Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Спорт-номын сан » Стивен Жеррард – Миний намтар (дөрөвдүгээр бүлэг)

GD Star Rating
loading...

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Хүүхэд нас, хөлбөмбөг

liv29Ийнхүү миний “Ливерпуль”-д суралцах хоёр жил эхэллээ. Найзуудтайгаа хөгжилдөж, хувцас солих өрөөнд бужигнацгаан, гайхамшигт ялалтын амтыг мэдэрч эхэлсэн энэ жилүүд миний амьдралын хамгийн баяр баясгалан, аз жаргалтай мөчүүдийн нэг билээ. Энэ үед үргэлжийн баяр хөөр, инээд намайг дагадаг байв. Хахир хатуугаараа алдартай Кардинал Хинэн сургуулийн дүрэмт хувцсыг “Ливерпуль”-ийн тод улаан өмсгөлөөр сольсон тэр мөчид миний бие хүн, зан араншин ч өөрчлөгдсөн гэж болно. Сурагч ахуйдаа би биеэ барьсан бүрэг нэгэн байж. Кардинал Хинэнд байхдаа ямар нэгэн асуудалд орохоос ямагт зайлсхийж биеэ цэгнэдэг байсан. Юунаас ч юм болоод ангиас хөөгдөн гарах, эсвэл гэрээс эцэг, эхээ дуудуулах зэрэгт би маш дургүй. Би шийтгэл нэртэй загнаж, зүхэх болон өчүүхэн төдий биед гар хүрэх үйлдлийг тэвчдэггүй байсан. Тиймээс ч би сургуульдаа хамгийн даруу хүүхдүүдийн нэг байв. Харин “Мелвүд”-д хөл тавьсан тэр мөчид миний дотор нуугдаж байсан томоогүй, дүрсгүй зан маань гарч ирсэн билээ.

Кардинал Хинэнд би тийм ч олон найзтай байгаагүй. Харин “Ливерпуль”-д бол өөр. Тэнд байгаа бүх хүнтэй би үерхэнэ. Бид бүгд хөлбөмбөгийг гэсэн хүсэл, мөрөөдлөөрөө нэгддэг байлаа. Бид бие биеэ Богго, Грегго, Райти, Баво, Касс гэсэн товч нэр, хочоороо дуудна. Жон Богган надаас нэг насаар дүү. Хэдий тэр насаар бага ч тууштай, хичээнгүй байдлаараа удалгүй бидэнтэй нэг түвшинд ирсэн. Богго маш хөгжилтэй, үгний өө анддаггүй нэгэн. Тэр одоо “Аккрингтон Стэнли”-д харьяалагдаж байгаа. Нейл Грегсон мөн хөгжилтэй хүүхэд байсан. Тэр Стефен Райт, Мэтти Касс нартай нийлээд үргэлж л үг хаялцаж, бие биеэ өдөн хөгжилддөгсөн. Касс үг хэлээрээ хэний ч дор ордоггүй байж билээ. Ноусли сургуулийн сурагч Иан Дунбавин мөн л бидний нэг. Баво “Аккрингтон Стэнли”-д хаалгачаар тоглодог бөгөөд одоо ч миний хамгийн сайн найзуудын нэг хэвээр. Тэгээд мэдээж манай багийн орлуулшгүй тоглогч, авьяасын цуглуулга болсон Майкл Оуэн байна. Бид бүгд өөрсдийн ирээдүйдээ итгэлтэй, сайхан мөрөөдөлтэй хүүхдүүд байсан. Сургуулийн уйтгартай амьдралаас салж, хөлбөмбөгөөр л амьсгалах гайхамшигт үеийн эхэнд зогсож байгаа залуус. Тэгэхэд бид тийм хангалуун байгаагүй. “Ливерпуль”-ийн үндсэн сурагч болоод би долоо хоногт ердөө тавин фунтын цалин авдаг байв. Тэгэхэд ээж сард дор хаяж 160 фунтыг миний хөлбөмбөгийн сургалтад зориулна. Тэр үеийг одоогийнхтойгоо харьцуулаад бодоход өчүүхэн бага зүйл мэт боловч би өдөр бүрийг баяр хөөртэй, аз жаргалтай угтдаг байсан. Нар зөвхөн миний дээр тусч байгаа мэт тийм л мэдрэмж төрдөг байж.

Академи Киркбай руу шилжээд хараахан ашиглалтад ороогүй учир бид тэнд хоёр дахь жилээсээ л хичээллэсэн. Харин эхний 12 сард “Мелвүд”-д бэлтгэл хийдэг байв. Тэнд бүх л оддыг харж болно. Бэлтгэлийн баазын хувцас солих өрөөнд бид нэгдүгээр багийнхны яриаг сонсон зогсож, дараа нь тэдний үйл хөдлөл бүрийг нь дууриахыг хичээдэг байж билээ. Энэ нь ч биднийг жинхэнэ “Ливерпуль”-ийн хүн болгосон гэж боддог. Бэлтгэл сургуулилтаа ягштал хийж, тоглолтод эцсийн мөч хүртэл зүтгэн, тоглоом шоглоом нь ч хатуу байж. Сахилгагүйтэж дүрсгүйтсэнийхээ төлөө “Ливерпуль”-ийн штабынханд би цөөнгүй удаа донгодуулж байв. Гэхдээ энэ нь сургуульд байхдаа багшдаа юм уу, аавд шийтгүүлэхээс огт өөр л дөө. Би улирлаас улиралд алдаагаа засч чадсан.

Бидний хувцас солих өрөөнд ёстой л солиорол гэгч нь болдог байв. Өрөөнд оронгуут хөл толгой нь мэдэгдэхгүй их бужигнаан болно. Эхлээд хэн нэг нь өрөөний гэрэл унтраадаг. Энэ нь “дайн” эхлэх дохио юм. Тэгээд Грегго, Баво, Райти, Касс, Майкл гээд манай багийнхан бүгдээрээ алчуураараа цохилцож гарна. Энд тэндгүй л харанхуйд тэмтчиж, эсвэл хэн нэгнийг отсон хүмүүс.

Тэнд бид нарын Дон гэж дууддаг дөч гаруй насны, гэхдээ насандаа баймгүй чийрэг нэгэн эр манаачаар ажилладаг байв. Дон зааланд үргэлж л туухай өргөж байгаа харагддагсан. Тэр гар барилдаанаар хэнд ч дийлддэггүй байв. Хувцас солих өрөөнд түүнийг орж ирэхэд бид бүгд бүчин авцгаана. Тэгээд ширээний хоёр талд гараад Доны баруун гарыг нугалах гэж хүчирдэггүй байлаа. Тэр үнэхээр хүчирхэг хүн байсан. Ганцаараа бүгдийн эсрэг, гэвч тэр дийлдэхгүй. Хааяа Доныг өрөөнд орж ирэхэд нь манайхан бие биерүүгээ сэм дохино. Тэгээд гэнэт гэрлээ унтраагаад түүн рүү дайрцгаадаг. Бид түүний хөлөнд нь зүүгдэн унагаах юм уу, алчуураа, эсвэл пүүзээ түүн рүү шиднэ. Нэг өдөр Греггогийн шидсэн “Reebok” яг товруугаараа Доны толгойг оночихсон. Дон “Гэрлээ асаа” гэж муухай хашгирав. Хэн нэг нь тэр агшинд унтраалга дарлаа. Бурхан минь, Доны царай үнэхээр аймшигтай харагдаж байв. Нүднийх нь дээхэн талд язарчихсан, дээр нь уурлаж бачимдсандаа сүрдмээр царайтай болсон байлаа. “Хэн шидсэн бэ? Та нарыг ална даа” гэж орилов. Тэр бидний аав байхаар настай хүн. Магадгүй энэ нь түүнийг бидэнд гар хүргэлгүй барьсан байх. Дон хаалга саван гарч одлоо. Би найзууддаа хандан “Одоо хэдүүлээ яавал дээр вэ? Тэр шууд л Рой Эванст хэлэх байх даа” гэв. Гэвч тэгсэнгүй. Харин эмч дээр очиж шархандаа лент наалгаад эргэж ирэв. Тэр эргэж өрөөнд орж ирэхдээ яг л галзуу, солиотой хүн шиг харагдаж байлаа. Би Райтид “Тэр намайг цохих байх даа” гэж шивнэн хэлэв. Би Доны хараанд хамгийн түрүүнд өртдөг, муугаар хэлбэл араанд нь зуугдсан тийм хүүхэд байсан. “Тэр намайг нүцгэн гараараа нүдэх нь. Райти, хэрэв тэр над руу ирэх юм бол чи надад тусална биз дээ” гэлээ. Азаар Дон зүгээр л биднийг айлгаж уураа гаргахыг хүсчээ. Хамаг юм ард үлдлээ.

Бэлтгэлийн баазын манаачийг ийнхүү гэмтээсэн таагүй явдлын дараа багийнхан хувцас солих өрөөнд арай өөрөөр тоглодог болсон. Бас л гэрэл унтрааснаар бүх юм эхэлнэ. Гэхдээ урьдынх шигээ гүйж харайхгүй, үг яриагаар нааддаг тоглоом юм. Бид үүнийг “Хятадын шивнээ” гэж нэрлэдэг байсан. Бид өрөөндөө тойрч суугаад гэрэл унтраангуут бие биедээ үг дамжуулж эхэлдэг. Би хажуудаа суусан хүнээс өөр хүнд сонсгохгүйг хичээн аяархнаар “Грегго муухай хувцас өмссөн байна” гэж шивнэв. Энэ тоглоомонд хамгийн шилдэг нь би байсан. Эхний хүний дамжуулсан үг сүүлчийн хүнд хүрсний дараа гэрлээ асаагаад бүгдээс нь юу гэж сонссоныг нь асууна. Утга нь алдагдаж, нэр нь солигдоод элэг хөшөөх шахдаг байж билээ. Би “хятад шивнээ”-г тоглох үнэхээр дуртай байсан.

Ер нь энд байнга анхаарал болгоомжтой явахгүй бол болохгүй. Хэн ч хэний ч шоглолтонд өртөж болзошгүй. Дасгалжуулагчаас шинэ пүүз аваад ирэхэд бусад чинь түүнийг дор нь “янзалж” орхино. Шүршүүрт ороод гарах хооронд үдээсийг нь хайчлах юм уу, тайлахын аргагүй зангидчихдаг. Нэг удаа надад ийм явдал тохиолдоход пүүзээ өмсөх гэж оролдсоор байгаад бэлтгэлээсээ бүтэн цагаар хоцорч билээ. Бас нэгэнтээ хувцас солих өрөөнд гутал, оймсоо тайлж орхиод гараад ирэх хооронд оймсыг минь тайрчихсан байсан. Намайг хувцас солих өрөөнд ороод пүүзээ тайлж байхад бусад маань нэг л доогтой харж, жуумалзацгаагаад байв. Харин юу төлөвлөснийг нь хамаг юм болоод өнгөрсний дараа л мэдсэн дээ.

Энэ мэтээр чадуулсан хүн болгон дараа нь хэрхэн хариугаа авах вэ гэж бодно. Би бусдын адил энэ торон сүлжээнд орсон байлаа. Чадуулна, даагаа нэхнэ, эргээд л над дээр нэг юм бууна. Заримдаа энэ бүхэн савнаасаа хальж, тоглоом нь шоглоом болох нь бий. Алдаатай хамгаалалт хийж, бөмбөгний төлөө тэмцэхдээ бие биенээ нудралцан хэрэлдэх нь энүүхэнд болцгоодог. Хувцас солих өрөөнд ч ялгаагүй. Энд хэн нэг нь хорон үг хэлэх, санаандгүй наргиан хийх зэргээс болж нударга зөрүүлэхээс наахнуур салдаг байлаа.

Дайсагнал, нөхөрлөл хосолсон энэ байдал миний амьдралын нэг хэсэг. Хэрэв би хэн нэгний хатгалгад автаж хариу үйлдэл үзүүлбэл дасгалжуулагчаас зэмлэл сонсоно. Энэ нь тэдний бэлтгэлийн төлөвлөгөөг алдагдуулдаг аж. Бидний энэ эцэс төгсгөлгүй тоглоом, наргианд ундууцсан дасгалжуулагч миний шилэн хүзүүн дээрээс бариад хэнд хэлж байгаа нь мэдэгдэхгүй “Та нар одоо болих болоогүй юу?” гэж хашгирна. Өндөр хэмнэлтэй бэлтгэл үргэлжилж, бид бүгд л ядарч сульдан унах шахан гүйцгээнэ. Хэдий ингэсэн ч хувцас солих өрөөнд ороод хөгжилдөх тэнхээ үлдсэн байдаг. Тоглоом нь шоглоом болох явдал олонтаа ч би хэзээ ч, хэнд ч хүч хэрэглэж үзээгүй билээ.

Бид ямар ч өрөөнд орсон тоглох нэг сэжүүр гаргаж ирнэ. Заримдаа хувцас солих өрөө яг л саун шиг болдог байв. Нэг оймсоо нөгөө рүү нь чихээд бөмбөг шиг хэлбэртэй болгон шидэлцэнэ. Майкл бид хоёр үргэлж ингэж тоглодог. Сэмхэн хэн нэгэн рүү шидээд онох нь бидний зорилго байв. Нэг удаа Майкл хоёр оймсоо бөөрөнхийлөөд нэгийг нь надад өгөв. Бидний бай Рой Нэйлор байлаа. Майкл гэнэт үсрээд оймсон бөмбөгөө шидээд тэр дороо эргээд суув. Гэвч тэр байгаа оносонгүй. Бөмбөг Ройд биш, манай багийн хаалгачдын нэг Адриано Риголиосогийн ар дагзанд туслаа. Майкл гэмгүй царайлан чимээгүй сууна. Адриано огцом эргэж харахад түүний царай уурласандаа минчийн хүрэнтсэн байлаа. Мэтти Касс тэсэлгүй инээд алдчихав. Гэтэл Адриано түүн дээр шууд очоод зодолдож гарлаа. Энд тэндгүй цус үсчинэ. Майкл юу хийхээ мэдэлгүй гайхан “Би юу хийчих вэ?” хэмээн өөрийгөө харааж байлаа. Би Майклд “Чи очиж болиул л даа. Адриано Кассыг алах нь” гэв. Маргааш нь Адриано Майкл дээр очин хэргээ хүлээхэд харин Адриано бүх бурууг өөртөө үүрээд, уучлал гуйсан билээ.

“Ливерпуль”-ийн залуучуудын хөгжлийн хөтөлбөрийнхний хувцас солих өрөөнд энэ мэтчилэн элдвийн юм болно. Гэхдээ энэ өрөөнд болсон зүйл гадагшаа ер гардаггүй. Бидний дунд юу ч болсон хэн нэгэн багийн удирдлагуудад гомдол гаргаж, хов мэдүүлж байгаагүй юм. Хэрэв энд зодоон болбол хөвгүүд хэрэгтэн хоёрыг тойроод “Гар барь, тэгээд болно” гэж шахдаг. Хэдий ямар нэг шалтгаанаар ингэж гар зөрүүлэх тохиолдол манайхны дунд цөөнгүй гардаг ч бид бие биеэ хүндэлдэг. Майклыг “Лильшол”-д хоёр жил сураад ирэхэд хүн бүр түүнийг бишрэн хардаг болсон байв. Үнэхээр ч тэр ур чадвараар үеийнхнээсээ хамаагүй илүү

байсан юм. Мөн тэр өөрийн ивээн тэтгэгчтэй байсан бөгөөд удаа ч үгүй машинтай болсон. Хөтөлбөрийн сурагчид бүгд “Ливерпуль”-ийн үндсэн багт орохоос наана түүн шиг болохгүй гэдгийг мэдэж байсан. Ингэж Майкл од хөлбөмбөгчний зэрэглэлд хүрч, хангамж нь биднээс эрс

зөрүүтэй болсон ч тэр биднээс холдож хөндийрч биеэ тоогоогүй. Тэр цаг ямагт бидний нэг л байсан. Магадгүй Майклаас өөр хүн бол хамраа сөхчихөөд “Та нартай юу ярих юм бэ” гээд явах байсан биз. Харин Майклаас ийм авир ер гарч байгаагүй. Английн өсвөрийн шигшээ багийн од түүнээс ихэмсэг байдал биш, бидний л адил сахилгагүй томоогүй зан араншин гарна. Бие биеэ шоолж, гоочлох юм уу, наргиж хөгжилдөх ямар ч үед тэр бидний дунд байдаг. Тэр маш авъяаслаг тоглогч байсан ч үүндээ сэтгэл ханалгүй, өөрийгөө улам хөгжүүлэх гэж уйгагүй хөдөлмөрлөдөг байсан билээ. Грегго, Богго хоёр их нийлнэ. Тэд үргэлж л ямар нэг хэрэг тарьж явдаг байсан бөгөөд үүнээсээ болж багийн удирдлагуудад дандаа л загнуулж, сануулга авдаг. Тэгсэн атлаа алдаа дутагдлаа засна гэж байхгүй. Үнэхээр тэнэг хүүхдүүд байж дээ. Грегго, Богго хоёр бэлтгэлийн дараа ихэвчлэн бооцоот тоглоомын газар очих юм уу, дэлгүүр хэсдэг байсан. Би тэр хоёртой хамт явж, цаг нөхцөөх дуртай байв. Бид снукер тоглох юм уу, дэлгүүр хэсдэг. Харин тэднийг мөрийтэй тоглоход нь би хамт явдаг ч мөнгөө тас атгачихаад зүгээр л тэдний хэрхэн тоглохыг нь хардаг байлаа. Нэг өдөр багийн удирдлагаас

манай хөтөлбөрийнхнийг Ливерпулийн их сургуулийн талбайд бэлтгэлээ хийх болсныг хэллээ. Киркбайд нүүж очсон Академийг бүрэн ашиглалтад орсны дараа бид тэнд очих аж. Ийнхүү биднийг “Мелвүд”-ээс явуулсан нь хүн болгонд л таалагдахгүй байлаа. “Мелвүд”-д бэлтгэл хийх маш сайхан. Гэвч удирдлагын зүгээс Хөтөлбөрийн залуучууд болон мэргэжлийн гэрээ байгуулаад эхний жилдээ тоглогчдыг үндсэн багаас тусдаа байх нь зүйтэй гэж үзжээ. Хараал ид, би “Мелвүд”-д цонхоор талбай руу харж зогсох багийн удирдлагуудад өөрийгөө таниулах гэж хичээж тоглодог байсан юм. “Мелвүд” бол “Энфильд”-д очих гүүр. Гэтэл бид нэг их сургуулийн талбай руу ингээд цөлөгдчихөв. Тэнд анхны бэлтгэлээ хийчихээд гэртээ ирэхэд аав шууд л шинэ газар ямар байсныг асуулаа. “Хөгийн” гэж хариулав. “Тэндхийн зүлэг нь, ер нь бүх юм онцгүй” гэлээ. Киркбай дахь Академи нээгдэх хүртэл буюу зургаан сар бид энд бэлтгэл хийх ёстой ч энэ нь надад яг л яст мэлхий уначихаад долоон уул давах гэж байгаа мэт хол санагдаж байж билээ. Их сургуулийн байрны эцэс төгсгөлгүй мэт урт коридорт хувцас солих өрөөнүүд өөд өөдөөсөө харан байдаг байв. Тэдний нэгийг нь удалгүй үзлэг, эмчилгээний

өрөө болгосон. Долоо хоногт нэгээс хоёр удаа Жереми гэдэг хөгжилтэй эмч ирж, тэнд ажлаа явуулдаг. Тэр их намуун дуугаар ярина. Жереми ягаан өнгөнд дуртай нэгэн. Би тэднийд очиж байлаа. Тэдний байшин, хаалга, дотогшоо ороход хивс нь хүртэл ягаан байж билээ. Жеремигийн ягаан байшинг хараад би их гайхсан. Нэг удаа тэр их сургууль дээр ягаан машинтай ирсэн бөгөөд буугаад явахад нь хөлнөөс толгой хүртлээ бас л тийм өнгийн хувцастай байж билээ. Үнэхээр сонин хүн шүү. Тэр өөрөө хувийн эмнэлэгт ажилладаг байсан ч

“Ливерпуль” гайгүй санал тавьснаар энд ирсэн гэсэн. Жереми бидэнд үзлэг эмчилгээ хийнгээ элдэв юм ярин чалчих дуртай байсан. Нэг өдөр хөвгүүд түүнээр даажигнахаар шийдэж, өрөөнд нь түгжчихье гэж тохиролцов. Гэхдээ энэ нь хүсээгүй үр дүнд хүрнэ гэж бид төсөөлөөгүй юм. Тэр эмчилгээний өрөөндөө хэн нэгний хөлд жижиг мэс засал хийж байсан бөгөөд ажилдаа улайран юу ч анхаарах сөхөөгүй сууж байв. “Тэр өрөөнд байна. Ийм аймаар нүд өвтгөм ягаан хувцас өмссөнийхөө төлөө тэр бүтэн өдөр өрөөнд түгжигдэх ёстой” гэж би хөвгүүдэд хэллээ. Үүнийг биелүүлэх тун амархан байсан. Тэр байрны бүх өрөө гаднаасаа түгжигддэг байсан юм. Тэгээд түүний эмчлүүлэгчийг өрөөнөөс гарсны дараа бид сэмхэн очоод түгжээг түлхэнгүүтээ

гадагшаа гүйн гарлаа. Жеремигийн “Туслаарай” гэх нь сонсогдож байлаа. Тэр өдрийн бэлтгэл олигтой болсонгүй. Бүгд Жеремигийн тухай бодон, бие биенээ харан инээсээр байгаад дууссан. Бэлтгэл эхэлсэн хойно бол Жереми хичнээн хашгираад нэмэргүй. Биднийг талбай дээр гарахад багш нар хэдийнэ тэнд очоод биднийг хүлээж байлаа. Бэлтгэл дуусаад байр луу

ороход би хамгийн түрүүнд Жеремигийн өрөөний үүдэнд гүйн очиж, хаалганы дээрх жижиг завсраар харав. Тэр дотор бодол болон сууж байлаа. Би тэсгэлгүй инээчихэв. Манайхан ч дагаад хөхрөлдөж эхлэв. Үдийн хоолоо идэхээр цайны газарт очсон хойно ч бид биеэ барьж чадахгүй инээлдсээр байсан юм. “Одоо хэн нэгэн хаалгыг онгойлгоод тэр бидэн дээр үсрээд ирнэ дээ” гэж нэг нь хэллээ. Харин тэр шууд багш нарын өрөөнд очсон байв. Стив Хейвэй, Хьюи Макаули, Дейв Шэннон нар түүнийг гайхан харна. Жереми “Танай тэр хөгийн хүүхдүүд чинь намайг гурван цагийн турш өрөөнд минь түгжлээ. Та нар яагаад намайг гаргаж авсангүй вэ?” гэж хашгирав. Хьюи, Дейв нар гэнэтийн энэ явдлаас амандаа ус балгасан мэт чимээгүй зогсож байхад Стив “Уучлаарай Жереми. Бид чамайг 10.00 цагт явсан байх гэж бодсон шүү дээ” хэмээв. Жереми уурласан хэвээр. Би амьдралдаа хэн нэгэн түүн шиг тийм түрэмгий авир гаргахыг хараагүй. Түүний царай нь яг хувцас шигээ ягаан болсон байв. Тэр хувцас солих өрөөнд орж ирээд шууд л над руу чиглэн алхав. Энэ хэргийн гол буруутан нь намайг гэдгийг тэр гадарлажээ. Эсвэл багийн ахлагч нь болохоор надад хандсан ч байж магадгүй юм. “Та нар миний ажлыг алдуулсныхаа төлөө мөнгө төлөх ёстой. Би энэ гурван цагт зургаа, долоон хүнд үйлчлэх байсан юм. Мөнгөө та нараас авах уу, эсвэл удирдлагуудад чинь хэлж төлүүлэх үү” гэж тэр хашгирав. Тэр өрөөнд нааш цааш холхин алхах бөгөөд царай нь яг л галзуу хүнийх шиг болжээ. Тэгээд Жереми буцаад Стивийн өрөө рүү орлоо. “Танай тоглогчид намайг түгжиж, цаг

алдуулсны хохирлыг клубээс төлөх ёстой” гэлээ. Энэ удаа Хьюи, Дейв нар биеэ барьж чадалгүй инээж орхив. Түүнээс хойш Жереми дахиж ирээгүй. Удалгүй бид шинэ эмчтэй болсон. Тэр явдлын төлөө Стив биднийг шийтгэсэн. Тэгээд манай багийн бэлтгэлийн өмнө тэр

бэлтгэлийн үеийн дэг журам, их сургуулийн байранд баримтлах жаяг гэхчилэн баахан дүрэмддэг болов. Стивийг сургаалаа айлдаж эхлэхэд түүний ард Хьюи тэрүүхэндээ нуг нуг хийн инээж зогсдогсон. Бидний өдөр тутмын амьдрал энэ мэтчилэн баяр, хөөр дунд умбадаг байлаа. Багийн удирдлагын зүгээс бидэнд янз бүрийн заавар өгч, дэг журам сахихыг анхааруулах боловч зарим нэгэн дэггүйтэл тэднийг бас хөгжөөдөг байсан юм. Жереми бидэн дээр дахиж ирээгүй ч тэр хөлбөмбөгөөс тэр чигтээ холдчихоогүй юм билээ. “Эвертон” түүнийг багтаа авсан байсан. “Ливерпуль” Боггог өөр тийш нь явуулах нь тодорхой болсон үед “Эвертон”-ы Фрэнсис Жефферс түүнийг багийнхаа сорилтод авч очсон. Тэгэхэд Богго “Эвертон”-ы бэлтгэлийн бааз “Беллфильд”-д очоод Жеремитэй тааралдсан гэсэн. Богго сувилгааны өрөөнд ороод Жеремиг харангуутаа түүн дээр танимхайран очиж, “ноён Ягаан”-тай хууч хөөрөхийг оролдон яриа өдсөн юм билээ. Энэ өрөөнд чимээ гаргаж болохгүй байсан бөгөөд үүнийг нь Богго мэдээгүй гэсэн. Тэр “Ливерпуль”-д чанга дуугаа хадаан орилж явдаг байсан юм. Жереми Боггогийн гараас шүүрч аваад нэг газар чирж аваачин суулгав. Тэгээд “Чи дуугаа намсгаж, тоглоом наадмаа татаарай. Энд чиний урьд нь газар шиг биш шүү” гэж хэллээ. Гэвч Богго тэдний хүссэнээр томоотой болоогүй билээ. Тэр “Эвертон”-ы үндсэн багт орж Жеремигийн яс махыг улам их зулгаах болсон. Одоо Жереми “Эвертон”-ы бүх тоглогчийг хариуцдаг болсон юм шиг байна лээ.

Бүх л багт энэ мэт нар­гиан наадам, тоглоом тохуу бай­даг ч би олон хүний ам­наас “Ливерпуль”-ийнх бус­даас онцгой гэхийг сонссон. Боггогийн жишгээр ирж, явах тохиолдол олон гарах ч шинэ хүмүүс дороо л бидний нэг болж, үймээний дунд бужиг­наж явдаг. Энэ оймсон бөм­бөг, “хятад шивнээ”, алчуу­раар цохилцох зэрэг нь үл үзэг­дэх гинжин холбоогоор дараагийн үеийнхэнд өвлөг­дөн үлдэнэ. Магадгүй энэ ма­най л өмч байх. Харамсалтай нь цаг хугацаа өнгөрөх тусам ямар нэгэн юм заавал гээгдэж үлддэг бололтой. Одоо За­луу­чуудын бэлтгэлийн хөтөл­бөрт хамрагдаж байгаа хөв­гүү­дийг Академиасаа “Мел­вүд”-д ирэхэд нь би сайн ажиг­ладаг. Тэд дуугүй бүрэг, ичим­хий талдаа хүүхдүүд байх юм. Бие биеэ хөнгөн шог­лох, тоглож наргих нь ер харагдахгүй. Энэ бол зүгээр нэг сахилгагүйтэх нэр биш, баг хамтдаа цуг байгааг илт­гэх чанар билээ. Бидний хөтөл­бөр дэх анхны жил “Мелвүд”-д, үндсэн багийн дэргэд өнгөрөхөд бид ингэж биеэ барьж байгаагүй юм.

Тэр үеийн “Ливерпуль”-ийн нэгдүгээр багийг хүмүүс “Spice Boys”-оор сайн мэдэх байх. Хүмүүс Жейми Ред­напп, Робби Фаулер, Стив Макманаман, Жейсон Мака­тир, Дэвид Жеймс нарын гадаад төрх, хувцаслалтыг гоочлон ингэж нэрлэсэн. Гэхдээ миний хувьд хэзээ ч тэдний хочийг ийн таагүй утгаар нь хүлээж авч байгаа­гүй. Би өөрөө бас нэгэн “Spice Boy” болох ёстой гэсэн үзлээр ханддаг байсан юм. “Намайг багтаа оруулаач, би та нарын найз болъё”. Дотроо үргэлж ингэж хэлнэ. Тэгээд өдөр болгон л Реднапп, Фаулер, Макманаман, Макатир, Жамо нартай адилхан болох гэж толины өмнө үсээ янз бүр болгон суудаг байв. Мөн тэдэнтэй таарах болгондоо “Удахгүй та нартай хамт явдаг болноо. Нэг л өдөр бид ур чадвараараа бид нэг түвшнийх болно” гэж өөртөө хэлдэг байлаа. Би “Spice Boys” шиг гял цал хувцасладаггүй, загварын хойноос хөөцөлд­дөггүй хэдий ч тэднийг хүнд­лэн дээдэлж, бага боловч даган дууриахыг хүсдэг байсан. “Spice Boys” гэдэг бол хэвлэлийнхний гаргаж ирсэн нэр. Гэхдээ тэд эергээр дүрсэлдэггүй, доромж үг мая­гаар хэрэглэдэг байсан. Харин Жамо, Макманаман гээд манай залуус үүнийг нь ер тоодоггүй юм. 1996 оны “FA Cup”-ын шигшээ тоглолтод “Spice Boys” яг л зайрмагны худалдаачин шиг харагдахаар хувцасласан байж билээ. “Мелвүд”-д дадлага хийж байхдаа, мөн хожим хөтөл­бөрийн гишүүн болоод би “Spice Boys”-той хамт бэлтгэл хийж, “Ливерпуль”-ийн нэг, хоёрдугаар багийнхантай баг болон тоглодог байсан. Тэгэхэд тэдний хөдөлмөрч, шаргуу байдлыг мэдэрсэн. Бэлтгэлийг оромдох, таслах явдал тэдний хэнээс ч гарч байгаагүй билээ.

Рой Эвансыг тийм сайн дасгалжуулагч биш гэх хүн олон байдаг юм билээ. Харин би үүнтэй санал нийлдэггүй. Рой болон түүний туслах Рон­ни Моран нар багийн­хантайгаа зөвхөн дасгалжуу­лагч, тоглогчийн харилцаа­гаар хязгаарлахгүй дотно байсан. Рой, Ронни нар зарим хүн шиг тийм хатуу чанга биш ч бэлтгэлийг ягштал хийлгэнэ. “Малтагч” хочтой Жон Бар­нес бэлтгэл дээр жинхэнэ ноё­логч нь байдаг. Би түүнээс бөмбөгийг нь салгаж ер чад­даггүй байж билээ. Тэр бөм­бөг хүлээж авсан л бол яг л хөлдөө цавуудчихсан юм шиг хамгаалагчдыг хуураад гар­даг. Реднапп ч мөн адил. За­луучуудын бэлтгэлийн хөтөл­бөрт байхдаа би нэг бус удаа томчуудын бэлтгэлд уригд­сан. Гэвч би тэдний хэнтэй нь ч тэмцэлдэхэд ур чадвар дутдаг байв. Намайг бөмбө­гөө булаалгах бүрт Ронни, Рой хоёрын нэг нь ирээд “Эц­сээ хүртэл тэмцээч, алив араас нь яв” гэж хэлнэ. Бөмбөгөө барьж, эзэмшиж тоглох нь “Ливерпуль”-ийн зарчим. “Spice Boys” бүгдээрээ бөм­бөг­тэй яг л найз шигээ харь­цана. Тиймээс ч түүнийгээ тийм амар бусдад өгдөггүй байв. Тэдэнтэй бөмбөгний тө­лөө тэмцэлдэх нь ямар ч хүнд шийтгэлээс хэцүү. “Мел­вүд”-д Макманаман юм уу, “Малтагч”-ийг нэхэж, бөмбө­гийг нь салгах гэж явахдаа “Бурхан минь, үүнээс илүү хэ­цүү зүйл гэж байна уу?” гэж өөрөөсөө асуудаг байв. Үү­нийг би оюун санаандаа л биелүүлж чадахаар байсан. “Spice Boys”-ын нэгийг дагаад бөмбөгийг нь булаахаар орол­дох намайг харахад яг алиа салбадай шиг байсан байх даа. Тэд дэндүү авъяас­лаг, ур чадвартай тоглогчид байж билээ. Би бэлтгэлийн дараа хувцас солих өрөөнд урам хугарч “Хэзээ тэдэнтэй адил болох бол доо?” гэж гон­сойн суудагсан. “Тэд дэндүү мундаг юм аа” хэмээн бодно. Богго, Грегго, Райти, Касс бид хэд өөрсдийн бэлтгэлээ дуус­гаад нэгдүгээр багийн бэлт­гэлийг харан тэдний цохилт, комбинацийн дасгалуудыг бишрэн харж суудаг байв. “Spice Boys” үнэхээр авъяаслаг тоглогчид.

Фаулер, Макманаман хоёр миний шүтээн. Залуу­чуудын бэлтгэлийн хөтөлбөрт хамрагдагч нь бэлтгэл хийхээс гадна нэгдүгээр багийнхны хувцас солих өрөөний үүдэнд жижүүрлэн зогсох, мөн тог­лол­тын хувцас, бөмбөг, зур­ган дээр тэднээр гарын үсэг зуруулах үүрэгтэй байв. Үү­нийг нь эмнэлэг, сургууль руу явуулах юм уу, буяны дуудлага худалдаанд оруулдаг юм. Энэ ажлыг хийхээр нэгдүгээр ба­гийнхантай байнга уулзах бөгөөд би Фаулер, Макмана­ман хоёрыг харахаараа сүрд­сэндээ дуугарч чадахаа боль­чихдог байж билээ. Тэд бол Ливерпулийнхний баатар, шүтээн тоглогчид нь байсан. Манай хөтөлбөрийн залуу­чууд болон нэгдүгээр багийн­хан хааяа тоглож хөгжил­дө­нө. Энэ үед би ямар нэг бу­руу, муу юм хийчих вий гэж биеэ цэгнэдэг байлаа. Фау­лер, Макманаман хоёрыг маш их хүндэтгэдэг болохоор тэр. Би өөрийгөө тэдэнтэй харь­цуулж голдог байсан юм. Хэ­рэв тэд өөрсдөө эхэлж өдвөл бие барих маань үгүй болж, ёстой үзүүлж өгдөг байв. Тэр үед тэд намайг Стивен Жеррард гэдэг өөрсдийг нь дууриах гэж оролддог дуугүй хүү гэж боддог байсан байх.

Пол Инс Фаулер, Макма­наман хоёртой харьцуулахад тэс өөр зантай хүн байсан. Тэр үргэлж л “Тэг, ингэ” гэж захиргаадсан ааш муутай нэгэн байв. Бид түүнд дургүй ч үгнээс нь зөрж зүрхэлдэггүй байсан. Нэг өглөө “Мелвүд”-ийн хүчний бэлтгэлийн тан­химын гадаа шатан дээр Рай­ти, Касс, Баво бид хэд дэмий яриад сууж байлаа. Бид нар ямар бие биенээсээ салах биш. Нэгдүгээр багийнхан бэлтгэлдээ ирж, бид зарим нэгээс нь гарын үсэг зуруулж авав. Энэ үед Инс өөрийнхөө том “Ауди”-гаар “Мелвүд”-д орж ирлээ. Инс машинаасаа буун утсаар юу ч юм ярьсаар танхим руу чиглэн алхав. Би “Тэр торгууль хүлээх байх даа” гэж бусдадаа хэллээ. “Мел­вүд”-д гар утас барих нь хо­риотой байсан юм. Гэвч тэр шийтгүүлээгүй. Инс давуу эрх эдэлдэг цөөн тоглогчийн нэг байсан юм. Рой Эванс ч ха­туурхаж, чангалаад байдаггүй дасгалжуулагч байсан.

Инс бидний хажуугаар өнгөрснөө эргэж хараад “Та на­рын хэн нэг нь машин барьж чадах уу?” гэж асуув. Бидний хэн нь ч чаддаггүй. Би жолооны хичээлд ганцхан удаа суусан, тэгээд ч 17-той учир жолоодох эрхийн үнэм­лэх авах болоогүй байв. Гэх­дээ нөгөө хэдийгээ бодвол туршлагатай. Райти, Касс, Баво гурав “Стиви чадна” гэж өмнөөс минь хариулав. “Алив дэлгүүр лүү яваад ир. Тэгээд наанаа бичсэн юмнууд дээр арван ширхэг тамхи аваарай. Захисан юм бүгдийг нь авна шүү. Хэрэв нэг юм орхивол дэмий шүү. Тэгээд машинд нэг л зураас гарвал уу, та дөрвийг болгож орхино гэж мэдээрэй” хэмээн захирангуй хэллээ. Түлхүүрийг нь итгэл муутай барьж зогсох намайг анзаар­сан тэрбээр “Ингэхэд чи жо­лооны шалгалт өгсөн үү? гэж асуув. Найзууд маань бас л миний өмнөөс хариулан “Тэ­гэлгүй яах вэ. Тэр машин барь­даг” гэлээ. Санаа зовсондоо нүүр минь халуу дүүгэж бай­лаа. “Одоо яана даа? Новш” хэ­мээн дотроо бодож, “Ауди”-гийн түлхүүрийг чанга атгав. Инс цаашаа алхсанаа “Залуус аа, арван минутад амжуулаарай” гэж яарууллаа.

Райти, Касс, Баво гурав “За алив, бидэнд аравхан ми­нут байна. Машиндаа очиц­гооё” гээд гүйн одов. Тэдний араас би дуртай дургүй даган явлаа. Инсийн “Ауди”-д суу­гаад жолооных нь дээгүүр түг­шин харав. Нөгөө хэд маань суудлын бүсээ хийхийг сануу­лах гэх зэргээр энд тэндээс зааварласаар намайг бүр сан­даргаж орхив. Инс миний сууж ч үзээгүй, хүчтэй мотор­той машин хөлөглөдөг ажээ. Зааварлагч багшийн удирд­лага дор ганцхан цагийн дад­лага хийсэн би ийнхүү жо­лооны үнэмлэх ч үгүй байж машин барих боллоо. Одоо ух­рах зам үгүй. Дэлгүүр булан тойроод л байгаа шүү дээ гэж өөрийгөө зоригжуулав. “Алив түлхүүрээ түлхэе. Болж байна аа. Юунаас нь айдаг юм. Дажгүй шүү. Өөртөө ингэж хэлсээр хөдөллөө.

“За хөдөлцгөөе” гэхэд нө­гөө гурав маань “Тэгээд яваач. Юуг нь хүлээсэн юм” хэмээн тэсч ядсан байдалтай хэлэв. “Мелвүд” дэх зогсоол дүүрэн машинтай байсан учир эндээс гарах нь хамгийн хэцүү байлаа. Зогсоолоос гарч явахдаа тэр үнэтэй ма­шинуудыг битгий мөргөчи­хөөсэй гэж залбирч явав.

Зам руу гарах үед “Мел­вүд”-ийн манаач ирээд “Та нар хаачих гэж байгаа юм бэ?” гэж асуув. Би “Инс биднийг дэлгүүр лүү явуулсан юм” гэж хэлэв. Манаач толгой дохиод эргээд алхлаа. Би өөрийгөө ха­раасаар явав. Хэрэв энэ “Ауди”-тай явж байгаад осол­дох юм уу, цагдаад баригдвал намайг хашраах хүн тоймгүй их. Мэдээж эхлээд Инс байх нь дамжиггүй. Тэгээд аав, араас нь Стив Хейвэй гээд үр­гэлжилнэ. Рой Эванс бол бүр “Ливерпуль”-ээс хөөх байх. Энэ бүх дарамтын дор би ердөө 20 км/цагийн хурдтай л явж байлаа. Аажмаар бай­далдаа дасав. Би аав, ээжээ­сээ машиныг нь барья гэж үр­гэлж гуйдаг байсан. Хүсэл минь өөрөөр биелсэнд баяр­лаж эхлэв. Бид Инсийн “Ауди” дотор чангаар дуулж, хаш­гирч явлаа. Бид цонхоо буул­ган, FM-ийг хамгийн чанга дээр нь тавин орилуулж бай­сан юм. Тэгээд Элдер Хей, Уэст Дерби гээд тэр хавиар нэ­лээн сэлгүүцэв. Ёстой л хар­сан зүгтээ жолоогоо мушгиж дураараа дургин явсан. Ийн­хүү хагас цаг орчим яваад эргэн ирэв.

Бид буцаж очоод Инсэд түү­ний тамхи болон хариу­лтыг нь өгөхөд “Та нар хаашаа яваад ирж байгаа юм бэ?” хэ­мээн ууртай асуув. Би “Хажуу­гийн дэлгүүр хаалттай боло­хоор нь өөрийг хайж явсан юм” гэж худлаа хэллээ. “Тэ­гээд 30 минут боллоо гэж үү?” хэмээн тэр уурсав. Азаар тэр километрийн заалтаа ер хянадаггүй байж билээ.

Манай ахлагч Жон Бар­нес бол Пол Инстэй харьцуу­лашгүй дөлгөөн, тайван хүн бай­сан. Шигшээ багт тогло­дог, оны шилдэг хөлбөмбөгч­нөөр хоёр удаа шалгарсан гээд түүнийг тодотгох зүйл их. “Мал­тагч”-ийн тухай ярианд би өөрийн эрхгүй сүрддэг бай­лаа. “Мелвүд”-д хувцас со­лих өрөөнд ороход маань “Малтагч” тэнд байвал би бу­шуухан гарахын түүс бол­дог байж билээ. Нэг удаа би зүрх зориг гарган түүн­тэй ярилцаж үзэхэд тэр бодсон шиг минь биш, тун найрсаг нэгэн бай­сан. Над­тай ярихдаа мөр лүү минь алгадаж, чин сэтгэ­лийн зөвлөгөө өгөх зэргээр миний төсөөлөө ч үгүй үйлд­лийг тэр хийж байлаа. Хожим бид дот­но сайн най­зууд болж, байнга л бокс тоглож байгаа юм шиг дүр үзүүлэн бие биеэ хий цо­хих юм уу, барилдаж тоглодог байсан. Түүнтэй хамт бай­сан мөч бүхэн мартагдаш­гүй, дур­самжтай байжээ. Би ийн­хүү үндсэн багийн­хантай ойр­тож эхлэв. Ми­ний “Ливер­пуль”-д тоглох мөрөөдөл минь хаа холын зүйл биш гэд­гийг мэдрэх болсон, энэ үед.

Би “Ливерпуль”-ийн­хэнд бүгдэд нь өөрийгөө таниу­ла­хыг хичээн тогло­дог байв. Гэх­дээ Жейми Ред­напп шиг том од тоглогч нэг өдөр бэлт­гэ­лийн дараа өөрөө над дээр ирээд ми­ний талаар ярина гэж бо­дож байсангүй. Тэр “Чи сайн тоглогч юм аа. Чиний дам­жуулалт өгч, цохилт гүй­цэт­гэж байгаа чинь үнэхээр сайн байна. Үү­ний­гээ хадга­лаад, улам хөг­жүүлээд яваа­рай” гэж хэлэв. Тэр өдөр би бөөн баяр хөөрт умбан гэртээ харьж билээ. Английг шиг­шээ­гийн тоглогч Жейми Реднапп надтай ярилаа шүү дээ. Зүгээр ч нэг ярь­сангүй, Реднапп на­майг үнэл­сэн. Тэр надтай цөө­хөн хоромд үг сольж, хэдхэн үг хэлсэн ч энэ бол гайхам­шигтай зүйл байв. Тэр бол над шиг хүүхэд, залуу­чуу­дын үл­гэр­лэн дууриах дур­тай шил­дэг тоглогч юм. Үнэ­хээр итгэ­мээргүй зүйл бол­лоо. Тэр ийн­хүү урам хайрласан үг хэлснээсээ хойш надад үргэлж зөвлө­гөө өгдөг болсон. “Ли­вер­­пуль”-ийн үндсэн багт оро­ход минь Жейми Реднапп маш том түлхэц өгснийг би хэзээ ч мартахгүй. Тэр гэмт­лээсээ буцаж ирээд формдоо ортлоо үндсэн бо­лон нөөц багт ээлжлэн тоглож байв. Ингэснээр за­рим тохиолдолд түүнтэй мөр зэрэгцэн тоглож бай­сан бөгөөд энэ нь миний хувьд том завшаан байсан. Жейми Реднапптай нэг багт орж тоглох нь миний хувьд яг л хаанаар өргөмж­лөгдсөн мэт мэдрэмжийг тө­рүүлж байв. Тэр надтай улам их зүйл ярьж, заавар зөвлөгөө өгсөөр. Хэрхэн зөв байрлал авч, ямар үед гүйх вэ гэх мэтээр. “Ли­верпуль”-ийн Академийн су­ралцагч би үндсэн ба­гийн од хөлбөмбөгчнөөр хичээл заал­гаж байлаа. Гайхалтай хичээл. Тэр хув­цас солих өрөөнд байх­даа ихэвчлэн намайг дууд­на. Тэгээд “За, Стиви өнөө­дөр ямар байв даа?” гээд яриа өддөг. Жейми Реднапп ми­ний нэрийг мэддэг болсон байлаа. Үндсэн багт түүн­тэй хамт тоглосон таван жи­лийн турш тэр надтай ийнхүү ярилц­даг байсан. Миний хувьд түүнтэй нэг өрөөнд байх нь л нэр тө­рийн хэрэг билээ. Гэтэл тэр намайг онц­лон, зарим­даа өрөөндөө хоёулхнаа үлдээд ярилцдаг байв. Ма­гадгүй би түүнтэй ижил байр­лалд тоглодог боло­хоор туршлагаасаа ху­ваалц­даг байсан байж бо­лох юм. Эсвэл зүгээр л найр­саг, нийтэч залуу бо­лохоороо ингэж бусдад анхаарал тавьдаг байсан байж магадгүй.

Нэг өдөр Жейми “Хөөе Сти­ви, чи хэдэн размерын гу­тал өмсдөг вэ?” гэж асуув. Би “Тантай адилхан” гэж хариул­лаа. Би Жейми­гийн пүүзийг цэ­вэрлэж бай­сан болохоор хэм­жээг мэд­дэг юм. Тэр на­даас үл ялиг том өмсдөг ч би бүх зүйлээрээ түүнтэй адил­хан болохыг хүсдэг байсан учир тийн хэлсэн. “Тэгвэл эн­дээс өөртөө тааруулаад аваа­рай” гээд тэр хэдэн тог­лолтын гутал шидлээ. Агаарт нисэн ирж буй тэр цоо шинэ гутлууд яг л зул сарын баяраар чарга хөлөглөн давхидаг Санта Клаус шиг санагдаж билээ. Товруу нь гялалзаж, арьс нь чахран дуугарах тэр гутлууд тухайн үед нэрд гарч байсан “Мизүно” фирмийнх байлаа.

Нэгдүгээр багт тогло­дог британи залуучууд ийм эел­дэг, найрсаг хүмүүс бай­сан. Манай хөтөлбө­рийн хүүхдүүд бүг­дээрээ Реднапп, Макма­на­ман, Фау­лер нарт хайртай, тэд­нийг дэмждэг байв. Бид бэлт­гэлийн дараа тэр одод би­дэнд ямар нөлөө үзүүлж, юу өгснийг ам уралдан ярьц­гаана. Нэг өдөр бид “Мелвүд”-ээс гарч явахад Касс “Робби үнэхээр сайн хүн юм аа. Тэр на­дад шинэ пүүз өгсөн. Би хайр­цагнаас нь ч гаргаагүй бай­гаа” гэв. Англид аль ч багийн хүүхдийн сургуулийн сурагч энэ мэтээр томчуу­даа­саа бэлэг авдаг байх. Гэхдээ “Ливерпуль”-ийнх шиг бүрэн хув­цаслахуйц бэлэг авч бай­гаагүй болов уу. Шотландын шигшээгийн хамгаалагч Дом Маттео бол сайн тоглогч. Нэг үе би түүний гутлыг цэвэрлэх ажилтай байлаа. Харин тэр надад маш том бэлэг барьж билээ. Нэг жил зул са­рын бая­рын өмнөхөн юм. Тэр миний хажуугаар өнгөрснөө эргэж хараад “Стиви, нааш ир” гээд на­майг дуудлаа. Тэгээд гараа халаасандаа хийн жижиг­хэн нугалсан цаас гаргаж ирэн надад өгөөд цааш явав. Би цаасыг дэлгэж үзээд нүдэндээ итгэсэнгүй. Тэнд 200 фунт байв. Зул сарын баяраар ийм их цай­ны мөнгө өгчээ. Би Дом, Жейми хоёрын төлөө хи­­чээн ажилладаг байсан. Хэ­рэв тэдний гутал нь хэ­рэгтэй үед зохих ёсоороо байхгүй бол Дом, Жейми нар намайг сургаад өгөх биз. Би зарим­даа бэлтгэ­лийн дараа туйл­даж ядар­сан амьтан хувцас со­лих өрөөнд ороод “Өө ар­ван цаг болчихсон байна шүү дээ. Гэтэл Домын гутлыг цэ­вэрлээгүй байдаг” гээд ажил­даа шуурхайлан ордог байв. Би тэдний тоглолтын гутлыг угааж, сойздоод тос­лоно. Би ямар гуталтай тоглох дуртай байдаг, яг тийм болгохыг хүс­дэг байв. Дом, Жейми хоёр ч надад гомдол гаргаж байсан­гүй. Тэдний тэр том бэлэг бо­лон ач тустай зөвлөгөө нь надад ажиллах эрч, урам нэмдэг байсан юм.

Нэгдүгээр багт тогло­дог, тухайлбал Ойвинд Лун­хард­сен1 нарын гадаа­дын­хан за­луу­чуудтай тэр бүр харьц­даггүй байв. Тэдэнд гутал нь толбогүй л байвал хэн ийм бол­госон нь ха­маагүй тогло­хоо л бодно. Норвег хамгаа­лагч Стиг Инге Бьорнибиэ2 бусдаа­саа арай өөр. Тэр “Ли­вер­пуль”-д олон жил тоглосон болохоороо хөтөлбөрийнх­нийг мэддэг болсон байж бо­лох юм. Стиг нэг удаа надад гутал бэлэглэсэн. Тэр хөгжил­тэй, яриа хөө­рөөтэй залуу биш, гэхдээ ихэм­сэг, хамраа сөх­сөн зан ч байхгүй. Тэр зү­гээр л энгийн нэгэн байсан. Тэр ямартай ч хүндэтгэлээ илэрхийлж чаддаг. Харин бусад нь тийм байгаагүй. Энэ байдал намайг цухал­дуулна. Бид тэдэн шиг мэр­­гэжлийн сайн хөлбөм­бөгчин болохоор чармайн бэлтгэл хийхийн зэ­рэгцээ тэд­ний пүүзийг угаах зэр­гээр “Мелвүд”-д хар бор ажил хийцгээдэг. Харин за­рим гадаад тоглогч энэ байд­лаар биднийг дүгнэн таагүй харилцдагт нь ми­ний уур хүр­дэг байв. Пат­рик Бергер3 хө­төлбө­рийн­хөнтэй үл тоом­сор­лосон байдалтай харьцдаг тог­логч­дын нэг. Гадаадынхан яагаад ихэмсэг байдгийг би ер ойлгодоггүй байв. Тэгээд “Хэрвээ би өөр ул­сад тогловол тэдэн шиг хүүх­дүүдийг төвөг­шөөх бо­лов уу?” гэж өөрөөсөө асуун гайхан бодно. Фау­лер, Макманаман, Реднапп нартай бид дотно харил­цаа­тай бай­сан. Карра, Майкл Оуэн нар ч хожим тэдэн шиг болсныг би мэд­нэ. Би ч мөн тийм бай­хыг хичээдэг.

Англи тоглогчид бидэн­тэй дотно сайхан харилцаа­тай байсныг өмнө дурдсан. Харин Дэвид Жеймс таавар­лахын аргагүй зантай нэгэн байв. Нэг удаа хувцас солих өрөөнд ортол Жамо намайг цо­хиод авлаа. Зохимжгүй, эс­вэл түүнд таалагдахааргүй хув­цас өмсөх юм уу, үсний за­салт таашаагдахгүй бол тэр шууд ингэдэг. Жамо “Чи хаа­наас энэ хувцсыг авсан юм бэ?” гэж асуув. Тэгээд “Яасан, хямдрал зарлахаар нь авчих­сан уу? Ийм хачин хувцас хий­сэн оёдолчныг цагдаад барьж өгвөл таарна” хэмээн үргэлж­лүүлэн хэллээ. Тэр үед Жамо “Армани”-гийн хувцас­ны сур­талчилгаанд тоглодог байсан бөгөөд үүнээсээ ч болдог юм уу, хэн хүний хув­цаслалтыг шүүмжилж, өө эр­дэг зантай байж билээ. Ака­демийн су­рагч­дын дунд “Жа­мо­гийн асуултад бүү хариул” гэсэн үг яригддаг. Энэ бол бичиг­дээ­гүй хууль юм. Үүнийг зөрчсөн нэгэн хэрхэн шийт­гүүлдгийг бид бие биедээ хэлэн анхааруулдаг байлаа.

Грегго, Богго хоёр Крокс­тетэд4 амьдардаг байв. Нэг өдөр тэд хувцас солих өрөөг цэвэрлэхээр явлаа. Тэд шалыг толбогүй болтол арчаад тог­логчдын хувцсыг байр бай­ранд нь өлгөх ёстой байсан юм. Дараа нь би үндсэн ба­гийн тэр хувцас солих өрөө­ний хажуугаар явж байгаад нэгэн явдлын гэрч болсон. Жон Барнс, Робби, Макка (Макманаман) гээд нэгдүгээр багийнхан бүгд тэнд байв. Тэд ямар нэг зүйлийг хараад нулимсаа гоожтол инээх аж. Нүдийг нь дагуулж харвал өрөөний буланд байх хогийн сав руу чиглэжээ. Гэтэл тэнд Греггог бөгсөөр нь суулгаад хийсэн байв. Харахад хэн нэгэн түүнийг зориудаар чихчихсэн бололтой.

Би Боггогоос “Юу болоо вэ? Грегго яачихсан юм бэ?” гэж асуув. Тэр “Жамогийн асуултад хариулчихсан юм аа” хэмээлээ. Тэгээд “Жамо Греггог шууд өргөж аваад хогийн саванд хийсэн” гэв

Тоглогчид Греггог шоо­лон инээхээ больсон үед буюу бараг арван минутын дараа түүнийг хогийн савнаас сугалж гаргалаа. Грегго алхаж чадахгүй байв. Тэр яг л хөг­шин хүн шиг хөлөө зөөж ядан явна. Энэ бол Жамогийн тааварлашгүй араншингийн үр дүн. Түүнийг юу ч асуусан бай, хэн ч хэзээ ч хариу хэлэх хэрэггүй. Тэр өндөр, том, хү­чирхэг залуу Жамо Залуу­чуудын хөгжлийн хөтөлбө­рийн цөөнгүй сурагчийг хогийн саванд чихсэн дээ.

1-Ойвинд Лунхардсен (Норвег) 1997-99 онд “Ливерпуль”-д тоглосон

2-Стиг Инге Бьорнибиэ (Норвег) 1992-2000 онд “Ливерпуль”-д тоглож байв

3-Патрик Бергер (Чех) 1996-2003 онд “Ливерпуль”-д тоглосон

4-Ливерпулийн хойд захын дүүрэг.

Академийн сурагч байх үед надад учирсан хамгийн том бэрхшээл бол гэмтэл бай­лаа. Ялангуяа эхний жил энэ намайг их зовоосон. Овоо гайгүй тоглож байгаад шөр­мө­сөө сунгах гэх мэтээр янз бүрийн гэмтэл авч, зарим тог­лолтод хазганаад л гүйдэг байв. Шагай маань үргэлж л хөн­дүүрлэж өвдөнө. Сургуу­лиа төгсөх үеэс энэ өвчин на­дад мэдрэгдэж эхэлсэн. До­лоо хоногт 2-3 тоглолтод оролц­чихоор нуруу бараг л ну­гарахаа больчихдог байж билээ. Миний энэ өвчний эм­нэлгийн нэр томъёог Осгуд-Шлаттерын өвчин гэдэг гэ­сэн. Энэ нь огцом өсөлтийн ул­маас ясанд өвдөлт мэдрэг­дэхийг хэлдэг юм билээ. Үнэ­хээр ч 15 насандаа би Майкл Оуэнтай чацуу байснаа боги­но хугацаанд зургаан фут болт­лоо өсч, гулжгар өндөр бол­сон. Нуруу­гаар хатгаж, өв­дөг хөндүүрлээд их хэцүү бай­сан даа. Намайг үзсэн эмч болгон л “Зүгээр дээ хүү минь, энэ чиний өсөлтөөс болж бай­гаа хэрэг” гэж хэлнэ. Би өндөр болохыг хүсч байсан ч ингэж өвчин, шаналалтай тулгарна гэж санасангүй.

Азаар “Ливерпуль”-ийн дасгал­жуулагч Рой Эванс миний энэ байдлыг мэддэг байсан. Одоо тэр үеийг эр­гээд бодох бүртээ миний хөл­бөмбөгчин болохоор мэ­рийж, зүтгэж байсан тэр үед тийм сайн хүн таарч, Рой яг л миний асран хамгаа­лагч шиг байсанд нь таларх­даг юм. Нэг өдөр Рой намайг өрөөндөө дуудлаа. Түүний тус­­лах Даг Ливермор, Ронни Моран нар тэнд байв. Намайг өрөөнд нь ороход Рой “За со­­нин сайхан юу байна даа, Стиви” хэмээн ихэд дотноч­лон асуув. “Бэртэл, гэмтэл гайгүй биз дээ?” гэлээ. Би “Энэ л намайг зовоож байна, дасгалжуулагч аа” гэж хариулав.

Рой намайг сэтгэл дун­дуур байгааг мэджээ. Тэр “Стивен, толгойгоо бүү гу­дайлга” гээд “Бид тааруухан байгааг чинь ажигласан. Гэх­дээ Стив Хейвэй чамайг өнд­рөөр үнэлдэг. Тэр чамайг гар­цаагүй нэгдүгээр багт орох хүн гэдэг юм. Тэгэ­хээр чи гэмт­лээ илааршуулаад өөрий­гөө хөгжүүлэхэд анхаар. Муу юм бодож өөрийгөө шаналгах хэрэггүй. Чиний ирээдүй энд бай­гаа гэж бид боддог. Удах­гүй чамайг зохих түвшиндээ хү­рэхээр мэргэж­лийн гэрээ бай­гуулах болно” хэмээв. Би Ройд маш их баяр­лаж байв. Энэ бол “Ливер­пуль”-ийн клу­бээ бэхжүүлэх ажлынх нь нэг хэсэг билээ. Тэд тоглогч­доо сайн мэднэ. Бид нэгэн бү­­лийнхэн учраас аргагүй биз.

Гэвч миний зогсонги бай­дал үргэлжилсээр. 17-той байх­даа би бугуйны гэмтлээ эд­гээгээд ирсний­хээ дараа­хан бэлтгэл дээр гулсаж унан бөмбөг авах гэж байгаад ша­гайндаа бэртэл авч орхив. Энэ мэтээр хэвийн байдалдаа орж чадахгүй удлаа. Энэ үед багийнхаа дасгалжуулагчдаас тайтгаруулсан үгийг хэдэн мян­ган удаа сонссон байх. Ха­рин нэг удаа Ронни Моран на­майг багийнхнаас маань зай­дуу аваачаад “Стивен, багийн удирдлагууд чамайг бэлтгэл дээр хэтэрхий хамгаалалтдаа улайраад өөрийгөө ч, өрөө­лийг ч гэмтээх гээд байна гэж хэллээ. Бэлтгэл дээр ингэж ши­рүүн тоглохоо боль, энэ чи­­ний найзууд шүү дээ. Тайвш­­раад энэ бүхнээ тог­лолтод гарга, биеэ нөө” гэж хэллээ. Гэвч би ийм зөвлөгөөг хүлээж авахааргүй байв. Энэ бол миний тоглолтын арга ба­рил. Галт тэрэг хэдийнэ хө­дөл­сөн, одоо ухрах зам байх­гүй. Дасгалжуулагчдын нү­дэнд өртөх гэж ингэдэг бай­сан нь үнэн ч миний тоглол­тын барил энэ юм. Би бэлт­гэлдээ орохдоо “Өнөөдөр жаахан зөөлөн тоглоё. Жийж унах хамгаалалтыг ер хийхгүй” гэж бодож байсангүй. Гэвч миний энэ байдал олон хүнд таалагдахгүй байв. Дейв Шэн­нон, Хьюи Макаули нараас байнга анхааруулга сонсоно. Гэх­дээ Хьюи үүнд дуртай байсан юм билээ. Хэрэв сайн хамгаалалт хийж чадаж байвал чи Хьюигийн багт байсан, түү­ний үгийг сайн сонссон гэсэн үг. Тэр ийм л хүмүүсийг “Манчестер Юнайтед”, “Эвер­тон” зэрэг онцгой өр­сөлдөгчдийн эсрэг гаргадаг. Эдгээр багуудтай тоглоход яг л халз тулааны спортод орж байгаа юм шиг санагддаг байж билээ. Хөвгүүд яг л том эр хүн шиг нудралцан түл­хэл­цэнэ. Шүүгчийн сүүлчийн шүг­лийн дууны дараа хамаг бие янги­нан өвдөх нь мэд­рэгдэж, тулаанаа арайхийн дуус­гасан боксчин шиг са­нагд­­даг байв. Заримдаа энд тэнд цус болчихсон байх нь ч бий.

Тэрхүү “МЮ”, “Эвертон” зэ­рэг багуудтай хийх хатуу ши­рүүн тоглолтуудын аяыг даах гэж би шүд зуун зүтгэнэ. Гэвч за­римдаа гэмтэл маань санаагаа биелүүлэхэд саад болдог байв. Ийн явсаар мэргэжлийн гэрээ байгуулах насанд хүр­сэн ч хүссэн зүйл маань ирэхгүй л байлаа. Гэтэл надаас дүү хүүхдүүд Ройгийн өрөөнд очоод гэрээ байгуул­чи­хаад ир­нэ. Миний өмнө хам­гийн хэцүү даваа хөндөл­сөж буй ажээ. Рой надад мэр­гэжлийн гэрээ байгуулна гэж амласан боловч тухайн үед би гэмт­лээс бүрэн салахгүй бай­сан учир санал тавих­гүй байв. Багийн зүгээс на­майг гэ­рээний санал гар дээ­рээ тавихаасаа өмнө хэвийн бай­далдаа орохыг хүсч буй нь то­дорхой. Эндээс багт сан­хүү­гийн эрх ашиг эн тэргүүнд тавигддагийг би мэдэрсэн. Юу ч хийж чадахгүй хүний тө­лөө гурван жилийн гэрээ бай­гуулахгүй нь мэдээж л дээ. Ийн­хүү тэд гэрээ хийх хуга­цаагаа алгуурлан байв. Удах ту­сам миний санаа зовнин түгших нь нэмэгдсээр байлаа. Рой надад багийн хэтийн тө­лөвлөгөөнд намайг байгаа гэж хэлсэн ч гэрээний санал ирэх­гүй өдөр хоног өнгөрөх тусам миний эргэлзээ улам лавширч байв. Шөнө орон­доо хэвтэж байхад “Намайг хэзээ ч эдгэх­гүй гэж бодсон юм байх даа?” гэсэн бодол толгойд эргэл­дэ­нэ. Гэмтэл маань эргэлзээг улам лавш­руулж, миний хөл­бөм­бөгчин болох гэсэн хүсэл мөрөөдөл хутганы ирэн дээр ирснийг мэд­рүүлж байв. Ми­ний мө­рөө­дөл бол “Ливер­пуль”-ийн төлөө хүчин зүт­гэх. “Тэд үнэ­хээр намайг нэ­мэргүй, сул до­рой амьтан гэж бодоод бай­гаа юм байх даа?” Элдэв юм бодсоор толгой задрах нь ээ.

Нэг өдөр бэлтгэл дээр би хангалттай түвшинд ирснээ мэдрэв. Бэлтгэл тарангуут гэр­­тээ яаран очив. Тэгээд “Аав, та Стив, Рой хоёртой ярилцаж үзээч. Би энэ ойл­гомжгүй байдалд удаан тэсэх­гүй нь. Тэдэнд би үнэхээр хэ­рэгтэй юм болов уу?” гэж хэл­лээ. Аав “Битгий санаа зов доо, Стивен. Тэд чамайг үнэлд­­гийг чи, бид хоёр мэднэ шүү дээ” хэмээн тайвнаар өгүү­лэв. Энэ үг намайг бага бо­ловч тайвшруулсан. Гэвч ятгалгаа зогсоосонгүй “Аав, та зүгээр л на­майг мэргэжлийн гэрээ байгуулмаар байгааг тэдэнд ойлгуулаад өгчих. Надаас дүү хүүхдүүд хэдийнэ гэрээгээ хийчихээд байхад надад алга шүү дээ” гэж үр­гэлжлүүлэн хэллээ. Аав миний санааг ойлгов бололтой.

Тэр Стивтэй уулзахаар явав. Аав “Сонсооч, Стивен бүр шаналж гүйцэж. Тэр гэрээ байгуулмаар байна гэсэн. Багтаа үлдэхгүй байх вий гээд санаа зовж байгаа нь илт” хэмээн түүнд хэлжээ. Стив надад гэрээ байгуулах нь ямар чухал байгааг одоо л нэг ойл­гов. Удсан ч үгүй бид гэрээгээ байгууллаа. Гурван жилийн гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд эхний жил долоо хо­ногт 700 фунт авах ба да­раагийнхад нь 800, 900 гээд өсөөд явах аж. Академийн сурагч байхдаа долоо хоногт 50 фунт авдаг байсантай харьцуулахад энэ нь том үс­рэлт байв. Надад яг л лоттонд хожчих­сон юм шиг мэдрэмж төрж байлаа. Ийм аз тохио­сонд итгэж өгөхгүй л байв. Стив надтай гэрээ байгуу­лах­даа Рой дээр очоод “Би Жер­рардад ийм мөнгө өгөх са­налтай байна” гэж хэлсэн гэ­сэн. Үүгээрээ тэр намайг баг­таа хэрэгтэй хүн гэдгийг ойлгуулах гэсэн юм билээ. Гэхдээ “Энфильд” миний бо­лом­жийг үнэлсэн нь мөнгө­нөөс илүү чухал юм. Би Рой, Стив болон энэ бүхнийг зохих байранд нь оруулж цэгцэлсэн аавдаа маш их баярлаж бай­лаа. Тэр үед яг л харанхуй хон­гилоос гарч ирж байгаа юм шиг санагдаж байв. Одоо би урагшаа харж, ирээдүйгээ өнгөлгөөр төсөөлж чадахаар боллоо. Би “Ливерпуль”-ийн үндсэн багт орох цаг ойрхон иржээ.


GD Star Rating
loading...
Стивен Жеррард - Миний намтар (дөрөвдүгээр бүлэг), 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. GerBeck says:

    tasarhai!!!
    Hurdhan shig l urgeljleliig n oruulaarai!
    Ta buhend amjilt husey!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: