Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Германы хөлбөмбөг » Түүхэнд байгаагүй Бундэслиг өндөрлөлөө

GD Star Rating
loading...

Дэлхийн хөлбөмбөгийн чиг хандлагыг буурал тивийнхэн тодорхойлдог нь маргаангүй. Тэгэхээр Европын шилдэг лиг дэлхийн шилдэг лиг болж таарна аа даа. Аль лиг хамгийн шилдэг вэ? Энд хариулт хэзээ ч олдохгүй. Хүн бүр л өөрийн дэмждэг баг нь тоглодог лигийг шилдэг гэж тодотгохыг хүсдэг. Би өөрийнхөө бодлыг хэлье л дээ. Дэлхийн хамгийн шилдэг лиг бол Бундэслиг. Яагаад?

Яагаад гэвэл олон учир шалтгаан байна. Тоглолтын чанар, тоглогчдын чадавхи талаас нь би хэлэх гэсэнгүй. Угаасаа Бундэслигаас Премиер лигийнх шиг хатуу ширүүн өрсөлдөөн, Сери А-ынх шиг хана хэрэм мэт хамгаалалт, Премиер дивизионых шиг уран гоё хууралт тэр бүр харагдахгүй. Гэхдээ шилдэг гэж хэлэх өөр шалтгаанууд байна аа. Заримаас нь дурьдая л даа. Бундэслиг сүүлийн жилүүдэд дандаа хамгийн олон үзэгчтэйгээр бусдыгаа хошуучилж буй. Ямар ч тоглолт болсон цэнгэлдэхэд сул суудал гэж бараг л үгүй. Гэхдээ тэд англичууд шиг фанат маягаар үздэггүй. Тэд жинхэнэ гэр бүлийн баяр хийдэг. Стадионд ирсэн үзэгчдийн талаас илүү хувь нь эмэгтэйчүүд хүүхэд байдаг. Энэ тал дээр ямар ч лигийг дагуулахгүй. Цагтаа бага дэлхийн аварга гэгдэж байсан Сери А өнөөдөр хоосон цэнгэлдэхэд тоглох нь элбэг. Хэдэн жилийн өмнө улсынхаа рекорд аварга Ювентус нь цэнгэлдэхдээ үзэгч татахын тулд хүүхэд эмэгтэйчүүддээ билетээ 1 евро болгож байсан. Тэгээд ч байдал одоо хэр нь сайжирсан юм тэгтлээ их харагдахгүй хэвээр. Тэгэхэд өнөөдөр Бундэслигийн 3-р лигийн тоглолтыг 51 мянган хүн үзэж байна гээд бод доо. Дюссельдорф дөнгөж сая ийм их хүний өмнө Брэмэний 2-р багийг хожоод 2-р лиг рүү дэвших болзлоо хангачихаад байж байна. Ондоо газар 3 байтугай 2-р лигийн тоглолтыг хэдэн хүн үзэх бол?

Хэрэв чи Бундэслигийг амьдаар нь үзье гэвэл тоглолтынхоо билетээр стадион луу ирж очих унааны зардлаа хийж болно. 3-4 удаа унаагаа сольж очин стадионд хүрэх нь элбэг. Өөр улсад бол нэмээд 10 евро гаргах хэрэгтэй болно. Тэгээд зүгээр ч нэг явахгүй. Унаандаа дуртай шар айргаа атгаад явж чадна. Ондоо газар тийм биш. Хөлбөмбөгийн эх орон гэгддэг Английн фэнүүд хүртэл үүгээр үнэхээр атаархдаг юм билээ. Тоглолтын хувьд ч гэсэн Бундэслиг сүүлийн жилүүдэд үнэхээр өөрчлөгдөж байгаа. Нөгөө нэг лазан хөдөлдгөө таягдаад эхэлсэн. Урагшаа үнэхээр гоё довтолж тоглодог болоод байгаа. Байерн Мюнхен гэсэн ганц дархан аваргыг нь эс тооцвол бусад багууд нь бүгд нэг түвшнийх болсон. Байерн ч гэсэн бас дээрдэх юмгүй л болоод байх шиг. Уржнан Штуттарт аваргалсан бол энэ жил Вольфсбург аваргалж байна. За миний яагаад шилдэг лиг гэсний өчүүхэн тайлбар энэ байлаа. Бас нэг юм нэмэхэд өөр хаана ч байхгүйгээр өрсөлдөөн энэ жил зөвхөн Бундэслигт л явагдлаа. Хүснэгтийг лигийн нийт багийн хэд нь ч тэргүүлээд үзчихэв бүү мэд. Дээр дороо орсоор л дууслаа. Бундэслигийн өөрийнх нь буурал түүхэнд байгаагүй өрсөлдөөн энэ жил л гарав. Өнөөдөр эцэст нь хэн аваргалах вэ гэсэн асуулт эзнээ оллоо.

Аварга болох баг эцсийн өдөртөө 3 багийн дунд явагдлаа. Аваргуудын лигийн шууд эрх болон урьдчилсан шатнаас орох эрх мөн л 3 багийн дунд болов. УЕФА-ын цомын нэг эрхийн төлөө 2 баг сүүлийн өдөр хамаг бүхнээ шавхав. Доод лиг рүү шидэгдэхгүйн төлөө 4 багийн хооронд алсын дуэл сүүлийн энэ л өдөр боллоо. Ингээд хүснэгтийн хэсэг бүрт л үхэх сэхэхээ үзсэн тулаануудыг тоглолт бүрээр нь товчхон тоймлоё.

Вольфсбург – Брэмэн

Вольфсбург гэртээ 13 дараалж хожоод байлаа. Хаврын лигийн боломжит 48 онооноос 40-ийг аваад байв. Гэхдээ Брэмэн тэдний айдас төрүүлсэн өрсөлдөгч. Брэмэн тэднийг талбай дээр нь 6 удаа хожоод байв. Аварга болохын тулд Вольфсбург Брэмэнд хожигдож хэрхэвч болохгүй байлаа. Чингэсэн тохиолдолд Байерн Штуттгарт 2-ын аль хожсон нь тэднээс аваргын алдрыг булаах нэн аюултай байсан. Гэвч тэд үүргээ 200 хувь давуулан биелүүлэв. Холбооны цомд 5 гоол алдаж хожигдсон багаа адилхан 5 гоолоор хожиж давхар цохилт хийсэн. Нөгөө талаас энэ зун Брэмэнийг орхих нь тодорхой болсон Диего л нэр төрийн ганц гоол хийв. Хэдэн жилийн өмнө амьдрахын эрхэнд Бразилдаа хог хийдэг уут зарж явсан Графитэ энэ тоглолтод дабл хийснээр 28 гоолоор лигийн мэргэн буучаар тодров. Ингэснээр тэр нутаг нэгт Аилтоноосоо морь үхэр 2 бэлгэнд хүртэх эрхтэй болов. Хэд хоногийн өмнө Аилтон өөрийнх нь рекордыг давтвал дээрхийг өгнө гэж ам гарч байсан юм. Аилтон 2004 онд Брэмэнтэй түрүүлэхдээ мөн 28 гоолоор мэргэн буучаар тодорч байлаа. Графитэгийн довтолгооны хамтрагч Жеко өнөөдөр мөн гоолдсоноор улирлын 26 дахь гоолоо хийсэн. Ингэснээр тэр 2 аль тэртээ далаад онд тогтоогдсон мөнхийн гэгдэж байсан дээд амжилтыг эвдэж чадлаа. Тэр үед “Үндэсний бөмбөгдөгч” домогт Герд Мюллер одоогийн Байерн Мюнхены менежер Ули Хөнэсс нар 2 удаа 53 гоол хийж байжээ. Гэхдээ Вольфсбургийн хослол түүхэнд огт байгаагүй нэгэн шинэ дээд амжилтыг бас тогтоосон. Өмнө нь нэг багийн 2 тоглогч тус бүрдээ 20-иос дээш гоол хийсэн тохиолдол хэзээ ч байгаагүй юм. Вольфсбургийн тухайд тусад нь ойрын үед дахин бичих тул цааш нуршихаа больё. Харин нэг юманд маш их харамсаад байна.

schale-grШтуттгартын дараа Байерныг лигийн аварга болгосон Феликс Магат ирэх улирлаас энэ багийг орхих болсон. Тэр ийм амжилтад хүрэхийн тулд л 2 жилийн өмнө энэ багт ирсэн. Лигийн түүхэнд ердөө ч байгаагүй албыг тэр хүлээн авч хэмжээлшгүй эрх дархтай болсон билээ. Дасгалжуулагчаас гадна багийн менежер, спортын захирлын ажлуудыг тэр бүгдийг нь ганцаараа гартаа авсан. Ингэснээр тэр дээрээс батлагдсан төсвөөр 2 жилийн турш дуртай тоглогчоо сонгон авч баг бүрдүүлсэн. Үүнийхээ үр шимийг ч үзлээ. Гэхдээ ирэх жил Аваргуудын лигт энэ хөзрөөрөө нэг тоглоод үзэхгүй яав даа гэж бодох юм. Өнөөдрийн энэ хэвээрээ байсан бол энэ баг нартай өдөр нь таарвал Барселоныг ч хожиж мэднэ. Тэдний 4-0-дсон Байерныг тэд 5-1-ээр хожсон. Энэ хаваржингаа 4, 5 гоол хийх бол тэдний нэрийн хуудас байлаа. Магат Шалькед очоод амжилт олох нь юу л бол. Ер нь нэг азгүй л баг байгаа юм даа. Бундэслигт тэднийг Хамраараа таслуулагчид гэдэг билээ. Үргэлж үхрийн сүүлэн дээр хутга зоолгодог. Гэхдээ хамгийн гол нь Шалькегийн удирдлага Магатын бүрэн эрхэд их л халдах болно. Хэдий тэд яг Вольфсбургт байдаг шиг нь эрх чөлөөг эдлүүлнэ гэж ам гарсан ч бодит байдал дээр худал. Удирдлагын буруугаас энэ баг хол явж чаддаггүй. Сүүлийн 10 жилд хэдэн ч удаа дасгалжуулагчаа солив, бүү мэд. Энэ тал дээр лиг даяар толгой цохино, бүр Байерныг ч дагуулахгүй.

Брэмэний хувьд гутамшигт хожил хүлээснээр бүтэлгүй улирлаа бүтэлгүй үдлээ. Аваргуудын лигт бужигнуулаад байдаг байсан баг маань 10-р байраар өндөрлөсөн нь дэндүү чамлалттай. Тэдний тоглолтыг харахад хэд хоногийн дараа болох Холбооны цомын финалд Лэвэркузентай хийх тоглолтоо бодоод нэг их хичээхгүй мэт харагдаад байсан. Гэхдээ хамгийн гол нь өнгөрсөн 3 дахид УЕФА-ын цомын финалд Шахтёрт хожигдсон гашуун амт нь гараагүй байгаа бололтой. Их л муу тоглолоо. Одоо тэд Холбооны цомд аваргалахгүй бол энэ улирал сүйрлээр дуусах болно. Европт ч гарч чадахгүй, Диего ч явах нь тодорхой болсон, лигтээ ч муу тоглолоо. Хичээх л хэрэгтэй.

Байерн – Штуттгарт

Хаврын турш харсан болгоноо түймэрдээд байгаа Вольфсбург энэ улирал онцгой сул байгаа Брэмэнд хожигдоно гэдэг юу л бол. Тиймээс энэ 2 баг 2-р байрны төлөө тэмцсэн гэхэд болно. Ингэж байж л Аваргуудын лигийн хүнд хүчир урьдчилсан шатнаас мултрах өлзийтэй. Тоглолтоос хагас сарын өмнө Лэманн Байерн зөвхөн шүүгчийн тусламжтайгаар аваргалж чадна гэж хэлсэнээс болоод тоглолт болох хүртэл 2 багийн хооронд хөндий уур амьсгал үүсээд байсан юм. Ээлжилж нэгнээ муулаад л. Тоглолт ч боллоо. Бавари нутгийнхан чадсан. 2 гоолоор тэргүүлж байхад нь Гомез хэдий гоолдож ойртуулсан ч нэмж хийж чадсангүй. Байерн ингээд ямар ч байсан сүйрлийн ирмэг дээр ирээд байсныгаа мартаж уужуу амьсгаа авч чадах болов. Тэд Штуттгартад хожигдсон тохиолдолд бүр УЕФА-ын цом дээр буух ч аюул нүүрлээд байсан юм. Хэрта нөгөө талд хөнгөхөн өрсөлдөгчтэй байдаг, хожсон тохиолдолд энэ 2-ын хожсоны дээр гарах болно. Гэхдээ Байерн алдаа гаргасангүй. Ингэснээр тэд алдана гэж айж байсан Аваргуудын лигээс саах сая сая мөнгөө мөн Риберигээ авч үлдэх боломжтой болж байх шиг. Рибери өмнө нь баг нь Аваргуудын лигт орохгүй бол явна гэж мэдэгдээд байсан билээ. Гэхдээ цаашид юу болохыг хэн ч мэдэхгүй. Хэрэв Рибери явбал бүтэн улирлын турш ганцхан хүн дээр тогтоод байсан энэ баг ирэх жил яаж тоглох бол гэдэг нь их сонирхолтой байгаа. Өнөөдөр ч гэсэн Рибери л багаа авч гарсан.

Эцэст нь ямар ч цомгүй үлдэж байгаа ч тэд 2-р байрандаа орсондоо сэтгэл хангалуун үлдсэн болов уу. Багийн удирдлагын буруу ажиллагаанаас болж ийм байдалд хүрсэн. Тэд шинэ дасгалжуулагч авчихаад хүссэн эрхийг нь өгсөн бол байдал өөр л байх байсан байх. Клинсманн байгаа хөзрөөрөө маш их туршилт хийсэн. Гэхдээ энэ нь бас буруу байсан гэдэг нь сүүлд дэлгэгдсэн. Олон хэрэггүй хожигдлуудаасаа нэгийг нь л хожлоор өндөрлөж чадсан бол тэд өнөөдөр аваргалаад зогсож байх байлаа.

Штуттгартын хувьд хаврын лигийг гайхалтай үдлээ. Тэд 2-р хагасын хүснэгтээр Вольфсбургийн ард гишгэв. Улирлын тэхий хагас гэхэд Вольфсбург 9, Штуттгарт 10-р байранд жагсаж байсан. 2-уул яван чангарсаар сүүлийн өдрөө хүртэл аваргын төлөө үзэлцлээ. Хэн ингэж санах вэ дээ. Шижигнэсэн сайхан залуустай баг шүү.

Карлсруэ – Хэрта

Хэртагийн даалгавар бол зөвхөн хожих. Хожиж байж л тэд Аваргуудын лиг дээр буух болно. Нөгөө талаас Карлсруэд бас л хожил хэрэгтэй. Өөрсдөө хожоод бусдыгаа хожигдохыг хүлээхэд тэд ирэх жил дээд давхартаа тийчигнэж чадна шүү. Тоглолт болов оо. Штуттгартын аз гийжээ. Хэрта 4-0-оор нам тавиулах нь тэр. Ингэснээр Штуттгарт Аваргуудын лиг дээр уналаа. Хэрта ингээд Бэкэнбауэрын хэлснээр “ердөө” л Ялагдагсдын цомд л тоглох болов. Аваргуудын лигт багтсан бол багаар бодоход л 20 сая ирэх байлаа. Хожигдолтой зэрэгцээд бүр ч муухай юм болов. 2 гол довтлогч нь багаа хаяхаа мэдэгджээ. Ядаж тэр 20 сая нь ирсэн бол яаая даа гэсэн 2 довтлогч авахсан. Хожсон Карлсруэ юу болов оо? Харамсалтай юм аа, нөгөө талд өөрсдөд нь таагүй явдлууд болжээ.

Бийлэфэлд – Ханновер

Ханноверын хувьд утга учиргүй тоглолт. Харин Бийлэфэлдийн хувьд амьдралыг нь шийдэх тоглолт. Нөхцөл байдал нь яг Карлсруэ шиг байлаа. Тоглолт эхлэв үү үгүй юу гоолдоод л, амьдрал гэдэг чинь амтагдаад л. Гэтэл гэнэт харанхуй болчихов оо. Эцсийн дүн 2-2. Нөгөө талд Коттбус, Карлсруэ 2 хожжээ. Дахиад л хөл нүцгэн, нимгэн дээлээ толгой дээгүүрээ тохоод Карлсруэтай цуг ядуусын хороолол уруу алхах болж дээ. Спортод чадалтай нь л үлддэг, яаая гэхэв.

Мөнхэнглбадбах – Дортмунд

Боруссиагийн дерби. Аль алиных нь хувьд Босни болон Орос гаралтай хүмүүс асар ихийг гүйцэтгэсэн түүхтэй. Хэн хэнд нь маш утга учиртай тоглолт. Гладбах дээрээ дэнжигэхийг хичээнэ. Дортмунд Европын дэвжээнд зодоглодог байсан хуучны сайхан цагаа санахыг оролдоно. Гладбахт тэнцээ л хангалттай. Дортмундад ч мөн адил, харин нэг нөхцөл нь нөгөө талд Хамбург бас тэнцэх. Бүх юм сайнаар бараг л дууслаа. Гладбах амьдралаас үнэтэй нэг оноогоо авав. Дортмунд ч мөн ялгаагүй. Гэтэл?

Франкфурт – Хамбург

Франкфуртэд огтхон ч хүртээлгүй тоглолт. Хамбургт бол харин маш чухал. Тэд 3 фронтод зэрэг тулалдаж явсан цаг саяхан. Лигийн аварга юу юугүй нүдэнд харагдаад л, Холбооны цом бараг л гараас атгаастай, УЕФА-ын цом ч гэсэн алган дээр мэт л ойрхон байлаа. Юу болсон гээч. 3 удаа бүдэрчихэв. Тэр тусмаа Умардын дерби болох заналт дайсан Брэмэн нь тэднийг бүх 3 мөрөөдлөөс нь холоо гээч нь чулуудчихсан. Сүүлчийн ганц өчүүхэн найдвар нь лигээсээ ирэх жил УЕФА-ын эрх авах явдал болж үлдэв. Үүний тулд өөрсдөө Франкфуртыг заавал хожих, харин нөгөө талд Дортмунд бүдрэх ёстой байлаа. Дортмунд ч бүдрэхийн хувьд бүдрэв. Тэд 1-0-оор Гладбахт хожигдож байлаа. Тэр мөчид Хамбург 2 гоолоор хожоод л, нар гэдэг чинь газарт буугаад ирсэн аятай ааш гэж янзтай. Юм гэдэг тун ч амархан хувьсах аж. 64 дэх хараал идсэн минут. Дортмунд гоолдохтой зэрэгцээд өөрсдөө 2 дахь гоолоо алдчих нь тэр. Өөрсдөө дагаад бүдэрчихэв ээ. 2-2-оор тэнцээд цаг дууслаа. Бараг л. Шүүгчийн мэдлийн нэмэлт цаг явж байлаа. Троховски гэж шавилхан залууг Хамбургчүүд хэзээ ч мартахгүй биз ээ. Тэр гоолдчих нь тэр. Дортмунд гэр лүүгээ нулимстай буцаж, Хамбург гэрээдээ Европын эрхтэй явах болов оо.

Коттбус – Лэвэркузен

Лэвэркузенд бараг л хамаагүй тоглолт. Яахав, ойрхон болох гэж байгаа Холбооны цомын финал руу сайн үр дүн харуулж, сэтгэлээ засаж очих нь хэрэгтэй юм даа. Коттбуст бол яг нөгөө 3 шигээ өөрөө хожиж, бусдыгаа унахыг харах тоглолт байлаа. Бүх юм тэднийхээр болов. 3-0. Ханноверт тэд талархаад ханашгүй. Одоо Германы нэгэн том баяр болох Фингстений өдрөөр доороос дэвших хүсэлтэй байгаа Нюрнбергтэй 2 тулаан хийх ёстой болсон. Дийлж байж дээд давхартаа үлдэнэ. Шууд хасагдаагүй гэдэг чинь маш их утгатай.

Көлн – Бохум

Шал дэмий тоглолт. УЕФА-ын эрх ч хамаагүй, хасагдах ч үгүй. Тоглолт ч эвийн гэрээгээр өндөрлөжээ.

Шальке – Хоффэнхайм

Дээрхтэй бараг л ижил. Гэхдээ нэг ялгаа бий. Намрын хаалтан дээр халуун цус асгаруулсныгаа тэд мартаагүй. Хоффэнхайм тэгэхэд аймшигтай довтолж байсан ч гоол алдчихсан. Тэнцүүлэх гэж дахиад л улангассан. Өрсөлдөгч нь хүнд таклуудаар хариу барьж байлаа. Үр дүнд нь Жонес нь хөөгдсөн. Тебер хаалттай цохилтоос гайхалтай цохиж тэнцүүлсэн билээ. Ингэснээр тосгоны баг намрын лигийн аваргаар тодорч байсан. Тэр өсөө санан тогложээ. 2-2 гэхээр л харагдана. Гэвч Эдуардо өөрийн 2 дахь гоолоо цаг дуусах мөчид хийснээр ялалтыг багтаа эргүүлжээ. Лигийг удаан хугацаанд тэргүүлж яваад хамаг гол хүмүүсээ алдсан. Бүр 10-р байр луу ч шидэгдэж үзсэн. Эцэст нь ухрах араагаа мартаж чадсанаар 7-р байраар лигийг өндөрлөлөө. Хамбург Холбооны цомд түрүүлээд, Брэмэн УЕФА-д түрүүлсэн бол Дортмундтай цуг Европ луу алхах байлаа. Энэ жилийн нээлт хийсэн 2 багийн нэг. Ирэх жил бэртлээс хол байж амжилттай тоглоосой. Дээш дэвшсэн эхний жил бодож санах юмгүй алалцаад л дуусгадаг. Харин 2 дахь жилдээ их эмээмтгий болдог, тэгэхээр хамгийн хэцүү гэдэг. Залуус тэр түүхийг бусниулаасай.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

13 Сэтгэгдэл

  1. Нүгэлбат says:

    Uneheer sonirholtoi uzuushtei uliral bolloo doo 08-09 German Bundesliga 1

    GD Star Rating
    loading...
  2. XAP says:

    mergen buuch ni hen bolson be

    GD Star Rating
    loading...
  3. 28 goals

    Grafite (VfL Wolfsburg)

    26 goals

    Edin Džeko (VfL Wolfsburg)

    24 goals

    Mario Gómez (VfB Stuttgart)

    21 goals

    Patrick Helmes (Bayer Leverkusen)

    18 goals

    Vedad Ibišević (1899 Hoffenheim)

    GD Star Rating
    loading...
  4. Man U says:

    magat schalke 04 iig amjiltand hurgeh bhooo. ene jil muu blee schalke . harin wolfsburg daraa jil yah boldoo. hen dasgaljuulah yum bol

    GD Star Rating
    loading...
  5. Captain says:

    Good job son

    GD Star Rating
    loading...
  6. uugii says:

    uchigdur anh udaa l bundes liga tegj ih shimtej uzlee. wolfsburg werder-g yu ch bolgosongui ee. shan avargallaa

    GD Star Rating
    loading...
  7. wolfsburg good luck

    GD Star Rating
    loading...
  8. footgool says:

    Neeree ymar ch baguudiin toglolt ni hamaagui duuren uzegchtei b.dag bi buur gaihdag b.siin. Saihan medeelel b.na. Bayrlalaa. Ter France-iin Lig bas duuren duuren uzegchtei haragdag shuu. Daraa ter Lig-iin goe medeelel oruulj ogoorei.

    GD Star Rating
    loading...
  9. uuganbilegt says:

    goe niitlel b.na ikh goe ta nar goe shuu

    GD Star Rating
    loading...
  10. carmelo says:

    grafite ene zun ih und hurne dee
    gehdee yvah boluudaa yah bol
    yvbal djeko grafite 2 tsug yvaasai
    uneheer goy hosolj bna lee

    GD Star Rating
    loading...
  11. C.Ronaldo says:

    Bundesliga shn bolloo. Grafite umnu od bolchihson brazil-n shigsheed hurtel neg duudagdad goaldaj bsn sanagdaj bn. ghd danda france-n dundaj baguudaar ih yavsan ene jil careerinh orgil jil bj ghd odo tom baguudad ochno gj yu l bol yaahav uurinhuu careerin shn uliraliig udlee. Bayar hurgey CHONOnuudaa gaihaltai blaa

    GD Star Rating
    loading...
  12. storm says:

    goy bichsen bna bayrallaa

    GD Star Rating
    loading...
  13. storm says:

    saihan medeelel awlaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: