loading...
Наадмын тухай
Оюутны спортын хоёрдугаар их наадмыг Биеийн тамир, спортын, тухай хуулийн 16.1 заалтын дагуу 2008 оны 5 сарын 28-ны өдрийн Засгийн газрын 197 дугаар тогтоолоор 2009 онд зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. Энэхүү арга хэмжээг Эрүүл мэндийн сайдын 2008 оны 200 тоот тушаалаар Зохион байгуулах хороо байгуулагдан ЭМ-ийн дэд сайд Ж. Цолмонгоор удирдуулан 16 гишүүнтэйгээр ажиллаж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Биеийн тамир, спортын газар, Монголын оюутны спортын холбоотой хамтран зохион байгууллаа. Дөрвөн жилийн өмнө 2005 онд Монголын оюутны спортын анхдугаар их наадам Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөж байсан юм.
Наадмын зорилго
Төр, засгаас оюутны биеийн тамир, спортыг дэмжих, залуучуудыг биеийн тамир спортын хөдөлгөөнд хамруулан оролцуулах, тэднийг БТС-оор хичээллүүлэх, оюутны идэвхи санаачлага, сонирхолыг өрнүүлэх, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, оюутан залуусын үеэрхэл нөхөрлөлийг бэхжүүлэн хүмүүжүүлэх, нийтийн болон шинэ спортын төрлүүдийг дэмжин хөгжүүлэх, дэлхийн оюутны спортын өвөл, зуны Универсиад наадмуудад өрсөлдөх ур чадвартай тамирчдыг сонгон шалгаруулахад наадмын зорилго оршиж байв.
Наадмын таних тэмдэг
Наадмын бэлэгдэл нь дэлхий нийтийн жишгийг харгалзан Олон улсын оюутны спортын “UNIVERSIADE” наадам, их сургуулийн англи нэрийн дуудлагын эхний үсэг болох “U” үсгийг ялалт байгуулан гүйж буй тамирчнаар дүрслэн илэрхийлсэн. Мөн Монгол орны онцлог байдлыг тусган харуулж төрийн далбааны хоёр өнгийг сонгон оруулж “U” үсгийг намиран хийсэж байгаа туг мэт дүрслэн үзүүлсэн юм. Энэхүү наадмын таних тэмдэг нь дүрэлзэн асаж байгаа бамбарын дөл шиг өөд өөдөө өргөн тэмүүлсэн, олон шилдэг залуу тамирчидын спортын дээд амжилт гаргахыг бэлэгдэн ерөөсөн утгатай юм.
Наадмын төрөл, хугацаа, дотоодын бүс, шигшээ тэмцээн
Монголын Оюутны Спортын Хоёрдугаар Их Наадмыг БТСУХорооны даргын 2008 оны 7 сарын 1-ны өдрийн 407 тоот тушаалаар батлагдсан нэгдсэн зааврын дагуу 18 спортын төрлөөр орон даяар, анхан шат, аймаг, нийслэлийн бүс /гадаад суралцагч оюутны дунд/, улсын шигшээ тэмцээн гэсэн гурван үе шаттай зохион явуулсан. Наадмын төрлүүдэд аэробек, аялал, бокс, буудлага, волейбол, гандбол, заалны хөлбөмбөг, жүдо, модон бөмбөг, олс таталт, сагсан бөмбөг, спортын бүжиг, тэшүүр, цана, хөнгөн атлетик, шатар, ширээний теннис, чөлөөт бөх зэрэг багтсан юм. Шигшээ наадмын тэмцээнүүд Улаанбаатар хотноо 2009 оны 1-р сарын 25-ны өдрөөс эхлэн 5 дугаар сарын 10-ны өдрүүдэд тус тус спортын 10 гаруй заал танхимд ялангуяа их, дээд сургуулийн спорт заалныг түшиглэн явуулсан юм. Наадмын шигшээ тэмцээнүүдэд 55 их дээд сургуулийн 3000 орчим оюутан залуус анхан шат, бүсийн тэмцээнүүдээс шалгаран 950 багц медалийн төлөө өрсөлдөн оролцсон юм.
Энэхүү наадмын нэг онцлог нь хоёр дахь удаа гадаадад суралцагч оюутнуудын дунд ОХУ-ын Москва хотын БТИС дээр 5 сарын 1-3 нд, БНХАУ- ын Бээжин хотын Олимпийн бэлтгэлийн төвд 4 сарын 16-18 нд тус бүр бүсийн наадмуудыг оюутнуудын дунд сагсан бөмбөг, шатар, ширээний теннисний төрлүүдээр ГХЯам, ОХУ, БНХАУ-ын ЭСЯамдуудтай хамтран зохион байгуулахад тус бүс нутаг дах олон хотуудад суралцаж байгаа 40 их, дээд сургуулийн 500 оюутан шигшээ наадамд хамрагдан оролцсон юм. Нийслэлийн бүсийн наадмын тэмцээнүүд Улаанбаатар хотноо спортын 7 төрлөөр амжилттай явагдаж 34 их, дээд сургуулийн 1859 оюутан тамирчид хамрагдан оролцсон юм.
Их наадмын анхан шатны тэмцээн их, дээд сургууль дээр анги, салбар, сургууль хооронд зохион байгуулагдан 30.000 гаруй оюутнууд хамрагдсан нь нийт их, дээд сургуульд сурагцагчдын 5 оюутан тутмын 1 нь хамрагдсан байна.
Наадмыг зохион байгуулахад Монгол Улсын Засгийн Газар, Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Гадаад хэргийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Биеийн тамир, спортын газар /БТСГ/, Нийслэлийн ЗДТГазар, Нийслэлийн БТСГазар, ОХУ, БНХАУ-ын ЭСЯамдууд, Монголын оюутны спортын Холбоо /МОСХ/, Спортын төрлийн холбоодууд, МИАТ компани зэрэг байгууллагууд бидэнтэй идэвхтэй хамтран ажилласан.
Гадаадын бүсийн наадам
Гадаадад суралцагч оюутнуудын азийн бүсийн наадам БНХАУ-ын Бээжин хотын Чавьяан дүүргийн “Олимпийн бэлтгэлийн төв”-ийн спорт зааланд 4 сарын 17-18 ны өдрүүдэд сагсан бөмбөг, ширээний теннис, шатрын спортын төрлөөр зохиогдон Бээжин, Хөх хот, Харбин хотуудын 13 их сургуулийн 200 оюутан тамирчид оролцсон.
Европийн бүсийн наадам Москва хотын Биеийн тамирын их сургууль дээр болж ОХУ-ын Москва, Санкт Петербург, Екатеринбург, Ростов, Тамбов хотын 27 их, дээд сургуулийн 300 оюутнууд 3 төрлийн тэмцээнүүдэд амжилттай оролцон хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж дүнгээ гаргалаа. Бүсийн наадмыг Зохион байгуулах үндэсний хороо, Биеийн тамир, спортын газар, Монголын оюутны спортын холбоо, Монгол улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны хамт олон сайн зохион байгуулан явууллаа.Гадаадын бүсийн тэмцээнийг давхардсан тоогоор 1500 орчим хөгжөөн дэмжигч, оюутнууд ирж үзэж сонирхсон.
Наадмын нэгдсэн дүн
Наадмын нэгдсэн дүнгээр 1310 оноогоор тэргүүн байранд доктор, профессор Б.Жадамбаа захиралтай МУБИС шалгарч, ЗБХорооны хүндэт өргөмжлөл, цом, 3,5 сая төгрөгөөр шагнагдлаа. Хоёрдугаар байранд 1306 оноогоор МУ-ын гавьяат багш, доктор,профессор Г.Лхагвасүрэн захиралтай Үндэсний БТДС-ийн шалгарч өргөмжлөл 2.5 сая төгрөгөөр, гуравдугаар байрыг 1028 оноогоор МУ-ын гавьяат тамирчин Д.Намжилмаа захиралтай Мон-Алтиус БТДС эзлэж 1,5 сая төгрөгөөр шагнагдав. Дөрөвдүгээр байранд 929 оноогоор хошууч генерал Б.Жалбажав захиралтай БХИСургууль, Тавдугаар байранд 914 оноогоор доктор, профессор Б. Дамдинсүрэн захиралтай ШУТИС, Зургаадугаар 906 оноогоор байранд доктор, профессор С. Даваа захиралтай МУИСургуулиуд тус тус орж 1.0 саяаас -500.0 төгрөгний мөнгөн шагнал, цом, өргөмжлөлөөр шагнагдлаа. Түүнчлэн энэхүү наадамд оролцсон эцсийн дүнг нэгтгэн их, дээд сургуулиудын спортын амжилтын рейтингийг гарган улсын хэмжээнд бүх төрлийн хэвлэл мэдээллээр зарлах юм.
Наадмын хаалтын ёслол, шагнал гардуулах ажиллагаа Спортын төв ордны “А” танхимд 2009 оны 5-р сарын 19 ны өдөр 16 цагаас болж их наадмын ЗБХ-ны орлогч дарга, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, Олон улсын оюутны спортын холбооны ерөнхий санхүүч, МОСХ-ны ерөнхийлөгч Д. Баясгалан, Ази тивийн ОСХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүн, МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, ГХ-ны гишүүн Д.Жаргалсайхан нарын зочид төлөөлөгч нар оролцон баяр хүргэж үг хэллээ. Наадмын хаалтын ажиллагаанд ЗБХ, ЭМЯ, БСШУЯ, ГХЯ, БТСГ, НЗДТГ, МОСХ, Спортын холбоодын удирдлагууд, шүүгч, зохион байгуулагч нар, их, дээд сургуулиудын эрдэмтэн багш 30 их, дээд сургуулийн 1000 гаруй төлөөлөгчид оролцсон оюутан, залуучуудын спорт, урлагийн шоу болов.
Наадмын үр дүн, дүгнэлт
Оюутны спортын хоёрдугаар их наадам нь дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй үед таарсан хэдий ч төсөв санхүүгийн асуудлаа зохион байгуулан бага зардлаар бүсийн болон шигшээ тэмцээнд явуулсан юм. Гэхдээ МОСИН тэмцээнүүдэд 100 их, дээд сургуулийн 30 гаруй мянган оюутан залуучууд хамрагдан оролцсон өргөн цар хүрээтэй, спортын томоохон арга хэмжээ болж өнгөрлөө. Энэхүү наадамд хөдөө орон нутгийн 10 их, дээд сургуулийн баг тамирчид Увс, Ховд, Дархан уул, Говь-Алтай, Архангай, Өвөрхангай аймгуудаас ирж оролцлоо. Их наадмын нийслэлийн бүсийн тэмцээн зохион байгуулалт сайтай болсон. Их, дээд сургуулиуд их наадмын анхан шатны тэмцээнээ 2008 оны хичээлийн жилийн эхнээс эхлэн анги, салбар, сургууль хоорондын хэмжээнд явуулж, бүсийн болон шигшээ тэмцээнд бэлтгэлээ сайн хангаж, сургуулийн зүгээс хөрөнгө, зардалын асуудлаа шийдвэрлэн оролцож байв.
Монгол улсын Засгийн газраас гадаад суралцагч оюутнуудуудын дунд анхааран тэдний дунд өргөн хүрээтэй, зохион байгуулалт сайтай энэхүү арга хэмжээг хоёр дахь удаа явуулсан нь алс хол нутагт суугаа оюутан залуучуудын хүсэн хүлээсэн арга хэмжээ болж, оюутнууд бэлтгэл болон хувцас формоо эртнээс бэлтгэн ордог, тэднийг энэ арга хэмжээний хүрээнд нэгтгэдэг, сонирхолтой арга хэмжээ болсон ба оюутнуудын сэтгэл хоногшсон сайхан наадам болсон юм.
Монголын оюутны спортын II их наадамдаа амжилттай оролцсон эмэгтэй волейбол, жүдо бөхийн баг тамирчидад 2009 оны 7 дугаар сарын 1-12-ны өдрүүдэд Серби улсын Белград хотноо зохиогдох Дэлхийн зуны спортын 25 дугаар “Универсиад” их наадамд орох эрхээ авсан чухал сорилт тэмцээн боллоо.
Наадмыг зохион байгуулахад, дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтран оролцсон ЗБХ-ны гишүүд, ЭМЯ, БСШУЯ,ГХЯ, БТСГазар, НЗДТГ, МОСХ, Монгол улсаас БНХАУ, ОХУ-д суугаа ЭСЯ, Консулын газар, МИАТ ХХКомпани оюутан залуустаа ихээхэн дэмжлэг үзүүлэн ажилласанд талархал илэрхийлье.
Энэхүү их наадам нь оюутан залуусын бие бялдрыг чийрэгжүүлэх, биеийн тамир, спортын хөдөлгөөнд татан оролцуулж, хэрэгцээ сонирхолыг нэмэгдүүлэх, тэдний эрүүл мэндийг бэхжүүлэн чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, үерхэл нөхөрлөлийг бэхжүүлэх, сургууль хамт олноо сурталчилах, харилцан туршлага солилцоход үнэтэй чухал хувь нэмрээ оруулсан түүхэн ач холбогдолтой үйл явдал болон амжилттай явагдлаа.
Зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга,
Монголын оюутны спортын холбооны
ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан
loading...





Oyutnii ih naadam ch gj de…Busiin temtseen gj boloogui shde.Yamar ch zohionbaiguulalt bhgu l bsan sh de
loading...