loading...
Цагтаа дэлхийн шилдэгүүдийн нэгэнд тооцогддог байсан АНУ-н уртын харайгч Дуайт Филипс харих болоогүй гэдгээ харууллаа. Афиний олимпийн алтан медальт тэрбээр өнгөрсөн ням гаригт болсон ”Префонтайн классик” тэмцээнд 8.74 метр харайж хувийн дээд амжилтаа эвджээ. Үүгээр ч зогсохгүй Филипсийн энэ ”үсрэлт’ IAAF-ийн түүхэнд тавдугаарт бичигдэх амжилт аж. Тэртээ 1991 оны дэлхийн аваргад 8.95 метр харайсан алдарт Майк Пауэлл шилдэгүүдийн жагсаалтыг тэргүүлдэг ба түүний ард Боб Бимон, Карл Луйс, Роберт Эммиян нар жагсдаг аж. Филипс тэмцээний дараа ”Энэ амжилтанд хүрсэндээ маш их баяртай байна. Миний өмнө жагсаж байгаа залуус бол уртын харайлтын хаадууд шүү дээ. Тиймээс тэдэнтэй ижил хэмжээнд үнэлэгдэнэ гэдэг бол нэр төрийн хэрэг” гэжээ.
Афиний олимпод Дуайт 8.59 метр харайн аваргалж байсан ба түүнээс хойш ”Осака 2007”-гоос хүрэл медал хүртсэнийг нь эс тооцвол олигтой амжилт гаргаж чадаагүй байсан. Мөн өнгөрсөн жил тэрбээр АНУ-н сонгон шалгаруулалтад 4-р байр эзлэн Бээжинг зорих эрхээ хармсалтайгаар алдаж байсан билээ. ”Ямарваа нэгэн ялагдлаас тамирчин хүн алдаа оноогоо ухаарч, цааш цаашдаа илүү их хичээх эрч хүчээ олж авдаг. Нэг ёсондоо ирлэгддэг гэсэн үг л дээ. Миний хувьд хүнд хэцүү олон өдрүүдийг туулж байсан. Харин одоо тэр бүхэн ард хоцорч, би өөрийгөө эргээд өөрийгөө хүчирхэг болсон гэдгээ мэдэрч байна”
loading...



