Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Cпортбодрол » Хөлбөмбөгт татагдсан түүх

GD Star Rating
loading...

‘Спортын цонх’‘ форум болон сэтгүүлийн  анхны сэтгүүлчдийн нэг , Олон улсын спортын сэтгүүлч Л.Олонбаяр буюу форумын админ Номер 10 гишүүний нэгэн нийтлэлийг та бүхэнд хүргэе. Амьдралынх нь салшгүй нэг хэсэг болсон хөлбөмбөгийн спортод тэрбээр хэрхэн татагдаж, ”дурласан” түүхээ энд өгүүлэх бөгөөд Нисдэг Голланд болон Манчестер Юнайтедийн улаан фен, олноо ”Арав ах” хэмээн хүндлэгддэг энэхүү эрхэмийн дурсамжаас та бүхэн сэтгэлийн гүнд нуугдах сайхан цагаа дахин нэг дурсаж, мэддэгггүй зүйлээ мэдэж, спорт гэгч ямар гайхамшигтай зүйл болохыг дахин нэг удаа тунгаах нь дамжиггүй бизээ. Ингээд олон зүйл нуршилгүй ”10 ахын” нийтлэлийг хүргэе.

p1050019ji4”За даа их л урт юм болох шиг ээ. Бээгий Хулганаа 2 байтугай форумын маш олон гишүүн ээжийнхээ гэдсэнд сураг ч үгүй байхад Спортын мэдээ гэдэг сонингоос агуу хөлбөмбөгийн талаар уншиж, ширэн бөмбөгтэй танилцаж явлаа. Одоо энэ олимпийн хорооны Отгонцагаан ах тэр үед Орост байсан. Спорт-атташе Жүгдэрийн Отгонцагаан гээд л их гардаг. Яагаад ч юм атташе гэдэг нь аттак гэж байгаам шиг санагдаад нэг л этгээд гоё санагддаг байсан. 80-аад оны эхээр биднийг чинь Хитлертэй киногоор бөмбөгддөг байлаа, тэгээд л аттак гэсэн үг гоё санагддаг байсан байх. Хичээлээ тараад гэртээ ирээд шууд л даалгавраа хийдэг байлаа. Тэгээд дараа нь цайгаа уудаг байсан. Тэгээд гарч бөглөөднө, мөнгөднө, маатакдана бас дада гэж тоглоно. Бас их ном уншдаг байлаа. Үсэглэлийн баяраа хийснийхээ дараахан л нэг зузаан ном бариад сууж байсныгаа бүүр түүрхэн санадаг юм. Манай аав гэж нэг том дарга, ганцхан Үнэн сонин л уншина. Би нэг ч үсэг үлдээлгүй дагаж уншдаг байлаа. Хэвлэл захиалга гэсэн хэсгээс нь харж байгаад Спортын мэдээ гэдэг сонин байдаг юм байна гэж мэдэж авсан. Номын санд ирдгийг нь мэдээд хааяа зориуд очоод сууж уншдаг боллоо. Тэр үед чинь хөдөө суманд мэдээлэл авах цорын ганц хэрэгсэл нь сонин л байдаг байлаа, харин маш шуурхай ирдэг байжээ. 1 дэхийн сонин 4 дэх гэхэд хааяадаа бүр 3 дахид ирчихдэг байсан. Тэр үед бол асар хурдан хугацаа байлаа. Спортын мэдээгээ уншаад ойлгохгүй юм бас их гарнаа. Дүрэм журмаас эхлээд спортын төрлийн нэр дээр хүртэл толгой эргэдэг байлаа.

Спортын тухай зөвхөн нэг сонин уншдаг, дээрээс нь хичээл хийнэ бас тархиа номоор бөмбөгддөг байсан болохоор одоо бол би юу юу уншиж байсныгаа таг санажээ. Харин Марадона гэсэн нэрийг хэзээ ч мартаагүй юм. Одоо бодоход тэр үед Марадона тэр цагийн хамгийн том од нь байсан болохоор түүний нэр хамгийн их гардаг байж. Удалгүй Пеле гэсэн нэрийг бас мэддэг боллоо. Тэгж байтал манай суманд зурагт гээч шидэт дөрвөлжин хайрцаг ирлээ. Аав маань бүтэн сарынхаа цалингаар нэг орой нэг юм дааж ядан ороод ирлээ. Хоол идэх гээд амаа ангайсан маш олон ам байхад л идэж болдоггүй юм аваад орж ирж байгаам даа. Гэхдээ цаг үнэхээр сайхан байжээ. Ээж маань аптект ажиллаад 200 цаас авдаг байсан нь тэр сард биднийг өлсгөлгүй байлгасан байх. Алдарт эхийн шагналын мөнгө гээд хэдэн хөөрхөн юм ирдэг байлуу яалаа.

За тэгээд нөгөө шидэт юм чинь жинхэнээсээ шидээ гаргаж эхэллээ дээ. Соронзон мэт л татагдаж байлаа. Хавь орчны хэдэн арван хүүхэд аав ээжээ дагуулаад манайд шавж, манайх гэдэг айл хөл тавих зайгүй болдог байлаа. Одоо бодоход эцэг эх 2 маань ямар ч сайхан тайван хүмүүс байсан юм. Би байсан бол айлын хүүхдүүдийг үүднээсээ хөөгөөд л явуулчих байсан байх даа хаха. Гэхдээ олуулаа тэгж үзэхээр үнэн кайфтай. Инээмтгий хүн, Ломоносов энэ тэр гээд л одоо бодоход үнэхээр чанартай кинонууд гардаг байж. Сумын дизель мотор зөвхөн оройн цагаар л ажиллана. Тэгэхээр орой нь ОРТ дээр гарсан болгоныг л үзэхээс аргагүй. Одоо бодоход Европын аварга зөвхөн шөнө л гардаг байсан, манай суманд зөвхөн орой л цахилгаантай байсан болохоор Евро 88-ыг үзэлгүй өнгөрөөсөн байх. Спортын мэдээнээс Голланд гэдэг баг түрүүлсэн тухай уншиж байсан. Тэр жил ер нь домогт гурвалын нэрийг их уншсан санагддаг юм. Миланы гурвал гээд л. Одоо хэр нь Миланыг дэмждэг нь анхны тэр сэтгэхүйтэй л холбоотой байх. Ер нь хөлбөмбөгийн мэдлэг минь бага багаар ахисаар л байлаа. Зурагтаар Хоккей л хамгийн их үздэг байсан. Хөлбөмбөг бас их гарна аа. Торпедо, Крылья Советов, Спартак, Динамо гэсэн нэрнүүдийг л одоо санаж байна.

За тэгээд зурагтаа үзээд явж байтал 90 оны зун боллоо. Наадам гээд л бөөн хөл. Бат-Эрдэнэ гээд айхтар дийлдэшгүй бөх нэгэнт гараад ирчихсэн байлаа. Аавыг дагаад түүний улаан фэн. Бат-Эрдэнийгээ харахын хүслэн. Хажуугаар нь Спортын мэдээнээс дэлхийн аваргатай гэдгийг уншаад мэдчихсэн байсан. Өмнөх буюу 86 оны дэлхийн аваргыг үзээгүй ч гэсэн Бат-Эрдэнээс болоод ямар баг түрүүлснийг сайн санадаг юм. Тэр жилийн наадмаар нагац аавын 70 насны ой Багануурт болоод манайхан бүгд тийш яваад ирсэн. Би 1эгч, 2 ахтайгаа гэртээ үлдсэн юм. Нөгөөдүүл чинь ирсэн хойноо нутгийн хүмүүст нүдээр үзсэнийгээ нэг бүрчлэн ярьж өгөөд л. Аав ахтай Бат-Эрдэнэ түрүүлнэ Хадбаатар түрүүлнэ гэж бариад ах дийлж байсныг ч бас ярьж байсан. Аав Бат-эрдэнийг их үнэлдэг байсан юм. Мундагийг нь шагшиж дахин дахин яриад л. Яг тэр үеэр нь би сонингоос Марадонагийн баг түрүүлсэн тухай уншиж байсан юм. Тэгээд л ой тойнд тод үлдсэн.

Наадмын өдөр ч боллоо, өмнөх жилүүдтэйгээ адил бас л радиогоо эцэст нь чангалаад суулаа. Үндэсний суваг байх биш, радиогоор бүх амыг бичиж байгаад л сонсдог байлаа. Хажуугаар нь хөлбөмбөг юу болж байгаа бол гэж бодож байсан. Гэхдээ наадам болж байхад хөлбөмбөг дараагийн асуудал. Хүүхэд үеийн хамгийн гоё баяр наадам л байлаа. Ах нарын хувцсыг наадмаар л тайлж хаяад 9 сарын 1-ний дүрэмт хувцсыг эс тооцвол жилдээ ганц удаа шинэ хувцсаар гангардаг байлаа. Наадам болох гээд нөгөө хэвлэл энэ тэр ч зогсчихсон, би юу болж байгааг мэдээ ч гүй л яваад байлаа. Бөх дуусангуут ойрхон айл руу хар хурдаараа жирийлгэлээ. Манайд их олон хүнтэй, нөгөөдүүл чинь наадмаа үзээд л. Тэр айлд орсон чинь харин Итали Герман 2 алалцаж байнаа. Өмнө нь Оросын лиг л үздэг байсан болохоор тэр аймаар фэнүүд, тэр том цэнгэлдэхийг хараад ангайлаа. Шууд л дотор нь уусчихсан. Нэг мэдсэн чинь тоглолт дуусчихсан. Италийг үхтлээ дэмжиж билээ. Амьдралдаа анх удаа нэг багийг тэгж их дэмжиж байгаа нь тэр. Их л уруу царайтай тэр айлаас гарсан даа. Италийг талбай дээрээ хожоод ард түмнээ баярлуулаасай гэж их хүсч байсан. Бага байхад наадмаар өөр сумын бөх, морь ирээд наадам авчихвал их муухай санагддаг байсан. Тэр үзлээрээ л тэгж бодсон байх. Тэр үедээ би тэр тоглолтыг финал гэж бодож байсан. Сүүлд нь мэдэхэд ОРТ дээр хагас шигшээгийн давталт нь явсан юм билээ. Одоо хүртэл би Италийг бас битүүхэн харж л явдаг юм. 2006 онд аваргалахад нь баярлаж л байлаа. Италийн хувцас нь их гоё санагддаг байсан. Бас Аргентины хувцас их гоё этгээд санагддаг байлаа. Улбар шар хувцас харин толгой эргүүлдэг байлаа. Энэ олон хүн яагаад ингэдэг байнаа гээд дургүй хүрдэг байсан хаха.

92 оны зун хөдөө хамаатныд туслуулахаар аав намайг явууллаа. Сүүлд нь унших нь ээ Дани гээд огт мэдэхгүй баг түрүүлсэн байдаг юм. 94 оны дэлхийн аваргаар аймгийн төв рүү явж конкурс өгнө гээд ер үзэж чадаагүй. Тэр үед их л орой конкурс болдог байсан. Том ах 70-аад онд Ташкентын хуваарь авснаас эхлүүлээд дээд талын хэд маань бүгд л гадаад эсвэл хотын гоё гоё хуваарь аваад явчихдаг байсан. Яг миний зулай дээр гишгэсэн ах маань ахлах ангиасаа танхай нөхдүүдтэй нийлж явсаар байгаад конкурсээр хоосон хоцорч байсан юм. Би ч заавал хуваарь авах ёстой гээд л шүдээ зуусан байсан, сургуулийн нэр хүнд гээд багш маань анхааруулаад л. Өмнөх 2 жилд нь манай сумаас хэн ч конкурсэнд тэнцээгүй байсан юм. Яг нэг тэр шилжилтийн үе таараад, гайгүй багш нар нь амьдралаа бодож бизнес хөөгөөд хүүхдүүдийн сурлага муудсан үе байсан. Тэгээд би гэдэг хүн шөнө өдөргүй 1000 бодлогын ном бодож байлаа. Намайг төгсөхөөс хэдхэн жилийн өмнө гадаадын хуваарь зогсчихсон байсан. Би тэгж байгаад их азгүй хүн. Уг нь бол сургуульдаа ганц нь л байлаа. Хуучин цаг сан бол конкурсгүйгээр хилийн дээс алхах байсан. Хүүхэд байхдаа маш их ном уншдаг байсан, буурал Европын түүхийг нүдээр үзэх нь хүүхэд байхын л мөрөөдөл байлаа. Гэхдээ ямар ч байсан хотын хуваарь авсаан. Аймгаас ирчихээд бусад хуваарь авсан хэдэн хүүхдүүдтэйгээ нийлээд хөдөөгүүр хэд хоног зугаалж байсан. Дэлхийн аварга үнэндээ юу болсныг мэдэлгүй өнгөрсөн. Сүүлд нь уншсан чинь миний бас нэгэн хайртай тоглогч маань шийдвэрлэх цохилтыг тэнгэр лүү нисгэчихсэн байсан. Спортын мэдээ дээр өмнө нь Бажод бол хөлбөмбөгчин хүнд байх ёстой 10 шинжийн 9 нь байна гээд нэлээн дэлгэрэнгүй тайлбарласан нийтлэл гарч байсан. Тэрийг уншаад бас дараахан нь буддын шашинтан гэдгийг мэдээд ази хүн болохоороо түүнийг дэмждэг болчихсон байсан.

94 оны намар хотод шилжин ирж, ТИС-д орлоо. Нэг жил Дамбадаржаад байсан болохоор кабел гэж үгүй, тийм болохоор хөлбөмбөг гэдгийг мартаад байлаа. Дараа жил нь 5 шар луу нүүв. Сүлжээ гэдэг кабелийн тв нээгдлээ. 5 цагариг сонин ч гарч эхэллээ. Анхны дугаараас нь л авсан. 2 сар шахам уншиж явсан, тэгснээ гэнэт нээрээ энийг чинь цуглуулий байз гэж бодоод цуглуулж эхэллээ. 3 жил цуглууллаа. Миний хөлбөмбөг дэх мэдлэгийг яахын аргагүй энэ сонин их нэмсэн. Спортын мэдээн дээр 5 цагариг шиг дэлгэрэнгүй мэдээллүүд бага гардаг байсан, тэгээд ч би жаахан байлаа. 96 оны Европын аварга болов оо. Бүгдийг нь үзэж чадаагүй ч хэд хэдэн тоглолт үзсэн. Ганц харж байсан Итали маань хэсгээсээ ч гараагүй. Хамгийн их санаанд үлдсэн тоглолт нь Англи Германы тоглолт байдаг юм. Хожсон нь аваргын төлөө үзэх гээд байдаг. Үнэхээр алаан болж билээ. Тоглолт эхлүүт л Ширер хусчихсан. Тэгээд Герман тэнцүүлээд эцэст нь пеналтигээр Герман хожсон. Английг үхтэл дэмжиж байлаа. Ингээд харахаар би бүүр аль 90 оноос хойш дандаа Германы эсрэг байгаад байсан байгаам даа. Соц нийгмийн үеийн Герман гэдэг үг нөлөөлсөн юм болов уу, чөтгөр бүү мэд. Германы дасгалжуулагч нь Берти Фогтс гэдэг хүн байсан. Тэр үедээ би Вогтс гэж уншдаг байлаа. Магадгүй миний хамгийн анх танилцсан хөлбөмбөгийн дасгалжуулагч хүн байх.

98 оны дэлхийн аваргыг бол харин ёстой тухтай гэгч нь үзсэн дээ. 1-р курст орохдоо хөдөөний юугаа ч мэдэхгүй жаахан хүүхэд сургуулиа төгсөх байтугай 2-р курсдээ ч орж чадахгүй мэт санагдаж байсан үе бий. Гэтэл 4 жил өнгөрөхөд бүгдийг ардаа хийжээ. Өвөл нь хамгаалах ёстой дипломоос огт айхгүй байлаа. Сайхан л тайван амьтан хөлбөмбөг үзээд л суучихсан. Дундуур нь ганц нэг үйлдвэрлэлийн дадлагадаа яваад л. Лекцнийхээ нэг зузаан дэвтрийн арын хуудсан дээр бүх тоглолтын оноолтыг гоол хийсэн эзэнтэй нь бичиж байгаад л үзлээ. Хамгийн хурдан гоол, түүхэнд анх удаа 32 баг оролцож байгаа гэх мэт янз бүрийн жижиг сажиг тайлбаруудыг тусад нь Шигтгээ гэж том гарчиг тавьж байгаад бичдэг байв. Тэр дэвтэр одоо ээжийнд явах ёстой, нэг очихоороо хайж үзий байз. Хожим нүүхдээ хаячихаагүй байгаа. Уг нь одоо харвал маш дурсгалтай эд байгаа даа.

Энэ дэлхийн аварга миний өдийг хүртэлх бүх тэмцээнээс хамгийн шилдэг тэмцээн нь. Рикки Мартины дуу ч гоё чимсэн. Анхны тоглолт нь шууд л дэлхийн аваргуудын тоглолтоор эхэлж байсан. Сонин дээрээс эчнээ танил болсон маш олон тоглогчтой нүүр тулан уулзав. Норвеги Бразилыг нухахад нь үхтлээ гайхаж байлаа. Фло гэж нэг аймаар гар байсан. Итали Чили 2 тэнцэхэд Чилийн 2 өндрийг биширч байлаа. Саморано Салас 2 толгойгоороо нэгэндээ хаясаар байгаад л гоолдоод байсан. Тэр үед Самораног нь Интерийн ахлагч гэдгээр нь мэддэг байсан. Испанийг Нигер хожиход бас гайхаж байсан. Испани дараа нь Болгарт 6 гоол хийгээд ч хэсгээсээ гарч чадаагүй билээ. Мөнхийн өрсөлдөгчдийн Энрике Иерро 2 бас Мориентес ёстой аймшигтай тоглосон. Тоглогчид нь уйлаад л. Өмнөөс нь өр өвдөж байсан шүү. Мексикийн Эрнандес гээд ёстой будаагаар нь эргүүлдэг гар байлаа. Улбар шартай тэнцэхэд би тэр үед нэг их юман чинээнд бодохгүй л байсан. Улбар шарыгаа дэмжихгүй их л удаан явсан даа, хөөрхий. Эрнандес дараа нь Германд аймаар гоол хийж байсан. Илт илүүрхэж тоглосон санагддаг юм, гэвч эцэст нь хөлбөмбөгийн машинууд араам заасан. Гэхдээ би тэр үед Германыг хожоосой гэж бодож байлаа. Шөвгийн 8-д илүү том тэмцэл харах гэж тэр. Ийм үүднээс Бразилыг Чилийн эсрэг дэмжсэн. Гэхдээ 2 С-ийг хасагдахад их л харамсаж байсансан. Иран Америк 2-ын тоглолтыг бас их тод санагдаж байна. Иран нь 2-1-ээр хожиж байсан. Улс төрийн агуулгатай аймаар тоглолт болж байсан даг.

Шөвгийн 16-ын тоглолтоос Аргентин Английн тоглолтыг мартдаггүй юм. Аймшигтай тоглолт болж билээ. Өмнө нь энэ 2-ын өс хонзонгийн тухай мэддэг байсан нь тоглолтыг үзэхэд улам ч амттай болгосон байх. Тэртээ 10 гаран жилийн өмнө Марадона гэж анхны хөлбөмбөгчний нэрийг цээжилж байсан болохоор том тэмцээнүүдэд Аргентиныг их л хардаг байсан. Пеналтигээр Аргентин маань хожиж байлаа. Аргентиныг дараа нь Холландын эсрэг бас л дэмжсэн. Бас л аймшигтай тоглолт болсон шүү. Эхлээд Клойверт мөргөлүү яалаа. Дараа нь Аргентин хаалттай цохилтоос ганган тактик сонгож, Лопез тэнцүүлж байсан. Сүүлд тэр Бергкампын гоол бол аймаар аймаар. Тэр бөмбөг тогтоож авч байгаа энэ тэр нь үнэн класс. Хожигдоход нь их л харамсаж байсан даа. Тэгэхэд Ардчилсан намынхан засгийн эрхэнд байсан. Гончигоо энэ тэр СТӨ-н дотор байдаг шиг санагдаж байна нэг баар байсан, тэнд үзэж байсан. Тэд Холландыг дэмжээд л. Би соц нийгмийн бүтээгдэхүүн эцгийн үзлийг өвчсөн болохоор аа муусайн юмнууд гээд л дургүй хүрч байлаа. Шөвгийн 8-ын тоглолтууд бүгд л үнэхээр тансаг болсон.

Хорват Германыг 3-0-оор цэвэр аваад туучихлаа. Шукерын цоорчихсон жил байсан. Итали Франц 2 120 минут нухалцаад гоол оролгүй пеналтигээр нутгийн эзэд цааш гарч байсан. Өмнөх дэлхийн аваргаар Бажо багаа хөөдсөн бол энэ удаад ди Биажо гэж маш адилхан нэртэй хүн багаа мулталлаа гээд л нөгөө дэвтэртээ бичиж байлаа. Блан байнга л Бартезын халзан толгойг үнсээстэй. Бразил Данийг их л зүдэрч хожиж байсан. Ривалдо л багаа авч гарсан. Тэд дараа нь шөвгийн дөрөвт Холландтай таарсан, улбар шарыг амьдралдаа анх удаа дэмжив ээ. Сайндаа ч биш, хүчгүйгийн талд ордог нь монгол хүний зан байх. Өөрсдөө жижиг үндэстэн, олон жил том гүрнүүдэд дарлуулсан болохоор тэгдэг юм болов уу. Холланд ёстой хожоод л алдсан даа. Аргентин Итали 2 2-уулаа мултарсны дараа Францыг дэмжээд эхэлсэн. Нөгөө л нэг талбай дээрээ ялалт байгуулаасай гэсэн хүүхэд байхын л хүслэн намайг тэгж чиглүүлээд байлаа. ТЭЦ 4-ийн Жийгээ гээд Цахилгаан цехийн ерөнхий инженер ах хүүгийн удирдлага дор дадлага хийж байлаа. Дадлага хийх гэж очоод хөлбөмбөг яриад суудаг байлаа. Тэр ах Чехэд төгссөн болохоор Монголд байснуудыгаа бодвол арай илүү мэдээлэлтэй байлаа. Хөлбөмбөгийн талаар асар өндөр мэдлэгтэй. 21 дугаартай Дюгарригийн улаан фэн байлаа. Тэр ахын Францыг гэсэн сэтгэл ч гэсэн намайг бас тэгж дэмжихэд нөлөөлсөн байх. За тэгээд дадлага ч дууслаа. Бүр ч их эрх чөлөөтэй болов. Наадмаар урт удаан, амаргүй бэрх 4 жилийг ардаа үдсэн найзуудтайгаа 48 цаг унталгүй савлаа. Тэгээд унталгүй байж байгаад шөнө нь залгуулаад Зиданы гялаан толгой 2 удаа гэрэлд гялалзахыг харж билээ. Мангар кайфтай байсан шүү. Нөгөө ядаргаа энэ тэр ор мөргүй арилж байсансан. Одоо байсан бол сунаж үхэхгүй юу. Хорьж болдоггүй хорин хэдэн нас дахиад ирэхгүй гэхээр дэндүү харамсмаар. Энийг уншиж байгаа хүүхэд залуус минь та нар сайхан залуу насаа гамнаж амьдраарай гэж захих байна. Өөрөө нэг хөгшин ч юм шиг, гэхдээ форумдаа л ахмадад орох юм даа хэхэ.

Дэлхийн аваргаас хэзээ хойно нэг айлд очив оо. Хөргөгчин дээр нь Манчестер Юнайтедын тоглогчдын зураг нэг нэгээрээ наалдаастай. Бохины дотор байдаг жижигхэн зурагнууд байсан. Бүгдийг нь таних шахуу ч тэр зурагнууд нэг л ер бусын сэтгэгдэл төрүүлээд байсан юм. Өдийг хүртэл хөлбөмбөгийн талаар төлөвшил маань нэг л бүрэн төгс болоогүй л яваад байлаа. Тухайн үедээ Тамирын гаргадаг бичлэгээс өөр юм бараг л байхгүй. Яахав оросын сувгууд дээр тэмцээн үздэг байсан. Гэхдээ л хангалтгүй байлаа. Осолгүй л шигшээгээс Итали Аргентин 2-ыг дэмждэг байлаа. Дэлхийн аваргаас хойш Францыг бас жаахан хардаг болчихсон. Клубын хувьд бол багаасаа нэрийг нь уншдаг байсан Миланыг л жаахан харна. Гэхдээ бүр тийм ч аймаар дэмжихгүй. Ямар сайндаа Роналдогоос болж Интерийг Миланы эсрэг балиалдаг байхав дээ. Шигшээг нь дэмждэг байсан дээрээс нь бага дэлхийн аварга гээд Италийн лигийн тухай их мэдээлдэг байсан тул Италийн багуудад их талтай байсан. Цомтой багуудын цомын хамгийн сүүлийн тэмцээнд Лацио түрүүлсэн шиг санагдаж байна. Парма Лацио 2-т бас их дуртай байсан. Аль аль нь хэт их мөнгө цацаж тоглогч авсан нь санхүүд нь асуудал тулгаруулж, улмаар доош явах үндэс суурь болсон байх гэж боддог. Лацио Креспо Мэндиетта 2-ыг 100 сая гаргаад л авч байсан. Тэр үе гэхэд чанга мөнгө шүү. Нөгөө 2 нь итгэл эвдсэн дээ. МанЮтд тэгэхэд Лийдсээс Фердинандыг хамгаалагч хүний рекорд гээд бас л аймаар мөнгө гаргаж байсан. Хэд нугалахаар тоглолтыг өдийг хүртэл гаргалаа. Нүдээ олсон наймаа багийг их дээш нь өргөдөг гэдэг нь зөвхөн энэ 2-оор жишээ авахад л харагдаад байгаам.

Сургууль төгсүүтээ ажилд оров. Тэр үед манай ажилд Толгойтод гэртэй жирийн нэгэн ажилчин залуу байдаг байлаа. Нөхрийн хөлбөмбөгийн мэдлэг муугүй. Гэр хороололд кабел энэ тэр байх биш, би түүнийг гайхдаг байлаа. Бид 2 хөлбөмбөгөөс гадна хоккей их ярьдаг байсан. Анх удаагаа л хөлбөмбөгийн тухай бусадтай байнга ярьдаг болж байгаа нь энэ. Өглөө цагаа бүртгүүлнэ, би тэрний инженер нь болохоор жаахан зааварчилгаа энэ тэр өгнө. Тэгээд л дараа нь нэг ангийн 2 шиг спортоо яриад суучихдаг байлаа. Оюутан байхад хоорондоо спорт их ярих ч голдуу л бөх сумо 2 ярьдаг байсан. Манай ангид аймаг бүрээс хүүхэд байсан. Спорт тал дээр хөлдүү гарууд ихтэй. Нэг удаа өглөө нь хичээл дээр ирээд өчигдрийн тоглолтын талаар яриа дэлгэлээ. Интерийн Ронолдо өчигдөр ёстой алав аа гэсэн чинь нэг гар татаад уначихдаг юм байна. Бүр нулимс нь гоожоод дуу гарч чаддаггүй. Бид нар гайхаад л. Тэгсэн чинь арай хийж нэг гайгүй болсноо Чи боль оо, Роналдо чинь Бразилынх за юу гэж авдийн. Анги тэр чигээрээ нирхийгээд явчихлаа. Оюутан цагийн шилдэг онигоонуудын нэг нь энэ. Одоог хүртэл бид дурсаж инээлддэг юм.

2000 оны Еврогоор Португал аймаар цоорч, хөлбөмбөгийн том гүрний нэгэнд ороод ирлээ. Ойсэбиогоос хойш тэд ингэж цоороогүй байх. Финто, Фиго, Гомеш, Коуту гээд л алдаг нөхдүүд байлаа. Франц дэлхийн аварга болсон юм чинь болоо гээд Португалийг нь дэмжиж байлаа. Франц дараа нь финалд гайхамшгийг бүтээсэн шүү. Гэхдээ би мэдээж Италиа дэмжилгүй яахав. Харамсаж байсан. 2 жилийн өмнөөс тодорч ирсэн Онри Трэзэгэ 2 үнэхээр аймшигтай хослол болсон байв. За тэгээд амьдрал урссаар л… Орос дээр явдаг байсан хөлбөмбөгийн тойм нэвтрүүлгийг нэлээн их үзсэн. Мэндиеттаг үнэхээр биширч байлаа. Дараа нь бас Недведийн тоглолтыг хараад бараг л шүтэж байсан. Тэгж байтал Манчестерийн нэгэн тоглолттой тааралдав. Нөгөө баг нь хэн байсныг одоо огт санадаггүй юм. Рүүд ван Нистелрой гэж залуу жинхэнэ будаагаар нь эргүүлчихдэг байгаа. Яг л адуу шиг пижигнээд л, 2 хамгаалагчийг бөмбөгтэй юутай нь бүгдийг нь давхар хамж ирээд л мөргөж байсан. Шууд л шүтлээ. Нөгөө хөргөгчин дээрх Гиггз, Скоулз, Сольшер, Кийн… гээд л танил нөхдүүд бүгд л аймшигтай сайн байсан. Тун удалгүй дахиад л тэдний тоглолт тааралдав. Нөгөө улбар шар залуу чинь дахиад л сүйдэлж байна шүү. Ингээд л энэ залууг жинхэнээсээ шүтэж эхэллээ. Хажууд нь өмнөх үеийн шүтээн Марадона Бажо нар юу ч биш мэт. Тэдний тоглолтыг байнга үзэх завшаан байсансан бол бас л ингэж шимтэх байсан байх даа. Рүүдээс болж Юнайтедын талаар чих их тавьдаг боллоо. Тэр үед интернет хараахан орж ирээгүй байсан. 5 цагаригаас л мэдээ дуулдаг байв. Хавар нь ЧЛ-ийн финал болов. Нөгөө Мэндиетта чинь багаа энэ хүртэл чирчихжээ. Аймшигтай формтой байж билээ, тэр жил. Финал дээр Байернд харамсалтайгаар хожигдсон. Хожих боломж ч хэд хэд гарч билээ. Их л гоё баг байсан даа, Валенси. Ингээд Испаниас нэг дэмждэг багтай болчихдог юм байна аа. Дараа жил нь хэдий Мэндиетта явсан ч Валенси сэтгэл зүрхэнд үлдсэн байлаа. Аймар, Аяала, Бараха, Албейда… гээд л их гоё нэрнүүдтэй тоглогчтой.

Тэр ондоо Герман явлаа. Хэлний курст нэг ангид нэг болгар хүүхэдтэй их дотносов. Нөгөөх чинь Литекс гэдэг багийнхаа тухай яриад л. Тэр нь тэр жил УЕФА-д гараагаа хөөрхөн эхэлж байсан. Өөрөө стадион их явна. Намайг дагуулаад нэг удаа Нюрнбергийн тоглолтыг үзүүллээ. Анх удаа амьдаараа хөлбөмбөгийн стадион дахь уур амьсгалыг мэдрэх нь тэр. Өөрийн эрхгүй хамаг юм огшдог юм билээ. Бундэслигийн нэг жижигхэн баг гэхэд тэр фэнүүдийн дуу энэ тэр бол үнэхээр сүрлэг санагдаж байлаа. Хэлээ улам хурдан сурахын тулд сургуулийнхаа нэтэд хөлбөмбөгийн мэдээ их уншиж суудаг болов. Хэл сурах хүн дуртай сэдвээрээ түлхүү үзвэл хурдан амжилтад хүрдэг юм байна лээ. Юнайтед Арсенал 2-ын арцалдахыг их харсан. Виера, Лаурсен энэ тэр гээд баахан дургүй хүрмээр нөхдүүдтэй. Энэ 2-т хавьтах өөр баг ПЛ-т байхгүй байлаа. Бундэслигийн талаар зурагтаар их хардаг боллоо. Олон ч тоглогч таньдаг болов, хөлбөмбөгийн дүрэмний талаар мэддэггүй маш олон юмаа мэдэж авлаа. Тэгж байтал ЧЛ-ийн хагас шигшээ болов оо. Лэвэркузен манай Юнайтедыг мулталчихдаг байгаа. Баллак, Лусио, Зе Роберто, Рамелов, Бабич, Новотни, Шнайдер, Бастюрк, Кирстен, Нойвилл, Пласенте, Бербатов… гээд л лаг гарууд их байж дээ. Финал дээр Зиданы бас нэгэн гайхамшгийг мэдэрч билээ. Зун нь дэлхийн аварга болов. Рүүдээс болоод Холландыг дэмждэг болчихжээ, би. Улбар шарууд маань очоогүй болохоор нэг л гунигтай. Гэхдээ үхлийн хэсгийн тоглолт үнэхээр сонирхол татаж байлаа. Шведийг тийм сайн баг гэж огт бодож байсангүй. Нигерийг бол сайн гэж боддог байсан. Нөгөө Аргентин маань хэсгээсээ ч гарсангүй. Герман их хол явсан. Бид Холландгүйгээр дэлхийн аварга руу явлаа гэж гудмаар дуулалдаад л. Би ч аль багын л дургүй байсан хэвээрээ. 2 найзыг минь эс тооцвол эргэн тойрон дахь бүх монголчууд Германы фэн болчихож. Сулхан хэсэгт ороод, тэндээ Ирландтай тэнцэв. Тэмцээний турш ганцхан Европын багтай таарсан нь энэ. Финалд Бразил хожиход нь жинхэнээсээ магнай хагарах шахаж байлаа. Сөөсгөр Роналдо, шонгоо налаад сууж байгаа хөх цамцтай Каан 2 санаанаас гардаггүй юм. Хэрэв тэгэхэд Герман түрүүлсэн бол миний хувьд энэ дэлхийн аварга бодохоос ч дургүй хүрэхээр болох байв. Учир нь өмхий солонгосчууд хахуульдсаар байгаад их хол явсан. Испани ч тэр, Итали ч тэр хожсон шүү дээ. Ялангуяа Итали дээр бол бүр хэтрүүлчихсэн. Тотти дээр алдаа хийж байхад түүнийг хийсэн мэтээр улаан өгөөд наачихсан. Миний үзсэн хамгийн муухай тэмцээн.

Бундэслигт улам татагдсаар л… Дортмундын фэнүүд нь үнэн тасархай, баг нь яаж ч мяарч байсан дуулалдаад л. Аморозо, Вөрнс, Фрингс, Рикен, Эвэртон, Коллер, Росицки, Деде гээд л сайн тоглогч нартай. Дэмждэг боллоо. ЧЛ-т Реалыг бараг л хусч байсан газар сан. Эхэндээ би Бавари мужид амьдарч байсан. Их хэцүү газар. Германы хуулиас илүү Баварийн хууль нь хүчтэй. Зүв зүгээр гудмаар явж байхад л цагдаа нар дуудаж бичиг баримт их шалгана, нэрвтэж эхэллээ. Зарим газар орохоор хятад гэсэн байдлаар их хүнд суртал гаргана. Иймэрхүү байдлаас нь болсийм уу бүү мэд Каан, Эффэнберг, Элбер, Баллак гээд л баахан түрэмгий гаруудтай Байерныг үзэн ядаад эхэллээ. Эффэнберг нь сүүлд нэг хэсэг Воьфсбургт тоглосон, гэхдээ тоглогчийн хувьд жинхэнэ эр хүн шүү. 2003 оны ЧЛ-ийн хагас шигшээ болов. Хамаг оддыг түүчихсэн Реалтай Юве таарлаа. Миний хамгийн сайн таньдаг 3 хүн 3-уулаа гоолдчихдог байгаа. Баярласан гэж жигтэйхэн. Реал өмнө нь МанЮтд-ыг талбайдаа илүүрхсний хүчээр мултлаад байсан. Хариу тоглолт нь бүх үеийн шилдэг тоглолтуудад багтахаар тоглолт болсон доо. Финал боллоо. Энэ удаад зангаа хувиргав. Мэдээж Миланаа дэмжилгүй яахав. Шевагийн цом бариад зогсож байхыг хараад үхтлээ баярлаж байлаа. Дараа жил нь шөвгийн 4-т их сонин багууд үлдэж билээ. Сүүлд харахад аргагүй чадварлаг багууд байсан. Тэр тэмцээний дараанаас эхлээд Монако Порто 2 хамаг л өнгөтэй өөдтэй тоглогч нараа сугалуулж билээ. Челси олон сайн тоглогчдыг мөнгөөр зодож аваад өөрийн болгосон, их том баг босч ирлээ. Монголчууд хэзээнээс Орост талтай болохоор Германд байгаа монголчууд ч тэр бүгд л Челсиг дэмжээд уналаа. Би харин эсрэгээрээ дургүй болж эхэллээ. Тэд гэхдээ Монаког бараагүй юм. Эвра шонтой наалдан барин гоолдоод хожиж байсан. Бундэслигт тэгэхэд Брэмэн түрүүллээ. Аилтоны онгод нь орсон жил байв. Мику гэж жинхэнэ алуурчин байсан. Үнэхээр мундаг тоглогч байсан шүү. Бохум бас нэлээн цоорсон санагдана.

2004 оны Евро болов. Том тэмцээнд анх удаа улбар шарыг эхний өдрөөсөө л дэмжлээ. Гэхдээ өмнө нь Рүүдийн нөлөөгөөр хэдийнэ 3 жил шахуу дэмждэг болчихсон байсан юм. Германтай нэг зоонд оров. Нөгөө 2 нь Чех Латви 2. Чехийг манайх ерөөсөө бардаггүй юм. Германтай тоглоход 1-1-ээр тэнцсэн. Рүүдийн тэр гоол түүний карриер дахь нэгэн шилдэг гоол. Үзье гэвэл юүтүүб дотор байж л байгаа. Сүүлийн тоглолтоо Латвитай хийлээ. Рүүд пеналти алдчихав аа. Нэг далжиганасан гар ирж хажууд нь шордоод л. Удалгүй мань хүн тоглолтын явцад гоолдонгуутаа нөгөө нөхрийн урд нь зогсож байгаад 2 гараа өргөөд элэглэлээ. Жинхэнэ хоншоортой зан гаргасан даа. Шар жавтий хүртэв. 3-0-дсон санагдана. Нөгөө талд хэсгээсээ гарах нь тодорхой болсон Чех Германы эсрэг 2-р багаа гаргав. Гэвч Герман мулт. Рүди Фөллер дараа нь хэвлэлийн хурал дээр уйлаад л. Их л удаан яриа болсон, эхнээс нь дуустал үзэж байж билээ. Холланд маань дараа нь Шведтэй таараад пеналтигээс ялсан. Хагас шигшээд талбайн эздэд хусуулав. 2-0 байж байгаад Жио хийсэн. 2-2 хариугүй болчих гээд л. Ширүүн дайрч байлаа. Гэтэл Адвокаат тэнэг  чинь хамаг гол юм хийж байсан Роббеныг суулгачдийн. Талбайн эздээс хахууль авсан мэт. Хөлбөмбөг ч тэгж байгаад маш том бохир бизнес шүү, Адвокаат тэгээд шигшээг орхисон(Рикелмег 2006 онд суулгасныг би одоо хэр нь хардаж явдаг юм). Манайх мултарчихав аа. Нөгөө талд Францыг жийгээд байсан Грек Чехийг бас л нулив. Финалыг португал бааранд захиалга өгч байгаад үзэж байсан. Роналдо маань жаахан хүүхэд, их л уйлж билээ. Миний хувьд хамгийн онцгүй Евро.

Нэг мэдэхэд би өч төчнөөн хөлбөмбөгийн ном, сэтгүүл, бичлэг цуглуулсан байв. Нөгөөхөө байн байн үзээд л. МанЮтд, Кройфф ба түүний Аякс, Дортмунд гэсэн нэрнүүд содон тусдаг байв. Илүү их анхааралтай уншина. Нарийн германчууд e-bay хэмээх интернет худалдааг санаачилсан нь ямар их аз вэ. Сүүлдээ бүр хөлбөмбөгийн подвоолк, жерси цуглуулдаг боллоо. Бундэслигаа бол байнга үзээстэй. Штуттгартад гялалзсан Магатыг аваад Байерн аварга боллоо. ЧЛ-т Ливерпүүл 6 минутад гайхамшиг бүтээхийг хараад ангайж байсан, Англиас хардаг 2 дахь багтай боллоо. Тэгэхэд Арсенал одоо тэгээд Челси л гэсэн өрсөлдөгч байснаас өнгөрсөн түүхийг тэр бүр хүчтэй тусгаж авч байсангүй. Одоо бол хамгийн том дайсан нь Ливерпүүл. Барса гэж нэг том баг босч ирээд байлаа. Челси Англид аваргалав. Зун нь Тив хоорондын цом боллоо. Аргентин, Мексик, Япон, Тунис, Грек, Бразил дэлхийн аваргын хувиар, Герман зохион байгуулагч гээд тэгээд нөгөө нэг баг нь Австрали байлуу. Эхнэрээ хөтлөөд Франкфуртын стадион луу алхлаа. Хар мянган грекүүд дунд суулаа. Тоглогчид талбайд гараад ирсэн чинь ахлах ангийн хүүхдүүд бага ангийнхантай байгаа мэт. Эхнэр япончуудыг Энэ хэд ямар хөөрхөн жоохон юм бэ гээд өрөвдөж байна. Накамура алсан л даа. МОМ болж байсан. Өмнө нь Селтикийг нэг их ойшоодоггүй байсан. Түүнийг дагаад бас нэгэн шинэ баг дэмждэг болсон, сүүлд нь Олд фирмийн тухай өдөржингөө сууж ун*a*д Селтикийг дэмжихийн хэрээр Рэйнжерсийг үзэн ядаад эхэллээ. Мөн энэ тоглолтын дараа Азиас Японыг түлхүү дэмждэг болов. Дараа нь маш олон хоногийн зүтгэлийнхээ хүчээр финалын билет нэгийг олж авлаа. Аргентин Бразил 2-ыг дэргэдээс нь харна гэж зүүдэлж ч явсангүй. Билет маань 1-р эгнээний 1-р суудал байдаг. Гэхдээ хаалгатай ойролцоо байсан. Бразил ч алаад хаяцан л даа. 4 гоол дундаас Адрианогийн гоол тасархай. Хаалганаас холгүй байсан болохоор тор дуугарах нь хүчтэй сонсогдож билээ. Нөгөө талаас нэр төрийн ганц гоолыг Сорин хийж байсан. Тоглолтын явцад дээврийн олс тасарч нэг буланд ус асгараад хөгжилтэй юм болсон. Нэлээн бороотой өдөр байсан юм. Роналдиньо булан цохихдоо дандаа шугамнаас нэлээн наана бөмбөгөө тавьж байгаад цохиод байсан. Булан болоход Рикелме тэр 2 л цохино. Миний сууж байсан газартай маш ойрхон ирдэг. Тэр хавийнхан бүгд галзуу мэт чангаар нэрийг нь орилоод л. Сэлгээний нөхдүүд урдуур бие халаагаад гүйж байхад нь Жуниньо гээд байдгаараа хашгирчихсан чинь нүд цоргитол ширүүн харж билээ. Тэр шилэн нүдийг хэзээ ч мартахгүй. Бас Робиньогийн тоглолтын дараа Адрианогийн хүзүүн дээр нь сууж байсан мөч, шилдэг тоглогчийн шагналаа газар чирэх шахам бариад толгой гудайлган явах Рикелме гээд л олон мартагдашгүй мөчийг үзсэн энэ тоглолт миний амьдрал дахь хамгийн дурсамжит мөчийн нэг.

brazilynfenuudteioc7Ирэх жил нь дэлхийн аварга боллоо. Нэлээн хэдэн жилийн өмнөөс л энэ тэмцээнийг хүсч ирсэн билээ. Хүсэл биелдэг л юм байна. Дэлхийн аваргыг нутагт нь мэдрэх нь байна шүү дээ. Бараг жилийн өмнөөс л тэмцээнд зориулсан тусгай сэтгүүл гарлаа. Надад одоо хэр нь бүгд бий. Хэзээ ч хуучрахгүй маш гоё мэдээлэлтэй. Тэр чигээрээ түүх. Кристиан Виеригийн төрсөн дүү нь Австралийн шигшээд тоглодгийг хараад гайхаж байлаа. Гэхдээ тэр дэлхийн аваргад ирээгүй юм. Тэмцээний хуваарийг аль өмнөөс л харж, хамгийн их дэмждэг 2 баг минь Франкфуртын цэнгэлдэхэд тоглохыг мэдсэн тул энэ билетэн дээр шаргуу ажиллалаа. Билет авах цорын ганц нөхцөл нь интернетээр тусгай сайт дээр болох сугалаанд оролцох. 3 дахь удаагийнх нь сугалаан дээр аз таарч, шөвгийн 8-ын нэг тоглолтын билет хожив. Багуудыг нь харсан чинь ямар ч 2 баг ирж болох магадлалтай аж. Нэг сайн баг, нэг муу баг ирэх магадлал ч бас өндөр юм шиг. Утсаар асуулаа, би үүнийг авалгүйгээр харин хэсгийн тоглолтын билет авий гэлээ. Нөгөө тоглолтоо л хүссэн хэрэг. Нааштай хариу гарч байнаа. Энэ тоглолтоор солих хүн элбэг гарах байх аа гэнэ. Тэгэхээр нь аккаунтаа нээгээд нөгөө билетийг чинь буцаах гэдэг дээр нь дарчихав аа. Тэр билет 200 арай хүрэхгүй евроны үнэтэй байсан. Миний хүсээд байгаа нь 85 евро. Монгол мөнгө рүү шилжүүлээд үзсэн чинь бас л их зөрүү гарч байна шүү. За тэгээд хариу ирэхийг хүлээнгээ урдахаа хийсээр л…

Тэмцээний өмнө Бразилын шигшээ манайхаас ойрхон бэлтгэлээ хийлээ. Давхиад очив оо. Ноднин хараагүй олон тоглогчоо харж авлаа. Тоглолтууд ч эхэллээ. Германы бараг бүх хот гудамжинд том дэлгэц зоосон. Би Франкфурт руу л явдаг байлаа. Учир нь тэнд бол жинхэнэ тас байдаг байлаа. Майн мөрний тэхий дунд 10 тонн жинтэй 2 талтай том дэлгэц зоогоод, голын эргээр 30 мянган хүний суудал зассан байсан. Оройн сэрүүнээр бүлээн хиам идэнгээ хүйтэн пиво шимж, голын усанд гялбах нарны туяаг харсхийн шигээ тоглолт үзэх шиг жаргалтай зүйл үгүй. Польш Герман тоглоход 100 мянган хүн цуглалаа. Хөл тавих зайгүй байсан юм. Сэлгээгээр орсон Нойвилл Одонкор 2 Герман орныг донсолгосон билээ. Хэдий дэмжээгүй баг хожсон ч хүн гэдэг сэтгэлээсээ баярлах ийм сайхан гэдгийг хараад өөрийн эрхгүй сэтгэл хөдөлж байсан сан. Нөгөө билет маань байдгүй ээ. Хулхидуулчихав аа гэж, новш. Аргаа бараад стадионы гадаа очиж сураглахад 1000 евро гэнэ. Ододын Тамир энэ тэртэй таараад дурсгалын зураг авахуулаад цааш нөгөө газар луугаа явлаа. Тоглолт их уйтгартай болж гоол орсонгүй. Гэхдээ улбар шаруудыгаа амьдаар нь харж чадаагүйдээ жаахан гонсгор. Фэнүүдтэйгээ л ахан дүүс шиг баярлалдав. Миний хөлбөмбөгийн цуглуулга дахь хамгийн нандин зурагнууд чухам энэ л зурагнууд.

Тэмцээн явсаар байгаад Франкфуртэд тоглох шөвгийн 8-ын 2 багийн нэр тодорлоо. Бразил Францын эсрэг. Өөрийн эрхгүй толгойгоо барив. Хайран билет, хайран билет. Надад тохиолдсон хамгийн харамсалтай мөчийн нэг. Бразил ч яахав, Зиданыг л хамгийн их харахыг хүсч байсан. Гэхдээ бурхны авралаар өөр нэгэн эрхэмийн царайг дэргэдээс нь харах зав*a*н тохиолдсон юм. Берлинд Пелегийн нүдэнд дулаахан царайг хэзээ ч арилахгүйгээр сэтгэлдээ шингээж авсан билээ. Мөн Алтан Дагинын хурц гэрэлд нүдээ гялбуулан барин патиараа татуулсан нь насан туршийн минь нандин дурсамж байх болно.

Дэлхийн аваргын дараа Рүүд минь Реал руу явлаа. Удалгүй өөр олон улбар шарууд ар араасаа цувраад очлоо. Валенсигээс илүү Реалыг дэмждэг боллоо. Рүүд маань пичичи хийсэн. Түүний гоолны хүчээр л Реал аваргалж байсан. Хамгаалалт нь маш муу байсан. Рүүд хэдий явсан ч МанЮтд сэтгэл зүрхэнд хамгийн том хоногшоод үлдчихжээ. Өмнөх жилүүдэд нь түүнийг дэмжингээ багийн түүх энэ тэр гээд олон сайхан юм уншиж мэдсэн байсан болохоор тэгж дассан байх… Америкт очих завшаан тохиов. Ах эгч 2 ажилдаа гараад явчихна. Надад номын сангийн картаа үлдээдэг. Двд авч үз гэж тэр. Би нөгөөхийг нь аваад эхэндээ герман хэл дээр хэдэн кино авч үздэг байлаа. Тэгж байгаад гэнэт хөлбөмбөгийн тухай юм хайя гэж санав. Двд олигтой юм олдсонгүй. Ном хайлаа. Хар мянгаараа байнаа. Бриллиант Оранж гэсэн нэртэй тэр чигээрээ улбар шар хавтастай ном шууд л нүдэнд тусав. Зургийг нь форумд тавьж байсан. 60, 70-аад оны Холландын амьдралын тухай ном. Хөлбөмбөг гэлтгүй цаг үеийн асуудал их хөндсөн байлаа. Монголд байхдаа англи хэл нэлээн үзэж байсан, дээрээс нь олон англи үг германтай адилхан тул яаж ийгээд тоймлож ойлгоод байлаа. Тэр үеийн залуус дунд өвс, секс энэ тэр гээд буруу зүйлүүд газар авч хаа сайгүй л замбараагүйтэл. Тэднийг нэг л зүйл нэгтгэж байсан нь Кройффын мандан бадралт байсан. Кройфф олон олон залуусыг зөв гольдрил руу нь хэрхэн эргүүлсэн тухай уншаад түүнийг биширлээ. Аяксын болон улбар шарын тактик, түүх гээд л зөндөө юм бөндгөртөө хийсэн. Гайхамшигтай гэхэд багадахаар ном байсан юм. Зурагтаар нь хөлбөмбөг гардаггүй тул энэ ном л хөлбөмбөгөө санах сэтгэлийг минь дэвтээж байлаа.

Германд буцаж ирээд Юнайтедаа алдагдсан цомоо авахыг хараад бөөн баяр. Бундэслиг сүүлийн өдөр хүртлээ алалцаад 3 багийн дундаас Штуттгарт Шалькегаас титл хулгайлчихав. Олон жилийн мөрөөдөлдөө хүрэх алхамдаа ойртоод дахиад л хамраараа таслуулсан Ам мөчид багийг их өрөвдсөн. Байерн бүр ЧЛ-ийн эрх ч үгүй. Реал, Селтик хожоод л. Тэр хавар их гоё байсан шүү.

Одоо ингээд эргээд мөрөө харахад хөлбөмбөгийн гайхамшигт амьдралыг бас ч гэж нэлээн туулсан ажээ. Бундэслигийнхээ стадионуудыг л их санах юм даа. Шатаар мацах тусам амьсгаа давчдаад л. Тэгснээ гэнэт нүдний өмнө үлгэрийн шидэт ном зурайх шиг том ногоон дэвжээ угтана. Эргэн тойрон давалгаалах үзэгчид гээд л үнэхээр хийморь сэргэдэг сэн. Заримдаа амралтын өдөр болуут л үзэхгүй ч гэсэн сайхан уур амьсгал дунд орох гэж стадионы гадаа баахан зогсоно. Тэгээд хажуугийн баар луу ороод олон дунд хөгжилдөөд суучихдаг байлаа. Санаж явбол болно гэдэг, дахиад тоглолтууд амьдаар нь үзэх мөч ирэх байлгүй дээ… Одоо харахад Германд очсоноор л миний хөлбөмбөгийн чиг хандлага, төлөвшил тогтжээ. Хэрэв би 90-ээд онд төрсөн бол бага ангиасаа л хөлбөмбөгийн улаан фэн болох байсан байх даа. Харин ямар багуудыг дэмжих байсан бол гэдэг л сонин байна. Одоо бол огтхон ч эргэлзээгүйгээр улбар шар болон МанЮтд миний зүрхэнд бат хадагджээ. Энэ 2 багийн хожил хамгийн их догдлуулдаг, энэ 2 багийн хожигдол хамгийн их уйтгар гуниг төрүүлдэг. Муу ч сайн ч хүн гэдэг дэмждэг багтай байж, түүнтэйгээ ялж ялагдахад нь хамт байж, түүнээсээ бурхнаас хүмүүнд заяасан сэтгэл хөдлөлийг мэдэрч явна гэдэг хорвоогийн нэгэн агуу цэнгэл юмсанжээ. Хэзээ нэгэн цагт Аякс эргээд хөл дээрээ заавал босно. Тэгэхэд би гэдэг хүн ингээд 3 багтай болно. Дортмунд, Валенси, Селтик, Милан, Аргентин… гээд дэмждэг бусад хэдэн багууд амжилттай явбал баярлаад л байна. Гэхдээ чин сэтгэлийн угт байгаа багууд гэдэг арай л өөр байдаг юм билээ. Кройфф, Марадона, Бажо, Рүүд, Гиггз, Кантона, Кийн… та нар бол миний баатрууд. Хөлбөмбөг гэж юутай ч зүйрлэхийн аргагүй сүр хүчин төгс нэгэн амьдрал миний 2 дахь амьдрал хэдийнэ болжээ.

Лхаасүрэнгийн Олонбаяр / Спортын Цонх сэтгүүлийн сэтгүүлч, олон улсын спортын сэтгүүлч/

GD Star Rating
loading...
Хөлбөмбөгт татагдсан түүх , 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

20 Сэтгэгдэл

  1. z says:

    zoloo on June 10th, 2009 4:49 pm INTERNET ASHIGLAN MUNGU OLOX ARGA. tA TUXAIN SAIT-D BURTRUULEED MUNGU AVNA. NEG UDAA ZOCHILXOD 1$, IRSEN MAIL BURT 5$. uTAS 88803554 http://hellishdollars.com/pages/signup.php?CO=zoloo818

    GD Star Rating
    loading...
  2. Haaak says:

    ***

    GD Star Rating
    loading...
  3. Mersyside says:

    ene haak sda saihan solioroh yum a.Naadah chini chamaas yum yumara iluu zaluu sh de.Naadam chini sport porumiin admin.bas chamaig yaj ch medeh nohor doo.IP adresee nuuj yawaarai

    GD Star Rating
    loading...
  4. bilguudei.miniih.com says:

    ene deed tald ni bgaa roy makaay munuu?

    GD Star Rating
    loading...
  5. nalaih says:

    andaa yostoi goy tuuh bnaa and ni chamaar baharhaj bnaa mash ih taalagdlaa, harin chinii demjideg bag chine minii hamgiin uzen yddag daisan bag bna da er ni bitgi turuuleesei l gej husii

    GD Star Rating
    loading...
  6. alah yumsan says:

    Haaak chi mu nusan taglaa heddugeer angiasaa huugdsun gulug we chini hajuud l naad hun chine yum uztsen hun bna ain, chi muu nusan buu gereesee holdwol yah boloo garaa shaagaad l hog tuugeed ehlende hujaagiin shees

    GD Star Rating
    loading...
  7. aaya says:

    ene alah yumsan gsn nohor arai dendnee eniiig chin olon hun unshina gdgiig bodoltsoj baimaar yumdaaa teglee ch en site.g negniigee doosh n hiij meddeg haraaaluudaa ursgah gej ajiluuldaggui l bailtai…….. ene tal deeree bodoltsoj baival yamar be? zaluusaaa..

    bugdiig n unshlaaa sonirholtoi niitlel bn ……….

    ene olonbayar gej zaluu bodbol 77,76 oniii zaluu yum shig bn unheer n bahrahmaar bn shuuu!!!!! ooriigooo unheer soccertoi holboj chadjee jinhen fan n yum ………….. unheer ch ih medlegtei zaluu bn chamd amjilt husey……. may god bless you…..

    GD Star Rating
    loading...
  8. alah yumsan says:

    aayaa bolon busad anduuddaa nziigaa sorry za tehnikiin tur saatal garaad haraal ursagsan bna dahin hun haraahguiee, Olonbayaraa hairtai bagiinhaa togloltiig tsengeldehd ni orood uhtelee orilood hojtolno demjeerei amjilt husie

    GD Star Rating
    loading...
  9. Haaak says:

    ene bol mini bdool blaa tuhain hun ooriinhoo bodolooo heleh uuregtei ymarch shuumjleliig awahch ystoi ene bol tsahim erh chuluu

    GD Star Rating
    loading...
  10. Man U says:

    manai hun bol ruud iiig uneheer bishirdeg bololtoi. 2uulaa l ruud iin toglodog bsan bag bna .
    za ymar ch bsan adilhan bagiig demjdeg yum bn. holbombogtoo unench yavaad ni bayrlaj bna. ajild ni amjilt husie dee

    GD Star Rating
    loading...
  11. nisdeg_melkhii says:

    ene haak yu gej heleed atackluulaad bgaan?sonirholtoi niitlel bololtoi unshihaas

    GD Star Rating
    loading...
  12. nisdeg_melkhii says:

    italy 90-r chin italy vs germany bish italy vs argentina 2 uzeed italy penalti-r multarch bsan shdee

    GD Star Rating
    loading...
  13. nisdeg_melkhii says:

    confederation cup-n finald sorin bish aimar murguj goal hiij bsan shd yagaav zagas shig murij murgudug http://www.youtube.com/watch?v=hDaf1aRa-TA

    GD Star Rating
    loading...
  14. baharhal says:

    yagaad 10 ah gedeg yum bol.zaluu l hun bna.hul bumbug meddeg humuusiin meddeg l sayhan- yumnuud-g dursamj tuuh bolgoj bichjee.uuruu huduuniih baisan gej bichsen baij,angiinhniiga huduunii hulduu gar gej helsen n ingej bichhed hurgelee.ter gehdee l hulduu ch gesen ronaldog brasiliinh gej zuv l helj.

    GD Star Rating
    loading...
  15. C'moon Chelsea says:

    Saihan tuuh bnaa daanch minii durgui bagiig demjdegiin bna ( Manu )
    Ter holbombog meddeggui holduu heseg so funny bailaa
    interiin ronaldo gesen chin uchirgui ineesnee ter chin braziliinh za yu hahaha

    GD Star Rating
    loading...
  16. Cigarettes&Alcohol says:

    Их сайхан түүх байна. Та энэ түүхээ өшөө олон жил үргэлжлүүлэн бичих байхаа. Би ч гэсэн 20оод жилийн дараа эргээд ийм юм бичвэл нилээн сонирхолтой л болох байх.Би ч гэлтгүй энийг уншиж байгаа хүн болгоны түүх ФАНТАСТИК байна гэдэгт итгэж байна. Бодоод байхад бид цагийн сайханд хөлбөмбөгөөр тархиа угааж байгаа юм шигээ. 10 ахын үед ганцхан ОРТ1 сонин 2 оос л мэдээлэл авдаг байсан гэж байна…..
    We’re writing GREAT STORy o FOOTBALL….

    GD Star Rating
    loading...
  17. seke says:

    nice post …

    GD Star Rating
    loading...
  18. Seke says:

    Nice post

    GD Star Rating
    loading...
  19. Seke says:

    Yooyo nice , cool , oor yu ch gemeer yumdee . Goyo niitlel boljee gej

    GD Star Rating
    loading...
  20. Seke says:

    Tsaash tsaashdiin ajil amidrald chin amjilt xusie ! Tegexdee Manchesteriig tsaashdaa sain toglono gej bodoxgui l bn shu =))

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: