэг­тэй. Хэзээ ч Ай­рон­­сай­дын 10 дугаар байшинд өлс­гөлөн нүүрлэ­дэг­гүй бай­сан. Жеррардын­хан үргэлж ши­рээ дүүрэн суу­даг байв. Хааяа ах, бид хоёр ээжээс мөн­­гө гуйхад тат­галздаг. “Аяга дүүрэн, гэ­дэс цатга­лан байхын тулд л ингэж бай­гаа хэрэг шүү. Эн тэр­гүүнд тавигдах ёстой асуу­дал энэ биз дээ” гэж тэр хэл­дэг байв. Бид ширээ тойрч суугаад бие биедээ жиг­­нэмэг, ундыг нь дөхүү­лэн цайлдагсан. Ээж “Та нар өмнөө байгаа зүйлээ идэж дуусахаас нааш хаа­шаа ч явахгүй шүү” гэж анхаа­руулна.

Тэр үед мөнгөний үнэ цэ­нэ их байсан. Баярын өд­рүүд дэндүү хол зайтай мэт санагдан, хурдхан баяр бо­­лоо­сой гэж мөрөөддөг байв. Бид жил бүр баяраар Скег­несс2 дэх Батлин3 руу юм уу, Девоны4 соёл, ам­рал­­тын хүрээ­лэнд очно. Тэнд манай авга, нагац нар хүүх­дүүдээ дагуулан очиж, ас­­рагч эх, өвөө хоёр ч хааяа хамт явдаг. Бүх л гэр бү­лээ­­рээ баяр тэмдэглэдэг байв. Үнэхээр гайхалтай аялал. Энэхүү аяллын тухай бо­дол олон сарын турш тол­гойд минь хадаастай байдаг байв. Ээж энэ амралтыг эрт­­нээс төлөвлөн, өвлийн турш мөнгөө хуримтлуулдаг байсан. Ээж энэ аялал гэр бүлд маань, ялангуяа Пол, бид хоёрт ямар чухал, хүсэн хүлээдэг зүйл нь вэ гэдгийг мэд­дэг. Хааяа ах, бид хоё­рын аз таарвал найзуудаа­саа дагуулж явна. Би Полд тэр азтай зочныг сонгоход нь тусалдаг байв. Надад бол өөрөөсөө ах хүүхдүүдтэй хөл­бөмбөг тоглож хөгжил­дөх нь л чухал. Скегнесст үнэ­хээр гайхалтай амралт болдог байсан.

Нэгэн удаа аав Лин­кольн­­ширийн эрэг рүү явж байх замдаа надаас “Хүү минь, чи хөлбөмбөгийн сур­гуульд ормоор байна уу?” гэж асуулаа. Ямар хүсэл зо­рил­­готой буйг минь магад­лаж байгаа нь тэр. Батлинд очоод эрэг дээр шаварт хут­гал­дан гүйж, бөмбөгөөр ха­рил­цаж тоглон, усан гул­гуу­раар нисэх мэт хурдтай уруу­даж байхад “Хэзээ би хөл­­бөмбөгийн сургуульд орж болох бол?” гэсэн бо­дол л толгойд эргэлдэж байв. Картингийн машин жо­лоодоод Полыг нэхэж бай­хад хүртэл хөлбөмбө­гийн сургуулийн тухай бод­соор байсан. Тэгээд аав дээр очоод “Одоо явж бо­лох болов уу?” гэж асуув. “Хүү минь, чи л шийднэ шүү дээ. Явж бололгүй яах вэ” гэ­лээ. Скегнесс дэх амралт үнэ­хээр зугаатай байлаа. Үдэш болоход бид нэгэн клубт очиж хамтлаг, дууч­дын тоглолтыг сонирхоод ка­­ра­окед орж дуулцгаав. Мар­гааш өглөө нь би эрт сэ­рээд “Би хэзээнээс хөл­бөм­бөгийн сургуульд явж эх­лэх вэ?” гэж аав, ээжээ­сээ асуув. Одоо бол Скег­несст нөгөө ертөнцөд буй мэт мэдрэмж төрөх бол­жээ.

Аав, Пол, бид гурав үр­гэлж л хөлбөмбөгийн тухай ярилцана. Аав “Ливер­пуль”-ийн тухай маш сайн мэддэг, энэ багийн үнэнч хөгжөөн дэмжигч. Тэр надад “Ливер­пуль”-ийн тоглолтын бичлэг авч өгөн, бид хамт үздэг байв. Нижигнэсэн алга ташилтын дор цэнгэлдэхэд орж ирэх Грэм Соунесс5, эсрэг багийнхнаа тоомжир­гүй­хэн харах Алан Хансен6, дов­толгооны шугамд гялал­зах Кенни Далглиш7 бичлэгт гарна. Нэг өдөр аав Далг­ли­шийн маш том зурагт хуу­дас авчирлаа. Шатаар өгсөн миний өрөөнд орж ирээд “Кенни Далглиш бол “Ли­вер­пуль”-ийн бүх цаг үеийн хамгийн аугаа тоглогч” гээд надад тэр зургийг өгөв. “Тэр бол жинхэнэ эр хүн шүү. Алив, зургийг нь ха­нанд чинь наагаад өгье” хэ­мээн нэмж хэллээ. Далг­лишийн зураг миний өрөөнд хэдэн жилийн турш өлгөө­тэй байж билээ. Яг л бурхан шүтээн шиг байдагсан. Зургаа, долоотой байхдаа “Хаан” Кенниг “Энфильд”-д амьдаар нь харах боломж олдож байв. Одоо бол түү­ний тоглолтын хувцас миний шагналын өрөөнд хүндтэй байр эзлэн байдаг. Би “Эн­фильд”-д Кенни болон Иан Раш, Жон Барнес, Стив Мак­махон нарт илбэдүүлсэн юм шиг л тоглолтод бүрэн уусан шин­гэдэг байв. Тэд бол үнэхээр агуу тоглогчид. Сэтгэлд хамгийн тодоор үлд­сэн дурсамжаасаа ху­ваалцъя. 1989 онд “Арсенал”-ын Майкл Томас сүүлчийн минутад манай хаалганд гоол хийн, “Ли­верпуль”-ийн хөгжөөн дэм­жигчдийн зүрхэнд хутга шаах мэт болсон тэр мөчид би “Энфильд”-д байсан. Тэр гоолоос болж бид ли­гийн түрүүг авч чадаагүй юм. Харин дараа жил нь Хан­сен аваргын цомыг өргөөд зогсож байхад нь би мөн л тэнд үзсэн. “Эн­фильд”-д аваргын цомыг бу­цаан авчирсан Хансеныг маш их бишрэн шүтэж бай­сан юм. Тэр бол үнэхээр гай­­халтай мөч.

Би дөнгөж наймтай байх­даа л “Ливерпуль”-д бэлтгэл хийж эхэлсэн. Ингэс­нээр би жинхэнэ “Ко­пи­те”8 болсон юм. Үүнээс өмнө бол би хэнийг дэм­жихээ мэддэггүй бай­лаа. Нэг долоо хоногт нь “Гудисон Парк”-т очиж, да­раа­гийнхад “Ливерпуль”-ийн хөгжөөн дэмжигчидтэй мөр зэрэгцэн зогсдог байв. Энэ үед би зөвхөн хөлбөм­бөг үзэхийн төлөө л явдаг байсан. Бусад хүмүүсийн хувьд бол тийм биш. Аав л гэхэд “Улаанууд”-ын төлөө үхэхээс буцахгүй нэгэн. Тэр яг шашны дуу дуулж байгаа юм шиг “Ливерпуль, Ливер­пуль, Ливерпуль” хэмээн уянгалуулж, бөмбөрддөг байв. Мерсисайдын маш олон гэр бүл дотроо өөр өөр багийг дэмждэг гишүүдтэй. Жишээ нь, ээжийн ах Лесли “Эвертон”-ы дэмжигч. Тэр тус багийн тоглолтын та­сал­барыг улирлаар нь ху­дал­дан авч, хувцас, ороолт, туг гээд иж бүрэн хэрэг­лэ­лээр гангарна. Лесли на­майг “Цэнхэрүүд”-ийг дэм­жигч болгохын тулд тоглол­тоос буцаж ирэх бүртээ надад “Эвертон”-ы хувцас авчирдаг байж билээ.

Интернэтээр миний бал­чир үеийн зургийг хай­вал “Эвертон”-ы хувцсаар ган­гар­сан фото олдоно. Цэнхэр цамц, богино өмд, оймстой. Намайг “Ливерпуль”-тэй гэрээ байгуулах үед “Эвер­тон”-ы дэмжигчид тэр зур­гийг минь хаанаас ч юм олж аваад хэвлэн тарааж бай­лаа. Энэхүү үйлдэлд нь би талархаж явдаг юм. Намайг “Ливерпуль”-д ал­дар­шиж эхлэхэд “Мир­рор” со­нин тэр зургийг нүү­рэн­дээ гаргаж байв. Үүнээс болж чамгүй том асуудал үүс­сэн билээ. Энэ зураг жин­хэнэ үү, үгүй юу гээд л. Олон хүн үүнийг эвлүүлэг гэж бодсон байх. Гэхдээ энэ жинхэнэ зураг байсан. Энэ бол 1987 онд авахуулсан зу­раг юм. “Эвертон”-ы дэм­жигч мэт гарсан уг зураг дээр би энэ багийг шүтэж биширсэндээ тэр хувцсыг өмсөөгүй. Лесли намайг зургаатай байхад тэр хувц­сыг авч өгсөн бөгөөд хааяа намайг “Гудисон Парк” руу да­гуулж явдаг байсан. Би нэг удаа сугалаанд хожиж, ли­­гийн аваргын болон “Cha­rity Shield”-ийн цомны дэргэд зургаа авахуулах боломж олдсон. Үүнд Лесли нагац маш их баярлаж байв. Тэр үүгээрээ ааваас минь давж гаран, намайг урвуулна гэж бодсон байх. “Гудисон Парк”-ын шагна­лын өрөөнд “Эвертон”-ы хувцас өмсөөд баяр хөөртэй зогсох хүүгийнхээ зургийг ха­раад аав маш их уурла­сан. Аав Лесли нагацад хандан “Да­хиж хүүгээ чамтай явуу­лах­гүй” гэж хэлэв. Тэгээд над руу харан “Чи дахиж тий­шээ явахгүй шүү” гэж зан­дарлаа. Гэхдээ бүх зүйл бо­лоод өнгөрсөн шүү дээ. Би тэр үед дөнгөж долоотой бай­сан бөгөөд хөлбөмбөгт л ухаангүй дуртай байснаас “Эвертон”, “Ливерпуль”-ийн хооронд тийм өрсөлдөөн өрнөдгийг мэдээгүй юм. Ту­хайн үедээ ямар алдаа гар­гас­наа би ойлгоогүй. Лесли Ай­ронсайдад ирэхдээ “Эвер­тон”-ы шинэ хувцас заавал авчирна. Үүнд нь сэт­гэл хөдөлж, баярлан аавыг эзгүйчлэн Леслиг дагаж яваад дараа нь дан­даа загнуулдаг байв. Аав миний энэ үйлдэлд үнэхээр дур­гүй. Лесли намайг “Гуди­сон Парк”-ын шагналын өрөө рүү дагуулан очиж, зурагчин хөтөлж авчраад тэр зургийг авахуулсан юм. Бүх л зүрх сэтгэл минь “Ли­верпуль”-ийн төлөө чиглэх болсон энэ цаг үед тэрхүү мөчийг эргэн дурсахад би ямар дэмий зүйл хийснээ ойлгодог. Энэ бол гэнэн ба­гын хэрэг. Бид бүгдээрээ л алдаа хийдэг шүү дээ.

Одоо “Эвер­тон”, “Ли­вер­пуль”-ийн аль нь ч бай, өөр багийнх ч бай­сан ха­маа­гүй, хөлбөмбөгийн хув­цас л олдвол тэр миний баяр баясгалан. Тоглолтын хув­цас цуглуулах нь миний хоб­би болсон. Зул сарын баяр, төрсөн өдрөөрөө би олон хувцастай болдог. Хэ­рэв өөрт минь байхгүй хув­цас бэлгэнд ирвэл маш их баяр­лан хөөрнө. Аав, ээж маань надад ямар клубийн хувцас байгаа, ямар байх­гүйг сайн мэддэг. Миний цуглуулга мэдээж “Ливер­пуль”, “Эвертон”-ыхоор эхэл­­сэн. Дараа нь “Тоттен­хэм”, “Манчестер Сити”-гийн хувцастай болж бай­лаа.

Онцлох тэмдэг бүхий номын хуудас бү­рийг нь нямбайлан үзнэ. Хуудас бүрийг нь шалгаад бүх хувцсыг өмсөж үздэг байв. Тэгээд “Ээж ээ, би “Тот­тенхэм”-ийн шинэ хувцсыг авмаар байна” гээд гуйна. Спорт барааны дэлгүүрийн каталог ном миний хүслээ гүйцэлдүүлэх ганц арга байгаагүй. “Match of the Day”-г үзээд нүдэнд туссан хувцсанд мөн санаархана. Цуглуулгаа арвижуулах гэ­сэн бодол толгойноос са­лах­гүй. Хэрэв бүтэн сайны орой “Тоттенхэм”-“Эвер­тон”-ы тоглолт зурагтаар гар­­вал дууссаных нь дараа аль нь ч хожсон байсан хүүх­дүүдэд би энэ тоглолтыг үзсэн шүү гэдгээ мэдрүүлэ­хийн тулд “Спэрс”-ийн хувц­сыг өмсөөд гудамжинд гар­даг байв. Зурагтаар үзсэн оддын нэр миний нуруун дээр байхад би маш дуртай.

Би “Эвертон”-ы хаалгач Не­вилл Саутхолын хувцсанд хамгийн дуртай. Би Саутхо­лын үйлдэл бүрийг дууриа­на. Оймсоо доош нь шуугаад шилбэний хамгаалалтаа ил гаргачихна. “Том” Нев маш гоё пүүз өмсөх ба би ээж, ааваасаа яг тиймийг авч өгө­хийг шалдаг байв. Би Саут­холын үнэнч дэмжигч нь байсан. Хааяа гудам­жинд тоглохдоо түүний хаал­гачийн хувцсыг өмсөөд яг л Невилл Саутхол болсон мэт санагдан, зоригтой, гай­хам­шигт хаалтуудыг нь хий­хийг хичээн зүлгэн дээр уна­даг байв. Миний хөлбөм­бөгт дурлаж, энэ замаар зам­­насанд түүний нөлөө ба­га­гүй бий. “Панини”9-гийн наалтан дундаас Не­вилл Саутхолын зургийг ол­чихоод яг л цом өргөж яваа мэт толгой дээрээ барин Айрон­сайдаар алхаж байс­наа би мартдаггүй.

Хөлбөмбөгчдийн зур­гийн наалт, хувцас, тоглолт үзэ­хээр явах, энэ бүхэн миний хөлбөмбөгийн амьд­ра­лын салшгүй хэсэг. Гэх­дээ би “Ли­вер­пуль”-д л хам­гаас илүү хайртай.

1- Ливерпулийн төв дэх галт тэрэгний буудал, том үйлчилгээний төвүүдтэй гудамж

2-Линкольншир гүнлигийн зүүн захад, далайн эрэг дээр байдаг хот

3-Сэр хэргэмт Билли Батлиний байгуулсан гэр бүлийн амралтын газрын сүлжээний нэр

4-Английн баруун өмнөд хэсэгт орших хот

5-1991-1994 онд “Ливерпуль”-ийг дасгалжуулж байв. Урьд нь 1978-84 онд энэ багт тоглож байжээ

6-1977-1991 онд “Ливерпуль”-д тоглосон

7-1977-1990 онд “Ливерпуль”-д тоглосон

8- “Ливерпуль”-ийн хөгжөөн дэмжигчдийг ингэж нэрлэдэг

9-“Панини Комикс” хэмээх ном, наалт үйлдвэрлэгч том компанийн нэр

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

12 Сэтгэгдэл

  1. telmuun says:

    Bayrlalaa

    GD Star Rating
    loading...
  2. x says:

    Bayrlalaa.

    GD Star Rating
    loading...
  3. ??? says:

    mash ix bayarlalaa.

    GD Star Rating
    loading...
  4. footgoool says:

    yun ali hediinii 5 tsagirag deer b.san ni ch dee

    GD Star Rating
    loading...
  5. real says:

    haral idsen gerard

    GD Star Rating
    loading...
  6. lampard says:

    bayarlalaa delhiin shildeg bolooroi gej erooe

    GD Star Rating
    loading...
  7. Tomroo says:

    Bayarlalaa, Liverpooliin buh tsag ueiin shildeg toglogch ni Steve chi shuu.Real bolimoor yumo,Rauliin tuhai bichsen bwalchi ingeh uu ain.

    GD Star Rating
    loading...
  8. SgGg says:

    gerrard aguu toglogch shuu

    GD Star Rating
    loading...
  9. deco says:

    chi bol onoo tsagiin hamgiin tegsh togloltoi bas hamgiin aguu ni

    GD Star Rating
    loading...
  10. deco says:

    real gej neg yum uzeegui patsaan baih yuma ]

    GD Star Rating
    loading...
  11. SgGg says:

    real bag bol hezee ch gerrard bsan liverpoolig hojihgui shd

    GD Star Rating
    loading...
  12. C.Ronaldo says:

    Huue fanatuuda. Unuu shunu talbai baruun taliin KONICA-giin deer bdg RED HORSE PUB_d LIverpool chelsea-gin toglolt-g olon LCD tv-eer uzuuleheer bolloo. Ta buhniig urij bn. hamtdaa Uzej kife- avya ghd minii huvid unuudur liverpool-g demjine ygd gvl finald liverpool-g hojij hariugaaa avmar bn. za tgd ireerei zaluusa.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: