loading...
2008-2009 оны Стенлийн цомын шигшээ тоглолтууд эхэллээ.. Хуваарь ёсоор эхний тулаан Ред Уйнгзийн ”Joe Louis Arena ”-д болсон бөгөөд 3 : 1-н харьцаагаар талбайд эзэд ялалт байгуулсан байна. Тоглолтын эхний шайбыг 13 дахь минутад эзэн багийн Бред Стуарт оруулсан ч, таван минутын дараа Евгений Малкиний дамжуулалтаар Украйны легионер Федотенко тоог тэнцүүлж чаджээ. Пингвинүүд үүнээс хойш олон аюултай довтолгоо зохион байгуулсан ч тухай бүрд нь хашир туршлагатай хаалгач Крис Осгуд дээр хүрээд зогсож байлаа. Крис энэ тоглолтонд эсрэг багийн 31 довтолгоог няцаасан аж. Тоглолтын хоёрдугаар үеийн 19 дэх минутад Рафальски, Зеттерберг нарын уран гоё довтолгоог Швед эр Френзен гүйцээснээр багтаа тэргүүллийг авчирсан бол 3-р үеийн 2 дахь минутад өнгөрсөн оноос Детройтын төлөө зүтгэх болсон залуу тамирчин Жастин Абделкабер тооны харьцааг 3 : 1 болгосноор Улаан жигүүрүүд ялалт байгуулж цувралыг тэргүүлж эхэллээ. Одоо тэд талбайдаа хийх дараагийн тулаан ялж чадвал аваргаа хамгаалахад маш ойрхон ирэх болно. Питсбургийн хаалгач Флуери тоглолтын дараа ”Би тийм ч сайн байсангүй гэдгээ хүлээн зөвшөөрнө. Тоглолт маш ширүүн уур амьсгал дор өрнөсөн болохоор манай зарим тоглогчид бага зэрэг сандарсан байх. Дараагийн тоглолтонд алдаагаа давтахгүйг хичээнэ” гэжээ.
3 : 1 
loading...



