Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Ширээний тенис » Ширээний теннисчид Японыг зорилоо

GD Star Rating
loading...

yokohama-logoМаргааш ширээний теннисний ДАШТ Японы Ёкохамад эхэлнэ. Тус тэмцээнд манай улсаас нэг эрэгтэй, гурван эмэгтэй тамирчны бүрэлдэхүүнтэй баг оролцох аж. Өнөөдөр (IV.27) одон бөмбөгчид Наран улсыг зорьж буй бөгөөд МШТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Амарсанаа багаа ахалж, спортын мастер Т.Энхтөр дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэнэ. Багийн бүрэлдэхүүнд улсын гурван удаагийн аварга Л.Алтантулга, таван удаагийн аварга Б.Батхишиг болон залуу тамирчин Б.Номин-Эрдэнэ, Н.Цэндмаа нар багтжээ.

Монгол теннисчид 1961 онд Бээжинд болсон ДАШТ-д анх оролцож байв. Үүнээс хойш 1991 оныг хүртэлх хугацаанд 1973 оны дэлхийн аваргад л өрсөлджээ. Харин 1991 оноос хойш ДАШТ-ийг бараг өнжөөгүй (“Парис-1993”, “Катар-2005”-д оролцоогүй) юм. Энэ хооронд ганцаарчилсан төрлийн дээд амжилтыг 1991 онд спортын мастер С.Галбадрах үзүүлжээ. Тэрбээр урьдчилсан хэсгийн тоглолтод бүх өрсөлдөгчөө хожин үндсэн сугалаанд орж байсан.

Ёкохамагийн ДАШТ-д манай теннисчид ганцаарчилсан төрөлд оролцохын зэрэгцээ Л.Алтантулга, Б.Батхишиг нар холимог хосод өрсөлдөнө. С.Галбадрахын 1991 оны ДАШТ-д үзүүлсэн амжилтыг давтах, ахиулах, ITTF-ийн чансаагаа дээшлүүлэх нь Монголын багийн гол зорилго болж байна.

Түүнчлэн тамирчдын тоглолтоос гадна энэ оны аравдугаар сард болох МШТХ-ны 50 жилийн ойн нэрэмжит ОУТ-ий урилгыг гардуулах, Монголын тамирчид, дасгалжуулагчдын ур чадварыг нэмэгдүүлэх, мэргэжил дээшлүүлэх талаар зарим үндэсний холбоод болон ITTF-д хүсэлт тавих гэх зэрэг албаны ажил багагүй өрнүүлэх аж. МШТХ-ны 50 жилийн ойн нэрэмжит ОУТ-ийг аравдугаар сарын 22-25-нд Улаанбаатарт зохион явуулахаар төлөвлөөд байна.

** ** **
Мөн өнгөрөгч амралтын өдрүүдэд (IV.25-26) Хонконгод Зүүн Азийн өсвөр үеийн (17 хүртэлх насны) багийн АШТ боллоо. Үүнд спортын мастер С.Галбадрах дасгалжуулагчтай эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин оролцжээ. Багийн бүрэлдэхүүнд Б.Баатарсүрэн, Н.Баярмаа нарын хэдийнэ олонд танигдаж, ур чадвараараа үнэлэгдсэн өсөх ирээдүйтэй шилдэг теннисчид багтсан байна. Сонины дугаар шилжих мөчид Зүүн Азийн АШТ хараахан өндөрлөөгүй байлаа. Манай теннисчид тус тэмцээнд хоёр дахиа оролцож буй нь энэ аж.

** ** **
Тавдугаар сарын 4-7-нд ОХУ-ын Санкт-Петербург хотноо “Первая ласточка” өсвөр үеийн (12 хүртэлх насны) уламжлалт ОУТ болно. Тус тэмцээнд Баянхонгор аймгийн ширээний теннисний дасгалжуулагч Д.Энхбаатараар удирдуулсан эрэгтэй, эмэгтэй тус бүр таван тамирчин оролцох юм. Манай тамирчид “Первая ласточка”-д жил бүр тогтмол оролцдог ба 2000 онд Л.Алтантулга, 2005 онд Н.Цэндмаа нар хүрэл медаль хүртэж байв.

** ** **
Энэ сард болсон насанд хүрэгчдийн УАШТ-ээр энэ улирлын дотоод арга хэмжээ ерөнхийдөө шувтарсан. Тавдугаар сарын 9-12-нд Эрдэнэтэд явагдах “Ялалтын баяр” уламжлалт олон хотын тэмцээн нь 2008-09 оны сүүлчийнх болох юм. МШТХ энэ жилийн бүх арга хэмжээгээ холбооны 50 жилийн ойн нэрэмжит болгон явуулж буй. Гурван насны ангиллаар зохиогдох “Ялалтын баяр”-т хот, хөдөөгийн клубүүдээс гадна Хөх хот, Тянжинь, Чита, Улаан-Үдийн баг тамирчид оролцохоор мэдэгдээд байна. Уламжлалт тэмцээнийг “Эрдэнэт” УБҮ ивээн тэтгэнэ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: