loading...
Спа дахь баяр баясгалан хийгээд уйтгар гуниг
“Евро-2000″-ын туршид би гэрээ санаж, уйтгарласан доожоогүй хүн байлаа. Англиас мордох үед нутагтаа хоргодох сэтгэл багахан төрсөн. Харин Мальтад буудаллахад энэ маань бүр хүчтэй болсон. Бид зуpгадугаар сарын 3-нд “Евро-2000″-ын өмнөх бэлтгэлээ хангах нөхөрсөг тоглолтыг энд хийсэн юм. Валетта хот байгалийн үзэсгэлэн цогцолсон, тааламжтай цаг уур бүхий гайхамшигт газар боловч энэ байдал намайг тайвшруулахгүй байв. Энэхүү Ахиллесийн өвчин (гэрээ санах) миний бие махбодид эсрэгээр нөлөөлж, “Евро-2000″-ын тоглолтуудад үндсэн бүрэлдэхүүнд гарах боломжгүй болгож байлаа. Тухайн үед би өөрийнхөө яагаад байгаа учрыг ойлгохгүй байв. Гагцхүү бэлтгэлийн үеэр л сэтгэл минь бага зэрэг сэргэдэг байсан.
Бельгийн Спагийн ойролцоох Английн шигшээ багийн буусан зочид буудалд төвхнөөд бушуухан бэлтгэлийн цаг болоосой гэж тэсч ядан хүлээв. Энэ том тэмцээнд оролцохоор ирсэндээ сэтгэл минь догдолж байсан ч өөрийнхөө зогсонги байдалд орсныг ойлгохгүй хэвээр л байлаа. Надад юу тохиолдоод ийм сонин байдалд орчихов оо? гэж өөрөөсөө асууна. Хөлбөмбөг тоглодог хүн бүрийн мөрөөдөл болсон Европын АШТ-д оролцохоор болж, тивийнхээ шилдэг тоглогчидтой нүүр тулан өрсөлдөх болсондоо баяртай байв. Тьерри Анри, Алессандро дель Пьеро гээд Европын шилдгүүд энд цуглажээ. “Евро-2000″ миний хувьд өөрийгөө нээн олон түмэнд таниулах, энэ шилдгүүдийн эсрэг хэрхэн тоглож чадах вэ? гэдгээ тандах сайхан боломж гарч байгаа ч Хюитон дүүргийн Айронсайдын 10 дугаар байшиндаа очихыг хамгаас илүү хүсч байв. Би гэртээ л сэтгэл амар байдаг билээ. Энэ тэмцээн миний хувьд гэрээсээ удаан хугацаагаар хол байсан анхны тохиолдол юм. Урьд нь ямар нэг тэмдэглэлт баяр юм уу, хөлбөмбөгийн айлчлан тоглолтоор дээд тал нь долоо хоногоор гэрээсээ хол байдаг байлаа. Долоо хоног гэрийнхнээсээ тусдаа бахад цаг хугацааг төдийлэн мэдрэлгүй өнгөрөөдөг байсан бол “Евро-2000″ огт өөр сэтгэгдэл төрүүлж байсан. Хэдий энэ сайхан үйл явдал ч таван долоо хоног гэртээ очихгүй байна гэдэг миний хувьд шоронд хоригдох ял сонссон мэт бэрх байсан юм.
Ийн сэтгэл тавгүйтэхийн зэрэгцээ гэдэс хямраад хэцүү байлаа. Би Англид, Ливерпульдээ буцан очоод, аав, ээж, Пол ахтай байхыг, гэр бүлийнхнээрээ хүрээлүүлэн суухыг маш их хүсч байв. Найзууд, хөршүүд гээд ойр дотныхонтойгоо уулзмаар санагдана. Ээжийнхээ чанасан цайг ууж, аав, ах хоёртойгоо ярилцмаар байлаа. Гэрээсээ хол байхад би үнэхээр дургүй. Гэртээ, дасал болсон дөрвөн хананыхаа дунд би сэтгэл амар, тайван байдаг юм. Спад өрөөндөө цонхоор харагдах өтгөн шигүү ойг гунигтайгаар ширтэн буйдан дээр суухдаа хэн нэгнээс тусламж эрэн хашгирмаар санагдана.
Орой бүр гэрийнхэнтэйгээ утсаар ярьдаг ч өөрт тохиолдсон зүйлийнхээ тухай аав, ээждээ хэлж зүрхэлдэггүй байлаа. Үнэндээ гэрээ санасан гэж хэлэхээс ичсэн хэрэг. “Энд бүх зүйл сайхан байна, та нар санаа зоволтгүй дээ” гэнэ. Бага биш цалин авдаг мэргэжлийн хөлбөмбөгч болоод улмаар эх орноо төлөөлөн шигшээ багт уригдаад байна. Энд хөгжилтэй, найрсаг залуус цуглажээ. Арваад жил үерхсэн Майкл Оуэнээс эхлээд бүгдтэй нь л ойр дотно харилцаж, тоглож наргиж байв. Кевин Киган ч надад тун элэгсэг дотно ханддаг байлаа. Кевиний хувьд “Евро-2000″ гэсэн энэ том тэмцээнд туршлага нимгэн намайг багтаа сонгосон нь аз туршсан хэрэг байсан гэж би боддог. Энэ багт багтсан нь миний хувьд том аз завшаан билээ. Өчүүхэн төдий алдаа гаргахад намайг орлон ирэх хүн Англид зөндөө бий. Тиймээс би гэрээ санаж, тавгүй байгаагаа аргацаахыг, бусдадаа мэдэгдэхгүйг хичээдэг байв.
Нэг орой би тэсэлгүй ээждээ бүх үнэнээ хэллээ. “Ээж ээ, би энд баймааргүй байна. Таны дэргэд очмоор санагдаад унтаж ч чадахгүй юм” гэв. Ингэж хэлэхэд мэдээж эцэг, эх маань надад санаа зовсон. Тэд Пол ах, бид хоёрт маш их анхаарал тавьдаг. Гэвч тэд миний хэлснийг сонсоод яаран болчимгүй зүйл хийхийг хүссэнгүй. Аав харилцуурыг аваад надад “Стивен, хүү минь, чи энд юугаа ч орхиогүй. Тиймээс наашаа ирэх гэсний хэрэггүй. Хэрэв чи гэртээ ирвэл хоёр, гурав хоносны дараа дахиад л Спа руу явмаар санагдах болно. Тиймээс шигшээ багтаа бүх анхаарлаа хандуулаад хичээ” хэмээв. Би “Аав аа, би бэлтгэлээ сайн хийж байгаа. Энд байх ч сайхан байна. Гэхдээ энэ бүхнээс илүү гэртээ харимаар санагдах юм. Энэ бүхэн хэр удаан үргэлжлэх юм бүү мэд, хурдхан л харимаар байна” гэлээ. Аав “Чи тэгээд энэ тухай дасгалжуулагчдаа хэлсэн үү?” гэж асуухад нь “Үгүй ээ, би тэгж чадахгүй” гэж хариулсан. Би яаж ингэж хэлж зүрхлэх билээ? Шигшээ багтаа ганцхан тоглолт хийсэн байж Кевин дээр очоод “Дасгалжуулагч аа, би гэрээ санаад байна” гэж хэлэх нь ичгэвтэр хэрэг. Хэрэв тэгвэл тэр намайг багаасаа шууд хасах байсан биз. “Евро-2000″ хараахан эхлээгүй учир Кевинд намайг хэн нэгнээр солих эрх бий. Эцсийн дүнд энэ байдлаас гарах ганц зам нь тэмцээндээ бүх анхаарлаа хандуулах байсан.
Гэрээ санана гэдэг надаас салахгүй нэг дутагдал бололтой. Одоо ч гэсэн би гэрээсээ хол байхдаа ийм зүйлийг мэдэрдэг. Португалд болсон “Евро-2004″-т ч гэсэн би дээрхийн адил хүнд өдрүүдийг өнгөрүүлсэн. Би үнэхээр гэр амьтай хүн юм аа. Хэрвээ би хөлбөмбөгч биш байсан бол ингэж хоёр сарын турш гэрээсээ хол байж чадахгүй байсан биз ээ. Би энэ дутагдлаа үзэн яддаг. Хэрэв гэрийнхэнтэйгээ хамт шигшээ багийн буудалд байрлавал өөр хэрэг. Хичнээн удаан явсан ч ажрахгүй байх. Гэхдээ гэртээ ганцаараа байхад мөн дургүй. Ийм тохиолдолд нэг цаг болоод л уйдсандаа утсаа шүүрч аван хэн нэгэн рүү залгадаг. Тэгэхээр би гэртээ биш, гэрийнхэнтэйгээ байх дуртай юм.
Европын АШТ-ий үеэр гэрээ санаж уйтгарлахын зэрэгцээ энэ том тэмцээнд оролцох болсондоо баяртай байсан. Найзууд маань над руу утасдаж Английн шигшээгийн тоглогч болсонд бахархаж байгаагаа хэлэн, намайг азтай хэмээж байв. Тэдний ингэж ярих бүрт намайг нөмөрсөн уйтгар гунигийн хар үүл агшин зуур арилж, сэтгэл минь баяр хөөрөөр цэлмэдэг байлаа. Дэлхийн хамгийн олон хүн үзэж сонирхдог энэ арга хэмжээнд оролцож байна шүү дээ, би.
Биднийг Англиас мордохоос өмнө улс орон даяар Европын АШТ-ийг тэсч ядан хүлээж буй нь мэдрэгдэж байсан. Байшин бүрийн гадна Английн далбаа намирч, автобус, галт тэрэгний бөөрөн дээр шигшээ багаа дэмжсэн уриа харагдана. Сонингууд ч энэ үйл явдалд зориулан хуудасны тоогоо нэмжээ. Би энэ бүхний нэг хэсэг нь болохыг маш их хүсч байлаа. Тавдугаар сарын 31-нд Украинтай хийсэн нөхөрсөг тоглолтын дараахан Киган эцсийн бүрэлдэхүүнээ зарлахад би түүнд нь багтсан. Би өөрийгөө бусадтай харьцуулахад туршлага багатай, ганцхан тоглолтод оролцсон гэж голж байв. Гэвч Киган миний нэрийг Алан Ширер, Дэвид Бекхэм, Тони Адамс, Пол Скоулз нарын ододтой хамт дуудлаа. Английн шигшээ багийн төлөө ердөө 81 минут тоглосон би Голланд, Бельгид болох Европын АШТ-д оролцох багт ийнхүү багтав.
Английн хөлбөмбөгийн холбоо болон Кевин Спад тоглогчдынхоо тав тухыг хангахад бүрэн анхаарчээ. Усан сан, ширээний теннис, тулааны төрлүүд голчлон орсон компьютер тоглоом, 18 нүхтэй гольфын талбай гээд хүн болгоны сонирхдог зүйлийг цогцлоосон байв. Бидэнд дутагдах зүйл юу ч байсангүй. FA-гээс огтхон ч гар таталгүй бидэнд анхаарал тавьсан. Тэмцээний өмнө тоглогчдын сэтгэлийг сэргээхээр олон арга хэмжээг зохион байгуулж байв. Тоглогчид өөрсдөө санаачлан шөнийн уралдаан зохион байгуулахад Макка, Робби нар ялж, Эйнтригийн (1) тойруулгад түрүүлсэн мэт бардам алхаж байлаа. Кевин ч гэсэн бидэнтэй нийлээд бужигнана. Зочид буудлын зарим өрөөнд хөзөрчдийн цуглаан болно. Хэн, хаана тоглож байгааг олоход тун амархан. Хөзөр тоглож байгаа газар маш их дуу чимээтэй байдаг юм. Миний хувьд хөзөр тоглох дургүй ч бусдынхаа хэрхэн хөг-жилдөхийг харж, сонсох сайхан байдаг. Хэвлэлийнхэн Кевинийг энэ тал дээр их шүүмжилж байсан. Түүний энэ нөхөрсөг, нийтэч байдал багийг улам нягт, дотно болгоход түлхэц болж байв. Сонинд бичсэн шиг багийн амжилтыг доош нь татсан зүйл байгаагүйг онцлон хэлье. Кевинийг ийнхүү нээлттэй байхад тоглогчдын хэн нь ч юугаа ч нуулгүй, илэн далангүй ханддаг байсан. Миний хувьд хүйтэн, хөндий, сүрдмээр албаны царайлсан дасгалжуулагч¬даас Кевинийг илүүд үзнэ. Тэр “Евро-2000″-ын турш надтай яг эцэг шиг минь харилцдаг байсан.
Кевиний энэхүү нээлттэй, нийтэч зан миний биеэ барьсан байдлыг эвдэж, би аажим аажмаар шигшээгийн нэг хэсэг нь болж байлаа. Үнэндээ бид тал талаас цугласан болохоор хүн болгон л ийм байсан. Нэг удаа хонгилд Гэри Невиллтэй таарахад тэр “Ливерпуль”, “Юнайтед”-аар хуваагдан, усан поло, бильярдын тэмцээн хийх санал гаргаж билээ. Европын АШТ-ий үеэр би бүх тоглогчтой ярилцаж, харилцаагаа гүнзгийрүүлж байв. Деннис Уайс (2)-тай ойлголцоход хамгийн хүнд байсан. Гэхдээ би түүнтэй сайн найзууд болж чадсан. Над шиг шинээр ирсэн тоглогчтой ахархаж, ёс бус харилцсан хүн гараагүйд би баярлаж байлаа.
Би ийн шигшээгийнхэнтэй бүгдтэй нь энгийн харилцдаг болсон ч Ширерээс айж, эмээдэг хэвээр л байв. Хэрэв хоолны өрөөнд очиход Английн шигшээгийн ахлагч ширээгээ эзэлсэн байвал би аль болох түүний дэргэд суухгүйг хичээнэ. Академид суралцаж байх үед хүн болгон л Ширер, Фаулерын тухай итгэхэд бэрх зүйл ярьдаг байсан билээ. Азаар гэх үү, “Ливерпуль”-д Роббитой хамт тоглодог болохоор би түүнтэй хүссэнээрээ харилцаж чаддаг. Ширерийн хувьд өөр хэрэг. Тэр бол миний шүтээн. Тэр бусдаас онцгой, эрхэмсэг нэгэн. Ширерийг өрөөнд орж ирэхэд хүн болгон хийж байгаа зүйлээ орхин түүнийг хардаг. Тэр зөвхөн гадаад төрхөөрөө ийн бусдын анхаарлыг татдаггүй. “Евро-2000″-ын үеэр би түүнийг шилдэг төвийн довтлогчийн зэрэгцээ эрхэмсэг, ихэмсэг нэгэн болохыг нь мэдэж авсан. Гэхдээ энэ бол их зантай гэсэн үг биш. Түүнийг биеэ, “би” гэж байхыг нь мэдэхгүй юм. Нээлттэй, нийтэч, нөхөрсөг зан бол геордичуудын (3) нийтлэг төрх билээ. Тэр намайг шинэ хүн гэж үл тоомсорлолгүй дуудан ярилцдаг байсан. Аажмаар би энэ агуу хүнтэй эмээлгүй ярилцдаг боллоо. Тэр “Залуу минь, дажгүй байгаа биз?” гэж санаа тавина. “Аялал хэр байна даа? “Ливерпуль”-д ямар байдаг вэ?” гээд яриа өднө. Талбай дээр уйгагүй тэмцэгчийн төрхтэй тэрбээр энгийн үед санаснаас дуу цөөтэй, даруухан юм билээ. Зурагтаар харахад их догшин, ширүүн төрхтэй санагдсан түүнтэй анх ярилцаж үзээд л тийм бишийг нь мэдэж гайхаж байлаа. Ширер надтай юу ч хамаагүй ярьж, гэрээсээ хол байж үзээгүй миний гэрээ санасан сэтгэлийг мартуулахыг хичээдэг байв.
1-Мерсисайд дахь Английн морин уралдааны алдартай тойруулга
2-”Евро-2000″-д оролцсон Английн шигшээгийн хамгийн ахмад тоглогч
3-Ньюкасл орчмын нутгийнхныг геордичууд хэмээдэг
Ийнхүү Ширертэй элдвийг ярьж, Гари Невиллтэй бильярд тоглон, хөзөрчдийн хөгжилдөөнийг хөндлөнгөөс сонсон баясах нь маш таатай байлаа. Спад очоод эхэндээ тамд байгаа юм шиг санагдаж байсан бол ингэж багийнхантайгаа ойр болж чадсанаар диваажинд очсон мэт болж билээ. Гэхдээ супер оддоор хүрээлүүлсэн ийм нөхцөлд дотор минь гэрээ санах сэтгэл хургасаар байсан юм. Өчнөөн олон тэмцээнд оролцож, түрүүлсэн тэдэнтэй адил түвшинд харилцаж, тоглоомд урьж хараахан төвдөхгүй байсан.
Азаар “Астон Вилла”-гийн Гарет Бэрри мөн надтай адил шигшээд шинээр иржээ. Бүх тоглогч тусдаа өрөөнд орсон бол бид хоёрын өрөө дундаа нэг зочдын танхимтай байлаа. Тоглогчид бүгдээрээ үүдэндээ ийм илүү өрөөтэй байхыг хүссэн ч Кевин тэрийг нь шинэ хөвгүүдэд хуваарил¬сан юм. Бидний өрөө яг өөд өөдөөсөө харсан байв. “Евро 2000″-ын би Гареттай тун сайн найз болж, одоо ч дотно нөхөрлөсөөр яваа. Миний адил Гарет Английн шигшээгийн цуутай тоглогчдын дунд анх ороод бэргэсхийн явдаг байж. Би түүнтэй сэтгэлээ нээн ярилцсанаар хөгжилтэй, яриа хөөрөөтэй залуу болохыг нь мэдэж авсан. Бид бильярд, ширээний теннис тоглож, хоолонд орохдоо ч хамт явдаг байв. Яг л гэрлэсэн хосууд шиг бие биенээсээ бараг холддоггүй байж билээ. Гаретыг сайн тоглогч гэдгийг хүн бүр мэддэг. Нэг удаагийн бэлтгэл дээр тэр зүүн жигүүрээс хэд хэдэн удаа гайхалтай хөндлөн дамжуулалт өгөхөд шигшээгийн том ах нар түүнийг шагшин ярилцаж байсныг нь тод санаж байна. Киган ч биднийг тоглолтод гарахад бэлэн болсон эсэхийг шалган, үргэлж анхаарал тавьдаг байв.
Кевиний туслах Артур Кокс надад хэн хүнээс илүү дотно ханддаг байлаа. Мөн Киган ажилдаа туслуулахаар бэлтгэлийн баазад Найжел Спэкмэн, Питер Бэрдсли, Кенни Свэйн нарыг дууджээ. Тэр гурав Гарет, бид хоёр шиг шинэ тоглогчдыг хэрхэн бухимдлаас ангижруулахаа мэддэг ажээ. Найжел, Питер, Кенни гуравгүйгээр би гэрийнхнийгээ санаж шаналахаа болино гэдэг худлаа байсан байх аа. Тэд дасгалжуулагчдын багийн албан ёсны гишүүн биш ч бидэнтэй чин сэтгэлээсээ хичээн ажиллаж байсан. Энэ байдлаараа тэд миний хамгийн итгэлт хүмүүсийн нэг болсон. Найжел “Залуу минь, толгой гудайхгүй шүү” гэхэд Питер “Өөдрөг, сэргэлэн байх хэрэгтэй” хэмээн, Кенни “Ямар нэг хөгжилтэй тоглоом тоглоё л доо” гэж үг нэмнэ. Тэд яг л миний төрсөн ах мэт намайг асарч, тойлж байсан. Тоглолтыг нь харж, биширч дууриаж явсан хүмүүс маань надтай ингэж харьцахаар урам зориг орж, тоглолтдоо бүх анхаарлаа хандуулъя гэсэн бодол төрдөг юм билээ. Спад байсан тэр богино хугацаанд Найжел, Питер, Кенни гурав намайг хувь хүн болоод тоглогчийн хувиар түвшнийг минь шат ахиулсан гэж боддог. Тэдний миний төлөө хийсэн бүхэнд нь би талархаж явдаг.
Гэхдээ Киганы багийн зарим хүн, тодруулбал хоёр дасгалжуулагч миний урам, зоригийг үргэлж хугалдаг байсан. Одоо ч гэсэн би Лес Рид, Дерек Фазакерли нарын тааварлашгүй аашийг нь ойлгодоггүй. Би урьд нь гэрээсээ олон хоногоор хол явж үзээгүй залуу хөлбөмбөгч. Тийм ч учраас Рид, Фазакерли нарыг арай дээр хандана гэж найддаг байлаа. Гэтэл тэд үргэлж намайг гоочилж, миний хийснийг үгүйсгэнэ. Дасал болсон гэрийнхнээсээ холдож, онгоцоор аялж, зочид буудалд байрлахад хүн болгон л бие биедээ санаа тавин, харилцан тусалдаг. Харин тэр залуус тийм байгаагүй. Тэднийг харахаар, тэдэнтэй ойр байхаараа би тэнд очсондоо харамсдаг байсан.
Гэвч би ийм хүнд, бэрхшээл тохиолдсон үед ямар нэг аргаар уйтгарлахгүйг хичээдэг байлаа. Зөвхөн бэлтгэл, тоглолтдоо анхаарлаа бүрэн хандуулахыг эрмэлзэнэ. Шигшээгийн гарааны 11 тоглогчийн нэг нь болохын төлөө хамаг хүчээ дайчлан хичээж байв. Нэг удаагийн бэлтгэл дээр Гарет Саутгейт, бид хоёр бөмбөгний төлөө тэмцэлдсэнийг хүмүүс саяхныг болтол ярьсан. Гарет миний баруун гар талаас эзэнгүй үлдсэн ганц бөмбөгийг авахаар ирж байв. Тэр бол өрсөлдөгчдөө ямар нэг хор уршиг, гэмтэл бэртэл учруулалгүй бөмбөгийг нь цэвэрхэн булаагаад авчихдаг шилдэг хамгаалагч гэдгээрээ олонд танигдсан нэгэн билээ. Би бөмбөгт хүрэхээр дөхтөл Саутгейт намайг ёврон холдуулаад, хөл доороос бөмбөгийг эвлэгхэн өнхрүүлж аваад цааш эргэв. Надад сонголт байсангүй, би түүний хөлд суун оров. Бэлтгэл дээр ингэж бөмбөг алдана гэдэг миний хувьд тоглолт дээр булаалгаснаас ялгаагүй. Гэтэл Саутгейт тэрий хадан унаж, ингэхэд нь төсөөлөмгүй чанга дуу гарав. Энэ бараг Бельгийн ой даяар цуурайтсан байх аа. Бэлтгэлийн байдлыг сонирхож байсан хэвлэлийнхэн, мөн манай багийнхан бүгд хийж байгаа зүйлээ орхин бидэн рүү харав. Тэгэхэд яг буун дуу шиг чимээ гарч билээ. Сүүлд Киган энэ тухай жаахан хэтрүүлээд ярьчихсан юм шиг санагддаг. Тэр “Бөмбөгнөөс болж нэгнийгээ дамнуурган дээр хэвтүүлэх шахлаа” гэж хэлсэн. Миний хувьд энэ бол энгийн л нэг tackle байсан. Тухайн үед Саутгейтээс ингэж бөмбөгийг нь булааж авчихаад дотроо битүүхэн инээмсэглэн холдож байв. Киган болон багийнхан маань намайг “Евро-2000″-ын төлөө шатаж буйг ойлгосон байх аа.
Бэлтгэлийнхээ багцаагаар би зургадугаар сарын 12-ны даваа гаригт Эйндховенд болох Английн шигшээгийн “Евро-2000″-ын эхний тог¬лолт Португалын эсрэг хийх тулаанд гарах боломжгүй гэдгээ мэдэрсэн. Манай багийн талбайн дунд хэсгийн түшиг болох хүн нь Пол Инс байв. Тэр Украинтай хийсэн нөхөрсөг тоглолтод шилбэндээ бага зэрэг бэртэл авсан бөгөөд тэр нь гайгүй эдгэжээ. Ер нь тэр “гурван арслан”-гийн хувцас өмсөхөөрөө “Ливерпуль”-д байдгаасаа илүү болчихдог. “Ливерпуль” болон Английн шигшээгийн тоглохдоо хийхийг хүсдэг хатуу ширүүн хамгаалалт, ашигтай дамжуулалт, хүчтэй цохилтыг тэр төгс гүйцэтгэдэг билээ. Тиймээс ч би түүнийг анхааран ажиглаж, хийснийг нь дууриахыг хичээдэг байв. Хэдийгээр бэлтгэл дээр би заримдаа Инсээс илүү тоглож, Киган ч үүнийг ил тод хэлдэг байсан ч эхний тоглолтод гарах итгэл огтхон ч төрөхгүй байсан. Луиш Фигу, Руй Кошта, Жоао Пинту нарын шилдгүүдийн өмнөөс над шиг туршлагагүй нэгнийг тавих тэнэг хүн тэр биш.
Эхний тоглолт эхлэхийн өмнө манай багийнхан талбайд бие халаалт хийж байв. “ПСВ”-гийн цэнгэлдэх хүрээлэн пиг дүүрчээ. Хэдий хэдэн арван мянган хүн тэнд цугласан ч тэр олон хүн дотор аав маань байхыг зэрвэсхэн хараад өнгөрлөө. Английн хөлбөмбөгийн холбооны хөтөлбөрөөр шигшээ багийнхны гэр бүл болон найз нөхөд хөнгөлөлттэй үнээр Европын АШТ-ийг газар дээр нь үзэх боломж тийнхүү гарсан юм билээ. Киган болон бусад дасгалжуулагчдын нүдийг хариулж байгаад үзэгчдийн дундаас аавыгаа хайн олоод хар хурдаараа гүйн очиж тэврэн авсан. Аав гарыг минь атган “Амжилт хүсье” гэж хэлээд буцаав. Гэхдээ би талбайд гарахгүй гэдгээ мэдэж байлаа.
Би нөөц тоглогчдын суудалд суугаад тоглолт үзлээ. Скоулз, Макка хоёр гоол хийж, 20 дахь минут гэхэд манайх 2:0-ээр хошуучилж эхлэв. Английн шигшээ баг яг л нутагтаа тоглож байгаа юм шиг итгэлтэй байсан. Оддоор дүүрэн португалчуудыг манайх байрлал бүрт илүүрхэж байлаа. Би багийнхныхаа тоглолтод сэтгэл баясан Макка, Инси, Майкл нарыг дэмжиж, суудалдаа тогтож ядан байв. “За алив залуус аа, гурав да¬хийг нь хийгээд өг. Тэднийг бут ниргэ” гэж амандаа бувтнана. Тоглолтын дараа хувцас солих өрөөнд хүн болгонтой тэврэлдэн, “Евро-2000″-ын аваргын цом ойрхон байна гэж ярилцана гэж төсөөлөн суув. Спа руу буцахдаа авто¬бусан дотор хэрхэн хөгжилдөж, буудалдаа очоод гайхамшигт ялалтын¬хаа талаар ярил¬цан суух тухай бодож байв. Аав маань гэр лүүгээ утасдаад Англид шигшээ багийнхаа ялгуусан ялалтыг хүмүүс хэрхэн тэмдэглэж буйг хэлэхийг нь тэсч ядан хүлээнэ.
Гэвч бүх юм эсрэгээр эргэлээ. Яг уралдааныг тэргүүлж явсан гүйгч гэнэтхэн их элстэй тулгарч хөл нь шигдэн урагшлахаа болих мэт. Англичуудын идэвх суларч эхэллээ. Яагаад ч юм манайхан португалчуудын дамжуулалт, довтолгоог тасалж чадахаа болив. Фигу үнэхээр гайхалтай тоглосон. Тэр жинхэнэ лидер, шилдэг тоглогч юм аа. Тэдний эхлүүсэн довтолгоо ямагт хаалган дээр очиж дуусч байв. Гэнэтийн энэ өөрчлөлт итгэмээгүй санагдана. Манайд Ширер, Оуэн, Бекхэм гээд шилдэг тоглогчид байгаа. Тэднийг энэ байдлыг арилгана гэсэн найдлага хором мөч өнгөрөх тусам багассаар. Английн шигшээгийн ар талыг олон жил хад, чулуу мэт хамгаалсан Тони Адамс хүртэл алдаа гаргах юм. Энэ нь Английн шигшээг яг л гүрээний судсаа огтлуулсан амьтан мэт болгож байлаа. Завсарлагаан болохоос өмнө Фигу, Жоао Пинту нар тоог 2:2 болгож тэнцүүлсэн. Хоёрдугаар үед үүнээс илүү хэцүү байна гэдэг бодол хүн бүрийн толгойд хадаастай байлаа. Киганы хөвгүүдийн зориг нь мохжээ. Нуну Гомеш Португалын хожлын гоолыг оруулж, сүүлчийн шүглийн дуу дуугарсны дараа тэд ялалтаа тэмдэглэн баярлах нь бидэнд яг л авсны таг нээх мэт шаналалтай сонсогдож байлаа. Хар дарсан зүүд гэдэг энэ байх.
Тоглогчид хувцас солих өрөө рүү толгой гудайн, хөлөө зөөж ядан алхацгаана. Киган ч гэсэн хүнд цохилтод оржээ. Тэр “Та нар тэдэнд хожигдохгүй байж болох байсан, хамгаалалтдаа дэндүү их алдаа гаргалаа” гэж үглэнэ. “Гэхдээ тэмцээн дуусаагүй байна. Бид алдсанаа нөхөж чадна” хэмээн үргэлжлүүлэн хэллээ. Кевин олон юм ярьж чадахгүй байв. Ер нь хэн ч гэсэн тийм байсан даа. Тоглогч, дасгалжуулагч, сэлгээнийхэн гээд бүгд л дуу нь гарахаа байчихжээ. Хэн нэгэн ярилаа ч түүнийг нь анзаарч сонсох хүн байгаагүй биз ээ. Би өрөөний буланд бусдаас зайдуухан суугаад “энэ тоглолтод гараагүй нь онож” хэмээн өөртөө хэлж байлаа. Энэ тулаан надад үнэхээр ахадсан талбар байв. Португал зэрэг хүчирхэг багууд эрчээ аваад эхэлбэл тогтоож барихад бэрх ажээ. “Би ийм түвшинд тоглож чадах болов уу?” гэсэн эрт цагийн бодол маань эргэн төрж эхэллээ. Миний долоо хоног бүр Премьер лигийн тоглолтод ур чадварыг нь бахдан хардаг одод маань хөдөлгөөнгүй сууцгааж байв. Өрөөнд хэн ч байхгүй мэт санагдана. Фигу, Жоао Пинту нар тэдний хамаг тамир тэнхээг барж орхижээ. Киган үгээ товчхон хэлж дууссаны дараа өрөөнд тоглогчид хүнд хүнд амьсгалан, хааяа хэн нэг нь санаа алдах сонсогдож байлаа. Миний хүндэлж дээдэлж явдаг хөлбөмбөгчид маань толгой гудайн чимээгүй сууцгааж, хааяа нэг ус балгахаас өөр хөдөлгөөн үл хийх аж. Энэ хувцас солих өрөө биш, яг шарил хадгалах хонгил мэт санагдана.
Хэсэг хугацааны дараа өрөө аажмаар хөдөлгөөнд орж эхэллээ. Хожигдлыг нь сануулах шавар, шавхайнаасаа салах гэж зарим нь шүршүүр лүү явлаа. Киганы туслах Кокс, Фазакерли нар тоглогч нэг бүр дээр очин чимээгүй ярилцаж байв. Одоо сургаал айлдаж суух цаг биш болохоор хэн юун дээр алдсан, яаж тогловол дээр байсныг нь товчхон хэлж өгч байлаа. Илээч эмч Гари Левин тоглогчдын хөл, гарыг үзэн, зовиур байгаа эсэхийг шалган явж байв. Биеийн зовиур тэгсхийгээд намдаж болох ч тухайн үед Португалд хожигдсон шаналлыг дарах шидтэй юм юу ч бай-сангүй. Би хэнтэй ч юм ярихыг хүсэлгүй буланд шигдэн суусаар байлаа. “Ливерпуль”-ийнхээ залуусыг тайвшруулъя гэсэн бодол ч төрсөнгүй.
“Эйндховен”-ий цэнгэлдэх хүрээлэнгийн хувцас солих өрөөн дэх тэрхүү уур бухимдал, гуниг гутралыг би нүдээрээ харснаар хөлбөмбөгийн утга учрыг улам бүр ухан ойлгож билээ. Тэр үед би олон тоглолтод оролцоогүй, туршлага нимгэн нэгэн байлаа. Хөлбөмбөг миний хувьд зүгээр л наргиан, хөгжөөн төдий зүйл байсан. Хожигдсон ч энэ өдрийнх шиг ингэж хүндээр тусган авч байсангүй. Харин Английн шигшээ багийн энэ хожигдол надад нэгийг бодогдуулсан. Ялагдал гэдэг спортын ертөнц дэх үхэл ажээ.
Цэнгэлдэхийг орхих цаг болжээ. Багийнхан толгой гудайлган дасгалжуулагчийн араас алхах нь яг л хоригдлууд шиг харагдаж байлаа. Автобус Спаг зорин хөдөлсний дараа Киган Гарет Бэрри, бид хоёрын дэргэд ирж суун цөөн хором ярилцав. Тэр “Би та хоёрыг энэ тоглолтоос их юм ойлгосон гэж найдаж байна. Энэ тэмцээний аль нэг тоглолтод та хоёр гарах болно шүү” хэмээлээ. Би хариу хэлээгүй ч дотроо “Тийм ээ. Хэрэв тэгвэл энэ өдрийнх шиг алдаа гаргахгүйг хичээнэ” хэмээн бодсон. Английн шигшээ багийн төлөө энэ том тэмцээнд ганц минут ч болов тогловол тэр миний баяр баясгалан юм. Бидний дараагийн учраа эвлэршгүй өрсөлдөгч Германы шигшээ баг байх болно. Би Киган надад боломж олгоосой хэмээн залбирч байлаа.
Зургадугаар сарын 17-нд Шарлеруад Германтай хийх тоглолтод би¬дэнд хожихоос өөр сонголт байгаагүй. Зочид буудалд тоглогчид хэсэг хэсгээрээ нийлэн ярилцах ба гол сэдэв нь бидний хувь заяаг шийдэх тэр өдрийн тухай байсан. Бүгд л “Бид энэ тоглолтод хожиж, түүхийн шинэ хуудсыг нээх ёстой” хэмээнэ. Тэр хэрээр бидэнд сэтгэлзүйн их дарамттай болж, дасгалжуулагч, тоглогчид бүгдээрээ бухимдуу байцгаалаа. Бид бүг¬дээрээ “Евро-2000″-д өөрсдийн түвшинд, хүмүүсийн хүсээд байгаа тэр хэмжээнд тоглох ёстой гэдгээ мэдэж байсан. Хэрэв бид Германд хожигдвол Англи даяар, хүн бүр гуньж гутрах болно. Германчуудад хожигдоод нутагтаа очиход хүмүүс хэрхэн хүлээж авах бол гэсэн бодол надад айдас төрүүлж байлаа. Түүхэнд бид хэд хэдэн түүхэн тулаан хийж байсан билээ. 1966, 1970 оны ДАШТ-д дараалан таарч, “Итали-90″ ДАШТ болон “Евро-96″-д нүүр тулан учирч байв. Энэ бол энгийн нэг тоглолт биш, яг дербигийн өрсөлдөөн мэт ширүүн тулаан болох учиртай. “Германчуудад хожигдож болохгүй” гэсэн үг бидний уриа болж байв. Англи хөлбөмбөгч бүрээс германчуудын эсрэг тоглоход бүх хүчээ дайчлах эрмэлзэл гарах болно. Би ч мөн ялгаагүй. Би Германы шигшээ багийн хагас хамгаалагчидтай халз тулан, шилбэний хамгаалалтынх нь чанарыг шалгахсан гэхээс тэсч ядаж байлаа.
Гэхдээ би Киган Шарлеруад намайг талбайд гаргаж аз туршихгүй гэж бодож байв. Энэ бол маш өндөр зэрэглэлийн тоглолт билээ. Зайлшгүй хожих ёстой Герман мэтийн эвлэршгүй өрсөлдөгчдийн эсрэг тоглолтод нусгай жаалд зай гарахгүй нь тодорхой. Киган намайг дахиад л сэлгээнд үлдээлээ. Тоглолт эхлэхийн өмнө “Ливерпуль”-ийн хамтран зүтгэгч Дитмар Хаманнтай хэдэн үг сольсон. Тэр Германы шигшээгийн үндсэн бүрэлдэхүүнд гарах ч надад урмын үг хайрлаж байлаа. Тэр надаас “Чамд талбайд гарах боломж байгаа биз дээ?” гэж асуухад нь “Үгүй” хэмээн эрс шулуун хариулж байв.
Би багийнхан дээрээ очоод тоглолтод анхаарлаа хандууллаа. Талбайд гарна гэж найдаагүй ч эхний үе болон завсарлагааны турш бие халаалт хийв. Хоёрдугаар үе эхлээд найман минутын дараа Ширер гоол орууллаа. Манайхны нүдэнд итгэл, найдварын оч гялалзаж эхэлжээ. Английн шигшээ баг тоглолтод ноёлж байв. Гэвч бид энэ давуу байдлаа тоглолт дуустал хадгалж чадах болов уу? Герман бол амар бууж өгөх баг биш билээ. Кевин туслах Фазакерлигаа дуудан ямар нэг юм шивнэж хэлэхэд тэр над руу эргэж хараад “Гарахад бэлтгэж, биеэ халаа” гэлээ. Надаас өөр тоглогч халаалтын зурвас дээр очсонгүй. Тэгэхээр би үнэхээр талбайд гарах нь ээ. Киган Спад миний Саутгейтээс бөмбөг салгаж авч байсныг эргэж санаад германчуудын эсрэг тэрийг хийлгэхийг хүссэн байх.
Киган талбайн захад зогсон тоглогчдодоо давуу байдлаа хадгалахыг сануулан хашгирна. Түүний хүсэл биелэхэд 30 минут л үлджээ. Энэ хугацааг эсэн мэнд даван туулбал Эйндховен дахь таагүй хожигдлын гуниг гутрал эргэн тойрноос ирэх магтаал, ерөөлөөр солигдох байлаа.
Би тоглолтод бүрэн бэлэн болж, бүх булчин, шөрмөсөө халаахын тулд галзуу хүн шиг л хоёр тийш гүйж байв. Ингээд намайг талбайд гаргах цаг ирлээ. Талбайгаас гарах тоглогчийн дугаарыг өргөхөд нь харвал Майклынх байлаа. Дасгалжуулагч их эрсдэлтэй, зоригтой шийдвэр гаргажээ. Майкл үлдсэн хугацаанд гоол оруулах магадлалтай ч Киган 1:0 гэсэн тэргүүллээ хадгалахыг хүсчээ. Хажуугийн шүүгч миний гуталны товрууг шалгав. Киган миний төлөө, ердөө ганц тоглолтод, тэр тусмаа нөхөрсөг тоглолтод оролцсон намайг ийм чухал мөчид талбайд гаргах гэж буйд нь багагүй сандарч байлаа. “Би ийм зүйл хүсээгүй шүү дээ” гэж дотроо бодож байв. Миний энэ байдлыг Кевин анзаарсан бололтой дэргэд ирж зогсоод “Стивен, чи зүгээр л “Ливерпуль”-ийн төлөө юу хийдэг, тэрийгээ гүйцэтгэ. Бөмбөгөө өөрс-дөдөө барьж тоглохыг хичээ. Гер¬манчуудын довтолгоог аюул учруулахаас нь өмнө няцаа. Германчууд одоо л хамаг юмаа гаргаж эхэлнэ шүү” гэв. Тэгээд хэсэг дуугүй зогссоноо “Стивен, чи үүнийг хийж чадна, би чамд итгэж байна. Чи зүгээр л хүссэнээ хийж зугаац” хэмээлээ. Би түүний энэ үгийг огт мартдаггүй юм. Англичуудын хамгийн их үзэн яддаг, хүчирхэг багийн эсрэг гарах гэж байгаа надад энэ нь зүгээр л цэцэрлэгт хүрээлэнд салхилаад ир гэж хэлж байгаа мэт санагдав. Итгэмээргүй юм. Кевиний тоглолтыг удирдах ухааныг тааварлашгүй юм аа. Сандарч тэвдсэн залуу тоглогчид ингэж хэлснээр тэр маш их урам хайрласан.
Ширүүн тулаанд хүч сорихоор цагаан шугамыг даван алхахад толгойд янз бүрийн юм бодогдож байлаа. Би төвийн хагас хамгаалагчаар тоглох ба Ширер яг өмнө талд минь байраа эзлэн зогсчээ. Германы эсрэг үхлийн хэмээгдсэн энэ тоглолтод ийнхүү гар, биеэрээ оролцох боллоо. Английн хөгжөөн дэмжигчид хоолой мэдэн хашгирч, уухайлан дуулах ажээ. Би герман¬чуудыг ардаа алдаж болохгүй, энэ тухай бодон тоглолтдоо анхаарав.
Германы шигшээ бол арын шугамнаасаа довтолгоо хүртэл байрлал бүртээ шилдгүүдийг багтаасан шилдэг баг. Хөлбөмбөгийн түүхэнд хамгийн агуу хаалгачдын нэгд тооцогдох Оливер Кан тэдний хаалгыг манаж буй. Хамгаалалтад Маркус Баббел, Иенс Новотны, Кристиан Циге нар зогсоно. Мөн домогт Лотар Маттеус тэдэнтэй мөр зэрэгцэн тоглож байлаа. Хүчтэй цохилтоороо гайхагддаг Карстен Янкер, багийн найруулагч Мехмет Шоль нарын нэрийг сонссон хэн ч уулга алдах биз ээ. Кевин “Чи наад Шольдоо хэн болохоо харуул. Түүнийг бөмбөгт хүргэж болохгүй шүү” гэж хашгирна. Би Мюнхены “Бавари”-д тоглодог түүнийг сайн мэднэ. Хэдийгээр түүнтэй тоглолт дээр учирч байгаагүй ч өмнө нь Германы шигшээ багийн тоглолтын бичлэгийг үзээд хамгийн их хор хохирол учруулж болох хүн нь тэр юм гэдгийг мэдэж авсан. Шигшээ багийн уулзалтын үеэр Германы шигшээ багийн эсрэг тактик боловсруулан ярилцаж байхад би дотроо Шольтой хэрхэн тэмцэлдэх талаар төсөөлөн бодож суусан. Тэгвэл одоо санаж, бодсоноо хэрэгжүүлэх цаг иржээ. Тоглолт үргэлжиллээ. Шолийг бөмбөг авсан даруйд би түүний хөлд жийн орж салган авав. Энэ мэтчилэн хэд хэдэн удаа түүнийг довтолгоо зохион байгуулж, аюул учруулахаас нь өмнө зогсоож чадлаа.
Гэхдээ Германы шигшээгийн тоглолт ганц түүн дээр тулгуурладаг гэвэл өрөөсгөл болох билээ. Германы шигшээгийн талбайн дунд хэсэгт Диди (Дитмар Хаманн) мөн тоглож байгаа. Диди тийм ч амар бууж өгөх хүн биш гэдгийг би сайн мэднэ. Тэр талбайн хаана ч ха¬маагүй очиж, багтаа бүх л үүргийг гүйцэтгэдэг нэгэн. Дидиг “Ливерпуль”-д ирэхэд манай багийн тоглолтын хэмнэл эрс өөрчлөгдсөнийг би тод санадаг. Энэ агуу тоглогчоос би өдөр бүр шинэ зүйлийг олж харан суралцдаг байлаа. Дидигийн үйлдэл бүрийг жижиг гэлтгүй анзааран харж, түүнийг нь дагаж дууриасаар би өөрийгөө тодорхой хэмжээнд хөгжүүлсэн. Түүнийг 2006 онд “Ливерпуль”-ийг орхин явахад нь би маш их харамссан. Тэр бол маш сайн хамгаалан тоглохын зэрэгцээ пуужин мэт цохилтоороо довтлогчдод тусалдаг олон талт тоглогч юм. Түүнийг бишрэн хүндлэх сэтгэл маань Шарлеруагийн талбайд өнгөрүүлсэн 29 минутад бүр нэмэгдсэн. Хэд хэдэн оновчтой дамжуулалт өгсний дараа тэр миний хажуугаар гүйн өнгөрөхдөө “Болж байна залуу минь, эрчээ алдахгүй шүү” гэв. Итгэмээргүй юм аа. Би бүр гайхаж, мэгдэж орхив. Дэлхийн хүмүүсийн бараг тэн хагас нь онцгойлон анхаарч үзсэн хөлбөмбөгийн хүчирхэг хоёр гүрний үхэх сэхэхээ шийдэх энэ чухал тоглолтод тэр надад, өрсөлдөгч багийнхаа тоглогчид ийнхүү урам хайрласан үг хэллээ гэж үү? Талбайд гарсан хоёр багийн аль алинд нь хожил маш чухал байсан. Германчууд “Евро-2000″-ын эхний тоглолтдоо Румынтай тэнцсэн билээ. Энэ шийдвэрлэх тоглолтод том тэмцээний утаа үнэрлээгүй намайг гарч ирэхэд Диди клубийнхээ залуу хамтран зүтгэгчийг зүрх нь үхэх вий гэсэндээ ингэж хэлсэн байх. Түүний хөлөрсөн царайнаас сандарч, тэвдсэн нь мэдэгдэж байлаа. Бөмбөг талбайгаас гарч, тоглолт бага боловч зогсоход би түүн рүү очин “Найз минь, би их сандарч байна. Өөрийгөө энэ тоглолтод гарч ирэх ёсгүй юм шиг санагдаад” гэхэд Диди “Стиви, тайвшир даа. Чи энгийн үед юу хийдгээ л хий” гэж билээ. Диди тэр үдэш өрсөлдөгчдөө хэрхэн элэгсэг хандаж, шударга тоглодгоо харуулсан. Би амьдралынхаа туршид Шарлеруад сонссон энэ үгсийг үргэлж санаж явах болно.
Гэхдээ би түүний багийг бут ниргэхсэн гэсэн хүслээр дүүрэн байлаа. Хэдийгээр Диди надад урмын үг хайрласан ч ингэлээ гээд зөөлөн, намдуу тоглоно гэсэн үг биш юм. Түүнтэй ийнхүү цөөн үг солилцсоноос хэдхэн минутын дараа Диди миний хажуугаар бөмбөг туун өнгөрлөө. Би “Мелвүд”-д ч ингэж алдаа гаргаж байсангүй. Тоог тэнцүүлэх боломж гарсанд догдолсон Кайзер суудлаасаа босч байгаа харагдав. Алдаагаа даруйхан засахгүй бол болохгүй нь. “Би Дидиг алдчихлаа. Түүнээс бөмбөгийг салгах хэрэгтэй” гэж бодов. Диди бөмбөгтэйгөө итгэлтэй урагшилж явав. Би араас нь гүйцэж очоод зоригтойгоор хөлд нь гулсан орлоо. Дахиж намайг давж гарна гэж байхгүй шүү. Диди германаар ямар нэг юм хэлж хашгирлаа. Тэр миний үйлдэлд таатай байгаагүй болохоор би хэлснийг нь ойлгох гэж хичээсэнгүй. Тэр ёолон газар хөрвөөж байв. Би түүн дээр очоод “Босооч, Диди. Би чамд хүрээгүй шүү дээ. Ингэж жүжиглээд байвал шүүгч шар хуудас өгчихөж магадгүй. Аягүй бол дараагийн тоглолтод дахиад шар хуудас авбал шөвгийн наймын тоглолтод оролцож чадахгүй болно” гэлээ. Гэхдээ энэ миний алдаа байгаагүй.
Тоглолтын дараа хэвлэлийн бага хурал дээр би “Диди яг охин гоншигнож байсан” гэж хэлсэн. Залуу, гэнэн тоглогчийн энэ үг огт шаардлагагүй, хэлэх хэрэггүй зүйл байсан. Ийм зүйл ярьсандаа би дараа нь маш их харамсч байлаа. Шүүгчийн сүүлчийн шүглийн дуу цангинасны дараа Английн шигшээ багийн хожилд миний хамгаалалт багагүй үүрэг гүйцэтгэсэн гэсэн бодол төрж, тархи руу нэг юм зурсхийж билээ. Тэгээд л хөөрч догдлон ухаанаа алдаад Дидигийн тухай тийм юм ярьсан хэрэг. Би Дидиг их хүндэтгэдэг. Энэ чухал тоглолтод гараад сандарч байхад тэр намайг тайвшруулж, хэвийн болоход тусалсан. Түүний үг надад хэрхэн нөлөөлснийг тэр өөрөө мэдэрсэн байх. Гэхдээ Диди өөрийнх нь тухай тийм утгагүй зүйл ярилаа гэж гомдол нэхэж байгаагүй. Би өдийг хүртэл түүнээс уучлал гуйж байсангүй, боломж ч гараагүй юм. Уучлаарай Диди, чи бол жинхэнэ эр хүн шүү.
Тоглолтын дараа Диди надад хувцсаа дурсгасан ба би түүнийг нь гэртээ нандигнан хадгалдаг юм. Шатны дэргэд жаазлан өлгөсөн түүний хувцсыг харах бүрт Шарлеруа дахь тэр нэгэн үдшийн тухай бодол намайг нөмрөн авдаг. Их сэтгэл хөдлөл, сандарч тэвдэн гүйж байсан инээдтэй төрх, германчуудын бөмбөгийг булаан авч байсан, эцэст нь манай баг гурван оноотой үлдэж чадсан гээд. Тэр надад хувцсаа дурсгахдаа “Дараагийн тоглолтод чинь амжилт хүсье” гэж хэлээд толгой гудайн хувцас солих өрөө рүүгээ явж билээ. Диди Хаманнтай ийнхүү учирсан тэр өдөр миний амьдралд том эргэлтийг авчирсан гэж би боддог.
Дидиг явсны дараа хүмүүс намайг бүчин авсан. Тэд намайг сайн тоглосныг тэмдэглэн хэлж баяр хүргэж байв. Сэтгэл нь хөдөлсөн Киган нүдэнд нь нулимс гүйчихсэн хүрч ирээд тэврэн авлаа. Манай багийн хувцас солих өрөөнд дасгалжуулагч, тоглогчид бүгдээрээ баярлаж хөөрөн дэвхцэж байлаа. Тэд бүгд намайг онцолсонд нь би маш их баярласан. Киган өрөөний голд зогсоод “Залуус аа, одоо бидэнд хэсгээсээ шалгарах сайхан боломж гарлаа” хэмээн чанга хэлэв. Би германчуудыг хожсонд баярлан шигшээгийн¬хэнтэйгээ бүгдтэй нь гар барилаа. Энэ үед “Би үнэхээр Английн багт гавъяа байгуулж, баатар нь боллоо гэж үү?” хэмээн итгэж ядан бодож байв. Хэдий болоод өнгөрсөн ч энэ боломжгүй зүйл мэт санагдана. Цэнгэлдэхийг орхин гарахдаа л Английн шигшээгийн багийн хожилд миний хамгаалалт тодорхой хувь нэмрээ оруулжээ гэсэн бодол төрж, бодит байд-лыг мэдэрсэн билээ. Английн шигшээгийн түүхэн энэ ялалтад гар бие оролцсон нь миний хувьд нэр төрийн хэрэг юм.
Автобусанд суухаар алхаж явахдаа ялалтын баяр хөөрөө гэрийнхэн, ойр дотны хүмүүстэйгээ хуваалцмаар санагдаж, аав руу залгалаа. Аав намайг магтаж хөөргөөгүй ч түүний дууны өнгө нь миний тоглолтод сэтгэл хангалуун буйг илтгэж байв. Энэ өдөр Аавуудын баярын өдөр байсан бөгөөд утасны цаанаас “Стивен, чи өнөөдрийн тоглолтоороо надад маш том бэлэг барилаа” гэх сонсогдож билээ. Аавын тэр үгийг хэлэх үеийн бахархал шингэсэн дууны өнгө нийт англичуудын, Английн шигшээ багийг дэмжигчдийн баяр хөөрийн илрэл байсан.
Зочид буудалдаа эргэн очиход орчин тойрныхон бүгд нүүрэнд нь инээмсэглэл тодрон явах нь анзаарагдав. Ширерийн хийсэн гоол энд хургасан дүнсгэр байдлыг арилгажээ. Тэр орой би өрөөнөөсөө гарч, хүмүүстэй цуг байхыг маш их хүссэн. Бүгд л ийм бодолтой байсан байх. Тав хоногийн өмнө Португалд хожигдсоны дараа хоолны цаг болоход хүн болгон ширээн дээрхээ бушуухан идчихээд өрөө рүүгээ явахаар яарч байсан. Гарет Бэрри над дээр ирээд “Стиви, чи сайн тоглолоо шүү, маш гайхалтай” хэмээн баяр хүргэв. Түүнтэй хэсэг ярилцаж суугаад гэнэт ядарснаа мэдрэн өрөө рүүгээ явлаа.
Хаалгаа хаагаад орон дээрээ тэрийн унах тэр мөчид Германы шигшээ багийг хожсон их баяр хөөр маань мартагдан, гэрээ санан уйтгарлаж эхлэв. Өрөөндөө ганцаараа хэвтэхэд том харанхуй нүхэнд уначихсан мэт санагдаж байлаа. Тэр даруй ачаагаа баглаад Англи руу нисмээр байв. Бурхан минь, би Айронсайдад, гэртээ очихыг маш их хүсч байна. Маргааш өглөө нь сэрэнгүүтээ гэр лүүгээ ярилаа. Эцэг, эхийнхээ дууг сонсож тайвшрах гэсэн хэрэг. Би Английн сонингууд тоглолтын тухай юу гэж бичсэнийг нь асуув. (Спад хэвлэлүүд ихэвчлэн нэг өдрөөр хоцорч ирдэг байсан-С.Ж) Аав сонины гарчгийг нь л уншиж өглөө. “Англид шинэ од мэндэллээ: Стивийг давах хүн байсангүй”, “Инсийг залгамжлагч Жеррард” гэхийг сонсоод маш их баярлав. Хүн бүр нэрийг минь мэддэг боллоо гэх бодол төрж, энэ бүхэн итгэмээргүй мэт санагдлаа. Зочид буудалд сонин ирэхэд өөрийнхөө тухай бичсэн зүйлийг хайн урчих шахан хуудсыг нь эргүүлж байв. Жаахан уншиж байгаад “Английн ирээдүй” гэсэн үгийг олж хараад цааш нь унших хэрэггүй гэж бодлоо. Аав “Сонинд бичсэнийг битгий тоо, анхаарах хэрэггүй” гэж шаарддаг билээ. Тэр “Үүнд итгэх хэрэггүй шүү. Харин дараагийнхаа тоглолтод үүнээс илүү байхыг хичээ” гэж хэлдэг. Аавын минь зөвлөгөө үнэхээр үнэ цэнэтэй. Гэхдээ би тэр сониноос нүд салгаж чадсангүй. Өөрийнхөө тухай сонин дээрээс унших гайхалтай юм аа. Сүүлд Жерар Ульетэй ярилцаж байхад тэр “Сонин, хэвлэлийнхэн дандаа л дэгсдүүлж, хэтрүүлж байдаг юм. Тоох хэрэггүй шүү” гэж хэлсэн. Стив Хейвэй ч мөн үүнтэй адил зүйлийг надад сургаж байв. Бөмбөгтөө л анхаарлаа хандуул, бусад зүйлийг битгий тоо гэнэ. Киган ч гэсэн тэдэнтэй нэг байр суурьтай байсан ч “Стивен Жеррард бол Английн ирээдүй” гэсэн үгийг энд тэнд явахдаа харамгүй хэлдэг байсан. Диди ч мөн адил сэтгүүлчидтэй уулзахдаа намайг магтсан. Тэр “Стиви нэг л өдөр Английн шигшээ багийн ахлагч болно. Германд түүн шиг тоглогч олон болоосой” гэж ярьсан байж билээ.
Английн шигшээ багийн ялалтын их баярыг Шарлеруад манай хөгжөөн дэмжигчдийн дэгдээсэн үймээний тухай мэдээ бууруулав. Спад байхдаа бид үүнийг сонссон. Зурагтаар тун таагүй дүр зураг харагдаж байлаа. Хотын том талбайд ялалтын баяраа хэтрүүлэн дарвисан хөгжөөн дэмжигчдийг асар хүчтэй усан шахуургаар шүршин тараахыг харахад итгэмээргүй санагдаж байв. Дундад зууны үеийн дайнд л ийм байдаг байх гэмээр. Английн хөгжөөн дэмжигчдийн цагдаа нартай тэмцэлдэх нь намайг гайхашруулав. Нийт Англи даяар хөлбөмбөгийн багаа ер бусын гэмээр үнэнч дэмждэг ч тэдний энэ үйлдэл ичгүүртэй хэрэг байлаа. Энэхүү танхайрал багт сөрөг нөлөөтэй гэдгийг манайхан бүгд мэдэж байсан. UEFA Английн шигшээг тэмцээнээс хасч магадгүй гэсэн яриа хүртэл сонсогдов. “Бурхан минь, ийм зүйл байж таарахгүй. Хэрэв биднийг тэмцээ¬нээс хасвал шударга бус зүйл болно” гэсэн бодол төрж байлаа. Бид Германы эсрэг 90 минутын турш хүнд хэцүү тэмцлийг хийж байж хэсгээсээ шалгарах болом¬жийг олж авсан. Гэтэл хэдэн галзуу хүнээс болж энэ бүхэн маань үр дүнгүй болох аюул учраад байна.
Бидний байрласан буудалд энэ тухай яриа гол сэдэв болов. Хэрэв Английн хөгжөөн дэмжигчид дахин ийм хүчирхийлэл гаргавал бид цүнх, саваа баглаад нутгийн зүг явж магадгүй болсон талаар тоглогчид өөр хоорондоо ярилцана. UEFA-гаас ийм анхааруулга өгсөн билээ. Английн хөлбөмбөгийн холбооны төлөөлөгчид Спад ирж, тоглогчидтой уулзав. Тэд бүгд ийм зохисгүй үйлдэл гаргаж, шигшээ багаа хүнд байдалд оруулсан гэмтнүүдийг зүхэн буруушааж байв. FA-гийн албаны төлөөлөгч Дэвид Дэвис хөгжөөн дэмжигчдэд хандан үүсээд буй нөхцөл байдлын талаар тайлбарлаж, дахин эмх замбараагүй байдал үүсгэхгүй байх уриалга гаргажээ. Тэрбээр бидэнд “Та нар ярилцлага өгөхдөө үргэлж энэ тухай хөндөж, ийм алдаа гаргаж болохгүй тухай хөгжөөн дэмжигчдэд сануулж байх хэрэгтэй. Тэд энэ үйлдлээрээ дэмждэг багаа, эх орноо гутааж буйг нь ойлгуул. Бид үнэхээр хөөгдөх дээрээ тулаад байна шүү дээ” хэмээн зөвлөсөн. Бүх тоглогч байдал тэгж эцэстээ тултал муудахгүй байгаасай хэмээн дор бүртээ залбирч байлаа. Азаар дахиж тийм явдал гарсангүй.
Бид хөгжөөн дэмжигчдээ дэгэнд орохыг хүссэн ч бүр номхон, дөлгөөн болчихоосой гэж бодоогүй. Английн хөгжөөн дэмжигчид цэнгэлдэх хүрээлэнд бусдаас ямагт онцгойрдог билээ. Тэд хуруу хумсаа хугалан байж зовж олсон мөнгөө шигшээ багийг даган дэлхий тойроход харамгүй зарцуулдаг. Энэ бол үнэхээр итгэхэд бэрх гайхамшигт дэмжлэг билээ. Үнэндээ Английн шигшээ хөгжөөн дэмжигчдийнхээ тус дэмгүйгээр өдий зэргийн амжилт гаргахгүй билээ. Харь улсад, таньж мэдэхгүй газар цэнгэлдэх хүрээлэнгийнх нь хувцас солих өрөөнд бээрч жихүүцэн суухад манай хөгжөөн дэмжигчдийн “Англи, Англи” гэж хашгирахад дотор минь бүлээцэх шиг болдог. Хүн болгон хүйтэн харцаар төөнөж, сэтгэлзүйн дарамт үзүүлэх гэсэн хонгилоор алхсаар талбайд гарахад энд тэндгүй улаан загалмай бүхий Английн далбаа намирах нь бидэнд урам өгч, хүч хайрладаг. Биднийг уруудан доройтох үед хөгжөөн дэмжигчид маань л эргүүлэн сэргээдэг билээ. Тиймээс бид, Английн шигшээ баг тэдэнд өртэй юм шиг тоглож, ялалтаар бэлэг барьж байх ёстой. Цөөн хэдэн хүний өдүүлсэн болчимгүй явдал нийт англичуудын илэрхийлэл байж таарахгүй.
Бид энэ явдлын талаар мартаж, гурав хоногийн дараа болох “А” хэсгийн сүүлчийн тоглолтдоо бэлтгэж эхэллээ. Энд ганцхан оноо авбал хэсгээсээ шалгарах Румыний шигшээ баг биднийг хүлээж байв. Бэлтгэл төлөвлөгөөний дагуу амжилттай үргэлжилнэ. Би энэ өдрүүдэд тун өнгөлөг байлаа. Сонинууд дугаар алгасахгүй миний тухай бичиж, хүн болгоны амнаас миний нэр гарч байв. Нэг удаа бэлтгэлийн талбай руу Майклтай хамт алхлаа. Бид юм болгоны тухай ярилцан хөгжилдөж байлаа. Гэнэт миний багын найз эргэн харснаа “Нээрээ чи Германы эсрэг маш сайн тоглосон шүү. Румынтай хийх тоглолтод дахиад талбайд гарах байх аа” гэв. Робби, Макка нар ч түүнтэй адил зүйлийг өгүүлж, надад урам өгсөн.
Үнэхээр тухайн үед төвийн хагас хамгаалагчийн байрлалд нэг сул зай гарч болохоор байсан. Скоулзи бэлтгэл дээр ч, тоглолтод тун сайн байгаа учир тэр нэгийг нь эзлэх нь тодорхой. Деннис Вайс тэнд тоглож болох ч Кевин түүнийг жигүүрт түлхүү тоглуулдаг. Мөн хэвлэлийнхэн Пол Инс тэмцээний эхний хоёр тоглолтод маш их ядарсан учир Румыний эсрэг гарахгүй байж магадгүй хэмээн бичнэ. Миний хувьд Инсигийн, хэн нэгний байрыг булаахыг хүсээгүй, зүгээр л бэлтгэл дээр юу чаддагаа харуулъя гэж бодсон. Шийдвэрийг Кевин л гаргана шүү дээ.
Энэ тоглолт л миний амьдрал, цаашдын ирээдүйд нөлөөлөх юм шиг би хамаг хүч, чадлаа дайчлан бэлтгэж байлаа. Румыний эсрэг тоглолтын өмнөх өдөр Кевиний анхаарлыг татах сүүлчийн боломжоо ашиглахаар автобуснаас буунгуутаа л талбай руу хар хурдаараа гүйн очив. Энэ өдөр хэрхэх тухай бараг шөнөжин зүүдэлж, бэлтгэлийн цаг хүртэл бодсон. Гэвч дөнгөж ганц, хоёр удаа бөмбөг цохиод байтал шилбэнд өвдөлт мэдрэгдэв. Чөтгөр аваг, бие халаалт хийгээгүйгээс л боллоо.
Цөөнгүй тоглогч намайг магтан, зарим хэвлэлүүдэд “Румыний эсрэг тоглолтод Жеррард үндсэн бүрэлдэхүүнд гарах боломж өндөр байна” гэж бичиж байв. Тиймээс шилбэнийхээ талаар хэнд ч хэлсэнгүй. Эмчид, тэгээд мэдээж Кевинд мэдэгдэхгүйг хичээнэ. Өвдөлт улам нэмэгдвэл гарцаагүй тэр тоглолтыг өнжих болно. Эмчид үзүүлээгүй болохоор энэ гэмтэл хэр ноцтой болохыг гадарлахгүй байв. Шүдээ зуун гүйж байхдаа “Өрөөндөө буцаж очоод өвчин намдаагч тариад зүгээр болчихно. Дараа нь халуун ваннанд ороод иллэг хийчихье. Өвчнөө сэдрээхгүйн тулд тоглолт эхлэх хүртэл ширүүн хөдөлгөөн хийхгүй байя” хэмээн бодож байлаа. Тэр шөнөдөө бага боловч зовиур нь арилна гэж найдсан хэрэг. Бурхан минь, намайг Румыний эсрэг тоглолтыг өнжүүлж болохгүй шүү!
Германтай хийсэн тоглолтын дараа бий болсон асар их итгэл, урам зориг маань агшин зуур алга боллоо. Бие халаалтын цаг эхлэхэд л өөрийгөө юу ч хийж чадахгүй болохыг мэдрэв. Талбайг тойрон амьсгаадан гүйж байхдаа ямар болчимгүй зүйл хийснээ бодон, өөрийгөө хараан зүхэж байв. “Өрөөндөө буцаж очих хүртлээ тэсчих л дээ. Тэгвэл энэ байдлаас гарах гарц олдоно” хэмээн өөртөө хэлэн гүйж явлаа. Зүрх маань хүчтэй цохилж, Киганы төлөвлөгөөнд миний нэр багтсан хэвээр байгаа болов уу гэсэн бодол толгойд эргэлдэнэ. Тэр бэлтгэл дээр тактик, хувилбар юу ч давтаагүй учир Румыний эсрэг хэн хэнийг гаргах нь мэдэгдэхгүй байв. Магадгүй тэр зочид буудалдаа оройны уулзалтын үеэр гарааны 11 тоглогчийн нэрийг зарлах байх.
Өрөөндөө очоод ийш тийш алхаж үзэхэд өөрийн эрхгүй хазганаж байлаа. Өвдөлт нь улам нэмэгдсэн юм шиг санагдана. Энэ нэлээн хүндэрсэн бололтой. “Би тоглож чадахгүй нь дээ, гэхдээ би заавал, ямар нэг аргаар тоглох ёстой” гэж бодно.
Доголж явахыг минь хэн нэгэн харчихвий гэсэндээ оройн хоолны цаг болохоос хамаагүй өмнө өрөөнөөсөө гарлаа. Удалгүй бусад залуус хоолны танхимд ирж зэрэгцэн сууцгаав. Тэд Румынтэй хийх тоглолтын тухай л ярилцах аж. Залуусын ихэнх нь намайг энэ тоглолтын үндсэн бүрэлдэхүүнд гарна хэмээж байв. Робби “Стиви, чи маргааш талбайд гарах нь гарцаагүй байх аа” гэхэд өөдөөс нь сулхан инээмсэглэж билээ.
Оройн зоогийн дараа эмч Гари Левиний өрөө лүү явлаа. Тэр гэмтлийг минь үзээд ямар нэг зовиургүй болгох гайхамшгийг бүтээнэ гэж итгэсэн хэрэг. Эмчийн өрөөний үүдийг нээхэд тэнд Алан Ширер, Тони Адамс нар Гаритай ярилцаад зогсож байв. Чөтгөр аваг. Шууд 180 градус эргэн өрөө лүүгээ хурдан хурдан алхлаа. Шигшээгийн хоёр тоглогчийн дэргэд Гарид гэмтлийнхээ талаар яривал тоглолтын тухай саналтгүй болно хэмээн айсан юм. Өрөөндөө буцаж очоод яавал дээр вэ гэж хэсэг бодон суув. Ийм хэцүү зүйл тохиолдсон үеийн зөнгөөрөө нэг мэдэхэд л гэр лүүгээ залгасан байв. Аав харилцуураа авч байна.
“Аав аа, би бэлтгэл дээр шилбээ гэмтээчихлээ” гээд л ээрч түгдчив. Тэр даруй л нүдэнд минь нулимс гүйлгэнэлээ. “Аав, Киган намайг Румыний эсрэг тоглох багийн бүрэлдэхүүнд зайлшгүй багтаана гэж бодож байна. Бид нэг цагийн дараа уулзалт хийгээд үүнийг шийдэх юм. Би үндсэн бүрэлдэхүүнд орно гэдэгтээ итгэлтэй байна, гэвч шилбэ маань дэндүү их өвдөж байна. Надад тоглох ямар ч арга алга” хэмээн бараг нэг амьсгаагаар хэлсэн.
Ийнхүү аавтай ярьж байх үед хаалга тогших нь сонсогдов. “Өрөө цэвэрлэхээр цагаа олж ирэв ээ” гэж бодоод “Дараа ирээрэй” хэмээн хашгирлаа. Үйлчлэгчид тоглогчдын өрөөг борви бохисхийлгүй цэвэрлэдэг байсныг би мэднэ. Аягаа алдаад хагалчихвал тэд яг SAS(1)-ынхан шиг л нисэх мэт орж ирээд маш хурдан цэвэрлэдэг. Үүдэн дэх хүн яваагүй бололтой, дахиад тогших чимээ сонсогдов. Энэ үед уур гэнэт дүрсхийж “Зайлаач” гэж хашгирах шахлаа. Би ямар ч тохиолдолд хүмүүстэй эелдэг харилцахыг хичээдэг. Би хэн нэгнийг харааж зүхэн доромжилж байсангүй. Гэвч тэр өвчин шаналлаасаа болоод бүр ухаанаа алдчихсан байлаа. Хаалга үргэлжлүүлэн тогшсон хэвээр. Намайг тайван байлгахгүй нь ээ? “Аав аа, утсаа барьж байгаарай. Би өрөөний үйлчлэгчийг явуулчихаад эргээд ирье” гээд үүд рүү очлоо.
Хаалгаа нээтэл шигшээгийн даcгалжуулагч зогсож байв. “Өө дасгалжуулагч уу, та орооч” гээд эргэн утсан дээр очин харилцуураа аваад “Аав, дасгалжуулагч ирсэн байна, би дараа нь залгая” хэмээлээ. Аав ямар нэг юм хэлэх гэж байсан боловч би шууд тасалж орхисон. Тухайн үед тархинд маань Киган, шилбэ, Румын гэсэн гурван үг л эргэлдэж байв.
Киган “Стивен, чи ямархуу байна даа?” хэмээн яриагаа эхлэв.
“Зүгээр ээ, дажгүй, дасгалжуулагч аа”
“Стивен, суу. Чамд хэлэх юм байна”
Тэгээд бид намхан ширээний хоёр талд суулаа. Дасгалжуулагч гэмтсэн шилбэндээ санаа зовон зүрх нь түжигнэх хүүгийн өөдөөс харан инээмсэглэн суув. Тэгээд тэр “Залуу минь, чи маргааш үндсэн бүрэлдэхүүнд гарах болно” хэмээлээ.
Үгүй ээ, надад ийм юм битгий яриач. Тоглох итгэл минь улам бүр суларч байгаа энэ үед ийнхүү хэлсэн нь намайг цочирдууллаа. Киган Европын АШТ-д эх орноо төлөөлөн шигшээ багийнхаа үнсэн бүрэлдэхүүнд гарч тоглоно гэдгийг л хэлэх гэж иржээ. Түүнийг явсны дараа хэсэг суугаад түүнд бүх үнэнээ хэлэхээр хазганан гарлаа. Түүний өрөөний хаалгыг зөөлөн тогшиж зогсоход бие маань хөнгөрч байгаа нь мэд¬рэгдэв. Киган надтай үргэлж эелдэг, дотно хандаж ирсэн. Тэгэхэд би түүнийг хуурч болохгүй. Хэрэв тэгэх аваас түүний болон шигшээ багийнхаа өмнө маш том алдаа хийх болно. Хаалга нээгдлээ.
“Дасгалжуулагч аа, би танд талархлаа илэрхийлэх гэсэн юм. Гэхдээ надад өөр хэлэх юм байна”
Киганы царайг хараад бүр сандарч орхилоо.
“Юу хэлэх гэсэн юм бэ, Стиви?”
Би юу гэж эхлэхээ мэдэх¬гүй хэсэг тээнэгэлзэн зогс¬лоо. Кигантай ярилцана гэдэг миний хувьд шинэ зүйл юм. Урьд нь түүний ярих, хэлэхийг л сонсож байсан билээ.
“Стивен, ор л доо. Юу ярих гэсэн юм бэ дээ?”
Арайхийн амаа хөдөлгөж, өөрт тохиолдсон зүйлийнхээ тухай ярьж эхэллээ. “Дасгалжуулагч аа, намайг уучлаарай. Би танд үүнийг хэлэхгүй бол болохгүй. Би танаас нэг зүйл нууж байсан юм аа. Би шилбээ гэмтээчихсэн”
Яг энэ мөчид цаг хугацаа зогсоод, дэлхий эргэхээ больчихсон мэт санагдаж байв. Анир чимээгүй байдал үүрд үргэлжлэх юм шиг мэдрэмж төрж байлаа.
Дасгалжуулагч хэлсэнд маань үл итгэх өнгө илэрч, хоолой нь цахиртан “Юу? Яагаад энэ тухайгаа урьд нь хэлээгүй юм бэ?” хэмээлээ.
“Уучлаарай, би зүгээр л тоглох гэсэн юм. Уул нь би эмчийн өрөөнд очсон ч тэр байгаагүй”.
Мэдээж Гари өрөөндөө байсан. Английн шигшээ багийн дасгалжуулагч миний талаар буруу, сөрөг ойлголттой болчих вий гэсэндээ ийнхүү худлаа хэллээ.
Тэр “Үнэхээр гэмтчихсэн үү, зүгээр л шөрмөс чинь татсан байж болно шүү дээ” гэв.
“Би маргааш тоглож чадна гэж бодохгүй байна” гэж хариуллаа. “Би дөнгөж бэлтгэл эхэлж байхад зовиур мэдэрсэн. Гэхдээ маргаашийн тоглолтод гарахын тулд үүнийгээ тоогоогүй юм. Хэрэв эмч үзээд танд хэлчихвэл намайг талбайд гаргахаа больчихно гэж айгаад. Тэгээд өрөөндөө эргэж ирсэн хойноо л гэмтэл маань ноцтой болохыг мэдсэн. Зүгээр алхахад хүртэл зовиур мэдрэгдэж байна” хэмээв.
Хамаг юмаа ярьсны дараа хоолой минь зангирч байлаа. Яаж энэ бүхнийг хэлж чадав аа? Киган мөрөн дээр минь алгадаад “Үнэнээ хэлсэнд баярлалаа. Би чамайг ойлгож байна” гэв. Үнэхээр тэр миний сэтгэл санаа тавгүй буйг мэдэж байсан.
Би дахин түүнээс уучлал гуйв. Киган “Битгий санаа зов доо. Ирээдүй өмнө чинь байна. Дараа дараа¬гийн тоглолтод бэлтгэхээ бод. Толгой дахь муу бодлоо авч хая. Хэрэв шийтгэх хэрэгтэй гэвэл тэр нь надад оногдох ёстой. Би Гарид чиний ярьсныг хэлээд гэмтэл чинь хэр байгааг үзүүлэхээр явуулъя” гэлээ.
Үнэхээр ч Кевин бүх бурууг өөртөө хүлээн авсан. Хэрвээ би арай ахимаг, туршлагатай нэгэн байсан бол тэр намайг шууд л цохих байсан биз. Тэр эмчтэй хамт на¬майг чирж гаргаад олны өмнө хэлсэн зүйлийн минь талаар ярьж болох байсан. Гэвч тэр тэгээгүй. Киган тоглогчдодоо бусдаас онцгой дотно ханддаг дасгалжуулагч билээ.
Киган намайг дагуулан эмчийн өрөөнд очоод Гари Левинд үзүүлэв. Эмч “Тоглох найдвар алга” гэлээ. Ингээд албан ёсоор тоглолтод оролцох эрхгүй боллоо.
Энэ тухай яриа бэлтгэлийн баазад маш хурдан таржээ. Намайг талбайд гарах боломжгүй болсныг сонссон хүмүүс бүгд надад найрсаг хандаж байсан. Тэд Румынийг хожихоо амлан, дараа нь шөвгийн наймын тоглолтод оролцох боломж байгаа хэмээн тайвшруулж байв. Нээрээ надад бүх хүн ингэж сайхан хандаагүй юм байна. Миний гэмтлийн тухай сонсоод Фазакерли ичгүүргүй авирлаж байсан. Үргэлж л гэрээ санадаг нусгай гэж намайг гоочилдог тэрбээр миний урд хөндөлдөн зогсоод “Дахиад л гэмтчихээ юу? Бие халаалтаа дутуу хийснээс тэр дээ” хэмээн доогтой хэлсэн. Энэ үед түүнийг цохиод авмаар санагдаж байлаа. “Евро-2000″-ын үеэр ийм бодол нэг бус удаа төрж байсан. Түүний үйлдэл бүхэн миний эсрэг юм шиг санагддаг. Тэр намайг хөгжүүлэхийн тулд санаагаа ийм сөрөг байдлаар илэрхийлдэг байсан байж болох. Фазакерли надаас зөвхөн өө, алдаа л хайдаг байсан. Хэн нэгэн хүйтэн зүрхтэн намайг хүнд хэцүү үед улам бүр дарах нь мэдээж тааламжтай байхгүй. Тэр надад ямар хэцүү байгааг ойлгохыг ер хүсээгүй.
Би багтаа тус дэм үзүүлэхээсээ өнгөрсөн үед ч Киган надад санаа тавьсаар байсан. Тэр намайг талбайд гарах боломжтой болж магадгүй гэсэндээ бус, хэвлэлийнхэн гэмтлийн талаар мэдчих вий гэж сэлгээнийхэнтэй цуг суулгав. Хэрэв тэгвэл сонингуудад миний талаар залуугаараа “хэмхэрч” дууслаа гэсэн утгатай нийтлэлүүд гарна гэдгийг тэр мэдэж байсан. Кевин тэр өдөр Румыний эсрэг тоглох багаа зохион байгуулахын зэрэгцээ надад ийнхүү санаа тавихаа мартаагүй юм. Түүний энэ их хайр ивээлийг би үргэлж санаж явдаг. Хэдий ийн нуухыг хичээсэн ч хэвлэлийнхэн миний гэмтлийн талаар мэдчихсэн байв. Гэхдээ тэд миний гэмтлийг тийм ноцтой гэж бодоогүй ба Кевинийг хэт хаширлаад намайг сэлгээнд үлдээсэн гэж бичиж байсан.
Румыний эсрэг тоглолтыг сэлгээний тоглогчдын суудлаас үзэж суухдаа хэрвээ би энд гарсан бол хэрхэх байсан бэ хэмээн бодож, төсөөлж байв. Хоёр баг ээлжлэн давамгайлж, урд хойноо орсон энэ тоглолтод Английн шигшээ баг 2:3-аар хожигдлоо. Сүүлчийн минутад Фил Невилл Румыний Виорел Молдованыг 16 метрийн талбайдаа унагаснаар торгуулийн цохилт алдсан билээ. Тоглолтын дараа уурсаж хашгичсан тоглогчид хувцас солих өрөөнд галзуурсан мэт байв. Инс, Адамс, Кеоун нарын царайг харахад уурласандаа сүрдмээр болсон байлаа. Бидний хувьд “Евро-2000″ ингээд дууссанд бухимдсан тэд элдэв хараалын үг хашгичин сууна. Гэхдээ манай багийнхан ийм догшин, ширүүн авиртай байсан ч нэг нэгэндээ үүнийг хэлээгүй билээ. Зарим нэг нь Фил Невилл дээр очин тайтгаруулж байв. Түүнийг буруутгаж, зэмлэх нэг ч хүн байгаагүй. Харин ярихыг хүсээгүй зарим нь тол¬гой дээгүүрээ алчуур тавин сууц¬гаажээ. Киган ч мөн сэтгэлээр унасан байлаа. “Евро-96″, “Франц-98″-д үзүүлсэн амжилтаас үүдэн хүмүүс бидэнд их итгэл хүлээлгэж байсан. Манай баг хөгжөөн дэмжигч¬дийнхээ энэ итгэлийг дааж чадсангүй. Биднийг ийнхүү “Евро-2000″-ын эхний нислэгээр л нутаг руугаа буцна гэж хэн ч санаагүй биз.
Удалгүй бидний тааруу тоглосонтой холбоотой таагүй зүйлүүд өрнөж эхлэв. Хүмүүс Киганд хандан үнэмшмээргүй дэмий зүйл хэлж, гоочилж байлаа. Майклыг Киганд таагүй ханддаг байсныг би мэднэ. “Евро-2000″-ын хэсгийн гурван тоглолтод бүгдэд нь Оуэн сэлгээгээр суусан ба тэрбээр үүндээ тун дурамжхан байсан. Тоглолт бүр дээр сэлгээгээр гаргахыг тэр доромжлол гэж хүлээж авч байв. Тоглолтын дөрөв дэх шүүгч захын шугам дээр ирээд дугаарыг нь өргөхөд баярлан гүйж ирэх тоглогч байхгүй нь тодорхой. Үргэлжлүүлэн тоглохыг хүссэн тоглогч сэлгээний дуудлагыг таатай хүлээж авдаггүй. Миний хувьд ч гэсэн ийм үед хамаг бие сулрах шиг болдог. “Евро-2000″-ын үеэр Майкл Киганы бэлтгэлийн дэглэмийг үл ойшоон, хичээж оролцдоггүй байсныг нь ойлгодоггүй юм. Майкл тактикийн бэлтгэл болон жижиг талбайд тоглохыг чухалчилдаг байсан. Тэгээд дандаа л Киганы зохион байгуулалтыг шүүмжилж байдаг. Энэ бүхэн Майкл, Киган хоёрын хоорондын харилцаанд том ангал үүсгэсэн болов уу.
Кеоун мөн Киганы талаар шүүмжилж, гэнэн тактик баримтлан тоглодог хэмээж байв. Энэхүү мэдэгдлийн дараа хүн болгон энэ үгийг өлгөн авч шуугицгаасан би-лээ. Гэхдээ тэд гомдол гаргагчдын ихэнх нь үндсэн 11-д багтдаггүй тоглогч болохыг анзаараагүй. Үндсэн бүрэлдэхүүнд гаргаагүйд нь шаралхсандаа элдвээр хэлэх явдал байж болно л доо. Одоо үед хөлбөмбөг гэдэг улам л багийн шинжээ олж, байнгын эргэлт, сэлгэлт хийхийг шаардах болсон. Харин Киганы шүүмжлэлийн бай болсон ганц зүйл нь “Евро-2000″-д багаа бүрэн ашиглаж чадаагүй явдал. Үүнээс нь болоод баг хоёр хуваагдсан байсан. Гарааны 11 болон сэлгээнийхэн гэж. Хүн болгон л талбайд үндсэн бүрэлдэхүүнд гарч тоглохыг хүснэ. Хэрэв 11 тоглогчийн гадна үлдээвэл үүнийг маш том доромжлол гэж хүлээн авдаг. Энэ бол Английн шиг-шээд эртнээс байсаар ирсэн зүйл билээ. Хүн болгон үндсэн бүрэлдэ¬хүүнд гарахыг хүсдэг, гарсан хойноо ч тэр хэмжээндээ тоглож чаддаг.
Кеоун Мартины ярьсан зүйлийн дараа түүнд нь хариу өгч, өөрийгөө өмгөөлөх юм хэлээгүй учир Кевиний нэр хүнд маш их унасан. Миний хувьд Кевиний талаар шүүмжлэгчдээс эрс өөр байр суурьтай байдаг. Голланд, Бельгиэс буцаж ирэхдээ би түүнийг бусдаас онцгой, жинхэнэ эр хүн, шилдэг дасгалжуулагч болохыг улам сайн мэд¬дэг болсон билээ. Киган Пелетэй яаж харьцах байсан, яг түүн шигээ л надад ханддаг нь таалагддаг. Тэр намайг дэлхийн шилдэг тоглогчдын нэг мөн, тэр хэмжээнд байж чадна гэдгийг ойлгуулж ухааруулсан. Тэр намайг шинэ түвшинд гаргаж ирэн, байр суурийг минь бэхжүүлсэн ачтан юм. Би түүний ачийг үргэлж санаж, Кевин Киганыг амьдралын эцсийн мөч хүртлээ хүндэтгэн биширч явах болно.
loading...





gerrardiin maani husel 2010 ond bieleesei gej eroomoor bnaa.mash mundag,uhaalag tamirchin shuu..geree sanadag shuu erchuul?bi lav tiim hehehe.erchuul maani icheed heldeggui kkk.
loading...
Dahiad l bayarlalaa gj heleed daraagiin bulgiig ni hurdan oruulaarai gj guiy da kkk.
loading...
Tnx. Goy shu. Daraagiinhiig gyalalzaarai.
loading...
Би Германы шигшээ багийн хагас хамгаалагчидтай халз тулан, шилбэний хамгаалалтынх нь чанарыг шалгахсан гэхээс тэсч ядаж байлаа. aimar yumaa ain odoo bas ingej boddog bh da
loading...
HE HE 10 OND ENGLANDAA DEMJINEE GEJ
loading...
maaaash ih bayrlalaa daraagiihiig ni hurdan oruulaarai
loading...
goy shuuu
loading...
bi Cr7-g demjdeg ch gerrardiig ternees iheer hvndeldeg! jinhene bagiin ahlagch da! bas ih uhaalag! daraagiinhiig ni gylalzaarai!!!!!! ok and tnx!!!!!!!!!
loading...
hurdna oruulaarai guiy
loading...
Гэрээ санаад байдаг болхоороол ливэрээс өөр багт очдоггүй юм байшдээ хөөрхий зайлуул одоол ойлгож байна
loading...
hn angli inged azguited bdag sh de.2010 bidniih shuu
loading...
YNWA
loading...
michael owentoi sain naiz gej bga.
loading...