loading...
Волейболчид бэлтгэлээ сайтар хангаж байна
Дэлхийн оюутны шилдэг 16 багийн тоонд ороод байгаа Монголын эмэгтэй волейболын баг тамирчид Белград хотноо 6 сарын 27-нд ирснээс хойш 7 хоногийн турш тасралтгүй бэлтгэл хийлээ. Тэд эхний өдрийн бэлтгэлээ “Раднишки” спортын төвд 10:30-12:30 цагийн хооронд хийсэн юм. Энэ төв нь тосгоноос 25 мин явах зайтай ба баг тамирчдад тусгай автобус үйлчилж, хамгаалалтын албаныхан дагалдан явж байгаа юм. Зохион байгуулах хорооноос гарсан хуваарийн дагуу Монголын баг 6 сарын 28 ны өдөр “Пионер” спортын ордонд 18:00-19:00 цаг, 6 сарын 29 ны өдөр “Колубара” спортын төв ордонд 10:00-11:00 цаг, 6 сарын 30 ны өдөр “Колубара” спортын ордонд 17:00-18:30 цаг, 7 сарын 1 нд “Визура” спорт клубд 12:00-13:30 хүртэл, 7 сарын 2 ны өдөр “Стара Пазова” спорт клубд 11:00-12:30 цагийн хооронд бэлтгэл сургуулилт хийлээ.
Одоо манай баг тамирчид цагийн зөрүүгээ гарган, цаг уурын нөхцөлд дасан зохицоод байгаа ажээ. Мөн хэсгийн тэмцээн болох “Колубара” спортын ордонд бэлтгэл хийж, хяналтын тоглолтоо Тайландын багтай хийсэн байна. Энэхүү ордон нь тамирчдын тосгоноос 55 км зайтай, нэг цаг орчим автобусаар явдаг газар юм.
Манай Волейболчид Бразил, Тайландын багтай хяналтын тоглолт хийв
Монголын оюутны спортын холбооноос зохион байгуулан манай эмэгтэй волейболын баг тамирчидыг Белград хотноо бэлтгэлээ хийх хооронд 2 удаа нөхөрсөг, хяналтын тоглолтыг 6 сарын 28 ны өдөр Белградын “Пионер” спортын ордонд Бразил улсын багтай, 6 сарын 30 ны өдөр Колубара хотын “Колубара” спортын ордонд Тайланд улсын багтай хийлгэж тамирчидыхаа бэлтгэл, хүчийг сорьж үзлээ.
Бразилын баг Универсиад наадамд 14 удаа орж байгаа хүчтэй багуудын нэг юм. Манайхан Бразилын багтай 4-н үе тоглосон боловч хожигдсон. Харин Тайландын багтай хүч тэнцүүхэн өрсөлдөж эхний тоглолтондоо 15:25 аар хожигдсон бол хоёр дахь тоглолтондоо 25:23 аар ялалт байгуулж, гурав дах үеэдээ 18:25 аар хожигджээ.
Манай оюутны шигшээ багийн гарааны тоглогчидын бүрэлдэхүүнд багийн ахлагч Г.Цэцэгжаргал, холбогч А.Уранчимэг, Э.Мөнх-Үйлс, Д.Уянга, Г.Энхсайхан, Г.Билгүүн, П.Буянжаргал нарын зэрэг шилдэг тамирчид орж сайн тоглож багтаа олон оноо авчирлаа.
Монголын Волейболын багийн “Универсиад”-д оролцсон түүх
Монголын волейболын баг тамирчид анх удаа Универсиад наадамд 1965 онд оролцож байжээ. Эрэгтэй баг 1965 оны Будапешт хотноо болсон волейболын тэмцээнд 16 багаас 11 байрт, эмэгтэй баг 9 багаас 9 дүгээр оржээ. Харин эрэгтэй баг дахин 1973 оны Москвагийн наадамд оролцож 25 багаас 21 дүгээр байранд орсон бол эмэгтэй баг 1977 оны Болгарын Софи хотноо болсон Универсиад наадамд 19 багаас 16 дугаар байранд тус тус орсон амжилт үзүүлж байв.
Ийнхүү Монголын эмэгтэй волейболын баг тамирчид 32 жилийн дараа гурав дах удаагаа “Универсиад”наадамд оролцож гэж байна.
Монгол улсын төрийн далбаа Г. Цэцэгжаргал барьж жагсав
Их наадмын нээлтийн ёслолын ажиллагаа Белград хотын 20 000 хүний суудалтай “Белград Арена” спортын ордонд 7 сарын 1-ний өдөр болж өнгөрлөө. Соёл, урлагийн тоглолт болно. Тоглолт нь Серб улсын түүхэн уламжлал, залуучуудын хип поп, эстрадын тоглолт, дуу, бүжиг зэрэг нь хөтөлбөрт оржээ. Тоглолтонд 1000 гаруй жүжигчид, уран бүтээлчид, дуучид, оюутнууд оролцно. Монголын эмэгтэй волейболын багийн ахлагч Г.Цэцэгжаргал Монгол улсын төрийн далбааг өргөн мандуулж явсан байна.
Наадмын нээлтийн ёслолын ажиллагаа сайхан болж өнгөрлөө
Дэлхийн оюутны зуны “Универсиад” 25 дугаар их наадам нээлтийн ёслолын ажиллаанд Серб улсын ерөнхийлөгч Борис Тадич оролцсон бөгөөд нээлтийн ажиллагаа уламжлал ёсоор наадамд оролцогчдын жагсаалаар эхэлсэн юм. Гэхдээ тамирчидын жагсаал цэнгэлдэх хүрээлэнд явагдаагүй. Хотын төв гудамжаар жагсан явж цэнгэлдэх хүрээлэнд очсон юм. Харин “Белград Арена” –д зөвхөн улсуудын тугчид жагсан орсон байна. Нээлтэд зориулсан соёлын арга хэмжээ спортын ордон дотор болсон ч энэхүү ордоны гадна талд олон арга хэмжээ зохион байгуулсан нь энэ удаагийн наадмын нэгэн онцлог болов. Тухайлбал, “Универсиад”-д оролцож байгаа тамирчид “Тамирчдын хотхон”-оос тамирчид жагсаалаар “Белград Арена” хүртэл жагсаж Белград хотын гудамжаар эгнэн жагссан иргэдтэй мэндчилсэн нь түүхэнд үлдэх хамгийн чухал үйл явдлын нэг болжээ.
Жагсаалын сүүлийн хэсэгт хотхоноос спортын ордон хүртэл жагссан тамирчид наадмын нээлт үзэхээр тусгай асарт тухалсан Олон улсын оюутны спортын холбооны Гүйцэтгэх хорооны төлөөлөгчид болон Серби улсын дээд удирдлагуудтай тамирчид мэндчилэн алхаж явсан байна. Ийнхүү спортын ордонд тамирчдыг орж дуусны дараа зохион байгуулагч улсын болон ОУОСХ, “FISU”-гийн туг барьсан төлөөлөгчид спортын ордонд туг өргөх ёслолыг үзсэн байна.
Нээлтийн ажиллагаан дээр FISU-гийн ерөнхийлөгч Жорж Киллиан болон Серби улсын ерөнхий сайдын нэгдүгээр орлогч дарга, ЗБХорооны дарга Божидар Желич нар оролцогчидод хандан үг хэлжээ. Жорж Киллиан хэлсэн үгэндээ “Эдийн засгийн хямрал нүүрлэсэн хүнд цаг үе таарсан ч бидэнд энэхүү наадмыг нэр хүндтэй зохион байгуулж байгуулж байна. Эртний түүхт Белград хотод энэхүү спортын гайхалтай Универсиадын их наадамд оролцохоор ирсэн мянга мянган тамирчин, дасгалжуулагч, удирдлагууд бүхэнд халуун мэндчилгээ дэвшүүлж байна. Оюутнууд та бүхэн дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оюутан залуустай танилцах боломжтой боллоо. Эхлээд нэр нэрээ мэдэлцэн, гар гараа барин олон найз нөхөдтэй болж, өөрсдийн их сургуулиудын тухай, оюутны амьдралын тухай туршлагаа хуваалцаарай” хэмээжээ. Дээр хэлсэнчлэн Белградаас буцахдаа нэг ч найзгүй байхыг бид зөвшөөрөхгүй. “Универсиад”-дээр танилцсан дурсамж, олж авсан туршлага та бүхэнд насан туршид чинь санах чухал зүйл болно гэдэгт итгэлтэй байна. “Универсиад” наадмыг бодит ажил болгоход өөрийн хувь нэмрээ оруулсан орон нутгийн зохион байгуулах хорооны ерөнхийлөгч, түүний ажилтан албан хаагчид болоод сайн дурынханд талархсанаа илэрхийлжээ. Миний бие болон ОУОСХолбооны бүх гишүүд “Универсиад”-ын ажиллагаанд сэтгэл хангалуун байна” хэмээн өгүүлсэн байна.
Ноён Киллиан үг хэлж дууссаныхаа дараа Сербийн ерөнхий сайд ноён Мирко Цветковикийг “Универсиад” наадмыг албан ёсоор нээхийг урьсан юм. Ерөнхий сайд зуны наадмыг албан ёсоор нээснийг мэдэгдсэний дараа “Универсиад”-ын бамбарыг асааж, тамирчин, шүүгчид тангараг өргөжээ. Ийнхүү албан ёсны хэсэг төгсгөл болоход дараахан нь соёлын арга хэмжээ эхэлсэн бөгөөд наадамд оролцохоор ирсэн зочид компьютер график, электроник, кибер тоглолтын гайхамшгийн гэрч болон үлдлээ. Дээр зоосон прожекторын гэрлүүд 700 метр квадрат талбайтай “Арена” цэнгэлдэх хүрээлэнгийн тайзны голыг гэрэлтүүлэхэд энэхүү шал нь эхлээд усан сан, дараа нь хөлбөмбөгийн ногоон талбай болж өөрчлөгдсөний эцэст бүжгийн талбай болж оюутан залуус үндэсний болон этно хөгжмийн аянд бүжсэн байна.
Харин энэхүү гайхамшигт үзүүлбэрүүдийн төгсгөлд бяцхан Анна охин тайзнаа мэндчилсэн бөгөөд Сербийн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч, Английн “Манчестер Юнайтед” багийн тоглогч, энэ улсын хамгийн алдартай тамирчин Неманя Видичтэй хамт үзэгчдийн өмнө гарч иржээ. Алдарт тоглогч хуран цугласан хорь гаруй мянган хүмүүст хандан хэлэхдээ бяцхан Анна охины амийг орчин үеийн шинжлэх ухаан авраад төдийлөн удаагүй байгааг дурьдсан бөгөөд хүн бүхнийг хамгийн сайхан зүйл рүү тэмүүлж, хэзээ ч бууж өгч болохгүй гэдгийг уриалсныг тайлбарлажээ.
ОУОСХ-ны Ерөнхий Ассамблей өндөрлөлөө
Энэхүү наадамд оролцож байгаа Монголын төлөөлөгчдийн ахлагч, МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д. Жаргалсайхан Монгол улсаа төлөөлөн 2009 оны 6 сарын 28-29-ны өдрүүдэд Белград хотноо болсон ОУОСХ-ны ээлжит 31 дугаар Ерөнхий ассамблейн чуулганд амжилттай оролцлоо. Энэ чуулганаар ОУОСХ-ны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, ерөнхий санхүүч, гадаад дотоод аудитор нарын тайлан, 2010-2011 оны төсөв, гишүүнчлэлийн татварын хэмжээг тогтоох, хөгжлийн болон эмэгтэйчүүдийн хорооны тайлан, дүрэм, тэмцээний журамд орох өөрчлөлтүүдийг хэлэлцсэнээс гадна Харбины өвлийн универсиад наадмын тайлан, 2009-2013 онд ОУОСХ-ноос хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг батлах, 2011-2013 оны өвөл, зуны универсиадын бэлтгэл ажлын явцын талаар хэлэлцүүлэг, дэлхийн оюутны аварга шалгаруулах 2010, 2012 оны тэмцээнүүдийн хуваарийг батлажээ.
ОУОСХолбоонд шинээр Балба, Филиппин, Босни Герцеговин, Күүк арал, Гуам, Фижи, Мариан арал, Самао, Америкийн Самао нарын есөн улсыг элсүүлжээ.
ОУОСХ-ны эрдэм шинжилгээний бага хурал болж байна
Белград хотын Сава олон улсын төвд 7 сарын 2-4 ны өдрүүдэд ОУОСХ-ны эрдэм шинжилгээний бага хурал болж байгаа ба тус хуралд Азийн ОСХ-ны ГХ-ны гишүүн, ОУОСХ-ны хяналтын хорооны гишүүн, доктор Д.Жаргалсайхан оролцож “Универсиадын боловсрол” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн байна. Энэ хуралд 50 гаруй орны 150 орчим эрдэмтэд оролцож 5 салбар хуралдаанд илтгэлээ тавьж байгаа юм.
Монголын жүдочид 7 сарын 4нд Белградад ирнэ
Монголын баг тамирчидын хоёр дах хэсэг болох жүдо бөхийн баг тамирчид 7 сарын 4-ний өдөр Белград хотыг зорино. Спортын төв ордонд бэлтгэл сургуулилтаа базааж байсан Монголын жүдо бөхийн оюутны шигшээ багийг ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох удирдан ирэх ажээ. Багийн бүрэлдэхүүнд : Монголын оюутны спортын хоёрдугаар наадмын аваргууд болох 48 кг М.Уранцэцэг, 52 кг Б.Бат-Эрдэнэ, 57 кг М.Бундмаа, 63 кг Ц.Мөнхзаяа, 70 кг П.Лхамдэгд, -78 кг Н.Мөнхтуяа , +78 кг Я.Дулмаа, эрэгтэйчүүдийн 60 кг Д.Амартүвшин, 66 кг С.Мияарагчаа, 73 кг С.Ням-Очир, 81 кг Г.Түвшинжаргал, 90 кг Э.Тулга, -100кг, Б.Тэмүүлэн, +100кг Б.Сугаржаргал нарын тамирчид орж байна. Мөн шүүгчээр ОУЖБХ-ны шүүгч Д.Энхтүвшин явна.
Манай тамирчидаас Б. Тэмүүлэн шууд Японоос Белградад буух ба бусад нь Улаанбаатараас Москвагаар дамжин ирэх юм. 7 сарын 4-ний өдрийн орой орон нутгийн цагаар 18:30-20:00 хооронд манай багийнхан Белградын цэргийн академийн спортын зааланд анхны бэлтгэлээ хийнэ. ОУХМ М.Бундмаа 2007 оны Тайландын Бангкокд болсон универсиад наадамд 52 кг жинд алтан медаль хүртсэн.
ОУОСХ-ны хурлууд Д. Баясгалан санхүүгийн илтгэл тавилаа
ОУОСХ-ны хэд хэдэн шатны хурал Белград хотноо болж ОУОСХ-ны ерөнхий санхүүч Д. Баясгалан нь ОУОСХ-ны Гүйцэтгэх хорооны тэргүүлэгчидийн хуралд 6 сарын 25ны өдөр, Гүйцэтгэх Хорооны гишүүдийн хуралдаанд 6 сарын 26-27-ны өдрүүдэд, ОУОСХ-ны 31 дүгээр Ерөнхий ассемблейн чуулганд 6 сарын 28-29-ны өдрүүдэд тус тус санхүүгийн тайланг хэлэлцүүлж өндөр үнэлэлт аван ОУОСХ-ны 2007-2008 оны санхүүгийн тайлангаа дүгнүүлэн, 2010-2011 төсвийн төслөө амжилттай батлуулан авчээ. Эдгээр хурлын үеэр 20 гаруй орны төлөөлөгчдөөс асуулт, санал, шүүмжлэл гарч Д. Баясгалан тодорхой хариулт өгчээ.
Азийн холбооны хурал боллоо
Ази тивийн ОСХ-ны Гүйцэтгэх хорооны хурал 6 сарын 30-ны өдөр болж ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга нарын илтгэл, ерөнхий санхүүчийн тайлан 2009 оны азийн аваргын тэмцээний тухай, АОСХ-ны тэмцээний дүрэмд өөрчлөлт оруулах, 2010-2011 онд АОСХ-ны үйл ажиллагааны тухай зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэн батлав. Хурлыг АОСХ-ны ерөнхийлөгч, БНХАУ-ын боловсролын дэд сайд Зан Шиншен удирдан явуулав. АОСХ-ны дараагийн ГХ-ны хурад 2010 оны 5 сард Казакстаны Алмата хотноо болохоор тогтов. Харин Ерөнхий ассамблейн хурал 10 сард БНХАУ-ын Шинжинь хотноо болно. Мөн хэд хэдэн төрлөөр Азийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг явуулах хотуудыг батласан байна. Тус хуралд АОСХ-ны ГХ-ны гишүүн Д. Жаргалсайхан оролцсон юм.
Волейболчид хожигдол хүлээв
Монголын эмэгтэй волейболын багийн хэсгийн эхний тоглолтоо 7 сарын 3 нд Лазерецав хотын “Колубара” спортын цогцолборын зааланд орон нутгийн цагаар 13:00 цагт Польшын багтай хэсгийн тоглолтоо хийлээ. Польшийн багтай эхний үеэдээ 18:25, хоёр дах үеэдээ 15:25 сүүлийн үеэдээ 10:25 харьцаагаар хожигдов. Польшийн баг Бангкок хотноо болсон 2007 оны Универсиад наадамд алтан медаль хүртэж байсан хүчтэй баг юм. Манай баг сайн тоглосон боловч сүүлийн үеүүдэд амжилт муутай тоглосон. Манай оюутны шигшээ багийн гарааны тоглогчидын бүрэлдэхүүнд багийн ахлагч Г.Цэцэгжаргал, холбогч А.Уранчимэг, Э.Мөнх-Үйлс, Д.Уянга, Г.Энхсайхан, Г.Билгүүн, П.Буянжаргал нарын зэрэг шилдэг тамирчид орж сайн тоглож багтаа олон оноо авчирлаа.
Харин манай “Б” хэсгийн Испани Туркийн багууд тун ойролцоо, ширүүн өрсөлдөн 3:2 харьцаагаар Испаний баг хожив. Тэд эхний тоглолтондоо 11:25 аар хожигдсон бол хоёр, гурав дахь тоглолтондоо 26:24, 25:23-аар дараалан хожиж, дөрөвдүгээр үеэдээ 17:25 аар хожигдон сүүчийн үеэдээ 15:11 ээр хожижээ.
Цаашид манай баг 7 сарын 4-нд Испани, 7 сарын 5-нд Туркийн багтай тус тус өрсөлдөж хэсгийн тоглолт өндөрлөх бөгөөд манайхан цаашид аль багтай тоглох нь хэсгийн тоглолтын үр дүнгээс хамаарна.
loading...




voleyball-n tuhaid bol East Asian Championships,Asian Games-dee ojoltsoj baihad boloo sh dee
loading...