loading...
Уржигдар буюу 4 сарын 25-ны өдөр Чехийн нийслэл Прагад Мотоциклийн Speedway төрлийн 2009 оны Гран При эхэллээ. ”Тормозгүй, тоноглолгүй, айдасгүй” гэсэн уриатай уг уралдаан нь жилд 11 гараа зохион байгуулдаг ба оны эцэст хамгийн олон оноо цуглуулсан тамирчин Дэлхийн аварга болдог. Сүүлийн хоёр жилийн аваргаар Данийн нисгэгч Никки Педерсон тодроод байгаа. Тэрээр 2007 онд 196 оноо цуглуулсан бол өнгөрсөн жил 174 оноогоор манлайлсан аж. Speedway буюу Мотоциклийн хурдны замын Гран Прин дүрмээс бага зэрэг сонирхуулахад : тогтмол 15 тамирчин өрсөлддөг, 11 Гран При нь Европын хотуудад 4 сараас 10 сар хүртэл зохиогдож онооны нийлбэрээр ялагчыг тодруулдаг. Тухайн жилийн цувралд амжилт муутай оролцсон 7 тамирчин хасагдаж, урьдчилсан шатанд амжилттай уралдсан 7 нисгэгч дараа жилийн Гран Прид шинээр орж ирдэг дүрэмтэй. Ингээд энэ жилийн Гран Прин талаар ярья. Төлөвлөгөө ёсоор Прага хотын Маркета цэнгэлдэхэд
Чехийн Гран При явагдлаа. Никки Педерсон тэргүүтэй Даничууд энэ удаа тун муу уралдсан бөгөөд хагас шигшээд ч шалгарч чадсангүй. Харин Гран Прид шинээр хөл тавьж буй ОХУ-н залуу тамирчин Эмиль Сайфутдинов ”цахиур хагалж” ялагчаар тодорчээ. Өдгөө 19 настай Эмиль ийнхүү Speedway Гран Прид түрүүлсэн анхны орос тамирчин төдийгүй түүхэн дэх хамгийн залуу нисгэгч болж буй аж. Хэдийгээр Эмиль түрүүлсэн ч Гран Приг 19 оноотой Австралийн Жеисон Крамп тэргүүлж байна. Түүнээс 2 онооны ард Сайфутдинов нэхэх ажээ. Тун удахгүй 5 сарын 9-нд Польшийн Лешно хотод Европын Гран При болох ба дараа нь 5 сарын 30-нд Шведийн гараа явагдана.
loading...



