Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Спорт-номын сан » Стивен Жеррард – Миний намтар (тавдугаар бүлэг)

GD Star Rating
loading...

Тавдугаар бҮлэг

“Ливерпуль”-Миний диваажин

liv29Миний өдий зэрэгтэй явааг Же­рар Ульед бүгдийг нь хамаа­руулж болохгүй ч тэр на­майг гарыг минь ганзаганд, хөлийг минь дө­рөөнд хүргэ­сэн ачтан билээ. Тэр на­майг жирийн нэг хүүхдээс жин­хэнэ хөлбөмбөгч болгож төлөв­шүүл­­сэн юм. Хэрэв Жерар “Ли­вер­пуль”-д ирээгүй бол ми­ний энэ баг­тай салшгүй хол­боотой байна гэсэн ит­гэл найдвар тийм ч бат бөх байх­гүй байсан биз. Дунд сур­гуульд бай­хад зургаан жилийн гэрээ бай­гуулж, улмаар Залуу­чуудын хөгж­лийн хөтөлбөрт хам­руулан, дараа мэр­гэжлийн гурван жилийн гэрээг үзэг­лэ­сэн гээд Жерарыг ирэхээс өм­нө “Ливерпуль”-ийн зүгээс на­дад хангалттай санал тавьж байсан ч тэр л намайг Акаде­миас сугалан ав­сан юм. Түү­ний тавьсан шаард­лага нь Стив Хейвэй, Дейв Шэннон, Хьюи Макаули нарын Акаде­мийн дасгалжуулагчдыг үл ой­шоож байв. Үнэн­дээ энэ гур­ван хүн намайг бага бай­хаас минь л тордож хөгжүүлж ир­сэн билээ. Тэд “Вернон Сангс­тер”-т хөл тавьсан бяц­хан намайг тоглогчийн дөр­тэй болгосон. Ялангуяа Стив надад хамгийн их нө­лөөл­сөн хүн. Одоо ч тийм хэ­вээр бай­гаа. Бид зав л гарвал миний тог­лолтын алдаа, ду­тагд­лын та­лаар ярилцдаг юм. Жера­рын тухайд тэр на­майг Акаде­миас шууд авсан нь Стивт үл хүндэтгэсэн хэрэг бол­­жээ. Энэ тухай Жерар “Сти­вен Жер­­рард Академид юу хийх юм бэ? Тэндхийн хүмүүсийн хэн нь ч түүнийг сайн байна, үндсэн цагт орох цаг нь бол­сон гэж хэлээгүй. Ха­­рин би түү­нийг байх ёстой га­зарт нь авчирлаа” хэмээн ярьж байв. Энэ бол үнэн. Жерар намайг мэд­дэг боло­хоо­роо үндсэн багт дуудсан юм.

Жерарын намайг нөөц багт хадаг­дахаас аварсан гэж ярих нь Ройгийн хувьд шудар­га бус байсан. 1998 оны зун Же­рарыг “Энфильд”-д ирэ­хээс өмнө Рой намайг мэддэг, баг­таа авна хэмээдэг байсан юм. Гэхдээ франц эрхэм “Ли­вер­пуль”-д ирснээсээ хойш миний төлөө хэл­сэн шигээ ихийг хийсэн. Үүнд нь ч би маш их талархдаг. Тэр на­майг ивээлдээ авснаасаа хойш бэлт­­гэл, тоглолт бүр дээр онц­­гой анхаа­ран, өөг минь зас­даг байв. Ер нь ми­ний шиг­шээ багт тоглох түвшинд хүрэ­­хэд “Энфильд” дэх хүн бүр л тусал­сан. Стив Хейвэй, Жерар Улье, мөн түүний тус­лах Фил Томп­сон, Сэмми Ли гээд. Би тэдэнтэй бүгд­тэй нь адилхан сайн харил­цаатай бай­даг. Хэн нэгнийг нь муу­лах, дутуу гэж хэлэх эрх надад байх­гүй. Жерар миний хувьд онц­гой өөрчлөлтийг авчир­сан хүн мөн боловч түүнгүй­гээр энэ бүхэнд хү­рэх­гүй гэх яриа байж болохгүй юм. Би түүний бүтээл биш шүү дээ. Ми­­ний амжилтад өөрийн минь хичээл зүт­гэл, оролцоо байж л таараа. Ака­де­мид сайн дасгалжуу­лагч­дын удирд­лагад хичээллэж, эцэг, эхийн­хээ хэзээ ч хувирахгүй дэмж­лэг, хайрыг мэдэрч өссөн хүн, би. Харин Жерар надад нэг­дүгээр багт тоглох үүдийг нээж өгсөн, би түү­нийг нь чанга, нягт барьж чадсан.

“Ногоон”-оороо амьтан “Эн­­фильд”-д хөл тавих нь үнэхээр хүнд байсан. Жера­рын заавар, зөвлөгөө нь ми­ний Академид сурсантай дан­­­­даа зөрнө. Улье намайг баг­таа авахаас өмнө би Анг­лийн 18 хүртэлх насны шиг­шээ­гийн ахлагч байв. “Ливер­пуль”-ийн гүйцэтгэх захирал байсан Питер Робинсон франц эрхэмийг багтаа авч­рах талаар хэлэлцэхэд тэр шууд л намайг онцлон, “Залуу сайн тоглогчидтой танай багт их ирээдүй бий” хэмээсэн гэ­дэг. Питерийн ажлыг авсан Рик Пэрри ч мөн адил Жера­раас миний талаарх магтаалыг их сонссон гэнэ лээ. Гэхдээ л намайг шууд л ийм түвшинд авчирсан гэх түүний яриа нь намайг цухалдуулдаг. Түүний өм­нөх дасгалжуулагч Рой Эванс намайг “Ливерпуль”-ийн ирээдүй гэж үзээд үү­нийг гурван жилийн гэрээ­гээ­рээ хангалттай баталсан. Би Ульег ирэхээс өмнө “Ли­вер­пуль”-ийн нас насны ба­гаар дам­жин өсч явсан хөл­бөмбөгч.

“Мелвүд”, “Энфильд” гээд энд тэндгүй л хүмүүс ми­ний тухай ярилцаж байв. Пре­мьер лигийн багууд на­майг авахаар хөөцөлдөнө. 1998 оны наймдугаар сард “Тот­тен­хэм Хотспур”-ын эсрэг “Ли­верпуль”-ийн 19 хүртэлх нас­ныхны багт анхны тоглол­тоо хийхэд “Спэрс”-ийнхэн хэ­дийнэ миний тухай мэддэг болсон байж билээ. Тоглолт Эс­секс1-ийн Чигуэл хотхоны “Спэрс”-ийн бэлтгэлийн тал­байд болсон. Богго, Райти гээд манай багийнхан бүгд энэ тоглол­тод оролцох болсон­доо баярлаж хөөрөн, жин­хэ­нэ мэргэжлийн хөлбөмбөгч бол­чихсон мэт баярлан тог­лол­тын хувцсаа бахдалтай­гаар өмсч байлаа. Бид тоглолт болохын өмнөх орой нь яг л нэгдүгээр багийнхан шиг галт тэргээр өмнөдийг зорин хө­дөлж байв. Энэ аялал бүхэл­дээ гайхалтай байсан. Тохи­лог галт тэрэг, тансаг зочид буудал гээд л. Би Райтитай нэг өрөөнд орсон бөгөөд бид хоёр энэ баг дахь анхны тог­лолт маань ямар байх талаар шөнөжингөө ярилц­саар ун­таа­гүй юм. Би шинэ содон юм бүхнийг сониучир­хан байж билээ. Тоглолтын өмнө бид шар­сан тахиа, гоймон идэж, сүү уугаад яг л үндсэн ба­гийнхан шиг нар­гина. “Тот­тен­хэм” Чигуэлд тун сайн баг авчирсан байлаа. Хо­жим Анг­лийн шигшээд тогло­сон Пи­тер Крауч, Люк Янг нарын тог­логчид тус багт байв. Одоо бол Крауч шиг­шээд ч тэр, клубт ч гэсэн над­тай мөр зэ­рэгцэн тоглож бай­гаа. Энэ тог­лолт үнэхээр ширүүн, өр­сөлдөөнтэй бол­сон. “Тоттен­хэм”-ийн босс Алан Шүгар гэх мэт нэлээн олон хүн тоглол­тыг үзжээ. Би энэ өдөр тун гай­гүй тоглож, алсын цохил­тоор нэг гоол хийсэн. Тоглолт 1:1-ээр өндөрлөлөө. Би тал­байгаас гарч явахдаа Шүгар Стив Хейвэйтэй ярилцаж зог­сохыг анзаарсан. Шүгар гараа зогсоо зайгүй савчиж, Сти­вийн мөрийг алгадан ярилцах аж. Хувцас солих өрөөнд оро­ход Богго “Тэд чиний тухай ярьж байсан” гэлээ.

“Чи яаж мэдсэн юм бэ?” гэхэд Богго “Чиний нэрийг хэлэхийг сонссон юм. Яг юу гэж ярьсныг мэдэхгүй ч Алан Шүгар чиний тухай л яриад байх шиг байна лээ” хэмээлээ.

Гэхдээ би энэ тухай нэг их юм бодсонгүй. Шүршүүрт орж, хувцсаа солиод автобу­сандаа суун Ливер­пуль рүү хөд­лөв. Харин долоо хоно­гийн дараа Шүгар намайг ава­хыг хүссэнийг мэдсэн. Хоёр сая фунт төлье гэсэн гэнэ. Над шиг “ногоон”-оороо бай­гаа амьтанд дажгүй л мөнгө. Гэхдээ манай баг “Спэрс”-ийн саналыг хүлээж аваагүй. Стив Алан Шүгарт “Битгий инээд­тэй юм яриад бай. Дахиж ийм санал тавих хэрэггүй” гэсэн гэнэ лээ. Тэд намайг үнэхээр гайгүй үнэлжээ.

“Тоттенхэм”-тэй хийсэн тэр тоглолтоос хойш нэг бил үү, хоёр сарын дараа би Дейв Шэннонд торгууллаа. Хоолоо идсэнийхээ дараа тавгаа бай­ранд нь тавиагүй гэх ялихгүй юм­ны төлөө тэр надад тор­гууль тавив. Уул нь байдаг л зүйл. Торгуулийн мөн­гө нь ч гэ­сэн шалихгүй, таван фунт. Гэх­дээ би буруу­гүй байсан бо­лохоор түүний шийтгэлийг хүлээж авахыг хүссэнгүй. Дейв­тэй уулзахаар очлоо. Хаалгыг чанга саван өрөөнд нь оров.

“Яасан гэж намайг торгож байгаа юм бэ?” гэж ууртай, чанга дуугаар асуухад Дейв “Чи хоолоо идчихээд тавгаа ер хураадаггүй” хэмээв. “Би зохих ёсоор нь байранд нь тавьдаг шүү дээ” гэж тайлбар тавилаа. Би худлаа яриагүй. Яах вэ, зарим нэг залхуу хөв­гүүдтэй хамт сууж хоол­лоод тэд тавгаа үлдээгээд явсан то­хиолдол бий. Би л лав хэзээ ч тэгдэггүй. Эцэг, эх минь ч на­майг ингэж хүмүү­жүүлсэн. Би энэ бүгдийг хичнээн тайл­бар­лавч Дейв итгэсэнгүй. Тайл­бар хийж цөхөөд “Та надаас таван фунт авна гэж байхгүй шүү” гэв. Дейв тоосон шинж­гүй сууна. “Залуу минь, чи бу­руугаа хүлээж сур. Торгуу­лийн мөнгөө тав дахь гэхэд өгөө­рэй” гэлээ. Би энэ маргаанд ялагджээ. “За яах вэ, тэр тор­гуулийг чинь би төлнө. Гэхдээ энэ таны алдаа байсан шүү, Дейв” гэлээ.

Ер нь хүн болгон л Дейв­тэй үг сөрж байдаг. Тэр үл ойл­гогдох ааштай нэгэн бай­сан ч багийн өнгийг тодор­хойл­­дог нөлөөтэй хүн юм. Тийн­хүү тэр намайг таван фун­­тээр торгосны дараа бид­­ний маргаан шууд л хөл­бөмбөгийн тухай яриагаар солигдож билээ. “Дейв, та бид­нийг дэмжиж, аль болох олон тоглолтын хуваарь гар­гаж өгөөч” гэж би гуйлаа. “Ма­найхан ч гэсэн намайг үүнийг дамжуулж хэлэхийг хүссэн”.

Дейв над руу харснаа учир битүүлэг инээмсэглэв. Тэгээд “Чи одоо үүнийг хөө­цөлдөж явах хэрэггүй байх аа. Харин энэ чамд хэ­рэгтэй” гэснээ цүнхнээсээ нэгдүгээр багийн тоглолтын хуваарийг өгөв.

Намайг нэгдүгээр багт тог­луулах гэж байгаа хэрэг үү? Би энэ сайхан мэдээнд цо­чирдсондоо дүлийрчихсэн мэт болж, орчноос тасрах шиг санагдаж билээ. Дейвийн өрөөнөөс гарч явахдаа тэр бусад дасгалжуулагчтай зөв­лөл­дөлгүйгээр надад энэ жаг­саалтыг өгөхгүй дээ гэж бо­дов. Энэ надад маш их урам хайрласан юм. Утгагүй зүй­лийн төлөө шийтгүүлж, таван фунтээ алдах нь гэж уурлаж бай­сан би тэр агшинд л тайв­ширч, эсрэгээр баяр хөөрт умбасан юм.

Жерар нэг орой их сур­гуу­лийн талбай дахь бэлтгэл дээр ирж намайг харсан гэж хэлж байсан. Гэхдээ тэр тэнд очоогүй юм. Харин түүний хоёр­дугаар туслах Патрис Берге байсныг нь сайн санаж байна. Тэр Жерараас өмнө намайг анзаарч харсан.

Би тэр өдрийг хэзээ ч мар­­тахгүй. Өглөө нь Стив Хей­­вэй намайг өрөөндөө дууд­­лаа. “Стивен, өнөөдөр бид­ний хувьд онцгой өдөр болох нь. Жерар Улье, Фил Томпсон, Сэмми Ли, Патрис Берге нар орой “Мелвүд”-д ирж л чамайг хэр тог­лохыг харах юм гэнэ” хэмээн тэр хэлэв. Стив үүнээс өөр юм ярьсангүй. Илүү үг хэлэхийг ч хүсээгүй биз. Үүнээс тэр орой миний нэгдүгээр багт орох эсэх шалтгаалах нь гэдгийг мэдсэн.

Бэлтгэлийн өмнө хувцас со­лих өрөөнд тоглогчид “Үнд­­сэн багийн хоёр дасгал­жуу­лагч “Мелвүд”-д иржээ” хэмээн энд тэнд ярилцана. Дөрөв биш хоёр нь ирсэн юм байжээ. Гэхдээ хэдэн хүн ирэх нь ямар хамаатай юм бэ. Гол нь тэдний санаанд нийцэхээр тоглох нь чухал. Би энэ бо­лом­жийг алдаж болохгүй. Би бэлтгэл бүр дээр шаргуу дай­чин байдаг ч энэ удаагийн үндсэн багт орох “тасалбар”-ыг олгох гэдгээрээ онцгой бай­сан. Би бушуухан л бэлтгэл эхлээсэй гэж тэсч ядан байлаа. Тэгээд хар хурдаараа гүйн талбайд гараад эргэн тойр­ноо харахад хэн ч байсангүй. Чөтгөр аваг, тэд ирэх хугацаа­гаа хойшлуулжээ. Аягүй бол намайг үндсэн багт тоглох цаг нь болоогүй гэж үзсэн байх. Ингээд урам муутайхан бэлтгэлдээ орлоо.

Талбайг тойрон бие ха­лаалт хийж яваад хүсээд бай­сан хүмүүсээ санамсаргүй олж харлаа. Патрис, Самми хоёр ирсэн байв. Жолоогоо суллах цаг минь болжээ. Бид нэг цаг 45 минутын турш бөмбөг эзэмшилт, тактикийн гэх мэт бэлт­гэл хийгээд тоглох бол­лоо. Энд би бараг бүх үүргийг гүй­цэтгэв. Бөмбөгт байнга хүрч, өрсөлдөгч багийн довт­логчийн хөлд жийж суун, ха­маг хүчээрээ цохих гэх мэ­тээр. Энэ бол нэгдүгээр ба­гийн бүрэлдэ­хүүнд орох со­рилт тоглолт гэж бодохоор л хүч орох шиг болно. Дасгал­жуу­­лаг­чид над руу анхаа­рал­тай харах нь мэдрэгдэж бай­лаа. Самми жижигхэн тэм­дэг­лэлийн дэвтэр бариад ямар нэг юм бичих аж. Харин Пат­рис “Одоо тэг, ингэ” гэж хашгиран зүгээр л сууж байв.

Бэлтгэл дууссаны дараа Стив Самми, Патрис хоёрыг бидэнд танилцуулав. Бид бүг­дээрээ Саммиг танина. Тэр за­луучуудтай сайн ажиллад­гаараа олонд танигдсан хүн. Бүгд л түүнд хайртай байдаг. Тэр над руу дөхөн ирснээ “Чи гайгүй тоглолоо” гэв. Би энэ л үгсийг сонсох гэж тэсч ядаж байсан билээ. Стив бидэнд бэлтгэлээ дуусгахыг зөвшөө­рөн, залуучууд тарахад Пат­рис шууд над руу чиглэн ал­хав. Би түүнтэй урьд нь нэг ч удаа уулзаж байгаагүй. Манай багийнхан ч ялгаагүй. Жерар тус­лахаараа Патрисийг авчээ гэхийг л сонсож байв. Патрис “Чи маш сайн байлаа” гээд гарыг минь атгав. Энэ бол үнэ­хээр онцгой мөч. Тэр ингэж хэлээд л буцаад явсан. Харин би нэгдүгээр багийн дасгал­жуу­лагчдаас сонссон үгэндээ урамшин тэнгэрт хөвөх мэт хөөрөн баяссаар үлдэж билээ.

1-Английн эртний түүхт гүнлиг (Чигуэл нь Лондонгийн дагуул хот юм)

Гэвч үндсэн багт ороход ганц энэ бэлтгэлийн үзүүлэлт хан­галтгүй байжээ. Түүнээс хойш Жерарын сураг ч сон­согдохгүй нэлээн удав. Пат­рис болон Сам­ми нар ирж бэлт­гэл тандсан тэр өдрөөс хойш нэлээн хэдэн долоо хоно­гийн дараа 19 хүртэлх нас­ныхны тэмцээний “Ман­чес­тер Юнайтед”-ын эсрэг тоглолтод л Улье нэг юм бид­нийг шинжих хувь тохиолоо. Ар­ваннэгдүгээр сарын тэр нэ­гэн бямба гаригт би амьд­ра­лын­хаа хамгийн сүүлчийн тог­лол­тод оролцож байгаа юм шиг л өөрийгөө дайчилж би­лээ. 19 хүртэлх насныхны багт ороод удаагүй нь ингэх нэг шалт­­гаан ч эндээс шууд үнд­сэн багт дэвших бо­ломж бай­сан учир ийнхүү дай­чин тог­ло­сон юм. Бас өрсөлдөгч маань “Юнайтед” байсан. Би энэ л багийн хаалганд гоол хийх хамгаас дуртай, цаашид ч тийм хэ­вээр байх болно. Түүнчлэн хэ­сэг хугацаанд гэм­тэл­тэй байсны дараа хийсэн анх­ны тоглолт энэ байв. Шуу­ны яс цуурсан бөгөөд энэ тог­лол­тод гарахдаа шохойгоо авахуу­лаагүй байлаа. Гэмтэл­тэй үедээ залуучуудын багт орон үнд­сэн багийн эсрэг бэлт­­гэлийн тог­лолт хийхийг маш их хүсч бай­сан боловч эмч надад хориг тавьж бай­сан юм. Эмч үзлэг хийс­­нийхээ дараа “Чи тоглолтод орол­цох арай л болоогүй байна даа” гээд шохойгоо авалгүй яв­чих­­на. Үүнийх нь дараа амьдрал маань ингээд дуусч байгаа юм шиг л мэдрэмж төрөн уйтгар­ладаг байв. Азаар “Ман Ю”-тай тулах тэр өдөр бэртэл хамаа­гүй дээр болсон юм. Би тэр тоглолтыг тэсэн ядан хүлээ­сэн билээ.

Богго, Грегго гээд миний най­зууд энэ багт орсон. Тал­байд 200 гаруй үзэгч цугласан нь залуучуудын багийн тог­лолт гэхэд гайгүй тоо юм. Аав маань ч мөн тэнд байлаа. Стив, Дейв гээд манай акаде­мийн удирдлага болон дасгал­жуулагчид үүргийн дагуу хү­рэл­цэн иржээ. Би тэдний ойролцоо Жерарыг сууж бай­хыг олж харлаа. Харин тэр ма­най багийн жигүүрийн хагас хамгаалагч ирланд залуу Ричи Партриж1-ийг ажиглаад байх шиг санагдсан. Би Жерарыг зөв­хөн миний тоглолтыг үзэ­хээр ирсэн байх гэж таамагла­сан юм. Ингээд би санаачил­гыг гартаа авахаар шийдлээ. Тог­лолтын эхнээс төгсгөл хүр­тэл би тэр талбайд ноёлж, өрсөлдөгч багийнхаа төвийн бо­лон жигүүрийн бүх л хагас хам­гаалагчийг няцааж байв. Хэт улайрснаасаа болоод улаан хуудас ч авч болохуйц ширүүн хамгаалалтыг хийж бай­лаа. Шүүгч “Дахиад нэг ин­гэх юм бол хөөчихнө шүү” гэж анхааруулна. Мөн тэн­дээс Стив “Стивен, жаахан зөө­лөн. Аягүй бол бидэнтэй зэрэг­цээд тоглол­тын үзэгч л болох нь байна шүү” хэмээнэ. Гэхдээ би тэдний хэн хэнийх нь үгийг тусгаж авсангүй. “Ман­честер Юнай­тед”-ын за­луу­чуудыг хэдэн хэсэг тасдан хаях нь миний зорилго бай­лаа. “Лиль­шол”-ын хөвгүү­дийг “Мелвүд”-д болгож өгсөн тэр л өдрийнх шиг мэд­рэмж төрж бай­сан юм. Жон О’Ши болон түүний дайны сайн тоглогч­дыг багтаасан шилдэг баг ир­жээ. Би нэг гоол хийж, тоглолт 1:1-ээр өндөрлө­лөө. Өөрий­гөө сайн тоглосон гэд­гийг мэд­рэн, талбайгаас гарах­даа яг л хаан мэт эрхэмсэг ал­хаж байв. Тэгээд Жерар ямархуу бай­гааг харахаар түүний суудал руу сэм хяламхий­хэд тэр байсангүй. Чөтгөр аваг, тэр явчи­хаж. Гэхдээ тэр на­майг анзаарсан л байх ёстой доо гэж өөрийгөө тайвшруу­лаад гэр лүүгээ явлаа. Аав хэдийнэ гэртээ иржээ.

Аав “Сая Жерар Улье тог­лолт үзсэнийг чи мэдсэн үү?” гэж асуув. “Тийм ээ, би түү­нийг хар­сан” гэж хариуллаа. Аавын дараа­гийн үг нь надад маш их урам өг­сөн. Тэр “Сти­вен, чи энэ тог­лол­тод ямар ч алдаа гарга­сан­гүй” хэмээв. Аав маань намайг хий хоосон маг­таагүй нь лавтай. Би өрөөндөө ороод мөрөөд­лийн­хөө оргилд хүрсэн мэт баяр хөөрт умбан орон дээрээ тэрийн унав.

Бүтэн сайн маш удаан өнгөрлөө. Даваа гариг хурдан болоосой гэж тэсч ядан хү­лээж байсан болохоор арга ч үгүй биз. Би бэлтгэл дээр очоод Жерараас ямар ч хамаагүй нэг үг сонсохыг хүсч бай­сан юм. Гэвч даваа гаригт юу ч болсонгүй. Маргааш нь ч ялгаагүй. Харин лхагва гаригт Академийн шатаар уруудаж яваад Жерар, Рой Эванс хоёр­той тааралдлаа. Рой арван­нэгдүгээр сарын 12-ны тэр өдөр нэгэн цагт хамтран зүтгэж явсан хүмүүстэйгээ са­лах ёс хийхээр иржээ. Ажлаас га­рах, халагдахын алин боловч ийнхүү ёс төртэй салах ёс гүйцэтгэдэг нь “Ли­вер­пуль”-ийн заншил билээ. Тэдэнтэй зөрөх гэтэл Рой на­майг зогсоолоо. Би юу гэж хэлэхээ мэдэхгүй байв. Манай багийн ерөнхий дасгалжуу­лагч байсан Рой Эванс өөрийн­хөө халааг авах, ми­ний нэг ч удаа уулзаж байгаа­гүй хүнтэй хамт зогсож буй нь тийнхүү сандрах хангалт­тай шалтгаан билээ. Тэр мөчид цус маань царцах мэт болсонсон.

Рой “За Стивен, сайн уу? Со­нин сайхан юу байна даа?” хэ­мээн элэгсгээр мэндчилэв. Тэ­гээд “Залуу минь эрчээ ал­далгүй явна шүү. Чамд их бо­ломж, сайхан ирээдүй байгаа” гэж үргэлж­лүүлэн хэллээ. Жерар түүний яриаг таслан дундуур орж “Тийм шүү, чамд үнэхээр сайхан боломж бий” хэ­мээв. Энэ мөчид дараа­гийн жи­­лүүдэд надад дасал, танил болох тэрхүү царайг анх удаа тогтон харсан. Тэр “Чи өө­рийн энэ арга барилаа алдал­гүй, улам хөгжүүлээрэй” хэ­мээн нэмж хэлээд “Өнгөрсөн до­лоо хоногт “Манчестер Юнай­тед”-ын эсрэг тоглохыг чинь харсан. Чи маш сайн бай­сан шүү” гэв.

Би түүний магтсанд та­лархлаа илэрхийлээд Ройд хан­дан “Таны учир байдлыг мэ­дээгүйд уучлаарай” гэлээ. Рой “Битгий санаа зов доо Сти­­вен, би зүгээр. Чи харин өө­рийн зорьсон зүйлийнхээ тө­лөө тууштай яваарай” хэмээв.

Би Ройгийн өмнө буруу­тай мэт санагдаж байлаа. Хүс­сэнээр болдог бол түүнийг ажил­даа үлдээсэй гэж бодож байв. Тэр надтай яг өөртэй­гөө эн тэнцүү харилцдаг байсан бөгөөд намайг үндсэн багт тоглуулахыг хүсдэг байс­ныг нь ч би мэднэ. Түүнийг тог­логчдодоо “Та нар гэмт­лээс л ангид байвал үргэлж надтай хамт байх юм шүү” гэж хэлж байхыг би нэгэн удаа сонсож билээ. Харин франц дас­галжуулагч манай багт ирээд хэрхэх бол? Жерар на­майг өөрийн багтаа авахыг үнэхээр хүсч байгаа болов уу? Тэр намайг чухам хэн байс­ныг мэдэхгүй шүү дээ. Харин Рой бол намайг 12-той бай­хаас л мэдэх билээ. Түүнийг ба­­гаа орхиж буй нь миний хувьд маш хүнд цохилт бол­сон. “Мелвүд” дэх хүмүүсийн ам­наас франц дасгалжуулагч шинэ дэглэм тогтоож, бэлтгэл дээр өчүүхэн ч инээд наргиан бай­хаа больсныг сонссон. Же­рар үнэхээр хатуу чанга хүн байсан. Тиймээс ч эхэн­дээ сэлгээний тоглогчдын зүгээс цөөнгүй гомдол гардаг байв. Анхны сэтгэгдлээр бол Жерар тун элэгсэг, сайн хүн мэт харагдсан. Гэвч би түүн­тэй хүссэн хэмжээндээ харил­цаж чадахгүй байх вий гэхээс айж байлаа. Түүнийг англиар хэр сайн ярьдгийг би мэдэх­гүй юм. Түүнээс хүн болгон эмээ­нэ. Арга ч үгүй юм. Өө­рийг нь авч үлдэх, өшиглөөд хаях эсэхээ шийдэх эрх мэдэл­тэй ерөнхий дасгалжуулагч шүү дээ, тэр. Франц дасгал­жуу­­лагчийн багаа хэрхэн бүрдүүлэ­хийг нь хүн бүр ан­хаа­ралтай ажиглаж байв. Ми­ний хувьд бүх зүйл надад ойлгог­дохоор болж, хүмүүс англи хэлээр харилцдаг бай­гаа­сай гэж хүснэ. Ройг ерөн­хий дасгалжуулагч байхад би үндсэн багт орох нь тодор­хой байсан. Тэр миний хөг­жих үүдийг нээж өгсөн хүн. Хэ­­рэв тэр үед ийм байгаагүй бол би энэ түвшинд хүрэх бай­сан болов уу? Жерарыг ирс­ний дараа би өөрийгөө яг л харийн лигт тоглож байгаа легионер мэт санах болж билээ.

Хоёр хоногийн дараа баасан гаригт Стив Хейвэй намайг дуудлаа. Өрөөнд нь яваад очтол Райти тэнд байв. Дейв Шэннон ч иржээ. Стив “За залуучууд аа, та нарт дуулгах тун чухал мэдээ­тэй. Жерар, Фил нар та хоёрыг “Мел­вүд”-д ирэхийг хүссэн” гэ­сээр угтав. Райти, бид хоёр баяр­ласандаа хий л өөд өөдөөсөө харан инээмсэглэлээ. steven-gerrard-001Гайхалтай, энэ бол бидний хүсэн хүлээсэн мэдээ юм. Стив “Та нар даваа гаригаас эхлэн тэнд хичээллэх болно” хэмээн нэмж хэллээ. Тэгээд үргэлжлүүлэн “Жерар та нарыг хөтөлбөртөө багтааж, үндсэн багт хичээллүүлэхийг хүслээ. Алив залуучууд минь, биднийг ардаа орхих том боломж гарлаа шүү” хэмээв. Тэгээд хэсэг дуугүй зогссоноо бидэнд маш үнэтэй хэдэн зөвлөгөөг өгсөн. Тэр бидний Академид суралцах өдөр үүгээр дуусч буйг мэдэж байлаа. Райти, бид хоёрт хандан “Та нар хаанаас хаана очсоноо хэзээ ч битгий мартаарай” гэв. “Бид та нарын төлөө юу хийснийг, мөн та нарын хойчийг залгах хөвгүүдийг бэлтгэхээр энд үргэлжлүүлэн ажиллаж байгааг мартаж болохгүй. Орчин өөрчлөгдсөн ч хүн нь хэвээрээ байх ёстой юм шүү. Нэр хүндтэй багийн хувцсыг өмсөж чухал тоглолтуудад оролцох болно, та нар. Гэхдээ энд сайн найзууд чинь үлдсэнийг санаж, төрсөн газраа эргэж тойрч байгаарай” хэмээлээ. Үндсэн багт дуудагдах нь сайхан мэдээ боловч ингэлээ гээд би Академиас гүйж гараагүй. Тэгэхэд ахиж ирэхгүй юм шиг л сургуулиа, орчин тойрныг нь анхааралтай ажиглаж байж билээ. Би өөрийн угсаа гарлаа сайн мэднэ. Стив Хейвэй, Дейв Шэннон, Хьюи Макаули нар үндсэн багт орох замыг минь тавьж өгсөн ачтанууд юм.

Айронсайдад очиж, зогсоолд маши­наа тавьчихаад гудамжинд тог­лох хөвгүүдийн хамт бөмбөг өшиг­лөх хүсэлтэд нь эелдгээр тат­галзаад гэртээ оров. Энд том мө­рөөдөл тээн бөмбөг хөөж яв­сан надад одоогийн энэ байдал маань итгэхэд бэрх санагдаж бай­­лаа. Дэлхий хурдан эргээд бай­гаа ч шиг. Гэртээ ороход аав үүд­ний өрөөндөө сонин гарчиг­лаад сууж байв. Тэр над руу ха­ран­­гуутаа л ямар нэг зүйл болс­ныг мэдлээ. “Юу болоов?” хэ­мээн асуухад нь “Би одоо “Мел­вүд”-д бэлтгэл хийх болсон” гэв. Аав минь надаас дутуугүй баяр­лан “Тэгээд хэзээнээс эхлэх юм бэ?” хэмээн уулга алдан босч билээ.

Сайхан мэдээнд хэт баяр­ласандаа амралтын өдрүүдээр дэн дун л явсан даа. Даваа га­ригт “Мелвүд”-д очих тухай л бод­но. Бүтэн сайны шөнө цагийн зүү­ний урагш хөдлөх чимээ бү­рийг зүрхээ даран сонсох шахам хүлээсэн билээ. Тэр шөнө Райти манайд хонов. Бид хоёрын хувьд бэлтгэл, сургуулилтын бусад үед ч гэсэн ихэнх цагаа хамт өнгө­рүүлдэг дотно найзууд юм. Хэн хэн маань маш их догдолж бай­сан болохоор тийм ч амархан унт­чихсангүй, шөнөжингөө элдвийг ярилцан үүр цайлгасан. Жинхэнэ мэргэжлийн хөлбөмбөгчин болох гэж буйгаа мэдэрч байлаа. Өглөө нь хөлбөмбөгийн замналынхаа ши­нэ шатанд гарахаар явах гэж бай­хад минь аав “Хүү минь энэ зөвхөн эхлэл гэдгийг санаарай. Чи­ний очих газар англи тоглогчид ч байгаа, харь хэлтнүүд ч бий. Стивен, одоогоор чи зорилгын­хоо хаана нь ч хүрээгүй. Гэхдээ чи очих газраа мэднэ, боломжоо битгий алдаарай” гэж хэлсэн. Аавын минь үг надад яг л сэрүүлэгтэй цагны хонх шиг санагдаж билээ.

“Мелвүд”-д очсон тэр өдөр би маш их тэвдэж сандран, биеэ сайн хянаж чадахгүй байгаадаа өөрийгөө хараан явж байв. Райти бид хоёр бэлтгэлийн баазад хамаагүй эрт оччихов. Том төмөр дааман хаалгаар хашаанд ороход цөөн хэдэн машин л харагдаж байлаа. Орчин тойрноо ажиглан гол байрыг чиглэн алхав. Тэнд хувцас солих өрөө байдгийг мэдэх ч орж зүрхлэхгүй гадаа нь хэдэн минут суув. Эцэст нь зориглон хаалганы бариулаас атгалаа. Өрөөнд хэн ч байсангүй. Хувцас бэлтгэгч хэдийнэ ирээд явсан бололтой, тоглогчдын бэлтгэ­лийн хэрэглэлүүд байрандаа бэ­лэн болсон байв. Райти, бид хоёр өлгүүрийг дагуулан харж, бидэнд хувцас бэлтгэсэн эсэхийг нягтал­лаа. Гэвч илүү хувцас байсангүй. “Чөтгөр аваг, Райти. Биднийг энд ирнэ гэдгийг эндхийнхэн мэдээ­гүй юм шиг байна” гэж би хэлэв. Рай­ти үүний хариуд зүгээр л “Чөт­гөр” гэлээ. Бид өөрсдийгөө най­ранд ирсэн урилгагүй зочид мэт төсөөлж байв. Би Райтид “Одоо нэгдүгээр багийнхан ирээд “Та нар энд юугаа хийж яваа юм бэ?” гэж тохуурхах байх даа” гэж хэл­лээ. Ингэж тээнэгэлзэн зогсож бай­тал үүд нээгдэн томчуудын ба­гийн одод орж ирлээ. Эхлээд Роб­би, Макка, Жейми гурав орж ирэв. Ашгүй таньдаг хүмүүс бай­на. Тэд бидний үеийнхэнтэй тун найрсаг харилцдаг тоглогчид юм.

Жейми “Та нар бидний нэг болоо юу? Дажгүй ээ” гэхэд Мак­ка инээмсэглэн “Хэцүү үе ир­лээ дээ” хэмээв. Тэгэхэд Робби “Алзахгүй ээ, залуучууд аа” гэж урам хайрлав. Элдэв юм бодон шаналж байсан Райти бид хоёр тайвширлаа. Жейми “За, энд суугаад хурдан хувцсаа сольцгоо” хэмээн яаруулав. Бурхан минь, Английн хам­гийн алдартай хөлбөм­бөг­чид­тэй ингээд мөр зэрэг­цэн суу­гаадаа итгэж ядан байлаа. Гэ­тэл дасгалжуулагчдын нэг нь орж ирээд Райти бид хоё­рыг хамаагүй дээгүүр залрахгүй байхыг анхааруулж, захдуу суу гэж хэлэв. Бидний суусан газарт өлгүүр байсангүй. Хувц­саа солиод урт вандан сандал дээр эвхээд тавилаа. Хувцас солих өрөө санаснаас минь давчуу ажээ. Гэхдээ би энд ямар бэлтгэл хийх биш дээ. Ийнхүү үндсэн багт бэлтгэл хийх цаг минь боллоо.

1-2000-05 онд “Ливерпуль”-д данстай байсан, одоо II дивизионы “Честер” багт алба хашдаг тоглогч

Бэлтгэлийн талбайд очиход Жерар бүх тоглогчдыг цуглуулаад тойрог болгон зогсоов. Тэгээд өөрөө дунд нь зогсоод Райти, бид хоёрыг дуудан гаргаж ирэв. “Өнөөдрөөс энэ хөвгүүд бидэнтэй хамт бэлтгэл хийнэ. Тэднийг Академиас авчирсан юм” гэж тэр хэллээ. Ингээд танилцуулга өндөрлөв. Бүгд бэлтгэлдээ орлоо.

Жерарын удирдлага дор бэлтгэл хэрхэн явагдах бол гэсэн айдас маань аажим аажмаар арилж, биеэ барихаа болилоо. Миний бодож байсан шиг тийм ч хатуу чанга биш ажээ. Тактикийн бэлтгэл нь тун сонирхолтой юм. Бэлтгэлийн тоглолт ч тун гайхал­тай боллоо. Бэлтгэл дууссаны дараа Жейми, Макка гээд бүх л тоглогч хоорондоо элдвийг ярин инээлдсээр бэлтгэлийн өрөөг зүглэв. Харин Жерар Райти, бид хоёрыг дуудан үлдээлээ. Бид хоёрын хэн нь ч түүнтэй өөд өөдөөсөө харан хөндлөнгийн өөр хүнгүйгээр уулзаж байсангүй. Тэр “Та хоёр одоо эндхийн хүн болж байна” гээд тэр яриагаа эхэллээ. “Энэ бол эхлэл. Та хоёрын яг одоогийн байгаа байдал миний сэтгэлд хүрэхгүй байна. Илүү хүчтэй, том болох хэрэгтэй. Та нар дэндүү туранхай байна. Бэлтгэлийн өрөөнд очоод нэгдүгээр багийн бусад тоглогчдыг хараарай, бүгд л та хоёроос биерхүү, том байгаа. Тиймээс тэдний түвшинд хүрэхэд чинь бид та хоёроор арай өөр бэлтгэл хийлгэх болно. Шантарч, элдэв шалтаг, гомдол тоочих хэрэггүй шүү. Хэрэв Академидаа буцаж очмоор байвал эртхэн хэлээрэй. Бидний ид гэснийг идэж, уу гэснийг уу. Бие бялдрын хөгжлөөр нэгдүгээр багийнхны түвшинд хүрэхэд чинь бид тусална. Гэхдээ бидний хүссэн хэмжээнд хүрэхэд тийм ч хол биш байгаа шүү”.

Түүний хэлсэн бүх зүйл тун хурдан хэрэгжиж эхэллээ. Хоолны дэглэм сахиулагч бидэн рүү ярьж, юу идэж, уудгийг асуугаад түргэн хоолноос аль болох татгалзаж байхыг санал болгов. Миний хоолны зуршил тийм муу биш ч хөлбөмбөгч хүнд тохирохооргүй байжээ. “Дахиж хавчуургатай талх идэхгүй шүү” гэсэн сануулга авсан би “Тамирчны амьдралаар амьдар” гэсэн уриатай боллоо. Фитнессийн дасгалжуулагч Райти, бид хоёрыг долоо хоногийн дөрвөн өдөрт нь хоёр цагаар жин нэмэх тал дээр анхаарсан бэлтгэл хийлгэнэ. Хичнээн их хөлс гаргана, төдий чинээ үндсэн багт тоглох хугацаа ойртоно гэсэн бодлоор би өөрийгөө хурцлан чармайдаг байв. “Ливерпуль”-ийн бүрэлдэхүүнд анхны тог­лолтоо хийх өдрийг наашлуулах гэж адгахдаа туухайныхаа жинг улам нэмэн шахдаг байж билээ. “This is Anfield” гэсэн бичигт хүрэн, үзэгчдийн уухайн дунд талбайд гүйн гарч байна хэмээн төсөөлөн боддог байв. Энэ их хүлээлт нь намайг бэлтгэлээс илүү шаналгаж байлаа.

Бидний бэлтгэлийн явц ямар байгааг харахаар Жерар хааяа чийрэгжүүлэлтийн танхимд ирдэг байв. Нэг өдөр бэлтгэлийн дараа Жерар намайг өрөөндөө дуудлаа. Тэр “Стивен, бэлтгэлийн үр дүн тун тодорхой харагдаж байна. Чамд үндсэн багт орох боломж ойрхон байгааг хэлэх гэсэн юм” гэв. Жерар миний өсөлт, хөгжил­төд үнэхээр анхаарч байгаа бололтой. “Би эцэг, эхтэй чинь хооллож болох болов уу?” гэж асуув. Тэгээд бид Аллертон Рөүд1 дэх нэгэн тохилог уушийн газарт зоог барилаа. Жерар хөлбөмбө­гийн тухай төдийлэн ярьсангүй, бидэнтэй бүх л сэдвээр хууч хөөрөв. Тэр миний ард ямар гэр бүл байдгийг мэдэх гэсэн бололтой. “Ливерпуль”-ийн дасгалжуулагч хүүг нь онцлон, ирээдүйтэй хэмээн үнэлж урьсан энэ уулзалтад аав, ээж маань их ач холбогдол өгч ирсэн билээ.

Ийнхүү гэнэтхэн л хөлбөмбөг миний амьдралын цаг мөчүүдийн дийлэнхийг эзлэх болж, мэргэж­лийн гэх тодотголд зохицох хэмжээнд хүрлээ. Академид байсан зугаатай мөчүүд ард үлджээ. Нэгдүгээр багийнхантай хувцас солих өрөөнд ойр зуурын юм ярилцдаг болов. Гэхдээ хүндэтгэдэг хүмүүсээсээ эмээх сэтгэл хэвээр байгаа учир тоглоом наргианд нь зүрхлэн оролцдоггүй байлаа. Робби, Жамо болон бусад бядтай тоглогчидтой ширүүхэн тогловол аяыг нь даахгүй байсан биз, тэр үед. Ах нарыг хөгжилдөж байхыг хараад тэдний зэрэгт хүрээгүйдээ атаархан, өөрийгөө голж суудаг байв. Энэ үедээ бага ярьж, их хий гэсэн уриаг өөрийн мөрдлөг болгож, дасгал сургуулилтдаа анхаарлаа хандуулна. Жерар тоймгүй олон дүрэм, журам танилцуулж, би түүнийг нь өөрийн болгох гэж үргэлж л ямар нэг юм хийж байдаг байв. Энэ нь ч үр өгөөжөө өгсөн билээ. Бэлтгэлээс хоцрох юм уу, буруу хувцас өмссөнөөсөө болж би цөөнгүй удаа шийтгүүлсэн. Би нэгдүгээр багт ирсэн эхний өдрөө л франц дасгалжуулагчийн бэлтгэл амар биш байна гэдгийг мэдсэн. Тогтоосон дүрэм, журмыг нь мөрдөөгүй нэгэн шууд жагсаалаас гарна гэсэн баримтлалтай хүн, тэр. Үүнийгээ ч хэрэгжүүлж байв. Рой Эвансын удирдлага дор давуу эрх эдлэн, бие амар байсан зарим тоглогч Жерарын хэмнэлд идээшихгүй л байлаа. Маккаг2 “Реал Мадрид” руу үнэгүй явуулсны дараа гэрээ нь дуусах дөхсөн Фил Бабб3 бэлтгэлдээ урьд урьдынхаасаа илүү эрчимтэй анхаарах болж билээ. Энэ бүгдээс Жерарыг үл тоомсорлох хэрэггүй гэдгийг бүгд ойлгосон.

Удаан хугацаанд догдлол минь арилаагүй ч би бага багаар Жерарын хайрыг татаж, дэмжлэгийг нь хүлээх болов. Арваннэгдүгээр сарын 23-нд “Ливерпуль” UEFA-гийн цомын гуравдугаар шатанд “Сельта Виго”-гийн эсрэг хийх тоглолтод оролцохоор Испани руу нислээ. Тэр онгоцонд суусан багт Райти, бид хоёр ч багтсан. “Мелвүд”-д ирээд сар ч болоогүй байж Испани руу нисэх нэгдүгээр багийнхан, дасгалжуулагч, захирлуудтай ингээд хамт явж байгаа нь итгэмээргүй санагдаж байв. Онгоцонд Райти бид хоёр зэрэгцэн суулаа. Би түүнд “Бид тэнд очоод тэдний хувцас хэрэглэлийг зөөхөд л туслах байх даа” гэхэд тэр миний хэлснийг зөвшөөрч толгой дохив. Гэхдээ бидэнд ямар нэгэн дарамт, шахалт байхгүй, сайхан аялал болсон. Нэгдүгээр багийнхантай хамт хооллож, орой гэрэлтүүлэгтэй цэнгэлдэхэд хамт бэлтгэл хийн, зочид буудлын өрөөнүүдээр сүлжилдэцгээгээд сэтгэл хөдлөм байлаа. Академиас дөнгөж ирсэн би ДАШТ-д оролцсон тоглогчдоос элдвийг шалгаагаад, ярианд нь сүрдэн суудаг байсансан.

Тоглогчдын өрөөг хуваари­лахад Жерар Райти, бид хоёрыг тусад нь оруулчихав. Намайг Жеймитэй нэг өрөөнд орууллаа. Тэгээд “Чи түүний биеэ хэрхэн авч явж байгааг сайн хараарай. Юу идэж уун, бэлтгэлээ хэрхэн хийж, яаж тоглож байна гээд бүгдийг нь. Түүнээс суралцах юм их бий шүү” гэж хэллээ. Жеймигийн байж байгаа нь л цаанаа нэг эрхэмсэг нэгэн. Тэр хэнийг ч үл ялган ижил харилцана. Жейми олон жил хамт тоглосон Жейсон Макатир, Фил Бабб зэрэг тоглогчидтой ярьдаг шигээ намайг үл голон бүх л зүйлийн талаар санал солилцдог байлаа.

Би талбайд сэлгээний тоглогчдын суудлаас цааш илүү ойртож чадахгүй гэж бодсон хэвээр байв. Харин бэлтгэлийн өрөөнд очоод нэр маань бичээстэй 28 гэсэн дугаар бүхий тоглолтын хувцас олж харлаа. Миний хувцас байна гэж үү? Нүдэндээ итгэсэнгүй. Одоо би “Ливерпуль” клубийн нэгэн хэсэг нь болжээ. Яг энэ мөчид би өмнөө байсан өндөр босгыг давж, өөр гайхамшигт ертөнцөд хөл тавьснаа мэдэрсэн. Жерар Улье мэдүүлэгтээ Райти, бид хоёрыг сэлгээний тоглогчоор бичжээ. Европын тэмцээнд сэлгээнд долоон тоглогчийг нэрлэдэг бөгөөд Райти, бид хоёрт ийнхүү том боломж гарч ирлээ.

Бид тэр үдэш “Ливерпуль”-ийнхэн талбайн эздээр “хичээл заалгасан” тэр тоглолтыг дэргэдээс нь үзэв. “Сельта”-гийн бүрэлдэхүүнд хожим “Реал Мадрид”, “Челси”-д хүчин зүтгэж өөрийн хэмжээгээ харуулсан Клод Макелеле, Оросын авъяаслаг довтлогч Валерий Карпин, Александр Мостовой нарын шилдэг тоглогчид багтсан байлаа. “Сельта” маш сайн тоглож, манайх 1:3-аар хожигдож билээ. Райти, бид хоёр сэлгээний сандлаас ховхорсонгүй. Гэхдээ энэ бидний санааг зовоох зүйл биш юм. Цэнгэлдэхэд 24600 үзэгчийн уухайн дор суун, Европын том тоглолтыг бага боловч мэдэрч, гайхалтай нэгэн үдшийг өнгөрүүлсэн. Сар хүрэхгүй хугацааны өмнө Ливерпулийн их сургуулийн талбайд 200 үзэгчийн өмнө 19 хүртэлх насныхны багт тоглож байснаас минь хавьгүй өөр юм.

Англид эргэж ирснээсээ хойш тоглолтын өдрийн мэдүүлэгт тогтмол багтахын тулд өмнөхөөсөө илүү хичээж бэлтгэл хийдэг боллоо. Вигогоос буцаж ирсний дараах эхний бэлтгэл дээр би Пол Инсээс хамаагүй илүү тоглосон. Яагаад ч юм тэр өдөр Инс их сул байж билээ. Түүний хувьд бэлтгэлд төдийлэн идэвхтэй оролцолгүй тоглолтод л гол анхаарлаа хандуулдаг дадалтай ч тэгэхэд тэр миний эсрэг өөрийн хүссэн зүйлээ хийж чадахгүй байлаа. Инс “Интер Милан”-аас “Ливерпуль”-д ирснийхээ дараа бэлтгэл дээр тийм ч сайнгүй байснаа тоглолтод гайхмаар ур чадвар гаргасныг олон хүн ярьдаг. Би ч бас энэ байдлыг нь тодорхой хэмжээгээр мэдэрсэн. Инс, Жерар хоёрын дунд ямар нэг үл ойлголцол байсан эсэхийг мэдэхгүй юм. Ямар ч байсан Инс “Ливерпуль”-ийн түлхүүр тоглогчдын нэг гэдгийг би хувцас солих өрөөн дэх уур амьсгалаас мэдэж авч байлаа. Бүгд үүнийг мэддэг, хүлээн зөвшөөрдөг. Инс ч өөртөө маш итгэлтэй, хараа дээгүүр нэгэн байв. “Мелвүд”-д мөрдөгддөг нэгдүгээр дүрэм: Инсийн эсрэг багт битгий ор. Гэхдээ би үүнийг тэр бэлтгэл дээр эвдэж чадсан. Би өөрийгөө бусдад харуулж таниулахын тулд бэлтгэлийн эхнээс дуустал хүчээ шавхан тоглосон. Энд хүчээ нөөгөөд гаргадаггүй гэх Инс сургуулилтын төгсгөл орчимд надтай нэгийгээ үзье гэсэн бололтой мэдэгдэхүйц ширүүн болж эхэлсэн ч санасандаа хүрч чадаагүй. Тоглогчид түүнийг харьж байгаа юм уу гэхчилэн шарыг нь малтаж байв. Фаулер “Инси, чиний төгсгөл ирж дээ” хэмээн даапаалж инээхэд Инс “Амаа тат” гээд ууртай хариулж байлаа. Энэ бүхэн ингэж эхэлсэн. Реднапп “Арай ч дээ, Инси” гээд зогсолтгүй хөхрөн өрсөлдөгчийн маань уурыг хүргэнэ. Миний хувьд бол зүгээр л өөрийгөө харуулахыг зорьсон. Бүгдийг зохих ёсоор нь нь, зөв зүйтэй хийе гэсэн бодол маань бэлтгэлийн төгсгөлд “Би Инсийн байрыг эзлэх ёстой. Үүнийг хурдан гүйцэлдүүлэх хэрэгтэй” хэмээн өөрчлөгдөж билээ.

Жерар энэ байдлыг анзаарчээ. Тэр арваннэгдүгээр сарын 29-нд “Блэкберн Роверс”-ын эсрэг хийх “Ливерпуль”-ийн премьер лигийн дараагийн тоглолтод оролцох 18 тоглогчийн жагсаалтдаа намайг оруулсан байв. Энэ жагсаалтад Райти байгаагүйд би сэтгэл дундуур байсан ч харин найз маань миний өмнөөс бөөн баяр хөөр болчихсон явж байж билээ. Би “Сэлгээнд багтахаас боломж эхэлнэ” хэмээн өөртөө хэлж урам өгч байв. Дасгалжуулагч багаа бүрдүүлэн, тоглогчдыг нэрлэхдээ хоёр суудал үлдсэн үед намайг дуудсан. Тэр сэлгээний тоглогчдодоо ямар ямар байрлалд тоглож болохыг нь зааварлахад намайг төвийн болон баруун жигүүрийн хагас хамгаалагч, мөн баруун хамгаалагчаар гарч болно хэмээн үнэлэв. “Дасгалжуулагч л миний тоглох зөв байрлалыг мэдэх хэрэг” хэмээн бодсон.

“Энфильд”-д болсон тэр тоглолтыг би өчигдрийнх юм шиг тод санаж байна. Хувцас солих өрөөнөөс гарч, хоолойгоор явсаар талбайд хүрэхийн өмнөхөн байдаг “This is Anfield” гэсэн тэмдэг уламжлалын дагуу хүрцгээсэн. Тийм ээ, энэ бол “Энфильд”, бид 41753 үзэгчийн чих дөжрөм их уухайн дор талбайд гарч ирлээ. Тоглолтын явцад Жерар талбайд гаргаж магадгүй гэсэн сэлгээний тоглогчдоо бие халаалт хийлгэхээр босгов. Үзэгчид талбайн хажуугийн шугам даган гүйж, бие халаалтын дасгал хийх тоглогчдыг алга ташин хүлээж авах аж. Дасгалжуулагч намайг бэлтгэ хэмээн босголоо. Энэ үед би “Намайг тэнд очиход үзэгчид алга таших болов уу?” хэмээн бодож байв. Гэвч тэд тэгсэнгүй. Биеийн минь эд, эс бүхэн сандарч тэвдэж байгаа бололтой. Нааш цаашаа гүйж байхдаа над руу эргэлзэнгүй харах үзэгчдийн царай нүдэнд минь тод үзэгдэнэ. Мөн тэдний “Энэ юун чөрийсөн амьтан гараад ирэв ээ? Энэ хэн юм бол оо? Арай энийг талбайд гаргах гэж байгаа юм биш биз дээ” гэхчилэн хоорондоо ярилцах нь тод сонсогдож байв. Энэ бүхнээс болж би газар шагайн өөрийгөө хараасаар гүйж байлаа.

Тоглолт өндөрлөхөд таван минут үлдлээ. Энэ үед би өөртөө “За залуу минь тайвшир. Одоо чи талбайд гарна гэж байхгүй” хэмээн хэлж, сандарч тэвдсэн байдлаа дарах гэж оролдож байв. Инс, Оуэн нар тус бүр нэг гоол хийж, “Ливерпуль” 2:0-ээр тэргүүлж байлаа. Айлын хаалгыг мялаасан хоёр сэлгээгээр суужээ. Одоо ганцхан сэлгээ хийнэ, би гарна гэж байхгүй. Гэтэл Фил Томпсон ирээд “Чи гарна шүү” гэж хэлэв. Энэ үед би өөрийгөө жинхэнэ мэргэжлийн хөлбөмбөгчин гэдгээ мэдрэн, бие _39863090_houllier_gerrard300халаалтаа идэвхжүүлж, ядаж хоёр минут үлдсэн байгаасай хэмээн залбирч байлаа. Би үзэгчдийн нүүрний эгнээний суудлаас зургаахан ярдын зайтай сунгалт хийн, Филийг дуудахыг хүлээн зогсож байв. Би арагшаа үзэгчид рүү эргэж харахгүйг хичээж байлаа. Гэхдээ тонгойхдоо тэсгэлгүй үзэгчдийн суудлын зүг хяламхийнэ. Фил босоод над руу зангав. “Энфильд”-ийн талбайн хажуугийн шугам руу гүйн очлоо. Тоглогчидтой зэрэгцэн суух Самми Ли “Амжилт хүсье” хэмээн хашгирав. Түүний царайг харахад намайг ийнхүү үндсэн багийн нэгэн гишүүн болж, бүр тоглолтод оролцож байгаад баярласан нь илт. Өөрөө Ливерпулийн унаган хүн, тэгээд энэ багт тоглож, улмаар дасгалжуулагч болсон болохоор ингэж баярлах нь аргагүй. Тэр энэ мөч надад ямар гайхалтай байгааг ойлгосон нь лавтай.

Ингээд “Ливерпуль”-ийн бүрэлдэхүүнд анхны тоглолтоо хийх цаг ирлээ. Талбайн цагаан шугамд хүрэхэд байдгаараа мэрийн бэлтгэл хийж байсан мөчүүд, том том юм мөрөөдөн хэвтэж байсан тэр үе, гэмтэж, бэртээд багтаа эргэн орж байсан нь толгойд зурсхийн орж ирэв. Хөлгүй ч болж магадгүй байсан айдаст үеэ эргэн саналаа. Айронсайдад дүрсгүйтэж явсан мөчүүд нүднээ харагдана. Би зорилгынхоо эхэнд хүрлээ. Би “Ливерпуль”-ийн төлөө анхны тоглолтоо хийхээр зогсож байна.

Баруун жигүүрийн хамгаа­лагчаар тоглодог норвег тоглогч Вегард Хеггем ирж байгаа хараг­дав. Тэр надтай зөрөх агшиндаа “Бөмбөгөө сайн барьж тоглоно” шүү гэлээ. Жерар надад байрла­лаа алдахгүй, бөмбөгийг өөрийн хаалганд аль болох ойртуулахгүй тоглохыг сануулсан билээ. Зүрхний минь цохилт бөмбөрийн нүргээн мэт нүжинэж, би өөрий­гөө тайвшруулахыг хичээж байв. “За алив, ажлаа хийгээрэй” гэж өөртөө хэлээд талбайд гүйн орлоо. Хэдий их сандарсан ч ганц удаа болов бөмбөгт хүрэхийг хичээж байлаа. Хүссэнээр минь над дээр бөмбөг ирэв. Бөмбөгийг туун гүйж, эргэн тойрноо хараад өөр нэгэн улаан хувцастан руу дамжууллаа. Ямар ч илүү үйлдэл, эрсдэлтэй хөдөлгөөн хийсэнгүй. Анхны тоглолтдоо алдаа гаргаа­гүйдээ бурханд талархав. Нэгэнт хүссэн зүйлээ хийсэн болохоор дахиж бөмбөгтэй зууралдахыг хүссэнгүй. Тэгээд шүүгч рүү харахад тэр тоглолт дууссаныг зарлан шүглээ үлээлээ.

1-“Битлз”-ийн дөрвөлийн уугуул гэдгээрээ алдартай, тансаг ресторан, үнэтэй дэлгүүр бүхий Ливерпулийн өмнөд хэсгийн дүүрэг

2-Стив Макманаман 1999 оны долдугаар сарын 1-нд “Реал”-д очиж, энэ багт тоглосон хоёр дахь, Испанийн лигт тоосоо өргөсөн гурав дахь англи тоглогч болж байв

3-1994-2000 онд “Ливерпуль”-д төвийн хамгаалагчаар тоглож байсан

4-1998-2003 онд “Ливерпуль”-д тоглосон

Манай баг ялалт байгуулсан болохоор тоглолтын дараа хувцас солих өрөөнд бүгд баяртай байцгаана. Хүн болгон л надад баяр хүргэн гар барьж, элэгсгээр толгойд минь хүрч байлаа. Райти над дээр ирэн “За найз минь, ингээд чи “Ливерпуль”-ийн төлөө тоглоод үзчихлээ шүү дээ” хэмээн баяртайгаар хэлэв. Түүнийг тоглолтын бүрэлдэхүүнд багтаагүйдээ дурамжхан байгаа болов уу гэж бодож байтал харин миний хувьд чухал энэ үйл явдалд тэр надаас дутуугүй баярлажээ. Би тоглолтын хувцсаа солихоос өмнө гэр бүлийнхэнтэйгээ уулзахыг хүслээ. Тэд цэнгэл­дэхэд тоглогчдын амралтын өрөөнд намайг хүлээж байлаа. Намайг тэдэн дээр очиход аав, ээж, Пол ах гурав бусад тоглогчдын гэр бүлийнхэнтэй ярилцан сууж байв. Ливерпулийн их сургуулийн арын талбайд бэлтгэл хийж байсан тэртээх мөчүүдэд энэ зэрэгт хүрэх их л хол мэт санагдаж байж билээ.

Дараагийн тоглолт удалгүй боллоо. Арванхоёрдугаар сарын 5-ны баасан гаригт бид “Мел­вүд”-ээс “Уайт Харт Лейн”1-ийг зорин хөдөлсөн юм. Энэ чухал тоглолтод би үндсэн бүрэлдэ­хүүнд багтан гарах горьдлоготой байлаа. Тэр өдөр Карра орон нутгийн сонины сурвалжлагч, одоо “Daily Express”-т ажилладаг Пол Жойст ярилцлага өгөн миний хажуугаар өнгөрсөн. Тэгээд тэр эргэж ирснээ “Залуу минь чи ганцхан тоглолтод оролцоод л ярилцлага өгөх гэж байгаа юм уу? Багийнхаа тухай юу ч мэдэхгүй гэж битгий хэлээрэй” хэмээн шоолох аястай өгүүллээ. Миний хувьд Жерар намайг “Тоттенхэм”-ийн эсрэг гаргах болов уу, яах бол гэж байснаас Каррагийн хэлсэн шиг зүйлийг ер бодоогүй.

“Ливерпуль”-иэс нэг бус тоглогч гэмтэл болон торгуулийн улмаас энэ тоглолтод оролцож чадахгүй байсан учир надад талбайд гарах боломж бий гэж найдаж байлаа. Лондонд очоод хотын захад байх зочид буудалдаа оройн хоол идсэний дараа Жерар намайг өрөөндөө дуудав. Тэр “Стивен, чи гарааны бүрэлдэхүүнд орсон шүү” гэлээ. Баярласандаа юу гэж хэлэхээ мэдэхгүй болсон би өрөөндөө хурдлан очиж, унтахаар хэвтсэн ч сэтгэл хөдлөлөөсөө болоод цурам ч хийсэнгүй. Өрөөнд хамт орсон Райтид “Би их сандарч байна. Маргааш би Аллан Нильсений эсрэг тоглох нь байна шүү дээ. Тэр үнэхээр мундаг хөлбөмбөгч” гэж хэллээ. Хагас хамгаалагчаар гарвал талбайн голд заавал түүнтэй нүүр тулах билээ.

Маргааш өглөө нь Жерар 3-5-2-оор тоглоно хэмээгээд намайг баруун жигүүрт тавьснаа хэлэв. Тоглолтын үүргээ сонс­соныхоо дараа “Тэгэхээр Давид Жинолатай халз үзэх нь ээ” хэ­мээн бодлоо. Уулзалтын өрөө­нөөс гарахад тоглогчид бүгд л “Жинола хамгийн шилдэг нь” хэмээн өөр хоорондоо ярилцаж байлаа. Би ч гэсэн түүний сайн хөлбөмбөгч гэдгийг мэднэ. Телевизээр тоглолтыг нь цөөнгүй удаа үзсэн. Гэхдээ миний хувьд тэр тоглогчдын яриад байгаа шиг тийм сайн гэж боддоггүй. “Спэрс”-ийн хөгжөөн дэмжигч­дийн шүтээн нь болсон франц хагас хамгаалагч тэр улиралд Мэргэжлийн хөлбөмбөгчдийн хол­боо болон хөлбөмбөгийн сэдвээр дагнан бичдэг сэтгүүлч­дийн санал асуулгаар Английн оны шилдэг хөлбөмбөгчний давхар шагналыг гардсан билээ. Өрсөлдөгч хэн байх нь хамаагүй, юу чаддагаа үзүүлээд өгье гэсэн бодол төрж, тулаанд өөрийгөө бэлтгэв. Гарааны 11 тоглогчийн нэрийг дахин нэг нягтлан хараад Инси багтсаныг анзаарлаа. Жинолагийн эсрэг эхнээсээ л гайгүй тоглохгүй бол Инс тоглолтын турш намайг зовооно гэсэн бодол энэ үед төрсөн.

Хувцас солих өрөөнөөс гарахын өмнө Жерар намайг дуудаад “Алив хүү минь, тэр Жинолад үзүүлээд өгөөрэй. Түүнийг хөдөлгөж болохгүй шүү” гэлээ. Жерар хэн нэгнийг хараан зүхэж байхыг би ер хараагүй ч тэгэхэд надаар Жинолаг даруу­лахыг маш их хүссэнийг нь мэдэр­сэн. Тэр хоёрын хооронд бас асуудал байдаг бололтой. Жерар Францын шигшээгийн дас­галжуулагчийн албанаас халагдсаны дараа тэдний харил­цаа муудсан гэдэг. Улье Жинола­гийн алдаанаас болж 1994 онд АНУ-д болсон ДАШТ-д францчууд шалгаран оролцож чадаагүй гэж үздэг юм билээ. Тиймээс Жинолаг энд хэн болохыг нь мэдрүүлэхийг тэр хүсч байлаа.

Гэвч Жинолагийн онгод нь оржээ. Тэр өдөр би юу ч хийж чадсангүй. Талбай дээр надтай зэрэгцэн зогссон үедээ тэр “Харьж ээжийнхээ мээмийг хөх, нялзрай амьтан минь. Дараа миний эсрэг тоглох хэмжээнд хүрсэн хойноо эргэж ирээрэй” хэмээн үг хаяна. Талбай дээр хар дарсан зүүд, аймшигтай мөчүүд үргэлжилж байлаа. Жинола тавхан минутын дотор долоон удаа довтолгоо эхлүүлж, зургаан удаа хаалганы өмнө талд хөндлөн дамжуулалт өгөв. Стефен Ивер­сен, Крис Армстронг нарт тэр бөмбөгийг дураараа дамжуулж бай­лаа. Надад бөмбөг ойрхон ирэ­хэд би тэвдэж сандран гүйнэ. Нэлээн хэдэн дамжуулалт алд­саны дараа Инс тэсгэлгүй “Битгий сандраад байгаач. Тайвшраад талбайгаа харж тогло” хэмээн над руу хашгирав. Би өөрийнхөө яагаад ийм байдалтай байгаагаа үл ойлгоно. “Би үүнээс илүү тог­лож чадахгүй гэж үү? Инси на­майг үзэн ядаж байх шиг байна. Яда­хад энэ Жинола надаар тохуур­хаад байх юм. Байрлалаа хэд хэдэн удаа алдлаа. Бушуухан л талбайгаас гарах юмсан”.

Эхний хагаст манайхан санаачилгыг илүү авч тоглосон. Надад гоол оруулах нэг муугүй боломж гарсныг би ашиглаж чадсангүй. Миний хувьд аймшигтай 45 минут өнгөрлөө. Ийм сайн хамтрагчидтай нэг багт тоглуулсанд бурханд талархаж байв. Фаулер тоглолтын турш надад тус дэм болж байсан. Жейми “Дажгүй байна, Стиви. Одоо хичээгээд айлд бөмбөг алдахгүйн төлөө тоглоорой” гэв. Инси яг миний ард тоглож байсан мөртлөө “Тэр Жинолаг сайн бариад өгөөч. Бөмбөгийг нь салгаад авч чадахгүй байна уу” хэмээн зандчив. Бүх бурууг надад тохож буйд нь уур хүрч, “Амаа тат” гээд арай л хэлчихсэнгүй. Би Инстэй халз үзэхсэн гэж ямар их хүсдэг байв аа, тэр үед. Тэр яахаараа дандаа намайг гоочилж байдаг юм бэ? Тоглолтоос тоглолтод түүний үглэх нь гайгүй болж байсан бөгөөд түүний зогсолтгүй гонгинож байдаг нь бусад тоглогчтой ойлголцох түүний арга аж. Миний бодож байсан шиг намайг доош нь хийж, муулж гоочлох санаа Инсэд огт байгаагүй юм билээ. Түүний зүгээс надад туслах хамгийн зөв зүйл нь алдаа, дутагдлыг нь хэлэх байсан гэсэн. Хэрэв одоо Инс талбай дээр надад сайхан үг хэлэх юм бол “Бодож байгаа зүйл чинь энэ биш биз дээ” гэж хариулах байлаа. Хожим би түүний энэ занг мэддэг болсон. Тэр үргэлж л ямар нэг зүйл шаардаж, үү­ний­гээ түрэмгий байдлаар илэр­хийлдэг байсан. Энэ нь түүний үеийнхнээсээ хожуу тоглохоо больсны нэг шалтгаан байх.

Эхний үед би дасгалжуулагч болон нөөц тоглогчдын суудлын нөгөө жигүүрт тоглосон учир Жерар, Фил Томпсон, Самми Ли нараас заавар, зөвлөгөө сонсох боломжгүй байв. Бараг энэ нь ч дээр байсан биз. Өөрсдөөс нь хол байсан болохоор миний олиг­гүй тоглолтын талаар юм хэлсэн ч тэр үг нь надад хүрэхээргүй байсан. Хором, мөч бүрт би үүнээс арай дээр тоглох юмсан гэж бодож байлаа. Жерарын царайг хараад “Жеррард, чи үнэхээр муу байна. Олигтойхон тоглоод өгөөч” гэсэн бодлыг нь унших шиг болов. Хичнээн эрт сэлгээгээр суулгалаа гээд би түүнд дургүйцэхгүй байсан. “Тоттенхэм”-ийн бүх тоглогч энэ өдөр одтой байсан бөгөөд Жинола гол дүр нь боллоо. Иверсен, Армстронг нартай бөмбөгний төлөө тэмцэхэд тэд бие, чадлаараа аагархаж байв.

Миний “Ливерпуль”-ийн га­рааны 11-д багтан гарсан анхны тоглолт 1:2-оор хожигдон, би өөрөө басамжлан гоочлуулснаар өндөрлөв. Харин тоглолтын да­раа бүх хүн надад эелдэг хандаж байлаа. Жерар “Чи дажгүй тогло­лоо” гэсэн бол Томпсон “Муугүй шүү” хэмээв. Багийнхан маань на­майг сайн тоглосон гэж магтсан ч би өөрийгөө тэдний хэл­сэн шиг байгаагүйг мэдэж байлаа. Аавын минь “Олдсон болом­жийг ашигла” гэсэн үг толгойд эргэлдэнэ. Би тэгж чадсангүй.

Ливерпуль руу буцах зам их урт мэт санагдав. Би Райтитай зэрэгцэн суусан ч юу ч ярьсан­гүй. Гэрийнхэн болон найзууд маань утасдаж “Тоглолт ямар болов? Чи хэр удаан тоглосон бэ?” гэж асуухад нарийн тодор­хой юм хэлсэнгүй. “Match of the Day”-г үзээд мэдэхээс хойш. Аав залгаж байна. Миний хамгийн сайн ойлголцож, сэтгэлээ нээн ярьдаг хүн бол аав минь юм. “Их хэцүү тоглолт боллоо. Аав аа, би дахиад үндсэн багт тоглож чадахгүй байх аа” гэж хэлэв. На­дад ямар хүнд байгааг Самми Ли ойлгосон бололтой. Тэр миний хажууд ирж суугаад сэтгэлийг минь сэргээхийг хичээж байв. Гэвч Саммигийн хэлсэн сайхан үгс миний уйтгар гунигийг дарж чадсангүй. Автобус маань Ливер­пульд ирэхэд буумааргүй, тэндээ үлдчихмээр санагдаж байлаа. Одоо “Хангалтгүй” гэсэн үнэлэлт өгөөд 19 хүртэлх насныхны багт буцаах байх даа гэж бодогдоно.

Гэвч бодсоноор минь болсонгүй. Арванхоёрдугаар сарын 8-нд “Сельта Виго”-той хийх хариу тоглолт “Энфильд”-д болсон ба эхний тоглолтод манайх хожигдсон билээ. Хойд Лондонд болсон тоглолтод Жинолад элдвээр хэлүүлж, тэдний зэрэгт хүрэх болоогүй гэдэгтээ итгэчихсэн байсан үед намайг энэ өдөр гарааны бүрэлдэхүүнд багтаасан нь миний гайхшралыг төрүүлсний зэрэгцээ өөрийгөө нээн харуулах боломж гарсанд баяртай байлаа. Инс “Валенси”-тай хийсэн тоглолтод улаан хуудас авсан учир энэ тоглолтыг өнжив. Тиймээс Жерар түүний байранд намайг тавьжээ. Би өөрийн тоглоход тохиромжтой байраа оллоо. Би талбайн төвд тоглосон бөгөөд тун хурдан дасав. Хэд хэдэн удаа өрсөлдөгч багийнхаа хаалга руу аюултай цохилт хийн, үзүүштэй довтолгоог эхлүүлсэн ба энэ үеэс өөртөө итгэх итгэл нэмэгдэж, биеэ барихаа болилоо. Ийм л байж шүү дээ. Би хатуу ширүүн хамгаалалт, хүчтэй цохилт гээд өөрийн хийж чадах бүхнээ харуулав. Айронсайдад гэрийнхээ өмнөх цардмал талбайд бөмбөг өшиглөөд гүйж байхдаа би ийм л зүйлийг мөрөөдсөн билээ. Хөгжөөн дэмжигчдийн уриа дуу надад улам их хүч өгч байв. “Ливерпуль”-ийн дэмжигчид хотынхоо уугуул тоглогчдыг илүү их дэмждэг ба энэ нь намайг бөмбөгт хүрэх бүрт алга ташилт, уухайн дуу нэмэгдсэнээр мэдрэгдэж байсан. Энэ өдөр би санасандаа хүртэл тоглож, уг тулааны шилдэг тоглогчоор шалгарлаа.

Испанид манайх хэрхэн тоглосныг бүгд мэдэх учир энэ өдөр бидний зорилго тодорхой байсан. Гэвч хэн ч биднийг тэг, ингэ гэж шахаж шаардаагүй нь ямар нэгэн дарамтгүй, санас­наараа тоглох боломжийг олго­сон. Энэ тоглолтод Инсийн ади­лаар Реднапп, Хеггем, Макма­наман гээд түлхүүр тоглогчид гэмтэл болон торгуулийн улмаас оролцож чадахгүй болсон нь маш том гарз юм. Тиймээс ч тухайн үед хүн бүр манай хамгаалалтын шугамд илүү санаа зовж байв. Ийм байдалтайгаар биднийг “Сельта”-г хожно гэдэгт итгэх хүн бараг байгаагүй болов уу. Испаничууд ч гэсэн тун цэгцтэй, сайн тоглосон билээ. Испанийн багийн израиль тоглогч Хаим Ревиво Дэнни Мерфи, бид хоёрыг хуураад гоол хийсэн нь биднийг бүр хүнд байдалд оруулсан. Бид яг л сургуулийн хүүхэд шиг хууртаад үлдэж байв. Гэвч тоглолтын дараа хувцас солих өрөөнд хэн ч энэ алдааны тухай дурссангүй. Харин хүн болгон намайг сайн тоглолоо хэмээн баяр хүргэсэн. Жерар ч гэсэн магтаалын үгээ харам­ласангүй. Манай баг 0:1-ээр хожигдсон боловч өнөөдрийн миний тоглолт дасгалжуулагчийн санаанд хүрснийг түүний нүднээс харж болохоор байв. Багийн штабын ажилтнууд болон тоглогчид “Чиний талбайдаа хийсэн анхны тоглолт маш сайн байлаа” хэмээцгээнэ. Тэр орой хувцас солих өрөөнд анх орохдоо Жинолатай хийсэн дуэлийн дараа би сайн тоглож чадах болов уу хэмээн шаналан бодож байсан бол өрөөг орхин гарахдаа ялагч шиг маадгар алхаж байв. “Тийм ээ, би хүссэндээ хүрч чадна” хэмээн бодсоор “Энфильд”-ээс хөдөллөө.

Маргааш өглөө нь би 100 метрийн рекорд эвдэх шахам хурдлан хэвлэлийн борлуулалтн цэгт хүрлээ. Тэгээд миний тухай бичиж үү гэдгийг үзэхээр бүх сонинг худалдан авав. Эхлээд тоглогчдын рейтингийн оноог харав. Би арваас 9.0 оноо авчээ. Чөтгөр ав, миний зураг хаана байна аа? Бүх нүүрийг үзэв. Гэтэл хамгийн арын хуудсанд хүссэн зүйл минь байгааг олж харлаа. Цаашаа гудамжаар уруудан алхахад тааралдсан хүмүүс гарын үсгийг минь авахыг хүсч, улам сэтгэл хөдлөв. Алдар нэр гэдэг надад шинэ зүйл билээ. Сонин дээр миний тухай “Шижигнэсэн авъяастай шинэ хүү” хэмээн бичжээ. Би ийм л мөчийг хүсч, мөрөөдөж ирсэн болохоор биеэ тоож, хамраа сөхөх ёсгүй билээ. Гудамжинд хүмүүс намайг онцлон харж, сонинд миний тухай бичнэ гэдэг талбай дээр сайн тоглосны үр дүнгээр болж байгаа учир би үүнийг баяртайгаар хүлээн авдаг.

Магтаалын үгсийг би онцолдоггүй. Намайг сайн хүмүүс тойрон хүрээлдэгт би олзуурхаж явдаг. Аав маань миний нэр хүнд өсч, олонд танил болоход энэ байдалд хөл алдаж, бэлтгэл сургуулилтаа завсардуулж болохгүйг анхааруулж байв. Намайг буйдан дээр сонин гарчиглаж суухыг минь харчихаад аав “Чамд үүнийг бүгдийг нь унших шаардлага байхгүй. Маргааш бэлтгэлтэй биз дээ. Гурав, дөрвөн тоглолтод дараалан гарахад ч бэлэн болохоор биеэ бэлтгэх хэрэгтэй” хэмээн хэлдэг байв. Аавын хэлсэн нэг зөвлөгөөг би үргэлж санаж явдаг. “Дөнгөж гараагаа эхэлж байгаа чиний хувьд аль хэдийнэ 300 тоглолтод оролц­чихсон хүмүүсийг даган дууриах хэрэггүй. Цаашдаа ч гэсэн тоглолт бүрийг, бэлтгэл болгон дээр анхных мэт хүлээн авч хичээж бай. ДАШТ-ий шувтаргын тоглолтод оролцож байна гэж төсөөлөн өөрийгөө дайчил. Эрчээ хэзээ ч битгий сулруулаарай” хэмээн тэр хэлж байв. Инс, Реднапп, Фаулер нарын хашир тоглогчид ийм байдаггүй билээ. Хэрэв Академиас дөнгөж ирсэн шинэ хүү өөрийн байх ёстой түвшнээсээ дээгүүр араншин гаргаад байвал Инс ч юм уу, хэн нэгэн нь хатуу сануулга өгөх байсан биз ээ.

1-”Тоттенхэм”-ийн цэнгэлдэх хүрээлэн

Орон нутгийн хэвлэлүүд намайг урьд урьдынхаас илүү анхаарах болж, “Нутгийн хүү “Ли­верпуль”-ийн зүрх боллоо”, “Хюи­тоны баатар” гэх мэт нийтлэл гарав. Ийнхүү нэр алдартай болж эхэлсэн энэ үед Жейми, Робби, Фаулер нар сэтгүүлчийн асуултад хэрхэн хариулах талаар зөвлөгөө өгөх зэргээр надад тусалдаг байсан. Үүн дээр хүртэл бусдаас суралцах шаардлагатай гэж үү хэмээн бодож, тэдний яриаг цу­халдангуй сонсоно. Жерар улир­лын үлдсэн хугацаанд намайг Стив Стаунтоны1 мэдэлд өглөө. Тэр мэргэжлийн хөлбөмбөгч болоход миний суралцах шаард­лагатай бүхнийг мэдэх юм. Бид түүнийг Стэн гэж дуудна. Учир нь тэр яг Стэн Лаурел2 шиг ха­рагд­даг байлаа. Стэн бэлтгэл дээр ч, тоглолтын үед ч ялгаагүй ми­ний халамжлан хүмүүжүүлэгчийн үүргээ ягштал биелүүлдэг байв. Тэр зочид буудлын үйлчлэгчдэд хэрхэн хандахаас эхлээд хөгжөөн дэмжигчидтэй яаж харилцах хүр­тэл юм бүхнийг чухалчлан заадаг байсан. Стэн өөрөө биеэ зөв авч явдаг, тоглолтод ч элдэв алдаа гаргадаггүй залуу байсан юм. Над шиг дөнгөж мэргэжлийн хөлбөм­бөгч болж байгаа залуус буруу үйлдэл хийх нь олонтаа. Харин Стэн намайг зөв зүгт чиглүүлдэг байлаа.

“Энфильд”-ийнхэн бүгд на­дад тусална. Инс хүртэл шүү. Би түүнтэй хоёулхнаа байхдаа цөөн­гүй удаа ярилцаж үзсэн. Ингэс­ний дараа түүний тухай үзэл маань өөрчлөгдөж билээ. Инсийг үзэн яддаг байсан би түүний үйл хөдлөл, ааш авирт дуртай болж эхэллээ. Академид байх үеийн таа­гүй дурсамжуудыг түүний тухай сайхан төсөөлөл бодлоос минь үлдэн гаргаж билээ. Тэр ч гэсэн миний талаарх бодлоо өөрчил­сөн. “Энфильд”-д “Сельта”-г хүлээж авснаас хойш хэдэн тоглолтын дараа Инси намайг Ака­демиас дөнгөж ирсэн туран­хай хүүхэд гэж хүлээж авахаа больсон. Зохих жиндээ хүрэхэд надад хугацаа л хэрэгтэй байсан. Инстэй ийнхүү ярилцах бүрт би сэтгэлээр улам өөдрөг болдог байлаа. Төсөөлж байна уу, би Инс­тэй дотно яриа өрнүүлж байна шүү дээ. Миний сурагч ахуйдаа шүтэж байсан Английн оддын нэг бол тэр.

Ийнхүү “Ливерпуль” дэх амьд­рал минь өдрөөс өдөрт сай­жирсаар. Хувцас солих өрөөний уур амьсгал улам таатай болж байв. Залуучууд хоорондоо бүх л зүйлийн тухай ярилцаж, би түү­нийг нь шимтэн сонсоно. Тэдний Зул сарын баярын үдэшлэгийн тухай ярилцахыг нь сонсоод тэм­дэглэлт тэр өдрийг нь хоног тоо­лон хүлээдэг болов. Багт наад­мын хувцас өмсөж, янз бүрийн зохиолын гол дүрд хувирдаг учир “Ливерпуль”-ийнхний Зул сарын баярын үдэшлэг тун тансаг бол­дог хэмээн би сонссон. Би үүний нэг хэсэг нь болохыг маш их хүсч байв. Өөрийнхөө шинэ найзууд болох “Ливерпуль”-ийн ододтой жаахан ууж, багахан наргиад л. Тэрхүү баярын үдшийг би тэсч ядан хүлээж байв. Бэлтгэлийн өмнө болон хойно хувцас солих өрөөнд бөөнөөрөө суухдаа Зул сарын баярын үдэшлэгийн та­лаарх яриа голдуу өрнүүлцгээнэ. Яриандаа хөөрсөн бид талбайд юу хийх гэж байгаагаа мартсан шахуу л гардагсан. Тоглогчид тэр өдөр ямар хувцас өмсөхөө бүгд шийджээ. Майкл Харри Энфиль­дийн3 хөтөлдөг “The Scousers”4 хөтөлбөрийн гол дүрд хувилахаар болжээ. Харин би өөрөө юу өмсө­хөө шийдэж чадахгүй байв. Над шиг багийн шинэ гишүүд болон залуу хөвгүүдэд тэр үдэш юу то­хиолдох бол гэсэн айдас намайг улам мунгинуулна. Робби, Макка, Жейми гурав над дээр ирээд “За­луу минь, чи үдэшлэг дээр дуулах уу? Хүн болгон сонсчихоор аятай­хан дуу сонгох хэрэгтэй шүү. Са­наа бүү зов доо, тэнд ямар ч да­рамт шахалт байхгүй. Чамд мик­ро­фон өгчихнө. Өөрийгөө битгий дутуу үнэлээрэй. Зүгээр л сэтгэл зүрхнийхээ угаас багийн анд нар­таа зориулаад нэг ая өргө­чих­нө биз” хэмээсэн нь намайг бүр тээнэгэлзүүлж орхив. Тэд ингэж хэлээд инээлдсэнээ яваад өглөө. Бурхан минь, намайг юу хүлээж байгаа бол оо? Ахмад тоглогчид ямар нэг юм сэдсэн нь нүүрэн дээр нь илэрч, зальжин инээмсэглэх нь хэнд ч анзаараг­дахаар байлаа. Толгой дээрээс шар айраг асгах уу, эсвэл хоо­лоор шидүүлэх юм болов уу?

Гэтэл миний эртнээс бодсон төлөвлөгөөг менежер гэнэтхэн өөрчилж орхив. Үдэшлэг боло­хоос долоо хоногийн өмнө Жерар намайг “Мелвүд” дэх ажлын өрөөн­дөө дуудлаа. Тэр “Стивен, чи Зул сарын баярын үдэшлэгт очихгүй шүү” хэмээв. Түүний шийд­­вэрт дургүйцэн өрөөн дотор­хийг түйвээчихмээр байсан ч өө­рийн урам хугарсан байдлаа дас­галжуулагчид мэдэгдэхгүйг хи­чээж байлаа. Жерар “Хэрэв үдэш­лэгт очвол чамайг торгоно шүү. Зүгээр л гэртээ амар. Энэ үдэш­лэг чамд зохицохгүй” хэмээн нэмж хэлэв. Райти ч мөн адил ийм үг сонсчээ.

Харин хожим бид тэр үдэш­лэгт оролцоогүйдээ дасгалжуу­лагчид талархах болсон. Баярын тэр орой тийм ч сайхан байгаагүй бололтой. Манайхан нэгэн зочид буудлын зоогийн газарт баяраа эхэлж, жаахан наргиад шөнийн клубт очиж үргэлжлүүлэн ууцгаа­жээ. Ингэх замд нь зарим хүний найзууд нь нэгдэж, баяр хяналт­гүй болсон аж. Бүгд л хэтэртлээ ууж согтсон байна. Бүр тайчигч хүүхнүүд дуудан баяраа бусниул­жээ. Яаж байгаад авчихсан юм, тэдний зураг бүхий нийтлэлтэй сонинууд маргааш нь худалдаанд гарлаа. Зурган дээр манайхан мэдээж аятайхан гараагүй. Мар­гааш нь тоглогчид цуглахад бүгд л уруу царайлцгаасан байлаа. Үдийн хоолонд орохоор ширээ тойрон сууцгаахад хүн болгон тол­гойгоо сэгсрэн харамсангуй байж билээ. Танхимд нэг л жихүү­цэм уур амьсгалтай болсон бай­лаа. Энэ байдал хэдэн долоо хо­ногийн турш үргэлжилсэн. Багийн бүх гишүүн алдаа хийснээ ойлгоцгоосон.

Жерар биднийг хувцас солих өрөөнд сууж байхад шуугин орж ирээд галзууртлаа уурлав. Би түүнийг ингэж хилэгнэж байхыг хэзээ ч хараагүй. Тэр “Ливер­пуль” гэсэн хүн бүхний ой тойнд сайхнаар дурсагддаг аугаа нэ­рийг уландаа гишгэлээ хэмээж байлаа. Үнэхээр ч түүний зөв юм. Тоглогчид багийн нэр хүндийг уна­гаасан. Ямар ч асуулт, уучлал гуйлт хэрэггүй. Жерар тоглогчид руу уурлан хашгичиж байснаа Райти, бид хоёрт хандан “Та хоё­рыг явуулаагүйн шалтгаан энэ байсан юм. Та хоёр энэ хэрэгт буруугүй. Гэхдээ бусдынхаа ал­даа­наас суралцан, ийм явдлыг давтахгүй шүү” хэмээв. Би үдэш­лэгт оролцоогүй боловч бусад тоглогчдын адил тэр таагүй үеийн мэдрэмжийг ойлгож байлаа. Үү­нээс хойш нэг ч үдэшлэг, баярын арга хэмжээ болохгүй гэсэн лүндэнг Жерар буулгалаа.

“Ливерпуль” ийн нэр хүнд нь унаж, эсвэл ялгуусан алдраа бад­раах үеийн алинд ч би энэ бүхнийг нэг хэсэг болж яваа нь миний хувьд том завшаан билээ. Пол Гаскойн гэх мэт хүүхэд ахуй насны баатруудтай халз өрсөл­дөнө гэдэг хэдэн жилийн өмнө бол мөрөөдөл минь байсан. 1999 оны хоёрдугаар сард “Миддлс­бро” “Энфильд”-д айлч­лахад би анх Газзатай мөргөлдөж байв. Яг үнэндээ бол тэр намайг мөргөсөн л дөө. Тоглолт эхлээд ердөө 36 секунд өнгөрөхөд Газза намайг тохойлдож орхисон. Түү­ний хүч­тэй цохилт яг зүүн нүдэнд туссан юм. Бөмбөггүй байхад шүү. Ямар ч мөргөлдөж, шөргөөцөлдөх шалтгаан байхгүй. Миний шүтээн Газзагаас надад барьсан “бэ­лэг”. Баярлалаа, түүнд. Газза яа­­гаад ийм үйлдэл хийдгийг нь мэдэх болохоор би үүнийг нь талархан хүлэж авсан. Магадгүй тэр намайг ирээдүйтэй, Английн шигшээд хэрэг болох жаал гэд­гийг сонсоод намайг зохих түв­шиндээ хүрэхэд хатуу ширүүн юу ч тохиолдож болно гэдгийг мэд­рүүлсэн байж болох юм. Тэр­хүү тохойдолт намайг том алхам хий­хэд түлхэц болсон байж ч мэднэ. Дахиад нэг ёвролт. Нүд­ний эргэн тойрон өвдсөндөө хүч­тэй лугшиж байлаа. Гэтэл би одоо болтол нэг ч удаа бөмбөгт хүрээ­гүй байдаг. Дэндүү шударга бус тоглож байна гэсэн бодол төрөв. Газза “За, жаал минь. Энэ чамд ямар санагдаж байна?” гэж тохуурхав.

Нэг удаа Газза бөмбөг хү­лээж авахад нь би яг л улангассан бух шиг гүйн очлоо. Олон удаа ёвруулсандаа шаралхаж, хийстэл нь жийхийг хүссэн юм. Гэвч хүссэндээ хүрсэнгүй. Би түүний энд хүрэх болоогүй ажээ. Тэр яг л бух сургагч мэт тэрүүхэн дороо огцом эргээд миний дээгүүр харайж бөмбөгөө туун одов. Газзатай хөөцөлдөнө гэдэг сүнс барихтай адил бүтэшгүй зүйл юм. Удалгүй дахин нэг тийм тохиол болоход би бөмбөгийг булааж чадлаа. Газза мөн надаас бөмбөг авах гэж оролдоход нь хуураад өнгөрсөн. Энэ мэтчилэн тоглол­тын турш бид хоёрын өрсөлдөөн өрнөв. Газза маш огцом, тэс­рэлттэй хурдаар гэнэтхэн гулсаад ороод ирнэ. Хатуу ширүүн энэ тоглолт яг тамд байгаа мэт мэд­рэмжийг төрүүлж байв. Английн шигшээгийн түүхэнд хамгийн авъяас­тайд тооцогдох хагас хам­гаалагчтай тулж байгаа болохоор арга ч үгүй биз. Би бүр ухаанаа алдчихсан байлаа. Газза надтай яаж тоглоно, би хариуг нь давуу­лан барина. Тэр сүүлдээ тэсвэр алдан “Аятайхан тоглооч, нусгай минь. Чи өөрийгөө өчүүхэн амьтан гэдгээ мэдэж ав” хэмээн над руу хашгирав. Ингэснээр тэр намайг шатааж, өөрийн тоглолт­доо оруулна гэж бодсон биз. Тоглолтын дараа Газза шууд над руу гүйн ирснээ толгойд минь эв хавгүй хүрч, элэгсгээр мөр алга­дав. Тэгээд “Чи ч дажгүй тоглодог нусгай байна шүү. Энэ эрчээ алдалгүй яваарай” гэлээ. Итгэ­мээр­гүй юм. Миний хувьд тухайн үед Академиас ирээд удаагүй, гурав дахь сонголтоор талбайд гардаг хэн ч биш нэгэн байсан. Гэтэл Газза намайг сайн тоглолоо гэж магтлаа шүү дээ.

Түүнд тохойлдсоных нь ха­риуд барьсан миний үйлдэл таалагдсан байх нь. Би хатуу, чанга тоглолоо гэж гомдол гар­гаагүй. Зүгээр л өөртэй нь ижил тоглоё гэж бодсон. Гэхдээ би түүний түвшинд хүрэх хол билээ. Хувцас солих өрөөнд очоод бусад тоглогчдод Газзатай хэрхэн мө­чөөрхсөнөө ярив. Гэвч тэд шүүг­чийн нэгэн адилаар тохойл­дуулсныг минь хараагүй байлаа. Жейми “Санаа бүү зов доо. Газза тоглолтын өмнө төлөвлөсөн зүй­лээ чиний “ачаар” бүгдийг нь хийж чадаагүй нь лавтай. Чи түү­нээс хамаагүй илүү байсан” гэв.

Би энэ өдрийн тоглолтын дараа яг л дайнд ялсан баатар шиг нүд минь гялалзан, баяр хөөртэй явсан. Хэдий Газзатай тоглоход хүнд байсан ч энэ нь түүний тухай ихийг мэдэх болом­жийг олгосон. Тэмдэглэлт энэ өдрийг дурсаж явахыг хүсэн Газ­загийн тоглолтын хувцсыг авах санаатай байсан ч эмээгээд хэлж чадсангүй. Тоглолтын турш бид хоёр хоорондоо чамгүй нудралц­сан болохоор ингэж хэлбэл тэр “Битгий донгос” гэх байж гэж бод­сон юм. Тоглолтын 90 минутад өрсөлдөгчөө хэдэн хэсэг хуваа­хыг хүсч байсан минь зүгээр л Газзад илүү ойртох гэсэн санаар­хал байлаа. Би түүнийг шүтэж өссөн. Шигшээгийн хувцсыг нь худалдан авч, бичсэн номыг нь уншиж байв. Мөн миний ах Пол Газзатай тун төстэй. Тарган бие, цулцгар хацар гээд л. Хааяа ахы­гаа “Хөөе, Газза” гэж дуудна. Ах ч үүнд дуртай. Тэр надтай адил Газзагийн шүтэн бишрэгч юм. “Гаскойны суу алдар” гэдэг видео бичлэг миний хамгийн үнэ цэнэ­тэй өмчийн нэг. Үүнийг би бараг сая удаа үзсэн байх аа. Үзэх тоо­лондоо ур чадварыг нь гайхан дуу алдана. Гайхамшигтай тоглолт үзүүлж явсан үеийг нь буулгасан энэхүү дүрс бичлэгийг олж авсан нь том завшаан. 1990 оны Италид болсон ДАШТ-д Газза дэлхий да­хиныг шуугиулсан. Хэн хүнд заяах­гүй авъяас, шийдэмгий бай­дал, этгээд инээмсэглэл. Энэ бүхэн хөлбөмбөг сонирхогчид түүний хувцсыг өмсөх дуртай бо­лох шалтгаан юм. Миний хөл­бөм­бөгт дурлаж, сонирхож эхэлж байх үед тэр энэ сонирхлыг минь улам идэвхжүүлэн, энэ ертөнцөд эргэлт буцалтгүй ороход түлхэц өгсөн. Газза бол өөрийнхөө цаг үеийн Дэвид Бекхэм байсан би­лээ. “Ливерпуль”-д дөнгөж хөл тавьж байх үед хүмүүс намайг хамгаалах чиглэлийн хагас хам­гаа­лагчийн байранд тохирно гэ­дэг байв. Харин миний хувьд тог­лолтын хэв маягаа Газза­гийнхтай төстэй болгох гэж хичээнэ. Одоо ч гэсэн би эхлэн суралцагч бай­сан үеийнх шигээ Газзаг дууриа­хыг хүсдэг хэвээр байгаа. Ур чад­вараар би түүний хаана ч хүрэх­гүй. Харин надад байдаг нэг ча­нар түүнд харагддаггүйг би бат­тай хэлж чадна. Энэ бол тэсвэр хатуужил.

“Энфильд”-д тийнхүү тог­лосны дараа Газза харьж байгаа юм байна даа гэсэн бодол төрсөн. Мэдээж энэ бол хэнийг ч тойролгүй дайрдаг зүйл билээ. Гэхдээ тийм үед Газза мууджээ гэж бодохын оронд түүний мандан бадарч явсан үеийг эргэн санах хэрэгтэй. Эрүү мултрах шахам гайхашруулдаг түүний гоолууд, үзүүштэй хууралт гээд сайн сайхан бүхнийг эргэж саная. 1991 онд “Уэмбли”-д болсон FA Cup-ын хагас шигшээд чөлөөт цохилтоос өшиглөсөн бөмбөг нь пуужин мэт шунгинан хаалганд орж байв. Мөн “Евро-96”-д Шот­ландын эсрэг тоглолтод гайхал­тай хууралт хийсээр гоол оруул­сан. Газза бол үнэхээр авъяаслаг хөлбөмбөгч. Хүн болгон түүнийг дүрсгүй, саваагүй хэмээдэг. Ми­ний хувьд түүнийг шүтэн бишир­дэг болохоор муулж, гоочилсон яриаг нь хүлээн зөвшөөрдөггүй. байсан. Сүүлд түүнийг “Эвертон”-д ирэхэд нь нүүр тулан ярилцах сайхан завшаан гарч байлаа. Бид хоёрын гэр ч ойролцоо байсан. Энэ үед түүнийг дээд түвшний хүн гэдгийг сайн ойлгосон. Энгийн үед бид ийн сайхан харилцаатай байдаг ч тэр талбайд гарахаараа хүний нүд хариулсхийн хавирга руу хатгаж, дарамтлахыг орол­до­но. Тоглолтын бус үед бол тэр на­дад үргэлж л урам хайрладаг юм. Тоглолтыг минь магтаж, биеийн болон бэлтгэлийн байдал ямар байгааг асууж санаа тавина. Харин би хариуд нь “Та өөрийнхөө тухай яриач” гээд шалдаг. 1990 оны Италийн ДАШТ, “Лацио”, “Тот­тенхэм”-д тоглож явсан үе гээд бүгдийг нь яриулахыг хүснэ. Багадаа зөвхөн Газзагийн гарын үсгийг л авахыг бүхнээс илүү хүсдэг байлаа. Та бүхэн Газзаг энгийн амьдраагүйг мэднэ. Анг­лийн шигшээд тоглож, алдар суугаа мандуулан явсан. Тэр бол миний баатар.

1-1986-91, 1998-2000 онд “Ливерпуль”-д тоглож байсан Ирландын хамгаалагч. Тэрбээр 2006-07 онд шигшээ багийнхаа дасгалжуулагчаар ажиллаж байв.

2-Английн хошин урлагийн нэрт жүжигчин.

3-Английн жүжигчин, зохиолч, найруулагч.

4-Ливерпулийн уугуул иргэдийг Scouser гэдэг бөгөөд уг нэвтрүүлгээр энэ нутгийнхны хэл ярианы онцлогийг гарган, зан заншлыг нь олонд танилцуулдаг аж.

­­­

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

9 Сэтгэгдэл

  1. Man U says:

    za mar zavtai bolhooroo unshnaa

    GD Star Rating
    loading...
  2. Damon says:

    Saihan bna. Urgeljluuleed bgaarai.

    GD Star Rating
    loading...
  3. sergenmandalt says:

    saihan bn aa goyo niitlel hurdan daraaagiin hesgiig ni oruulaarai

    GD Star Rating
    loading...
  4. Tomroo says:

    Eoe yamar ih huleewee.bayarlalaa sportnews,nhan…daraa daraagiin bulgiig ni hurdan oruulaarai

    GD Star Rating
    loading...
  5. sainaa says:

    yostoi saihan bn, orchuulga gej yostoi yanztai

    tsaash n oruulaarai huleej bn shu

    GD Star Rating
    loading...
  6. C'moon Chelsea says:

    Ih udaj bj urgeljleliin tavilaa
    saihan niiglel bolj uneheer aguu toglogch
    daraachiinh hurdan tabvij ogohiig bodooroi
    bayarlalaa tanai hamt olond

    GD Star Rating
    loading...
  7. DEEGII says:

    4-R BULEG NI UNSHIJ BOLOHGUI BNA PLS

    GD Star Rating
    loading...
  8. goy goy says:

    woow uneheer goy ymaa steven gerrard-g bur shutchihlee. bas iim saihan ym oruulj ogch baigaad chin dahin dahin bayrlalaa

    GD Star Rating
    loading...
  9. tulgaa says:

    ene chin l minii shvten bgamda. tvnii talaaar sonsoh bvrtee bi bayrtai bdag. daraagiihiia ni hurdan bairluulaarai tesen yadan hvleey

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: