loading...
Тэмцээнтэй холбоогүй тэр тусмаа спортын форумд ийм зураг тавьлаа гэж уншигч та гайхаж байна уу? Байж болох байх аа. Одоогоос яг арван жилийн өмнө энэ 2 агуу тоглогч Францын нээлттэй тэмцээний эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлүүдэд түрүүлж байсан юм. Тэд бол теннисний ертөнц дэх хамгийн агуу гэр бүлийн хос. Энэ хосоос хойш өөр нэгэн хүчирхэг гэр бүлийн хос дараахан нь гарч ирсэн нь эхнэр нөхөр биш, харин эгч дүү Виллиамсын хос байлаа. Энэ 2-ын дараа теннист ах дүү 2 хос хүч түрэн орж ирсэн юм. Хэдий Марат Сафин тэртээ арваад жилийн өмнө чухам торгон ирэн дээрээ явж байсан боловч дүү Динара Сафина нь ноднингоос хойш илт ялгарч ирсэн билээ.
Өнөөдрийг хүртэл энэ тэмцээн ердөө 2 хүний гарт байсан гэхэд болно. Эмэгтэйд Бельгийн Жастин Эньен сүүлийн 6 жилийн 4-т нь түрүүлээд байсан бол эрэгтэйд Испаний Рафаэл Надал сүүлийн 4 жил дараалан түрүүлээд байсан юм. Энэ хооронд Эньен зодгоо тайлсан бол Надал энэ удаад тэмцээнээс эрт хасагдав. Ингэснээр шинэ аварга төрөх болжээ. Эмэгтэй хосоос эхлэе.
2009 оны Францын нээлттэй тэмцээнд 2 орос хүүхэн финалд үлдсэн нь тэмцээний түүхэн дэх Оросын 2 дахь финал байлаа. Өмнө нь 2004 оны финалд Мыскина аваргалж, Дементьева аман хүзүүдэж байв. Бүх тэмцээний түүхийг аваад үзвэл энэ нь Оросын 3 дахь финал. Мөн л 2004 оны Америкийн нээлттэй тэмцээнд Кузнецова мөнөөх Дементьеваг дийлж байсан юм. Кузнецова ийнхүү Гранд сламд 2 дахь удаагаа аваргалахаар зогсож байгаа нь энэ.
Динара Сафинагийн тухай яриагаар бичлэгийн эхэн дэх сэдэв рүүгээ эргээд оръё. Тэр өдийг хүртэл “Аан, энэ чинь нөгөө Маратын дүү байна” гэсэн үгээр бусдад нэрлэгддэг байлаа. Тэр энэ нэрнээсээ салахыг 2 удаа хичээсэн. Яг нэг жилийн өмнө энэ талбайд Ана Ивановичийн эсрэг, бас энэ жилийн эхээр Австралийн нээлттэй тэмцээнд Серена Виллиамсын эсрэг тоглосон. Хоёуланд нь фаворит бус хувиар тоглолтод орсон түүнд ямар ч боломж гарсангүй. Энэ удаад харин тэр фаворит хувиар оролцов. Учир нь тэр одоогоор дэлхийн нэг номерын чансаатан. Түүнээс гадна Кузнецова сүүлийн жилүүдэд тэгтлээ сайн байсангүй. Хоорондын стат харвал Маратын дүүд түүх бий аж. Хоорондоо 13 удаа тоглосноос 8-д нь тэр ялжээ. Хамгийн сүүлд гэхэд энэ оны Ромын тэмцээний финалд ялсан байлаа. Ингээд тэмцээн эхэллээ.
Эхний гэймийг Сафина авлаа. Тэр үнэхээр бусдад өөрөөр нэрлэгдэхийг хүссэн мэт. Хүмүүс түүнийг чансааны нэг гэдгээр нь хүлээж авахгүй. Харин ямар нэгэн Гранд слам авснаар нь дүгнэх болно. Хүмүүс Маратыг хараад “Аан, энэ чинь нөгөө Динарагийн ах байна” гэж хэлэхийг тэр хүссэн. Гэтэл бүх зүйл дахиад л талаар өнгөрөх нь тэр. Эхний сетдээ тун ч ана мана үзэж байсан ч бүдүүлэг алдаа их хийснийхээ харгайгаар 6-4-өөр хожигдов. Дараагийнхад нь бүр ч олон алдаа хийснээр 6-2-оор хожигдлоо. Ингээд тэр нулимстайгаа байлдах болов.
Тоглолтын дараа Кузнецова “Динара дээр хэт их анхаарал төвлөрсөн гэж бодож байна” гэж түүний хожигдлын нууцыг ний нуугүй дэлгэв. Тэр өөрт нь шагнал гардуулсан домогт Штеффи Графыг “Чи бол миний шүтээн” гэж хэлэхээ бас мартсангүй. Тэмцээний өндөрлөгөөс одоо харахад энэ шагнал эзнээ олжээ. Динаратай харьцуулахад Светлана харьцангуй хүнд тоглолтуудыг хийсэн. Сүүлийн 3 тоглолтоо үргэлж 3 дахь сет дээрээ ялж байсан нь түүний шийдвэрлэх мөчид өөрийгөө удирдаж чадсан сэтгэл зүйн асар их чадвартай холбоотой. Ялангуяа шөвгийн 8-д Серенатай хийсэн тоглолт нь теннисний түүхэн дэх нэгэн агуу тоглолт болж үлдэх болно. Урт удаан үргэлжилсэн энэ тэмцээнд хүчирхэг өрсөлдөгчөө илүүрхэж чадсан нь түүнийг цаашдаа өөртөө итгэлтэй тоглоход хөтөлсөн болов уу.
Эмэгтэй финалын дараа нэгэн бодол төрсөн нь хуучны сайхан цаг балраад байна уу даа гэсэн бодол. Бидний үеийнхний үзэж эхэлсэн Граф Моника 2-ын өрсөлдөөнөөс хойш үргэлж сэтгэл догдлуулсан сайхан финал болдог байлаа. Гэтэл сүүлийн жилүүдэд Эньен Клижтерс нар зодог тайлж, Мауресмо хобби тоглогч болсноос хойш нэг л амтгүй болоод байгаа мэт. Шараповагаас урьдны цоглог байдал нь арилсан, эгч дүү хосууд тоглолтод маш бага ордог болсон, Янкович Иванович 2 форм нь тогтмол бус зэргээс шалтгаалж эмэгтэй теннис жаахан сүр хүч нь буураад байгаа нь нууц биш. Энэ жилийн 2 финал хоёулаа хүсэн хүлээсэн шиг ширүүн болсонгүй. Эсвэл Сафина шийдвэрлэх үед сул дорой нэгэн болж хувираад байна уу? Олимпоор тэр бас л финалд Дементьевад ялагдаж байсан юм. Ирэх Уимблдоны тэмцээнээр миний бодол арилах эсэх нь шийдэгдэнэ. Өнөөдрийн байдлаар бол 16,15 сая евроны шагналын сантай энэ тэмцээний эмэгтэй финал ийм сул болчихоод ялагч нь эрэгтэйтэй адил 1 саяыг халаасалж байна гэдэг шударга бус мэт. Эмэгтэй тэмцээн бүхэлдээ жаахан амтгүй болсон гэж хэлж болно. Гэхдээ нөгөө талаас аваад үзэхэд Кузнецова энэ хүртэл асар ширүүн тулаанууд хийсээр ялагч болсон гэхэд өөр бодол ч бас төрж байна.
За одоо эрэгтэй финалын талаар. Гэхдээ өмнө нь дахиад л жаахан түүх хүүрнэхийг хүсч байна. Борис Бэкер, Пит Сампрас, Бьорн Борг, Жимми Коннорс, Штефан Эдберг, Иван Лендл, Жон Макинрой. Эдгээр нэрнүүдийг харсан теннисний фэн бүрийн нүдний өмнө теннисний түүх хөвөрнө. Гэвч эд бүгд нэг зүйлээрээ нэгэн адил тавилантай. Эдгээрийн хэн нь ч хатуу хучилттай, мөн элс эсвэл зүлгэн талбайнуудын аль нэг дээр нь бүдрээд байдаг байлаа. Дээрх нэрнүүд дунд Андре Агассигийн нэр яагаад багтахгүй байна гэж та гайхаж магад. Тийм ээ, чухам энэ эрхэм л цор ганцаараа бүх гадаргуу дээр ялалт байгуулж чадсан цорын ганц тамирчин билээ. Өнөө цагийн нэгэн домог Рожер Федерар одоогоор дээрх нэрнүүд дунд нэрс нь явж байгаа. Энэ удаад харин тэр Агассигийн араас орох босгонд тун ойрхон очоод байна. Тэр энэ удаад ялж чадвал бас нэгэн домогт ангилалд багтах болно.
Түүнээс өмнө зөвхөн 5 хүн л карриерынхаа түүхэнд бүх 4 гранд сламын ялалтыг мэдэрч үзсэн байдаг. Эд бол Рэд Лавер, Андре Агасси, Фрэд Перри, Дональд Бюдж, Рой Эмерсон нар. Агассигаас бусдыг нь тоглож байхад Гранд слам болдог газруудын хучилт өөр өөр байсныг хэлэх хэрэгтэй байх. Францын нээлттэй тэмцээн гэхэд л эхэндээ зүлгэн дээр тоглогддог байсан гэдэг.
Рожер гэхдээ нэгэн рекордод хэдийнэ хүрчихээд байна. Энэ бол түүний 19 дэх Big four-ын финал. Түүнээс өмнө ганцхан Иван Лендл л энэ гайхамшигт амжилтыг үзүүлсэн юм. Тэр мөн энэ тоглолтод ялж чадвал алдарт Пит Сампрасын 14 Гранд слам авсан аварга амжилттай мөр зэрэгцэнэ. Өнгөрсөн өвөл Австралид тэр энэ мөрөөдөлдөө хүрэхэд маш ойрхон очсон ч эцсийн мөчид түүний “заналт дайсан” Надал түүнд саад болсон билээ. Нулимсаа барьж дийлэхгүй байсан түүнд Надал тэр үед “Рожер, чи удахгүй мөрөөдлөө биелүүлнэ гэдэгт би итгэж байна” хэмээн түүнийг тайтгаруулж байсан юм. Тэр цагаас хойш хүн бүр л түүнийг мөрөөдлөө биелүүлэхийг нь хүсэх болсон. Парисын стадионд суугаа 15 мянган хүн бараг бүгд түүний дээлийн захыг мушгин суугаа. Түүний оноо бүрт л бүгд нижигнэтэл алга ташиж байгаа билээ. Үзэгчид төдийгүй өрсөлдөгч нар нь хүртэл үүнийг хүсч байгаа. Хагас шигшээд түүнд хожигдсон дел Петро “Рожер, чи тэмцээнийг заавал хожих ёстой шүү. Чи энэ хүртэл шударгаар, хүчээрээ тэмцэж ирлээ” гэж хэлсэн. Өмнөх 2 өрсөлдөгч нь ч гэсэн төстэй утгатай үгнүүд хэлсэн байсан. Сүүлийн 3 жил дараалан Парисын финалд Надалийг бараагүй Федерарт энэ удаа зам нь сайхан засагдаж байгаа. Тэр гэхдээ “Надал хасагдсан нь надад хамаагүй, бүх л тоглолт маш чухал” гэж дайчин бөгөөд хүндэтгэлтэй хариу өчсөн ажгуу.
Нээрээ зөвхөн Рожерыг л яриад, өрсөлдөгчийг нь мартчихсан явж байна уу даа. Тийм шүү, энэ залууг бас заавал ярих хэрэгтэй. Содерлинг гэсэн нэр өдийг хүртэл тийм ч их танил нэр биш байлаа. Швед залуугийн нэр Парист цуурайтах учиртай байжээ. 2 даваад 3-ын даваанд Давид Феррертэй таарахад бүгд л түүний гэртээ харих цаг нь болсон гэж бодсон. Гэвч тэр шаггүй хүнд тоглолтоос ялагчаар нь үлдэж орхисон. Дараа нь жинхэнэ гайхалтай зүйл болж Парисын хааныг бут ниргэж орхилоо. Надал түүнд 3-1-ээр хожигдсон, түүний ганц ялалт нь тай брэкийн байлаа. Энэ эрчээрээ тэр Вердаског хожоод байсан Давыденког бүр юу ч болгосонгүй. 3-0-оор дор нь уншчих нь тэр. Хагас шигшээд тэр хашир туршлагатай Фернандо Гонзалезтай таарлаа. Шууд л 2-0. Финал түүнийх болжээ гэтэл чили эр буурь заасаар тэнцүүлж дөнгөв. За даа одоо ч Гонзалез сэтгэл зүйн давуу талтай болчихлоо, тэгээд ч туршлага нь илүүрхлийг авчирна гэж бодож байтал Содерлинг тай брэкт өөрийгөө зүгээр ч нэг энэ хүртэл яваагүй гэдгээ харуулж хожчихов оо. Энэ тоглолтын дараа тэр үзэгчдээс Bad boy гэсэн хочийг хүртээд байгаа. Олон олон шилдэг тоглогчдыг угсруулан шидсэн түүнийг хүндэлсэн утгаар нь ингэж нэрлэсэн болов уу. Эсвэл нөгөө талаас үзэгчид Надал Федерер гэсэн тулааныг үзэхийг хүссэн юм болов уу?
Одоо бидэнд зөвхөн хүлээх л үлджээ. Федерар ир нь орчихсон байгаа залуухан өлсгөлөн арслантай 10 дахиа тоглохдоо 10 дахиа хожиж чадах болов уу?
loading...




chi bolildoo .yahaaraa kuznetsovo turuuulj safina uzuurleheeree sul temtseem bolchihdog bolchihdog yum be? ene 2 chin 2-uulaa zaluu yag torgon iren deeree bgaa. odoo harin ulam emegtei tenis sonirholtoi bolj bna . orsuudiig demjij bna . sain bna sh dee!
loading...
Goy bichjee. Uul n Safina-g demjij bsan yum zaa yaahav. Soderling uragshaa hojooroi.
loading...
… Харин Динара Парисын тэмцээн хоёр дахиа дараалан үзүүрлэлээ. Маша өнгөрсөн жил Ана Ивановичид ялагдаж байсан түүхээ давтахыг хүсээгүй ч яаж ч чадсангүй хожигдчихлоо. Ер нь Сафина зөвхөн “Ролан Гаррос” гэлтгүй бусад томоохон тэмцээнүүдийн шигшээд азгүйтдэг болчихоод байна. Өнгөрсөн жилийн Америк, энэ жилийн Австралийн нээлттэй тэмцээнд үзүүрлэж байсан бол Бээжингийн олимпоос мөнгөн медаль хүртэж байсан юм.
http://legends.blog.banjig.net/post.php?post_id=202283
loading...
Хүүе ээ sportnews.mn -ee та нар Куарежма маань хаана юу хийж яваа талаар мэдээ оруулаач гуйя. Челсид байхгүй , Интертээ байхгүй огт харагдахгүй байна. Та нар түүний талаар сүүлийн үеийн мэдээлэл оруулаач.
loading...
Federer soderling iig jargaaj bna doo. ehnii set 6-1 r duuslaa. aguu yumaa federer
loading...
2nd set 7-6 tiebreak r federer hojloo. odoo 1 l set hojchuul pete sampras tai zeregtseh ni. bas avj uzeegui RG gee avah ni dee.
loading...
3rd set 6-4 . Roger Federer iinhuu onoo tsagiin hamgiin shildeg toglogch bolloo doo. uuntei sanal neg bizdee anduudaa. atp rank ni 1boloh boluu. arai ch hurehkuimuu
loading...