loading...
МҮОХ уг байгууллагын гишүүний хувьд олимпийн маркетингийн зарчмын дагуу үндэсний шилдэг компаниудтайгаа хамтран ажилладаг. Энэ жил “Лондон-2012” олимпийн шинэ цикл эхлэн байгаатай холбогдуулан албан ёсны түншийн гэрээгээ шинэчилж байна.
Гэрээ үзэглэх ёслолын ажиллагаанд МҮОХ-ны ерөнхийлөгч Д. Загдсүрэн, дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван, Юнител корпорацийн ерөнхий захирал Б.Билигүүн, маркетингийн захирал Г. Болд нар оролцлоо.Энэ ажлын хүрээнд Монголын үүрэн телефоны зах зээлийн тэргүүлэх оператор компаний нэг, ЮНИТЕЛ корпораци
2009-2012 оны олимпийн 4 жилд олимпийн хөдөлгөөнийг сурталчлах, Монголын баг тамирчдыг дэмжих чиглэлээр МҮОХ-той хамтран ажиллахаар болж албан ёсны түншлэлийн гэрээ байгууллаа.
Гэрээнд зааснаар хоёр байгууллага Лондонгийн зуны олимп хүртлэх хугацаанд олимпийн хөдөлгөөнийг Монгол улсад сурталчлах, Монголын баг тамирчдыг дэмжих, допингийн эсрэг сурталчилгааны аян өрнүүлж, тамирчдын эрүүл мэндийг хамгаалах, спортын талбарт цэвэр,шударга өрсөлдөөнийг бий болгоход хувь нэмэр оруулах зэрэг хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллах юм.
Түүнчлэн өөрсдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээг харилцан сурталчлах талаар зах зээл, олон нийтэд чиглэсэн далайцтай арга хэмжээ авахаар гэрээнд тусгав.
Энэхүү гэрээний гол зорилго нь дээр дурдсан олимпийн хөдөлгөөнийг сурталчлахаас гадна хамтын ажиллагааны сонгодог загварыг бий болгож, олон нийтэд танилцуулахад чиглэгдэж байна.
2009 онд зохиогдох Азийн наадмуудын анхных болох ирэх 6 дугаар сарын 6-14-нд Тайланд улсын Бангкок хотод зохиогдох Азийн тулааны спортын наадам, 6 дугаар сарын 23-нд тохиох ОЛИМПИЙН ӨДӨР-т зориулсан арга хэмжээгээр гэрээнд заасан үйл ажиллагаа хэрэгжиж, эхлэнэ.
ЮНИТЕЛ корпораци Азийн тулааны спортын анхдугаар наадамд оролцох Монголын баг тамирчдын хувцсыг ивээн тэтгэж байгаагаас гадна ОЛИМПИЙН ӨДӨРТ зориулж хамтарсан маркетингийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Түншлэлийн гэрээ байгуулснаар ЮНИТЕЛ корпораци өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний сурталчилгаа болон бусад үйл ажиллагаандаа “ОЛИМПИЙН ТҮНШЛЭЛ” логог ашиглах бүрэн эрхтэй болж байгаа юм. Харин МҮОХ ЮНИТЕЛ корпорацийг Монгол улсын нутаг дэвсгэр дээр уг эрхээ эдлэх боломжоор бүрэн хангах үүрэг хүлээнэ.
Өөрөөр хэлбэл Харилцаа холбооны салбарт зөвхөн ЮНИТЕЛ корпораци л лого, олимп үг хэллэг, олимп, тив, бүсийн наадмуудад оролцох Монголын багийн талаархи мэдээллийг арилжааны хэлбэрээр ашиглах боломж бүрдэж байгаа гэсэн үг юм.
loading...



