loading...
Дугуйн олон өдрийн Тур де Франс уралдааны дөрөв дэх гараа Монпелье хотод явагдаж дугуйчид 38 км замыг туулсан байна. Энэ гарааны онцлог нь багийн дүнгээр ялагчдыг тодруулсан бөгөөд 2005 оноос хойш Тур де Франсад ийм дүрмээр уралдаан явагдаагүй байсан юм.
Нийлбэр дүнгээр энэ гараанд Казакстаны Астана багийн тамирчид 46 минут 29 секундын амжилтаар тэргүүлсэн бөгөөд тус багийн тамирчин алдарт Лэнс Армстронг барианы шугаманд хамгийн түрүүнд оржээ. Хоёрдугаар байранд Жермин Слип-стрим багийнхан тэргүүлэгчдээс 18 секундын алдагдалтайгаар орсон бол шар цамцыг эзэмшиж байгаа Фабиан Канчелларагийн харьяалагддаг Тим Саксо Банк багийнхан 47 минут 9 секундын амжилтаар гуравдугаар байрыг эзэлсэн аж. Энэ гарааны дараагаар Лэнс Армстронгийн цаг Канчелларатай зэрэгцэж ирсэн ч өмнөх амжилтуудыг нь харгалзан Швейцарь эрд шар цамц үлдсэн байна, Хэрвээ Лэнс түүнээс ганцхан секундын өмнө орсон бол Тур де Франсын түүхэнд хамгийн өндөр настайдаа шар цамцыг өмссөн тамирчин болох байсан юм. 37 настай Америк эр уралдааны дараа ”Би энэ гараанд хамгийн хүчтэй өрсөлдөөнийг үзүүлэхийг хичээсэн. Үүндээ ч харж чадлаа. Би тур тэмцээний тухай сайн мэднэ. Заримдаа энд хүч чадал, залуу наснаас илүү дадлага туршлага, хичээл зүтгэл ялалтанд хүргэдэг юм. Уралдаан дуусах болоогүй байна. Энэ бол дөнгөж эхлэл” хэмээн мэдэгджээ. Монпельегийн гарааны үеэр Денис Меньшов, Алессандро Баллан, Бинжен Фернандез зэрэг хэд хэдэн тамирчид осолдсон бөгөөд Голландын Пиет Роояакерс гараа хугалж энэ жилийн тэмцээнийг өнжихөөс өөр аргагүй болжээ. Өнөөдөр Тур де Франсын тав дахь гараанд тамирчид Перпиньян хот хүртэл 197 км замыг туулах юм.
loading...



