loading...
Олон улсын талбайн хоккейн холбооны (FIH) хөгжлийн асуудал эрхэлсэн дарга Тайаб Икрам, олон улсын мэргэжлийн дасгалжуулагч Гулям Гоус нар манай оронд ирж, олимпийн төрлийн энэ спортыг Монголд хөгжүүлэх эх суурийг нь тавьж өглөө. Сүхбаатар дүүргийн олимпийн зөвлөл, Монголын талбайн хоккейн холбоо хамтран олон улсад үнэлэгдсэн хоёр мэргэжилтнийг урьж авчран семинар зохион байгуулсан нь энэ бөгөөд тус дүүргийн ЕБС-ийн биеийн тамирын багш нар хамрагдаж байна. Сургалт, семинарыг удирдаж буй Тайаб багштай уулзаж ярилцлаа.
-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө товч танилцуулна уу?
-Би FIH-д хөгжлийн асуудал эрхэлсэн даргын албан тушаалтай. Олон улсад энэ спортыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэхэд анхааран ажилладаг. Энэ зарчмаар өөрийн орны шилдэг дасгалжуулагчдын нэг, урьд нь Пакистан, Мьянмар, Макаогийн шигшээ багийг удирдаж явсан Гулям Гоусыг дагуулан ирж, Монголд анхны сургалтыг явуулж байна.
-Та урьд нь тамирчин байсан байх. Ямар амжилт үзүүлсэн бэ?
-Миний тамирчны замнал ахархан байсан. 1979-82 онд Лахор мужийнхаа багт тоглож байлаа. Харамсалтай нь 19 настайдаа ходоодны өвчний улмаас спортоо орхисон. Мөн анагаах ухааны чиглэлээр сурч байсан болохоор мэргэжил, спортын аль нэгийг сонгох шаардлага гарсан даа. Хэрэв үргэлжлүүлэн тоглосон бол “Лос-Анжелес-84”-т түрүүлсэн шигшээ багт багтах боломж байсан.
-Пакистан талбайн хоккейгоор дэлхийд тэргүүлэгч улсуудын нэг. Танай оронд өөр ямар спорт түгээмэл хөгжсөн байдаг вэ?
-Пакистан бол талбайн хоккейн Их дуулгыг авсан цорын ганц улс. Олимпийн наадам, Дэлхийн цом, Аваргуудын цом гэсэн том гурван тэмцээнд түрүүлсэн баг энэ алдрыг хүртдэг. Энэтхэгийн хоккейчид олимпод найман удаа аваргалсан бол манайх 1960, 1968, 1984 онд алтан медаль авч байлаа. Харамсалтай нь их дуулгатай, олимпийн гурван алттай гэсэн яриа эрт цагийн дурсамж болж дээ.
Пакистанд хамгийн түгээмэл хөгжсөн спорт бол крикет. Дараа нь хоккей орно. Тэгээд сквош. Дэлхийн есөн удаагийн аварга Жихангир Хан гэж домог болсон хүн бий. Энэ гурвын араас волейбол, бокс, кабаддиг нэрлэж болох юм. 1950-1960-аад онд чөлөөт, сонгомол бөхөөр дэлхийд хүчтэй өрсөлдөж, олимп, ДАШТ-ээс медаль авч байсан.
-”Бээжин-2008″ олимпийн наадамд зохион байгуулагч орон багийн спортын төрөлд талбайн хоккейгоор цорын ганц медалийг нь авахад таны оролцоо бий гэж дуулсан. Хятадад хичнээн жил ажилласан бэ?
-1982 онд Бельги манай улсаас мэргэжилтэн багш авах хүсэлт тавихад Пакистаны хоккейн холбоо намайг явуулж байлаа. Тэнд жил хагас болоод эргэж ирэхэд Пакистаны олимпийн шигшээ багт дасгалжуулагчаар авсан. 1985 онд манай улсын ерөнхийлөгч БНХАУ-д айлчлал хийх үеэр хоёр орон дасгалжуулагч солилцох гэрээ байгуулсан юм билээ. Тэгээд манайх Хятадаас ширээний теннисний дасгалжуулагч авч, би Хятадад талбайн хоккей заахаар болсон.
Энэ ажлын минь үр дүн “Бээжин-2008”-д гарч, эмэгтэйчүүдийн баг мөнгөн медаль хүртэхэд би маш их баярласан. Сүүлд Макаод Спорт хөгжлийн товчоо гэх төрийн байгууллагад орлогчоор хэдэн жил ажиллалаа. Энд байх хугацаандаа волейболын “FIVB Grand Prix” тэмцээн, мөн “Formula-3”-ын уралдааныг зохион байгуулах ажлыг гардан хийсэн. “Бангкок-98” Азийн наадамд Макаогийн багийн дэд ахлагчаар оролцож байлаа.
-Одоо Монголд хийж буй айлчлал, ажлын тань талаар ярилцъя. Талбайн хоккейн семинарыг хэд хоног удирдаад явуулахад энэ спорт манайд хөгжих ирээдүй хэр харагдаж байна вэ?
-Монголчууд авъяастай, юмыг тусгаж авахдаа сайн юм гэдгийг онлцон хэлье. Семинарын эхний дадлагыг 3-р сургуулийн нэг ангийн хүүхдүүдтэй хийлээ. Шилж, сонгоогүй, нэг ангийнхан гэхэд эхний сургалт дээр л ихэнх хүүхэд цохиураа зөв барьж, бөмбөг эзэмших техникийг сурах жишээтэй. Цаашид хүүхдүүдийг сонгон шалгаруулаад дагнан хичээллүүлбэл Монголын хоккейчид удахгүй юм дуулгаж мэднэ шүү. Монголчууд Азийн наадам, цаашлаад олимп, ДАШТ-д оролцох цагт би энэ цаг мөчийг баяртайгаар эргэн дурсах болно.
-Сонгон шалгаруулах гэснээс талбайн хоккейд ямар бие бялдартай хүн тохиромжтой вэ?
-Ерөнхийдөө дундаж нуруутай, гар урт хүн талбайн хоккей тоглоход таарна. Гэхдээ хувь хүний хичээл зүтгэл л чухал шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.
Ноён Тайаб FIH-ийн хамгийн өндөр зэрэглэл “Мастер дасгалжуулагч” цолтой Азийн цорын ганц хүн аж. Одоогоор албан ажлаараа 50 гаруй оронд очсон нь FIH-ийн рекорд гэнэ. Бельги, Пакистан, БНХАУ, Макаогийн шигшээ багийг удирдаж явсан тэрбээр зургаан хэлээр чөлөөтэй ярьдаг ажээ.
loading...




http://217.79.182.227/www.judo-world.net/eju/european/2009_tblisi/fantasy.html
ene linkeer Fantasy Judo-d burtguuleerei
Europe Champs-n 14 jingiin avargiig zov nerlevel World Champs, Rotterdam unegui uzne
loading...