loading...

ШИГШЭЭГИЙН ДУУДЛАГА
Би бага балчир цагаасаа л Английн шигшээд тоглохыг мөрөөддөг байв. Айронсайд хавиар Газзагийн хувцсыг өмсөн тэнүүчилж, Хьютоны найзуудтайгаа хамт хогийн саваар хаалга хийн тоглодог байв. Энэ тоглолтод гоол хийхдээ ДАШТ-ий шувтаргын тоглолтод хожлын бөмбөг оруулсан мэт хөөрч баярладаг байлаа. Тэгээд Английн шигшээгийн хөгжөөн дэмжигчид гараа өргөн дороо үсрэн баярлаж, “Жеррард, Жеррард” хэмээн миний нэрийг уухайлан хашгирч байна гэж төсөөлнө. Мөн шигшээгийн хамтрагчид маань Алтан цомыг эх орондоо авчрах гоолыг оруулсан миний араас гүйн ирээд дээр минь овоорч байгаа нь нүдэнд харагдана. Зүрхэн тушаа улаан загалмайтай “Гурван арслан”-гийн цагаан хувцас сүр жавхлантай харагдах бөлгөө. Бүхэл Англи даяар миний тухай ярилцаж байгааг мэдрэн цэнгэлдэх хүрээлэнгээс гарна. Сэтгэлийн хөөрөл, их дуу чимээ, суу алдар. Энэ бүгдийг би хүсэн мөрөөдөж, дотроо төсөөлөн боддог байлаа.
Томчуудын шигшээ багт дуудагдах хүртэл надад олон саад бэрхшээл тохиолдсон. Тэр бүх саадыг давж би одоогийн байр суурьтаа хүрсэн. Эхнийх нь “Лильшол”-ын усан толгойтнууд намайг багийнхаа гадна үлдээсэн явдал. “Мелвүд”-д Үндэсний сургуулийнхныг тасар татан хаяхад шигшээ багийн дасгалжуулагчид тэдний алдаа хийснийг нь ойлгосон. Улирал өндөрлөсний дараа шигшээгийн цугларалт болоход би шууд л тэнд очсон. 1996 оны хоёрдугаар сарын 3-нд Данийг 4:0-ээр бут ниргэхэд би шигшээгийн бүрэлдэхүүнд анх багтсан ба тэр тоглолтыг сэлгээний сандлаас үзэж билээ. Энэ бол миний шигшээгийн үндсэн тоглогч болох эхний алхам байлаа. Данийг тийнхүү бут ниргэснээс 17 хоногийн дараа 16 хүртэлх насныхны шигшээд анхны тоглолтоо хийсэн тэр өдөр миний санаанаас гардаггүй. Надаас бусад нь “Лильшол”-ынхон байсан. Бидний өрсөлдөгч өдгөө “Ман Сити”-д тоглодог шилдэг хамгаалагч Дэвид Данн, “Лидс”-т нэрээ цуурайтуулсан Стефен Макфейл нарын ирээдүйн оддыг багтаасан Ирландын шигшээ баг байлаа. Английн шигшээ ч гарааны бүрэлдэхүүндээ олон сайн тоглогчийг гаргасан. Хамгаалалтад Уэс Браун, Майкл Бол нар зогсож байв. Харин миний тоглодог хагас хамгаалагчийн байр хүндхэн байсан. Би өөрөө тэр үед дэндүү жижиг биетэй байсан билээ.
Би Макфейлтэй халз туллаа. Английн шигшээ эхний гоолыг оруулсан ч би талбайд сайнгүй байв. Макфейл тэр өдөр маш гайхалтай тоглолтыг үзүүлсэн. Фил Жевонс хоёр дахь гоолыг оруулж, манай баг 2:1-ээр хожлоо. Миний шигшээ багтаа хийсэн анхны тоглолт ийнхүү хожлоор өндөрлөв. Би “ЕВРО-96”-г Газза, Алан Ширер, Тедди Шерингем нарыг дэмжин гэртээ үзсэн. “Хөлбөмбөг эх нутагтаа эргэн ирлээ” гэсэн уриа намирч, хөгжөөн дэмжигчид ч энэ л үгийг уухайлан хашгирах “Уэмбли” мөрөөдлийн ертөнц мэт санагдаж байв. Шигшээ баг маань ч үлгэрийн мэт тоглолтыг үзүүлэн хөгжөөн дэмжигчдээ баярлуулна. Тухайлбал, Голландын хүчирхэг багийн 4:1-ээр бут ниргэж байлаа. Би тэдний нэг болон энэхүү ялалтад хувь нэмрээ оруулахсан гэхээс байж ядна. Энэ үед би дөнгөж 16 нас хүрч байсан билээ. Би Английн нас насны шигшээ багаар дамжин, тэр хэрээр бие бялдар болон ур чадвараар хөгжиж байсан. “Франц-98” болоход миний дотны анд Майкл дэлхий нийтийг бишрүүлэхийг гэртээ зурагтынхаа өмнө нүд цавчилгүй үзэж байсан. “Алив, Майкл үзүүлээд өг” гээд хашгиран сууна. Ямар гайхалтай тоглож байна аа. ДАШТ-д Майкл гайхалтай цохилтоор гоол оруулж, богино хугацаанд нэр алдарт хүрсэн билээ. Глен Ходдлыг Английн шигшээгийн дасгалжуулагч болоод Франц руу явах багийн бүрэлдэхүүнд Майклыг оруулсан нь их шуугиан дэгдээж байсан. Хэвлэлийн хуудсанд түүний нэр олонтаа үзэгдэх болж, зурагтаар мэдээ нь гарна. Майклыг шигшээд багтан ДАШТ-д оролцох болсонд би маш их баяртай байв.
Дөрөвдүгээр сарын үед би түүнтэй ярилцаж байхдаа Ходдл түүнийг ДАШТ-ий багт дуудах боломжийн тухай хэлж байсан. Майкл “Би үүнийг зорилго болгон хичээж байна. Би шигшээд багтахын төлөө чадах бүхнээ хийнэ” хэмээн надад хэлж билээ. Тэр хэд хэдэн удаа шигшээгийн тоглолтод оролцлоо. ДАШТ-ий өмнөх бэлтгэлийн нэг тоглолтыг Касабланкад Мароккогийн шигшээгийн эсрэг хийхэд тэр нэг гоол оруулав. Бүгд л түүний гайхалтай эхлэлийн тухай ярилцаж байлаа. Түүнийг ДАШТ-д оролцох багийн бүрэлдэхүүнд багтаасай хэмээн би битүүхэндээ залбирч байсан. Зөвхөн найз минь болохоор тэгээгүй, миний хүсэл биелэхэд түүний нөлөө бий тул ингэж хүссэн. Би Майклтай мөр зэрэгцэн олон жил тоглосон. Хэрэв тэр Английн шигшээгийн үндсэн тоглогч болбол миний энэ багт орох боломж нэмэгдэх билээ.
“Франц-98” ДАШТ-ий турш буйдангаасаа бараг ховхроогүй аав маань “Майкл ямар гайхалтай тоглож байгааг хараач. Хүү минь, дараагийн ДАШТ-д оролцох боломж чамд байна шүү” хэмээж байлаа. ДАШТ-ий тоглолттой тэр үдшүүд үнэхээр сайхан байсан. Тэр дундаа Майкл Колумбийн шигшээгийн эсрэг тоглолтод үндсэн бүрэлдэхүүнд багтан гарч, Аргентинтэй хийсэн тоглолтод гоол оруулсан мөчүүд мартагдашгүй. Багахан зууш гартаа бариад буйдан дээр зурагтынхаа өмнө тухлан сууна. Тоглолт эхлэх цагийг тэсч ядан хүлээдэг байж билээ. Сент-Этьенд Аргентинтай хийсэн тоглолт тун гайхалтай өрнөсөн. Майкл бөмбөг хүлээн аваад Карлос Роагийн зүг хурдлахад манай гэрийнхэн бүгд хашгиралдаж эхлэв. Би “Яваад байгаарай” гэхэд аав “Алив Майкл, нэгийн эсрэг нэг болоход ойрхон байна шүү, чи түүхийг бүтээх нь” хэмээн хашгирна. Аргентиний хамгаалагчид Майклыг тогтоохоосоо нэгэнт өнгөрчээ. Хосе Шамот, Роберто Айяла нар дэндүү удаан юм. Майкл тэднийг ардаа орхин, нийт англичуудыг хөгжөөж, түүхийн номонд нэрээ бичүүлэхээр хурдаллаа. Гоол!!! Би дороо цовхчин, аав болон Пол ахтай тэврэлдэн хашгирлаа. Майклыг нэрийг дуудан хашгирсаар хоолой сөөнгө болсон байв. Майкл гайхамшигт нэгэн гоолыг оруулав. Энэ гоолыг давтан харуулах үед аав “Майклыг цохихын өмнөхөн Пол Скоулз Майкл руу “алдвал чамайг даа” гэсэн янзтай харж байна шүү” хэмээн хэлэв. “Майклд дамжуулах ямар ч боломж байгаагүй шүү дээ” гэлээ. Би эргэн суудалдаа тухлахад Майкл өөрийгөө хэрхэн дэлхий дахинд таниулсан тэр мөч санаанаас гарахгүй байв. Аав руу харахад түүний царайнд инээмсэглэл тодорсон хэвээр байлаа. Тэр Майклыг үнэлдэг, хүндэлдэг. Ер нь бүгд тийм байдаг билээ. “Майкл яаж үүнийг хийв ээ?” хэмээн уулга алдав. Телевизийн дуран түүн дээр тусахад тэр хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн гайхамшигтай гоолуудын нэгийг оруулсандаа баярлаж хөөрсөн нь анзаарагдахгүй, харин тоглолтдоо төвлөрсөн нь ажиглагдаж байлаа. Би “Тэр орчиндоо хурдан дасч байна шүү” хэмээн инээв. “Энэхэн хоромд түүний амьдрал өөрчлөгдлөө. Тэр юу хийхээ мэддэг болжээ. Нутагтаа эргэж ирэхэд нь ямар байхыг төсөөлөхөд бэрх. Нисэх онгоцны буудалд хөл тавихад нь хэвлэлийнхэн түүнийг бүчин авах болно”. Энэ мэтчилэн найзынхаа тухай элдвийг бодон, түүний гайхалтай тоглолтынх нь төлөө баярлан сууж байв. Майклын энэ амжилт намайг хөгжиж, дэвжихэд их урам, итгэл хайрласан. Миний шигшээд багтах зорилго, хүслийг Ховард Уилкинсон ойртуулж өгсөн. Тэр Английн хөлбөмбөгийн холбоонд Техникийн албаны захирлаар ажиллаж байхдаа намайг 18 болон 21 хүртэлх насныхны шигшээд дуудаж байв. Уилкинсон бол нэр хүндтэй, алдартай хүн. Тэр менежерийн авъяасаар олонд үнэлэгдсэн нэгэн. Энэ албанд хүчин зүтгэсэн олон жилийн туршлагаараа тэр багуудын урвуулахыг хүсдэг дасгалжуулагч болсон. Заримдаа түүнийг яаж ийм их амжилт гаргасныг нь гайхахаар байдаг. Тэр залуу тоглогчдод яг л сургуулийн багш шиг хандан сургадаг. Уилкинсон намайг үнэлдэг болохоор би түүнд дуртай. Тэр надтай санал бодлоо чөлөөтэй солилцож, тоглолтын ур чадвараа хэрхэн ахиулах талаар зөвлөгөө өгөн, багийнхаа бүрэлдэх үүнд дандаа оруулдаг. Түүнчлэн намайг 18 хүртэлх насныхны шигшээгийн ахлагчаар томилсон нь миний хувьд нэр хүндийн хэрэг байлаа. Энэ үйл явдлыг манай гэрийнхэн маш их ач холбогдол өгч хүлээн авсан. Би Ховард миний төлөө хийсэн бүхэнд талархдаг. Түүнийг 21 хүртэлх насныхны багийг хариуцах болсон гэдгийг нь дуулсан даруйдаа тун удахгүй би тэр багт дуудагдана гэсэн бодол төрж билээ. 1999 оны турш хийсэн тоглолтоороо би “Ливерпуль”-ийн үндсэн бүрэлдэхүүнд баттай ороод байв. Зун шувтрах дөхсөн нэг өдөр Английн хөлбөмбөгийн холбооноос надад хаяглагдсан нэгэн захидал ирлээ. Дугтуйг яаран задлах тэр үед сэтгэл хөдөлсөндөө гар минь чичирч байлаа. Есдүгээр сарын 3-нд Люксембургийн эсрэг хийх залуучуудын шигшээ багийн тоглолтод урьсан бичиг. Дахин нэг шат алхлаа. Уилкинсон намайг үнэлдэг хэвээр гэдгээ харуулж үндсэн бүрэлдэхүүнд гаргав. Түүний итгэлийг би 12 дахь минутад гоол хийж хариулсан. Манай баг энэ тоглолтод 5:0-ээр хожиж, бид баярлан хөөрч билээ. Шинэ улирал эхлэхэд бүх л англи тоглогч “Евро-2000”-д тоглохын тулд хичээж байлаа. Ялангуяа залуу тоглогчид Английн шигшээгийн дасгалжуулагч Кевин Киганы хараанд өртөж, өөрсдөдөө шинэ алхам хийхээр мэрийцгээнэ. Премьер лигийн тоглолтыг үзэхээр Киганыг ирэхэд англи тоглогчид өөрийн давуу талаа менежерт мэдрүүлэх гэж, анхаарлыг нь татах гэдэг байлаа. Би өөрийгөө түүний анхааралд өртсөн гэдгээ мэдэрч байв. Зул сарын баярын өмнөх долоо хоногт манай баг “Ковентри Сити”-г 2:0-ээр хожиход Киган ирж, миний тоглолтыг харсан. Залуучуудын шигшээ баг Данитай тоглоход тэр мөн л ирж энэ тоглолтыг үзлээ. Энэ бүхнийг Ховард надад мэдээлдэг болохоор би тухай бүрт нь мэддэг байв. Тэр “Кевин чамайг анхаарч байгаа, сайн тоглоорой. Шигшээд дуудагдах цаг ойрхон байна шүү” гэнэ. Данитай хийсэн тэр тоглолтод би зогсолтгүй гүйж билээ. 1999-2000 оны улиралд би “Ливерпуль”-ийн төлөө тун дажгүй тоглолтыг үзүүлсэн. “Шеффильд Уэнсдэй”-гийн эсрэг тоглолтод гоол оруулж, талбайн бүх хэсэгт үүрэг гүйцэтгэлээ. Хоёр жигүүрийн хамгаалалтад оролцож, төвийн болон жигүүрийн хагас хамгаалагчийн байранд шилжин тоглоход надад асуудал байсангүй. Тоглолт бүрт хүмүүсийн намайг үнэлэх нь нэмэгдсээр
байсан. Хоёрдугаар сарын 5-нд “Лидс”-ийг 3:1-ээр хожиход би тэдний жигүүрийн авъяаслаг хагас хамгаалагч Харри Кьюэллтэй халз өрсөлдсөн. Үүнээс долоо хоногийн дараа “Хайбери”-д Тити Камаратай өрсөлдөж давамгайлав. “Арсенал” байнга гоол оруулж байдаг Фредди Юнгберг тэргүүтэй олон оддыг багтаасан сайн баг. Тэр үе үе манай хаалгач Сандер Вестерфельдийг сандаргана. Түүний цөөнгүй аюултай довтолгоог би хаалганы өмнө зогсоож билээ. Энэ тоглолтод ялалт миний хувьд өндөр үнээр ирсэн. Би цавиндаа гэмтэл авч, мөс тавин талбайгаас гарсан. Үүнээс бараг долоо хоногийн дараа аав над руу утасдаад сандарч түгдчин “Стивен! Стив Хейвэй, Жерар Улье хоёр луу хурдан залга, тэдэнд чамд хэлэх юм байна гэнэ” хэмээлээ.
Яасан юм бол оо? Би шууд Стив рүү залгав. Тэр надад маш сайхан мэдээ дуулгасан. Стив “Аргентинтай хийх тоглолтын өмнөх шигшээгийн бэлтгэлд чамайг ирж оролцооч гэж Кевин Киган хэлүүллээ” хэмээв. Би чихэндээ итгэсэнгүй. Английн шигшээ багт бэлтгэл хийх гэж үү? Жерар мөн энэ мэдээг батлан ярив. Шигшээ багт намайг дууджээ. Жерар “Стивен, чи шигшээ багийн бэлтгэлд оролцох гэж байгаа багийн бүрэлдэхүүнд хараахан багтаагүй шүү” хэмээн сануулав. Тэр ямар хамаатай юм бэ, бэлтгэлд дуудагдана гэдэг надад шигшээгийн нэг гишүүн болсон мэт санагдаж байлаа. Энэ бол миний шигшээ багийн тоглогч болох том боломж билээ. Би бэлтгэл дээр хоёрдугаар сарын 23-нд Аргентинтай хийх нөхөрсөг тоглолтод Киган намайг багт оруултал тоглохыг хичээх болно. “Уэмбли”, энэ бол гайхамшигт ертөнц. Аргентин, тэд хүчтэй өрсөлдөгч. Майкл тэдний эсрэг гайхалтай тоглолтыг үзүүлж, нэрээ мандуулсан байхад би яагаад болохгүй гэж? Багийн албан ёсны мэдүүлэгт орох эсэх нь хамаагүй, юутай ч Бишам Эбби1 дэх шигшээгийн бэлтгэлийн баазад очъё гэж шийдлээ.
Английн хөлбөмбөгийн холбооноос намайг Бишамаас хэдэн км-ийн зайд орших Бернхэм Бичс дэх багийн зочид буудалд унаа гарган хүргэж өгөхийг “Ливерпуль”-д даалгасан байв. Гэвч аав өөрийнхөө “Хонда”-г надад өгснөөр би өмнөдийг зорин жолоогоо мушгилаа. Замын турш би өөрийгөө голон явсан. Эхлээд өөрөө машин жолоодож очих нь буруутдаг болов уу гэж бодлоо. Зорьсон газартаа дөхөд тусам өөртөө итгэх итгэл минь суларч, буцаад давхичихмаар санагдах болов. Би үнэхээр хангалттай сайн байж чадах болов уу? Ерөөсөө л буцъя, Стив Хейвэй Киган руу утасдаад учир шалтгааныг хэлчих байлгүй. “Жеррард үүнд бэлэн биш байна. Тэр маш их сандраад…” гээд. Энэ нь намайг бэлтгэл дээр хангалтгүй байж, бусдын элэг доог болохоос сэргийлнэ. Хэдий ингэж бодсон ч би чигээрээ явсаар байлаа. Шинэ ертөнцөд хөл тавих гэж буйдаа сандран цочирдсон байв. Явсаар Бернхэм Бичст орж ирлээ. Тансаг дэгжин машинуудыг мөргөж сэвтээхгүйг хичээн “Хонда”-гаа зогсоолд тавиад зочид буудлын хүлээн авагч дээр очив. Тэр өрөөг минь зааж өглөө.
Шигшээ багт дуудагдсандаа одоо л нэг итгэж эхлэв. Зочид буудлын өрөөний орны ирмэг дээр суун зоогийн танхимд байгаа Киганд ирснээ мэдэгдэж илтгэх ёстой хэмээн бодож суулаа. Бүх тоглогч мөн тэнд бий. Би юу хийх вэ? Миний шүтэн биширдэг хөлбөмбөгчдөөр дүүрэн тэр танхимд би зүрхлэн орж чадахгүй байв. Алан Ширер, Тони Адамс, Дэвид Бекхэм гээд дэлхий даяараа мэддэг болсон нэрс. “Ливерпуль”-ийн үндсэн багтаа дөнгөж орсон би Английн шигшээ багийн хооллож буй тэр өрөөнд ороод өрөөний голд очин ирснээ хэлж, Бекхэмийн хажууд сууж болох уу? Хараал идэг, би дахиад л сандарч эхэллээ. Тэгээд Жейми Реднапп руу залгаж, энэ хүнд байдлаас минь гаргахыг хүслээ. “Жейми” хэмээн царайчлан аргадсан өнгөөр хэлээд “Би дээд давхарт байна. Намайг ирээд аваач гэж гуйя” гэв. Жейми тусч, сайхан сэтгэлтэй залуу. Тэр хоолны танхимаас сэмхэн гараад манай өрөөнд яаран хүрч ирэв. Жейми ирээд “За алив залуу минь, Киган чамайг хангалттай сайн гэж үнэлээгүй бол чи энд байх ёсгүй шүү дээ. Явцгаая” хэмээн тайвшрууллаа. “Ливерпуль”-ийн бусад залуус мөн гарч ирээд намайг хүлээж байлаа. Жейми, Робби, Макка, Майкл нарын дэмжлэггүйгээр би шигшээгийнхний хооллож байсан тэр танхимд зүрхлэн орохгүй байсан биз ээ. Тухайн үед гэртээ л байвал сайхан санагдаж байсан учир үүдэн дээрээс нь буцаад, умардыг зорин явж байж магадгүй юм. Клубийн тоглогчидтойгоо нийлснээр тэр зоогийн танхимд орох тэнхээг олж авлаа.
Тэр өрөөний босгыг давна гэдэг миний амьдралдаа хийхээс хамгийн их зүрхшээсэн зүйлүүдийн нэг байлаа. Өрөөнд ороод амьсгаагаа даран тойруулан харав. Гарын үсэг цуглуулагчдын хувьд диваажин нь гэмээр шилдэг тоглогчид нэг дор цуглажээ. “Би энд юу хийх юм бол оо? Өрөө рүүгээ буцаад явсан нь дээр юм байна даа” хэмээн бодов. Нэг л мэдэхэд шигшээ багийн албаны хүмүүсийн суусан ширээний өмнө очсон байв. Кевин Киган над руу хараад инээмсэглэн “Сайн уу, Стивен. Шигшээ багт тавтай морил” хэмээлээ. Тэгээд босоод угтан ирж гарыг минь атгав.
Хэдий тэр надад ийн элэгсэг хандсан ч энэ мөчид тэр өрөө там мэт санагдаж байлаа. Киган “Залуус аа, зоогоо түр завсарлаж, анхаарлаа нааш нь хандуулна уу” хэмээв. Тэгээд над руу заагаад “Танилц, энэ бол Стивен Жеррард. Энэ жаал бидэнтэй бэлтгэл хийх болно. Түүнийг бүү голоорой, тэр сайн тоглогч. Маш богино хугацаанд эрчтэй гарч ирж байгаа залуу даа” гэлээ. Магтаал сонссондоо самгардан хоёр хөлөө ойр ойрхон солбин зогсох миний нүүр яг л “Ливерпуль”-ийн өмсгөл шиг улайв.
“Кевин олон юм ярилгүй, тэдний хоолыг нь идүүлээсэй. Заавал ингэж олны анхаарлыг татах шаардлага юу байна” гэж бодогдоно. Энэ супер ододтой намайг харьцуулалтгүй шүү дээ. Тэд ДАШТ-д тоосоо өргөсөн, мэргэжлийн хөлбөмбөгч болоод хэдэн зуун тоглолтод оролцсон архагууд гэдгийг би мэднэ. Гэтэл Кевин Киган тэдэнд миний тухай ийм юм ярьж байдаг. Шигшээгийн бүх тоглогч над руу цоо ширтэх мэт мэдрэмж төрж, хамаг бие халуу дүүгэн байлаа.
Ашгүй Киган яриагаа зогсоов. Би “Ливерпуль”-ийн хамтран зүтгэгчдийнхээ сууж буй ширээнд очиж нэгдлээ. Ширээн дээр тансаг амттан дүүрэн байвч хоол хоолой давсангүй. Багахан цөцгий идээд цадчихав. Олон юм бодож сандарч мэгдсэндээ тэр байх. Тэр өрөөнөөс л бушуухан гармаар санагдаж байлаа. Гэхдээ “Ливерпуль”-ийнхэн маань тойроод сууж байгаа болохоор байдал арай дээрджээ. Миний урьд нь сонсож, уншиж байсанчлан шигшээгийн тоглогчид клуб, клубээрээ ялгаран суусан байв. Хоолны өрөөнд ч баг хоорондын өрсөлдөөн ийнхүү тод харагддаг ажээ.
“Ливерпуль”-ийн залуус намайг дагуулан ширээ ширээнд очин, шигшээгийн бусад тоглогчдод танилцууллаа. Дэвид Симэн дээр очоод “Дэвид, энэ бол Стиви”, Сол Кэмпбеллд хандан “Сол, Стивитэй танилц” хэмээсээр явав. Хөлбөмбөгийн түүхэнд нэрээ мөнхөлсөн Английн шигшээгийн аугаа тоглогчидтой ийнхүү гар барьж, мэнд мэдэлцэн яваадаа хөл газар хүрэхгүй баярлаж байлаа. Сандарч тэвдсэндээ тоглосноос дутуугүй хөлс гарчээ. Хамгийн сүүлд “Манчестер Юнайтед”-ынхны ширээн дээр очлоо. Фил Невилл, Дэвид Бекхэм, Энди Коул, Пол Скоулз нар намайг хараад инээмсэглэн угтав. Яг энэ мөчид хамаг биеэр цахилгаан гүйх шиг боллоо. Тэд бол миний дайсан гэж тооцдог хүмүүс билээ. Би “Ливерпуль”-ийн тоглогч, тэд бол “Юнайтед”-ынх. Бид талбай дээр бие бие рүүгээ хэзээ ч аятайхан харц чулуудаж байсангүй. Энэ хоёр багийн тоглолтод жинхэнэ гал гардаг билээ. Би Хюитон дүүрэгт “Манчестер Юнайтед” баг, тэдний хөгжөөн дэмжигчид, дасгалжуулагч, онцлох тэмдэг, нэрийн барааны дэлгүүр гээд “Олд Траффорд”-той холбоотой бүхнийг үзэн ядаж, үл зөвшөөрөх үзлээр хүмүүжсэн юм. Бараг 20 жил миний дотор битүү бугшсан “Ман Ю”-г үзэн ядах энэ үзэл тэр өдөр Бернхэм Бичст гэнэтхэн дүрэлзэв. Бекхэм, Скоулз нартай гар барихдаа “Нүүрэн дээрээ инээж байгаа ч та нар цаанаа надад дургүй л байгаа даа. Би ч ялгаагүй та нарыг үзэн яддаг” хэмээн бодож байв. Гэвч тэд миний бодсон шиг хүмүүс биш юм билээ. Шигшээ багт анх дуудагдсан надтай алхам бүртээ элэгсгээр хандан, заавар зөвлөгөө өгч байлаа. “Юнайтед”-ынхан надтай үүнээс илүү сайхан харьцана гэж юу байх вэ. Энэ үед чухам яагаад бидний хооронд ийм удаан хугацааны өс хонзон үргэлжилсэн юм бол гэсэн бодол төрж билээ.
Бернхэмд ирэхийн өмнө найз Богготойгоо “Юнайтед”-ын тоглогчидтой нүүр тулаад хэрхэхээ ярилцаж байв. “Тэд намайг өдөх нь гарцаагүй. Жийж унагах, өшиглөх бол энүүхэнд биз. Манчестерчууд скоузчуудад дургүй нь тодорхой. Тиймээс би тэдэнд хариуг нь жинтэй барина” хэмээж байлаа. Скоулз, Бекхэм гээд “Юнайтед”-ын залуусыг хэрхэн чадахаа дотроо тооцоолно. Гэвч тэдний чин сэтгэлээсээ найрсаг хандаж буй байдал тэр даруй энэ буруу ойлголт, төсөөллийг үлдэн хөөсөн.
Бишамд очсоныхоо маргааш нь анхны бэлтгэлдээ гарлаа. Энд тэнд ямар нэгэн отолт хүлээж байх вий хэмээн болгоомжлон алхав. Энд “Ливерпуль”-”Юнайтед”-ын өрсөлдөөн болох нь дамжиггүй гэж бодож байв. Гэвч тэгсэнгүй. “Юнайтед”-ын залуус нөгөө л найрсаг зангаараа мэндэлж байна. Тэр орой би Богго руу залгаж энэ тухай ярьсан. “Бекс, Скоулзи нар үнэхээр гайхалтай залуус юм аа” гэхэд минь Богго гайхан дуу алдаж байж билээ.
Гари Невиллтэй “Юнайтед”-”Ливерпуль”-ийн хоорондох мөнхийн өрсөлдөөний талаар ярилцаж үзлээ. Тэгэхэд Гари миний урмыг бодсон уу, “Ливерпуль”-ийн хөгжөөн дэмжигчдийг магтсан. Үнэндээ миний хэлсэн үгийг гуйвуулсан хэрэг. Тэрбээр “Би Ливерпулийнхныг үзэн яддаг тийм орчинд өссөн” гэв. Үүнтэй адилаар “Ливерпуль”-ийн хөгжөөн дэмжигчид манчестеруудыг хүлээн зөвшөөрдөггүй юм. Сонин хэвлэлүүдэд ч үүнийг ил тод бичдэг. Гари үүнийг ойлгуулах гэж дээрх үгийг надад хэлсэн эсэхийг мэдэхгүй юм. Ямартай ч тэр скоуз хүнтэй нүүр тулан ярилцаж сууна.
“Юнайтед”-ынхан гээд Киганы удирдлагад тоглодог бүх хүн надтай эелдэг харилцаж байлаа. Хэдий тийм ч Аргентинтай хийх нөхөрсөг тоглолтод бүрэлдэхүүнд багтан талбайд гарахын төлөө өрсөлдөөнд намайг оролцуулж байв. Тэд шинэ тоглогч намайг үнэлжээ. Бэлтгэлийн дараа хоолонд ороод өрөөндөө очин зурагт үзэн хэвтэв. Арав орчим минутын дараа хэн нэгэн манай өрөөний хаалгыг тогшив. “Арсенал”-ын төвийн хагас хамгаалагч Мартин Кеоун зогсож байлаа. Мартин “Би чиний хажуугийн өрөөнд байгаа шүү. Чамайг “Ливерпуль”-ийнхэнтэйгээ нийлэхийг бодно гэдгийг мэдэж байна. Гэхдээ уйдвал зэргэлдээ өрөөндөө очоорой” гэв. Премьер лигт түрүүлж, том тэмцээнүүдэд оролцож үзсэн Английн шилдэг хөлбөмбөгчдийн нэг энэ хүн шинэ тоглогчид хэрхэн хандахаа мэддэг ажээ. Би шууд л түүний саналыг хүлээн авсан. Миний уулзаж байсан хүмүүсээс хамгийн хөгжилтэй нь гарцаагүй Мартин юм.
1-АНУ-ын Колорадо-Спрингс дэх олимпийн бэлтгэлийн төвтэй ижил Английн спортын олон төрлийн шигшээ багийн нэгдсэн цугларалт хийдэг газар
Киган орой чөлөөт цагаа хүссэнээрээ өнгөрүүлэх зөвшөөрлийг бидэнд олголоо. Мартин над дээр ирээд “Лондонгоор хэдэн цаг явж, ганц нэг дэлгүүрээр орох уу?” хэмээв. Манай “Ливерпуль”-ийн залуус зочид буудалдаа үлдэж, бичлэг үзнэ гэсэн ч би Мартины саналыг илүүд үзэж, багахан мөнгө хармаалан гарлаа. Тэр надад яагаад ийм санал тавьсан юм бол? Ганцаардаж, уйдсан юм болов уу? Эсвэл дөнгөж ирсэн намайг өрөвдсөн байх. Юутай ч Английн шигшээгийн төвийн хагас хамгаалагчаар тоглодог Мартин Кеоунтай Лондонгоор явж байгаадаа би туйлын баяртай байв. Тэр үргэлж л хөгжилтэй зүйл ярьж, би зогсолтгүй инээсээр явлаа. Хэнтэй ч хэл амаа ололцож чаддаг гайхалтай залуу юм аа, тэр. Тийм ч учраас шигшээгийн бүх л хүн түүнтэй хамт байх дуртай юм билээ. Нэг удаа бэлтгэлийн талбай руу явахаар автобусанд суухад тоглогчдын нэг нь надад “Хэрэв Мартин ямар нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэд ухаанаа алдчихвал зайгаа аваарай. Хэдий тэр хөгжилтэй ч бас болгоомжлохгүй бол болохгүй хүн” хэмээн анхаарууллаа. Мартин бэлтгэлдээ ДАШТ-ий шувтаргын тоглолтын сүүлчийн минут мэт хандан, маш эрчимтэй хийдэг аж. Бишам дахь нэгэн удаагийн бэлтгэл дээр тэр намайг нэлээн хэдэн удаа товруугаараа “тамгалж” орхив. Тоглогчид “Хөөе Мартин, чи шинэ хүнтэй зөөлөн харьцаач” хэмээн хашгирцгаана. Мартин зөөлөн, аядуу тоглоно гэдгийг мэддэггүй нэгэн байсан юм. Тэр өдөр бүхний бэлтгэлийг онцгойлон эрчтэй хийдэг. Урт товруутай улаан “Puma”-гаараа бусдад ямар нэг хор хөнөөл учруулчих вий гэхээс огтхон ч үл айна. Нэг удаа Мартин, Майкл Оуэн хоёрын дунд жинхэнэ гал гарсан тэмцэл өрнөсөн. Шилдэг төвийн хагас хамгаалагч гайхалтай авъяаслаг довтлогчийн эсрэг сонгодог тулаан. Тэд хоёр талаас нисэн ирж, яг л шивээсчин шиг бие биенийхээ хөлд том мөр үлдээж байв. Тэдний хайр найргүй мөргөлдөх нь дэргэдээс харах бусад тоглогчдод бол тааламжтай байсан. Ёстой л тоосоо гөвөлцөнө гэдэг нь боллоо.
Би тэр долоо хоногт Бишамд ирсэн цорын ганц шинэ тоглогч нь биш байлаа. “Лидс Юнайтед”-д тун дажгүй тоглолтыг үзүүлж буй залуухан төвийн хагас хамгаалагч Жонатан Вудгейтийг Киган мөн дууджээ. Вудгейт Бишам руу ирэх замдаа мөн л миний адилаар сандарч, айж явсан гэдэг. Бидний хэн хэн нь өөрсдийн шүтээн болсон тоглогчидтойгоо бэлтгэлийн талбайд гарсан хойноо л Киганы шигшээ багт дуудсанд нь итгэсэн. Бишам руу автобусаар явж байхад Киган биднийг бусад тоглогчдод магтан ярина. Миний тухай ярьж эхлэхэд нь манай “Ливерпуль”-ийн залуус “Наадхаа яаж тоглохыг нь харж байж бол л доо. Бид түүнтэй өдөр болгон бэлтгэл хийдэг шүү дээ” хэмээн яриаг нь тасалж байв. Биднийг Бишамд хүрэхэд Киган Вудгейт бид хоёрт багийнхаа хамгийн шилдэг тоглогчидтой харилцаж байгаа мэт ярьсаар. Бидний хувьд ичмээр санагдаж байв. Бэлтгэлийн талбайд очоод Бекхэм, Ширер нартай бөмбөг газар буулгахгүй харилцаж байгаад хэвлэлийнхэн ирж, бичлэг хийж буйг анзаарав. Өөр дээр ирэх бөмбөгийг өшиглөхийн зэрэгцээ камер хаана байгааг сэмхэн харж, биднийг хальсандаа буулгаж буй эсэхийг нягтална. Тэдний дуранд нь өртчихсөн гэсэн хүсэл их байлаа. Кеоуныг бөмбөг эзэмших дасгал хийж эхлэхэд бүгд түүнийг дагав. Энэ үед би “Одоо л “Ливерпуль” болон “Юнайтед”-ынхны хооронд жинхэнэ өрсөлдөөн гарах байх даа” хэмээн бодсон ч тоглогчид хэн нэгнийг үл онцлон, бүгд тойрон тоглох аж. Аргентин гэсэн хүчирхэг багийн эсрэг хийх нөхөрсөг тоглолтын өмнө хүн болгон л өөрийгөө харуулахыг хичээж байв.
Энэ бэлтгэл дэндүү өндөр хэмнэлтэй болж байлаа. “Ливерпуль”-ийнхээс хамаагүй хурдан юм. Би яаж ч хичээгээд хэний ч энд хүрэхгүй байв. “Бөмбөгөө сайн хар, хөлдөө тогтоо” хэмээн өөртөө хэлж тайвшрахыг хичээнэ. Нэг удаа хэн нэгэн тоглогчид тулж очоод хуураад гарч явахыг харсан Киган энэ үйлдлийг шагшин магтав. Тэр “Хөөх, та нар түүний юу хийснийг харав уу? Тэр тун удахгүй та нарын байрыг эзлэх нь байна шүү, хичээгээрэй” хэмээн хүн бүхэнд сонсогдохоор чанга хэлсэн. Үнэндээ иймэрхүү үйлдлийг тоглогч болгон л хийж байлаа. Миний хийсэн хууралтад онцлох зүйл байгаагүй ба ур чадвараар гэхээсээ аз таараад хийснийг дурдъя. Гэхдээ яах вэ, дажгүй шүү. Миний өнөөг хүртэл хуримтлуулсан туршлага, эзэмшсэн ур чадвар шигшээ багийн тоглогчидтой харьцуулшгүй ажээ. Намайг бөмбөг алдах юм уу булаалгах болгонд “Наадхаа олигтойхон аваад явчихаж чадахгүй байна уу” гэх дуу сонсогдоно.
Бэлтгэлийн дараа гэр лүүгээ залгалаа. “Аав аа, би шигшээ багийн түвшинд хүрэх болоогүй юм байна аа” гэхэд аав “Хүү минь, шантралгүй хичээ. Чи чадна” хэмээв. “Надад шигшээ багт тоглох боломж байхгүй гэдгийг ойлголоо. Тэдний хийсэн үйл хөдлөл бүр нь өөр юм. Шигшээд үнэхээр шилдгүүд цугладаг юм байна. Би бол тэдний дэргэд зүгээр л сонирхогч. Гэхдээ надад энд байх сайхан байна, дараагийн бэлтгэлийг тэсч ядан хүлээж байна” хэмээн би үргэлжлүүлэн ярилаа.
Аавдаа хэлсэн зүйл бүгд үнэн. Хэдий би өөрийгөө голсон ч энд байх хугацаандаа энэ шилдэг тоглогчдын хийж байгаа зүйлийг бага ч болов сурахыг хичээж байв. Бэлтгэл бүрээс өөртөө ямар нэг юм үлдээхийг эрмэлзэнэ. Дараагийн өдрийн бэлтгэл бүр ч сонирхолтой болов. Тэр өдөр хөндлөн дамжуулалт өгч хаалганд цохих дамжуулалт-гүйцэтгэл гэсэн бэлтгэл хийсэн ба тэгэхэд би нүдэндээ итгэмгүй олон зүйлийг харсан. Ширерийн бөмбөгт хүрч байгаа нь үнэхээр гайхалтай. Тэр ирсэн бөмбөг болгоныг шахам хаалгачид барих ямар ч боломж олголгүй дээд буланд цохих юм. Цохилт, гоол. Ер нь бүгд л ийнхүү ур чадвараараа гайхуулж байв. Мөн Бекхэмийн довтлогчдын яг хөлд нь өгөх дамжуулалтыг биширлээ. Гайхсандаа Майклд “Тэр дамжуулалтаа яаж ингэж өгч чадаж байна аа?” хэмээн хэлж билээ. Миний цохих ээлж боллоо. Хаалга руу гүйж явахдаа Бекхэмийн өгсөн дамжуулалтыг хараад бөмбөгт хөлөө хүргэхээсээ өмнө энэ гоол болно гэдгийг мэдэрсэн. Үнэхээр биширмээр юм аа, маш нарийн өгч байна шүү. Бекхэмийн дамжуулалтууд яг хэрэгтэй газартаа очиж байв. Ийм дамжуулалтыг аваад алдаж цохивол ч… Бэлтгэлийн дараа хоёр хуваагдан тоглолоо. Бекхэм энэ удаа ч гайхамшгаа үргэлжлүүлсээр. Тэр энэ өдрийн бэлтгэлийн шилдэг нь байлаа.
Нэлээн хэдэн долоо хоногийн өмнө “Мелвүд”-д Майклтай ярилцаж суухад тэр надад “Чи Бишамд очоод Пол Скоулзыг сайн хараарай. Тэр маш сайн тоглогч” гэж хэлсэн. Тэгэхэд нь би “Би Скоулзын тоглохыг зөндөө харсан. Түүний сайн тоглогч гэдгийг мэднэ шүү дээ” гэхэд Майкл хариуд нь зүгээр л инээмсэглэж билээ. Бишамд очсон хойноо нэг өдрийн бэлтгэл дээр Майклын чухам юу гэснийг нь ойлгосон. Скоулз авъяаслаг, хурдтай, хүчтэй тоглогч төдийгүй маш ухаалаг юм. Тэр гоол оруулахад бүх л үүргийг гүйцэтгэх аж. Дамжуулалт өгнө, эвтэйхэн хатгачихна, бөмбөгийг газар буулгалгүй маш хүчтэй цохино, мөн хамгаалагчид тогтоож барихад хэцүү хурдан, огцом хөдөлнө. Би Майклд “Үнэхээр авъяаслаг тоглогч юм аа. Яаж түүн шиг болно доо” хэмээн хэлсэн. “Манчестер Юнайтед”-ын тоглогчид ур чадвараар хэнийг ч дагуулахааргүй юм аа. Тангараглая, би тэднийг үнэхээр биширсэн. Киган надад хандан “Залуу минь, “Ман Ю”-гийн тоглогчдыг сайн хараарай. Тэднээс сурах юм их бий шүү” хэмээв. Ширер тэргүүтэй шилдэг тоглогчид Бишамд оволзож байв. Гэхдээ тэдний дундаас Бекхэм, Скоулз нар онцгой байлаа.
Бэлтгэл дуусаад Бернхэм рүү буцахдаа Бишамд очин дараагийн бэлтгэл хийх мөчийг цаг, минут тоолон хүлээдэг байлаа. Хэдэн бэлтгэлийн дараа нуруугаар бага зэрэг хатгах мэт мэдрэмж төрдөг болов. Бернхэм рүү автобусаар явж байхад хүрсэн газар болгон хөндүүрлэж, нуруу нугарахгүй хөшсөн мэт санагдаж байв. Хэрэв Ливерпульдээ байсан бол хэн нэг илээч дээр очоод энэ бүх зовиураа хэлэх байсан биз. Гэвч энэ удаа бол шигшээгийн эмнэлгийн албаныханд хандан “Миний нуруу юунаас болж өвдөөд байна?” гэж асууж зүрхлэхгүй байсан юм. Английн шигшээгийн ерөнхий эмч Гари Левин бол тусч, сайн залуу. Гэхдээ би түүнд өөрт тулгараад байгаа асуудлаа дэлгэсэнгүй. Киганд ч гэсэн хэлэхгүй байсан нь дээр гэж үзлээ. Автобусанд ийн өвдөлтдөө шаналан явахдаа өөрийгөө тайвшруулан “Өрөөндөө очоод өвчин намдаах эм уучихъя” хэмээн бодов. Тэгээд хоёрыг уулаа. Бэлтгэл дээр очоод дахиад нэгийг залгилаа. Тэр бэлтгэл дээр бие гайгүй байсан ч дараа нь зовиур улам нэмэгдсэнийг анзаарав. Тэгээд аав руу залган яах ёстойгоо асуув. Аав “Тэдэн дээр очоод өөрийн нөхцөл байдлаа нэгд нэгэнгүй хэл” гэхэд нь би “Чадахгүй ээ, хэрэв тэгвэл тэд намайг гэрт минь буцаачихна шүү дээ” гэж эсэргүүцлээ.
Би өрөөндөө хэсэг уйлж суув. Тэгээд эмч дээр очихоор шийдлээ. Левинд үзүүлсний дараа тэр Кевинийг дуудаад миний биеийн байдлыг танилцуулав. Киган “Стивен, чи анхааралтай сонс. Бид чамд анхаарал, халамж тавих ёстой. Хэрэв чи үргэлжлүүлж бэлтгэл хийвэл байдал бүр ч дордож магадгүй. Хэрэв ингэх аваас “Ливерпуль”, бидний харьцаа хүндрэх болно. Юутай ч дараагийн бэлтгэлийг өнжөөд эмчид сайн үзүүл, бие чинь яг ямар байгааг бид мэдэх хэрэгтэй” хэмээлээ. Кевин эмнэлгийн өрөөнөөс гараад Жерар Ульетэй ярьжээ. Жерар “Түүнийг буцаа” гэсэн байна.
Киган миний өрөөнд ирж надтай ярилцав. Юутай ч шигшээ багт тоглох мөрөөдөл минь биелэхээсээ өнгөрөөгүй гэдгийг түүний ярианаас ойлголоо. Тэр “Чамайг заавал буцаа гэж багийнхнаас чинь шаардаж байна” гээд “Чи энэ өдрүүдэд сайн байсан шүү. Одоогийн энэ эрчээ алдалгүй, улам хичээж бэлтгэлээ хийгээрэй. Би чамайг үргэлж харж байх болно. Дараагийн удаа шигшээ багийн үндсэн гишүүн болоод эргэж ирнэ гэдэгт чинь найдаж байгаа” хэмээв. Киганыг өрөөнөөс гарангуут нулимс сад тавив. Ертөнцийн төгсгөл болсон мэт мэдрэмж намайг эзэмдэж байлаа. Би “Энфильд”-д нурууны өвчин, сэтгэлийн зовиуртай эргэн очиход тэр даруй эмнэлгийн бүрэн шинжилгээнд оруулсан. Миний нуруу үнэхээр хүнд бэртсэн байлаа. Одоо бол би бэлтгэлийн үеэр ямар нэг зовиур мэдрэгдэх л юм бол шууд эмчид ханддаг. Ямар нэг эрсдэлтэй алхам хийхийг хүсдэггүй юм. Аргентинтай хийх тоглолтыг өнжсөндөө сэтгэл санаагаар унаж байхад минь хэвлэлийнхэн гэмтлээс болоод ингэлээ хэмээн бичиж байв. Зарим нэг сонинд миний хөлбөмбөгчний замнал үүгээр дуусгавар болж байгаа байх гэж хүртэл бичсэн. Азаар тийм зүйл болоогүй билээ.
Өвчин зовиур арилж эдгэрэхэд би тоглолтдоо эргэн орохын тулд өөрийгөө бэлтгэх болов. Английн шигшээд тоглох нь миний мөрөөдөл хэвээр. “Евро-2000” ч эхлэх дөхсөн байв. Тэр улирлын 21 хүртэлх насныхны хамгийн том тоглолт гуравдугаар сарын 29-нд Барселонад Югославын эсрэг болох байв. Энэ нь Европын залуучуудын АШТ-д шалгарч оролцох эсэхээ шийдэх чухал тоглолт байсан. Английн шигшээ энэ тоглолтод заавал хожих ёстой. Харин сонинуудад тэнцвэл их юм хэмээн бичнэ. U-21 нь томчуудын шигшээд орох дамжлага болох учир Уилкинсоны1 багт багтахыг бүгд л хичээцгээж байв. Би ч гэсэн хувьдаа Югославын эсрэг тоглолтод оролцохсон гэж хүсч байлаа. Хамгийн хурдан дэвших боломж энэ болохоор би залуучуудын шигшээд дуудагдахыг тэсч ядан хүлээсэн. Киган тэр зун Голланд, Бельгид болох Европын АШТ-д оролцох багаа бүрдүүлэхийн тулд Барселонад болох тэр тоглолтыг үзнэ хэмээн мэдэгдсэн нь залуучуудад урам өгч, хөгжөөсөн.
Хүссэнээр минь Уилкинсон намайг багтаа сонголоо. Багийн бүрэлдэхүүн бичсэн жагсаалт ирэхэд “Энэ чинь залуучуудын баг мөн гэж үү” гэж өөрийн эрхгүй бодсон. Премьер лигийн маш олон тоглолтод оролцож, хүмүүст танигдсан Рио Фердинанд, Жейми Каррагер нар багтсан байв. Энэ багт дуудагдсан хүн бүр цаашид Киганы удирдлагад тоглоно гэсэн бодолтой байсан нь дамжиггүй. Залуучуудын шигшээ багийнхан Испани руу нисэхдээ энэ 90 минут “Евро-2000”-ын сонгон шалгаруулалтын нэг хэсэг нь гэсэн бодолтой явсан. Барселонагийн нэгэн зочид буудалд төвхнөөд тоглолтын өмнөх сүүлчийн бэлтгэлдээ орлоо. Энэ өдөр бүх тоглогч сайн байв. Оройн зоогоо барихаар ширээ тойрон суухад Ли Хедри, Киерон Дайер, Фрэнк Лампард, Рио Фердинанд нартай би зэрэгцжээ. Хэдий үеийнхэн минь боловч би тэдэнтэй ямар нэгэн юм ярихаас эмээж байв. Тэд бол шилдэг тоглогчид. Өөрийгөө тэдэнтэй харьцуулаад Академид дөнгөж орсон хүүхэд мэт саналаа. “Ливерпуль”-ийн үндсэн багт хэдэн удаа гарч, залуучуудын шигшээд ганц хоёр удаа тоглосноос өөр өндөр зэрэглэлийн тоглолтын туршлага надад хомс байсан. Тиймээс өөртөө “Амаа хамхиад зүгээр л яриаг нь сонсоод суу” гэж хэлж байв. “Вест Хэм”-ийн ихэмсэг залуус Лампард, Фердинанд нарыг харахад сүрдмээр. Миний энэ бүрэг, ичимхий байдал залуучуудын шигшээгийнхэн нэгдэж, уусахад саад болж байсан. Миний хувьд Каррагаас өөр хүнтэй бараг харилцахгүй. Ер нь нэг клубийнхэн энд тэнд бүлэг болон байдаг аж. Би бэлтгэлээ тараад шууд л өрөөндөө очихыг хүснэ.
Цаг хугацаа өнгөрөх тусам уур амьсгал дээрдэж, би элдэв бодлоосоо салж эхэллээ. Хөвгүүдийн ярианд бага багаар оролцдог болж, гэмгүй шоглоом хийж байв. Английн шигшээд дуудагдсан гэсэн бодол, хүлээснээсээ саллаа. Би Люксембургийн эсрэг тоглоход гоол хийж, Польш, Данийг хожиход залуучуудын шигшээд хүчин зүтгэсэн билээ. Гэхдээ энэ удаагийн Югославтай хийх тоглолт тэр бүгдээс өөр юм. Бүгд л энэ тухай ярьцгаана. Би үндсэн бүрэлдэхүүнд гарна гэдэгтээ найдахгүй байлаа. Харин оройн хоолны дараа Уилкинсон тоглолтын бүрэлдэхүүнийг зарлахад би үнэхээр цочирдон гайхсан. Миний нэр гарааны 11 тоглогчийн дунд байв.
1-1999-2001 онд Английн залуучуудын шигшээ багийг удирдсан Ховард Уилкинсон
Оройн хоолны дараа Ховард надтай хэд гурван үг солилцож, маргааш болох тоглолтын талаар ярилцлаа. Тэр “Маргааш чиний хувьд маш чухал тоглолт болно. Чиний цаашдын амьдралд нөлөөлөх эрх мэдэл бүхий олон хүн чамайг хэрхэн тоглохыг чинь харахаар ирнэ. Тиймээс чи үүнд хичээх хэрэгтэй шүү. Киганы анхааралд өртсөн хөвгүүдийн нэг нь чамайг гэдгийг би мэднэ. Урьд нь ч гэсэн чамд санаа тавьж байсан шүү дээ. “Евро-2000”-д өрсөлдөх, шигшээ багт багтах боломж байна шүү, бүү алдаарай” хэмээв. Бельги, Голландад болох Европын АШТ-д оролцох багийн бүрэлдэхүүнд орох боломж байгаа гэсэн сайхан мэдээ намайг хэмжээлшгүй ихээр баярлууллаа. Гэтэл Уилкинсон үгээ дуусгаагүй байв. Тэрбээр “Гэхдээ маргааш л сайн тоглоод хангалттай гэж бодож болохгүй шүү. Премьер лигийн дараа, дараагийн тоглолтуудад ямар байхыг чинь Кевин Киган болон шигшээгийн скаутууд байнга харж, анзаарч байх болно. Тэгэхээр алхаа, гишгээ бүрээ цэнэх хэрэгтэй байх нь шүү. За тэгээд чиний өөрийн чинь хичээл зүтгэл мэдэх хэрэг дээ” хэмээн үргэлжлүүлэн хэлэв.
Өрөөндөө буцаж очоод орон дээр хэвтэн миний өмнө ирсэн энэ том шалгуурыг хэрхэн давах тухайгаа төсөөлөн бодлоо. Гар утас жингэнэн дуугарав. Аав маань ярьж байна. Тэрбээр миний тоглолтод амжилт хүсэхийн зэрэгцээ гарч ирж буй боломжийг алдаж болохгүй гэдгийг санууллаа. “Аав аа, би маргааш үндсэн бүрэлдэхүүнд гарах болно” гэхэд “За тэгвэл Стивен, орох газрын чинь үүдийг улам бүр том дэлгээд өгч байгаа юм байна шүү дээ” хэмээлээ. Энэ нь надад сэрэмжлүүлэг мэт сонсогдож байв. Энэ зүгээр нэг тоглолт биш, цаана нь гарах үр дүн маш чухал байлаа. “Sky” суваг шууд дамжуулах нь дамжиггүй. Киган тоглолт үзээд өөрт хэрэгтэй тоглогчдоо онцолж тэмдэглэн авах болно. Би түүний анхаарлыг татаж чадах болов уу? Тэгээд аавынхаа “Шилдэг тоглогчид өөрсдийн шинэ түүхийг бичих чухал тоглолтод оролцохоор ирсэн” гэснийг санав. Би энэ тоглолтыг өөрийн болгохыг хүсч байлаа. Энэ тухай бодон инээмсэглэн хэвтэв. Цэнгэлдэхэд очих тэр мөчийг тэсч ядан хүлээнэ.
Санасныг бодоход цаг хурдан өнгөрч, тоглолт болох мөч ирлээ. “Камп Ноу”-гийн зэргэлдээ орших “Барселона”-гийн хоёрдугаар багийн талбайд тоглолт болох ажээ. Уилкинсон 3-5-2 системээр маш сайн багийг талбайд гаргасан ба хаалган дээр Ричард Райт зогсож байсан юм. Тухайн үед Райт “Ипсвич Таун”-д тун гайхалтай тоглож байсан бөгөөд хүн болгоны амнаас түүнийг магтсан үг гардаг байв. Тэр бол шинээр гарч ирж буй залуу хаалгачдын хамгийн шилдэг нь байсан. Хүн болгон л түүнийг Дэвид Симэнийг залгамжлан Английн шигшээгийн хаалгыг олон жил манах байх гэцгээнэ. Намайг анх залуучуудын шигшээгийн цугларалтад гарахад Карра Райтыг магтан ярьж байж билээ. Гайхалтай мэдрэмж, ур чадвартай, ямар ч цохилтыг хааж чадна гээд л. Тэр ийнхүү ярианы сэдэв болж, олны анхаарлын төвд явсан ч хөлбөмбөгчний замнал нь тэр хэрээр сайн яваагүй нь харамсалтай.
Хувцас солих өрөөнд орчин тойрноо сэм тойруулан харахад хэн ч атаархам авьяаслаг тоглогчид бүхий баг бүрдсэн нь илт. Олон танигдсан шилдэг хамгаалагч Карра, Рио нар тулаандаа бэлтгэн шилбэний хамгаалалтаа зүүцгээнэ. Цаад буланд тоглолт эхлэхийг тэсч ядан хүлээх Киерон Дайер дороо бөмбөг өшиглөн суух нь харагдана. Бэлтгэл дээр тэр маш сайн байсан юм. Миний тоглох хагас хамгаалагчийн байрлалд Лампард, Ли Хендри нар мөр зэрэгцэн зогсох болно. Бид бүгд Лампардыг ямар сайн тоглогч вэ гэдгийг мэднэ. Тэрбээр тухайн үед “Вест Хэм”-д гялалзаж байсан билээ. Харин Хендригийн хувьд тэр үедээ шинээр гарч ирж буй хагас хамгаалагчдаас хамгийн шилдэгт нь тооцогдож байсан. Тэр бэлтгэлд хамгийн хөдөлмөрч, уйгагүй нь байлаа. Өмнө талд хурдаараа гайхуулах Энди Кэмпбелл тоглох болно. Би түүнийг хамаагүй өндөр түвшинд тоглож, дээд зэрэглэлд өрсөлдөж явах ёстой байсан гэж боддог юм. Харамсалтай нь тэр “Мидлсбро”-д өөрийн нөөц бололцоогоо харуулж чадахгүй байсаар дундаж зэрэглэлийн багууд руу явсан. Түүнчлэн Югославын хөгжөөн дэмжигчид арьсны өнгөөр нь гоочлоход биеэ барьж чадалгүй тоглолтоос хөөгдсөн Эмиль Хески манайд байлаа. Тэрхүү усан тэнэгүүд, сармагчингуудын хийсэн үйлдэл харин ч биднийг өдөөж, өөрсдийнх нь багт илүү хүнд цохилтыг өгсөн билээ. Уг тоглолтод манайх 3:0-ээр хожсон ба би тун дажгүй тоглов. Сүүлд аав “Sky”-д тайлбарлагч хийсэн Рэй Уилкинс намайг маш их магтсан гэж хэлсэн. Уилкинс 1970-80-аад онд Английн шигшээд хагас хамгаалагчаар тоглож байсан юм. Сонин, хэвлэлийнхэн ч миний талаар чихэнд чимэгтэй мэдээллүүдийг гаргаж байлаа. Тэр тоглолтоос хойш миний хөлбөмбөгчний замнал тун хурдан өөрчлөгдөх болж билээ. Киган намайг урьд урьдынхаас илүү анхаарах болов. Тавдугаар сарын дундуур нэг өдөр аавтайгаа Ливерпулийн төвөөр алхаж явлаа. Энэ үед гар утсанд маань нууцлагдсан дугаараас дуудлага ирлээ. Утсаа авахад “Стивен үү? Кевин Киган байнаа” гэх сонсогдов. Бурхан минь, итгэмээргүй юм аа. “Тийм байна” гэхэд “Чамд сайхан мэдээ дуулгая. Чамайг шигшээ багт дуудаж байна” хэмээлээ. Энэ үед гэнэтхэн найзуудын маань нэг надаар даажигнаж байна уу гэх бодол төрөв. Хамгийн түрүүнд сэжиглэсэн хүн нь мэдээж Богго. Утасны цаадах хүн үргэлжлүүлэн ярьсаар байв. Бурхан минь, энэ Киган биш бол яана? Гэхдээ ярианы өнгө, аялга нь мөн л юм шиг байна даа. Би хариуд нь юу гэж хэлэх ёстой вэ?
“Чамайг Украинтай хийх тоглолтод оролцуулахыг хүсч байна” гэх нь сонсогдов. Миний хувьд шигшээ багт дуудагдах нь боломжгүй зүйл биш билээ. “Ливерпуль”-дээ гайгүй тоглолтыг үзүүлж байна. Кевинтэй хамгийн сүүлд уулзахад “Шигшээд орох цаг удахгүй ирнэ гэдэгт найдаж байна” гэж хэлснийг нь ч санав. Тэгээд энэ хар сэжгийг нэг тийш нь болгож, үнэн мөнийг олохоор шийдлээ. Аав надад юу тохиолдсон юм бол гэж гайхаж буй нь харцнаас нь илт харагдана. Түүнээс хэдэн алхам холдлоо. Хэрэв энэ тоглоом наргиан байсан бол ичгүүртэй явдлыг аавдаа мэдэгдэхгүй гэж бодсон юм.
Хоёр минут орчим ярилцсаны дараа Киган мөн байна гэдэгт нь итгэж эхлэв. Энэ яавч доог тохуу хийсэн хэрэг байж таарахгүй. Энэ залуу шигшээ багийн бүрэлдэхүүн, Хөлбөмбөгийн холбооны талаар дэндүү ихийг мэдэж байна. Тэгэхээр энэ Кевин л байж таараа. Утасны цаадах хүн “За Бишамд уулзацгаая” хэмээгээд тасаллаа. Би шигшээгийн дасгалжуулагч над руу залгасан гэдэгт 100 хувь итгэхгүй хэвээр байв. Харин хэдэн цагийн дараа хэн нэгэн “Мелвүд”-ээс над руу залгаж дээрх яриаг батлан, Хөлбөмбөгийн холбооноос факс ирснийг хэллээ. Үүнийг хүртэл би найзуудынхаа нэгнээс дуудлага ирэн утасны цаанаас доогтой инээхийг нь хүлээж байлаа. “Ха ха, энэ наргиан байсан юм. Итгэчихсэн үү?” гээд л. Маргааш нь шигшээ багийн зохицуулагч Мишель Фаррераас цугларалт, бэлтгэлийн нарийвчилсан төлөвлөгөө зааврыг хүлээн авав. Киган ч шигшээ багийн бүрэлдэхүүнээ албан ёсоор зарлалаа. Тэрхүү дуудлага миний бодсон шиг хэн нэгний тоглоом наргиан байсангүй, жинхэнэ шигшээгийн дуудлага байжээ.
Сонинуудаар тавдугаар сарын 31-нд Украинтай хийх тоглолтод намайг үндсэн бүрэлдэхүүнд гарч магадгүй гэсэн таамаг бичигдэх болов. Аав “Үүнийг битгий тоо. Сонины мэдээнд итгэх хэрэггүй. Зүгээр л бэлтгэл дээр яах ёстойгоо л хий” хэмээн надад анхааруулна. Тэрхүү тоглолт болохоос хоёр хоногийн өмнө даваа гаригт Киган намайг Бишамд дуудлаа. Тэр өдөр бид тактикийн бэлтгэл хийж, довтолгооны хувилбаруудыг давтсан. Киган “Чи гурав дахид ийм юм хийж болохгүй, ингэх хэрэгтэй” гэхчилэн заавар өгнө. Түүний энэ үг намайг гайхашруулж байлаа. Түүний үгнээс би тоглолтод гарч магадгүй нь гэсэн хандлагыг мэдэрсэн. Сонссон бүхэндээ итгэхэд бэрх байв. Би Английн шигшээгийн үндсэн бүрэлдэхүүнд гарах гэж үү? Ингээд бодохоор биелэх боломж тун бага мэт харагдана.
Бернхэмд өрөөндөө оронгуутаа аав руугаа залгалаа. “Аав аа, би Английн шигшээгийн төлөө тоглож магадгүй нь байна шүү. Дасгалжуулагч надад лхагва гаригт намайг хэрхэн тоглохыг хармаар байна гэсэн” гэлээ. Аав үүнд маш их баярласан ч “Хүү минь, дасгалжуулагчийн үгийг тэгж их ноцтой хүлээж авах хэрэггүй шүү. Киган зүгээр л чиний урам зоригийг сэргээх гэж ингэж хэлсэн байж болно шүү” хэмээв.
Дараагийн өдөр бэлтгэл дээр байдгаараа хичээлээ. Өглөө нь бид Бернхэмд бяцхан баяр тэмдэглэсэн. Энэ өдөр миний төрсөн өдөр тохиож, би 20 нас хүрсэн юм. Шигшээгийн залуус баяр хүргэн, элэгсэн дотно хандацгаана. Өдөр ийнхүү аятайхан эхлэв. Бернхэмийн тогооч надад зориулан бялуу хийжээ. Би түүнээс бялууг аваад дээрх лааг нь үлээхэд намайг тойрон зогссон шигшээгийнхэн “Үг хэл” хэмээн шуугилдав. Би ичсэндээ час улаан болоод суудалдаа хурдан эргэн очсон. Бяцхан баяр маань тун сайхан болж өнгөрлөө. Тэндээс бид шууд Бишам руу явсан юм.
Автобусанд суух үедээ өрөөгөө түгжсэн эсэхдээ эргэлзсэнээ шууд явлаа. Шигшээгийн бэлтгэлийн үеэр өөрийн зочид буудалдаа байрладаг болохоор хэн нэгэн хулгай хийчихвий гэж санаа зоволтгүй байдаг. Тэр өдөр бэлтгэлээс буцаж ирээд өрөөндөө ороод ухаан алдах шахав. Хэдэн арван хүүхэд төрсөн өдрийн галзуу үдэшлэг хийвэл л тийм болохоор орвонгоороо эргэсэн байв. Толь, ор, ширээ гээд л энд тэндгүй оо нялсан байлаа. Ханан дээр “Чиний зөөлөн өгзөг хорвоод мэндэлсний баярын мэнд хүргэе” хэмээн оогоор бичжээ. Үүнийг уншаад Робби Фаулер, Майкл Оуэн нар л ингэж дүрсгүйтсэн байх гэж бодов. Цүнх маань бас байсангүй. Чөтгөр аваг, ямар аймаар болгоо вэ. Ванны өрөөнд ороход хоосон цүнх шалан дээр хэвтэж, харин дотор нь байсан хувцаснуудыг бүгдийг нь онгоцонд хийн цорго нээн орхисон харагдав. Онгоцонд ус дүүрэн халих шахаж байлаа. Уур хүрч, цус маань буцлах мэт болж байв. Болсон энэ явдалд итгэж ядан нойтон хувцаснуудаа онгоцноос гаргалаа. Бүгдээрээ шинэ, үнэтэй хувцас юмсан. Шигшээ багт ирээд дажгүй харагдахын тулд бэлтгэлийн хувцас, цамц, өмд, дотуур хувцас гээд бүгдийг нь шинээр худалдан авсан билээ. Гэтэл өмсөж ч амжаагүй байсан тэр бүхэн маань шал нойтон болчихоод байж байдаг. “Тэнэг амьтан, яах гэж өрөөгөө онгорхой орхиж явав аа” гэж өөрийгөө хараан зүхэж байв. Ёстой хөгийн төрсөн өдөр. Энэ Фаулераас гарцаагүй.
Гэхдээ багийнхныхаа дүрсгүй загнаж, хэдэн арван “Колгейт”-оор өрөөг минь “чимэглэснийг” би Кевин Киганд хэлж зүрхэлсэнгүй. Өрөөгөө өөрөө цэвэрлэхээс өөр сонголт надад байсангүй. Бэлтгэлийн хувцас, гутлаа цонхны ойролцоо тавив. Энэ хоёр хоногийн дараа гэртээ харихад л хатах байх. Тэгээд энд тэнд нялсан оог арчин, ванны өрөөний шалыг зүлгэв. Үдийн цайны цаг дөхсөн тул байдгаараа яаравчилж байлаа. Гэнэт бэлтгэлээс өмсч ирсэн хувцаснаас өөр мөрөн дээр тохчих зүйл байхгүйгээ мэдэв. Бас гутал. Тэгээд шигшээгийн хувцас хариуцсан хүн рүү утасдлаа. Би түүнтэй урьд нь нэг, хоёр удаа л уулзаж байсан байх. Бага зэрэг бэргэсхийн “Уучлаарай, надад өмсөх юу ч байдаггүй ээ. Та өрөөнд ирж нүдээрээ харсан хойноо яагаад ийм байдалтай буйг минь ойлгох байх” хэмээн учирлан гуйв. Удалгүй тэр ирж “Umbro”-гийн хос сандаал өгөөд инээдээ барьж ядан хонгилоор алхан одлоо.
Өрөөгөө цэвэрлэж, хувцсаа янзалсаар үдийн цайндаа хоцрон орлоо. Уурандаа багтарч ядан, нөхдөдөө урам хугаран хоолны өрөөнд очив. Тэгээд “Бусдад муугаа үзүүлэх хэрэггүй. Ердийнхөөрөө л байя” гэж өөртөө хэлэн алхлаа. Хоолоо аваад алхаж явахдаа гэмтнийг хайн тойруулан харж байв. Гэвч Шерлок Холмст сэжигтэй хүн анзаарагдсангүй. Бүгд л хоолоо идэж байгаад над руу харж толгой дохиод дахин өмнөө байгаа тавагтай зүйлд анхаарлаа хандуулах аж. Гэхдээ тэд бүгд дотроо намайг шоолон инээцгээж байгаа мэт санагдан дотроо уурлаж байлаа. Хөлстэй бэлтгэлийн хувцсаа солиогүй мөртлөө хоолондоо хоцорч ирсэн учрыг тэд мэдэж байгаа байх. Хэн ч надаас учир байдлыг лавласангүй. Хүн болгоны царайг ажиглан өө сэв хайж байлаа. Эдний хэн нэг нь энэ хэрэгт заавал холбоотой байж таараа. Харин тэр гэмтэн нь ажлаа хийж сурсан бололтой өчүүхэн ч сэжиг, гогцоо гаргахгүй байна даа.
Фаулер л буруутан байх ёстой. Тэр үргэлж хэн нэгнийг чадаж явдаг билээ. Хэрвээ би бооцоо тавибал Фаулерыг энэ хэргийн гол хүнээр нэрлэж, Макманаманыг хамсаатан нь байх ёстой гэж мөрийцөх байсан. Миний өрөөнд болсон явдлын тухай хэвлэлийнхэн мэдчихээд хамгийн түрүүнд мөн Фаулерыг буруутан байж болох хүнээр нэрлэсэн. Харамсалтай нь сонингууд дээр миний бэлтгэлийн хувцсыг хайчилсныг нь л бичиж байлаа. Уул нь тэд миний өрөөг харсан бол ч. Нэгэнтээ Фаулер энэ хэргийг хийгээгүй гэдгээ охидынхоо нэрийг барин тангарагласан. Гэхдээ тухайн үед тэр ямар ч хүүхэдгүй байсан билээ. Би гарцаагүй Фаулер л миний өрөөг сүйтгэсэн гэдэгт итгэлтэй хэвээр байгаа. Орвонгоороо эргэсэн өрөө минь түүний л бүтээл байх ёстой. Нэг өдөр тэр үүнийгээ ухамсарлаж ойлгоод хэргээ хүлээх байх аа.
Тэр орой бэлтгэл рүү явах автобусанд ороод урд хэсэгт нь зогсон “Миний өрөөг хэн сүйтгэснийг хэн нэгэн мэдэж байна уу?” гэж асуув. Манай багийнхан сонин унших юм уу, утсаар ярин миний хэлснийг сонсоогүй дүр үзүүлэн сууцгаана. Би Ширерийн хажууд очин суулаа. Түүнээс “Алан, чи энэ талаар ямар нэг юм мэдэх үү?” гэж асуухад тэр над руу тоомжиргүй харав. Түүний харцнаас бодлыг нь уншиж болохоор байлаа. Ширер “Амаа тат нусгай минь. Би чамд хэргийн эзнийг олж өгөх гээд явж байх уу. Усан тэнэг минь явж үз” гэх мэт санагдаж билээ. Тэр амнаасаа нэг ч үг унагаасангүй. Тэр намайг үл ойшоон харсан хэвээр байлаа. Тэр энэ явдлын тухай гарцаагүй мэдэж байгаа. Тэгэхээр эд нар бүгдээрээ үүнд оролцжээ. Би Фаулерыг буланд шахаад үнэнийг хэлүүлмээр л байсан. Гэвч би тэгж чадахгүй. Би энэ багт дөнгөж орсон хүн. Бараг хүүхэлдэй л гэсэн үг. Одоог хүртэл би хэн миний өрөөг сүйдэлснийг мэдэхгүй л байна. Миний хувцаснуудыг дахиж ашиглахын аргагүй болгосон учир буруутныг олохыг маш их хүсдэг. Хайртай бэлтгэлийн хувцсаа хогийн саванд хаях үнэхээр харамсалтай байсан. Би Фаулерыг хэзээ ч уучлахгүй дээ.
Миний 20 насны төрсөн өдөр хэзээ ч мартагдашгүй болж өнгөрсөн. Бэлтгэлийн дараа Киган миний мөрийг алгадаад “Чи маргааш оройны тоглолтын талаар ямар бодолтой байна?” гэхэд нь “Хурдхан тоглолтын цаг болоосой гэж тэсч ядан хүлээж байна” хэмээлээ. Тэр миний нүд рүү эгцлэн хараад “Залуу минь чи үндсэн бүрэлдэхүүнд гарах болно” гэв. Би ухаан алдах шахав. Энэ бол миний хамгаас илүү сонсохыг хүсч мөрөөдөж байсан үг шүү дээ. Английн шигшээ багийн үндсэн бүрэлдэхүүнд тоглох цаг ирлээ гэж үү? “Баярлалаа дасгалжуулагч аа, би таны итгэлийг алдахгүй ээ”.
Киган хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхөөр явав. Тэр даруй намайг харах гэсэн сурвалжлагчид Бернхэмийн гадна талд шавлаа. Английн шигшээ багт тоглох шинэ хүүгийн талаарх мэдээлэл хэн бүхэнд сонин байсан нь мэдээж. Би тэдний хараанаас мултарч чадсангүй. Олны анхааралд өртөх тусам айдас нэмэгдэж байв. Тэдэнтэй нүүр тулан, ярилцлага өгнө гэхэд зүрх амаар гарах гэж байгаа мэт санагдана. “Ливерпуль”-д сэтгүүлчидтэй цөөнгүй удаа уулзаж байсан л даа. Гэхдээ тэнд бол бид бие биеэ мэддэг болчихсон байдаг. Үндэсний хэмжээний сонины сурвалжлагч очлоо гэхэд тэд нэг хүнийг онцлолгүй, клубийн хэмжээнд ажлаа хийдэг юм. Харин Английн шигшээ багт орно гэдэг бүх зүйл нь өөр билээ. Бернхэм Биичсийн гадна талд хэвлэлийн том арми ажлаа хийхэд бэлэн болсон нь харагдана. Би зочид буудлын үүдний танхимд ороход тэнд сууж байсан шигшээгийн хэдэн залуу “Амжилт хүсье” хэмээн намайг сурвалжлагчид руу үдэв. Бурхан минь, сандарч тэвдэхээр гэдэс мушгирах шиг санагдах юм. Би хэвлэлийнхний асар луу яг л цаазын тогтоол уншуулсан ялтан шиг гэлдэрч байлаа. Ярилцлага өгнө гэдэг миний хийхээс айдаг зүйлийн нэг. Одоо хашир, туршлагатай тоглогчид тооцогдох болсон ч гэсэн сэтгүүлчдийн өмнө би 100 хувь сэтгэл амар байж чаддаггүй. Үнэндээ би нийт олонд хандаж юм хэлэх дургүй. Тэр үеийг эргээд санахад ичсэндээ түгдчин байж билээ.
Тэр өдөр миний хувьд Бернхэм яг л там мэт санагдаж байв. Хөлбөмбөгийн холбооны хэвлэлийн төлөөлөгч Адриан Бевингтон надтай уулзаад олон микрофон, дуран хараад сандрах хэрэггүй гэж зөвлөлөө. “Юу ярих вэ гэж санаа зоволтгүй. Тэд өөрсдөө чамайг аваад явчихна” хэмээн тэр хэлэв. Бурхан минь, тэнд намайг хүлээж суусан сэтгүүлчдийг хараад нүдэндээ итгэсэнгүй. Би тэдэнтэй нүүр тулгарахыг хүсээгүй учир толгойгоо бараг өндийлгөөгүй ч тэнд бараг зуу гаруй хүн байсан байх аа. Суугаад биеэ барьснаа мэдэгдэхгүйг хичээн тэдний асуултад хариулж эхлэв.
Хэн нэгэн “Чиний давуу тал юу вэ?” гэж асуув. Би “Аль байрлалд тэр билээ?” гэж өөдөөс нь асуулаа.
Ийм зүйлтэй анх удаа нүүр тулгарсан ч би өөртөө итгэлтэй байгаа мэт сууж байв. Зарим асуултад Киган миний өмнөөс хариулан, намайг биеэ тоосондоо дуугарч ядаад байгаа биш шүү гэж тайлбар тавилаа. “Тэр авъяастай, ур чадвартай болохоороо ийм итгэлтэй байгаа юм шүү” гэж тэр хэлэв. Хэвлэлийнхэнтэй уулзахад дэргэд минь байж, тэдний зүгээс ирэх дарамтыг хөнгөлж өгсөн Киганд маш их талархаж байлаа. Ингэж сэтгүүлчидтэй нүүр тулан уулзах нь миний хувьд анх удаа байсан.
Хэвлэлийн бага хурал дууссаны дараа даруйхан тэндээс холдох гэсэн авч өөр нэг зүйлд баригдчихав. Энэ удаа гэрэл зурагчид намайг бүчин авлаа. Бевингтоны зөвлөснөөр Киган бид хоёр Английн шигшээгийн малгай барин зургаа авахуулав. Миний шигшээгийн анхны тоглолт. Үүнээс би зураг авахуулахад энгийн биш байх ёстойг сурсан. Тэр малгай нь 1970-аад оноос Английн шигшээд янз бүрийн алба хашиж ирсэн Пол Мадлигийнх байсан. Тухайн үед Мадлигийн малгайг өмсөхөд хэмжээ нь надад таарсны зэрэгцээ утга агуулгын хувьд ч тун нийцтэй байсан билээ. Хүн бүрт, ялангуяа Кевинд Английн шигшээгийн төлөө бүхнийг хийх болно гэдгээ харуулахыг хичээсэн юм.
Хэвлэлийнхнээс холдож, өрөөндөө буцаж очиход дотор минь уужирлаа. Би тэнд арав орчим минут болоход утсанд маань арван дуудлага, олон арван мессеж ирсэн байв. Миний шигшээдээ тоглох болсныг хүмүүс хэдийнэ мэдчихжээ. Үндсэн бүрэлдэхүүнд гарна гэсэн баяр хөөр маань гэр бүлийнхэн, найз нөхдөдөө тасалбар олж өгөх хүслээр солигдов. Маш олон хүн “Уэмбли”-д ирэхийг хүсч байлаа. Би тэдний хэнд нь ч тасалбар байхгүй гэж хэлж чадахгүй. “Дараа өөр тоглолтод урих боломж гарна биз дээ” гэж өөрийгөө тайвшруулав. Тиймээс тасалбар олъё гэж төдийлэн хичээсэнгүй. Мөн Хөлбөмбөгийн холбооныхноос тийм олон тасалбар гуйхаасаа санаа зовж байлаа. Хэрэв тэдэн дээр очвол “Дарийн утаа ч үнэрлэж үзээгүй энэ хүүгийн нэхсэн тасалбарын тоог та нар таа даа” гэж шоолох байх гэж төсөөлнө. Миний хувьд Холбооноос ганц, нэг урилга л авч болох ба өөрөөр бол заавал худалдаж авах ёстой. Зарим нэг тоглогч өөрийнхөө мэдлийн тасалбарыг зарж магадгүй ч бас тэднээс үүнийг нь асуухаас эмээж байв. Шинээр ирсэн тоглогч Английн шигшээгийн одод дөхөн очоод “Та өөрийнхөө тасалбарыг хэрэглэх үү?” гэж асууж байна гээд төсөөлөөд үз дээ, та бүхэн.
Украинтай хийх тоглолт үдэш болох байв. Уг тоглолтын өмнө багийн ихэнх тоглогч Бернхэм дэх буудлын өрөө өрөөндөө унтаж байх аж. Энэ нь намайг гайхашруулж орхив. Английн шигшээгийн төлөө тоглох гэж байж яаж ийм амар амгалан унтаж чаддаг байна аа? Би өрөөндөө ийш тийшээ залган цаг нөгцөөхийг хичээнэ. Арайхийн бидний “Уэмбли” рүү хөдлөх цаг боллоо. Автобусанд суух үед хүмүүс эрхий хуруугаа гозойлгон, амжилт хүссэн үг хашгирна. Уул нь энэ зүгээр л нөхөрсөг тоглолт шүү дээ. Гэтэл яг ДАШТ-ий тоглолтод оролцох гэж буй мэт уур амьсгал үүсчээ. Тоглолт эхлэхэд хоёр цаг дутуу байгаа ч хэдэн арван мянган хөгжөөн дэмжигч “Уэмбли”-г зорин алхаж байв. Найз нөхдөөрөө, гэр бүлээрээ яваа дэмжигчид. Бүгд л “Англи” хэмээн уянгуулан уухайлах ажээ. Нүүрэндээ Английн далбааг зуруулсан залуусын нүд шигшээ багийнхаа гайхамшигт тоглолтыг харахыг хүсэн гялалзах бөлгөө. Хөгжөөн дэмжигчдийн энэ байдал миний сэтгэл хөдлөлийг улам бадраалаа. Манай өрсөлдөгч Украин, энэ тоглолт ердөө л нөхөрсөг байсан ч хөгжөөн дэмжигчдийн зүгээс маш гайхалтай мэдрэмжийг төрүүлж байв. Би шигшээ багаа зүрх сэтгэлийнхээ угаас дэмжиж ирсэн шиг автобусны цонхоор харагдах хөгжөөн дэмжигчдийн царайнаас Английн шигшээ баг нийт үндэстний маань эв нэгдлийн илэрхийлэл болохыг ойлгосон.
Энд ирэхээс долоо хоногийн өмнө Майкл надад “Чи хувцас солих өрөөнд ороод ямар нэг юм хийхийг урьтал болголгүй бусдыг ажиглаж, хүмүүсийн юу ярихыг нь сайн сонсоорой. Энэ маш гайхалтай, сонирхолтой байх болно” гэж зөвлөж байв. Тухайн үедээ би түүний юу гэх гэснийг нь сайн ойлгоогүй учир хэлсэн үгийг нь төдийлэн анхаарсангүй. Харин “Уэмбли”-д эзэн багийн хувцас солих өрөөний босгыг алхах мөчдөө Майклын хэлснийг эрхгүй эргэн саналаа. Эндхийн уур амьсгалыг мэдэх боломж ч надад байгаагүй билээ. Миний хувьд “Ливерпуль”-ийнхээ хувцас солих өрөөнд ороод жолооноосоо алдуурсан морь шиг аашилж, хамаг сэтгэлийн хөдөлгөөнөө нуулгүй илэрхийлдэг байсан. Гэвч шигшээ багийнхны дунд орох үнэхээр өөр юм аа, бурхан минь. Энд “Энфильд” дэх хөл толгойгүй үймээнээс хэд дахин илүү шуугиантай байх аж. Кевин Киганы дуудсан тоглогчдоос Сол Кэмпбелл гээд цөөн хэд нь тоглолтын өмнөх сэтгэлзүйн бэлтгэл хийн дороо чимээгүй сууна. Харин Робби, Макка гээд бусад нь клубийн төвшний энгийн нэг тоглолтод оролцох гэж байгаа мэт аашилцгааж байв. Кевин Киганы туслах Дерек Фазакерли, Артур Кокс нарын анхааруулсны дараа энэ байдал түр намжив. Гэвч талбайд гарах цаг болсныг мэдэгдэхэд тоглогчдын ярилцах чимээ бага багаар нэмэгдсээр дахиад л энэ өрөөний дуу чимээ дээд цэгтээ хүрлээ. Тоглогчид энд тэндээс цугласан гэдгийг илтгэх шинж энд ердөө алга. Хүн болгон л нэгнээсээ давах гэж чангаар хашгиран ярина. Тийм ээ, энэ бол Англи, миний, бидний эх орон-Английн шигшээ билээ. Сая сая хүн биднийг харж байгаа. Тэдний урмыг хугалж болохгүй. Өрсөлдөгч багийн довтлогчид хууртаж, бөмбөгөө алдах эрх бидэнд байхгүй. Ямар нэг алдаа гаргах юм бол энэ олон нүднээс мултрах аргагүй билээ.
Хувцас солих өрөөнд ийм их чимээтэй байсанд итгэмээргүй байв. Өрөөний голд Алан Ширер, Тони Адамс хоёр зогсчихсон, багийнхныгаа хөгжөөн чанга, чанга хашгирах аж. Хувцас солих өрөөнд тоглогчид чанга, өндөр дуугаар ярилцаж л байдаг. Харин Ширер, Адамс хоёр ер бусын чангаар хашгирцгаана. Хүн болгонд хандаж юм хэлэх Ширер их тулааны өмнө цэрэг эрсээ зоригжуулан зогсох хүлэг баатар мэт сүртэй харагдаж байв. Адамс болохоор хана даган суусан тоглогчид дээр ээлж дараалан очоод нүүрээ тулган, нүдийг нь харж байгаад “Чи тэдэнд үзүүлээд өгөхөд бэлэн байна уу?” хэмээн чанга дуугаар асууна. Тэр над руу дөхөн ирж өмнө минь зогсоод “Залуу минь, чи бэлэн үү?” хэмээн орилов. Аймхай, зүрх муутай нэгэн болон түүнийг ингэж хашгирахад нь бараг цус нь царцаж, шээс алдах байсан биз. Би хариуд нь түүнийг эгцлэн нүд цавчилгүй ширтээд “Намайг бэлэн гэдэгт мөрий тавьсан ч болно шүү” гэж хэллээ. Би үнэхээр ч тийм байсан. Адамс миний дэргэдээс сэтгэл хангалуун холдлоо. Түүний ардаас Ширер ирж бүр чангаар “Тэдэнд өчүүхэн ч боломж олголгүй үзүүлээд өгдөг юм шүү” гэв. Киган тоглолтын талаар бидэнд хандан хэдэн үг хэлсэн ч Ширер, Адамс хоёр жинхэнэ зоригжуулах дуудлагыг нь ийнхүү хийлээ. Энэ нь намайг бүр гайхашруулж орхисон. Сэтгэл маш их хөдөлж догдолсондоо би үдээсээ ч үдэж чадахгүй салгалж байсан юм. Бушуухан л тэр украинчуудтай нүүр тулах юмсан. Тэд хаана байна аа?
Украинчууд манай өрөөнд болсон зүйлийг сонссон нь гарцаагүй. Эндхийн их дуу чимээ хонгилд төдийгүй Киевт ч сонсогдохоор чанга байсан билээ. Тоглогчдыг сэргээж, удахгүй болох тоглолтод бэлтгэн хашгирах тэдний дуу пуужин хөөрөх чимээнд ч дарагдахааргүй байсан биз ээ. Гарет Саутгейт мөн тэнд хоолойныхоо чадлыг мэдрүүлж байлаа. Саутгейт, Адамс, Ширер гээд ах тоглогчдодоо хандах хүндэтгэл минь тэр өдөр хоёр дахин нэмэгдсэн. Тэднийг сайн тоглогч гэдгийг би мэднэ. Харин тэд өөрсдийн нь үнэ цэнэ яагаад тийм өндөр байдгийг надад мэдрүүлж чадсан. Бүх тоглогчтой нүүр тулан ярилцаж, “заавал хожно” гэсэн амлалтыг нь авснаар багийн урам зоригийг үлэмж нэмж байв. Адамс, Ширер, Саутгейт нар энэ чанараараа бусдаас ялгарч, тэргүүлэгч гэдгээ харуулсан. Мартин Кеоун тэр өдөр тоглоогүй ч хувцас солих өрөөнд хамгийн идэвхтэй хүмүүсийн нэг байсан бөгөөд түүний үг бүр нь үнэтэй зөвлөгөө болж байсан юм.
Тоглолтын шүүгч Лубош Михел биднийг гарах хоолойны хэсэгт цуглахыг мэдэгдэн шүглээ үлээлээ. Хоолойны нөгөө үзүүрт гэрэл цацрах нь харагдаж, тэндээс галзуурах шахсан хөгжөөн дэмжигчдийн дуу сонсогдоно. “Энэ их дуу чимээнд хана ч нурна даа” гэсэн бодол талбайд гарах үед өөрийн эрхгүй бодогдсон. “Уэмбли” бол миний урьд өмнө тоглож байсан цэнгэлдэх хүрээлэнгүүдээс хамгийн шилдэг нь. Ихэр цамхаг гэх мэт дурсгалт, тэмдэглэлт байгууламжуудын адилаар энэ цэнгэлдэх хүрээлэн нураад шинээр дахин боссон. Түүхэнд хосгүй энэ газарт шинэ цэнгэлдэх баригдсан хэдий ч тэр нь хэзээ ямагт алдартнуудыг төрүүлэн гаргадаг, зөвхөн шилдгүүд л хүчээ үздэг “Уэмбли” хэвээр байх болно. Би энэ цэнгэлдэх хүрээлэнд болсон маш олон шувтаргын тоглолтыг зурагтаар үзэж, мөн өөрөө цөөнгүй тоглолтыг энд хийж байв. Хюитоноос ирсэн залуу тоглогч миний хувьд энэ цэнгэлдэхэд тоглоно гэдэг ирээдүйд амжилт гаргах их итгэлийг төрүүлсэн юм. “Ливерпуль” болон Английн шигшээгийн төлөө “Уэмбли”-д тоглоно гэдэг үгээр илэрхийлэхийн аргагүй гайхамшигтай билээ. Төрийн дууллаа сонсохоор багийнхантайгаа зэрэгцэн зогсох үедээ цэнгэлдэх дэх хөгжөөн дэмжигчдийг тойруулан хараад өөрийн эрхгүй сүрдэв. Английн шигшээ багийнхантай анх удаа мөр зэрэгцэн зогсоод төрийн дуулал “Хатан хааныг минь бурхан ивээг”-ийг хамт дуулахад маш бахдалтай байлаа.
Михел тоглолтыг эхлүүлэхэд би “Премьер лиг”-ийн түвшнээс шигшээ багийн тоглолтын зэрэглэлд ур чадвараа ахиулах нэг алхмыг хийсэн. Киган 3-5-2 хувилбарыг сонгосон бөгөөд би хагас хамгаалалтад Макка, Скоулз хоёртой зэрэгцэн тоглов. Бурхан минь, украинчууд санаснаас хамаагүй ур чадвартай юм. Надад амьсгаагаа дарах өчүүхэн ч боломж гарахгүй байлаа. Тэдний довтлогч Андрей Шевченко, Сергей Ребров нар тухайн үед дэлхийн хамгийн шилдэг довтолгооны хослолын нэгд тооцогддог байсан билээ. Тоглолт болохоос өмнө Украины тоглолтын бичлэгийг үзэхэд Киган тэднийг хамгийн их аюул учруулж болох хүнээр нэрлэж байсан юм. Саутгейт, Адамс, Кэмпбелл нарыг тэд үе үе сандаргаж байв. Ялангуяа Шевченко бөмбөг авахаараа алдах нь бараг үгүй аж. Тэднийг надад дөхөн ирэх үед би анхаарлаа дээд зэрэгт төвлөрүүлэн алдаа гаргахаас болгоомжилж байлаа. Бөмбөгт хүрч байгаа байдал туугаад гүйх зэрэг нь маш гайхалтай бөгөөд өчүүхэн алдаа гаргахад л хэдийнэ хуурч гараад гүйж одох бөлгөө. Гэхдээ би бүх зүйлийг санаснаараа гүйцэтгэж чадаж байсан ба тэгэх бүрийд өөртөө итгэх итгэл маань нэмэгдэж байв. Украинчуудаас бөмбөгийг нь эвлэгхэн салгах бүрт үзэгчид алга ташилтаар урам хайрлана. Нэгдүгээр үеийн дунд хэсэгт би Саутгейтэд хөндлөн дамжуулалт өглөө. Тэгээд Юрий Дмитрулинтэй урд хойноо орон гүйхэд Гарет бөмбөгийг надад буцаан дамжуулав. Энэ үед Бекхэм бөмбөг авахад тун тохиромжтой газар зогсож буйг анзааран, түүнд дамжуулаад украинчуудын болзошгүй сөрөг довтолгооноос болгоомжлон буцаад байраа эзлэв. Дэвид Бекхэм тэргүүтэй дэлхийн том ододтой мөр зэрэгцэн, шилдэг довтлогч Шевченкогийн хөлөөс бөмбөгийг нь булаан “Уэмбли”-д тоглох нь үнэхээр гайхалтай мэдрэмжийг төрүүлж байлаа. Робби тоглолтын эхний бөмбөгийг оруулаад Тони дахин нэгийг хийсний дараа миний урам зориг бүр нэмэгдсэн.
Ялалт бидний талд ирэх нь тодорхой боллоо. Тоглолт дуусахаас найман минутын өмнө Киган намайг Киерон Дайертай сэлгэв. Би талбайгаас гарахаар алхаж явахдаа эргээд харахад Шевченко надтай ойрхон зогсож байсныг хамгаас тод санадаг. Би агуу Шевченкотой нэг талбайд тоглолоо шүү дээ. Энэ бол миний мөрөөдлийн нэг хэсэг юм. Энэ тухай бодоод солиорч байгаа юм биш биз гээд өөрийгөө чимхэж хүртэл үзсэн. Тоглолтын дараа манай хувцас солих өрөөнд Украины шигшээгийн шалба норсон хувцаснууд ирлээ. Би тэднээс “Арсенал”-д баруун жигүүрийн хамгаалагчаар тоглож байсан Олег Лужныйгийн хувцсыг сонгон авсан. Түүнийг би аавдаа өгсөн юм. Би украинчуудад зориулан мөн тоглолтын хувцсаа явуулж өөртөө ба өөр нэгийг өөртөө авч үлдсэн. Английн шигшээд анхны тоглолтоо хийснээ дурсах гэж авсан тэр хувцсаа жаазлан, гэртээ шатны дэргэд хадсан.
Тоглолтын дараа шууд л гэр бүлийнхэн болоод найзуудтайгаа ярихаар утас шүүрэн авлаа. Би хувцас солих өрөөнд тоглолтын өмнө болдог үйл явдлын тухай онцлон ярихыг хүссэн. Гэвч энэ гайхалтай мөчийн дараа олон зүйл толгойд зэрэг орж ирээд олигтой ч юм ярьж чадсангүй. Тавдугаар сарын тэр нэгэн үдэш би хөл хөөрцөг болсоор “Уэмбли”-гээс гарч билээ. Манай баг 2:0-ээр хожсоны зэрэгцээ Английн хөгжөөн дэмжигчид миний тоглолтод алга ташин баяр хүргэснийг аав, ээж маань зурагтаар үзэж, сонссон байх гэж бодон бахархалтайгаар алхаж байв. Гэхдээ үүнээс хүнд хэцүү тулаанууд намайг хүлээж байсан юм.
Тэр тоглолт бол жирэлзээд л өнгөрсөн. Оюун санаа болон биеийн хүчний хувьд би тэр өдөр тун сайн байсан. Тэсвэр хатуужил, талбайг бүхэлд нь харах байдлаараа би өндөр үнэлгээ авсан. Киган үүнийг онцгойлон анзаарсныг нь ч мэдэрч байв. Энэ өдөр ингэж тоглосноороо “Евро-2000”-д оролцох үүдээ нээсэн билээ.
loading...




Bayarlalaa sportnews.nhan…Ta nariig magtahch ug oldohgui yum a kkk.uldsen buleguudiig ni huleej bga shuu
loading...
bayarlalaa sport news iinheen
loading...
Cool. Bayarlalaa. Daraagiin hesgiig tesen yadan huleej bna
loading...
goy shuu daraagiin 7-r hesgee hurdan taviarai
loading...
nice nice angliin shigshee ter manu uneher aguu goy bag shuu
loading...
wooow uneheer goy
loading...