loading...
2010 онд Сингапурт болох Залуучуудын анхдугаар Олимпийн наадмыг сурталчлах зорилгоор уг наадмын зохион байгуулах хорооноос 2010 CAN! (Create Action Now) Festival нэртэй соёлын цуврал арга хэмжээг 2009 оны 4 дүгээр сараас 2010 оны 8 дугаар сар хүртэл зохион байгуулах юм. “Соёл ба өв уламжлал” сэдэвт эхний арга хэмжээ 2009 оны 4 дүгээр сарын 18-нд Сингапурын “Scape” залуучуудын паркт болов. Уг арга хэмжээнд Сингапурын залуучуудын байгууллагуудаас гадна тус улс дахь АНУ, Бразиль, Бельги, БНСУ, Монгол, Финланд, Швейцарь, Энэтхэг зэрэг улсын ЭСЯ, олон улсын сургууль, залуучуудын байгууллага оролцон янз бүрийн хөтөлбөр үзүүлж улс орноо сурталчлав. Манай ЭСЯ Сингапурт сурч, амьдарч байгаа 60 гаруй монгол иргэдтэйгээ хамтран Монгол орны тухай ном, сэтгүүл, зурагт хуудас, Монголын Үндэсний Олимпийн хорооноос уг арга хэмжээнд зориулж илгээсэн сурталчилгааны материал дэлгэн үзүүлж, 2008 оны Бээжингийн Олимпийн наадамд оролцсон Монголын
баг тамирчдын тухай видео бичлэг сонирхуулан, спортын амжилтыг Сингапурын олон нийтэд танилцууллаа.
Мөн монгол үндэсний хувцас, хөгжмийн зэмсэг, гар урлалын бүтээл, уламжлалт тоглоом зэргийг танилцуулж соёл, уламжлалынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг зорилоо. Зохион байгуулах хорооноос бэлтгэсэн хөтөлбөрийн дагуу оролцож байгаа улс бүр 2-3 идэвхтэй, сонирхолтой арга хэмжээг асар дотроо зохион байгуулж олон нийтэд сонирхуулсан юм. Манай залуучуудын зохион байгуулсан мэндчилгээний үгсийг “Монголоор хэн сайн хэлэх вэ?” тэмцээн, шагайгаар “Дөрвөн бэрх” хаях зэрэг арга хэмжээг олны таашаал, сонирхлыг ихэд татаж байв. Тэд мөн чөлөөт зураг зурах арга хэмжээнд Монголын байгаль, зан үйлийн сэдвээр зураг зурж оролцов.
Фестивалийн үеэр оролцогч улс бүр урлагийн тоглолт үзүүлсэн бөгөөд манай улсыг төлөөлж Сингапурын Удирдлагын Хөгжлийн дээд сургуулийн оюутан Б.Билэгт монгол ардын бүжиг “Баяд биелгээ”-г бүжиглэж үзүүлсэн нь фестивальд оролцогч олны талархлыг хүртэв.
Фестивалийн ажиллагаанд нь Сингапурын Төвийн дүүргийн засаг дарга, Парламентийн гишүүн ноён Нордин Зайнудин оролцсон бөгөөд түүнийг манай үзүүлэнтэй танилцахаар ирэхэд нь залуус маань хадаг сүү барьж мэндчилсэн нь нийтийн анхаарал, сонирхлыг ихэд татсан ёслол болов.
Зохион байгуулах хорооны мэдээлснээр уг фестивалийг зохион байгуулахад 250 гаруй сайн дурынхан ажиллаж, нийт 1000 гаруй хүмүүс оролцсон байна.
loading...



