Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм, Бусад наадмууд, Сингапур 2009 » Сингапурийн сониноос

GD Star Rating
loading...

Азийн хүүхдийн  наадам Сингапурт үргэлжилж байна. Сингапурээс Ж. Отгонцагаан ахын ирүүлсэн мэдээнээс хүргэе.

250px-Singapore2009

Эхний гүйгч, эхний гэмтэл

Манайхны салхийг хагалан хамгийн түрүүнд С. Тогоонтөмөр маань 100 метрийн зайд уралдааны замд гарангуутаа хөлдөө гэмтэл авч догонцож гүйж эхлэв. Хэдийгээр замаа дуусгасан ч Бутаны тамирчинг гүйцэж чадсангүй “хомоол хамлаа”. Дундговийн гүйгч маань ийнхүү үзэгчийн суудалд шилжив.

“Обруч”-тай гүйлт

Сингапурт ирэхээсээ өмнө гүйлтийн Чанцал гэдэг охин их найдлагатай бөгөөд юм дуулгаж мэднэ шүү хэмээн шивэр авир ярихыг сонссон бөлгөө. Энэ залуу гүйгч Сахад болсон Азийн Хүүхдийн наадмаас медальтай ирж байсан тул ингэж найдах нь ч аргагүй. Гэвч 8 хурдан хөлт охид гараанд гараад удаагүй байтал манай тамирчин гэнэтхэн үсээ тогтоосон обручтайгаа ноцолдон, алтан хормоо алдан байж түүнийгээ авч шидэн гүйсэн боловч ардаа 2-хон өрсөлдөгчөө үлдээлээ. Үүнийг харсан гадаадын олон зочид 100 м-ийн зайд уралдаж байж замдаа үсний боолтоо хээвнэг аваад гүйж л байдаг ийм гүйгчийг анх удаа харж буйдаа ихэд олзуурхав. Ийнхүү Монголчууд хөнгөн атлетикийн түүхэнд саадтай ба халхалттай гүйлтийн дараа “обруч”-тай гүйлтийг зохиов.

New Imagea


Монгол элсний ялгаа

Манай элсний воллейболын эрэгтэй баг Оманд, эмэгтэй баг Сингапурт 2-уулаа 0:2-оор цэвэр ялагдав. 2010 онд Оманд Азийн элсний наадам болох тул, мөн одоо Азийн хүүхдийн наадам Сингапурт болж буй тул манайхан тэдэнд хүндэтгэл үзүүлсэн бололтой. Баг тамирчдыг Монголын воллейболын холбооны том зүтгэлтэн Баярбаатарын хүү Мөнхнаран дасгалжуулж, тоглогч нь Номуунаагийн эгч нь гэр бүлийн хамт зориуд Сингад ирж дэмжиж байгаа нь сайшаалтай. Энэхүү тоглолтыг FIVB-ийн ерөнхийлөгч ноён Вэй Жишон гуай гэргийн хамт бидэнтэй үзэж сонирхов. Синга элс бол далайн эргийн, манайх бол барилгын зориулалттай болох нь илт мэдэгдэв.

Синга Босс-т баяр хүргэе

ОУОХ-ний гишүүн, Азийн хүүхдийн наадмын зохион байгуулах хорооны дарга ноён Нг Сир Мияангтай МҮОХ-ны ерөнхийлөгч Д. Загдсүрэн, БТСГ-ын дарга Ч. Наранбаатар нар уулзаж баяр хүргэв. Шавилхан биетэй ч шазруун зүтгэлтэй энэ эрийн ачаар олон наадмууд Синга руу зүглэж, олон түмнээ баярлуулж буй билээ. Түүнийг Монгол оронд айлчлахыг урихад тааламжтайгаар хүлээн авлаа.

Азиийн хүүхдийн наадмын алсын зочид

Азиийн хүүхдийн наадмыг үзэхээр олон том хүн иржээ. Тэд бол 2016 оны олимпийн төлөө өрсөлдөгч Токио, Чикаго, Рио, Мадрид хотын найз нар агаад Азийн олимпийн зөвлөлийн гишүүд, томоохон зүтгэлтнүүдтэй хувийн журмаар уулзан, хувьсгалын ажлыг амжуулж буй нь тэр. Мөн Сингапур-2010 хүүхдийн олимпийг хариуцсан ОУОХ-ны О. Нямкей тэргүүтэй 8 ажилтан хамгийн ачаалалтай байх шиг.

Арслан + заан хоёр

Монгол Улсын Заан Ц. Баярсайхан Азийн хүүхдийн наадамд их л ажилтай байнам. Тэрбээр Монголын Хүүхдийн Спортын холбооны генсекийн албыг хашдаг тул зураг авч, бичлэг хийн, медаль мөрөөдөн, шагнал төсөвлөн гүйсээр л байна. Монголын наадмын заан Ц. Баярсайхан, Сингапур наадмын билгэдэл Арслан нар олон удаа патиар татуулж, олны анхааралд өртөх нь олонтаа.

Урилга их ч…

Сингапур-2009 наадмын үеэр олон янзын соёл-хүмүүжлийн ажиллагаа зохиогдож, төрөл бүрийн аялал зугаалга зохиогдож буй ч оролцогчдын тоо их биш байна. Учир нь тэмцээн шахуу хүүхдүүд тэр болгон оролцож амжихгүй байгаа бөгөөд тэдний хамгийн сонирхож буй нь алдарт “Сентоза” парк, амьтны хүрээлэн гэнэ ээ.

Монголын шеф – “EVERGREEN “ сургууль

Туг өргөх ёслолын үеэр “EVERGREEN “ сургуулийн төлөөлөгч манай багт хүндэтгэл үзүүлсэн. Мөн Азийн хүүхдийн наадам-2009-д оролцож буй 45 орны ҮОХ-г сурталчилсан самбар Swisshotel-д ярайж эхлэв. Монголын шеф сургуулийнхан маань манай эх орныг сурталчлан догь гэгчийн булан тохижуулж, түүний нээлтэнд багийнхан маань идэвхтэй оролцлоо.

АТА багш Агиймаагийн араас

Монголын буудлагын дасгалжуулагч Б. Алтанцэцэг өөрийн гарын шавь Агиймаагийн араас Шиамен хотоор дамжин Сингапурт давхин ирэв. Хэдийгээр мань хүн багийн албан ёсны бүрэлдэхүүнд ороогүй ч хувиараа ирж, NOC-ийн зочин карт зүүгээд, дасгалжуулагчийн ажилдаа ханцуй шамлан оров. Түүний шавь Агиймаа хайрт багшийгаа хараад эхээ санасан унага мэт гүйн очсон гэнэ билээ шүү.

Тусгай сурвалжлагч Ж. Отгонцагаан

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Монголчууд их медалтай ирэхийг ерөөе

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: