loading...
Сагсан бөмбөгийн “Мөнгөн цагариг” клуб, “Асиа Пасифик Брьюэри” компанийн “Сэнгүр” брэндтэй хамтран зохион байгуулсан Монголын спорт холбоодын сагсан бөмбөгийн тэмцээн Спортын төв ордонд гурван өдөр үргэлжилж өндөрлөлөө. Анх удаагаа зохиогдсон тус тэмцээнд эрэгтэй 16, эмэгтэй дөрвөн багийн тамирчид ур чадвараа сорин өрсөлдсөн.
Эрэгтэй багуудаас Монголын чөлөөт бөхийн холбоо, үндэсний бөхийн холбоотой аваргын төлөө шалгаран үлдсэн. Тус тоглолтод далай аварга Г.Өсөхбаяраар ахлуулсан Монголын чөлөөт бөхийн холбооныхон өрсөлдөгчөө 29:23-аар хожин түрүүллээ. Чөлөөт бөхийн холбооны багт улсын арслан Д.Ганхуяг, улсын гарьд Б.Гантогтох болон гавьяат тамирчин Б.Наранбаатар, ОУХМ С.Сүхбаатар, Д.Лхагвадорж нарын бөхчүүд багтжээ.
Харин үндэсний бөхийн холбоонд улсын начин Д.Лхагвадорж, Ж.Бат-Эрдэнэ, аймгийн арслан Т.Санчир тэргүүтэй бөхчүүд тоглолоо. Хүрэл медалийг Монголын гал унтраах техник спортын холбооны баг хөнгөн атлетикийн холбоог хожсоноор хүртсэн. Эрэгтэй багуудаас шилдэг тоглогчоор далай аварга Г.Өсөхбаяр (МЧБХ), Д.Лхагвадорж (МҮБХ) нар тодров.
Харин эмэгтэй багуудаас учраа бүрээ хожсон Монголын спортын сэтгүүлчдийн холбоо тэргүүллээ. Удаах байрт Монголын цанын холбоо, Монголын самбо бөхийн холбоо орж мөнгө хүрэл медалийн эзэд болов. Эмэгтэйчүүдээс шилдэг тоглогчоор жүдогийн ОУХМ М.Бундмаа тодорсон.
Тэрбээр мөн тэмцээний үеэр явагдсан гурван онооны шидэлтийн тэмцээнд найман оноогоор түрүүлсэн юм. Харин эрэгтэйчүүдийн холын зайн шидэлтийн тэмцээнд хөнгөн атлетикийн холбооны тамирчин, ШУТИС-ийн сагсан бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч О.Баатарзоригт түрүүллээ. Тэрбээр нийт 12 шидэлтийнхээ есийг нь оновчтой болгожээ. Тус тэмцээн цаашид жил бүр уламжлал болон явагдах аж.
loading...



