loading...
Их Дуулгын дөрвөн цувралын нэг болох Ролан Гаррос тун удахгүй 5 сарын 24-нд эхлэх гэж байна. Clay буюу шороон талбай дээр зохиогддог тэмцээнүүдээс хамгийн алдартай нь гэгддэг уг цувралд амжилттай оролцохыг тамирчин бүр хүсдэг учир бэлтгэл сургуулилтаа одооноос базааж байгаа нь лавтай. Гэхдээ үүнээс өмнө теннисчид Испаний нийслэл Мадридад нэгэн том ”шалгалт” өгнө Энэ нь Мадрид мастерс тэмцээн бөгөөд шороон талбай дээр зохиогддог учир тамирчдад Францын нээлттэй тэмцээний бэлтгэл болж өгдөг юм. Эмэгтэйчүүдийн хос болон ганцаарчилсан төрөл энэ сарын 9-нд эхэлсэн бөгөөд одоогоор хоёрдугаар шатны тоглолтууд ерөнхийдөө өндөрлөж байна. Эхний шатанд Радванска (Польш), Бартоли (Франц), Пеннета (Итали), Ализе Корнет (Франц), Серена Уйльямс нарын шилдэгүүд бүгд хасагдсан нь томоохон шуугиан дэгдээгээд байгаа. Серенагийн хувьд Италийн Франческа Скьявонетэй тоглох үеэрээ шагайндаа бэртэл авч тэмцээнийг орхисон юм. Тэрээр ”Уг нь ийм шийдвэр гаргамааргүй л байна. Гэхдээ Ролан Гаррос миний хувьд илүү чухал учир эртхэн амарч бэртлээ эдгээхийг хүссэн юм” гэжээ. Дэлхийн чансааг тэргүүлэгч Динара Сафина хоёрдугаар шатанд Хятадын На Литэй учраа таарсан бол Венус Уйльямс ОХУ-н залуу теннисчин Клейбановатай тоглоно. Чансааг тэргүүлэгчдээс Елена Дементьева хамгийн түрүүнд гуравдугаар шатны эрхээ халааслаад байгаа ба тэрээр Испаний Домингуез Линог 6-3 6-2-р буулган авсан аж.
Хоёрдугаар шатны бусад учраануудыг хүргэе.
Елена Янкович (Серби) – Хантучова (Словак)
Чакветазе (ОХУ) – Стосур (Австрали)
Надья Петрова (ОХУ) Ана Лена Гронефелд (Герман)
Азаренка (Беларус) – Шуй Пен (БНХАУ)
Эрэгтэй ганцаарчилсан төрлийн хувьд эхний шатны тулаанууд өндөрлөөд байгаа ба хоёрдугаар шатанд :
Федерер (Швэйцарь) – Сёдерлинг (Швед)
Энди Роддсик (АНУ) – Томми Хаас (Герман)
Энди Мюррэй (Их Британи) – Симоне Болелли (Итали)
Вавранка (Швэйцарь) – Жереми Чарди (Франц)
Гиллес Симон (Франц) – Фонини (Итали)
Цонга (Франц) – Любичич (Хорват)
Новак Жокович (Серби) – Оскар Эрнандез (Испани)
Хаун Карлос Ферреро (Испани) – Фернандо Вердоска (Испани)
Давид Феррер (Испани) – Хуан Монако (Аргентин)
Рафаель Надаль (Испани) – Юрген Мелзер (Австри)/Алберт Монтанес (Испани)
гэсэн учраанууд таараад байна. Та бүхэнд сонордуулахад Францын залуу теннисчин Ришар Гаске нилээн хэдэн сар тоглох эрхээ хасуулж магадгүй болоод байгаа. Өнгөрсөн гурван сард Миами мастерс тэмцээний үеэр допинг хэрэглэсэн нь илэрсэн тул олон улсын теннисний холбооноос Гаскег ийн шийтгэхээр шийдсэн аж. Одоогоор яг хэдэн сар торгох нь тодорхой бус байгаа бөгөөд B шинжилгээний хариу эерэг гарах юм бол 2 жилээр ч тоглох эрхээ хасуулж магадгүй гэсэн сураг байна.
loading...



